Монгол Улс Европын холбооны Ази дахь “үнэ цэнтэй түнш”

2024-07-24
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор  Д.Уламбаяр

 

I. Европын Холбоо-Монгол Улсын «гуравдагч хөрш», чухаг түнш болох нь

Олон улсын харилцаан дахь улс төрийн шинэ сэтгэлгээны үр нөлөө 1989 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улс, ЕЭЗХН буюу өнөөгийн Европын холбоотой дипломат харилцаа тогтоох бололцоог олгожээ. Дипломат яриа хэлэлцээ 1988 оны сүүлчээс Лондонд эхэлж, Бээжин хотноо үргэлжиж, ийнхүү бодит биеллээ олсон байна.

 Монгол Улс үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн, олон тулгуурт, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого явуулсан нь Өрнө, Дорнын олон улс орнуудтай түншлэлийн цоо шинэ харилцааг буй болгов. Европын холбоо Монгол дахь ардчилсан өөрчлөлтийн үйл явцыг анхнаас нь тууштай дэмжсэн юм.  Дэлхийд эзэлж буй байр суурь, гүйцэтгэж буй үүрэг нь улам бүр өсөн нэмэгдэж буй Европын холбоотой Монгол Улс улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа  хөгжүүлж ирсэн нь Монгол  Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, хөгжил дэвшилд бүрэн нийсэн юм. Европын холбооны  интеграци улс төр, худалдаа, эдийн засаг, валют-санхүү, технологийн нэгдмэл зах зээлийн хувьд улам гүнзгийрч, нөгөө талаас Монгол, Европын холбооны хооронд харилцаа, хамтын ажиллагааг нэгэнт бий болсон улс төр, эрхзүйн үндсэн дээр бодитойгоор хөгжүүлэх эрх ашгийг удирдлага болгон Бельгийн Вант улс болон Европын холбооны төв болох Брюссельд байнгын ЭСЯ ажиллуулахаар Монгол Улсын Засгийн газар 1992 оны гуравдугаар сард шийдвэрлэж, мөн оны наймдугаар сард ЭСЯ-аа нээжээ. 1990-ээд оноос буй болсон Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлогын үзэл санаа эдүгээ албан ёсны төрийн бодлого болж, тухайлсан онол-практикийн түвшний судалгааны шинэ чиглэл болов.

2011 оны “Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 14.2-т «АНУ, Япон, Европын Холбоо... зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх»-ээр анх удаа бодлогын хэмжээнд заажээ.

Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын тэргүүлэх, нээлттэй чиглэл нь өндөр хөгжилтэй, ардчилсан улсуудтай түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэх явдал бол дагалдах, далд чиглэл нь “зөөлөн тэнцвэржүүлэхүйн” бодлого юм. Энэ бол “гуравдагч хөрш”-ийн бодлогын гол хэв шинж гэж хэлж болох юм. Монгол Улс өөрийн хүрээлэн буй геополитикийн орчинд «гуравдагч хөрш»-тэй болж, түүний эрхзүйн үндсийг тавьсан гэж үзэж болно. Эдүгээ “гуравдагч хөрш”-тэй тогтоосон хамтын ажиллагаа эдийн засгийн шинэ агуулгаар баяжин урагшилж байна.

Монгол Улс Европын холбооны хувьд Ази дахь “үнэ цэнэтэй түнш” мөн бөгөөд геополитикийн давтагдашгүй байршилтай хэмээн Европарламентын тогтоолд онцлон тэмдэглэв

II. Харилцаа, хамтын ажиллагааны эрхзүйн шинэ орчин

Европын холбооны Зөвлөл 2017 оны аравдугаар сарын 9-ний өдрийн Сайд нарын түвшний уулзалтаар Монгол Улс, Европын холбооны хооронд 2013 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо байгуулсан есөн бүлэг, 65 зүйл бүхий  “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгох тухай шийдвэрийг гаргаснаар  хэлэлцээр 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэв.  Энэхүү хэлэлцээр 2009 оны арванхоёрдугаар сарын 1-нд « Европын холбооны гэрээ» буюу Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр болж, Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын Дээд төлөөлөгчийн газар, Гадаад харилцааны алба шинээр байгуулагдсан хийгээд шинэ нөхцөл байдалд Европын холбооны зүгээс Европын холбооны гишүүн бус оронтой хийсэн анхны томоохон хэлэлцээр болсон юм. Дурдсан хэлэлцээр нь ЕХ-ны зүгээс гишүүн бус хэдий ч харилцаа, хамтын ажиллагааны хувьд нэн чухалд тооцогддог орнуудтай байгуулдаг, харилцааны бүхий л салбарыг хамардaгаараа онцлогтой, иж бүрэн түншлэлийн агуулгатай. Европын холбоо Монгол Улсад байнгын ДТГ нээх шийдвэрийг 2017 оны долоодугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гаргаж,  ингэснээр Европын холбоо дэлхийн 140 оронд байнгын дипломат төлөөлөлтэй болов. 2018 оны арваннэгдүгээр сард Европын холбооноос Монгол Улсад суугаа Суурин Төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээв.

III. Европын холбооны хөнгөлөлтийн шинэ систем

Монгол Улс, Европын холбооны  Нэмэлт Худалдааны хөнгөлөлтийн шинэ системийг өнөөг хүртэл хамрагдаж байгаа нь хамтын ажиллагааны нэг чухал чиглэл болж байна. “Ардчилал, сайн засаглал”, зах зээлийн эдийн засгийг тууштай дэмжигч хөгжиж буй 16 оронд Нэмэлт Худалдааны хөнгөлөлтийн шинэ системийг гурав гурван жилээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улс үүнд 2005-2017, 2018-2020, 2021-2023 онд хамрагдсан юм. Европын Холбооны Зөвлөл 2012 оны  Нэмэлт шинэ хөнгөлөлтийн схемд хамрагдах орны тоог бараг хоёр дахин багасгасан юм. 2024-2027 оны шинэ схемд Монгол Улс дахин хамрагдах болсон нь Европын холбоо тус улсыг тууштай дэмжиж буй тодорхой илрэл болж  байна. 6,300 төрлийн барааны хөнгөлөлтөөс Монгол Улсын 70 гаруй төрлийн тухайлбал, оёмол, сүлжмэл бүх төрлийн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, үслэг эдлэл, мал амьтны гаралтай ноос, ноолуур, ундаа, архи, модон эдлэл, электрон бараа, гутал, хивс, зэс, зэсэн бүтээгдэхүүн, төмөр, төмөр бүтээгдэхүүн зэрэг Монгол Улсын хувьд  экспортын нэн ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүн хамрагдаж, 2015 онд 15 сая евро, 2016  онд 18 сая, 2017 онд 17, 2 сая, 2018 онд 11, 5 сая, 2019 онд 14,06 сая, 2020 онд 14.05 сая, 2022 онд 23 сая еврогийн хөнгөлөлт эдэлсэн байна. Хөнгөлөлт эдэлсэн бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь оёмол, сүлжмэл, нэхмэл бэлэн бүтээгдэхүүн эзэлж байгаа ажээ.

     Монгол Улс Европын холбоо руу хийсэн нийт экспортын 83  хувьд GSP+ хөнгөлөлтийг ашигласан байх бөгөөд давуу эрхийн ашиглалтын түвшин харьцангуй өндөр байгаа бөгөөд хамгийн сүүлд 2022 онд  91 хувьд хүрсэн байна.

VI. Хөгжлийн хамтын ажиллагаа

Хөгжлийн тусламж нь Европын холбоо-Монгол Улсын хоорондох харилцааны чухал тулгуур бөгөөд тогтвортой хөгжлийг бэхжүүлэн, Мянганы хөгжлийн зорилтыг хангаж ядуурлыг бууруулах зорилготойгоор Монгол Улсын Засгийн газар, Монголын иргэний нийгмийн байгууллагуудад дэмжлэг үзүүлдэг. 2021-2027 оны  Олон талт баримжаат хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврогийн тусламж үзүүлэх төслийн арга хэмжээ эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Еврокомиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай уулзах үеэр тэрээр олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын явуулж буй бие даасан, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг онцолж, газарзүйн байрлалын онцлогийг бүрэн ойлгож, хүндэтгэж буйгаа тэмдэглэж байсан. Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцлон тэмдэглэж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Европын холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахаа нотолсон. Удалгүй 2022 оны арваннэгдүгээр сард Египетийн Шарм эль-Шейх хотноо зохиогдсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний COP-27 уулзалтын үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Еврокомиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар дахин уулзаж “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын холбооны хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурж,   Монгол Улс  Европын холбооны ногоон санаачилгын нэг болох “Ойн түншлэл”-д оролцож буй Азийн анхдагч орон болов. Европын холбооны Ойн түншлэл хөтөлбөрийн сан 2.2 тэрбум еврогийн хөрөнгөтэй ажээ.  

Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран 2023 оны нэгдүгээр сараас “Ойн түншлэл”-ийг хэрэгжүүлэх “Замын зураг”-ийн төслийг хэлэлцэн тохиролцож, 2023 оны долоодугаар сард эцэслэн батлав. Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулан, үүнтэй уялдуулан ойн салбарт тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх зорилго бүхий үүрэг амлалт юм.

2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо хамтран Тогтвортой ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Дурдсан зөвлөгөөн  нийт 14 сая еврогийн буцалтгүй тусламжийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжих төслүүдийн бэлтгэл арга хэмжээ болсон юм. Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсын ГХЯ-тай хамтран хэрэгжүүлсэн  “Монгол Улсын худалдааг дэмжих” (TРАМ) төсөл  гадаад худалдааг төрөлжүүлэх замаар Монголын бараа бүтээгдэхүүнийг бүс нутгийн болон олон улсын зах зээлд амжилттай гарахад нь чухал дэмжлэг болжээ. “Монголын худалдааг дэмжих EU-TRAM” төсөл 2018 оны гуравдугаар сараас эхэлсэн бөгөөд нийт таван сая еврогийн өртөг бүхий 2018-2020 онд хэрэгжиж төслийн хүрээнд Европын холбооны стандартад нийцсэн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход чиглэгджээ.  Дурдсан төслийн хүрээнд Азийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр дамжуулан ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүртээмжид дэмжлэг болгож 9.2 сая еврогийн буцалтгүй тусламжийг ЕСБХБ-аар дамжуулан олгосон байна. Төслийн хүрээнд 100 сая төгрөг хүртэл хэмжээтэй зээлийг дотоодын арилжааны банкууд  ЖДҮ-үүдэд олгоод байгаа ажээ.

Монгол Улсын уул уурхайн бус экспортыг дэмжих гэсэн чиглэлтэй эхэлж байсан  TRAM төсөл амжилттай хэрэгжсэний дүнд 2024 оны тавдугаар сараас дараагийн шат  ITDM төслийг эхлүүлэх боломжийг нээж, гадаад худалдааг “дэмжих” чиглэлээс “хөгжүүлэх” зорилгод Европын холбоо бодлогоо хандуулж байна. ITDM төслийн бас нэг зорилго нь олон улсын стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүнүүдийг улс хоорондын зах зээлд нийлүүлж, бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдааны үйл явцыг дижиталчлах, техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. Дэлхийн улс төр, эдийн засгийн хүчирхэг  төвийн нэг ЕХ нь Монгол Улсад  ардчилал, хүний  эрх,  эрх  чөлөөг баталгаажуулах, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг анхнаас нь дэмжин тусалж, мөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэж, түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн АНУ, ОХУ, БНХАУ-ын хамт ЕХ-ны нөлөө бүхий гишүүн Англи, Франц баталгаа гаргасан явдал юм.

Монгол Улс Европын холбоотой 1989 оны наймдугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойшхи 35 жилд хоёр талын хамтын ажиллагаанд томоохон дэвшил гарсан бөгөөд эдүгээ иж бүрэн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж байна. Дорнод Европын уламжлалт харилцаатай байсан посткоммунист орнууд ЕХ-нд элссэн нь тус Холбоонд Монгол Улсыг дэмжигч түншүүдийн хүрээг өргөжүүлж, экспортын зах зээлийг тэлж, Европын холбоотой тогтоосон түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг олгож байна. Монгол Улсын эдийн засаг олон талаас хамааралтай байх, хоёр хөрш гүрэнтэй  харилцах худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны зохистой тэнцвэрийг хангахад  Европын холбоо, түүний нөлөө бүхий гишүүн орнууд тодорхой үүрэг гүйцэтгэж байна гэж үзэж болохоор байна. Монгол Улс, ЕХ-ны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж, Европын холбоо Улаанбаатар хотноо ДТГ-аа албан ёсоор нээсэн нь  харилцаа, хамтын ажиллагаа шинэ үе шатанд шилжсэн  гэж үзэж  болно. Европын Холбоо-Монгол Улсын “гуравдагч хөрш”  улс төр, аюулгүй байдал, худалдаа- эдийн засгийн чухаг түнш мөн.Европын Холбооны гишүүн орнууд нь Монгол Улсын хувьд БНХАУ, ОХУ-ын дараа ордог худалдааны гуравдагч том түнш,  томоохон хөрөнгө оруулагч түнш мөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 141 (7385)

 

Х.Нямбаатар: Зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй, төсөв нь батлагдсан

Х.Нямбаатар: Зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй, төсөв нь батлагдсан

21 мин
Электрон тамхи болон түүний төхөөрөмж, сэлбэгүүдэд онцгой албан татвар ногдуулна

Электрон тамхи болон түүний төхөөрөмж, сэлбэгүүдэд онцгой албан татвар ногдуулна

33 мин
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулжээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулжээ

45 мин
С.Амарсайхан: ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр хийх ажлыг хойшлуулах санал оруулна

С.Амарсайхан: ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр хийх ажлыг хойшлуулах саналыг оруулна

1 цаг 7 мин
Таанат цэнхэр талын минь дэнхэр хөх уулс

Оршилын оронд онцлох нь. Хуучин Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хушуу, өнөө цагийнхаар Дундговь

6 цаг 18 мин
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн 2024 оны онцлох 10 амжилт

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хүрээнд зохион байгуулагдсан

6 цаг 23 мин
П.Манфред: Төр нөхцөл тавилгүйгээр Хэвлэлийн зөвлөлийг дэмждэг жишиг бий

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар Германы Хэвлэлийн зөвлөлийн орлогч

6 цаг 23 мин
Улаанбаатарын утаа бол улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хамтын бүтээл юм

Улаанбаатарын утаагаар УИХ сонсгол хийнэ. Тийм эрх зүйн үндэслэл бүрдсэн. Улаанбаатарын утааны

6 цаг 23 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хавдрын эмнэлэг барих асуудлаар захирамж гаргажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хавдрын эмнэлэг барих асуудлаар захирамж гаргажээ

21 цаг 21 мин
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Дээд шүүхэд гомдол гаргажээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Дээд шүүхэд гомдол гаргажээ

22 цаг 7 мин