Монголчууд 126 гишүүнтэй парламентаас юу хүлээх вэ

2024-07-04
Нийтэлсэн: Админ
 23 мин унших

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонголоо.  Шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, ээлжит парламентын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлээд байна.  Тиймээс “Зууны мэдээ” сонин долоодугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа 126 гишүүнтэй түүхэн парламентаас иргэд юу хүлээж байгаа тухай онцлон хүргэж байна.  СЕХ-ноос ээлжит сонгуулиар 30-39 насны иргэд өмнөх сонгуультай харьцуулахад  идэвхтэй санал өгсөн тухай  онцолсон.  Тиймээс 21 аймаг, есөн дүүргээс дээрх насны ангиллын иргэдийг сонгож ээлжит парламентын үйл ажиллагаа, өнгө төрхийг хэрхэн харж байгааг энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар"-таа онцоллоо.

 

Асуулт: 126 гишүүнтэй шинэ парламентаас сонгогч та юу хүлээж байна вэ?

 

Бүсээс сонгогдож гарснаа санаж ажиллаарай

Завхан аймгийн Улиастай сумын иргэн З.Ариунтуяа:

-Орон нутаг бүрд ижил тэнцүү хөрөнгө оруулалт хуваарлигдаж чанартай бүтээн байгуулалтууд хийгдээсэй. Мөн зам тавигдаж, боомтууд шинэ түвшинд хөгжөөсэй. Зөвхөн нутаг орноо гэлгүй алслагдсан, хөгжил нь хоцрогдсон аймгуудаа анхааралдаа авч багаараа нийлж ажиллаасай. Бүсээс сонгогдож гарснаа санаж ажилламаар байна. Олон түмний итгэлийг авч сонгогдсоноо санаж хуралдаа ирц дүүрэн, зүтгэл гаргаж ажиллах, гаргасан шийдвэрүүд нь хэдхэн сар, ойрын хэдэн жилийг аргацаах биш алсын зорилготой байж, далайцтай том шийдвэрүүдийг зоригтой гаргаж ажиллаасай гэж хүсэж байна.

 

Эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт хийгээсэй

Чингэлтэй дүүргийн иргэн М.Энхжаргал:

-Энэ удаагийн УИХ салбар салбарын төлөөллийг багтаасан байна. Тиймээс нэлээдгүй хүлээлттэй байна. Эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлтүүдийг хийх болов уу гэж харж байгаа. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг идэвхижүүлэх шаардлага бий. Түүнээс гадна дараагийн сонгуулийн хонжоо бодож ажиллаж болохгүй гэдгийг хэлмээр байна. Урт хугацаанд хэрэгжиж хүмүүст илүү өгөөжтэй байх ажлуудыг эрэмбэлж байгаад хийж хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа. Үндсэндээ энэ удаагийн парламентын гишүүд нийгмийн салбар тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү далайцтай ажиллах хэрэгтэй. Парламент хууль тогтоох байгууллага гэдэг зарчмаа алдахгүй ажилладаг болоосой гэж боддог. Энэ удаагийн парламент хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна.

 

Хүүхдийн эрхийн хуулийг сайжруулах  хэрэгтэй

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэн Г.Мөнгөнчимэг:

-“Гүйцэтгэх засаглал ажлаа хийх хүрэлцээтэй олон гишүүнтэй болсон нь таалагдаж байна. Манай улсын хөгжил гишүүдийн тоондоо биш хүндээ байгаа гэж боддог. Гэвч хоцрогдлын гол шалтгаан нь хүний хөгжилтэй холбоотой. Тиймээс ирээдүй болсон хүүхдүүдийн боловсрол, боловсролын байгууллагын чанарт чиглэсэн сайн бодлого боловсруулж, хүүхдийн эрхийн тухай хуулийг сайжруулах  хэрэгтэй байна.

 

Хүүхдүүдийн суралцах орчныг аюулгүй, тухтай болгож өгөөсэй

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн Т.Даваасүрэн:

-Би ерөнхий боловсролын сургуульд багшилдаг. Тиймээс шинээр байгуулагдаж буй Засгийн газраас сургуулийн хүүхдүүдийн суралцах орчныг илүү аюулгүй, тав тухтай нөхцөлөөр хангаж өгөөсэй гэж хүсэж байна. Их завсарлагааны цаг 10 минут байдаг. Тэгвэл энэ хугацаанд ихэнх хүүхэд ариун цэврийн өрөө орох хэрэгцээ гарна. Гэтэл энэ цөөхөн хугацаанд хэдхэн ширхэг нойлдоо дараалал үүсгэдэг. Энэ нь ариун цэвэр, цаг хугацааны хувьд ч асуудалтай санагддаг. Үүнээс гадна зарим хүүхдүүд эцэг эхээсээ илүү юманд санаа зовж, үүрэг хүлээж байгаа нь ажиглагддаг. Эх орны минь ирээдүй бол хүүхэд шүү дээ. Тиймээс тэднийг гэртээ амар тайван өсөж, сургууль дээрээ чанартай боловсрол авч, аюулгүй талбайд тоглох орчин дутуу байна.

 

Итгэл үнэртэхгүй байна

Орхон аймгийн иргэн Т.Атарбаяр:

-Шуудхан хэлэхэд, Монгол Улс асар их мөнгөний сонгууль хийж 126 гишүүнтэй боллоо. Яагаад гэвэл, тойргийг бүсчилж томсгосон учраас улстөрчид тойглож дассан тойргоосоо гарч 2-3 аймаг, дүүрэгт ажиллахад хүрсэн. Эндээс шинэ залуу улстөрчид гарч ирэхэд хэцүү байсан.

126-уулаа болсон шинэ парламентаас шударга үнэнийг хүлээх хэрэггүй гэж хувьдаа бодож байгаа. Улс орны байдал дээрдэхгүй л болов уу гэсэн иргэдийн эмзэглэл ч  байна. Итгэл үнэртэхгүй байна. Шударга ёс огт харагдсангүй. Үнэндээ ахиад дөрвөн жил бид өөрсдөө л илүү хэрсүү болцгооё гэсэн хандлага руу л орж байна даа. Эмэгтэйчүүд олуулаа гарлаа. Эдгээр хүмүүсээс ам асууж ирэх дөрвөн жилд ядаж эх хүүхдийнхээ эрүүл мэндэд ээлтэй ажиллаасай гэсэн хүлээлт байна.

 

Үүрэг, хариуцлагаа ухамсарлаж ажиллах хэрэгтэй

Сүхбаатар дүүргийн иргэн П.Одонтуяа:

-Би улс төр сонирхдоггүй. Гэхдээ нийгмийн амьдралын бүхий л асуудлыг УИХ-аас гаргаж байгаа хуулиар зохицуулж байна. Тиймээс энэ удаагийн сонгуульд орчин тойрныхноо уриалж идэвхтэй оролцсон. Залуусын бодол санаа, аливаад хандах хандлага өөр болсон байна лээ. Тэгэхээр энэ удаад сонгогдсон УИХ-ын гишүүд үүрэг, хариуцлагаа өндөрөөр ухамсарлаж ажиллах хэрэгтэй.

Эмэгтэй гишүүд олонтой болсон юм чинь хүүхэд, гэр бүлийн асуудлыг илүү анхаарах болов уу гэсэн хүлээлт байгаа. Ялангуяа хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд анхаарахгүй бол нөхцөл байдал хүнд болж байна. Хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт гээд маш олон тулгамдсан асуудлуудад шийдэл гаргах болов уу гэж харж байгаа.

 

Алслагдсан Баруун бүс рүү чиглэсэн хөгжил эхлээсэй

Говь-Алтай аймгийн Есөн-Булаг сумын иргэн Я.Одгэрэл:

-Холимог системээр сонгууль явагдаж, Бүсчилсэн тойргоос гишүүд сонгогдлоо. Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгууд буюу Баруун бүсийн II тойрогт 114 хүн нэр дэвшиж 10 мандатаар 10 гишүүн сонгогдлоо.

Тэд нэг хэсэг нь мөрийн хөтөлбөр ярьж, нөгөө хэсэг нь зорилго нэг бодлого ярьж сонгогдож гарсан. Говь-Алтай аймгаас сонголт хийсэн хүний хувьд алслагдсан хоцрогдсон баруун бүс рүү чиглэсэн хөгжил ирэх дөрвөн жил харагдаж эхлээсэй гэж хүсэж байна.

 

Эв нэгдлийг бэхжүүлэхэд эвслийн Засгийн газар бүрдүүлэх чухал

Дархан-Уул аймгийн харьяат сэтгүүлч, зураач Ө.Рагчаасүрэн:

-Хүмүүсийн дунд эвслийн Засгийн газар байгуулна гэсэн яриа байна. Хүн бүр өөр өөрийн байр суурьтай. Зарим хүмүүс эвслийн Засгийн  газар байгуулах нь буруу гэж харах нь ч бий. МАН дангаараа Засгийн газраа байгуулж бусад нам нь сөрөг хүчин байх ёстой гэж байна. Туршлагатай боловсон хүчнүүд хэлэхдээ эвслийн Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Эв нэгдэлгүй байдал хөгжлийг хойш татдаг.  Тиймээс эв нэгдлийг бэхжүүлэхэд эвслийн Засгийн газар бүрдүүлэх ёстой. Учир нь намууд мөрийн хөтөлбөр гаргаж сонгуульд өрсөлдсөн болохоор  бодлогоороо уралдаж байгаа. Нам бүрд ач холбогдолтой чухал зорилго багтсан нь тодорхой. Зорилтуудаа нэгтгэж хэлэлцээд хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ жилийн сонгууль бүсчилсэн байдлаар зохион байгуулагдлаа. Манай Дархан-Уул аймаг төвийн бүсэд багтсан. Төвийн бүсийн онцлог  үйлдвэрлэл, хөдөө аж ахуй голлодог. Цаашид бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа хөгжүүлээсэй гэж хүсэж байна.

 

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн  хэмжээг нэмэхэд анхаараасай

Багахангай дүүргийн1 дүгээр хорооны иргэн Г.Отгонжаргал:

-Төр засаг маань шинээр төвхнөлөө. Иргэдийн амьдрал сайнгүй байгаа энэ үед төрийн түшээгээр сонгогдсон хүмүүст том үүрэг оногдож буйг эрхбиш мэдэж байгаа биз ээ. Бид ажилтай орлоготой байх гэж өдөр бүр эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа ч цалин  хөлс амьдралд хүрэлцэхгүй байна. Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ ч хэтэрхий бага байна. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийн  хэмжээг нэмэхэд анхаарч ажиллаасай гэж хүсэх байна.

 

 

Газрын дахин төлөвлөлт, гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч өгнө үү

СХД-ийн 31 дүгээр хорооны иргэн О.Ариунзаяа:

-Би ердөө гуравхан зүйл хүсмээр байна. Улаанбаатар хот бол  зөв зохистой шийдлээр өргөжих, хөгжих боломжтой хот. Гэтэл өнөөдөр шуудхан хэлэхэд нийслэл хот маань  хоёр хуваагдчихсан, гэр хороолол, орон сууцныхан гэсэн тодотголтой болсон. Хотын хүн амын 70 орчим хувийг бүрдүүлж байгаа гэр хороололд дахин төлөвлөлт бараг зогссон.  Сүүлийн 10 жил ямар ч төлөвлөгөөгүй тэлж байна. Тиймээс нэгдүгээрт,  газрын зөв зохистой дахин төлөвлөлт, гэр хорооллын дэд бүтэц, шугам шүлжээний төлөвлөлтөд инженерийн шийдэлтэй, тодорхой төлөвлөгөө зориготой хөгжүүлж өгнө үү. Хоёрдугаарт, ЖДҮ, бизнес эрхлэгчдээ сайн дэмжээд, татварын дарамтаас чөлөөлж өгөөсэй гэж хүсэж байна.  Гуравдугаарт, зөвхөн газар олголтыг харахад л Улаанбаатар хотод ямар их авлига хээл хахууль, хувийн ашиг сонирхол нүүрлэснийг харж болно. Хотын иргэд чөлөөтэй зорчих, агаарлах газаргүй болсон. Улаанбаатар хот өөрөө гадна талаасаа хашигдаж хумигдаж байгааг харж болно.

 

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг дээдэлсэн, ээлтэй ажлууд хийгээсэй

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Д.Дашмаа:

-Шинээр бүрдсэн парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл олноор орж ирсэнд талархалтай хандаж байна. Тиймээс жендэрийн эрх тэгш байдлыг хангасан шийдвэрүүдийг энэ парламентаас хүлээж байгаа. Гол нь энэ шийдвэр нь амьдралд ойр, хөрсөн дээр буусан,  хүндээ хүрдэг, өгөөжтэй ээлтэй хэрэгжүүлж болохуйц  ажлууд байгаасай гэж хүсэж байна.  Эрх тэгш байж хүний эрх, эрх чөлөө хангагдана. Хүүхэд, ирээдүй  хойч үе рүүгээ  чиглэсэн шийдвэр гаргаж, Засгийн газар нь тэр ажлуудыг нь  дорвитой хэрэгжүүлээсэй.  Хүүхэд эмэгтэйчүүдийг эрх ашиг, нэр төр, үнэ цэнийг өсгөсөн ээлтэй нийгмийг бүрдүүлээсэй.

 

Говьд ус авчраасай

Дундговь аймгийн иргэн Ц.Гурвантамир:

-Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагаа орон нутагт амжилттай болж өндөрлөлөө.  Говиос сонгогдсон гишүүд маань говьд ус авчирна гэсэн үзэл санааг дэвшүүлж олонхын санал авсан.  Энэ үзэл санаа хэрэгжээсэй. Монгол Улс байгаль, экологийн асуудалдаа анхаарах хэрэгтэй. Тухайлбал, говь усгүй болчихлоо. Өмнөговийн Цогтцэций суманд гэхэд 400 метр ухаад ус гарч ирэхгүй байна.  Өмнө нь говийг устай болгох “Хэрлэн тоонот” төслийг хэрэгжүүлэх талаар яригдаж байсан ч одоо хүртэл үр дүнтэй төсөл хөтөлбөр гэж алга.  Монгол Улс экологийн тэнцвэр алдагдсан есөн орны нэг. 2028 онд усгүй болох орны тоонд багтаж байна.

 

Нийгмийн аль ч давхаргын иргэн парламентад суух боломжийг нээж өгч байна

Дорноговь аймгийн иргэн Нийгмийн ухааны зөвлөх багш Г.Ганбаяр:

-Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болж байна. Энэ нь олон эерэг үр дагавар авчрах байх. Мөн энэ парламент мажоритар болон пропурционал тогтолцоогоор бүрдэж байгаа учир хууль тогтоох үйл явц аль нэг нам, бүлэглэлийн нөлөөнд автахгүй байж, шийдвэр гаргах түвшинд олон талын байр суурийг хангах байх. Мөн цаашид нийгмийн аль ч давхаргын иргэн парламентад суух боломжийг нээж өгч байна. Харин парламент дахь намын бүлгийн байр суурьт өөрчлөлт орж, олон ургалч парламент байхаар харагдаж байна. Нөгөө талдаа парламентын ирц асуудал дагуулсаар ирсэн. Хууль тогтооход парламентын гишүүдийн 4/3 нь байж хууль баталдаг. Харин 128 гишүүнтэй болсноор ирц хүрэхгүй байх асуудал үүсэх эрсдэл байна гэж харж байна.          

 

Хөгжлийн бэрхшээлтэй 110 мянга орчим иргэн бий

Хан Уул дүүрэг, XV хорооны иргэн М.Нэргүй:

-УИХ-ын гишүүд дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгогдсонд  баяртай байна. Салбар салбарын төлөөлөл сонгогдсон учраас 2024 оны сонгуулийг үр дүнтэй боллоо гэж харж байна. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, хөл муутай иргэн.  Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, мөн  таксинд явдаг ч Монголын нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйлчилгээ хомс байдаг учраас амьдрахад амаргүй байна.  Мэдээж, бидний ард гэр бүл, үр хүүхэд бий. Аав ээж, ах дүүс бий.  Амьдралдаа ч ах дүүс, аав ээждээ ч тус нэмэртэй явахыг хичээдэг. Гэтэл ажлын байр хомс. Хөл муутай,таягтай, тэргэнцэртэй иргэнд тохирсон ажил үйлчилгээ байтгуай барилгын шийдэл ч хомс. Боловсрол соёл болон эрүүл мэндийн үйлчилгээ бараг хаалттай шахам байдаг. Харсан, харилцсан хүмүүс нь нүд үзүүрлэх, гадуурхах хандлага бүр газар авсан. Ийм нийгмийг өөрчилж өгөөсэй гэж хүсэж байна. Монголд ойролцоогоор 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 60 мянга орчим нь эрэгтэй. Улаанбаатар хотод ойролцоогоор 40 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 20 мянга орчим нь эрэгтэй.

 

Хүмүүс рүү чиглэсэн ажил хэрэгжүүлбэл улс хөгжинө

Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат аймгийн өсөх начин Б.Сундуй: 

-Шинээр УИХ-д орж байгаа гишүүд тойрогтоо түлхүү ажиллана гэсэн хүлээлттэй байна. Хамгийн гол нь иргэдэд ээлжтэй, зохистой хууль батлах нь чухал. Хүмүүс рүү чиглэсэн ажил хэрэгжүүлбэл улс  хөгжинө. Миний хувьд Баян-Өлгий аймагтаа ажиллаж, амьдардаг. Иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудал олон. Наад захаас дурдвал машин зам. Бид орчин үетэйгээ нийцэж хөгжил цэцэглэлт дүүрэн орчинд амьдрах эрхтэй. Аймаг, сумыг холбосон засмал замтай болбол хөгжил нэг алхмаар урагшилж байгаа гэсэн үг. Орон нутагт ажлын байр хомсдолтой байгаа учраас залуус хотод ажиллаж байна. Тиймээс бодлогоор аймаг, суманд ажлын байр нэмэгдүүлэх хэрэгтэй.

 

Тогтвортой, тэнцвэртэй, ёс зүйтэй төртэй болох байх

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Г.Дээжмаа:

-Шинэ парламент хүн хүчний хувьд олуулаа боллоо. Одоо тогтвортой, тэнцвэртэй, ёс зүйтэй төртэй болох байх гэж найдаж байна. Томоохон үйлдвэр, дэд бүтэц, бүтээн байгуулалт хийгдэж, ажлын байр нэмэгдэн, иргэдийн цалин орлогыг сайжруулах бодлого явуулаасай. Монголын ард түмний амьдралыг сайжруулах хууль батлахад анхаарч ажиллах байх.

 

Сонгодог парламент бүрдэж, бодлогын түвшинд ажиллана гэсэн хүлээлттэй байна

Ховд аймгийн Булган сумын иргэн А.Амаржаргал:

-Миний хувьд 2012 оноос хойш дөрөв дэх удаагийн сонгуульдаа оролцож байна. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдсон нь хэт улс төржих хандлага багассан гэж бодож байна. Учир нь өмнөх 76 бол зөвхөн тойргоос сонгогдож тойрогтоо хийсэн ажлаараа өрсөлддөг байсан бол энэ удаад тойрог биш Монгол Улсыг тэр чигт нь төлөөлөх 48 гишүүнийг сонгосноороо хэт улс төржилт, нутгаараа ялгардаг  байдал арилна гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна тойрогтоо ажиллах  ажил нь орон нутгийн гүйцэтгэлийн байгууллагын хийх ёстой аймаг дүүрэг доторх зам, гэрэлтүүлэг, дээвэр засвар гэх мэт ахуйн ажил руу ордог байсан бол тойрог томсож бүс болсноороо жинхэнэ сонгодог хэлбэрийн парламент болж бодлогын түвшинд ажиллах байх аа.

 

Гишүүд нэгдэж даацтай арга хэмжээ авна гэдэгт итгэж байна

Хөвсгөл аймгийн иргэн Д.Дарьсүрэн:

-УИХ-д улс төрийн таван нам багтлаа. Инженер, хуульч, сэтгүүлч зэрэг салбар салбарын мэргэжилтнүүдээс Засгийн газар бүрдэж байна. Улсаа хөгжүүлж чадах хүмүүс сонгогдлоо. Гишүүд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд боловсролын салбарт өөрчлөлт хийнэ гэж харж байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал их бий. Нийгэм рүү чиглэсэн хууль баталж, ажил авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлийг иргэдийг орон сууцжуулж, хувийн асуудлыг нь бага ч гэсэн шийдвэл зохистой. Орон нутаг ч үүнийг анхаарах хэрэгтэй болов уу. Хотын иргэдэд тулгамдаж байгаа асуудал нь утаа, түгжрэл, хөрсний бохирдол. Үүнд гишүүд нэгдэж даацтай арга хэмжээ авна гэдэгт итгэдэг. Манай Хөвсгөл аймгийн Мөрөн хот хөгжилд тулсан сайн биш. Дулаан буюу халаалтын асуудлыг  шийдвэл иргэдэд таатай байна.

 

Лоббинд автахгүйгээр ажиллана гэдэгт итгэж байна

Налайх дүүргийн иргэн Д.Батчимэг:

-Эрх мэдлийн давуу байдлаа халж хууль батлах ажилдаа анхаарал хандуулах болов уу. Түүнчлэн эв эеийг эрхэмлэн лоббинд авахгүйгээр ажиллана гэж итгэж байна. Нөгөөтэйгүүр хууль тогтоох дээд байгууллага жинхэнэ утгаараа ажиллах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Нийгмийн сайн сайхан оршин тогтнохын үндэс нь гэр бүл учраас гэр бүлрүү чиглэсэн ээлтэй хуулиудыг даруй санаачилж батлах зайлшгүй шаардлага бий. Мэдээж батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газарт хяналт тавьж ажиллана гэж бодож байна. Энэ удаагийн парламент 32 эмэгтэй гишүүнтэй нь өнгөрсөн УИХ-аас ялгаатай. Нөгөөтэйгүүр хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлыг илүү анхаарч нийгэм рүү чиглэсэн ажлуудыг эрчимжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна

 

Тойргоос сонгогдсон гишүүддээ илүү итгэл хүлээлгэсэн

Төв аймгийн Зуунмод сумын V багийн иргэн Н.Оюун-Эрдэнэ:

-Олон намын төлөөллөөс бүрдсэн УИХ-тай болсонд баяртай байна. Манай аймагт ажлын байр ховор, намаар талцах нь их байдаг. Тиймээс эдгээр асуудлууд дээр сонгогдсон гишүүдийг анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Тойргоос сонгогдсон гишүүддээ илүү итгэл найдвар өгч, сайн ажиллана гэсэн хүлээлттэй байна.

 

Орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого баримтлаасай 

Баянхонгор аймгийн сайн малчин Ж.Гандэлгэр:

-Хөдөө орон нутгийн дэд бүтцэд онцгой анхаараасай. Тэр тусмаа сум, багуудын хөгжил рүү чиглэсэн бодлого боловсруулж, ажил хэрэг болгоосой гэж хүсэж байна. Ноос болон бусад түүхий эдийг боловсруулах үйлдвэр барьж, залуучуудыг ажлын байраар хангах хэрэгтэй. Байгаль орчныг доройтуулж буй зөвшөөрөлгүй уурхайн үйл ажиллагааг хааж, байгалийн баялгаа ухах бус иргэдийнхээ боловсролд анхаарч үнэ цэн бүтээгээсэй. Эмзэг экологийн систем, гол горхио хамгаалах ажлыг зохион байгуулалттай нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Бие даасан, хүчтэй сөрөг хүчинтэй парламент байгаасай

Флоренцийн их сургууль, Философийн магистрант Б.Пүрэвнамжил:

-Шинэ парламентаас нэгдүгээрт, тэнцвэртэй оролцоо ирнэ гэж харж байна. Нийгмийн бүлгүүдийн эрх тэгш оролцоог дэмжиж тэдний дуу хоолойг өнгөрсөн жилүүдээс илүүтэй тусгах хоёрдугаарт, хүчтэй сөрөг хүчнийг хүлээж байна. Сонгуулийн санал асуулгаар болон жагсаалтаар орж ирж байгаа гишүүд хүчтэй сөрөг хүчнийг бүрдүүлээсэй. Гуравдугаарт, илүү бие даасан хараат бус парламентын тогтолцоогоор дамжуулан Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих нөхцөл бүрдэнэ. Тиймээс илүү хараат бус парламент бүрдэнэ гэж харж байна

 

Нам гэж талцахгүйгээр мөрийн хөтөлбөртөө анхаарч ажиллаасай

Багануур дүүргийн иргэн Т.Дарь-Эхсүрэн:

-Энэ парламентад гишүүдийн тоо олон байгааг эерэг талаас нь харахыг хичээж байгаа. Илүү олуулаа, илүү хүчтэй, илүү олон санал санаачилгуудыг гаргаж ажиллах байх гэж бодож байна. Өмнөхөө үгүйсгэж биш үргэлжлүүлэн дэмжиж, нам гэж талцахгүйгээр мөрийн хөтөлбөр, том төслүүддээ анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Мөн орон нутаг болон хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах тал дээр дорвитой ажил хийх хэрэгтэй байна.

 

Төрийн тогтолцоо гэдэг удам дамждаг сүлжээ биш

Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны иргэн О.Мягмар:

-Эхлээд шинэ Засгийн газартаа амжилт хүсмээр байна. Биднийг төлөөлж олон залуу үеийн төлөөлөл болсон чадварлаг, мэдлэгтэй залуус парламентад суухаар болсонд олзуурхаж байгаа. Хамгийн чухал нь засаг бүрдүүлэхэд салбар бүрд нь яг мэргэжлийн хүмүүсийг томилоосой гэж хүсэж байна. Түүнээс хэн нэгэн том албан тушаалтны танил, цаашлаад улстөрчдийн үр хүүхдээр бүү дүүргээсэй. Төрийн тогтолцоо гэдэг удам дамждаг сүлжээ биш. Мөн иргэн миний бодлоор шинэ Засгийн газар хамгийн түрүүнд эрүүл мэнд болоод боловсролын салбарт анхаарч ажиллаасай. Өвчин гэдэг хэлж ирдэггүй. Монгол Улсын иргэн эмчилгээ хийлгүүлэхийн тулд олон цагаар дугаарладаг, шалан дээр хэвтдэг байдлыг халж, бүх хүн ямар ч хүндрэлгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болгомоор байна. Мөн боловсролын хүртээмжийг ижил тэгш хуваарилдаг болоосой. Зөвхөн өндөр төлбөртэй, сайн сургууль гэсэн тодотголыг байхгүй болгож, шат шатны бүх сургууль яг ижил түвшинд мэдлэг олгодог бол Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байх болов уу.     

 

Түмнээ төлөөлж сонгогдсон гишүүд богино хугацаанд чадавхжих хэрэгтэй

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ахмад настан Л.Булгамаа:

-Засгийн газар бол хууль тогтоох байгууллага. Мөн хуулиудын хоорондын уялдаа их чухал. Одоо зарим хуулиуд нь хоорондоо зөрчилдөж байгаа. Өөрөөр хэлбэл хуулиуд нь хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Тухайлбал, газар тариалангийн хуульд малчдын эрх ашиг зөрчигдөж байна.  Малчдын тухай хуулиар газар тариалангийн эрх зөрчигдөж байгаа юм. Мөн Засгийн газар, агентлагуудад ажил үүргийн давхардал бий. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Одоогийн Засгийн газар, гишүүд энэ асуудлуудад анхаараасай гэж бодож байна. Орон нутгийн газар, байгалийн баялаг, засаг захиргаа, орон нутгийн иргэдийн нийтийн хуралд өөрчлөлт оруулаасай. Энэ удаагийн их хуралд шинэ хүмүүс харьцангуй олон багтлаа. Тиймээс УИХ-д түмнээ төлөөлж сонгогдсон гишүүд богино хугацаанд чадавхжиж, хариуцлагатай, бүтээлч байх нь чухал.

 

Цаашдын зөв замаар алхах суурийг нь тавиасай

Хэнтий аймгийн Баян адарга сумын иргэн Ц.Чойжамц:

-Энэ жилийн ес дэх удаагийн парламентаас өндөр хүлээлттэй байна. Өнөөгийн нийгэмд эрүүл мэнд, боловсрол, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, авлигын индексээрээ ухарсан байдалтай байгаа. Энэ бүх ужиг асуудлыг өнөөдрийн парламент дөрвөн жилийн хугацаанд засахад хүндрэлтэй ч бүү дордуулаасай гэж хүсэж байна.  Бэлчээрийн нутгийн 76 хувь цөлжилттэй учир байгаль орчин, малчдад тулгамдсан асуудал болж байна. Тиймээс бэлчээрийн тухай хуулийг хуульчилж, олон нийт, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгаж өгөөсэй. Мөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж харлаа. Тойрог болох зарчим нь аль нэг аймгаас огт төлөөлөгч сонгогдохгүй байх тохиолдол үүсгэлээ. Эдгээр бүх асуудлыг дөрвөн жилийн хугацаанд шийдэх боломжгүй ч гэлээ цаашдын зөв замаар алхах суурийг тавиасай гэж хүсэж байна.

 

Мөрийн хөтөлбөрт тусгаснаа ажил хэрэг болгоосой

Өмнөговь аймгийн Мандал овоо сумын иргэн Г.Гансүх:

-Тойргоос гарсан гишүүд мөрийн хөтөлбөртөө тусгасан говь нутгаа устай болгоно гэснээ ажил хэрэг болгоосой гэж бид хүсэж байна. Мөн орон нутагтаа залуучууд ая тухтай амьдарч, ажиллах нөхцөлийг  сайжруулахад чиглэсэн бодлого шийдвэр хэрэгжүүлээсэй.

 

Иргэдийн урмыг битгий хугалаасай

Архангай аймгийн Цэцэрлэг хотын иргэн С.Пүрэвдулам:

-Энэ жилийн сонгууль улс орны хувьд шинэ байлаа. Түүнийгээ дагаад бас их хүлээлттэй байна. Хүн болгон л УИХ-д шинэ салхи сэвэлзүүлэхийг хүссэн байх. Орон нутагт амьдардаг миний хувьд ч сонголтоо зөв л хийх юм сан гэсэн бодол тээсэн. Иргэд бид сонгох эрхтэй ч бас хариуцлагатай байх ёстойг энэ жилийн сонгуулиас илүү мэдэрсэн. Одоо парламент маань мэдээж сонгогч түмний сонголтыг хүндэтгэж, сайн ажиллаасай гэж хүсэж байгаа. Их хүлээлттэй байна.  Иргэдийн урмыг битгий хугалаасай гэж бодож байна. Сонгогдсон болон жагсаалтаар орсон гишүүдэд туршлагатай, магадгүй туршлагагүй ч боловсролтой  залуучууд байсан. Туршлагатайгаас нь ч хүлээлт өндөр байна.

 

Хүнээ бодсон олон хууль батлаасай

Австралийн Сиднейд хотод амьдардаг иргэн Ч.Даваадулам:

-Энэ жилийн сонгууль урьд жилийн сонгуулиудаас өөр боллоо. Тодруулбал, том тойргоор олон хүн өрсөлдөж 126 шинэ гишүүнтэй парламенттай болж байна. Нийгмийн олон төлөөлөлтэй байгаа нь таалагдаж байгаа. Зөвхөн нэг намын засаглал бус олон сөрөг хүчинтэй байгаа учир хулгай, авлигал багатай байх болов уу гэж бодож байна. Хүнээ бодсон олон хуулиуд батлагдаасай гэж хүсэж байна.

 

Шинэ хархорум хот сүндэрлэнэ гэдэгт найдаж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Ц.Уранчимэг:

-Түүхэн сонгуулийг Монгол Улс амжилттай зохион байгуулж чадлаа.  Бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан нь онцлог байв.  Манай нэгдүгээр тойргийг нэр дэвшигчдийн хувьд “Шинэ Хархорум хот байгуулах асуудлыг нэлээд ярьж амласан.  Хэдийгээр тэд сонгуульд ялалт байгуулаагүй ч МАН  ерөнхий хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана гэж  найдаж байна.  Энэ чиглэлээр шинэ парламент шийдвэр гаргаж, манай бүсээс сонгогдсон гишүүд маань идэвх санаачилгатай ажиллаасай.

 

Эх орондоо үлдэж, сэтгэл хангалуун амьдрах боломжийг нээж өгөөсэй

Герман улсын Сингэн хотод амьдардаг Э.Тунгалагтуяа:

-Монгол залуучууд гадагшаа явахыг мөрөөдөж байна. Энэ нь үе үеийн Засгийн газар, парламенттай холбоотой. Харин энэ парламент 126 гишүүнтэй, нийгмийн олон төлөөлөлттэй бүрэлдэж байна. Зүй тогтол өөрчлөгдөж улс орны маань нөхцөл байдал сайжрах байх гэж бодож байна. Эх орондоо үлдэж, сэтгэл хангалуун амьдрах боломжийг нээж өгөөсэй. Тодруулбал, орон нутгийн хөгжлийг сайжруулж, ая тухтай амьдрах боломжийг бий болгоосой.

 

Хүн төвтэй бодлого хэрэгжүүлээсэй

Баянзүрх дүүргийн иргэн Г.Дэлгэрцэцэг:

-УИХ-ын 126 гишүүнтэй шинэ парламент нь ирэх дөрвөн жилд хүн төвтэй бодлого боловсруулах, иргэд эх орондоо аюулгүй, амар тайван, элбэг хангалуун амьдрах боломжийг бий болгоход анхаарч ажиллаасай гэж бодож байна. Тэр ч утгаараа энэ удаагийн сонгуульд иргэд 60 гаруй хувийн ирцтэйгээр сонгуульд оролцож саналаа өгсөн гэж бодож байна.

 

Боомтын хөгжлийн бодлогууд үргэлжлээсэй

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын иргэн П.Нямжаргал:

-Энэ удаагийн сонгууль бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдсан нь  оновчтой боллоо. Манай нутаг бол газар тариалангийн гол бүс байдаг. Тиймээс гишүүд маань ер нь энэ чиглэлд анхаарч ажиллахаа амласан.  Мөн боомтын хөгжлийн гол бүс гэдгээрээ онцлог.  Алтанбулаг боомтыг хотын статусаар хөгжүүлнэ гэсэн бодлогоо хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 131 (7375)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин