Улаан тугийн одонт Буриадын тусгай морин бригад

2024-07-31
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Д.Баяртогтох

 

Түүхийн ухааны доктор (PhD)

Буриад-Монголын Автономит Зөвлөлт Социалист Улсын удирдлагын санаачилгаар Сибирийн Цэргийн тойргийн удирдлага хамтран 1924 оны есдүгээр сард Дээд үд хотод бага тушаалын дарга нарт зориулсан морин цэргийн сургууль нээх зохион байгуулалтын ажил эхлүүлсэн. ЗСБНХУ-ын Хувьсгалт Цэргийн зөвлөлийн дарга М.В.Фрунзегийн 1924 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн №1545-р тушаалаар Буриадын морин сургуулийн удирдах бүрэлдэхүүнийг томилж, Кубаны 5-р тусгай бригадын биеэ даасан сургалт-байлдааны нэгж болж байгуулагдсан. Сургалт буриад хэл дээр явагдаж байв. Морин цэргийн ба пулементын хэсгийн 75 залуус нь сургуулийн анхны сонсогч нар болжээ.

Кубаны 5-р тусгай морин бригадын командлагч К.К.Рокосовскийн удирдлагын дор 1925 оны арваннэгдүгээр сарын 15-д сонсогч нарын анхны төгсөлт болсноор нийт 50 бага тушаалын дарга нар төгсөж, 25 нь янз бүрийн шалтгаанаар сургуулиас хасагдсан байна. Анхны буриад-цэргийн дарга нарын төгсөлт нь тус улсын хувьд чухал үйл явдал болсон. Буриад-Монголын Автономит Зөвлөлт Социалист Улсын Сайд Нарын Зөвлөлийн мэндчилгээнд буриад-монголын үндэсний цэргийн анги нэгдэл байгуулагдах бат бэх суурь тавигдлаа хэмээн тэмдэглэжээ. 1925 оны 11-12 дугаар сард улсын анхны бүх нийтийн хугацаат цэргийн албаны татлага эхэлсэн байна. 1926 оны нэгдүгээр сард цэргийн албанд татагдагсад болон бага дарга нарын сургууль төгсөгчдөөс бүрдсэн анхны үндэсний цэргийн анги болох Буриад-Монголын тусгай морин эскадрон байгуулагджээ.

1924-1926 онуудад Буриадын морин цэргийн сургууль ба эскадрон нь Сибирийн цэргийн тойрогт цэргийн болон улс төрийн бэлтгэлээрээ толгой цохиж байлаа. Морин дээр төрж өссөн буриадууд Байгалийн чанадын цэргийн бүлэглэлийн морин спортын тэмцээнүүдэд удаа дараа түрүүлж байв.

Буриад-Монголын морин дивиз.

1927 оын арванхоёрдугаар сарын 1-ээс Буриадын морин эскадрон ба Буриадын морин цэргийн сургууль нь нэгдэж, хоёр сэлэмт эскадрон, пулеметны салаа, холбооны салаанаас бүрдсэн Буриад-Монголын тусгай морин дивиз болон өргөжсөн. Энэ нь сургууль, эскадроны нийт бүрэлдэхүүн, удирдлага, БМАЗСУ-ын Засгийн Газрын хүчин чармайлтын үр дүнд бий болсон үнэхээр том амжилт байсан бөгөөд учир нь Сибирь, Якут, Алс Дорнодын нутагт өөр үндэсний цэргийн нэгтгэл байгуулагдаагүй байна. Дивизийн захирагчаар 5-р бригадын 75-р морьт хорооны даргын туслах Бусыгин Леонид Андреевич, комиссараар Кобелев Павел Прокопьевич, штабын даргаар Замянин Николай Дмитриевич нар томилогджээ. Нийт бүрэлдэхүүн нь 356 хүнтэй байсан ба буриад хэл дээр “Морито Цирик” нэртэй ханын сонин гаргадаг байв.

Буриадын морин дивиз нь Дорнод Хятадын төмөр зам дагуу болсон байлдааны үйл ажиллагаанд оролцож, эр зориг, байлдааны ур чадвараа харуулсан бөгөөд зөвхөн нэг удаагийн байлдааныг дурдахад, 1929 оны арваннэгдүгээр сарын 19-ны Жалайнуур-Манжуурын операцид хэд дахин давуу хүчтэй дайсныг довтолж, гардан тулаанд 400 гаруй дайсныг устгаж, 500 орчим цэрэг, офицерыг олзлон, олон тооны техник, зэвсэг олзолж авчээ. 1930 оны нэгдүгээр сарын 1-ны өдрийн ЗСБНХУ-ын Бүх Оросын Гүйцэтгэх төв хорооны тогтоолоор таван анги, нэгтгэл, үүний дотор Буриад-Монголын тусгай морин дивиз нь Хувьсгалын хүндэт улаан тугаар шагнагдсан юм. Дивизийн 14 дайчид Улаан тугийн одонгоор шагнагджээ.

1932 оны 8-10 сарын хооронд  Буриадын морин дивиз өргөжин Буриад-Монголын тусгай морин хороо байгуулагдсан. Алар, Бохан, Түнх, Хиагт, Сэлэнгэ, Аги, Кабанск, Хори аймгуудаас бие бүрэлдэхүүнээ бүрдүүлэв. Хороо нь дөрвөн сэлэмт эскадрон, пулеметны эскадрон, 76-мм их буутай артиллерийн батарей, холбооны хагас эскадрон, саперын салаа, химийн салаа ба бага тушаалын дарга бэлдэх хорооны сургуулиас бүрджээ. Хорооны бүрэлдэхүүнд дунд тушаалын 81 дарга, бага тушаалын 94 дарга, байлдагч 223 байлаа. Хороон даргаар Михаил Илларионович Кундо томилогджээ. Буриадын морин хорооны амжилт нь Буриад Улсын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Буриадын залуучууд үндэсний морин хороонд алба хаахыг хичээж, олон тооны комсомолын удирдагч нар сайн дураар ийшээ алба хаахаар ирж байлаа. Хорооны бүрэлдэхүүн морин спортын тэмцээнүүдэд оролцон тэргүүн байр удаа дараа эзэлж байснаас дурдвал, эскадроны дарга ахлах дэслэгч О.Шагдыров Ленинградын цэргийн тойргийн сэлмээр цавчих тэмцээнд тэргүүн байр эзэлж, нөгөө эскадроны дарга ахлах дэслэгч А.Ф. Балтуев Алс Дорнодын цэргийн тойргийн морин спортын тэмцээнд нэг бус удаа шагналт байранд орсон.

1936 оны гуравдугаар сард Ажилчин Тариачны Улаан Армийн Жанжин штабын удирдамжаар Буриадын морин хороо нь Улаан тугийн одонт Буриад-Монголын тусгай морин бригад болон өргөжcөн. Бригад нь бүрэлдэхүүндээ 11, 12 дугаар морин хороотой, бага тушаалын дарга нарын сургуультай, бэлтгэл хороо, хуягт машины эскадрон, саперын эскадрон, холбооны болон комендантын эскадронтой байв. Хороо тус бүр нь дөрвөн эскадроноос бүрдсэн, пулеметны эскадрон, саперын ба химийн салаа, 76-мм их бууны батарейтай байлаа. Бригад 1936 оны долоодугаар сарын 27-нд бүрэлдэхүүнээ хангаснаас буриадууд дарга нарын 44 хувь, улс төрийн ажилтануудын 84 хувь, байлдагчдын 60 хувийг эзэлж байв. 1937 оны арванхоёрдугаар сарын 12-нд Буриадын морин бригад 2 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй байжээ. 1938 оны зургаадугаар сарын 1-ээс “Улаан тугийн одонт Алс Дорнодын 5-р тусгай морин бригад” болон хувирч, механикжуулсан морьт артиллерийн дивиз болсон.

1939 оны байдлаар Улаан армийн бүрэлдэхүүнд байлдааны техник түлхүү хэрэглэж ирснээр морин нэгтгэлүүдийн тоог цөөрүүлж, цомхотгосон бөгөөд 1939 оны аравдугаар сарын 4-ны Батлах хамгаалахын Ардын Комиссариатын №443-р удирдамжаар тус Улаан тугийн одонт Алс Дорнодын 5.р тусгай морин бригад нь татан буугдаж, Байлдааны гавъяаны улаан тугнууд нь Москвад мөнхөд хадгалах болсон байна.

Харин Буриадын морин бригадын алдар гавъяа үргэлжилсээр байлаа. Тус бригадын цэрэг, дайчид, офицерууд Улаан армийн Баруун Украин, Баруун Белорусс руу руу хийсэн аян, Халх голын дайн, Хасан нуурын тулаан, 1939-1940 оны зөвлөлт-финны дайнд оролцжээ.

1939 оны Халх голын дайнд Буриад Улсаас 15 мянга илүү дайчид татагдахад тэдний тоонд Буриадын морин бригадад алба хааж байсан бие бүрэлдэхүүн хамрагдсан. БНМАУ-ын бүрэн эрх байдлын төлөө амь биеэ хайрлахгүй дайтаж  байсан зөвлөлтийн дайчдын гавьяаг эх орон нь өндрөөр үнэлснээс заримыг дурдвал, Буриадын морин бригадын тусгай хуягт эскадроны дарга байсан ахмад Ф.А.Бичук, тагнуулч А.М.Хохлов нар Лениний одонгоор шагнагдсан. Улаан тугийн одонгоор бага дарга У.Ш.Раднаев, улс төрийн удирдагч А.М.Мараханов, пулеметын салааны дарга дэслэгч П.Е.Синьтуев, салааны дарга дэслэгч И.Л.Турунтаев, бага дарга В.А.Сидякин, Б.О.Борисов, И.И.Игумнов, Н.Н.Колодо, И.П.Перевалов, Н.И.Клочихин нар шагнагджээ. БНМАУ-ын Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор Н.А.Хамаганов, Б.Э.Тыхеев нар болон бусад олон дайчид шагнагдсан.

ЗХУ-ын Баатар И.В.Балдынов

Буриадын морин бригадиас олон тооны өндөр албан тушаалтай офицерууд болох генерал, хурандаа, ЗХУ-ын Баатар, Социалист хөдөлмөрийн Баатар цолтонууд төрж гарсан. Үүнд:

• Гвардийн дэслэгч генерал Н.Ф.Лебеденко, ЗХУ-ын Баатар. Буриадын морин хороо, Буриадын морин дивизийн захирагч байсан.

• Дэслэгч генерал К.Е.Сеськин, 1933 онд Буриадын морин дивизийн морин цэргийн сургууль төгсөөд пулеметны салааны дарга, дэслэгч цолтой алба хааж байсан.

• Агаарын цэргийн дэслэгч генерал П.П.Кобелев, 1927 онд Буриадын морин дивизийн комиссарын алба хааж байсан, Дорнод Хятадын төмөр замын байлдааны ажиллагаа, Аугаа Их Эх орны дайнд оролцогч.

• Хошууч генерал, ЗХУ-ын Баатар И.В.Балдынов, Буриадын морин бригадын салаан дарга, хорооны штабын даргын туслах, штабын дарга

• Хошууч генерал П.С.Иванов, Буриадын морин хорооны дарга, Буриадын морин дивизийн дарга

• Арын албаны хошууч генерал И.И.Дударев, Буриадын морин сургуулийн дарга, эскадроны дарга

• Гвардийн хошууч генерал М.Д.Ягодин, Буриадын морин бригадын хороон дарга, Аугаа Их Эх орны дайнд оролцогч

• Хошууч генерал И.А.Данилов, Дорнод Хятадын төмөр замын байлдааны ажиллагаанд оролцогч, Буриадын морин бригадын 130 дугаар бэлтгэл хорооны дарга

• Хошууч генерал И.О.Тукеев, Буриадын морин сургуулийн төгсөгч

Буриадын морин бригадын алдартануудыг дурдахад нилээн олон хуудас болох тул ингээд өндөрлөе. Буриадын морин бригадын түүх бол буриадын ард түмний мөнхөд дурсагдах бахархал, алдрын гавъяаны нэгэн хэсэг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 146 (7390)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин