Т.Анандпүрэв: Зарим байгалийн үзэсгэлэнт газар хамгаалагчгүйгээс болж устах дээрээ тулж байна

2024-08-05
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Их нартын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэвийг урилаа.

 

Байгаль хамгаалагч нарт эрхзүйн зохицуулалт чухал байна

Блиц:

Боловсрол:

2009-2013 онд Эко-Ази Байгаль орчны менежментийн дээд сургуулийг Байгаль хамгаалал, экологич мэргэжлээр бакалавр
2013-2015 онд Эко-Ази Байгаль орчны менежментийн дээд сургуулийг Хүрээлэн буй орчин судлалын ангийг “Аргаль хонины судалгааны үр дүнг хамгаалалт ашиглах нь” сэдвээр магистрын зэрэгтэй  төгссөн.

Ажлын түүх:

2006-2009 онд Их нартын БНГ-т Идэвхтэн байгаль хамгаалагч
2009-2011 онд Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын
газарт Их нартын БНГ-ын хариуцсан байгаль хамгаалагч
2011-2015 онд Нэгдсэн үндэсний байгууллагын “Тусгай хамгаалалттай
газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийн орон нутгийн зохицуулагч
2016-2018 онд Их нартын БНГ-ын хамгаалалтын захиргаанд Хуулийн
хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн
2019 оноос эхлэн Их нартын БНГ-ын хамгаалалтын захиргааны даргаар
ажиллаж байна.

-Монголчууд бидний ондоошил бол байгаль, ан амьтан ургамал.  Тэгвэл манай улсын нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, зөрчил дутагдлыг илрүүлж таслан зогсоох, хууль журмыг чанд сахиж биелүүлэхэд хяналт тавих зэрэг өргөн цар хүрээтэй ажлын тэргүүн шугамд ажилладаг хүмүүс бол байгаль хамгаалагчид юм. Байгаль хамгаалагчийг сайн дурын, орон тооны гэх зэргээр ангилдаг. Манай улсад байгаль хамгаалагчийг зөвхөн эргүүл хийдэг хүнээр төсөөлдөг. Гэвч олон улсад байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж буй бүх хүнийг хамруулж ойлгодог. Байгаль хамгаалагч нарт эрхзүйн асуудал хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Тодруулбал, Байгаль хамгаалагчийг төрийн албан хаагч гэж үзэн төрийн захиргааны хоёр болон ес дэх шатлалаар цалинжуулдаг. Төрийн албан хаагч болох учир заавал их дээд сургууль төгссөн байх шаардлагатай болдог. Гэвч их, дээд сургууль төгссөн залуус хөдөө ажиллах сонирхолгүй байдаг. Учир нь уулын мухарт, тав тухгүй, аюултай, хүнд нөхцөлд бага цалинтай ажиллахыг хэн хүсэх вэ дээ. Газар ус,нутаг орноо сайн мэддэг нутгийн хүнийг байгаль хамгаалагчаар ажилд авах гэхээр их, дээд сургууль төгсөөгүй байдаг. Эл шалтгааны улмаас улс даяар байгаль хамгаалах салбар хүний нөөцийн дутагдалтай болсон. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд нийт 692 байгаль хамгаалагч ажиллах ёстой боловч одоогоор аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 514 байгаль хамгаалагч ажиллаж байна. Бидний ажлын нөхцөл харьцангуй хүнд. Тиймээс нийгмийн байдал болон эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай байна.

 

Хүүхдүүд байгалийн ухааны мэргэжлийг сонгохгүй байна

-Дунд сургуулийн сурагчид биологийн ямар ч мэдлэггүй төгсөж байна. Тиймээс биологиор мэргэжил эзэмших сэдэлгүй байна гэж их сургуулийн багш нар ярьдаг. Байгалийн ухааны мэргэжил буюу байгаль хамгаалал, экологийн чиглэлээр сурах хүүхдийн тоо жил ирэх тусам буурч байна. Тодруулбал, МУИС болон МУБИС-ийн биологи, амьтан хамгаалах, судлах чиглэлийн мэргэжлээр сурах оюутан байхгүй болсон. Өнгөрсөн жил МУИС-ийн биологийн анги нэг сурагчтай байсан. Харин хүүхдүүд IT инженер, хуульч, уул уурхай зэрэг мэргэжлийг ихээр эзэмшиж байна. Тухайн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх гээд сургалтын төлбөргүй болгодог арга бол үр дүнгүй. Харин дунд сургуулийн биологийн хичээлийн программыг сайжруулах, үр дагавар, ач холбогдлыг нь таниулах хэрэгтэй. Манай Их нартын нөөц газар аялал жуулчлалын мэргэжилтэн шаардлагатай байгаа. Гэтэл орон нутагт ажиллах хүн олдохгүй байна. Ажилтан авлаа гэхэд яг нэг сар ажиллаад л яг хажуугийн уурхайд ажилд орчихдог. Тиймээс байгаль хамгаалагчдын ажлын байрны эрсдэлийг бууруулах, ажил мэргэжлийн ахиж дэвших боломж, гэр бүлийн амьжиргаа, хүүхдийн сурах нөхцлийг бүрдүүлэх, байгаль хамгаалагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн бусад салбар байгаль хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх нь чухал байна.

Сонирхуулахад манай Их нартын байгалийн нөөц газраас дунд сургуулийн хүүхдүүдийн биологийн хичээлийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч жил бүр сурагчдын байгаль орчинтой танилцах аяллыг зохион байгуулж байна. Энэ аялал маань өргөжин Дундговь аймгийн сумын сургуулийн хүүхдүүд ч хамрагдах болсон.

 

Уул уурхайн компаниуд болон төмөр зам нь амьтдын нүүдэлд саад болж байна

 

-Манай Их нартын тусгай хамгаалалтын газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг гэх хоёр сумын нутгийг хамардаг. Гэтэл Даланжаргалан сум нь улсын хэмжээнд хамгийн их буюу 90 гаруй лицензтэй. Улсын тусгай хамгаалалттай газрыг тойроод уул уурхайн лиценз олгогдсон байдаг. Үүнээс үүдэж зэрлэг амьтдын нүүдэл, тархацыг сайжруулж хилийн цэгийг нь өргөтгөх боломжгүй болдог. Тодруулбал, аргаль, тас шувуу, хар сүүлт зэргийн тархацын мэдээлэл нь хилийн гадна харагдаад байдаг. Тиймээс хилийг нь өргөтгөж тухайн нутгийг тусгай хамгаалалтад авах гэхээр лиценз олгосон байдаг. Мөн уул уурхайн ачаа тээврийн машин, төмөр замаас болж амьтадын нүүдэл, шилжилт хөдөлгөөн сүүлийн үед хумигдах болсон. Жишээлбэл, Өмнөговь, Дорноговийг холбосон төмөр замаас болж хар сүүлт, хулан их хэмжээгээр хойд сумд руу түрж орж ирж байна. Төхөөрөмжид манай сумын нутагт эдгээр амьтдын төрөл зүйл өсөөд байгаа мэт харагдах боловч нөгөө талдаа Хатанбулаг зэрэг урьд сумдад байхгүй болсон байдаг. Мөн аргаль өвлийн цагт нүүдэллээд урин дулаан болохоор эргэж ирдэг. Гэвч ирэх гэхээр уул уурхайн ачаа тээврийн машины хөдөлгөөнөөс болж ирж чадахгүй байгааг судалгаагаар тогтоосон. Манай улсын зам тээврийн салбар одоо л хөгжиж байна. Шинэ бүтээн байгуулалтууд ихээр хийгдэж байна. Тэгвэл анхнаасаа зэрлэг амьтдыг гарц болон нүхэн гүүр хангалттай барих ёстой байна. Үгүй бол 1950-иад оны үед баригдсан босоо чиглэлийн төмөр шиг аюул тарихаар байна. Тодруулбал, Босоо тэнхлэгийн төмөр зам дагуу сүүлийн таван жил цагаан зээрийн хорогдол аюулын хэмжээнд очсон. Жилд 3-10 мянган зээр өргөстэй торонд өлгөгдөж үхэж байна. Цагаан зээр дуу чимээнээс дайжиж зугтаадаг амьтан. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөөс болж төв суурин газар руу өвлийн цагт ихээр орж ирж байна. Ингээд өвс ихтэй төмөр замын тор луу ордог. Галт тэрэг ирэх үед цочиж буцаж харайхдаа өлгөгдөж үхдэг. Өнгөрсөн жил судалгаа хийхэд 50км-ийн дотор 198 цагаан зээр үхсэн байсан. Эдгээрийн 90 хувь нь өргөст торны дотроос гадагш харайхдаа торонд өлгөгдсөн байсан. Тиймээс одоо шинээр баригдаж буй төмөр замуудад амьтны зорчих нүх, гарцын тоог нэмэх хэрэгтэй.

 

Амьтан ажиглах аяллыг хөгжүүлэхдээ болгоомжтой хандах ёстой

 

-Сүүлийн жилүүдэд жуулчид амьтан ажиглах аяллыг ихээр сонирхох болсон. Өмнөговь аймагт энэ төрлийн аялал нилээн хөгжиж байна. Манай Их нартын байгалийн нөөц газар ч бас энэ төрлийн аялал зохион байгуулах боломжтой. Учир нь манай улсын аргаль, янгирын сүрэг хамгийн ихээр нутагладаг газар бол Дорноговь аймгийн Даланжаргалан сум. Тиймээс аргалийн сүргийг хамгийн ойроос харах боломжтой гэдгээрээ онцлог. Гэхдээ тусгай сонирхлын буюу хязгаартайгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй. Үгүй бол массын аялал жуулчлалыг хөгжүүлснээр нөөц газрууд сүйдэх эрсдэлтэй. Тодруулбал, Орхоны хөндий, Улаагчийн хар нуур, Хэнтий зэрэг аймгийн түүхэн дурсгалт газрууд болон нөөц газруудад массын аялал жуулчлал хөгжиж, хүний хөдөлгөөн ихэссэнээс болж зарим төрлийн амьтад дайжиж, ховордож байгаль орчин сүйдэж байна. Хангайд бол тусгай хамгаалалттай газар нэг уулын амаар ордог. Үүнд нь пост буюу орох, гарах цэгийг нь бий болгож хяналт тавьж болдог. Харин говь бол тал хээрийн бүс учир хяналт тавих боломжгүй. Тиймээс аялал жуулчлалыг эхнээс нь зөв зохион байгуулалттайгаар хийх ёстой.

Улсын тусгай хамгаалалттай газрыг дархан цаазат, нөөц, дурсгалт, цогцолбор газар гэж дөрөв ангилдаг. Дархан цаазат газар, Цогцолбор газрыг Байгаль орчны яамнаас хамгаалалтын захиргаа байгуулж хамгаалж явдаг. Харин дурсгалт болон нөөц газрыг орон нутаг хамгаалах ёстой гэж тусгасан байдаг. Гэвч орон нутгийн хамгаалалтад байгаа газрууд ямар ч хамгаалалтгүй байсаар ирсэн. Орон нутаг нөөц газраа хариуцна гэсэн бол төртэй хамтарч хамгаалалтын захиргаа байгуулж түүнийгээ санхүүжүүлж болдог. Тодруулбал, Төр хувийн хэвшлийн гэрээ байгуулж, төрийн бус байгууллага нь хамгаалалтын ажлаа хариуцаж ажиллаж болдог. Энэ жишгээр 2012 оноос Их нартын байгалийн нөөц газрыг хамгаалахаар болж 2014 онд улсдаа анх удаа хамгаалалтын захиргааг байгуулж байсан. Ингэхдээ Их нартын байгалийн нөөц газрыг хамгаалах Төрийн бус байгууллага байгуулж, орон нутаг болон төртэй хамтарч хамгаалахаар тохирсон.

Энэ туршлагыг бусад аймгууд авч хэрэгжүүлэн таван тусгай хамгаалалттай газар хамгаалалтын захиргаатай болсон. Ингэснээр байгаль орчин сүйдэхгүй байж ховордсон ан амьтныг хамгаалах нөхцөл бүрддэг. Байгалийн нөөц газар нь биологийн нөөц газар. Ховор, ховордсон ургамал, амьтныг хамгаалах, тэдгээрийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Тэгвэл зөвхөн Дорноговь аймагт Өргөний Уул, Загийн ус гэх зэрэг байгалийн нөөц газрууд бий. Орон тооны байгаль хамгаалагчгүй, цалингүй төсөвгүй учир эдгээр газрууд одоог хүртэл ямар ч хамгаалалтгүй байна. Үүнээс болж сүйдэж байгаа. Тиймээс бусад байгалийн нөөц болон дурсгалт газрыг хамтарсан хамгаалалтын захиргаа байгуулж хамгаалах нь зүйтэй. Ингэснээр тухайн бүс нутаг сүйдэх, ан амьтад дайжих зэрэг асуудал үгүй болно. Хамгаалалтгүйгээс болж зарим байгалийн сайхан газрууд устах дээрээ тулж байна шүү дээ.

Мөн байгалийн нөөц газруудаа түшиглэн аялал жуулчлал явуулж хуульд олгогдсон эрхийнхээ дагуу орлого олоод явах боломжтой. Үүнийг манай Их нартын байгаль хамгааллын газар хийхээр төлөвлөөд явж байна. Ингэснээр ойрын таван жилдээ өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах боломж бүрдэнэ. Мөн биологийн төрөл зүйлээ хамгаалж байгаа учраас сүүлийн жилүүдэд төрөл зүйл нь нэмэгдэж байна. Хоёр жилийн өмнө Их нартын байгалийн нөөц газар цоохор ирвэс нутаглах болсон. Үүнийг хөдөлгөөн мэдэрдэг камер болон төхөөрөмжийн тусламжтайгаар мэдсэн. Хамгаалж бас аялал жуулчлал явуулж чадвал тусгай хамгаалалтын газар өөрийгөө санхүүжүүлэх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 149 (7393)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин