Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ”-гийн зочноор Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очирыг урилаа. Түүнтэй “Монголын эдийн засгийн чуулган-2024” арга хэмжээний үеэр ярилцсан юм.
-Эдийн засаг сэргэлт ямар түвшинд байгаа вэ. Сэргэлт инфляц өсөхөд нөлөөлөх хандлага байдаг шүү дээ?
-Манай улсын эдийн засаг сэргэлтийн үе дээр явж байгаа. Энэ удаагийн сэргэлт нийгэм, эдийн засгийн үзүүлэлт сөрөг нөлөө бага үзүүлж байгаагаараа онцлог. Одоогоор эдийн засаг 7.8 хувьтай байгаа. Гэхдээ өнгөрсөн өвөл, хаврын зудын хүндрэлийг хасаж тооцвол энэ ондоо 6-5 хувин өсөлттэй байхаар ажиглагаж байна. Нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг дагаа инфляц өсөх хандлага бий. Одоогоор 5.7 хувьтай байгаа инфляц эдийн засгийн сэргэлтийг дагаж тодорхой хэмжээнд хэлбэлзэх ч гэсэн 7-7.5 хувиас давахгүй юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа. Мэдээж уул уурхайн орлого, банкуудын ногоон санхүүжилт, гадаад зах зээл дээр гаргаж байгаа бондууд гээд валютын орох урсгал нэмэгдэх хэрээр нөөцийн хэмжээ 4.8-5.2 тэрбумд барьж байна. Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байлгахад нөлөөлж байгаа гэж болно. Түүнчлэн макро эдийн засгийн үзүүлэлт ч нэн таатай байгаа. Тэгэхээр бид эдийн засгийн сэргэлтийг хэрхэн тогтвортой хадгалах вэ. Үүнд шаардлагатай бодлогыг оновчтой тодорхойлоход анхаарч ажиллаж байна.
-Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ хоёр удаагийн хурлаар нэг, нэг пунктээр бууруулсан. Энэ нь инфляцыг 6+-2 хувь байх тохируулга гэж ойлгож байгаа. Цаашид бодлогын хүү буурах уу?
-Инфляц өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 5.7 хувь байсан. Төвбанк инфляцийг 6+-2 хувьд барихаар зорьж байгаа. Тэгэхээр энэ зорилтыг биелүүлэх бодлогыг цаашид гурван жил үргэлжлэхээр хийж байгаа учраас ирээдүйд инфляц тогтвортой байхад одоогийн бодлого чиглэж байна. Мөнгөний бодлогын хүү 11 орчим хувь дээр байхад инфляц 7-7.5 хувиас хэтрэхгүй байх тооцоолол бий. Энэ бол одоогийн нөхцөл байдалд хамааралтай. Гэхдээ макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөх учраас бид мэдээллээ нээлттэй өгч байгаа.
Төсвийн гүйцэтгэл өмнөх жилүүдээс нэлээд өсөлттэй байгаа. Цалин, тэтгэврийн өсөлт болоод хэрэглээний зээлийн эрэлт огцом нэмэгдэж байгаа нь макро эдийн засгийн нөлөө юм шүү дээ. Энэ нь инфляц болон төлбөрийн тэнцэлдээ тодорхой хугацааны дараа дарамт болж орж ирдэг. Тэгэхээр энэ нөлөөллийн давалгааг өнгөрөх хүртэл мөнгөний бодлогын хүүг хатуу барих шаардлага үүсэж байгаа юм. Магадгүй цалин, тэтгэврийн өсөлт инфляцид дарамт учруулах нөлөөг хүмүүс төдийлөн анзаарахгүй байх. Гэтэл импорт 27 хувийн өсөлттэй байхад экспорт хоёр хувиар өссөн байгаа юм. Ингэхдээ импортын бүтцийг нь харвал хэрэглээний бараа бүтээгдэхүүн давамгай орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хэрэглээний худалдан авалт нэмэгдэхдээ импортын бараанд зарцуулагдаж байгаа нь валютын урсгал гадагшилж байгаагийн илрэл. Тэгэхээр энэ хоёрын харьцааны улмаас худалдааны ашиг багасаж байгаа юм. Энэ нь төлбөрийн тэнцэл дээр ачаалал нэмж байгаа хэлбэр л дээ. Тиймээс үүнийг даван туултал зээлийн хэт өсөлтийг хумих хэрэгцээ шаардлага бий.
Нөгөөтээгүүр, төсвийн хэрэглээгээр дамжиж байгаа суваг дотоодын инфляцид нөлөөлөх судалгаа бий. Энэ бол өмнөх жилүүдээс хугацааны хувьд хожуу орж ирэх магадлалтай. Тухайлбал, энэ намар болон өвөл ачаалал ирэх хандлага бий. Ялангуяа төрийн байгууллагын цалингийн өсөлтийг дагаад хувийн хэвшлийнхний цалин тодорхой түвшинд өссөн. Тиймээс л энэ бүхний нөлөө ирэх намар, өвөл харагдах болов уу гэсэн хүлээлт байгаа учраас бодлогын хүүг чанга байлгах нь зүйтэй гэж үзэж байна.
Нүүрсний экспортын биет хэмжээ 27 хувиар өсөж байгаа ч орлогод дорвитой нөлөө үзүүлэхгүй байгаа нь үнэтэй холбоотой. Учир нь одоогийн борлуулж байгаа экспортын нүүрсний үнэ 25-26 хувиар унасан байна. Тэгэхээр энэ гарч байгаа биет хэмжээ одоогийнх шигээ яваад байвал төлбөрийн тэнцэл дээр орж ирэх дарамтыг бууруулах бололцоо үүснэ. Тиймээс энэ нөхцөл байдлаа харж байгаа бодлогын дараагийн алхамаа тодорхойлох юм.
-Хэрэглээний зээлийн өсөлт төлбөрийн тэнцэлд дарамт учруулна гэж үзэж байгаа учраас хумих бодлого баримталж байна гэж ойлгож болох уу. Та дээр хальт дурдаад өнгөрлөө?
-Өнгөрсөн нэгдүгээр сард хэрэглээний зээлийг хумих шийдвэр гаргаж байсан. Тухайн үед тэтгэвэр нэмэгдсэнтэй холбоотой энэ төрлийн зээлийн эрэлт өссөн. Тэгэхээр тэтгэврийн зээлийг хязгаарлах шаардлага үүссэн. Өр, орлогын харьцааг 2019 онд 70 хувь гэж тогтоож байсан бол үүнийг бууруулж 60 хувьд хүргэсэн байсныг энэ сарын 5-нд 55 хувь болгон шинэчилж тогтоосон. Өөрөөр хэлбэл, тухайн хүн 2.5 сая төгрөгийн орлоготой гэж тооцвол үүний 1.4 орчим сая төгрөг нь хэрэглээний зээлд зарцуулагдах боломжтой гэсэн үг л дээ. Яагаад гэвэл импортын өсөлтийн дийлэнх хувийг хэрэглээний импорт эзэлж байна. Үүнийг санхүүжүүлэгч нь цалин, тэтгэврийн өсөлтөөс гадна хэрэглээний зээлийн нөлөө байгаа юм. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэлийн ачааллыг бууруулахын тулд хэрэглээний зээлийг хумих шаардлагатай болсон. Ингэснээр валютын нөөцийг бууруулахгүй байхын зэрэгцээ ханш тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. Үүгээр дамжаад инфляцыг тогтвортой байлгах боломж бүрдэнэ. Хэрэв энэ бодлого бодитоор хэрэгжвэл энэ намраас мөнгөний бодлогын хүүг сулруулах орон зай бий болох юм шүү дээ. Бодлогын хүү сулрахаар хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих боломж бүрдэнэ. Хэдийгээр хэрэглээний зээл тодорхой түвшинд хумигдах хандлага байгаа ч хувийн хэвшлээ дэмжих бодлого үргэлжилнэ гэж өөдрөгөөр харж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 141 (7385)