
Б.БОЛОР
Татварын ерөнхий газар дэвшилтэт технологид тулгуурлан хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулна гэж байгаа. Энэ талаар Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхантай ярилцлаа.
-Татварын ерөнхий газар ирэх дөрвөн жилийн стартеги төлөвлөгөөний хэрэгжилтэд нэлээд анхаарч ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд танай газрын үйл ажиллагаа юунд чиглэж байгаа вэ?
-Татварын ерөнхий газрын 2025-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний 4.1 дэх зорилтод “Орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан татварын албаны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, татвар төлөгчийн хууль тогтоомж сайн дураар даган мөрдөлтийг нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэ хүрээнд Эрсдэлийн удирдлагын газар татвар төлөгчийн эрсдэлийг үнэлэх арга зүйг шинэчлэн сайжруулахад анхаарч байгаа. Ингэснээр хууль даган мөрдөлт болон эрсдэлийн үнэлгээний үр дүнг татвар төлөгчид зөвлөн туслахын зэрэгцээ чиглүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, сайн дурын хууль даган мөрдөлтийг сайжруулахын тулд хуу хуулийн шинэчлэлээр татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинг шинээр тодорхойлон тусгасан. Үүгээр хууль даган мөрдөлт сайн татвар төлөгчийн татвар төлөх хугацааг хойшлуулахын сацуу урамшуулах тогтолцоо бүрдэж байгаа. Мөн хууль даган мөрдөлт хангалтгүй татвар төлөгчийг тайлангаа өөрөө залруулах, зөрчлөө арилгах боломжоор хангаж ажиллана.
Мэдээж хууль даган мөрдөлтийн түвшин тооцох шалгуур үзүүлэлтийг татварын бүртгэл, тайлагналт, төлөлт, хяналт шалгалтын мэдээлэлд үндэслэн сар, улирал, жилээр тооцож, цахим тайлангийн системээр дамжуулан татвар төлөгчид мэдээлэл хүргэнэ.
-Тэгвэл эрсдэлд суурилсан тайлан залруулалтыг хангуулахын тулд юу хийх вэ?
-Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын 2025 оны төлөвлөгөөнд бичил, жижиг сегментийн татвар төлөгчийн тоог өмнөх оноос хоёр дахин бууруулж төлөвлөсөн. Ингэхдээ эрсдэлийг тооцох шинэ загварыг нэвтрүүлж, үүссэн эрсдэлийн талаар татвар төлөгчид урьдчилан мэдэгдэнэ. Мэдээж тайланг залруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээллээр хангана. Тэгэхээр үр дүнгээр хяналт шалгалтыг хэрэгжүүлэхгүй гэсэн үг.
Татвар төлөгчид мэдэгдэл хүргүүлэх системийг шинээр хөгжүүлж ТУНС (татварын удирдлагын систем)-д нэвтрүүлэх ажил дуусаж байгаа. Үүнтэй уялдуулан эрсдэлийн шинэ загвараар эрсдэлтэй гэж үнэлэгдсэн татвар төлөгчид мэдэгдэл хүргэж тайланг залруулах ажлыг хийнэ. Ингэхдээ хоёр татварын албыг сонгон туршилтаар хэрэгжүүлнэ.
Мэдэгдлийг татварын албаны бичил, жижиг сегментийн татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчид ТУНС-ээр дамжуулан хүргүүлнэ. Эрсдэлийн удирдлагын газраас тухайн татвар төлөгчийн тайланг ямар шалгуураар эрсдэлтэй гэж үнэлсэн, тайланг хэрхэн залруулах талаар зөвлөмж мэдээллийг татварын улсын байцаагчид тухай бүр хүргүүлж ажиллана.
Үүний зэрэгцээ хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлэх, цуглуулах, ашиглах, солилцох, үнэн зөв байдлыг хангах, харьяа татварын албадыг удирдлага, арга зүйгээр хангах, татвар төлөгч тайлангийн мэдээллээ хөндлөнгийн мэдээллээс хэт зөрүүтэй ирүүлсэн бол тайлан залруулах чиглэлээр холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллана.
Түүнээс гадна хувь хүний хууль мөрдөлтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор харьяа татварын алба, татварын улсын байцаагч тухайн нутаг дэвсгэрт далд үйл ажиллагаа явуулж буй этгээдийн мэдээллийг цуглуулж, тандалт судалгаа хийнэ. Тиймээс хөндлөнгийн мэдээллийн санг баяжуулах шаардлагатай. Тус мэдээлэлд үндэслэн зөрүүтэй тайлагнасан татвар төлөгчийг тодорхойлон тайланг залруулах, үнэн зөв болгох чиглэлээр холбогдох нэгжтэй хамтарч ажиллана. Тухайлбал, цахим худалдаа эрхлэгч, зах, худалдааны төв болон бусад үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, урлаг, спортын үйл ажиллагаа эрхлэгч, сүлжээний бизнес эрхлэгчдийн мэдээллийг цуглуулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
-Цахим үндэстэн гэж байгаа энэ үед татвар төлөгчид хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Энэ талаар?
-Үйл ажиллагааны автоматжуулалтыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа. Татварын хяналт шалгалттай холбоотойгоор татвар төлөгч болон бусад байгууллагаас албан бичгээр ирүүлсэн хүсэлт, мэдээллийг бүртгэх, шийдвэрлэх ажиллагааг ТУНС-д бүрэн автоматжуулна. Ингэснээр хүсэлт ирүүлсэн татварын алба шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг тухай бүр, өгөгдлийн санд үүссэн хүсэлттэй холбоотой бүртгэл, шийдвэрлэлтийн мэдээллээр нэгтгэл судалгаа гаргах боломжтой болно. Хөгжүүлэлтийг өнгөрсөн оны гуравдугаар улиралд багтаан хийлгэж нэвтрүүлсэн байхаар ажиллаж байна.
Мөн татварын хяналт шалгалтад хамрагдсан татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээ болон хяналт шалгалтын зөрчлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж одоо тооцож буй загваруудын үр дүнг шалгаж, сайжруулах шинэчлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, эрсдэлийн үнэлгээний загварыг тодорхойлж, одоо тооцож буй ерөнхий эрсдэлийн загварыг сайжруулна гэсэн үг.
Түүнээс гадна нөхөн ногдуулалтын актыг баталгаажуулахдаа зөрчлийн дүнг хяналт шалгалтын зөрчил таамаглах загварын үр дүнтэй нийцэж буй байдлыг шалгах, анхааруулга өгөх программын хөгжүүлэлтийг ТУНС-д хийсэн байна.
-Хуулийн шинэчлэлээр НӨАТ-ын талаар ямар ажлууд хийгдэх вэ?
-НӨАТ-ын ногдлын хэмжээг бууруулах зорилгоор худалдан авалтын падаан /цахим төлбөрийн баримт/ авсан татвар төлөгчдийн судалгааг гаргах, цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх эрхийг хаах, хуурамч баримт худалдан авагч талд эрсдэлийн дохиог илгээх, хүчингүй болгох зэрэг эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авна. Энэ бол НӨАТ-ын хий бичилтийг таслан зогсоох чиглэлээр хийж байгаа ажил.
Түүнчлэн судалгаа шинжилгээний ажлыг орхигдуулж болохгүй. Үүний тулд ТЕГ-ын 2025-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний 2.1.3-т “Их өгөгдлийн сангийн мэдээлэлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтын түвшинг нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэ хүрээнд судалгаа шинжилгээний чиглэлээр энэ жил төсвийн орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотой бизнес эрхлэгчийн мөнгөн урсгал, татвар хураамжийг төсөвт төвлөрүүлэх боломжийн судалгаа хийж аймаг, нийслэл, дүүргийн татварын газарт хүргүүлэнэ. Мөн НӨАТ-ын зөрүүгийн шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна. Энэ нь НӨАТ-ын зөрүүгийн шинжилгээний дата мэдээлэл бэлтгэх, дата мэдээллийг цэвэрлэхэд чиглэж байгаа юм.
Нөгөөтээгүүр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах чиглэлээр дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, ААНОАТ, ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахад шаардлагатай судалгаа, мэдээллийг боловсруулж ТЕГ-т байгуулагдсан хуулийн ажлын хэсэг болон Сангийн яамны Татварын бодлогын газарт хүргүүлнэ. Монгол Улсын төсвийн тухай хууль, түүнийг дагасан татвартай холбоотой хууль тогтоомжийн төсөл боловсруулахад судалгаа мэдээлэл боловсруулж Сангийн яаманд хүргүүлнэ.
Түүнээс гадна бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн тухайн бүсийн бизнес эрхлэгчдийн судалгаа хийж, танилцуулга боловсруулан Сангийн яам болон Засгийн газрын холбогдох байгууллагад хүргүүлж байна. Үүнтэй зэрэгцээд статистик мэдээллийг олон нийтэд түгээх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа. Татварын статистик мэдээлэл боловсруулан татварын албаны цахим сайт /mta.gov.mn/ болон Засгийн газрын нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал /www.opendata.gov.mn/ цахим хуудсуудаар дамжуулан олон нийтэд түгээдэг. Татварын албаны их өгөгдлийн сангийн мэдээллийг ашиглан судалгаа, шинжилгээ хийхэд өгөгдлийн чанар болон нийцтэй бус байдал гэх мэт асуудлууд тулгардаг.
-Цаашид юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Нэн тэргүүнд татварын тайлан хүлээн авах үйл ажиллагааг эрчимжүүлэх, алдаатай тайланг шуурхай залруулах арга хэмжээ авах ёстой. Алдаатай тайлангаас шалтгаалан судалгаа хийхэд хүндрэл учирдаг. Хэдийгээр алдаатай тайланг гараар залруулах, судалгаанд ашиглагдаж буй мэдээллийг цэвэрлэх /data cleaning/ ажил хийгддэг боловч энэ нь судалгааны бодит байдал тэр дундаа үнэн зөв байдалд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг.
Нөгөөтээгүүр татварын өр хураах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр зарим ажлуудыг хийж байгаа. Тодруулбал, бизнес эрхлэгчийн мөнгөн урсгалыг шинжилж татварын өр хураах боломжтой хугацааг тодорхойлох судалгааг 2022 онд хийж харъяа татварын албадад хүргүүлж байсан. Энэ судалгааны дагуу татварын албад өөрсдөө судалгааны мэдээллийг жил бүр шинэчлэн өр хураах үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжтой. Гэвч уг ажил төдийлөн хийгдэхгүй байна. 2025 оны эхний хагас жилд багтааж ТЕГ-аас уг судалгааг дахин хийнэ. Цаашид татварын алба бие дааж хийх боломжтой энэ төрлийн судалгааг дахин хүргүүлэхгүй.
Судалгаагаар нийт татварын орлогын 30 гаруй хувийг иргэд төлдөг. Харин иргэдийн төлж буй татварын дүнд суутгуулан төлж буй татварын хэмжээ 90 гаруй хувийг эзэлж, өөрөө өөрийнхөө орлогыг тайлагнах асуудал хангалтгүй байна. Мөн төлбөрийн баримт олголт болон зах худалдааны төвд бизнес эрхлэгч иргэдийг бүртгэлжүүлэх асуудал хангалтгүй байна. Тиймээс цаашид бизнес эрхлэгч иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг түлхүү хийх шаардлагатай. Энэ бүхэн бизнес эрхлэгч иргэдийн татварын тайлагналын асуудлыг сайжруулахад анхаар ажиллах шаардлага тулгарсныг харуулж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 71 (7568)