Д.АРИУН
“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа долдугаар сарын 17-нд төрсөн өдөр нь тохиодог эрхэмүүдээс ХБНГУ-ын канцлер асан Ангела Меркелийг онцолж байна.
1954 оны долоодугаар сарын 17-нд баруун германд төрсөн ч зүүн Германд өссөн, физикч мэргэжилтэй. Ангела Меркель 2000 онд Германы Христийн ардчилсан холбооны намын анхны эмэгтэй даргаар сонгогдож байсан бол таван жилийн дараа буюу 2005 онд Германы анхны эмэгтэй канцлераар сонгогдож энэ албан тушаалыг 2021 он хүртэл хашсан зөвхөн ХБНГУ-ын төдийгүй Европын улс төрийн нөлөө бүхий хүчтэй лидер байсан гэдгээрээ дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч билээ. Төрсөн өдөр нь тохиож буй энэ өдөр олон нийтэд ихээхэн танил намтар түүхийг гэхээсээ илүү тун удахгүй гарах гэж буй улс төрийн дурсамжийн номын талаар товч мэдээлэл хүргэе.
Энэ оны тавдугаар сарын үед олон улсын хэвлэлүүдэд ХБНГУ-ын канцлер асан улс төрд зүтгэсэн жилүүдийнхээ тухай дурсамжийн номоо гаргах товын талаар мэдээлсэн.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 17-нд 70 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаа улстөрч асан хатагтайн номын нэр нь “Эрх чөлөө, дурсамжууд 1954-2021” гэсэн нэртэй байх ба ирэх арваннэгдүгээр сарын 26-нд худалдаанд гарах аж. Мөн хэвлэлүүдэд гарсан мэдээллээр бол дурсамж номд түүний улс төрийн карьер, хувийн амьдрал, Зүүн Германд өссөн бага насны тухай өгүүлэх гэнэ. Тодруулбал, ном нь Ангела Меркель Германы канцлерийн албан тушаалаа орхин улс төрийн карьераа дуусгах хүртэл өрнөнө гэсэн үг.
Мөн Германы Bild сонины мэдээлснээр уг номыг Ангела Меркелийн Тамгын газрын дарга асан, зөвлөх асан Беата Бауман хамтран бичсэн байна. 700 хуудас бүхий номын хэвлэмэл хувилбарыг дэлхийн 30 оронд гаргана гэж хэвлэлийн газрууд мэдээлж байгаа бол аудио ном бас зэрэгцэн гарна гэжээ. Тэгэхээр 2000 оноос хойших цаг үеийн ХБНГУ-ын төдийгүй европын улс төрийн хамгийн хүчирхэг лидер байсан Ангела Меркелийн улс төрийн дурсамжийг унших цаг хугацааны хувьд тун ойрхон байна.
Дэлхийн улс төрийн түүхэнд өөрийн тод мөрөө үлдээсэн, эмэгтэйчүүдийн хувьд улс төрийн өндөр карьерын үлгэр жишээ болсон улстөрчийн номд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүстэй хийсэн уулзалтуудын талаар болон Герман Европ мөн олон улсын улс төрийн хувьд эргэлт болохуйц үр дүн авчирсан шийдвэрүүд хэрхэн гарсан талаар ч өгүүлнэ гэдэг нь тавдугаар сарын үед хэвлэлүүдэд гарсан мэдээнээс тодорхой болсон. Тэгэхээр улс төр, геополитик сонирхогч уншигчдын хувьд өнөөдрийн төрсөн өдрийн эзний ном эрэлт хүлээлт үүсгэж байгаа нь тодорхой билээ.
Эх сурвалж: www.polit.mn