"Бүс нутгийн онцлогоос хамаарч сүргийн бүтцийг хязгаарлах хэрэгтэй"

2024-09-23
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

 

"Зууны мэдээ" сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг "Leaderships forum" буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гари, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Мөнх ногоон тал” ХХК-ны бизнес хөгжлийн захирал, доктор, профессор Б.Батхишигийг урьж ярилцлаа.

Блиц

Боловсрол:

1991-1996: МУИС-ийн Биологийн факультет, Биохимич, бакалавр

2001-2003: Их Британийн Манчестерийн их сургууль, Биотехнологи, магистр

2007-2011 он: АНУ-ын Колорадо мужийн их сургууль, Бэлчээр ба байгаль орчны менежмент, PhD доктор 

2012-2015 он: АНУ-ын Колорадо мужийн их сургууль, “Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамж” АНУ-ын Шинжлэх ухааны сангийн судалгааны төсөл, Пост-доктор

 

Ажилласан байдал:

2018 оноос  “Мөнх ногоон тал” ХХК-ны бизнес хөгжлийн захирал

2011-2016: “Нутаг Түншлэл” үндэсний зөвлөх байгууллагын захирал

2011-2015: АНУ-ын үндэсний шинжлэх ухаан сангийн “Монгол орны бэлчээр нутгийн нөхөн сэргэх чадамж” салбар дундын судалгааны төслийн Монгол дахь зохицуулагч

2008-2011: Колорадо мужийн Их сургуулийн Ой, Бэлчээр ба Ус Хамгаалах Тэнхмийн судалгааны ажилтан

2003-2007: Хөдөө орон нутаг ба байгаль орчны хөгжлийн асуудал хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Монгол улс

1998-2003: Дэлхийн зөн Монгол ОУБ, Стратеги төлөвлөлт ба Хөдөөгийн Хөгжлийн асуудал хариуцсан үндэсний зохицуулагч

Бэлчээр нутаг гэсэн нийлмэл ойлголтоор харах хэрэгтэй

 

-Бэлчээр гэдэг зөвхөн өвс ургамал биш.  Уул ус, хөрш шороо, агаар мандал, ан амьтан, холбоо хамаарал, тогтолцоогоор нь харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн байгалийн хүйн холбоо буюу шүтэлцээгээр нь. Мөн байгалийн хүчин зүйлээс илүүтэй  нийгмийн болон эдийн засгийн хүчин зүйлээ бодох ёстой. Цаашлаад тогтвортой хөгжил, оршин тогтнох, ертөнцийг үзэх үзэлтэйгээ холбож ойлгох ёстой юм. Тиймээс хуваагдмал ухагдахуунаар биш малчид шиг, бэлчээр, нутаг гэж цогцоор харах нь зөв. Бэлчээрийн ургамалжилтыг өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн дотоод, гадаадын олон судалгаа бий. Түүнд малын бэлчээрлэх эрчмээс  гадна уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын хавсарсан  нөлөөгөөр  ургамалын төрөл зүйл, гарц муудах, өнгөн хөрс суларч байна. Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнээс гадна ардын уламжлалт мэдлэг бас баталж байна. Шимтэй, нарийн ургамал багасаж, ургахаараа эрт хагдарч, дов сондуул үүсэж, гаднах хүрээгээрээ хөрс нь хатаж байна гэж малчид ярьж байна. Ардын ухаанаар яриад байгаа зүйлийг шинжлэх ухаанаар баталсан. Энэ нь алсдаа эдийн засгийн хомсдол үүсгэнэ. Зах зээл рүү чанартай түүхий эд нийлүүлж, үнэ цэнийг нь нэмэхэд асуудал үүснэ. Хэдийгээр бүр доройтоход хугацаа шаардах ч гэсэн аюулын дохио илрээд байна. Дараагаар нь шинэ зууны залуу мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэг ур чадвар үүнийг дагаад асуудалтай болж эхэлнэ.

 

Хуурай хөрстэй тул хөндөгдсөн газар эргэн сэргэхдээ хугацаа их шаарддаг

 

-Бэлчээрийн даац хэтрэхэд малын бэлчээрлэх эрчмээс гадна өөр хүчин зүйл нөлөөлнө. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой температурын хэлбэлзэл, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөнө. Мөн дэд бүтцийн хөгжил, уул уурхай нөлөөлж байна. Хөдөө орон нутаг руу дэд бүтэц хөгжиж, хүн амын хөдөлгөөн ихсэхэд төв зам дагасан туслах зам бий болдог. Тэр замууд хэдэн мянган километр бэлчээрийг талхалж байна. Монгол орны хувьд хуурай, хагас хуурай экологийн тогтоцтой тул хөндөгдсөн газар эргэн сэргэхдээ хугацаа их шаарддаг. Гэтэл хүмүүс зөвхөн малын тоо толгой ихэссэн нь буруутай юм шиг ойлгоод байдаг. Харин ч малын тоо өсөх нь эдийн засгийн сайн үзүүлэлт. Малчид цаашлаад улс орон баялаг, хөрөнгө чинээтэй байх нь сайн. Гэхдээ малын түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулах, зах зээлд нийлүүлэх явц удаашралтай байгаа нь асуудал юм. Малын гаралтай түүхий эдийн чанар, боловсруулалт, тоо хэмжээ нь эцсийн хэрэглэгчдийн шаардлагад нийцэх нь чухал. Тиймээс тэр боловсруулах, бэлтгэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөгжиж буй хувийн хэвшлүүдийг дэмжих хэрэгтэй. Төрөөс үүнийг тодорхой хэмжээнд дэмждэг хэдий ч малчдыг зохион байгуулалтад оруулж, зах зээлтэй холбохгүй байна. Холбож өгснөөр түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн эрүүл ахуйн шаардлага, чанар стандартыг нэмэгдүүлснээр үнэ цэнтэй бүтээгдэхүүн болж хувирч байгаа юм. Үүнд хөрөнгө оруулалт их шаардана. Өнөөдөр яагаад бэлчээрийн даац ихсээд байна гэхээр малчид малаа зах зээлд хурдан борлуулахад хангалттай үнэ ханшийг авч чадахгүй байна. Нөгөө талд боловсруулах үйлдвэрүүд зээлтэй, санхүүгийн дарамттай байдаг тул үнэтэй түүхий эд авч чаддаггүй. Тиймээс боловсруулах үйлдвэрүүд гадаад зах зээл рүү  өндөр ашигтайгаар бүтээгдэхүүнээ нийлүүлснээр ашигтай ажиллаж, эргээд малчдаа харж үзнэ.

 

Мал бүхий иргэдэд хязгаарлалт тавьж татварыг нь нэмэх хэрэгтэй

-Малчдад эдийн засгийн хурдтай эргэлт байдаггүй.  Тогтмол үр ашигтай гүйлгээнд оруулж чадахгүй тул үнэд хүрэх цагийг хүлээдэг. Тэр түүхий эдийг хадгалах газар байхгүй учраас ашигтай болтол  амьдаар нь бэлчээрт байлгахаас өөр арга байхгүй. Мал аж ахуйгаасаа хараат малчин иргэд өөрсдөө сайн дураараа олон малтай байгаа юм биш. Хүссэн үедээ эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа учир амьдаар нь хадгалахаас өөр арга байхгүй байна. Харин эсрэгээрээ мал аж ахуйгаас хараат бус мал бүхий чинээлэг иргэд их хэмжээний тавиул малтай байдаг. Тэр мал бүхий хүмүүс бүх амьжиргаа, амьдралын зардлаа мал аж ахуйгаасаа олдог. Энэ нь малчдын бэлчээрийг хумсалж, хомсдуулж байна. Тэр тавиул малтай иргэд ямар хариуцлага хүлээж байгаа юм. Үүнийг хууль эрх зүйн дүрэм журам, бодлогоор зохицуулах ёстой. Тиймээс энд шударга ёс, хуваарилалтыг зөв хийх хэрэгтэй болж байгаа юм. Хүмүүс  хөрөнгө чинээтэй болохоороо олон азарга адуу, үхэр мал авч үржүүлдэг болсон. Хэдийгээр энэ хувь хүний сонголт ч малчдаас өндөр татвар төлөх нь зүйтэй. Шударга татварын систем бий болохоор тэр орлогоор эргээд малын эрүүл мэндийг сайжруулах, түүхий эд бэлтгэх, нөөцлөх, түгээлтийн системийг бий болгож болно. Байгаль орчин, эдийн засаг, нийгэм гэсэн гуравласан холбоо алдагдаад байгаа учир малын тоо толгой хэдэрсэн гэх яриа гараад байгаа. Тэгвэл ямар малчдын малын тоо нэмэгдээд байгааг судлах хэрэгтэй. Тавиул малтай, мал бүхий иргэдэд хязгаар, хяналт тавьж татварыг нь нэмж, нийгмийн хариуцлагыг шударга хүлээлгэх хэрэгтэй.

 

Эрдэмтэн судлаачид бодит, үр бүтээлтэй судалгаа гаргахгүй байна

 

-Малчид маань зах зэлийн нийлүүлэлтийн сүлжээг л хийгээд байдаг. Эрэлт, хэрэгцээ, шаардлага, эцсийн хэрэглэгч, гадаад зах зээл юу хүсээд байгааг мэддэггүй. Монгол малчид зах зээлийн мэдлэггүй. Зах зээлийн олон давхар шаардлага, даатгал, эрх зүй, худалдаж худалдан авах гэрээ, чанарын шаардлагын баталгаажуулалт, тээвэрлэлтийн аюулгүй байдал гэж юу байдгийг мэддэггүй. Тиймээс бид зах зээлдээ тохирсон зөв гаргалгаа, шийдлийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд эрдэмтэн судлаач нар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн  салбараа хөгжүүлэхийн тулд технологийн шийдлийг нэвтрүүлэх ёстой. Техник, технологи, мэдлэг дамжуулалтыг шийдээд Монголын нөхцөлд тохирсон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Их нууруудын хотгор, баруун бүст амьдарч байгаа хэдэн малчин өрхөд ийм тооны мал байна. Түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ийм хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулна. Тэр боловсруулах үйлдвэрт хэдэн төгрөгийн санхүүжилт, зээл олгоод тэр мал, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал гадаадын зах зээлд ингэж нөлөөлж, 10, 20 жил тоглогч байж чадна гэсэн судалгааг гаргаж өгч чаддаггүй.  Судлаач бид нар ямар нэгэн хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйлийг хөнгөвчлөх ёстой. Том их сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэн байгаа ч юу хийгээд байгаа нь тодорхойгүй, хариуцлагагүй ханддаг. Тэд бодит байдал дээр ямар асуудлыг шийдэх гэж ажиллаад байгаа юм. Бид хөдөө аж ахуйн хүнд тоног төхөөрөмж, техник үйлдвэрлэхгүй ч технологийн нэвтрүүлэх нь чухал алхам. Жишээлбэл, БНХАУ-ын том үйлдвэрт жилд дунджаар таваас долоон шинжлэх ухааны төсөл хэрэгждэг. Их сургуулийн профессор, оюутнууд баг болж ажилладаг. Дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа тоног төхөөрөмжид нэг араа шүдний асуудал үүсэхэд бүтээгдэхүүний гологдол үүсдэг.Хамгийн гол нь тэр төслийг үр бүтээлтэй хэрэгжүүлэхгүй бол төрөөс арга хэмжээ авдаг. Шинжлэх ухаанчаар хийх бизнес хөгжих шаардлагатай.

 

Монгол онол, технологийг боловсруулах хэрэгтэй

 

-Судлаачид маань Монгол орныхоо онцлогт тохирсон бодит судалгаа хийх хэрэгтэй. Хавсарсан, асуудал шийдсэн, ажлын талбарт хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн багтай болмоор байна. Монгол онол, технологио гаргадаг, докторын зэрэг хамгаалахдаа ямар үйлдвэрийн асуудлыг шийдэж, бүтээмжийг нь хэрхэн нэмэгдүүлсэн бэ гэдэг үр дүнг судлаачид хийж, хариуцлагатай баймаар байна. Мэдлэгийг хэвшүүлж, баялаг бүтээх хэрэгтэй. Бүтээл нь чанарын шаардлага хангасан уу гэдгийг хянаж, засан залруулж, бүтээн байгуулдаг системийг бий болгох шаардлагатай. Увс аймгийн малчин, Хөвсгөлийн Баяндэлгэрийн гаралтай мах, цагаан идээ Францын тэр мужийн дарс, бяслаг гэдэг шиг дэлхийн брэнд болгох ёстой. Үүнийг хамтын бүтээлээр цогцлоох юм. Миний хувьд би юу хийж чадах вэ гэж бодоод өөрийнхөө хэмжээнд хэрэглээ болгож маш олон зүйл хийж үзсэн. 10 жилийн өмнөөс профессор цол зүүгээд гадаад дотоодын судалгаа хийгээд явдаг үе өнгөрсөн. Тиймээс малчдыг зах зээлд холбох, ноос ноолуурын чиглэлийн анхны олон улсын стандартыг нэвтрүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Тодруулбал, “Нар” төвөөрөө залуу малчдын сургалт болон ажил мэргэжлийн стандарт, түүхий эд ноос, ноолууран бүтээгдэхүүнийг чанартай бэлтгэн нийлүүлэх гарын авлага, чадамжийн хөтөлбөрийг боловсруулсан. Бог малыг үржүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах сургалтын хөтөлбөр, ном. “Шинэ зууны малчин” номоо онлайн байршууллаа. Энэ бүхний санхүүжилтийг татаж, хэрэглээ болгож явна. Ер нь тал бүрийн мэдлэгээ ажил хэрэг болгох үүднээс алхам хийж байна.

 

Малын хөлийн татварын үр өгөөжтэй зарцуулалтыг судлаачидтай хамтарч хэрэгжүүлэх нь зөв

 

-Жил бүр малчдаас малын тоо толгой, төрлөөс хамаарч хөлийн татвар авдаг. Түүнийг зарцуулах эрх мэдэл нь  сумын орон нутгийн иргэдийн хуралд бий. Харин ямар  төсөл хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх вэ гэдгийг судлаачид чиглүүлж, боловсруулж өгвөл үр дүнтэй. Хөдөө аж ахуй, эдийн засгийн хамтарсан баг зөвхөн тэр бүс нутгийн онцлогт тохирсон төслийг  системтэй чиглүүлж, хэрэгжүүлж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна уул уурхайн том компанийн салхин доор нууцаар үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлт, үйл ажиллагааны зөвшөөрөлгүй хариуцлагагүй уул уурхай олон байдаг. Мөн хариуцлагагүй мал бүхий иргэдэд хариуцлага тооцож, харилцаа хамтын ажиллагааг үр өгөөжтэй болгох нь байгаль экологи, эдийн засагт чухал нөлөөтэй юм. Бүс нутгийн бэлчээрийн гарц, нөөц, даацыг ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн үүнийг хийдэг. Ямар бүс нутагт энэ жил хэчнээн тооны ямар мал байвал бэлчээрийн даацад хүндрэл учрахгүй, тохиромжтой байх  вэ гэдгийг судалгаагаар гаргаж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Тоо толгой нь хэтэрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрт хандаж, зах зээлд нийлүүлэх зарчмаар хамтын хөдөлмөр, эргэх холбоотой ажиллах нь зүйтэй.

 

Хөдөө аж ахуйн орон хэр нь нийтэд буруу мэдээлэл хүргэдэг

 

-Малчид махнаас гадна түүхий эдээр олох ашиг бага. Тэдний дотроос хамгийн өндөр өртөгтэй борлуулдаг нь ноолуур байна. Малчдыг зах зээл, өртгийн сүлжээ рүү нь зөв холбох ёстой. Тухайн малчин сүргийн чанар, үйлдвэр угсааг сайжруулах, үржлийн талаар бодож байхдаа ямар өнгийн, ямар ширхэгтэй ноолуур гаргах гээд байгаагаа тооцоолсон байна. Гэхдээ Монголын бүх бүс нутагт таван хошуу мал бүгд тохирохгүй. Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд зэрэг бут сөөг, харгана ургадаг нутагт ямаа, тэмээ үржүүлбэл  тохиромжтой.  Харин зарим бүс нутагт ямааны тоо толгойг хязгаарлах нь зөв. Хангайн зөөлөн хөрстэй газар хонь, үхрээ өсгөөд, цагаан идээгээ борлуулбал ноолуураас илүү ашиг олох боломжтой. Үүний тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалахыг төрийн санхүүжилттэй шинжлэх ухааны байгууллага гаргах ёстой. Бүс нутгийн онцлогт нь тохирсон сүргийн бүтцийг гаргаж,  хязгаарлалт, хяналтыг зохистой хэмжээнд хийвэл бэлчээрийн даацад эергээр нөлөөлнө. Хөдөө аж ахуйн орон мөртөө нийтэд хүргэж байгаа мэдээллээ буруу хүргэдэг. Зөвхөн ямаа өсөөд бэлчээрийн даац муудаад байгаа юм биш. Малаа өсгөхгүй бол малчид яаж амьдрах юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бол хугацаа шаарддаг. Монгол ноолуур дэлхийд ноёлно гэдэгт итгэдэг. Тиймээс ноолуураараа дэлхийн том үйлдвэрүүдийг татах хэрэгтэй болж байгаа юм.

 

Ноолуурыг даавуун шуудайнд хадгалах нь зөв

 

-Гарал үүсэл дээр нь ангилалт хийж, сууриас нь бага зүйлээс эхэлж өөрчлөлт хийх хэрэгтэй. Технологи гэдэг дааж давахын аргагүй том зүйл биш. Ноолуураа самнахдаа даавуун шуудайнд хийснээр чанартай түүхий эдээ бэлтгэж чадаж байгаа юм. 190 мянган малчин өрхөөс гарч буй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэлхийн зах зээлд өрсөлдөх үр ашигтай байх хэрэгтэй. Үүний тулд самнасан ямаагаа нас, зүсээр нь ангилж, гарал үүсэл нь тодорхой байдлаар ноолуураа нийлүүлмээр байна. Ноолуур л бол ноолуур гэсэн буруу ойлголтоос салж, эцсийн хэрэглэгчийн шаардлагаа мэдэж байх хэрэгтэй. Борлон болон эм, эр ямааны ноолуураар ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүх ямааныхаа ноолуурыг нийлүүлж шуудайлаад нэг үнээр өгөх гээд байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь алдагдалтай байж магадгүй. Энэ бүх суурь, өрхийн үйлдвэрлэл дээр технологи нэвтрүүлмээр байна. Тэгэх аваас дэлхийн зах зээлийг татаж чадна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 184 (7428)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

21 цаг 25 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

23 цаг 4 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин