Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа залуу дуучин Г.Басхүү, Г.Дэлгэрболд хоёрыг онцолж байна. Тэд ирэх сарын 7-нд хамтарсан “Андууд” тоглолтоо хийхэд бэлэн болжээ.
Асуулт
Г.Дэлгэрболд: Найзын минь хувьд ямар ч үед үнэн, үнэнч байдаг
♦ Намайг Ганболдын Дэлгэрболд гэдэг. Дархан-Уул аймагт төрж, өссөн. Бага байхдаа төдийлэн дуулдаггүй байсан. Тухайн үед “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас дуулах сонирхолтой хүүхдүүдийг хамруулсан дугуйлан хичээллүүлэхэд анх хамрагдаж байлаа. Үүнээс шилжээд “Хүслийн шувуухай” гэсэн найрал дууны хамтлагт дуулж, өөрийгөө хөгжүүлж эхэлсэн. Ингээд Хөгжим бүжгийн коллежид Ардын жүжигчин Х.Уртнасан багш дээрээ шавь орж, найзтайгаа хамт 2015 онд төгссөн. Энэ хугацаанд мэргэжлийн ямар нэгэн байгууллагад харьяалагдах боломж байсан ч тохироо нь бүрдэхгүй байсаар 2018 онтой золгосон. Энэ үеэс найзтайгаа хамтарсан уран бүтээл хийх болсон. Г.Басхүү бид хоёрын хувьд сургуулиа төгссөн ч, эгэл амьдрал дээрээ сайхан нөхөрлөлийг бүтээж чадсан. Тиймээс ч “Андууд” дууг хамтарч дуулах нь үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байсан.
♦ Манай монголчууд эрэгтэй хос дуучид гэхээр гавьяат Л.Чулуунхүү, Б.Бямбажав гэсэн хоёр агуу дуучнаар төсөөлдөг шүү дээ. Тэднээс хойш ер нь нийтийн дууны ертөнцөд эрэгтэй хослон дуучин цөөхөн байх. Тиймээс тэрхүү орон зайг нөхөж, зохиолын дууны урлагт өөрсдийн хоршил болоод өнгө аясаар ялгармаар байна. Залуу уран бүтээлч бидний хувьд энэхүү анхны тоглолт их чухал. Нэгдүгээрт энэ чинь хариуцлага шүү дээ. Тиймээс өөрсдийн хүссэн хэмжээндээ сайн тоглолт хиймээр байна.
♦ Ихэвчлэн монгол ахуйн тухай буюу амьдрал, аав ээж, анд нөхөд, эх орны тухай дуу дуулсан байдаг юм байна. Мөн монгол эрчүүд рүү хандсан монгол морины тухай уран бүтээлүүд бий. Урын санд минь хайрын дуу байдаггүй юм билээ. Тиймээс тоглолтдоо зориулж нэг дуу хийж байгаа. Удахгүй сонсогчдод хүрнэ.
♦ Би Хөгжим бүжгийн коллежид орохынхоо өмнө 10 гаруй хоногийн бэлтгэлд хамрагддаг юм. Тэр үед Г.Басхүү байгаагүй. Харин нэмэлт элсэлтээр манай Г.Басхүү орж ирж байлаа. Хоёрдугаар дамжаанаасаа илүү ойр нөхөрлөсөөр өнөөг хүрсэн байна. Манай ангийн найзууд хүртэл хааяа тоглоомоор “Та хоёр салах болоогүй юу” гэж хошигнодог юм. Тийм л дотно, нэгнээ орхилгүй, уран бүтээл, амьдралын найз болсон байна.
♦ Г.Басхүү найзын минь хувьд ямар ч үед үнэн, үнэнч байдаг. Хэзээ ч надад худал хэлдэггүй. Ямар ч үед итгэлтэй, ар тал байдаг зан чанар нь их гоё. Мэдээж залуу хүмүүсийн хувьд, амьдралд олон найз бий. Гэхдээ зарим нь хэтэрхий ойртож болохгүй байх нь бий. Гэтэл найз минь хэн бүхнээс илүү намайг ойлгож, урмаар тэтгэдэг. Бид хоёрын хувьд би их яаруу. Харин Г.Басхүү их тайван зантай. Тиймээс ч аливааг их тунгааж, оновчтой шийдвэр гаргаж чаддаг занд нь дуртай.
Г.Басхүү: Бидний хувьд нэгэндээ бүхий л сэтгэлээ дэвсэж чаддаг
♦ Намайг Г.Басхүү гэдэг. Увс аймгийн Тэс суманд төрсөн. Бага байхын л дуулах сонирхолтой байсан ч олны өмнө ерөөсөө гардаггүй байлаа. Харин ахлах ангиа төгсөх жил ангийн найзууд маань урам өгч, дэмжсэнээр анх удаа ЗДТГ-ын нэрэмжит дууны тэмцээнд оролцож, сумаасаа шалгарч байсан юм. Энэ үеэс өөрийгөө дуулж болох юм байна гэж бодох болсон. Ингээд 2010 онд Хөгжим бүжгийн коллежид гавьяат жүжигчин н.Оюунбилэг багшийн шавь болж, 2015 онд гавьяат жүжигчин Б.Бүтэд багш дээрээ төгссөн. Одоогоор чөлөөт уран бүтээлч. 2017 онд манай шүлэг бичдэг найз хүүхэдтэй болоод бид гэрт нь очиход “Андууд” дууны шүлэг байж таарсан. Уншихад л шууд сэтгэлд буусан. Учир нь Г.Дэлгэрболд бид хоёрын хувьд анх оюутан байхаасаа нөхөрлөсөн. Тиймээс ийм сайхан дууг найзтайгаа хамт дуулах ёстой гэж бодогдсон. Ингээд дуу болгох санал тавиад аяыг нь Бердибек найзаараа хийлгэсэн.
♦ Бид хоёрт “Андууд” дуунаас гадна хамтарч дуулсан сайхан уран бүтээлүүд бий. Хоёр эрэгтэй дуучин гэхээс илүү найзууд хамтарч дуулахад олон давуу тал бий. Ялангуяа нэгнээ мэддэг, хүсэл зорилго нэг учир хамтдаа мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөхөд сайхан байна. Бид энэ удаагийн тоглолтдоо 20 гаруй дуу дуулахаар төлөвлөсөн. Харин бид хоёроос гадна Б.Анхбаяр О.Чанцалдулам, н.Хосбаяр, Б.Ганбүргэд, Б.Баяндалай, Б.Одмандах, Бердибек гээд сайхан уран бүтээлчид ая дуугаа өргөнө.
♦ Миний хувьд анх удаа том тайзан дээр гарахдаа гавьяат жүжигчин Б.Бямбажав ахтайгаа хамтарч “Жаргалтай амьдрал” гэсэн дууг дуулсан. Тэр дуу надад их урам өгсөн. Тэр үеэс анх анд нөхөд, нөхөрлөлийн дууг илүүтэй дуулах хүсэлтэй болсон санагддаг юм.
♦ Анх ангидаа ороход 40 гаруй хүүхэд байсан. Тиймээс эхэн үед бол нэг нэгнээ сайн мэдэхгүй. Учир нь манай анги дотроо “А”, “Б” гэсэн групптэй байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам бие биеэ мэдэж, ойлголцож, нөхөрлөх болсон. Ялангуяа хоёрдугаар дамжаанаасаа илүү ойртож найзалсан даа. Хамтдаа нэг байранд амьдарч, нэг тогооноос хоол идэж, жаргал зовлонгоо хуваалцсаар 10 гаруй жил өнгөрсөн байна.
♦ Бид хоёрын хувьд нэгэндээ бүхий л сэтгэлээ дэвсэж чаддаг. Миний найзын жаргал, зовлон ялгаагүй минийх ч байдаг. Мөн найз минь уран бүтээл, амьдралын ч бай аливаа асуудалд их тууштай. Унаж босох ямар ч үед “Болно, хоёулаа бүтээнэ” гэж урам өгдөг. Үүнээс гадна болох, болохгүйг их хурдан ялгаж, зөв шийдвэр гаргаж чаддаг давуу талтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 207 (7451)