Амжилтаа дархалсан даян мэргэн

2024-07-01
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

Үндэсний хувцсаараа гоёсон харваачид сурын талбайд эвэр нумаа эвшээлгэн татах нь  хийморьтой. Тэд эрт үеэс өвлөгдөж ирсэн баялаг түүхтэй спортоо олонд таниулж, түгээн дэлгэрүүлж яваа нь энэ. Цэц мэргэнээ сорин өрсөлдөхийг нь харах баяр, бахдал төрүүлдэг. Өв соёлыг хадгалсан ууган спорт болох сур харваа 2000 жилийн түүхтэй билээ. “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахиур” багийн харваач, улсын даян мэргэн, спортын мастер Ө.Хатанболорыг урилаа. Түүнийг эвэр нумаа эвшээлгэн татахад мөнх тэнгэр цэлмэж, талын салхи зөөлөн илбэж, шувуудын ганганаа намжиж, хүмүүний сэтгэл тайтгардаг.

 

Харваачдыг төрүүлж өсгөсөн  ижий аав

Ө.Хатанболорын аав Л.Өрнөх нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. 10 гаруй жил сур харваагаар хичээллэж, тэмцээнд оролцож 1999 онд спортын дэд мастер цол хүртсэн гэдэг. 

Нийтлэлийн баатар Ө.Хатанболорын аав Л.Өрнөх нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. Найранд гурван дуутай чадахгүй зүйлгүй авьяаслаг, хөдөлмөрч хүн байжээ. Үүнээс гадна шагай болон сурын спортоор хичээллэж үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлалтай сайн аав байсныг охин нь онцлов. 10 гаруй жил сур харваагаар хичээллэж, тэмцээнд оролцож 1999 онд спортын дэд мастер цол хүртсэн гэдэг. Аавынхаа тухай Ө.Хатанболор “Миний харвааг үзээгүй их залуугаараа бурхны оронд заларсан. Одоо байсан бол охиныхоо амжилтаар бахархаж, хажууд минь зааж зөвлөх байсан” хэмээн уртаар санаа алдав. Гэхдээ л аавынхаа дутууг гүйцээж спортоор хичээллэж амжилтад хүрсэн нь үгээр хэлэмгүй жаргал өгсөн байх. Харин ачлалт ээжийг нь Л.Ягаанцэцэг гэдэг. Ажилсаг, хөдөлмөрч бүсгүй байжээ. Гурван хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн байна. Том хүү Ө.Идэрчулуун нь мөн л сур харваагаар хичээллэдэг. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, боловсролд анхаарсан бөгөөд тэд ээжээсээ бусдыг хайрлах их ухааныг суралцсан гэнэ. Ө.Хатанболор зуны амралтаараа хөдөө явах дуртай, өвөө эмээдээ очиж тусалдаг охин байв. Эрх танхи хэдий ч сэтгэлийн хаттай, дайчин зантай. Мэдээж ахтай учраас эршүүд өссөн байх нь. Анх сур харваагаар хичээллэх тухайгаа ээждээ дуулгахад ихэд дурамчхан хүлээж авчээ. Эмэгтэй хүнд тохиромжгүй, эрдэм номд суралц гэж хэлсэн удаатай.

 

Сур харваагаар 11 жилийн өмнөөс хичээллэжээ

 

Ө.Хатанболор одоогоос 11 жилийн өмнө сур харваагаар хичээллэжээ. Түүний гэр бүлийнхэн нь спортын хүмүүс учраас тэднээсээ үлгэр дуурайлал авч тамирчин болсон түүхтэй. Анх улсын мэргэн Д.Цэцэгийн зөөлөн нумаар харвааны техникийг сурчээ. Даян мэргэн Ц.Баасанхүү нь Ө.Хатанболор болон гэр бүлийн хүнийх нь багш. Түүний хувьд улсад хоёр удаа түрүүлж, долоон удаа үзүүрлэсэн байдаг. Тэрээр Ө.Хатанболорт хандаж “Тогтоосон харвааг гаргахад хэцүү. Харин тогтоогүй харваа гарахад амархан. Тиймээс үндсэн харваагаа сайн тогтоох хэрэгтэй”  гэж зөвлөдөг ажээ.

Ө.Хатанболор анх нумаа дийлдэг болохсон гэсэн хүсэлтэй байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам зорилго нь томорч, амжилт нь зузаарчээ. Энэ хугацаанд 70 гаруй алт, мөнгөн медаль “цуглуулсан”. Анх 2014 онд Өмнөговь аймгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон гэдэг. Энэ үедээ 40 сумнаас долоо онож, илүү хичээх сэдэл авсан байна. Олон тамирчны үлгэр дуурайлал авдаг улсын мэргэн Д.Цэцэг сайхан тоо байна хэмээн бэлгэшээж ерөөлийн үг хэлж л дээ. Энэ ерөөлөөр үү эсвэл хувь тохиолоор уу долоодугаар зурхайд хариуцлагатай сумаа онилж улсын мэргэн цолны болзол хангасан удаатай. Долоогийн тоо магадгүй түүнийг ивээдэг ч байж мэднэ.  

Сурын тамирчид шударга, дайчин зантай байх нь бий. Даян мэргэн  бүсгүй үндэсний спортод суралцахдаа тэвчээр хатуужил, бусдыг хүндлэх ухаан, хүнлэг байхыг сурчээ. Мөн монгол дээлээ ёс журмынх нь дагуу  өмсөхийг уламжлалт спортоос суралцах боломжтой. Түүнээс спортынх нь сайхан талыг асуухад “Үндэсний хувцсаараа гоёж нумаа татаж, байг онилох мэдрэмж сайхан” гэсэн юм. Үндэсний сур харвааны тамирчид ихэвчлэн дөрвөн сараас бэлтгэлдээ гардаг. Энэ жишгээр өдгөө Дундговь аймгийн тамирчид болон “Цахиур” баг Өлзийт хороололд бэлтгэлээ базааж байгаа аж. Тус багийн ахлагчаар спортын мастер, аймгийн мэргэн Г.Мөнхсайхан ажилладаг. Багийн нэрээ “Цахиур” хэмээн нэрлэсэн нь улсын наадамдаа одтой наадаж цахиур хагалахыг бэлгэдэн ийн нэрлэжээ. Тэд томоохон тэмцээнд нэгэн зорилго дор нэгдэж, амжилт гаргах нь олон. Саяхан гэхэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан сур харвааны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг цом өргөжээ. Дундговь аймгийн сур харвааны тамирчид  нэг зорилготой, биесээ хүндэлдэг, эерэг энергиэр цэнэглэгдсэн хамт олон гэдгийг тамирчид хэлдэг бас үнэлдэг юм билээ.

 

Төрийн наадамд хоёр удаа түрүүлжээ

Өнгөрсөн оны наадмаар 38 онож түрүүлэхдээ улсын даян мэргэн цолоор амжилтаа ахиулсан байна.

Аливаа амжилтын ард олон хүний тус, үүрэг оролцоо бий. Төрийн наадамд гаргасан түүхэн амжилтаа “Мэдээж миний хичээл зүтгэл байлгүй яахав. Гэхдээ арыг минь даадаг гэр бүл, бэлтгэлийн хамт олны үүрэг их бий” хэмээн талархлаа илэрхийлэв. Түүний хувьд 2017 онд 32 онохдоо спортын мастер цолны болзол хангасан бол 2019 оны төрийн наадамд 40 сумнаас 37 онож улсын мэргэн цол хүртсэн. Тус амжилтыг гаргасан аймгийнхаа анхны эмэгтэй харваач болж түүхэнд мөнхрөв. Нутгийн харваач бүсгүйчүүдээсээ онцгойрч амжилтад хүрсэн нь бахархалтай. Өнгөрсөн оны наадмаар 38 онож түрүүлэхдээ улсын даян мэргэн цолоор амжилтаа ахиулсан байна. Энэ тухайгаа “Үндэсний спортоор хичээллэж байгаа эмэгтэй олон бий. Тамирчин бүр улсын наадамд түрүүлж цол авахгүй. Би өөрийгөө хувьтай байна гэж битүүхэндээ бодсон. Анх улсын наадамд түрүүлэхдээ улсын мэргэн цолоо баталж, ахиулах хүсэлд хөтлөгдсөн. Харин өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн харьяат даян мэргэн Б.Пунсалдуламтайгаа оноо тэнцэж, товх харваанд сум уралдуулсан. Төрийн наадмын харваандаа түрүүлээд Ерөнхийлөгчөөс даян мэргэний тэмдэг, батламжаа гардаж аваад наадамчидтайгаа баяраа хуваалцах үгээр хэлэмгүй онцгой мэдрэмж юм билээ. Энэ үеэ эргээд дурсах сайхан байна шүү” гэлээ. Улсын наадмын өглөө догдлол дүүрэн байдаг ажээ. Гэхдээ сэтгэлээ тайван байлгаж, амралт сайтай байхыг илүүд үздэг. Наадмын зурхайг зорихдоо цолоо батлан ахиулах их хүсэл тээж очдог ажээ.  Төрт ёсны баяртаа сумаа уралдуулах нь их жаргалыг мэдрүүлдэг хэмээн  ярих нь дулаан энерги, дүүрэн сэтгэлтэйг нь илтгэнэ. Жил бүрийн харваа нь харилцан адилгүй. Тухайн өдөр болон биеийн онцлог, сэтгэл зүйгээс  амжилт шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийнх нь тохироо бүрдэж л одтой нааддаг гэж ойлгож болох. Ө.Хатанболор аливаа тэмцээнийг зорихдоо амжилт гаргана гэж бодохоосоо илүүтэй сэтгэл зүйгээ бэлдэхийг хичээдэг байна.  Дурлаж сонгосон спортоосоо шилдгүүдээ өрсөлдөж 16-т үлдэх бүрдээ талархахгүй байхын аргагүй мэдрэмжийг авдаг ажээ. Мөн төрж, өссөн нутаг, аавын нэр, алдраа дуудуулах бүрдээ хүч сэлбэдэг байна. 

 

Мартахын аргагүй тэмцээн 

 

Тэмцээн бүр өөрийн гэсэн онцлогтой. Зарим нь тамирчдад урам өгч, жигүүр ургуулдаг. Улсын мэргэн Б.Дашзэвэг улсын наадамдаа одтой сайхан наадаж 2018 онд түрүүлж цолоо хүртсэн. Ингэхдээ 1000 харваачийг цуглуулж Эрээн нуурын эрэг дээр өрсөлджээ. Энэ үед Ө.Хатанболор хоёрдугаар байр эзлэхдээ урам авч, цаашдын замналаа гэрэл гэгээтэйгээр харсан гэдэг. Хамгийн өндөр оноо авсан анхны тэмцээн энэ буюу. Үүнээс гадна хичээх шалтгаан болсон нь Завхан аймгийн Яруу суманд зохион байгуулсан тэмцээн. 40 сумнаас 24 онож тэргүүн байрт шалгарахдаа анхны алтан медалиа авчээ. Даян мэргэн энэ медалиа хайрлаж, эрхэмлэн дээдэлдэг. Арга ч үгүй биз. Холын замыг нь гийгүүлж, хосгүй амжилтыг дагуулсан учраас тэр болов уу. Үндэсний спортоо түгээн дэлгэрүүлж яваа түүнд түмний хайр, хүндлэл мэдрэгддэг. Яруу найрагч О.Гончигдорж  авьяас билиг, хичээл зүтгэл, амжилтыг хуваалцаж “Цахиурын тод оч” хэмээх утга төгөлдөр, уянгалаг шүлгийг бичиж өгчээ.

 

Даян мэргэний хайр дүүрэн гэр бүл

Дайчин бүсгүйн халамжит ханийг М.Чинбат гэдэг бөгөөд спортын мастер цолтой. Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж буй дэд хурандаа.

Дайчин бүсгүйн халамжит ханийг М.Чинбат гэдэг бөгөөд спортын мастер цолтой. Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж буй дэд хурандаа. Тэрээр Ө.Хатанболороос нэг жилийн өмнө сур харваагаар хичээллэжээ. Тиймээс сур харвааг сонгоход нь дэм өгч, зааж чиглүүлсэн аж. Ингэхдээ анхан шатны техникийг нь сургаж, эргэлт буцалтгүй “дурлуулсан” гэдгийг даян мэргэн нүдэндээ инээмсэглэл, сэтгэлдээ талархал тээж ярих нь дэндүү гэгээн дулаахан мэдрэмж төрүүлсэн юм. Хань нь түүнд сэтгэлийн дэм өгч, спортоор хичээллэхийг зөвлөөгүй бол үндэсний сур харваагаар хичээллэхгүй байсан хэмээн хэлэв. Нэг гэр бүлийн хоёр хоёул тамирчин байх нь олон давуу талтай. Нэгнээ ойлгож, хүндэлнэ. Энэ чинээгээрээ амжилт тосож ирдэг. Харин ар гэрийн ажил, хүүхдүүд нь орхигдох талтай ч ээж, ах дүүс нь тусалдаг гэдгийг хэлж байсан юм.

М.Чинбат, Ө.Хатанболор нар дунд сургуулийн сурагч байхаасаа нэгнээ мэднэ. Учир нь нэг ангид тохоо залган суралцсан түүх тэднийх. Өсөж том болоод амьдрал хэмээх аялалд гарахдаа 2008 онд гэр бүл болж, гал голомтоо бадраажээ. Нартын амьдралд өнгө нэмсэн гурван сайхан хүүхдийг төрүүлж, жаргалтай амьдралыг бүтээсэн байна. Тэдний хүү нь спортын авьяасыг нь өвлөсөн гэхэд хилсдэхгүй. Хэвлүүхэн яриатай, зөв төлөвшилтэй хүү сур харвах дуртай бас болоогүй одоогоор хоёр медальтай. Аав ээж нь хүсэл сонирхлыг нь дэмжиж сурын талбай руу дагуулж явдаг гэнэ лээ. Өөрийн гэсэн харвааны хэрэгсэлтэй бөгөөд удахгүй болох наадмаар үеийн найзуудтайгаа цэц мэргэнээ сорино. Хамгийн гоё үе байг онох гэж хариулах нь өхөөрдөм. Тэрээр аав ээжийнхээ ачийг хариулж, төрийн наадамдаа алдраа дуурсгаж, амжилтаа тунхаглах он жилүүд айсуй.   

 

Түүнд сонгосон замналынхаа оргилд нь хүрэх зорилго бий

 

Нийтлэлийн баатар маань өмнөх нумуудаа хадгалдаг. Гэрийнхээ хойморт дөрвөн нум эгнүүлэн байрлуулсан нь нүдэнд тусна. Тухайлбал, сайн харваач болоорой гэж аавынх нь бэлэглэсэн, анхных, амжилт дагуулсан гээд яривал дуусахгүй гэгээн түүхийг агуулна. Түүний нумыг урладаг мэргэн бий. 

Эмэгтэй харваачдын онцлог гэвэл ээж болсныхоо дараа сэтгэл санаа нь  тогтвортой, амжилт гаргах боломж нь бүрддэг гэдгийг хуучны мэргэчүүл хэлдэг. Энэ нь Ө.Хатанболорт мөн  мэдрэгдсэн байна. Үеэл дүү нар нь ч түүний үргэлжлэл болж үндэсний сураар хичээллэж буй. Туршлагатай харваачийн сэтгэлдээ тээж, бодолдоо тунгаадаг зүйл нь үндэсний спортоор олон хүн хичээллээсэй гэдэг их хүсэл. Үндэсний сур харвааны хөгжлийг “Анх хичээллэж эхлэхэд 300-350 харваачтай байсан. Одоо энэ  тоо өссөн. Тухайлбал, энэ жил Дорнодын улсын аваргад 1000 гаруй харваач чуулсан. Үүнээс сур харвааны хөгжлийг харж болно. Манай холбоог удирдаж байсан н.Хүрэлбаатар ах сур харвааны спортыг хөгжүүлж, дэг жаягтай болгосон гэж хардаг. Өдгөө үндэсний спорт сайхан хөгжиж байна. Тиймээс дүүргүүдэд бэлтгэл хийх, талбай гаргаад өгвөл зохистой. Тэгвэл хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлнэ. Мөн суурь хүмүүжилд нь тустай” хэмээн тодорхойлов

Сур харваа нь хүнд тэвчээрийг тултал суулгадаг онцлогтой. Өнгөрсөн хугацаанд шантрах үе бишгүй тохиож л дээ. Улсын наадамд 20 сумнаас найм оноогүй тамирчныг хасдаг. Энэ болзлыг хангаагүйгээс хасагдсан удаатай. Дараагийн тэмцээндээ өнжихөөр шийдэж ядарсан үе цөөнгүй гэнэ лээ. Хүүхдээ төрүүлэхээр зэхэж, давхар биетэй байхдаа хүсэл сонирхол, зорилгодоо хөтлөгдөж алтан зурхайдаа цэц мэргэнээ сорьжээ. Гэхдээ л тэрээр шантраагүй дайчин зангаар өнөөдрөө бүтээж чадсан. Сонгосон замналынхаа оргилд нь хүрэх зорилготой учраас хэзээ ч зурхайгаа орхиогүй. Бэрхшээл тохиолдоход даваад гарах зориг түүнд бий.  Даян мэргэний дараагийн амжилт ойрхон бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 128 (7372)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин