Ч.Дунгаамаа: Ээждээ хөтлүүлээд театрынхаа босгоор алхсан

2024-07-19
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр мэдээ” булангийнхаа дугаарын зочноор Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Ч.Дунгаамааг урилаа. Тэрээр саяхан Косово хотод болсон нэг хүний жүжгийн “Mono Akt” олон улсын фестивалиас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн билээ.  

 

-Та Монгол Улсын нэрийг олон улсад гаргаад ирлээ. Тухайн үеийн догдлол, мэдрэмжийг тань сонирхмоор байна?

-Мэдээж сэтгэл догдлол дээд цэгтээ хүрсэн. Амьдралын минь сайхан мөчүүдийн нэг нь тэр тайз байлаа. Яг энэ цаг үед олон улсад моно жүжгийн фестиваль ид хөгжиж, хүчээ авч байгаа ч олонд танигдсан, хүндлэгдсэн, зэрэглэл өндөртэй нь ховор болдог юм билээ. Харин “Mono Akt” нь “А” зэрэглэлийн гэж үнэлэгддэг. Мөн тасралтгүй 16 дахь жилдээ буюу их олон жил тасралтгүй зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Дэлхийн театр урлагийн институтын дэргэд моно жүжгийн форум гэж бий.

Тухайн форумын захирал Нина Мазур гэх хатагтай фестивалийн ерөнхий шүүгчээр ажиллаж, олон орны жүжигчид оролцсон. Эхний түүвэрт дэлхийн өнцөг булан бүрээс 30 гаруй жүжигчин бичлэгээ явуулснаас АНУ, Герман, Косово, Литва, Монгол, Болгар, Украин гэсэн орны долоон жүжигчин шалгарч, фестивальд оролцох урилгаа авсан. 

-Фестивалийн үеэр бусад орны жүжигчдийн тоглолтыг харж байхад танд юу бодогдсон бэ?

-Бидний хувьд эхний өдөр жаахан оройтож очсон учир Литва, АНУ, Болгар гэсэн гурван орны бүтээлийг л үзэж амжсан. Сүүлчийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг тухайн зааланд сууж байхдаа ямар мундаг юм бэ. Зэрэглэл өндөр, чансаатай жүжигчид ийм л байдаг юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан. Ялангуяа АНУ-ын эмэгтэй жүжигчний тоглолт их таалагдсан. Жүжгийн турш 30 гаруй дүрд хувирна гэдэг тухайн жүжигчнээс асар их ур чадвар,  мэдрэмж, техник шаардаж байсан. Түүний тоглолтыг үзээд би өөртөө “Би энэ жүжигчнээс юугаараа онцлог вэ. Түүнийгээ л харуулъя” гэж бодсон.

-Мэдээж, дэлхийн хэмжээний уран бүтээлчидтэй өрсөлдөнө гэдэг таны хэр авьяастай, мэдрэмжтэй жүжигчин бэ гэдгийн хамгийн том илэрхийлэл гэж бодож байна. Өөрийгөө шагнал авна гэдэгт хэр итгэлтэй байв?

-Бид зургаадугаар сарын 13-нд нь жүжгээ тавьсан. Тайзнаас бууснаа дараах үзэгчдийн хандлага, баяр хүргэж байгаа байдлыг хараад өөрийгөө муугүй тоглосон юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Ингээд дотроо тусгай шагналд хүрэх болов уу гэсэн хүлээлт байлаа. Харин маргааш нь шагнал гардуулахад  шилдэг эмэгтэй жүжигчнээр Ч.Дунгаамаа гэж зарлахад өөрийн эрхгүй самсаа шархирсан. Миний ээж жүжигчин хүн байсан. Тэнгэрт халиад олон жил болж байна. Яг тэр үед ээжийгээ илүү их бодож, “Ээжээ” гэж орилмоор санагддаг юм билээ.

-“Хайрт минь, энэ зөвхөн эхлэл нь” нэрээсээ эхлээд гоё юм. Энэ жүжигт дурласан эмэгтэйн тухай өгүүлдэг юм уу?

-Орос зохиол л доо. Энэ жүжгийг манай “Залуучууд” театрын ерөнхий найруулагч М.Цогт надад 2018 онд анх орчуулж, өгч байлаа. Гол агуулга нь энэ нийгэмд архинд автсан эр хүний тухай, түүний эхнэр хэрхэн зовж буйг л өгүүлдэг.  Хөөрхий эмэгтэй үр хүүхдээ, өөрийгөө, амьдралаа яах вэ. Архичин нөхрөө архинаас гаргахын төлөө тэмцэж буй нэгэн эмэгтэйн гомдол, цөхрөл энэ жүжгээс нэвт үнэртдэг гэж ойлгож болно.

-Нэрээсээ, миний төсөөллөөс тэс өөр юм?

-Энэ нийгмийг бүтээж буй нэгэн эд эс нь гэр бүл шүү дээ. Харин тухайн гэр бүлүүдийн хэдэн хувь нь архидалттай хамааралтай бол. Яг үнэнийг хэлэхэд Монголын нийгэмд ил, далд архидалт газар авч байна. Үүний цаана хэдэн хүүхэд, эмэгтэйчүүд сэтгэлийн шаналал, айдастай амьдарч байгаа бол. Өөрийгөө, үр хүүхдээ хамгаалахын тулд хүчирхийлэлд өртөж, амь насаа алдаж байна. Нийгмийн энэ хар бараан, эмзэг асуудлыг уран бүтээлчид бид бүтээлээрээ сөхөж, хүмүүсийн оюун санааг сэхээрүүлж, ойлгуулах нь үүрэг гэж боддог.

Косово улсад болсон  "Mono Akt" моно жүжгийн олон улсын фестивальд 30 гаруй уран бүтээлч бүтээлээ явуулснаас сүүлийн шатанд  долоон ор ны уран бүтээлчид тунаж үлдсэн юм. Үүнээс Монгол Улсаас оролцсон Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын жүжигчин Ч.Дунгаамаа "Хайрт минь энэ зөвхөн эхлэл нь" жүжгээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртсэн билээ.

-Хэдийгээр жүжгийг нь үзээгүй ч тэр эмэгтэй өрөвдөлтэй мөртлөө, хүчтэй санагдлаа. Танд яг ийм тэмцэгч чанар байгаа юу?

-Тухайн жүжгийн баатрыг Люба гэдэг. Их ассан дүр. Харин хувь хүн Ч.Дунгаамаа тогтуун, тайван хүн. Харин бид хоёрын нэг адилхан тал нь гэнэн. Миний хувьд энэ зангаасаа болоод жаахан алдчих гээд байдаг тал бий. Любагийн хувьд ч яг дотор нь 18 настай жаахан, гэнэн охин байгаа нь жүжгийн дундуур цухалзаад байдаг. Тэр хэсэг нь их хөөрхөн. Фестивалийн шүүгч ч тэр хэсгийг үзээд уйлмаар мэдрэмж төрсөн гэж сүүлд нь надад хэлсэн. Тэр зангаараа Люба бид хоёр төстэй байж магадгүй. 

-Жүжигчин хүн дүрээ хайрлаж, өмөөрч тоглох учиртай. Та Любагийн дүрдээ хэр их хайртай вэ?

-Жүжгийн турш тэрээр нөхрөө боксын бээлийгээр цохиж, нүддэг. Магадгүй хүмүүс үзээд ийм эмэгтэй хүн гэж байх уу гээд гайхдаг байх. Гэхдээ би дүр дээрээ ажиллахдаа Люба яагаад ийм байдалд хүрэв ээ. Ямар нөхцөлд амьдарч байгаа учраас ийм балмад зан гаргаж байна вэ гэдгийг нь илүү тодотгож тоглохыг хичээдэг.   

-“Хайрт минь, энэ зөвхөн эхлэл нь” гэх энэ жүжгээрээ та “Гэгээн муза” наадамд оролцож байсан  бил үү?

-Найруулагч М.Цогт бид хоёр 2020 оны “Гэгээн муза” наадамд энэ жүжгээрээ оролцож байсан. Тухайн наадмаас найруулагч маань “Хүндэт муза”, хүртсэн. Харин би “Шилдэг залуу уран бүтээлч” гэсэн муза гардаж байсан удаатай.

-Жүжгийн төрөл дундаас хамгийн хүнд нь ганц хүний жүжиг гэх юм билээ. Таны хувьд хэцүүг нь сонгох болов?

-Анх 2017 онд Монголын моно жүжгийн төвийн захирал, гавьяат жүжигчин Ц.Баясгалан багш маань орон нутгийн театруудын жүжигчдийн дунд сургалт явуулсан юм. Тухайн сургалтад хамрагдсаныхаа дараа жүжигчнийхээ хувьд энэ төрлөөр өөрийгөө соривол илүү хөгжиж, задрах юм байна гэдгийг ойлгосон.

-Тайзан дээр ганцаараа тоглох нь танд ямар мэдрэмж төрүүлж, хэр шандас сорьдог бол?

-Тухайн жүжигчин 40-60 минутын турш тухайн жүжгээ үзэгчдэд хүргэхийн тулд бие сэтгэл, оюун, тархиа хэрхэн ажиллуулдаг. Энэ хугацаандаа үзэгчдийн анхаарлыг 100 хувь өөртөө хандуулж, эхнээс нь дуусах хүртэл нь үзэгчдийг уйдаахгүйгээр, сонирхолтой байлгах вэ гэдэгт бүх эд эсээ зориулдаг учир их хүнд төрөлд ордог. Хэдийгээр би энэ жүжгээрээ олон улсын хамгийн том наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал авсан ч уран бүтээлчийнхээ хувьд ханаагүй. Яавал жүжгийнхээ хэсэг бүрийг илүү төгөлдөржүүлэх вэ гэж эрэл хайгуул хийж, оюун бодлоо чилээсээр л байгаа. Учир нь ганцаархнаа тайзан дээр тоглож байгаа учир энэ жүжиг муу байж болохгүй. Би л энэ дүрд хувирч байгаа болохоор тухайн дүрээр жүжгийн утга санааг хүмүүст ойлгуулах нь миний үүрэг шүү дээ.     

-Нэг хүний жүжигт тоглохын давуу талыг та  юу гэж харж байна?

-Нэг хүний жүжигт тоглох бүрдээ би давуу тал гэхээсээ илүү хариуцлага чухал юм байна гэдгийг ойлгоод байгаа. Учир нь хэдийгээр би тайзан дээр ганцаараа тоглож байгаа ч миний ард дуу шуум, тайз байж л байна. Энэ бүхэнтэйгээ яг нийцэхийн тулд би өөрөө л хичээх ёстой. 

-Таныг КУДС-ийг төгссөн гэж сонссон. Дэлгэц давамгайлсан сургуулиас театрын жүжигчин болсон шалтгаан юу байв?

-Би 2003 онд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг мэргэжлийн хичээлээ Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш, тайзны ярианы хичээлээ гавьяат жүжигчин Ш.Цэцэг багшийнхаа  удирдлага дор тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй. Хувийн “Ханлиг” гээд студид хоёр жил гаруй ажилласан. Ингээд хувийн амьдралдаа анхаарсан гэх үү дээ, анхны хүүхдээ өлгийдөж байлаа. Харин 2010 онд манай гэр бүл Дархан хотод шилжиж ирээд тухайн оныхоо нэгдүгээр сараас театртаа жүжигчнээр орсон. Одоо 15 дахь жилдээ ажиллаж байна. Хэдийгээр киноны сургууль төгссөн ч багш минь театрын найруулагч хүн байлаа. Би өөрөө ч дэлгэцийн бүтээлд тоглоё гэж шамддаггүй. Уг нь хотоос уран бүтээлчид ирж проб авдаг л юм. Гэхдээ яагаад ч юм тэнцдэггүй. Гэхдээ кинонд тоглож чадсангүй гээд сэтгэлээр унаж, гонсойдоггүй. Харин ч тайзан дээрээ, ээжийнхээ мэргэжлийг өвлөөд, дуртай ажлаа жаргаж хийж байгаадаа талархдаг. Мөн тэнгэрт дэвшсэн хоёр багшийнхаа нэрийг сэвтээлгүй, жүжигчин мэргэжлээ тэнгэрт тулгадаггүй юм гэхэд газар унагаачихгүй нэр төртэй аваад явах юм сан гэж хичээж, ажиллалдаг.

 -Олон жил мэргэжлээрээ ажиллаагүй хүн мэдээж төсөөрнө. Таны уран бүтээлийн галыг хэн асааж өгсөн бэ?

-Ээж минь л асааж өгсөн дөө. 2010 онд би ээжээрээ хөтлүүлээд “Залуучууд” театрын босгоор алхаж байлаа. Ээж минь тухайн үед “Миний охины нас явчихлаа. Одоо мэргэжлээрээ ажилла” гэж зөвлөсөн. Тэр үед би 29 настай байсан. 

-Анхны бүхэн амьдралд, цааш­лаад амжилт гаргахад тун чухал. Таны хувьд театртаа ороод анх ямар дүр дээр ажиллаж байсан бэ?

-Намайг жүжигчнээр орсон тэр жил манай театр Михаил Лермонтовын “Багт наадам” сонгодог жүжгийг талийгаач н.Бямбасүрэн найруулагч сэргээж тавьсан. Би энэ жүжгийн Нинагийн дүр дээр анх ажиллаж байлаа. Харин миний хамтрагчаар манай театрын жүжигчин Төмөрөө ах минь тоглосон. Төмөрөө ахыг үзэгчид “Бүү март” киноны Ж.Батмөнх, “Долоон бурхан харвадаггүй” киноны Данзангийн дүрийг их чадварлаг бүтээгээд, бид бүгдэд үзүүштэй, үнэн түүхийг үлдээгээд тэнгэрт хальсан. Тиймээс би Нинагийн дүрдээ би их хайртай. Учир нь ийм мундаг хүмүүстэй хамтран тоглож, тэднээсээ их зүйлийг сурсан.

- “Залуучууд” театрын онцлогийг та тодорхойлооч?

-Манай театрын хувьд орон нутгийн театр, чуулгуудаасаа хамгийн түрүүнд өмнө нь тавьж байгаагүй, дэлхийн сонгодог бүтээлүүдийг үзэгчдэд хүргэдэг. Жишээлбэл, 1983 онд манай театрын тайзнаа орчин үеийн бүжгийн залуусын чуулгыг байгуулж, “Хараагийн дагина” гэх бүжгэн жүжгийг тавьж байсан гэдэг. Мөн “Учиртай гурван толгой” сонгодог дуурь, 2018 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг дуулалт хэлбэрээр манай театрын тайзнаа “амилсан” гээд бидэнд анхдагч болсон олон бахархал бий.

-Найруулагч нарын нүдэнд та  ихэвчлэн аль талын дүрээр илүү “олзлогддог” бол?

-Манай найруулагч нар жүжигчдэдээ энэ хүнд эерэг энэнд нь эсрэг дүр тохирно гэж хуваарилалт хийдэггүй. Тиймээс эсрэг, эерэг бүх дүр л ирдэг. Жүжигчин хүн өөрөө аль алинд нь хувирдаг төгс байх ёстой. Туслах дүр ч гэсэн амттай шүү дээ. Уран бүтээлч хүнд хэзээ ч жүжгийн дүр жижигддэггүй. 

-Хүмүүс эсрэг дүр жүжигчнийг хурцалж, илүү ур чадвар шаарддаг гэх нь бий. Та үүнтэй санал нэгддэг үү?

-Эсрэг, эерэг ямар ч дүр жүжигчнээс ур чадвар шаардана. Хэдийгээр жүжигчний мэргэжил зарим хүнд амархан харагддаг ч ард нь энэ дүрээ үзэгчдэд хэрхэн үнэн хүргэх вэ гэсэн жүжигчний ажиллагаа, эрэл хайгуул явж л байдаг. Түүнээс эсрэг дүр л ганцаараа ур чадвар шаардана гэдэг өрөөсгөл ойлголт. Эерэг дүр ч үүнийг шаардана. Туслах дүр бүр илүүг шаардана. Учир нь ороод гарахын хооронд худал байж болохгүй. Яагаад гэвэл туслах дүр нь гол дүрээ илүү их тодотгох үүрэгтэй байдаг.

-Ямар үед жүжигчин болсноороо хамгийн их бахархаж байв?

-Ямарваа нэг уран бүтээлд ажилчихаад тайзан дээрээ ёсолгоогоо хийх бүрдээ би жүжигчин болсноороо үргэлж баярлаж, бахаддаг. Яг тэр үед би дээшээ хардаг юм. “Миний ээж энэ жүжгийг үзэж байгаа болов уу” гэж өөрөөсөө асуудаг. 

-Та мөрөөдлийнхөө дүрийг бүтээчихсэн үү?

-Эмэгтэй жүжигчин бүхэн л хатны дүрд ч юм уу тоглох юм сан гэж мөрөөддөг байх. Харин миний хувьд ээжийнхээ тухай буюу эгэл жирийн жүжигчин эмэгтэйн тухай бүтээл хийгээд, яг ээжийнхээ дүрд би өөрөө тоглох юм сан гэж мөрөөддөг. 

-Ямар гоё мөрөөдөл вэ. Биелэх байх. Хамгийн сүүлийн асуулт. Та одоогоор театртаа ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Манай “Залуучууд” театр С.Маршакийн “Муурын байшин” хүүхдийн жүжгээр хавар цагийн нээлтээ хийсэн. Харин энэ намар  Ф.Шиллерийн “Дээрэмчид” гэсэн жүжгийг тавих төлөвлөгөөтэй ажиллаж  байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 138 (7382)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин