Багшийг минь битгий мартаарай

2024-07-17
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн  Д.Дорждулам

Улс даяар алдартай Уулын улаан Раднаа гэдэг хүн миний, бидний бас Баянхонгорын өвлийн спортынхны ууган багш байлаа. Тэртээх 1951 онд Баянхонгор аймгийн төвийн долоон жилийн сургуулийг арван жилийнх болгох шийдвэр гарснаар долдугаар ангиа дүүргэсэн бидний хэсэг хүүхэд наймдугаар ангид дэвшин суралцав. Намар есдүгээр ангид орохоор ирэхэд Монгол Улсын Их Сургууль төгсөж бүрэн дунд сургуульд багшлах диплом өвөртөлсөн дөрвөн залуу багш ирсэн байв. Тэд бол сургуулийн захирлаар томилогдсон Б.Чимэд, хичээлийн эрхлэгч бөгөөд монгол хэл уран зохиолын багш Ц.Сандаг, түүхийн багш Г.Төмөрбат, тоо физикийн багш Л.Раднаа нар болой. Тэднээс Г.Төмөрбат нь Баянхонгор аймаг, тэр тусмаа манай Жинст сумаас Улсын их сургууль төгссөн анхны дээд боловсролтой сэхээтэн байсан юм. Манай есдүгээр анги даасан Л.Раднаа багш нөгөө гурваасаа нуруу өндөр, гоолиг биетэй, цайвар шар царайтай хүрэн шаргалдуу халимаг үстэй, тэр үед манай аймагт хэн ч өмсдөггүй байсан калпитай хар өмд дээр гялалзтал арчиж тосолсон савхин гутал жийсэн ганган залуу байлаа. Тэрээр Монголын зүүн хязгаарын Дорнод аймгийн Баян-Уул суманд 1930 онд Шүүлэнкэн овогт хамниган Жамьянгийн Лувсангийн гэрт мэндэлсэн хөвгүүн ажээ. Халх биш аялгаар ярьдаг Раднаа багшийнхаа ярихыг эхэн үедээ бид хагас дутуу ойлгодог байснаа удалгүй дассан. Ангийн багшаас бусад гурвын тухай төдий л ярихгүй атлаа Раднаа багшийг магтах гайхахын аль нь ч юм гэмээр их ярих боллоо. Өндөр уул өөд гарамгай авирч оройд нь гардаг мундаг хүн гэнэ. Яах гэж эцэж цуцталаа өндөр уул өөд мацдаг юм бол доо. Саваагүй юм гэхчлэн янз янзаар ярилцах нь сурагч бидний сонорт хүрч байв. Тэр ярианаас бид багшийгаа уулчин хүн гэдгийг ойлгож байснаас биш цаначин гэж мэддэггүй байсан. Цана, тэшүүр гэж юу байдгийг бараг ч үзээгүй хөдөөгийн хүүхдүүдэд тийм ойлголт яаж ч байх билээ.

Өвөл болж аймгийн төвийн хойд Хонгор хайрхан уул цасан нөмөргөө хөдөрлөө. Раднаа багш эхлээд ангийнхаа сурагч биднийг дагуулан Хонгор хайрханд авирав. Өөрөө урт хос мод /цана/ хоёр таягтай очоод гулгаж үзүүллээ. Түүнээс хойш гар доорх материал ашиглан цана гээч юм хийж түүгээрээ яаж гулгах, хөлдөө хэрхэн бэхэлж, яаж аюулгүй /оочихгүй/ гулгахыг өдөр бүр зааж сургана. Бас хаанаас ч авсан юм бүү мэд хэдэн ширхэг жинхэнэ цана олж ирсэн юм даг. Түүнээс хойш манай сургуулийнхан хагас, бүтэн сайн өдрүүдэд Хонгор хайрхныхаа өврөөс салахаа больсон. Бас аймгийн баруун булгийн мөсөн дээр тэшүүр гэдэг төмрөөр хөлөглөн гулгадаг болсон. Раднаа багш тэшүүрээр гулгахаас илүү цанаар гулгах дуртай. Аймагт малын их эмчээр ирсэн Р.Сандаг гэдэг хүн “Норвег” нэртэй тэшүүрээр далавчтай юм шиг хоёр гараа хаялан тэшиж гарна. Бид “Какс” гэдэг жижиг тэшүүрийг сураар боож, түлээний модоор тэвхдэж тогтоогоод гулгацгаана.

Ер нь Раднаа багш аймагт ирснээс хойш сургуулийн сурагчид төдийгүй аймаг тэр аяараа спортын хорхойтон болцгоолоо. Сурагчид бид ч “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр багшийнхаа ачаар яггүй сайн цаначид болцгоосон.

1953 оны өвөл Баянхонгорт Баруун бүсийн /Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Нийслэлийн биеийн тамир спортын “Туяа” нийгэмлэгийн/ шилдэг залуу тамирчид оролцсон нөхөрсөг уулзалт тэмцээн болов.  Баруун бүсийн тамирчдын уулзалт тэмцээн болсон нь цанын спортыг сурталчлах Раднаа багшийн үзүүлэх сургууль болж дээрх аймгуудад цана, тэшүүр жинхэнэ ёсоор хөгжих үндэс суурь тавигдсан юм.

Багш маань даасан ангиа аравдугаар анги төгсгөж эрдэм соёлын цаашдын замд үдэж өгөөд төрсөн нутаг Дорнод аймгийн Баян-Уул сумынхаа арван жилийн сургуульд очиж хичээлийн эрхлэгч, тоо физикийн багшаар ажилласан байдаг. Раднаа багшийг тэнд очиход бас л Баянхонгор аймгийн адилаар цанын спорт хөгжөөгүй байжээ.

Тэгээд 1954-1956 онд төрсөн нутаг Баян-Уулынхаа сургуульд тоо физикийн багш, хичээлийн эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ өвлийн спорт ялангуяа цанын спортыг хөгжүүлэхэд хөлс хүчээ зориулж үр дүнг нь ч үзжээ. Анхны аравдугаар ангиа төгсгөөд алс баруун хязгаарын Завхан аймагт ажиллахаар дараачийн томилолтоо авчээ... Мэдээж тоо физикийн багшийн ажлаа үргэлжлүүлэнгээ Баянхонгор аймаг, Дорнодын Баян-Уул суманд цанын спортыг эрчимтэй хөгжүүлсэн туршлагаараа цас, мөсний спортоор улиастайчуудыг араасаа хошууруулав. Завханчуудыг цана, тэшүүрээр төдийгүй спортын хүн гэж ямар хүн байх ёстойг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, заримдаа нутгийн хүмүүсийг гайхшируулж байсныг Раднаа багш анхны 10-ынхан бидэнтэй уулзахдаа сонин болгож ярьсан нэгэн зүйлийг дор сийрүүлье.

Гурван есийн жавар тачигнасан цас мөсөн хучлагатай мөрөн голын харзанд орж бие бялдраа чийрэгжүүлж урт насалдаг Онон мөрний дагуух хамниганчуудын үр сад Раднаа багш маань дадсан заншлаараа 1956 оны арван хоёрдугаар сарын 22-ны өглөө Улиастайн хойд уулаар гүйж ирээд нүцгэлж Жигэстэйн голын харз усанд шумбаж байтал ундны ус авахаар очсон хоёр бүсгүй түүнийг хараад нэг нь ухаан алдаж нөгөө нь сэргийлэх цагдаад галзуу хүн байна гэж мэдэгдээд бөөн шуугиан тарьж, түүгээр ч барахгүй Раднаа багшийг аймгийн “Туяа” сонинд усанд орж байгаа зурагтай “Галзуу хүн” гарчигтай нийтлэл гаргаж байжээ. 

Монгол Улсын гавьяат багш, Улсын их сургуулийн биеийн тамирын багш Ишдорж гуайн ууган бөгөөд гарын шавь Л.Раднаа оюутан цагаасаа цанын спортоор хичээллэж их сургуулийнхаа нэрийг мандуулж байв. Тэрээр хоёрдугаар курсын оюутан байхдаа 1950 оны нэгдүгээр сард Хэнтий аймгийн Өндөрхаан хүртэл 340 км замыг цанаар туулж 1951 оны хоёрдугаар сард Сэлэнгийн Алтанбулаг хүртэл 400 км-т цанаар “Энхтайвны” буухиа аяллыг ахалж явжээ. Оюутан Л.Раднаагийн уран чадвар, тэсвэр тэвчээр эр зоригийг Монгол Улсын Их сургууль төдийгүй боловсролын дээд байгууллага, тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах төв байгууллага судалж, үнэлж түүнийг Монгол Улсын уулын анхны аяллын багийн 10 хүний бүрэлдэхүүнд багтаажээ.

НАХЯ-ны офицер Ж.Нямсүрэнгээр ахлуулсан уулчдын анхны баг Хэнтий нурууны ноён оргил “Асралт” хайрханд гарахаар 1951 оны зургаадугаар сарын 17-нд “Ямар ч бэрхшээлийг даван туулж чадахаа” тангараглаад Сүхбаатарын талбайгаас гарчээ. Уулчдын багийг Зөвлөлтийн мэргэжилтэн, спортын мастер Алексей Николаевич Пескарев удирдаж байсан бөгөөд багийн гишүүн оюутан Л.Раднаа орос мэргэжилтэнд орчуулагчийн ажлыг давхар гүйцэтгэж байв. Сонирхуулахад аяллын багийн 10 гишүүнд хоёр адуучин, уналга, ачлагын 15 морьтой, хүн бүр 10 сумтай пистолет гар буутай, хоёр адуучин нь винтов буутай байсан гэдэг. Ийнхүү буу шийдэмтэй явсны учир нь нэгд, Хэнтий нурууны битүү ширэнгэ ойд зэрлэг ан амьтан баавгай ихтэй хоёрт, шилийн сайн эр оргодол Цэнд гэгч зэвсэглэсэн этгээд Хан Хэнтийн тайгад бүгээд олон жил баригдахгүй байсан, гуравт, эх орны дайны үед армитайгаа бууж өгсөн 505 дугаар армийн хоригдлууд  Батсүмбэрт барилга барьж байх үед мэргэн буудагч хурандаа Иван Суслов оргож Хэнтийн ууланд бүгэж ард олныг айлган чичрүүлдэг байжээ. Өндөр уулс, өргөн гол, хөвч тайга, ус намаг, битүү ургасан торлог, өтгөн манан гээд байгалийн олон бэрхшээлээс гадна дээрх шалтгаануудаас болж багийн гишүүдийг ийнхүү зэвсэглэсэн ажээ. Уулчид зорьсон газраа хүрэх аяны замдаа хөгтэй, хөгжилтэй эрсдэлтэй, адал явдалтай бишгүй олон зүйлтэй тохиолдож байсан гэдэг. Тухайлбал тэд Асралт Хайрханы баруун талаас оргилд хүрэх төлөвлөгөөтэй явсан ч замд төөрч будилж явсаар зүүн хойноос нь оргилд хүрсэн түүх байдаг. Гэхдээ л тэд зорьсондоо хүрч 1951 оны зургаадугаар сарын 26-ны 16 цагт Асралт Хайрханы оргилд хөл тавьж анхны овоогоо босгож БНМАУ-ын төрийн алтан соёмбот далбаа, маршал Х.Чойбалсангийн дүр бүхий баримал хөргийг залж ёслолын буудлага хийв. Багш минь уулын Улаан Раднаа хэмээн алдарших алтан шар замаа ийнхүү эхэлсэн түүхтэй ажээ. Монгол уулчдын анхны босго ч ингэж л эхэлсэн байна.

Монголын уулчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан МУГТ, уулын спортын гавьяат дасгалжуулагч Ж.Баянцагаан гуай Раднаа багшийн тухай дурсан ярихдаа,

-Асралт Хайрханд хөл тавьсан анхны арваас бид хоёр л үлджээ. Энэ хүнтэй би нэлээд хэдэн ууланд хамт авирч байсан юм. Раднаа гуайг манай уулчид бүгд л багшаа гэж хүндэлж явдаг. Энэ хүн 1955, 1956 оны авиралтаас бусад бүх авиралтад оролцсон юм. Раднаа багш Монголын уулчдын холбооны даргаар ажиллаж байсан, намайг гүйлтийн цанаар хичээллэж байхад Раднаа гуай цагчин, шүүгч хийж байсан. Тэрээр багийн тэмцээний дүнг гайхмаар түргэн гаргана. Тэр нь математикийн багш мэргэжилтэй нь холбоотой болов уу гэж боддог хэмээжээ.

Л.Раднаа багш 1958-1968 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн цанын дасгалжуулагч, тамирчнаар 10 жил ажиллахдаа улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа хоёр удаа түрүүлж, найман удаа дэд ба гутгаар байрт орж, МҮЭ-ийн жуух, мөнгөн шагналаар шагнуулж байв. 1958 оноос өмнө Уулын оргил булаалдах тэмцээн монголд болж байсангүй. Гэтэл Раднаа багшийн санаачилгаар 1958 оны тавдугаар сарын 2-ны өдөр ийм тэмцээн Нийслэлийн Зайсангийн амны баруун талын “Соёмбот” ууланд болж хүн бүр 42 кг ачаа үүрч авирсан түүх хэвлэлийн /”Залуучуудын үнэн” сонинд/ хуудаснаа үлдсэн байдаг.

Л.Раднаа багш Монголын нэртэй сайн малч, тариачин эцгээ дагаж ажилласаар агрономичийн дайны мэдлэгтэй тариаланч нэгэн байсан юм. Тэр төрсөн нутагтаа багшилж байхдаа төмс, хүнсний ногоо тариалж арвин ургац авч арван жилийн сургууль, багш нарынхаа хүнсний ногооны жилийн хэрэгцээг хангаж байв. Түүний энэ туршлагыг улсын нийт сургуульд дэлгэрүүлэх нь зүйтэй гэж Ардын гэгээрлийн яамны сайдын тушаал гарч байжээ. Раднаа багш нийслэлийн зургаадугаар дунд сургуульд багшаар ирж урьдын туршлагадаа тулгуурлан сургуулийн хөдөлмөр зуслан байгуулах санаачилга гаргаж, уг санаачилгыг сургуулийн захиргаа сайшаан дэмжиж 1958 оны зун сургуулийнхаа 40 сурагчийг удирдан Батсүмбэрийн сангийн аж ахуйн дэргэд Хөдөлмөр зуслан байгуулж ажиллав. Эхлээд 10 га талбайд төмс, байцаа, лууван, манжин сонгино тариалж арвин ургац авч, түүндээ урамшин жил бүр талбайгаа нэмж, математикийн багш мэргэжилдээ дулдуйдан тарих үр, авах ургацаа нягт нямбай тооцоолон бас малч, тариаланч аав Лувсангийнхаа зөвлөснөөр талбай услах суваг шуудуугаа  эгц шулуун байсныг өөрчилж тахир муруй хийснээр бүх талбай нь жигд услагдаж ургац нэмэгджээ.

Батсүмбэрийн сангийн аж ахуйн ногоо бригадын дарга, Хөдөлмөрийн баатар Д.Дарамжав ногоочин баатрууд Ж.Пүрэв, Д.Долгор, Я.Должинжав нарын туршлагаар 10 зун ногоон талбайд хөдөлмөрлөж үр дүнгээ ч үзжээ. Л.Раднаа багшийн удирдсан нийслэлийн зургаадугаар сургуулийн Хөдөлмөр зуслангийн туршлагыг хот, хөдөөгийн бүх сургуульд нэвтрүүлэхээр Ардын боловсролын Яамны сайдын захирамж гарч байлаа. 

Спорт, боловсрол, хөдөө аж ахуйн бүх салбарт хүчээ сорьж хэн болохоо үзүүлж цог золбоогоо гайхуулж явсан уулын Улаан Раднаа багш шиг эрхэм Монгол Улсын түүхэнд тийм ч олон төрөөгүй болов уу. Хүссэн болгон хүрч үл чадах эх орны сүмбэр олон уулсыг эзэгнэсэн түүний дотор Хархираа Түргэний уулсын салбар урт цагаан хүзүүт цагаан дэглий шувуу шиг сүмбэр оргил нь үүлэн дунд сүүмэлзэх хангардийн жигүүр цуцам мөсөн уул – Цагаан дэглийн оргилд хөл тавьж нэрээ мөнхөлсөн домогт долоон “бүргэдийн” багийн ахлагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Лувсангийн Раднаа багшийг минь Уулын спортын шанг нутагт нь татсан Баянхонгор аймгийн спортын байгууллага мартаж болохгүйгээр үл барам түүний мөр нь мөнхөрч үлдсэн Хонгор Хайрханы тэргүүнд хөшөөг нь босгосон ч буруутах юун билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 135, 136 (7379, 7380)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин