Б.Мөнхбадрал: Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өөриймсөг хандлага чухал

2024-07-01
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор/Ph.D/ Б.Мөнхбадралыг урьж, соёлын аялал жуулчлалын салбарын тухай ярилцлаа.

 

Дэлхийгээс ялгарах ондоошил нь үнэт зүйлээ зөв тодорхойлох

Блиц

Боловсрол:

-2009 онд Соёл судлаач, соёлын аялал жуулчлалын мэргэжилтэн

-2012 онд Нийгмийн ухааны магистр, Соёл урлагийн их сургуулийн докторантур

-2019 онд Соёл судлалын ухааны доктор

Ажилласан байдал:

-2009-2011 онд Соёл судлалын тэнхимд багш

-2011-2014 онд Соёл иргэншлийн сургууль, Соёл судлалын профессорын баг

-2014-2015 онд СУИС-ийн СУИС-ийн Соёлын сургууль, АЖЧЦ-ийн  тэнхимд багш

-2015-2019 онд СУИС-ийн Соёлын сургууль, Соёл судлалын тэнхимийн баг

-2019-2021 онд СУИС-ийн Соёлын сургууль, Соёл судлалын судалгаа, сургалтын профессорын багийн багш

-2022 оноос өнөөг хүртэл Соёл судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

-Аливаа улс үндэстэн дэлхий ертөнц дээр бусдаас ялгаатай байдлаа илэрхийлэх, “Бид бол энэ шүү” гэдгээ харуулдаг, оршин тогтнох гол үндэс нь соёлын салбар юм. Дэлхийн бүх улс оронд үндэсний ялгарал, ондоошлоо тодорхойлох нь чухал гэдгийг ойлгож, нэгдэж байна. Харин үүнийг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл нь өв соёл. Монгол Улс маш том түүхтэй, нэг үндэстэн. Түүхийн урт хугацаанд өөрийн гэсэн өвөрмөц соёлыг бүтээсэн. Тиймээс үндэсний үнэт зүйл, ижилсэл, амин чанараа энэхүү өөрсдийн өвөрмөц соёл, нүүдэлчин ахуй, бусдаас ялгаатай амьдралын хэв маяг энэ бүхэндээ үндэслэх нь гарцаагүй. Яг энэ цаг үед Монгол Улсын төрийн бодлого буюу “Алсын хараа-2050” хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ бодлогын нэгдүгээр бүлэгт “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” гэсэн бүлэг бий. Энэ агуулгыг бичих ажлын дэд хэсгийн нарийн бичгийн даргаар миний бие ажилласан. “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” гэсэн агуулгыг төрийн бодлогод тусгасан гэдэг нь өөрөө их том асуудал. Бид чинь их том үнэт зүйлтэй. Түүнийгээ үеэс үед, үрээс үрд аман байдлаар, эх сурвалжаар, гэр бүлийн хүрээнд байдаг юм уу дамжуулж ирснээс бус яг албан ёсоор төрийн бодлогын баримт бичигт бичээгүй юм билээ. Үндсэн хуульдаа бол монголчууд төрийн далбаагаа дээдэлнэ гэдэг ч юм уу дан байдлаар оруулаад байснаас өөрөөр нарийн тусгаагүй явсаар иржээ.  “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” гэсэн бүлэг 30 жилийн дараа дахин байгуулсан Соёлын яамтай салшгүй холбоотой.

Учир нь Монгол Улс төрийнхөө бодлогод энэ бүлгийг тусгасан юм бол үүнийг нь барьж хэрэгжүүлэх төрийн статустай мэргэжлийн байгууллага зайлшгүй хэрэгтэй. Тиймээс Соёлын яам байгуулагдсан. Энэ яам байгуулагдсанаар юу хийх вэ. Мэдээж нэгдүгээр  бүлэгт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх нь байна. Тэгвэл “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” гэдэг нь юу юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэхүү агуулгыг бид “Алсын хараа-2050”-д таван бүлэгт багтааж бичсэн. Үүнд үндэсний бахархал эв нэгдэл, нүүдлийн соёл иргэншилт монгол юугаараа ялгарах вэ,  монгол хэл бичгийн асуудал, нийгмийн соён гэгээрэл, дэлхийд юугаараа ондооших вэ гэсэн бүлэгт үнэт зүйлээ багтаах ёстой болсон. Тэгэхээр бид яг ямар үнэт зүйлтэй ард түмэн юм бэ. Тухайн үед СУИС-аас үнэт зүйлийн судалгаанууд их хийсэн. Энэхүү судалгааг харахад монголчууд есөн зүйлийг өөрийн үнэт зүйл гэж тодорхойлсон байна. Үүнд монгол хүн, монгол гэр бүл, төрт ёс, өв соёл, монгол хэл бичиг, эх нутаг, эрдэм боловсрол, нүүдэлчдийн ухаан, ёс суртахуун гэж багтсан. Эдгээр нь өвөг дээдсээс уламжилж ирсэн аман болон бичгэн эх сурвалжууд дээр ч үлдсэн байдаг. Өнөө цагийн монголчууд ч яг л энэ есөн зүйлийг тодорхой хэмжээгээр илэрхийлсээр иржээ. Үүнийг түгээн дэлгэрүүлэх олон зам байна. Соёлын яам одоогоор 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Дотоод бүтэц нь олон салбартай. Тухайн салбарууд яг л энэ   “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”-ийн төлөө ажиллаж байна.

 

Соёлын аялал жуулчлалын хүний нөөц дутмаг

-Бид үндэсний болоод язгуур урлагийн тухайд гайхамшигтай өвтэй ард түмэн. ЮНЕСКО-гийн биет бус өвийг таван ай савд ангилдаг. Түүн дотор нь тухайн ард түмэн өөрсдийн онцлог бүхий өвүүдээ төлөөллийн, яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэдэг. Манай улс 2019 онд соёлын биет бус өвөө долоон ай савд багтааж, төлөөллийн жагсаалтад 280 гаруй, яаралтай хамгаалах жагсаалтад 80 гаруй соёлын биет бус өвийг жагсаасан. Нийтдээ 360 гаруй соёлын биет бус өв нь өнөөдрийн та бид хоёрын ярьж буй соёлын аялал жуулчлалтай салшгүй холбоотой. Монгол Улсын аялал жуулчлалын үндсэн асуудлын тухай “Алсын хараа-2050”-д үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэсэн агуулга бий. Тэгвэл үндэсний онцлог гэдэг чинь соёлтойгоо нягт холбоотой. Засгийн газрын бүтцээс харахад аялал, жуулчлал гэдэг БОАЖЯ-нд харьяалагддаг. Харин үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлэхэд соёлын салбарын бүх байгууллагын уялдаа холбоо чухал.

Судлаачийн зүгээс харахад сүүлийн хоёр жил БОАЖЯ болон Соёлын яам нягт хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай. Дэлхийд Монгол Улсыг таниулах брэнд, дүр төрх нь юу байх болон уриа үгнүүдийг гаргаж байна. Жишээлбэл, “Go Mongolia”. Өнгөрсөн онд манай улс 7000 гаруй жуулчин хүлээж авсан. Энэ нь цар тахлын өмнөх үеийг давуулан биелүүлсэн тоо. Тиймээс энэ онд нэг сая жуулчин хүлээж авах боломж бүрэн бий. Харин энэ зорилгодоо хүрэхийн тулд БОАЖЯ, Соёлын яам, Гадаад харилцааны яам цаашлаад Цахим яам хамтран ажиллаж байна. Харин бид соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож чадаж байна уу. Энэ нь үеийн үед Монголд ирж буй жуулчдын эрэлтэд байдаг асуудал. Гаднаас ирж буй жуулчдын манай орныг сонгож буй шалтгааныг судлахад Монголын онгон дагшин байгаль, монголчуудын өвөрмөц соёл, нүүдэлчин соёл, Чингис хааны тухай тулгуурлан сонгосон байдаг.

Үүнээс харахад үндэсний болоод нүүдэлчин соёл эхнээсээ л жуулчдыг татах гол хэрэглэгдэхүүн байсаар иржээ. Тиймээс Монголын төрийн бодлого соёлын аялал жуулчлалыг дэмжье, энэ салбарыг тусгайлан хөгжүүлье гэсэн зам руу чиглэж байгаа нь цаг үеэ олсон алхам гэж харж байна. Хэдийгээр төр, засгийн зүгээс анхаарал хандуулж байгаа ч энэ салбарт тулгамдаад буй нэг асуудал нь хүний нөөц юм. Хэрэв соёлын аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл эхлээд мэргэжлийн боловсон хүчний асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Манай улсад яг соёлын аялал жуулчлалаар тусгайлан хүнийн нөөцийг 2005 оноос СУИС-д бэлдэж байсан. Харин МУБИС-д Түүх, аялал жуулчлалын анги гэж байсан. Ингээд 2023 оноос Түүх, соёлын аялал жуулчлал гэсэн индекс БШУЯ-нд батлагдсан.  Энэ чиглэлээр сурсан мэргэжилтнүүд ажлын талбар дээр гараад үндсэн мэргэжлээрээ ажиллахгүй байх нь бий. Хэдийгээр бид жил бүр хүний нөөц бэлдээд байгаа ч хомс, хүрэлцээгүй байна. 

 

Хуурмаг, театрчилсан соёлын орчныг бий болгож болохгүй

 

-Монголчуудын нүүдэлчин соёл их эртний түүхтэй. Бид энэ соёлоо харьцангуй язгуур байдлаар нь авч үлдэж, уламжилж чадсан. Өнөөдөр Монголын тал нутгаар дүүрэн нүүдэлчид аж төрөн амьдарч байна. Нөгөө талаараа бидний дунд энэ соёлоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох тухай хандлага харьцангуй төлөвшиж эхэлж байна. Гэхдээ үүнийг дагаад сөрөг нөлөөллүүд гарах нь бий. Соёлынхоо агуулга мөн чанарыг судлаагүй хүн өв соёлоо мөнгө олох хэрэгсэл мэтээр ашиглах тохиолдлууд гардаг. Үүнийг би өөриймсөг бус хандлага гэж хэлнэ. Мөн хуурмаг, театрчилсан соёлын орчныг бий болгож байгаа нь тоогүй. Жуулчид манай улсыг сонирхоод байна. Юу ч хамаагүй нэг юм хийгээд энэ бол монгол соёл гээд үзүүлчихье гэж хандаж болохгүй. Өөрөө монгол соёлоос хол өссөн хүн дээл өмсөж, малгай тавиад сууж байх нь үнэхээр хуурмаг харагддаг. Жуулчид чинь тэнэг хүмүүс биш. Бүгдийг нь судлаад ирж байгаа. Үүнээс болж жуулчны сэтгэл ханамж унах эрсдэлтэй.

Харин мэргэжлийн жуулчны компаниудын хувьд аль болох соёлын салбарынхантайгаа хамтарч ажиллахаар зорьж байна. Соёлын бодлогод бүх нийтийн соёлын боловсрол гэж бий. Мөн аялал жуулчлалын салбарт ч бүх нийтийн аялал жуулчлалын соёлын боловсрол гэж байгаа. Тэгэхээр энэ боловсрол л эдгээр эрсдэлээс хамгаалах нэг өнцөг юм. Аялал жуулчлалын эргэлтэд орж байгаа малчид ч бай судлаачийн байр сууринаас хандаж, өөрсдөө өв соёлоо судалж, ойлгох шаардлагатай. Бид “Алсын хараа-2050”-д соёлыг аялал жуулчлалын эргэлтэд оруулахдаа нэгдүгээрт ойлгомжтой. Үүний тулд эхлээд бид өөрсдийнхөө үүх түүх, соёл уламжлалыг судалъя. Өв соёл судалдаг судлаачдыг бэлтгэе. Бид эхлээд өөрсдөө ойлгож байж жуулчдад ойлгомжтойгоор тайлбарлаж чадна. Хоёрдугаарт, монгол соёлоо хүртээмжтэй хүргэе. Бид нэг сая жуулчин авах төлөвлөгөөтэй. Бүгдэд нь монгол соёлоо хүргэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ. Үүний тулд энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй компаниуд болон аймаг, сумдад байгаа музей, үзвэрийн газруудыг нэмэгдүүлье. Жуулчин аль аймаг, суманд очсон ч тэнд монгол соёлын тухай ойлголтыг өгөөд гаргадаг болтол нь дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, өөриймсөг.

Хэдийгээр энэ бизнесийн салбар ч гэлээ шинжлэх ухаан. Харин бүр гүнзгий утгаар нь яривал бид монгол соёлоо хүн төрөлхтөнд түгээх соён гэгээрлийн шинжтэй салбар. Гэтэл манай зарим хүн энэ мөн чанарыг нь орхигдуулаад, зөвхөн бизнес гэж хараад байна. Тиймээс өөрсдийн соёлдоо өөриймсөг байж, энэ бол бидний үнэт өв, хайрлаж, хамгаалж, зөв түгээх ёстой гэсэн сэтгэлээр хандах нь чухал. Харин дөрөвдүгээрт, жинхэнэ мөн чанарыг үзүүлэх. Энэ нь дээрх ойлгомжтой, хүртээмжтэй, өөриймсөг гэсэн гурван мөн чанарын нийлбэр үр дүн юм. Энэ зарчмын дагуу ажиллавал тухайн жуулчин монгол өв соёлын үнэ цэнийг илүү мэдэрч, сэтгэл хангалуун буцна.

 

Нүүдлийн соёлыг түгээн дэлгэрүүлдэг ихэнх улс Төв Азид бий

 

-Өнөөдөр манай орон нутагт гэр бүлээрээ  нүүдэлчин ахуй  өв соёлоо уламжлалын дагуу хадгалж, авч яваа мянга, мянган хүн бий. Монголчууд өөрсдөө их найрсаг, зочломтгой ард түмэн. Өнөөдрийг хүртэл Монголд ирсэн жуулчдаас сэтгэл ханамжийн судалгаа авахад “Монголчууд найрсаг” гэсэн хариултыг түлхүү өгсөн байдаг. Харин ардчиллын зах зээлд шилжсэнээс хойш гэрээрээ орсон хүн бүхнийг дайлж, цайлах боломж нь ховор болсон нь ажиглагддаг. Гэхдээ сайхан зан чанар нь устаж үгүй болсон гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Гагцхүү тэр зочломтгой зан чанараа эргээд унаган байдлаар нь дахин сэргээж, аялал жуулчлалын нэгэн эд эс, тал болж байгаагийнх нь төлөө жуулчны байгууллагууд маань урамшуулдаг байх нь зөв. Гэхдээ үүнийг мөнгө олж байна бус, өнөөх өөриймсөг сэтгэл, хандлагаараа хийдэг болчихвол тун сайн. Ер нь соёлын аялал жуулчлалын эцсийн үр дүн нь өөриймсөг, хүртээмжтэй, ойлгомжтой байлгаснаар гарч ирэх жинхэнэ мөн чанараар соёлын аялал жуулчлалыг зохион байгуулахын тулд түүнд хүний нөөцөө бэлдэж, тодорхой хэмжээний санхүү, цаг хугацаа зарцуулах хэрэгтэй. Ингэсний үр дүнд тухайн улс үндэстний соёлыг гаднаас ирсэн жуулчид шүтэн бишрэх, хүндлэх хандлагыг бүтээдэг. Үнэхээр монгол соёлын мөн чанар, сайхныг нь мэдэрсэн жуулчин хэзээ ч мөнгө харамлахгүй. Тиймээс бид зөвхөн мөнгө олохын тулд биш, яг энэхүү язгуур соёлоо бүрэн дүүрэн, ойлгомжтой, эмх цэгцтэй, зөв байдлаар хийж чадвал эдийн засгийн хувьд ч ашигтай. Энэ бол олон улсад туршигдаад, батлагдчихсан арга зам.

Хэдийгээр дэлхий ертөнц даяаршиж байгаа болов ч язгуур урлаг хэзээ ч мөн чанараа алдахгүй. Ялангуяа манай улсын хувьд эртний олон сайхан өв соёлоо тэр л хэвээр нь авч үлдэж чадсан цөөн улсын нэг. Харин үүнийгээ хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд соёлын аялал жуулчлалын гол утга учир оршино. Нүүдлийн соёлыг бидэн шиг авч үлдэж, түгээн дэлгэрүүлдэг улсын ихэнх нь Төв Азид оршиж байна. Жишээлбэл, Тажикстан, Узбекистан, Кыргиз гэдэг ч юм уу. Эдгээр улсын хувьд яг энэ соёлын аялал жуулчлал гэдгийн давуу тал, ашиг шимийг ойлгоод, олоод харчихсан учир энэ салбар руу түлхүү анхаарал болоод хөрөнгө мөнгө зориулж байна. Үүнийхээ хүрээнд их олон, том хэмжээний наадмуудыг хийдэг. Соёлын аялал жуулчлал хөгжих нэг том гарц, гаргалгаа нь эвентүүд юм. Мөн жуулчдын яг ямар аялал жуулчлал хүсээд байгааг харахад нутгийн уугуул иргэдтэй, суурин соёлд удаан байгаагүй, эрт дээр үеэс өөрийн өвөрмөц соёлыг бүтээчихсэн, тэр нь өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээнд хадгалагдаад үлдчихсэн орон руу соёлын аялал жуулчлалыг түлхүү хийж байна. Жишээлбэл, Америк, Африкийн овог, аймгуудын амьдралын онцлог гэдэг ч юм уу. Хэдийгээр тэд ядуу буурай амьдарч байгаа ч өөрсдийнх нь уламжилж үлдсэн өв соёл нь дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Яг энэ ангилалд нь Монгол Улс багтана. Гадаадынхан биднийг нүүдэлчин ард түмэн гэж хардаг. Тиймээс бид бэлчээрийн мал аж ахуй дагасан нүүдлийн соёлоо тогтмол авч явах ёстой.    

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 128 (7372)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин