А.Дэлгэрмаа: Япон Монголын харилцааг шинэ шатанд гаргах айлчлал болно

2024-08-07
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Япон Улсын Ерөнхий сайд манай улсад айлчлах гэж байгаатай холбоотойгоор Шинжлэх ухааны академийн, Олон улс судлалын хүрээлэнгийн, Гуравдагч хөрш орон судлалын эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph. D), дэд профессор А.Дэлгэрмаатай ярилцлаа.

 

-Ирэх долоо хоногт Япон Улсын Ерөнхий сайд манай улсад айлчлах гэж байна. Япон, Монголын харилцаа ямар түвшинд байгаа вэ. Сүүлийн үед хоёр орны харилцаанд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Манай улс Япон улстай дипломат харилцаа тогтоогоод 52 дахь жилээ угтаж байна. Энэ хугацааны харилцааг тоймловол дараах байдалтай болно. 1972 онд БНМАУ, Япон улс хооронд дипломат харилцаа тогтсон.

1974 онд хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтсоноор боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагаа тодорхой хөтөлбөрүүдийг дагуу өрнөж, хөгжсөн. 1977 онд БНМАУ, Япон улс хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, 1990 онд Худалдааны хэлэлцээр, 1994 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээр, 1998-2010 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, 2015 онд “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээр, 2010-2022 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, 2022-2031 онд “Энх тайван, хөгжил, цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа зэрэг орно.

Монгол-Япон хоёр улсын харилцаа 1992 онд ардчилсан нийгмийн тогтолцоо,  зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэнээс хойш эрчимтэй сайжирч Япон улс Монгол Улсыг тууштай дэмжигч, гуравдагч хөрш орон болсон юм. Сүүлийн үед хоёр орны харилцаанд гарсан гол өөрчлөлт гэвэл хоёр улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” хэмээх шинэ шатны харилцаанд шилжсэн явдал юм. Учир нь Япон улс манай улстай Тусгай стратегийн түншлэлийн харилцаа бүхий анхны улс болсон юм. Мөн манай улс одоогийн байдлаар БНХАУ, ОХУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн, гуравдагч хөршүүд болох АНУ, БНЭУ, БНСУ-тай Стратегийн түншлэлийн харилцаатай байгаа. Үүнээс үзэхэд Монгол-Япон хоёр улсын харилцаа шинэ шатных болох нь илэрхий байна. Шинэ шатны харилцааны хүрээнд хоёр улс ойрын 10 жилийн хугацаанд дараах үндсэн дөрвөн чиглэлд хөгжүүлэхээр тохиролцсон. Тодруулбал, нэгдүгээрт, Улс төр, аюулгүй байдал. Хоёрдугаарт, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа. Гуравдугаарт, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо. Дөрөвдүгээрт, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн чиглэлүүд орно.

-Энэ удаагийн айлчлалаар ямар үр дүн гарах бол. Та энэ удаагийн айлчлалын үр дүнг хэрхэн таамаглаж байна?

-Энэ удаагийн айлчлалын үр дүнг дээр дурдсан “Тусгай стратегийн түншлэлийн харилцааны хөгжил”-ийн чиглэл бүрээр тодорхой алхмууд хийгдэх байх гэж таамаглаж байна. Тухайлбал, улс төр, аюулгүй байдлын хүрээнд өнөөдөр манай улсын ЗХЖШ-ын даргын урилгаар Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Жанжин штабын ерөнхий дарга манай улсад айлчлал хийж буй нь энэ чиглэлийн харилцаа идэвхтэй өрнөж буйн нэг илрэл юм. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх алхмууд хийгдэх байх. Тухайлбал, Япон улсын Засгийн газрын тусламжийн хүрээнд эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, Японы хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх, бизнес, эрх зүйн орчныг сайжруулах байх. “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцооны хүрээнд боловсон хүчин үргэлжлүүлэн бэлдэх, иргэд хоорондын харилцан солилцоо эрчимжиж, харилцаа улам ойртох хандлагатай байна. Мөн Монгол Улсын өрнүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх алхмууд хийгдэх болов уу гэж харж байна.

-Япон бол Монголын гуравдагч хөрш гэдэг. Тэр ч утгаараа Япон талаас манай улсад олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Хамгийн үр дүнтэй төсөл хөтөлбөрөөр ямар төслийг нэрлэх вэ?

-Өнөөг хүртэлх хугацаанд маш олон төсөл, хөтөлбөрүүд нийгмийн олон салбарт амжилттай хэрэгжиж ирсэн байдаг. Ерөнхийд нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн төсөл, хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд хэрэгжсэн төсөл гэж хоёр ангилж үр дүнг дүгнэсэн нь зохимжтой болов уу. Нийт үнийн дүнгийн хувьд 1977-2022 оны байдлаар Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт нийт 364 тэрбум 107 сая (364.107.000.000) иений буцалтгүй, хөнгөлөлттэй зээл  тусламж өгсөн байдаг. Үүний 182 тэрбум 944 сая (182.944.000.000) иен нь хөнгөлөлттэй зээл  тусламж ба эдгээр үнийн дүнд олон улсын байгууллагатай Японы Засгийн газар хамтран хэрэгжүүлсэн тусламжийн дүн ороогүй, үндсэн үзүүлэлт нь юм. Буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн хамгийн үр дүнтэй, ач холбогдолтой төсөл гэвэл автозам, гүүр, барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл, эрчим хүчний хангамжийг сайжруулахад чиглэсэн төслүүдийг нэрлэж болно. Эдгээр төсөл нь манай улсын дэд бүтэц, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын хамт тоног төхөөрөмж, материал, технологийн шинэчлэл авчирснаараа ач холбогдолтой юм. Үүнээс гадна “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал хангах хөтөлбөр”-ийг дурдах хэрэгтэй. Энэ хөтөлбөр манай улсад 1990 оноос хэрэгжиж эхэлсэн ба уг хөтөлбөрөөр эрүүл мэндийг хамгаалах (эмнэлгийн барилга барих, тоног төхөөрөмж нийлүүлэх), ерөнхий боловсролыг дэмжих (ерөнхий боловсролын сургуулийн барилгын засвар, тоног төхөөрөмж нийлүүлэх гэх мэт дэд бүтцийг шийдвэрлэх), ядуурлыг бууруулах (Зудын болон ой сав, тал газарт гарах гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх), олон нийтийн аж ахуйг сайжруулах (эмэгтэйчүүдийг чадваржуулах мэргэжлийн сургалтад хамруулах) байгаль орчныг хамгаалах (хог хаягдлыг бууруулах, ус, намгархаг газрыг хамгаалах)-д чиглэгдсэн ажлууд түлхүү хийгдэж ирсэн ба өдгөө 601 дахь төсөл амжилттай хэрэгжиж байна.

Хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд хэрэгжсэн төслийн хувьд MJEED 1000 инженер бэлтгэх төслийг нэрлэж болно. Энэхүү төслөөр богино хугацаанд инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багш, эрдэмтэн судлаач нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, судалгааны ажлууд амжилттай хэрэгжиж үр өгөөжөө өгсөөр байна. Үүнээс гадна боловсон хүчин бэлдэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн тухай дурдах хэрэгтэй гэж бодож байна. 1980 оноос Япон Улсын БСШУЯ-ны тэтгэлэгт хөтөлбөрт, 1991 оноос Япон сангийн тэтгэлэгт хөтөлбөр, 2001 оноос “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” (The Project for Human Resource Development Scholarship, JDS) өдгөө амжилттай хэрэгжсээр байна. Эдгээр хөтөлбөр нь Монгол улсын боловсон хүчин, хүний нөөцийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж буйгаараа ач холбогдолтой юм.

Мөн уг хөтөлбөрүүд нь хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг төлөөлөх, тогтвортой үргэлжилж буй урт хугацааны хөтөлбөр ба хоёр орны харилцаа ойртож сайжрахын хирээр нэмэгдэж буй хувь хүн, байгууллага, сангийн тэтгэлэгт хөтөлбөрүүд дээр дурдсан “Хүн” төвтэй хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоог эрчимжүүлэхэд хувь нэмэртэй болохыг мөн онцлон тэмдэглэмээр байна.

-Монгол Улс Японд харилцан ямар төсөл хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байдаг юм бол?

-Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад хэрэгжүүлсэн төсөл гээд онцлохоор зүйл одоогоор байхгүй байна. Харин Монгол Улсын Засгийн газраас баталж хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг Япон улсын Засгийн газар идэвхтэй дэмжиж туслалцаа үзүүлж ирсэн ба тусламж хүлээн авагч орны хувьд Монгол Улс маш идэвхтэй, сайн оролцож, үр дүнтэй хэрэгжүүлдэг гэж дүгнэж болох юм. Тухайлбал, Япон улсын бусад хөгжиж буй оронд хэрэгжүүлж буй Монгол Улсынхтай ижил зарим тусламжийн төсөл, хөтөлбөрийн үр дүнг харьцуулбал Монгол Улсынх үр дүн сайн гэх үнэлгээ гарсан байдаг.

-Япон Улс сүүлийн үед хойд Солонгост байгаа иргэдээ авчрах талаар хэлэлцээр хийж байгаа нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. 2012 онд Япон болон Хойд Солонгос, Монгол Улс гурвын хооронд хэлэлцээр хийж байсан гэдэг. Монголд дахь айлчлалыг үүнтэй холбоотой гэх таамаглал байна. Энэ тухай?

-Юуны өмнө энэ оны зургадугаар сарын эхээр Япон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ тухай мэдээлэл гарч эхэлсэн ба уг нийтлэлд Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Монгол Улс дахь албан ёсны айлчлал, мөн оны наймдугаар сарын эхний хагаст төлөвлөгдөж буй тухай мэдэгдсэн байсан. Уг нийтлэлд айлчлалын үеэр хөндөгдөх асуудлын нэгээр Хойд Солонгос улсад хулгайлагдсан Япон Улсын иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсаас хамтран ажиллах хүсэлт тавих асуудал гэж дурдсан байсан. Асуудлын ерөнхий дүр зургийг тоймловол дараах байдалтай болно. Үүнд:

♦ Япон улс 1970-1980-аад онд Хойд Солонгосын тусгай албаны ажилтнуудад нийт 17 иргэнээ алдсан гэж үздэг.  Хулгайлан авсан шалтгаан нь Хойд Солонгос улс өөрийн тагнуулын боловсон хүчинг бэлдэх, тагнуулын ажиллагаанд ашиглах зорилготой байсан гэж тайлбарладаг.

♦ Олон удаагийн оролдлого, хэлэлцээрийн үр дүнд 2002 онд 5 иргэнээ олж авсан. Үлдсэн 12 иргэний хувьд Хойд Солонгос тал дөрвөн иргэнийг улсынхаа хилээр орж ирээгүй хэмээн үгүйсгэдэг ба найман иргэнийг өвчин, осол, амиа хорлох гэх мэт шалтгаанаар нас барсан гэж тайлбарладаг тухай Япон улсын ГХЯ алба эх сурвалж мэдээлсэн байдаг.

♦ Японы Засгийн газар хулгайлагдсан 17 иргэнээс гадна Япон улсад оршин суудаг солонгос иргэд алга болж буй нь Хойд Солонгос улсад хулгайлагдсан байх магадлалыг үгүйсгэх аргагүй ба Хойд Солонгосын тал хангалттай тайлбар, нотлох баримт дэлгээгүй цагт өдгөөг хүртэлх бүх төрлийн хүн хулгайлах гэмт хэрэг оршин тогтносон хэвээр байна гэж үзэх байр сууриа хатуу баримтлахын хамт хохирогчдыг нэн даруй буцаах, үнэнийг тогтоох, хүн хулгайлах гэмт хэргийн эзнийг шилжүүлэн өгөхийг шаардаж уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх талаар чармайх болно гэдгээ мэдэгдсэн.

♦ Уг асуудал нь хүний эрх зөрчиж буй ноцтой асуудал болохоор зогсохгүй олон улсын шинжтэй юм. Учир нь Япон улсын эгүүлэн олж авсан хохирогч иргэдийн нотолж байгаагаар бол Өмнөд Солонгос, Тайланд, Румын, Ливан зэрэг улс орны иргэд Хойд Солонгос улсад мөн адил хулгайлагдан хүргэгдэн янз бүрийн зорилгоор ашиглагдаж эрх нь зөрчигдөж байх магадлал өндөр байгаа тухай мэдээлсэн юм. 2005 оны арван хоёр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей чуулганаар “Хойд Солонгосын хүний эрхийн байдал” хэмээх тогтоол анх удаагаа батлагдан  НҮБ-ын зүгээс Хойд Солонгост хандаж хүний эрхийн байдлаа сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллахыг шаардаж эхэлсэн юм.  Улмаар уг асуудал нь олон улсын хамтын нийгэмлэгийн тодорхой дэмжлэг аваад буй асуудал болох юм.

♦ Япон улс хулгайлагдсан иргэдийнхээ асуудлаар Хойд Солонгос улстай 2006 онд Бээжин, 2007 онд Ханой, Улаанбаатар, 2008 онд Бээжин, 2012 онд Улаанбаатар, 2014 онд Бээжин, Стокгольм зэрэг хотуудад удаа дараалан уулзалт хийж ирсэн боловч төдийлөн амжилтад хүрээгүй байна. 

Ерөнхий сайд Кишида Фүмиогийн энэ удаагийн айлчлалын хувьд Хойд Солонгос улстай түүхэн хугацааны уламжлалт харилцаатай Монгол улсаас зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүсэлт тавих магадлал өндөр юм. Учир нь манай улс урд өмнө зуучлагчийн үүрэг гүйцэтгэхдээ цаашид ч гэсэн зуучлагчийн байр сууринаас уг асуудлыг шийдвэрлэхэд Япон талтай хамтарч ажиллах тухай мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ЛХГВА ГАРАГ. № 151 (7395)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин