Бреттон Вүүдс тогтолцооны 80 жил ба Монгол Улс

2024-06-27
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Д.УЛАМБАЯР

 

Шинжлэх ухааны доктор профессор 

 

Өнөөгийн глобал улс төрийн эдийн засгийн харилцааны менежмент, олон улсын валют-санхүү, зээлийн харилцаа, худалдааны шинэ дэг журмын  үндэс суурийг Bretton Woods-ын систем тавьсанаас хойш эдүгээ 80 жилийн түүхэн ой тохиож байна.

Дэлхийн II дайны сүүлчийн улирал Нормандад II фронт нээгдсний дараахан 1944 оны долоодугаар сарын эхээр АНУ-ын санаачилагаар Нью-Хэмпшир муж улсын үзэсгэлэнт Вашингтон хэмээх хангай нурууны Ammonoosuc  голын хөвөөн дэх «Bretton Woods»-ын хөндийд орших алдарт «Washington Hotel» хэмээх амралт, сувилалын газарт дэлхийн 44 орны 700 гаруй төлөөлөгчид хуран чуулж, дайны дараах олон улсын валют, санхүү, зээл, худалдаа-эдийн засгийн шинэ дэг тогтолцоог журамлах асуудлыг иж бүрэн хэлэлцэж үндсэнд нь шийдвэрлэсэн юм. Энэхүү түүхт бага хурлын дүнд АНУ-ын Сангийн сайдын орлогч Харри Декстер Уайт, Английн  банкны захирлуудын Шүүхийн тэргүүн, Кэмбрижийн их сургуулийн профессор, лорд хэргэмт, нэрт мөнгөний онолч Жон Мэйнард Кейнес нарын төслөөр нэгд, 10 тэрбум ам. долларын дүрмийн сантайгаар Олон улсын валютын сан (ОУВС), хоёрт,  10 тэрбум ам. долларын дүрмийн сантайгаар Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк буюу өнөөгийн Дэлхийн банкны групп, гуравт, Олон улсын худалдааны байгууллагын үндэс болох Тариф, худалдааны Ерөнхий хэлэлцээр ГАТТ буюу өнөөгийн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын үндэс суурь тавигдсан нь түүхэн амжилт болсон юм. Үүнийг олон улсын эдийн засгийн харилцаа, дипломатын түүхэнд «Bretton Woods-ийн тогтолцоо», харин гурвалсан байгууллагыг Бреттон  Вүүдсийн гурван талт институци хэмээн нэрлэх болжээ. ОУВС-гийн Дүрмийг баталсан хэлэлцээрт 39 орон гарын үсэг зурж, хэлэлцээр 1945 оны арванхоёрдугаар сард хүчин төгөлдөр болж, ОУВС, Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк 1947 оны гуравдугаар сарын 1-нээс, ГАТТ 1948 оны нэгдүгээр сарын 1-нээс НҮБ-ын төрөлжсөн байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа  явуулж эхэлжээ.

Дэлхийн II дайны төгсгөлд АНУ дэлхий алтны нөөцийн бараг 90 хувийг эзэмших болж, 1934 онд Конгрессоор батлагдсан Алтны тухай хуульд нэг унц алтыг 35 ам. доллар байхаар заасныг ОУВС-гийн Дүрэмд зүйлчлэн оруулснаар  дэлхийн II дайны дараа америк доллар олон улсын төлбөр, тооцоо, зээл, нөөцийн гол, үндсэн валют болсон байна. Энэ нь АНУ-ын эдийн засгийн дипломатын шууд үр дүн, түүхэн ялалт болсон юм. Өнөөгийн глобал валют, санхүү, зээлийн шинэ дэг журмын үндэс суурь нь Бреттон Вүүдсийн бага хурлаар тийнхүү тавигджээ.

Өрнөд Европын эдийн засгийн хөгжилд ОУВС-гийн тусламж маш чухал байсан.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Маршалл  1947 оны зургаадугаар сард Харвардын их сургуулийн төгсөлтийн ёслол дээр дэлхийн II дайнд сүйдсэн Европыг сэргээн босгоход зориулсан нүсэр хөтөлбөрөө зарлав. 1948-52 оны хооронд Өрнөд Европын 17 оронд хэрэгжсэн 13 тэрбум ам. долларын өртөг бүхий (2021 оны үнэлгээгээр хагас  их наяд ам. доллар) Маршаллын төлөвлөгөөг хэрэгжүүлсэн. Европыг сэргээн шинэчлэх энэхүү нүсэр төлөвлөгөөний зорилго, мөн чанар нь  хүний эрх, эрх чөлөө, ардчилалын үнэт зүйлс, зах зээлийн эдийн засаг бүхий өөрийн найдвартай холбоотныг Өрнөд Европт буй болгох нь ирээдүйн АНУ-ын үндэсний аюулгүй байдал, эрхэм дээд эрх ашигт бүрнээ нийцэх  учиртай байсанд оршино. Энэ нь АНУ-ын эдийн засгийн дипломатын гайхамшигт ялалт байсан гэж үздэг. Дурдсан төлөвлөгөөнд ЗХУ, түүний холбоотнуудыг хамруулсан байсан боловч ЗХУ үүнийг Европыг капитализмжуулах хөтөлбөр хэмээн үзэж, түүнд оролцохоос татгалзаад зогсохгүй улмаар 1949 оны нэгдүгээр сард түүний эсрэг ЭЗХТЗ-ийг байгуулсан байдаг.

Тусламжийн дээрх хөтөлбөр Бреттон Вүүдсийн инститүцүүдээр дамжин хэрэгжсэн юм. 1952 он гэхэд Өрнөд Европын эдийн засаг дэлхийн II дайны өмнөх түвшинд хүрч, 17 орны үндэсний мөнгөн дэвсгэрт ам.доллартай чөлөөтэй хөрвөх ханшинд шилжиж, дурдсан орнуудын төлбөрийн тэнцэл огцом сайжирсан байна. Японы хөгжилд ч чухал нөлөө үзүүлэв.

1960-70-аад оны эхэн гэхэд олон улсын хөрөнгө, санхүүгийн капиталын өргөжилт, Япон, Германы эдийн засгийн сэргэлт, Вьетнамын дайнтай холбоотой төсвийн алдагдалын улмаас   АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон 1971 оны наймугаар сарын 15-нд 1934 оны Алтны тухай хуулийг хүчингүй болгосноор алтны  ам.доллараар тогтоосон хатуу ханшийг зогсоож, тийнхүү Бреттон Вүүдсын тогтолцооны   алт-ам.долларын хатуу тогтолцоог de facto төгсгөл болгож,  улмаар 1976 оны нэгдүгээр сард Ямайкийн хэлэлцээрээр ОУВС-гийн Дүрэмд орсон нэг унц алт 35 ам. доллар байх хатуу ханшны системийг хүчингүй болгож  баталгаажуулснаар алт-ам.долларын хатуу тогтолцоо de jure төгсгөл болж, тийнхүү алтны  ханш  либералчлагдаж эхэлсэнээс хойш эдүгээ нэг унц алтны ханш 2 мянга 300 ам. долларыг даваад байгаа билээ

Азийн шинээр аж үйлдвэржсэн буюу «Азийн бар» хэмээн нэрлэгдэх болсон орнуудын эдийн засгийн хөгжилд ОУВС маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 1960-аад оноос хойшх гурван 10 жилд буй болгосон энэ загвар нь эдийн засгийн ардчлалыг хөгжүүлэх үндсэн дээр улс төрийн ардчлалыг хөгжүүлж ирсэн явдалд түүний мөн чанар оршиж байв. Азийн шинээр аж үйлдвэржсэн Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Хонг Конг зэрэг орнууд зах зээлийн эдийн засгийн тогтолцоог төрийн хүчтэй зохицуулалттай хослуулж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлж иржээ.

ОУВС-гийн хөтөлбөрүүд зарим орнуудад амжилт олоогүй нь   зүүн төвийн социалист үзэлт Латин Америк, зах зээлийн эдийн засгийн харилцаа нэн сул, ардчилсан засаглалгүй улс төрийн дэглэмтэй Африкийн зарим орнуудад амжилт олоогүй. Хүйтэн дайны үед БНСоциалист Румын Улс, БНПольш Ард Улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн хөтөлбөрүүд амжилт олоогүйгээр барахгүй дурдсан улсууд асар их өрөнд орсон байдаг.  Учир шалтгаан нь маш тодорхой байсан бөгөөд  социалист өмч ноёрхсон, төлөвлөгөөт эдийн засгийн систем, ОУВС-гийн систем хоёр хоорондоо хэзээ ч авцалдахгүй байсан явдалд оршино. Харин булангийн орнууд болох АНЭУ, Катар, Кувейт, Бахрейн ОУВС-тай нягт хамтран ажилласны дүнд өнөөдөр эдгээр орнууд эдийн засгийн гайхамшгийг үзүүлж байгаа билээ. Дурдсан орнууд эдийн засгаа эрчимтэй төрөлжүүлж, олон улсын санхүүгийн hub болсноор газрын тос, байгалийн хийн үнийн өөрчлөлтийн эрсдэлээс хамааралгүй болсон байна.

    ЕХ-нд гишүүнээр элссэн Төв, Зүүн Европын пост-коммунист орнуудын зах зээлийн харилцаанд шилжих эдийн засгийн реформд Бреттон Вүүдсийн инститүци маш чухал үүрэг гүйцэтгэжээ. Мэдээж ОУВС-гийн хөтөлбөрүүд шулуун дардан замаар хэрэгжиж байгаагүй.

      Ардчилал, зах зээлийн харилцаанд тууштай шилжиж эхлэх үеийн Монгол Улсын эдийн засгийн дипломатын хамгийн том амжилт нь 1991 оны хоёрдугаар сарын 14-нд Бреттон Вүүдсийн институци болох ОУВС-д гишүүнээр элсснээр Дэлхийн банкны групп (Дэлхийн банкны группт багтдаг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (IBRD), Олон улсын хөгжлийн ассоциаци  (IDA), Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төв (International Centre for Settlement of Investment Disputes ICSID) зэрэг байгууллагуудад 1991 онд, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагт  (MIGA) 1999 онд тус тус нэгдэн орсон), Азийн хөгжлийн банканд шууд, 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ)-д гишүүнээр элссэн явдал юм. 

    1990 оны долоодугаар сард АНУ-ын Хьюстон хотноо болсон  Долоогийн бүлэг, ЕЭЗХН-ийн жил тутмын дээд түвшний уулзалтаас гаргасан улс төрийн Тунхаглалд Монголд өрнөсөн ардчилсан үйл явцыг тууштай дэмжих тухай заалт анх удаа тодорхой тусгагджээ. 1991 оны долоодугаар сард Лондонд болсон Долоогийн бүлэг, ЕЭЗХН-ийн дээд түвшний уулзалтын баримт бичигт Монгол Улсад олон улсын тусламж үзүүлэх талаар заалт орсон юм. Уулзалтад Их Британий Ерөнхий сайд Жон Мейжорын урилгаар ЗХУ-ын Ерөнхийлөгч М.С. Горбачёв анх удаа оролцсоноор 7+1 хэмээх бүтэц бий болжээ. Энэ зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн Японы Засгийн газрын санаачилагаар ОУВС, Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагч орнуудын бүлгийн анхдугаар чуулга уулзалт 1991 оны есдүгээр сард Токиод зохиогдож, 1992-1996,  1998, 2003 онд үргэлжлэн зохион байгуулагджээ.

Японы Засгийн газар, ОУВС, Дэлхийн банкны групптэй хамтран Монголд хандивлагч орнуудын VII чуулга уулзалт анх удаа 1997 оны зургаадугаар сард Улаанбаатарт зохиогдсон бол 2001 оны тавдугаар сард Монголд хандивлагч орнуудын VIII чуулга уулзалт анх удаа Европт Францын нийслэл Парис хотноо, IX чуулга уулзалт 1999 оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ.

2003 оны арваннэгдүгээр сард Токиод зохиогдсон Монголыг дэмжигч донор улсуудын Зөвлөлдөх сүүлчийн Х чуулга уулзалтаар Монгол Улсын шилжилтийн үе дууссаныг албан ёсоор зарлаж, Хандивлагч орнуудын бүлгийг татан буулгах шийдвэр гаргав.

Нийт 12 жилийн хугацаанд Хандивлагч орнуудын бүлгээс Монгол Улс хөгжлийн зээл 1.1 тэрбум ам. доллар, буцалтгүй тусламж 1.3 тэрбум ам. доллар авч ашигласан нь (нийт хөгжлийн тусламжийн 65 хувийг Японы Засгийн газар дангаараа гаргасан байна) шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нэн чухал үүрэг гүйцэтгэжээ.

Шилжилтийн он жилүүдэд ОУВС-гийн хөтөлбөрүүд Монгол Улсад  амжилттай хэрэгжсэн нь эдийн засгийн дипломатын том ялалт байсан гэж дүгнэж болохоор байдаг.

ОУВС Монголд хэзээ ч сөрөг үр дагавар тарьж байгаагүйгээр барахгүй хөтөлбөрүүд нь амжилтай хэрэгжсэн гэдгийг тэмдэглэх ёстой.

Монгол Улс ОУВС, Дэлхийн банкны бүлгийн хэлэлцээрт нэгдэн орсноос хойш даруй 30 илүү жилийн хугацаанд нэгд, stand-by хөтөлбөрийн хэлэлцээрийг Монгол Улс анх зах зээлийн эдийн засагт шилжсэн анхны хүнд жилд төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор 1991 оны аравдугаар сард байгуулав. Уг хөтөлбөрийн дагуу 13.75 сая зээлжих тусгай эрх (ЗТЭ буюу special drawing rights SDRs) буюу 20 сая ам.доллар бүхий 6.5 хувийн хүүтэй зээлийг 1991-1992 онуудад авч ашиглан буцаах төлбөрийг 1997 онд бүрэн төлж барагдуулсан байдаг. Хоёрт,  Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөр-1 буюу ЕSAF (Enhanced Structural Adjustment Facility). Аанлай л төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор 1993 оны зургаадугаар сарын 25-нд байгуулсан байна. Хөтөлбөрийн дагуу 40.8 сая ЗТЭ буюу 59.0 сая ам.долларын 0.5 хувийн хүүтэй зээл амласнаас 1993-1996 онуудад нийтдээ 29.68 сая ЗТЭ буюу 44.8 сая ам.долларыг авч ашигласан байна. Зээлийг 2006 онд эргэн төлж барагдуулжээ. Гуравт,  Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөр-2 (ЕSAF-2)-ыг мөнхүү макро эдийн засгийг тогтворжуулах, бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх зорилгоор 1997 оны долоодугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн дагуу 33.4 сая ЗТЭ буюу 48.0 сая ам.доллартэй тэнцэх хэмжээний, 0.5 хувийн хүүтэй зээл амласнаас 1997-2000 онуудад нийтдээ 17.44 сая ЗТЭ буюу 23.7 сая ам. долларыг авч ашиглажээ. Зээлийн үндсэн өрийн төлбөрийг 2003 оны хоёрдугаар сараас 2010 оны нэгдүгээр сарын  хооронд барагдуулсан байна. Дөрөвт,   ОУВС 1999 оны есдүгээр сард шинээр буй болгосон Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөр (PRGF-Poverty Reduction and Growth Facility)-ийг 2001 оны есдүгээр сард 3 жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлэхээр шинээр баталжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 28.49 сая ЗТЭ буюу 36.9  сая ам. доллартай тэнцэх зээлийг авч үр дүнтэй ашиглажээ.

     Монгол Улсын Засгийн газар 2008-09 оны дэлхийн санхүү-эдийн засгийн хямралыг  даван туулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн алддагдлыг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор 2009 оны гуравдугаар сард ОУВС-тай “Stand-by” хөтөлбөрт дахин нэгдэж, Монгол Улс ОУВС-гаас 153.3 сая ЗТЭ буюу 229.2 сая ам. долларын нэн хөнгөлттэй тусламжийн зээл авч үр дүнтэй   ашигласан юм. Тусламжийн зээлийг 2011 онд амжилттай төлж барагдуулсан юм.

2011 онд  Монгол Улсад уул уурхайд түшиглэсэн үсрэнгүй хөгжлийн big bang болоод өнгөрсөн. Тухайн онд Монгол Улсын ДНБ-ий өсөлт бараг 17.8 хувьд хүрсэн нь дэлхийд байхгүй singular үзүүлэлт болсон юм. Үүнийг Монголын miracle төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжлийн phenomena хэмээн нэрлэж байв.

Нүүрсний экспорт анх удаа зэсийн экспортыг давж,  Bloomberg Монголын газар дор 2.2 их наяд ам. долларын байгалийн баялаг байгааг зарлаж, дурдсан жилд Монгол Улсын уул уурхайн салбарт 4.5 тэрбум ам. долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэв.

Гэвч 2012-16 оны хооронд босгосон Чингис бонд, Самурай бонд, хөгжлийн банкны асар том үнийн дүнтэй зээлийн өр улс орны хөгжилд ноцтой сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм. Энэ бол бонд нэртэй богино хугацаат, өндөр хүүтэй арилжааны зээл байсан нь улс орны амьдралыг бүхэлд нь нэн хүнд байдалд оруулсан билээ. Арилжааны зээл авах цаг нь болоогүй байсныг хөөсөн өсөлт харуулав. Бид 2011 оны «гайхамшиг»-т дэндүү амирлангуй хандаж, жин нэмж барилдана хэмээн сайрхаж, бараг бүх зүйл дээр мөнгө амлаж байсан юм. Гэвч 2016 оны 2 улиралд эдийн засагийн дундаж өсөлт 0.1 хувьд хүрч, Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 90 хувьтай тэнцэж,  төсвийн алдагдал ДНБ-ий 17 хувьд хүрч, түргэн төлбөрийн хугацаа дөхөж, олон улсад default зарлах дээрээ тулж ирсэн байв. Энэ бол Монголын түүхийн маш том сургамж болж үлдсэн.

Бреттон Вүүдсын институц-тэй үр ашигтай уян хатан хамтран ажиллаж, Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай шийдвэрлэх  нь эдийн засгийн дипломатын чухал чиглэл мөн байв. Шинэ Засгийн газрын эдийн засгийн дипломатын шинэ парадигм нь улс орныг хямралаас гаргах гарцыг ОУВС-тай тохиролцох явдал гэж үзсэн нь зөв чиглэл байв.

ОУВС-гийн Захирлуудын Зөвлөлийн хурал 2017 оны тавдугаар сарын 24-нд болж Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т (Extanded Fund Facility) хамруулах шийдвэрийг баталсан юм.  Монгол Улсад гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 314.5054 сая зээлжих тусгай эрх буюу  434.3 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгож, энэ нь Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрт зарцуулагдах болсныг мэдэгдэв.

Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-тай тууштай хамтран ажилласны үр дүнд   2019 оны төгсгөл буюу Ковид цар тахлын өмнөхөн Монгол Улсын ДНБ нэрлэсэн үнэлгээгээр 36.9 их наяд төгрөг, эдийн засгийн дундаж өсөлт 5.6 хувьд  хүрсэн юм. Энэхүү үзүүлэлт хоёрхон жил буюу 2017-2019 оны хугацаанд гарсан асар том амжилт болж,  ОУВС-гийн Захирлуудын Зөвлөлийн хуралдаан энэ амжилт ОУВС-ийн гишүүн орнуудын түүхэнд гарч байгаагүй маш том ахиц дэвшил байсан гэж дүгнэсэн байдаг.

Эдүгээ Монгол Улсын олон талт гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны чухаг түнш нь ОУВС, Дэлхийн банкны групп, түүний салбар Азийн хөгжлийн банк мөн билээ.

Бреттон Вүүдсийн системийн нэг институци болох Дэлхийн банкны групп Монгол Улсын зах зээлийн харилцаанд шилжсэн 1991 оны эцэс гэхэд ХАА, эрчим хүч, зам тээвэр гэсэн гол салбаруудыг сэргээхэд дэмжлэг үзүүлэх 30 сая ам. долларын санхүүжилт бүхий анхны төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн 30 илүү жилд Монгол Улсад Дэлхийн Банкнаас нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна.  Дэлхийн Банкны группийн хувийн хэвшилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын санхүүгийн корпорац, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагууд  Монголын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхтэйгээр дэмжсээр иржээ. Эрчим хүчний салбарт 2000-аад онд хөдөөгийн 100 мянга гаруй өрхийг зөөврийн нарны эрчим хүчний эх үүсвэрийн тусламжтайгаар цахилгааны хангамжтай болгоход дэмжлэг үзүүлжээ. 2000-аад оны эхээр харилцаа холбооны салбарт хэрэгжсэн төслийн хүрээнд Монгол орны бүх 360 сум орчин цагийн цахилгаан холбоо, интернэтийн сүлжээнд холбогдсон байна. Малчдад гамшгийн эрсдэлийг даван туулахад нь туслах зорилгоор дэлхийд анхдагч малын индексжүүлсэн даатгалын тогтолцоог Монголд нэвтрүүлсэн. ОУСК улсын хэмжээнд эрчим хүчний сүлжээнд холбогдсон анхны салхин станцад санхүүжилт олгож, хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох замаар ЖДҮ-д санхүүжилтийг илүү хүртээмжтэй болгох шинэтгэлийг дэмжиж ажилласан юм. Хамгийн сүүлд ковид цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын эмзэг ядуу бүлгийг хамгаалах, бизнесийн байгууллагын ажлын байрны тогтвортой байдлыг хадгалах зэрэг тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлд Дэлхий Банк группийн зүгээс 60 сая ам.долларын санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж олгосон юм.

Монгол Улс, Дэлхийн банкны групптэй  байгуулсан Түншлэлийн стратеги 2021-2025 (Country Partnership Strategy) хэлэлцээрийн хүрээнд  үндсэн 3 багц чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүнд: 1. Эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх;   2. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, чанартай ажлын байр бий болгох;  3. Амьдралын чанарыг сайжруулах эдгээр болно.

Монгол Улс Бреттон Вүүдсийн гуравдахь систем ДХБ-д 1997 оны нэгдүгээр сарын 1-нээс гишүүнчлэл нь хүчин төгөлдөр болж, олон талт “Dоha Round”-ын үе шатны хүрээнд “Худалдаатай холбоотой хөрөнгө оруулалтын арга хэмжээ”, “Барааны худалдааны олон талт хэлэлцээр”, “Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээр”, “Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой хэлэлцээр”, “Худалдаатай холбоотой маргаан шийдвэрлэх”, “Тарифйн болон тарифийн бус арга хэмжээ зэрэг худалдааны бодлогын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Тийнхүү Бреттон Вүүдсийн системтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны 30 илүү жилийн түүх бол ардчилсан Монгол Улсын нийгэм-эдийн засгийн ололт  амжилт, ахиц дэвшлийн он жилүүдийн түүх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 127 (7371)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин