Утааг бууруулах "Улсын бус" шийдэл

2024-09-05
Нийтэлсэн: Админ
 27 мин унших

Нийслэлчүүд утааны улирал ойртойж буй энэ үед утааг бууруулах ямар шийдэл гарах бол хэмээн хүлээж байгаа. Гэхдээ утааг бууруулахын тулд их наядаар зарцуулах хөрөнгө “салхинд” хийсгэхийг хүсэхгүй. Учир нь энэ бүх зардал үр дүнд хүрэхгүй байгааг шүүмжилсээр ирсэн. Тиймээс хэнд, ямар шийдэл байгаа вэ. Түүнийг нь нэвтрүүлэх боломж бий эсэхийг “Зууны мэдээ” сонины нийтлэлийн бодлогод тогтсон журмын дагуу олон талын төлөөллийг оролцуулан хүргэж байна.

 

Асуулт:

1. Танд утааг бууруулах ямар шийдэл байна вэ?
2. Таны санал болгож буй шийдлийн давуу тал юу вэ?

 

Гэр, байшинг дулаалж утааг бууруулах боломжтой

"Ачит-Ихт" ХХК-ийн төслийн инженер П.Энхдаваа:

-Утааны асуудал бидний өдөр тутмын амьдралтай нүүр тулгараад багагүй хугацаа өнгөрчээ. Бид шийдэх гэж янз бүрээр оролдоод дорвитой үр дүнд хүрээгүй л байна. Асуудлыг шийдэхийн тулд бид багагүй хугацаа, өндөр үнэ төлөх бололтой. Энэ бидний цаг хугацаа мөн эрүүл мэндийг хэлж байгаа юм. Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол үүсгэж байна. Нэн тэргүүнд анхаарч, бууруулах ёстой бохирдуулагч нь энэ гэж үзэж байна.Тодруулбал, гэрийг дулаан байлгахын тулд л гал түлж, утаа үүсгэж агаар орчныг бохирдуулж байна. Тиймээс дараах дарааллын дагуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, Дулаан хэрэглэж байгаа хэрэглэгч буюу гэр байшингийн дулаалгыг шалгах. Муу байвал сайжруулах, нэмж дулаалах. Хоёрдугаарт, Дулаан гаргахад ашиглагдаж байгаа зуухны технологийг сайжруулах. Гуравдугаарт, Одоо ашиглаж байгаа нүүрсийг бохирдол багатай түлшээр солих. Жишээлбэл, кокжсон шахмал түлш, хорголжин түлш, шингэрүүлсэн нүүрс гэх мэт. Эдгээр ажлуудыг хийхээс өмнө мэдээлэл, сурталчилгаа болон нөлөөллийн ажлуудыг эхлүүлж, санхүүжүүлэлтийн механизмыг шийдсэн байх ёстой юм. Амьдралын орчин нөхцөл, хэв маягийг шууд эвдэхгүйгээр шийдэх нь зөв. Нэг өглөө сэрэхэд л та зуухаа гаргаж хая, яндангаа буулга, нүү гэх нь тохиромжгүй шүү дээ. Хүн өөрөө хүсэж байвал өөрчлөлтийг хүлээн авдаг. Тиймээс хэрэгцээ шаардлагад нь тулгуурлаж гаднаас зохих хэмжээний түлхэц, хурдасгуур хэрэглэж энэ асуудлыг шийдэж болох юм. Хурдасгуур гэдэг нь хэрэглэгчиддээ төвөг багатай, технологийн шийдэл болон бодитой санхүүжүүлэлтийн механизм юм. Миний санал болгож буй шийдлийн давуу тал нь гэр, байшинг дулаалснаар дулааны хэрэглээ буурна. Шууд нөлөө нь дулааны хэрэглээ буурвал халаалтад ашиглах тулшний хэрэглээ буурна. Түлш шатаах технологийг сайжруулсанаар үр ашиг нэмэгдэнэ. Түүнийгээ дагаад агаар, орчныг бохирдуулагч утаа болон бусад хаягдал буурах юм. Үүний үр дүнд бид агаарын бохирдлын асуудлаа шийдэж, харин хэрэглэгч болох хувь хүн нь ямар нэг сэтгэл зүйн гэнэтийн өөрчлөлтөд ороогүй сэтгэл хангалуун үлдэх юм. Үүний дараа бид дараагийн шатны технологийн шилжилт хийх боломж бүрдэх юм. Нэг үгээр хэлвэл ногоон шилжилт хийхэд бэлэн болно гэсэн үг юм.

 

Залуу гэр бүлүүдийн тусдаа гарах хүсэл эрмэлзлийг дэмжээд урьдчилгаагүйгээр  байранд оруулаад өгөөсэй

Төрийн албан хаагч М.Баянзул:

-Төрийн албанд ажилладаг дийлэнх залуус орон сууцны дэмжлэг авч чаддаггүй, зөвхөн төрийн алба гэлтгүй залуус, зорилтод бүлэг урьдчилгааны  15+ 25+ 35+ 55+ 85+ сая төгрөг өгч чаддаггүйгээс орон сууцанд хамрагдах боломж байдаггүй. Харин үүнийг зээлдээ шингээгээд шууд орох боломжоор хангаад түрээслээд өмчлөх хэлбэрийг дэмжээд өгвөл ялангуяа /Улаанбаатар хотод амьдарч  байгаа залуус/ гэр хороололд гэр барьж амьдрахгүй хүсэхгүй. Энэ хэрээр яндан буурна.  Хэн ч гэсэн  өвөлдөө нүүрс түлж, үнэртүүлэхийг  хүсэхгүй шүү дээ. Тиймээс төр үүнийг бодлогоор дэмжээд залуусаа орон сууцад хамрагдах хүсэлтэй бол урьдчилгаагүй оруулаад өгмөөр байгаа юм. Өнгөрсөн онуудад эмч, багш, онцгой, цагдаа гээд яг ийм нөхцөлтэйгөөр олон залуусыг дэмжсэн. Үүнтэй адил  энгийн ажилтай, орлоготой залууст боломж нээмээр байна. Нийгмийн даатгал төлдөг бүхий л газар дэмжмээр байна. Банк уян хатан нөхцөлтэйгөөр залуусаа дэмжээд гэр хорооллын иргэдээ боломжоор хангавал утааг бууруулах боломжтой гэж харж байна. Зах зээлд борлуулалтгүй орон сууцнууд олноороо  хоосон байсаар л байдаг. Үүнийг боломжит нөхцөлтэйгөөр залуу гэр бүлээ  оруулах бодлогыг хэрэгжүүлбэл боломжтой гэж харж байна. Жишээлбэл, “Содон хороолол” урьдчилгаандаа  машин, хашаа байшин оруулж авч байсан. Миний мэдэхийн олон  өрхүүд хамрагдсан байдаг. Үүнээс харахад одоо хэн ч гадаа 00-той,  гал түлж амьдрахыг хүсэхгүй.  Залуу гэр бүлүүдийн тусдаа гарах хүсэл эрмэлзлийг дэмжээд урьдчилгаагүйгээр  энэ олон  борлуулалтгүй байранд оруулаад өгөөсэй. Орон нутагт "Хөдөөгийн сэргэлт" бүрэн утгаараа хэрэгжээд төрийн албан хаагчаа тосож аваад 1,2 өрөө байраар нь хангаад түрээслээд өмчлөх боломжийг олговол  залуус хаана ч эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж  хөдөлмөрлөснийхөө  үр шимийг хүртээд өөрийн гэсэн үл хөдлөхтэй болоод баталгаатай сэтгэл хангалуун амьдрах боломжтой. Ер нь гадагшаа явж буй  залуусын дийлэнх нь  байрны урьдчилгаагүй,  уул уурхайд олон хоног гэр бүлээсээ хол ажилладаг учраас  байртай л больё гэж л зорьж харийн нутаг руу зүтгэдэг. Тиймээс шийдвэр гаргагчид   бодлогын зоригтой шийдэл гаргах хэрэгтэй  байна.

 

Агаарын бохирдлыг бууруулахад шингэрүүлсэн шатдаг хий /LPG/-г ашигладаг

“Газком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Идэрсайхан:

-Лондон ч тэр Токио ч тэр шингэрүүлсэн шатдаг хийг ашиглаж агаарын бохирдлыг бууруулж асуудлыг бүрэн шийдсэн. Манай компани 2018 оноос эхлэн 100 гаруй жилийн түүхэндээ нэг ч осол гаргаж байгаагүй Японы “Риннай” компанийн аюулгүй ажиллагааг бүрэн хангасан тоног төхөөрөмжөөр сургууль, цэцэрлэг, айл өрх зэрэг Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах 50 гаруй обьектийн дулааны асуудлыг шийдсэн туршлагатай. Ингэхдээ ухаалаг системийг ашиглан шингэрүүлсэн шатдаг хий нийлүүлж ирсэн. Шингэрүүлсэн шатдаг хийг халаалтад ашигласнаар нүүрс болон түүнээс гаралтай хатуу түлшнээс шаталтын явцад ялгардаг хүн, байгальд хортой олон төрлийн химийн нэгдлүүдийг агаарт цацагдахаас сэргийлж чадна. Энэ нь дотоодын агаарын чанарын хэмжилтийн байгууллагуудын хэмжилтээр нотлогдсон.

Манай улсад шингэрүүлсэн шатдаг хийг маш аюултай бодис мэтээр хүмүүс ташаа ойлгодог учраас үүнийг залруулах шаардлагатай. Бидний хамгийн сайн мэдэх Солонгос, Япон улс шингэрүүлсэн хийн хэрэглээг ахуйн хэрэгцээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг арилгахаас гадна зохистой хэрэглээнд дадсан байдаг. Монголчууд шингэрүүлсэн шатдаг хий /LPG/-гээр ажилладаг ахуйн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээнд хэрэглээндээ нэвтрүүлсэн. Тиймээс аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, хаа хаанаа хариуцлагаа дээшлүүлэх хэрэгтэй.

 

Гэр болон байшинг дулаалснаар шахмал түлшний хэрэглээг 30 хувиар бууруулах боломжтой

Сэргээгдэх эрчим хүчний инженер Цолмонбаатар:

-Улаанбаатар хотын гэр хорооллын утааг арилгах арга зам шийдэл олох хамгийн эхний алхам бол утаа үүсгэгчээ тоолох, хэмжих юм. Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар 2019 оноос эхлэн гэр хорооллын байшин, гэрийн бүх зуух болон түлж буй сайжруулсан шахмал түлшний хэмжээг жил бүр нарийн тоолж бүртгэдэг болсон байна. Гэр хорооллын зуухны тоо жил бүр харилцан адилгүй өөр байдаг ба дунджаар Улаанбаатар хотын гэр хороололд 87 мянган байшин, 73.3 мянган эсгий гэр жилд 560 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлдэг. Гэр хорооллын зуухтай бүх айл гал сайжруулсан шахмал түлшээ түлэхээ болиход л утаа гарахаа больж агаарын бохирдолгүй болох маш энгийн ойлгомжтой дүгнэлт хийж болохоор байна. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэж чадахгүй, үр дүнд хүрч чадахгүй байгаа шалтгаан нь энэ түлж буй сайжруулсан шахмал түлшний оронд хэрэглэх дулааны өөр шинэ цэвэр эх үүсвэрийг олж чадаагүйд байна.

Хамгийн эхний шийдэл бол  гэр хорооллын бүх 87 мянган байшин сууц болон 73.3 мянган эсгий гэрийг дулаалж чадвал жилд түлж байгаа 560 мянган тонн шахмал түлшний хэрэглээг 30 хувиар буюу 174 мянган тонноор бууруулах боломжтой. Байшинг дулаалах дундаж үнэ тооцоогоор  8.9 сая төгрөг төгрөг болох бөгөөд 87 мянган байшинг 773 тэрбум төгрөгөөр дулаална. Харин нэг гэрийн дулаалга ойролцоо үнэ тооцоогоор 4.2 орчим сая төгрөг болох бөгөөд 73.3 мянган эсгий гэрийн хувьд нийт 308 тэрбум төгрөг болж байна. Бүх байшин болон эсгий гэрийг дулаалахад ойролцоогоор 1.08 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болж байна. Нийт дөрвөн жилийн хугацаанд дулаална гэж тооцвол жилд ойролцоогоор 270 тэрбум төгрөг болохоор байна.

Өнөөдрийг хүртэл гэр хорооллын байшин гэрийг дулаалахгүй байсан гол шалтгаан нь хөрөнгө мөнгөний асуудал юм. Дулаалга хийснээр гэр орон нь дулаан тав тухтай болох галлах хугацаа холдох, шахмал түлшний хэрэглээ буурах, цэвэрхэн болох зарим тохиолдолд огт гал түлэхгүй цахилгаан халаахад зардал нь шахмал түлш түлж байгаатай ажил болох зэрэг маш их давуу тал байгаа хэдий ч гэр, байшингаа дулаалах мөнгө ихэнх айлд байдаггүй. Гэхдээ гэр бүлийн таван гишүүн тус бүрдээ 1-3 сая төгрөгийн үнэтэй гар утас барьж байна. Гэвч өвөлжин гал түлдэг тохиолдолд байшингаа хөлдөөхгүй тулд гэр бүлийн нэг гишүүн нь ажил хийхгүй бүтэн өдөр гэртээ галаа түлж байгаа хэр нь 5-10 сая төгрөг гаргаад байшингаа дулаалддаггүй. Иймд сэтгэхүйг өөрчлөх, гэрээ дулаалах ач холбогдлыг сайн сурталчлан ойлгуулах хэрэгтэй. Түрүү жишээ болгон дурдсан үнэтэй гар тус бас зурагт авч болоод байж гэрийн дулаалга авч чадахгүй нөгөө нэг шалтгаан нь гар утас, үнэтэй цахилгаан барааг зээлээр маш хялбар авах санхүүгийн механизмыг бий болгосон байна. Ямар ч цахилгаан барааны дэлгүүр шууд л  урьдчилгаа төлбөргүй зээлээр бараагаа өгч болоод байгаа болохоор аваад байна. Үүнтэй яг адил гэрийнхээ дулаалга авах, гэрээ дулаалах санхүүгийн механизмыг бүрдүүлж чадвал огт боломжгүй зүйл бас биш юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 2022 оны 1.2 их наяд, 2023 оных 3.2 их наяд төгрөг болсон ба иргэдэд тараасан ноогдол ашгийн нийт дүн 2022 оных 351 тэрбум, 2023 оных 874 орчим тэрбум нийт 1.2 их наяд төгрөг болсон байна. Эндээс харахад Улаанбаатар хотын гэр хорооллын шинэ, хуучин бүх байшин, эсгийг гэрийг иж бүрэн дулаалах хөрөнгө мөнгө болоод дотоодын үйлдвэр, техник технологи, материал түүхий эдийн нөөц боломж хангалттай харагдаж байна. Атарын 1, 2, 3 дугаар аян шиг улс орон даяр “ДУЛААЛГЫН 1,2,3 ДУГААР АЯН” ийг өрнүүлж бүх байшин, эсгий гэрээ шинэ хөвөнтэй дээл өмссөн мэт бүрэн дулаалах боломжтой байна. Үр дүн нь шахмал түлшний хэрэглээг жилд 30 хувиар буюу 174 мянган тонноор буурна.

 

Эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууц баривал дэмжлэг үзүүлэхээр болсон

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаалаар 2022 онд “Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журам”-ыг баталж, мөрдөн ажиллаж байна. Үүний дагуу Улаанбаатар хотод утаа ялгаруулж буй дүүргийг дөрвөн бүсэд хувааж, эдгээр бүсэд түүхий нүүрс, бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглож, цахилгаан болон бусад эх үүсвэрээр халаалтыг шийдэхээр зааж хэрэгжүүлэн ажиллаж байна. Айл өрхийг цахилгаанаар халаахын тулд шөнийн цахилгааны үнийг тэглэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цахилгаанаар халаахад нэг айлын хэрэглээг дөрвөн кВт-аар хязгаарласан. Энэ чадал нь нэг айлын халаалт болон хоол бэлтгэх зуухыг бүрэн хангах боломжгүй. Цахилгаан түгээх сүлжээний шугам, тоноглол хүчин чадлын дутагдалд орж байна.

Иймд айл өрхүүд аль болох эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл хэрэглэх, гэр болон барилгын дулаан алдагдлыг бууруулах, тархмал, сэргээгдэх эрчим хүчний үнэ хямд, дулаан хадгалах технологийг хослуулан ашиглах нь ирээдүйтэй, тогтвортой хөгжлийн загвар юм. Дэлхийн дахинд эдгээр технологиуд нь хурдацтай хөгжиж байна. Иймд хамтарсан Засгийн газраас гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууц барьсан тохиолдолд 30 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлж, агаарын бохирдлыг бууруулах зорилго тавиад байна. Нараар агаарыг халаах. Агаарын бохирдлыг бууруулахын тулд айл өрх, албан газрууд тархмал эх үүсвэр, бие даасан ногоон халаалтын шийдэл буюу нарны энергийг түлхүү ашиглах шаардлагатай байна.

-Нараар агаар халаах, нараар ус халаах төхөөрөмжийг сүүлийн үед өргөн ашиглаж байна. Ялангуяа, нараар агаар халаах төхөөрөмж нь энгийн бөгөөд нарны энергийг татах чадвартай хар өнгийн агаар дамжуулах хоолойг хавтан дотор байрлуулж (коллектор), нар руу чиглүүлж харуулаад үзүүр дээр нь сэнс тавьж, халуун агаарыг сэнсээр үлээн эргэлтэд оруулж өрөөг халаадаг. Улаанбаатар, Эрдэнэт хотод олон айл энэ системийг амжилттай хэрэглэж байна. Нараар агаарыг халаах аргын давуу тал нь Монголд гараар хийх боломжтой. Үнэ хямд, эд анги нь олдоцтой, ашиглахад хялбар, энгийн. Хийх аргачлал нь тодорхой, зэврэлтэд ордоггүй, хоолой цоорч агаар гадагш алдвал ямар нэгэн хүндрэл үүсэхгүй дотор нь ажлын шингэн байхгүй тул хөлдөх аюулгүй. Наранд халснаас коллекторын доторх даралт хэт ихсэх аюул байхгүй зэрэг давуу талтай.

 

Утааг бууруулах биш утаагүй болох шийдэл нь хийн түлшинд шилжих явдал

Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г.Ёндонгомбо:

-Утааг бууруулах биш утаагүй болох шийдэл нь хийн түлшинд шилжих явдал юм. Гэвч импортын хий биш дотоодын нүүрсний давхаргын метаны олборлолтыг эдийн засгийн аргаар төрөөс дэмжих замаар шийдэх хэрэгтэй. Хятадад  нэг шоо метр олборлосон нүүрсний давхаргын метанд 2-3 мо урамшуулал олгодог. Үүний үр дүнд 2004 онд эхэлж байсан олборлолт 10 жилийн дараа гэхэд жилд 134 тэрбум шоо метр болсон. Энэ аргыг 10 орчим жил хэрэглэх хэрэгтэй. Манай орны эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн нөөцийг харгалзаад нүүрсээр ажилладаг ДЦС-ууд 60, сэргээгдэх эх үүсвэрүүд 20, УЦС 20 орчим хувийг эзэлж байвал зохимжтой гэж үзэж байна. Атомын цахилгаан станц барих судалгааг идэвхжүүлэх, устөрөгчийн эрчмийн хөгжлийг дэмжих шаардлагатай. Дэмжих гэдгийг мөнгөөр биш, бодлогоор гэж ойлгох хэрэгтэй.

Энэхүү шийдлийн давуу тал нь үзэгдэж, харагдаж үнэртэх утаагүй болно. Улсын төсвөөс өмнө зарцуулж байсан мөнгө хэмнэгдэнэ. Манайхан хий хэрэглээд сурсан байгаа нь бас давуу талтай.

 

Дулааны алдагдалгүй байх нь агаарын бохирдлыг бууруулах гарц гэж харсан

Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Цэрэндорж:

-Агаарын бохирдлыг бууруулахад дулаан алдагдлыг багасгах нь хамгийн чухал алхам юм билээ. Манайх байшингаа МАК-ын блокоор барьсан. Тухайн үед хамгийн үнэтэй блокийг хэрэглэж байна. Зардал их гарлаа гэж бодсон ч урт хугацаандаа зардал хэмнэсэн гэдгийг ойлгосон. Учир нь эхний хоёр жил нам даралтын зуухаар халаалтаа шийдвэрлэсэн. Гэхдээ бидний төсөөлж байсан шиг зардал бага байгаагүй. Тиймээс цахилгаанаар халаах шийдлийг сонгосон. Энэ нь харин түлшний зардлыг 20 орчим хувиар бууруулсан. Тиймээс цэвэр, тохилог орчныг бүрдүүлэхийн тулд халаалтаа зөв шийдэх хэрэгтэй юм билээ. Тэгэхээр дулааны алдагдалгүй байх нь агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал нөлөөтэй гэж хэлмээр байна.

-Дулаан алдагдалгүй бол цахилгаан болон шингэрүүлсэн шатдаг хийн халаагуур ашиглах нь зардлыг бууруулах шийдэл юм байна гэж харсан.

 

Дулаалга хийх, халаалт, сантехник, бохирын систем угсрах чиглэлээр иргэдийг баг, бригад үүсгэж сургахыг зорьж байна

Дулааны инженер Г.Цээпил:

-Утаа, агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар хот төдийгүй Монгол даяраа санаа зовоосон асуудал болсоор удлаа. Ялангуяа Улаанбаатарын агаарын бохирдолтой тэмцэх гэж сүүлийн 20-30 жил  том,том  төсөл хөтөлбөр хэрэгжүүлж баахан мөнгө үрээд ямар ч үр  дүнд хүрсэнгүй. Тиймээс далайд дусал нэмэр гэгчээр нэг өрх ч гэсэн  яндангаа буулгаж энэ ажлыг эхлүүлэх нь  үр дүнтэй болж байна. Тиймээс  гэр хороололынхоо  айл хөршөөрөө, гудамжаараа, хашаа хороогоороо хамтарч яндангаа  буулгах санаачилга гаргах хэрэгтэй.  Зах зээлд маш олон шийдлүүд байна. Хамгийн гол нь иргэд өөрсдөө санаачилга гаргаж алхам хийх нь чухал. Манай гэр бүл Эко сууц барихад зориулж Оросын барилгын материалын  гэрээт борлуулалтын худалдаа эрхэлдэг. Худалдаагаа хийхийн зэрэгцээ Сонгинохайрхан дүүргийнхээ нэг, арав, зуун айлд дулаалгыг хэрхэн хийх,  эко жорлон барих стандарт, хашаагаа хэрхэн ногоон болгож хашаанаасаа орлого олдог болох уу гэх мэтээр өрхийн гишүүн бүр ажил үүргийн хуваарьтайгаар оролцох тэдэнд нөлөөлөх  санаачилга гаргаж сургалт явуулж эхэлсэн. Иргэд их  дуртай хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл, зөвөлгөө өгөх төв байгуулж үүгээрээ дамжуулан  дулаалга хийдэг, халаалт, сантехник, бохирын систем угсрах чиглэлээр иргэдийг баг, бригад үүсгэж сургахыг зорьж байна. Жирийн иргэд  байшингийнхаа дулаан алдагдлыг хэрхэн хийхээ мэдэхгүй байна. Хэмнэлттэй эко сууцтай болох хүсэлтэй өрх олон байна. Хэдийгээр телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авдаг ч тэд гардаад хийх гэхээр чадахгүй байна. Хамгийн наад тал нь зардлын тооцооллоо хийж мэдэхгүй. Зах зээл дэх үй олон материалаас хаана ямар, боломжийн эко материал байдаг гэх мэтээр мэдэхгүй зүйлтэй тулгардаг. Тиймээс бид мэргэжлийнхээ  давуу байдлыг ашиглаж зөвлөгөө, мэдээлэл өгөх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Түүнчлэн хашаандаа хүлэмжээ хэрхэн барих уу, халаалтаа хэрхэн шийдэх, модоо хэрхэн тарьж агаарын бохирдлоо бууруулах уу, зардлын тооцоогоо хэрхэн хэмнэлттэй хийх үү гэдэг санаачилгыг эхлүүлсэн. Нөгөөтэйгүүр, төрөөс утааг бууруулахад зориулж  буй төсвийг үр дүнтэй  зарцуулмаар байна. Иргэдийг санхүүгээр дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэр хорооллынхонд  ойртож, ямар материалаар, яаж хийхийг зааж сургах хэрэгтэй. Мөн бөөний үнээр чанартай материал сонгож  мэргэжлийн баг хийвэл иргэдээс гарах зардал хэмнэгдэнэ. Нэг удаадаа гаргасан хөрөнгө оруулалт, олон жилийн турш үр ашиг, хэмнэлтийг бий болгоно.

 

Шахмал түлшийг сайжруулж цэвэр түлшээр солих шаардлагатай байна

Химийн ухааны доkтор /PhD/ Н.Ундрах:

-Юуны өмнө гэр хорооллын агаарын бохирдлыг өнөөдрийн бодит нөхцөл байдал, боломжид тулгуурлан цаг алдалгүй арилгахын тулд гэр байшинг дулаалж, түлшний хэрэглээг мөн одоо шатааж буй нүүрсний шахмал түлшийг сайжруулж цэвэр түлшээр солих шаардлагатай байна. Миний бодлоор манай орны хамгийн түгээмэл, хамгийн хямд энергийн эх үүсвэр болох нүүрсээр сайжруулсан шахмал түлш хийж байгаа бол одоо дахин боловсруулж утаагүй цэвэр хагас коксын түлш үйлдвэрлэх мөн нүүрсээ шингэрүүлж, хийн түлш үйлдвэрлэж агаарын бохирдлыг арилгах боломжтой байна. Нүүрснээс гарган авсан хийн түлш диметилийн эфир (ДМЭ)-ээр гэр хорооллын айл өрхийн халаалт болон цахилгааны хэрэгцээг хангах. Түүхий нүүрсийг гүн боловсруулж, цэвэр хийн түлш болон дизелийн түлш үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн асуудал болох эрчим хүчний аюулгүй байдал, газрын тосны түүхий эдийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг шийдвэрлэх,мөн агаарын бохирдлыг бууруулах боломжтой юм. Нүүрсийг гүн боловсруулж, цэвэр түлш гарган авах үйлдвэр нь гэр хорооллын мод, нүүрсний хэрэглээг 100 хувь хийн түлшээр орлуулах боломжтой. Эхний шатанд бага оврын үйлдвэр нь жилд 100.0 мянган тонн ДМЭ-ийг үйлдвэрлэж, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн 50 хувийг хангах цэвэр түлш гарган авна .Дараагийн үе шатанд бага оврын үйлдвэр үйл ажиллагаа тогтворжсоны дүнд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дахин 100 мянган тонн цэвэр түлш боловсруулахаас гадна, нэмэлтээр дизель түлшийг тодорхой хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой. Мөн хагас коксын шахмал түлшээр халаах шийдэл байх боломжтой. Одоогоор гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээний шахмал түлшийг үйлдвэрлэж буй дэд бүтцийг ашиглан нүүрсийг дахин боловсруулж, хагас коксын түлш гарган энэхүү хагас коксоос шахмал түлш үйлдвэрлэн, уг түлшийг зориулалтын зууханд хэрэглэхээр төлөвлөж байна. Нүүрсийг дулааны аргаар боловсруулах буюу пиролизод оруулж дэгдэмхий органик хэсгийг ялган салгаснаар хагас кокс, давирхай болон коксын хийг гарган авдаг. Хагас коксыг ширхэглэлийн хэмжээгээр ангилан, барьцалдуулагчтай холих замаар шахмал түлш гарган авах ба энэ нь одоогийн хэрэглэж буй шахмал түлштэй харьцуулахад утаагүй, органик хэсгийг ялгасан учир үнэргүй цэвэр түлш юм. Хагас коксын түлш гарган авах үйлдвэрлэлээс хий, давирхай зэрэг дагалдах бүтээгдэхүүнүүд үүсдэг бөгөөд хийг үйлдвэрийн процесст энергийн эх үүсвэр болгон буцаан ашиглах ба харин давирхайнаас бензол толуол зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, мөн бензин үйлдвэрлэх бүрэн боломжтой юм. Мөн түүнчлэн “Цэлмэг тэнгэр” санаачилгад тусгасан утаат нүүрсэн түлшийг эрчим хүчний дэвшилтэт эх үүсвэрүүдийг хослуулан хэрэглэх замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой.

 

Нарны панелиар халаалтаа шийдэж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Буянбаатар:

-Өнөөдөр малчид гаднаа нарны панель тавьж цахилгаан хуримтлуулан сэргээгдэх эрчим хүч ашиглан амьдарч бна. Нийслэлд энэ байдлыг түгээмэл хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн цахилгаан халаалалтыг урамшуулал болон хөнгөлөх зарчмаар дэмжих хэрэгтэй. Мөн зарим том аймаг жишээлбэл, Хөвсгөл аймагт гэхэд энэ жил 10 м/вт ын нарны зайн эх үүсвэр ашиглалтад орох гэж байна гэж мэдээгээр ярьж байсан. Ер нь аймаг орон нутаг, сум суурин газруудад энэ мэтээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдэхээс өөр гарцгүй. Тйимээс Улаанбаатарын гэр хорооллыг мөн баг, хороо, хэсэг хэсгээр нь нарны панель ашиглаж дулааны асуудлаа шийдмээр байна. Төр нь ч гэсэн үүнд бодлогоор зээл өгөх хэрэгтэй. 

 

Монгол гэрийн дулаан алдагдлыг нарны эрчим хүчээр шийдэх боломжтой

ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарын эрхлэгч  Н.Ганхүлэг:

-Энэ жил MMS групптэй хамтран гэр хорооллын өрхийн цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангах туршилт, лабораторийн ажил хийж байна. Нарны цахилгаан үүсгэвэр, нарны вакум колектор, шалны халаалт хосолж ажиллахаас гадна агаарын насосоор дамжуулан эрчим хүчний цахилгааны зарцуулалтыг өдрийн цагт нарнаас авах сэргээгдэх эрчим хүчний хосолсон системийг туршиж байна. Нэг өрх эрчим хүчний зарцуулалт багатай байх нөхцөлүүдийг судлах гурван төрлийн эх үүсвэр ашигласан сэргээгдэх эрчим хүчний төсөл юм.

Нийслэл ухаалаг эрчим хүчний системд шилжих хэрэгтэй. Ингэснээр утааг тодорхой хэмжээнд бууруулах шийдэл болж чадна. Гэр хорооллын айл өрхийн дээврийг сэргээгдэх эрчим хүч болох нарны цахилгаан үүсгэврээр хангаад, батарей хуримтлуурын систем бий болгох нь илүү үр дүнтэй. Зөвхөн нарны эрчим хүч үүсгэвэр бий болгосноор шийднэ гэж ойлгож болохгүй. Батарей хуримтлуурын шийдлийг хэд хэдэн айлын дунд бий болгосноор  айл бүрийн дээвэрт үүсэж байгаа нарны эрчим хүч үүсгэврийг хуримтлуулна. Ингэснээр цахилгааны оргил ачаалал болон шөнийн цагаар ашиглах боломжтой. Тиймээс монгол эсгий гэрийн дулаан алдагдлыг өвлийн цагт хэмжиж эрчим хүчний зарцуулал ямар хэмжээнд байгааг судалж байна. Олон улсын жишгээс харахад хэд хэдэн айл нийлээд нарны цахилгаан станцын хуримтлуурын систем бий болгож, цахилгаанаа хуримлуулан ашиглаж байна. Үүнээс харахад манай улс энэхүү жишгээр гэр хорооллыг утаанаас ангижруулах боломжтой.

 

Хийн түлш ашиглаж утаагаа бууруулсан олон улс байна шүү дээ

"Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав:

-Утааны асуудал бол ганц манай компанийн болон “Монголын  хийн холбоо”-ны хийх ажил биш л дээ. Утаа бол хүн бүр санаа тавьж, гар бие оролцох асуудал. Төр засгийн удирдлагууд, хотын дарга нар иргэд гээд агаараар амьсгалж байгаа хүн бүрийн анхаарал хандуулах сэдэв юм.  Сүүлийн жилүүдэд манай хийн аж ахуй эрхэлж байгаа компаниуд нэгдээд “Монголын хийн холбоо”-г  байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд утааг бууруулах санаачилга гаргаж, төсөл боловсруулаад 2008 оноос үе үеийн хотын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандсан. Бид гэр хорооллыг зөв төлөвлөж, хийн түлшээр  халдаг хотхон барих төслүүдийг ажил  хэрэг болгох талаар санал  бүхий  албан  бичгүүдийг удаа дараа өгч байсан. Даан ч утаанаас салах бодол манай дарга нарт байдаггүй шиг байгаа юм. Харамсалтай нь өдөр тутмын ажилдаа сатаардаг юм уу, эсвэл хийх ажлаа сайн мэддэггүй юм уу биднийг  тоогоогүй. Гэтэл дэлхий даяар хийн түлшээр агаарын бохирдлын асуудлыг шийдэж, утаагүй болж байгааг та бүхэн  анзаарч байгаа байх.  Яагаад энэ арга замаар утаанаасаа салж, хурдан шийдэлд хүрдэггүй юм бэ гэж Монгол Улсын  Ерөнхийлөгч, Ерөнхий  сайд, салбар хариуцсан сайд, үе үеийн  хотын  дарга нараас асуумаар байна. Утаа гаргадаг түлшээ, хийн  түлшээр сольж байж л энэ асуудал шийдэгдэнэ. Хийн түлшээр дулаанаа шийдчихвэл агаар 98 хувиар цэвэрших боломжтой. Хийн түлшээр халж байгаа сургууль, цэцэрлэгийн галч нар нүүрстэй холилдож халтайдаг цаг ард хоцорсон. Мөн хийн түлшийг ахуйн хэрэглээний газаас ялгаж салгах хэрэгтэй л дээ. Ахуйн хэрэглээний газ ч аюулгүй байдлыг хангавал ямар ч асуудалгүй. Аюулгүй ашиглалт гэдэг ашиглаж байгаа иргэн бүрийн өөрийн хариуцлага. Ахуйн хэрэглээнд хийгээ хэрэглэж байгаа бол зааврыг уншаад  хэрэглэнэ. Энэ чинь гар утсаа зааврын дагуу  ашиглаж байгаатай л адил асуудал шүү дээ. Иргэд хийн түлш дэлбэрдэг гэж ойлгоод байгаа. Үгүй. Ямар ч эрсдэлгүй. Хийн түлш хэрэглэж утаанаасаа салсан олон улс байна. Сүүлийн  жишээ бол Хятад улс. Бээжин 2016 онд утаатай байсан. Гэтэл 2017 он руу шилжихэд Бээжинг хийн түлшээр утаанаас арилгасан ойрхон сайн жишээ байна. Тэд Индонези, ОХУ, Арабын орнуудаас  хийн  түлшээ импортлож, хийн нөөц  хангамжаа бэлдсэн.

 

Дулаанаа нөөцөлдөг цахилгаан халаагуурыг ашиглаж утааг бууруулах боломжтой

"Warmmax" компанийн гүйцэтгэх захирал Э.БАЯСГАЛАН:

-Ойрын хугацаанд үр дүнгээ өгөх боломжтой шийдэл бол Warmmax дулаан нөөцлүүртэй цахилгаан халаагуур бий. Тус халаагуур нь дотроо тусгай зориулалтын тоосготой. Бид Улаанбаатар хотод худалдан авалт хийсэн айлууддаа үнэ төлбөргүй хүргэж угсарч суурилуулдаг. Анх суурилуулаад 72 цаг буюу гурван өдөр зургаан цаг тогонд залгаж ажиллуулаад зургаан цаг амраагаад зургаан цаг ажиллуулна. Гурван өдөр ингэж ажиллахад доторх тоосго маань 900 градус хүртэл дулаанаа хадгалж авдаг. Ингэснээр дөрөв дэх өдрийн өглөөнөөс эхлэн 00:00 цаг хүртэл нөөцөлсөн дулаанаа 200 градус ялгаруулдаг. Орой 00:00 цагаас өглөө 06:00 цаг хүртэл гаргасан дулаанаа шөнө нөөцөлж авдаг. Тог тасархад 24 цаг дулаанаа хадгална. Ашиглалт 20 жил. Хүний эрүүл мэндэд хоргүй. Баталгаа хоёр жил байна.

 

Эрчим хүчний эх үүсвэрүүдийг яаралтай барих, ашиглалтад оруулах хэрэгтэй

Монголын эрчим хүчний зөвлөх инженерүүдийн холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер  Л.Эрдэнэдалай:

-Эрчим хүчний эх үүсвэрүүдийг яаралтай барих, ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдсан тохиолдолд  орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр агаарын бохирдлоос бүрэн салах боломжтой.  Нэг удаагийн аргацаасан байдлаар утааг алга болгох шийдэл хүлээгээд байдаг. Тийм боломж байхгүй. Нийслэлд хэчнээн мянган зуух, яндан байгаа билээ. Агаарын бохирдол, утааг бууруулахын тулд эрчим хүчний эх үүсвэр станц барих шаардлагатай. Тиймээс Эгийн гол, Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт зэрэг усан цахилгаан станцыг барих төслийг хурдлуулах, яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Эдгээр станцууд ашиглалтад орсноор “ДЦС-3,4”-өөс гарах цахилгаан болон дулааны эрчим хүчийг 100 хувь Улаанбаатар хотдоо ашиглана гэсэн үг. Дулааны цахилгаан станцуудын ачаалал Улаанбаатарт их байна гэдэг нь худлаа. Эдгээр станцуудаас гарсан шугамууд хөдөө орон нутгийн цахилгааныг түгээж байгаа. Түгээлтийн урсгал нь нөгөө хөдөө орон нутагт баригдах шинэ цахилгаан станцад төвлөрчихвөл ачаалал буурна. Нийслэлийн гэр хорооллын дулааныг цахилгаан эрчим хүчээр зохицуулснаар утаа мэдэгдэхүйц буурна.

 

Дулааны алдагдалгүй, эко сууц үйлдвэрлэж буй  байгууллага, хэрэглэгч хоёроо төр дэмжих хэрэгтэй

“Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам:

Өнөөдөр төв суурингийн хүн бүр л утааг бууруулах юм сан гэдэг.  Гол үүсгэгч нь гэр хорооллын нүүрсний утаа угаар гэдгийг бүгд мэднэ. Гэсэн  ч түүний төлөөх алхам, үйлдэл, үр дүн маш удаан байгааг бид бүгдрээрээ харж, амсаж байна. 2010 онд Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр баталж  “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэж дэд хөтөлбөр баталж байсан.  14 жил өөрчлөх, хэрэгжүүлэх боломжтой хугацаа мөн биз.  

Нэгдсэн дулаанд холбогдоогүй  айл өрх, байгууллага өвлийг давахын тулд нүүрс, цахилгаан, газ ашиглаж дулаан гаргах боломжтой. Гэсэн ч бүгд шахуу нүүрсээ сонгодог. Хамгийн хямд нь нүүрс болохоор өөр арга хайх ч сонирхол бага байдаг байх. Ийм нөхцөлд хотын угаар буурах уу. Өнөөдрийг хүртэл төрөөс нүүрс л түлэхийг дэмжсэн бодлого явуулж ирлээ гэж зарим мэргэжлийн хүмүүс шүүмжлээд байгаа нь үнэн.  Түүнийгээ сайжруулсан гэж нэрлэж байгаа ч эрүүл мэндэд хортой болсон эсэх нь ч эргэлзээтэй. Миний хувьд энэ бол түр зуурын богино хугацааны шийдэл байх.  

Зарим айлууд цахилгаанаар халаах шийдэл гаргадаг ч хүчдэл тогтворгүй, үнэтэй, найдвар багатай болохоор  зуухаа тавьж  нүүрсээ түлэхээс аргагүй болдог. Одоо бүр ч найдваргүй гал алдах эрсдэлтэй болж байна.

Айл өрх, хэрэглэгчид, байгууллага  арга зам хайж гоё санаа шийдэл олж байх шиг байна. Гэхдээ дулааны алдагдал багатай, эко шийдлийг,  ийм орон сууцыг эдийн засгийн аргаар дэмжих, тэр чиглэлийн сургалт мэдээллээр хангах зэрэг ажил үнэхээр тааруу.  Тийм сайн туршлага ч ховор байна. Банкуудын ганц нэг сайн жишээ, туршлага бий л байх. Ийм нөхцөлд нөгөө л хялбархан хямдхан нүүрсээ зуухаа сонгоно, утаагаа үйлдвэрлэнэ. Уул нь дулааны алдагдалгүй, эко сууц үйлдвэрлэж байгаа, сууцаа дулаалж байгууллага, хэрэглэгч хоёроо сайн дэмжээд өгвөл үр дүн илүү л байх болов уу. Арванхоёрдугаар сар хүртэл халаалт хэрэглэхгүй байгалийн аргаар дулаан нэвтрүүлдэг, хадгалдаг сууц гарлаа гэж сонсож байсан. Даанч эхлээд өндөр үнэ төлөх болохоор  нөгөө л нүүрсээ сонгодог тухай ч үйлдвэрлэгч нь ярьсан байна билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7416)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин