Ерөнхийлөгч Жо Байдэн нэрээ татаж, дэд ерөнхийлөгч Камила Харрис олны анхаарлыг татаж байна

2024-07-23
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

Дэлхийн хэмжээнд олон нийтийн анхаарал татаж буй АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ихээхэн дуулиан шуугиантай байна. Прокуророос гэм буруутай хэмээн үзэж шүүхэд хэдийн яллах дүгнэлтээ танилцуулсныг үл тоон экс ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сонгуулийн кампанит ажлыг үргэлжлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт түүний амь насанд халдсан хэргийн ард ч тэрээр эрч хүчтэй хэвээр байгаа бол Ардчилсан намын хувьд байдал арай өөрөөр эргэж байна. Тодруулбал, олон нийтийн санал асуулгаар хэтэрхий “хөгшин” гэх шүүмжлэлийг хүлээгээд буй ерөнхийлөгч Жо Байдэн Ковид-19-ын халдвар авсан нь батлагдаж тэрээр гэртээ тусгаарлагдах болсон. Харин ням гарагт тэрээр хүн бүхнийг гайхшруулах мэдэгдэл гаргалаа. Олон нийтийн шүүмжлэлийг үл тоон ээлжит сонгуульд өрсөлдөхдөө тууштай байсан ерөнхийлөгч Жо Байдэн нэрээ татаж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Тэрээр “Би дахин сонгуульд өрсөлдөх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан ч яг энэ мөчид нэрээ татах сонголт нь намын болон улс орны ашиг сонирхолд нийцсэн хамгийн оновчтой сонголт төдийгүй үлдэж буй бүрэн эрхийн хугацаанд ерөнхийлөгчийн үүргийг сайтар биелүүлэхэд анхаарах нь хамгийн зөв зүйл гэдэг итгэж байна” гэлээ.

Зургаадугаар сард өрсөлдөгч Доналд Трамптай хийсэн халз мэтгэлцээнээс хойш намын гишүүд түүнд итгэх итгэл алдарч нэрээ татах шаардлагыг тулгаж байсан тухай албан бус мэдээллүүд багагүй гарах болсон юм. Харин сөрөг хүчний зүгээс дэд ерөнхийлөгч Камила Харрисын эсрэг хэд хэдэн кампанит аян өрнүүлсэн байна. Ингэхдээ түүний эсрэг арьс өнгөний үзлийг турхирч, мөн хилийн бодлого цагаачлалын асуудлуудыг сөхөхдөө дэд ерөнхийлөгчийн нэр хүнд нь ердөө Жо Байдэны нэр нөлөөн дор явагдсан гэх агуулгыг онцолжээ. Үүний шалтгаан нь Камила Харрис Ардчилсан намд ерөнхийлөгчийн сонгуульд хоёрт эрэмбэлэгдэж буй улстөрч гэдэгтэй холбож болох юм.

 

Дэд ерөнхийлөгч Камила Харрис

 

Калифорниа мужаас гаралтай улстөрч Камила Харрис карьерынхаа туршид мужийн прокуророос эхлэн ерөнхий прокурор хүртэл ажилласан туршлагатай. Тэрээр 2020 оны сонгуульд Жо Байдэнтэй ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд ялагдал хүлээсэн юм. Энэ үеэр түүний эсрэг ихэвчлэн өнгөт арьстан болон жендертэй холбоотой сөрөг кампанит ажлууд өрнөж байжээ. Энэ талаар өмнөх сонгуулийн үеэр ажиллаж байсан Ардчилсан намын стратегич Карен Финни “Түүний эсрэг явуулж буй кампанит ажлуудыг харахад илүүтэй хуучинсаг буюу эмэгтэй улстөрчдийн эсрэг хэрэгжүүлдэг л зүйлс байсан. Тухайлбал, түүний өрсөлдөгчид хоолойны өнгөнд анхаарал хандуулах, биеийн хэлэмжээр үгүйсгэх гэх зэрэг” хэмээн тодорхойлсон юм.

Камила Харрисын карьер ихэнхдээ шүүхийн танхимд өрнөжээ. Тиймээс түүний улс төрийн замналыг зарим хүмүүс дутуу дулимаг буюу олон нийтэд таалагддаггүй гэж үнэлэх хэсэг байсан юм. Тэрээр өнгөрсөн онд “The Gaurdian” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний өнгөрсөн ажлын туршлагаас үзвэл би олон нийтэд сайхан илтгэл тавьж хуулийн төсөл батлахаас илүү баримт нотолгоо яг таг байдлыг хангаж гэм буруутай эсэхэд эцсийн дүгнэлтийг хийж ирсэн” гэсэн байдаг. Түүнийг дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ Жо Байдэнд үнэнч байж үүрэгт албандаа хичээнгүйлэн зүтгэсэн хэмээн ажиглагчид үздэг. Гэвч ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор явуулсан 2023 оны санал асуулгаар сонгогчдын 49 хувь түүний талаар таатай эерэг сэтгэгдэлтэй биш байжээ. Гэвч олон нийт түүнийг шүүмжлэх бус хэн болох юу хийж чадах талаас нь харж эхэлбэл үр дүн арай өөрөөр гарах боломжтой байх талаар зарим нийтлэлд дурдсан байдаг. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар Жо Байдэн дэд ерөнхийлөгчийн албанд өнгөт арьстан томилох байр сууриндаа бат зогсож Камилаг бүх шалгуур хангасан нэгэн хэмээн тодорхойлж байжээ. Эрх баригч намын зүгээс өнгөт арьстнууд хүйсийн тэнцвэрийг ямагт тэргүүлэх чиглэл болгон баримталж байна.

Харин ням гарагт ерөнхийлөгч Жо Байдэн нэрээ татаж буйгаа мэдэгдсэнээс хойш хэвлэлүүд сонгогчдын дунд санал асуулга явуулсан байна. Урьдчилсан дүнгээр харахад Камила Харрисыг Трампын эсрэг Ардчилсан намын хамгийн боломжит нэр хүндтэй хүчтэй өрсөлдөгч хэмээн олон нийт үзэж буй талаар “Ройтерс” агентлаг тэргүүтэй хэвлэл мэдээллүүд нийтэлжээ.

Өөр нэг сонирхолтой зүйл нь ням гарагт Ардчилсан намынхан дараагийн нэр дэвшигчийн талаар хуралдах үед намын хэд хэдэн гишүүд Камилаг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Үүнд албан бус тоогоор АНУ-ын 50 мужийн дарга Ардчилсан намын гишүүд байгаа гэх мэдээлэл мөн гараад байна. 2024 оны сонгуульд Жо Байдэны дараагаар эрэмбэлэгдэж байсан Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом нэр дэвших бус харин дэд ерөнхийлөгч Камила Харрисын ард дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Өдгөө 59 настай өнгөт арьстай, ази гаралтай прокурор Камила Харрис эмэгтэй улстөрчийн хувьд хүрч болох хамгийн өндөр рейтингтэй гэдэгт маргах хүн цөөн байгаа аж. Харин ерөнхийлөгчийн гаргасан гэнэтийн шийдвэрийн дараагаар зарим нэг ахмад нөлөө бүхий улстөрчид болох Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама нар чимээгүй байж ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. 

 

Ардчилсан намын үндэсний их хурлаар нэр дэвшигч тодорно

 

Ардчилсан намын Үндэсний хорооны дарга Жейме Харрисон дараагийн нэр дэвшигчийг ирэх сарын 19-22-ны өдрүүдэд Чикаго хотод болон Ардчилсан намын үндэсний их хурлаар 4000 орчим төлөөлөгчдийн санал хураалтаар тодруулна гэлээ.

Ерөнхийлөгч Жо Байдэн сонгуулиас ердөө 100 хүрэхгүй хоногийн өмнө нэрээ татсан энэхүү үйл явдал нь сүүлийн хагас зуун жилийн дотор Ардчилсан намаас нэр дэвшихээс татгалзсан анхны тохиолдол болж байгаа юм байна. Нийт мужийн захирагчид ерөнхийлөгчийн дахин сонгуульд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байсан бол тэрээр ийнхүү нэрээ татсанаар дараагийн нэр дэвшигч албан ёсоор нэгдсэн санал хураалтаар тодрохоор болж байна.

Мөн олон нийт болон Камила Харрисыг дэмжигчдийн үзэж буйгаар олон жилийн турш хууль сахиулагчийн албыг хашиж байсан түүний хувьд хэд хэдэн гэмт хэрэгт холбогдоод байгаа Трампын эсрэг хүчтэй өрсөлдөгч хэмээн үзэж байна. Энэ талаар олон нийтийн сүлжээгээр Камила бол хууль сахиулагч харин тэр бол гэмт хэрэгтэн гэх нийтлэлүүд гараад байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдэн Газын зурвас дахь мөргөлдөөнд Израилыг тууштай дэмжиж ирсэн нь намын зарим гишүүд тэр дундаа залуучууд, өнгөт арьст сонгогчдын дэмжлэгийг бууруулж байсан. Харин дэд ерөнхийлагч Камилагийн хувьд энэ орон зайг хангалттай нөхөх боломжтой хэмээн ажиглагчид үзэж байна.

Харин Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп шинэ нэр дэвшигчийн талаарх таамаглалд илүү ач холбогдолтой багатай байгаа юм.Тэрээр “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Камила Харрисыг ялах нь Жо Байдэнтай өрсөлдөхөөс илүү хялбар байх болно” гэсэн юм. Түүний сонгуулийн кампанит ажлын төлөөлөгчид ч энэ талаар санаа зовохгүй байна хэмээн мэдээллээд байна. Хэрэв Камила Харрис албан ёсоор нэр дэвшихээр болбол тэрээр АНУ-ын хүчирхэг намуудын нэгийг тэргүүлэх анхны өнгөт арьстан эмэгтэй болох юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 140 (7384)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин