Улсын ахлах засуул Д.Алтайбаатар

2024-06-24
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

Үндэсний бөхийн спортыг засуулгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд бол эр бяр, хурд хүчээр түмэн олноо цэнгүүлж буй бөхчүүдтэй хамгийн ойр байдаг. Тухайн бөхийг давахад нь хамт давж, унахад нь хамт унаж, хажууд нь “түшдэг”. Мөн засаж байгаа бөхдөө заавар, зөвлөгөө, урам өгч ажиллахыг нь харах бахархам. Нөгөөтээгүүр хүчтэний хийморьд ивээгддэг үйлс гэж онцолмоор. Засуул сайтай давах магадлал өндөр байдаг гэж  бөхийн хүрээнийхэн хэлдэг. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа чөлөөт бөхийн ОУХМ, МҮБХ-ны улсын ахлах засуул Д.Алтайбаатарыг урилаа.

 

Есөн хүүхэд төрүүлж өсгөсөн ижий аав

Б.Дэмбэрэл, Ш.Баянхүү нар есөн хүүхэд төрүүлж өсгөсөн аж. Таван хүү, дөрвөн охинтой өнөр бүл. 

Нийтлэлийн баатар улсын ахлах засуул Д.Алтайбаатарын аав ээж нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. Аав Б.Дэмбэрэл нь багш мэргэжилтэй бөгөөд олон аавын охид, хөвгүүдэд эрдэм заасан буянтай. Орон нутагтаа багшаар ажиллахаас гадна нийслэлийн сургуулиудад багш, хичээлийн эрхлэгчийн албыг хашсан байна.  Тэрээр спортод элэгтэй, үндэсний бөхийн засуулаар  ажилласан, улсын хүндэт засуул цолтой. Харин ээж Ш.Баянхүү нь эх баригч мэргэжилтэй бөгөөд олон хүний хүйн ээж. Түүний хувьд Хоёрдугаар төрөх эмнэлэг болон Эх нялхаст ажиллаж байжээ. Үндсэн мэргэжлээсээ гадна нарийн боов хийж зах зээлд борлуулдаг хөдөлмөрч хүн байсныг түүний хүү Д.Алтайбаатар онцолж байв.  Б. Дэмбэрэл, Ш.Баянхүү нар есөн хүүхэд төрүүлж өсгөсөн аж. Долоон хүү, хоёр охинтой өнөр бүл.

Улсын хүндэт засуул Б.Дэмбэрэл.

Улсын ахлах засуулын бага нас

 

Д.Алтайбаатар багадаа их хөдөлгөөнтэй, сэргэлэн хүү байсан гэдэг. Ах, дүүтэйгээ тоглож, ноцолдож өссөн гэгээлэг түүх тэднийх. Тэрээр 1977 онд ахтайгаа хамт Монголын пионер сурагчдын ордонд чөлөөт бөхийн бэлтгэлд хамрагджээ. Аав нь чөлөөтийн дугуйланд түүний хөтөлж оруулсан байна. Ц.Баярсайхан заан, Д.Мөнх-Эрдэнэ арслантай хамт бэлтгэлд явдаг байсан дурсамжаасаа хуваалцсан юм. Анх 1980 онд 28 кг-ийн жинд барилдахдаа Монгол орны өнцөг булан бүрийн шилдэг тамирчид хүч үздэг пионерын байгууллагын тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн гэнэ. Тус тэмцээнээс түүний ах Д.Ганзориг хүрэл медаль авчээ. Д.Алтайбаатар барилдах ур чадвар нь жил ирэх тусам нэмэгдэж тус  тэмцээнд жил дараалан дөрвөн удаа түрүүлсэн гэдэг. Түүний ах нь хэсэг хугацаанд барилдаад эх спортыг дэвжээг орхисон бол Д.Алтайбаатар тууштай байж, тэмцээн уралдаанд оролцсоор иржээ. Тэрээр наймдугаар ангиа төгсөөд өөрийн хүсэл сонирхлоороо барилгын мужаан мэргэжлийг эзэмшихээр зориг шулуудаж  барилгын нэгдүгээр коллежид элсэж гурван жил суралцжээ. Суралцах үедээ сургуулиас өгдөг тэтгэмжийг бусад оюутнаас илүү авдаг байсан нь түүнд урам нэмнэ. Учир нь спортын амжилтаараа сургуульдаа тэргүүлдэг, сургуулийнхаа хүндэт самбар дээр зураг нь гарсан, сахилга баттай суралцагч байжээ. Чөлөөт бөхийн бусад тэмцээнд оролцож мөнгөөр шагнуулж аав ээжээсээ хэрэглээний мөнгө авдаггүй байснаа хуучилсан юм. Нийтлэлийн баатар 1986 онд 186 дугаар ангид цэргийн албанд татагдаад дөрвөн сарын дараа Алдар нийгэмлэгээс бичиг ирж тамирчны замналаа үргэлжлүүлжээ. Алдар нийгэмлэгт хөл тавихад Ц.Хосбаяр багш угтаж авсан гэдэг. Цэргээс халагдах үедээ ангийнхаа нэр дээр барилдаж, ахлагч цолтой болж 1991 он хүртэл харьяалагдаж бэлтгэлээ хийсэн гэнэ. Их спортын дэвжээг одоо хүртэл орхиогүй. Монголын чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн найман жил тасралтгүй оролцож хоёр алт, таван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Энэ жил оролцохдоо мөнгөн медаль авсан.

 

Бөхийн засуулаар ажиллаж эхэлсэн түүх

 

Улсын ахлах засуул Д.Алтайбаатар 1981 онд хүүхдийн барилдааны засуулаар ажилласан байдаг. Цэргийн албанд татагдах хүртлээ хүүхдийн барилдаанд засуул хийжээ. Мэдээж засуул болоход аав нь нөлөөлж гэнэ. Аавынхаа зөвлөгөөг дагаж 1990 оноос эхэлж үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд засуулаар ажиллаж том цолтнууд төрүүлсэн. Тухайн үед аав нь “Хүү минь чи спортын хүн учраас засуул болох хэрэгтэй” гэж хэлжээ. Ангаахын зааланд очиж бөхийн засуулаар ажиллах шалгалт өгөхөд засуул Х.Пүрэв, тонж манлай засуул Д.Цогзол тэргүүтэй хүмүүс шалгалтын комиссоор ажилласан гэдэг. Цол дуудахаас гадна бөхийн холбогдолтой мэдлэгээ шалгуулсан тест бөглөсөн байна. Ингэж л аавынхаа зөвлөснөөр засуул болж хүчтэний торгон дэвжээтэй амьдрал, хувь заяагаа холбожээ. Одоогийн улсын ахлах засуул Т.Цэрэндаваатай хамт засуулаар ажилласан байна. Энэ үеийг лавлахад Д.Алтайбаатар “Найз бид хоёр засуулаар ажиллаж эхлэхдээ тухайн үеийн туршлагатай хүмүүсээс суралцана. Ёс зүй, эрэмбэ, жудгаа дээдэлж бусдыг хүндэлдэг сайхан цаг үе байжээ” хэмээн бахархалтайгаар ярих нь тэр.

 

Нэгэн бүлээс төрж гарсан зургаан засуул

Аавын үргэлжлэл ах, дүү таван засуул.

Нэг гэр бүлээс зургаан засуул төрж гарна гэдэг ховорхон тохиох хувь заяа. Ийм тохиол ойрын жаран байхгүй гэдгийг бөх сонирхогчид хэлдэг юм билээ. Бөхийн засуул ажилласан жилээсээ хамаарч цол нэмдэг. Мөн насаар бус цолоор эрэмбэлэгдэнэ. Д.Алтайбаатарын ах Д.Ганзориг, дүү Д.Отгонбаатар, Д.Төгсбаатар, Д.Сэргэлэнбадрах нар үндэсний бөхийн дэвжээнд засуулаар ажилладаг.  Д.Отгонбаатар, Д.Сэргэлэнбадрах хоёр хүүхдийн пионерын ордноос засуул болох гаргаагаа эхлүүлэхдээ анх өсврийн барилдаанаас засуулын гараагаа эхэлжээ. Ингээд 2005 онд  засуулаар ажилласан гэнэ. Ах дүүс өдгөө улсын ахлах засуул. Харин Д.Төгсбаатар нь улсын засуул цолтой. Тэдний том ах Д.Ганзориг нь нартаас буцсан учраас төрийн наадмын дэвжээнд ах дүү дөрөв сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн засуулаар ажиллаж байна. Наадмын өглөө ах дүүс цэнгэлдэхийн зүлгэн дээр уулздаг гэнэ лээ. Төрт ёсны баяр наадмын бөхийн барилдааны зүүн талд нь Д.Төгсбаатар, Д.Сэргэлэнбадрах нар ажилладаг бол Д.Алтайбаатар, Д.Отгонбаатар нар баруун талын бөхийн засуул.   

Туршлагатай засуул Д.Алтайбаатарын мөрөн дээрээс улсын цолтон олон төржээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн харьяат улсын начин Б.Баянмөнх, Увс аймгийн харьяат улсын начин Ч.Баянмөнх, Сэлэнгэ аймгийн харьяат улсын начин Б.Балдан-Осор тэргүүтэй хүчтэнүүд улсын начин цолонд хүрсэн. Харин харцага гэвэл Ж.Амартүвшин, Н.Ганбаатар гээд тоочвол олон. Д.Алтайбаатар “Манай бөхчүүд үгэнд сайн орно. Ёс зүйтэй, жудагтай шинэ үеийнхэн төрж гарсанд баяртай байдаг. Миний хувьд засуулын ажлаа нэр төртэй хариуцлагатай гүйцэтгэж, шударга байхыг үргэлж хичээдэг. Нутаг ус, танил талаа харж нэг бөхийг давуулах утгагүй. Бөхийн дэвжээнд тийм зүйл байх ёсгүй. Бүх амьдралаа спортод зориулаад явж байгаа залуусыг хохироож болохгүй. Үүний цаана тэр хүний амьдрал, хөдөлмөр, хичээл зүтгэл явж байгаа шүү дээ” гэв. 

Бөх сонирхогчид төрийн наадмаар шинэ цолтон төрөхөд үнэн хүчээрээ цол авсан, найраагаар цолонд хүрч байгааг ялгадаг. Начны найрааг асуухад “Бөхчүүд дэвжээнд гараад тийм зүйл ярьдаггүй. Зөвхөн барилдаандаа л анхаардаг. Начны найраа байхыг үгүйсгэхгүй. Үүнийг дэвжээнд гарч барилдахаасаа өмнө бөхчүүд хоорондоо тохиролцдог болов уу. Хэрэв дэвжээнд гараад найраагаа яриад барилдахгүй байвал хариуцлага тооцдог” гэж хариуллаа.

 

Үе үеийн хүчтэнийг андахгүй мэднэ

Бөхийн засуулд байх нэг чухал чадвар нь бөхөө сайн мэддэг байхад оршино. Д.Алтайбаатар үе үеийн хүчтэнүүдийг андахгүй. Нутаг, цолыг хэлэхэд л нэр, барилдааны онцлог, түүхийг нь мэдэх жишээтэй. Нэг үе бөхийн засуулууд хоёр ээлжээр ажилладаг байжээ. Нэг ээлжийг нь тонж манлай засуул Д.Цогзол гуай ахалдаг байсан бол нөгөө ээлжийг нь Д.Алтайбаатар удирдаж байжээ.

Бөхийн барилдаан үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ гэхэд “Тухайн нэг өдөр бөхийн барилдаан зохион байгуулагдлаа гэхэд би хуваарь гаргаж, ажиллах засуулаа гаргадаг байсан. Засуулын ажил минь буянтай. Би өргөөнд болж байгаа барилдааныг дэргэдээс үзэх дуртай. Ер нь тухайн барилдаанд ажиллаагүй, завтай үедээ бөхөө очиж үзэхийг хичээдэг. Телевизээр үзэх тийм ч таатай биш. Хийморьтой бөхчүүдийнхээ барилдааныг хажуугаас нь үзэх мэдрэмж сайхан” гэж хэлсэн юм. Түүний хувьд 1990-ээд оны үед бөхийн цол дууддаг байсан гэнэ. Эрүүл мэндийн шалтгаанаар цол дуудахаа больж, засуулын ажлаа үргэлжлүүлж явна. Сүүлийн үед бөхийн цолыг СУИС-ийг төгссөн мэргэжлийн уртын дуучид цоллоочоор ажиллаж байгаа аж.

 

Ахмад засуулын туршлага

 

Бөхийн өргөөнд зохион байгуулагдаж буй барилдааны нэг, хоёрын даваа нэлээд ачаалалтай байдаг. Засуулууд 10 гаруй малгай тэвэрсэн байх нь бий. Энэ үед тухайн засуулаас ажлын ур чадвар шаарддаг биз. Одоогоос олон жилийн өмнө барилдааныг ухрааж харах камергүй байжээ. Тиймээс засуулууд барилдаж байгаа бөхчүүдийг нүд салгахгүй харах их хариуцлагыг үүрнэ. Харин одоо хэдэн талдаа камертай болж засуул, хөлийн цэцийн ажил бага ч гэсэн “хөнгөрсөн” байна. Өмнө барилдаж байсан хүмүүс засуулаар ажиллах давуу талтай тухайн бөхдөө заавар, зөвлөгөө өгөхөөс гадна хэн нь түрүүлж унасныг мэддэг аж.  Зарим бөхчүүд унасан, давсан гэж дэвжээн дээр маргадаг ч дараа нь уучлал гуйдаг гэдгийг нийтлэлийн баатар онцлов. Засуул байхын хамгийн бахархам үе шинээр цол авсан бөхийн нэрийг дуудаж "Улсын ахлах засуул Д.Алтайбаатарын мөрөн дээрээс цолонд хүрлээ" хэмээн бөх тайлбарлагчийн хэлсэн үгээс урам авч, огшдог байна.

Сүүлийн үед үндэсний бөхийн спортын засуулаар залуучууд хүч түрэн орж иржээ. Д.Алтайбаатар засуул ахмаддаа ордог бөгөөд үргэлжлэл болсон дүү нартаа чаддаг зүйлээ зааж өгөхийг илүүд үздэг нэгэн. Барилдааны үед дэвжээ, бөхийнхөө голоор явахгүй байх дүрмээ сайн баримтлахыг захидаг. Сүүлийн үед бөхийн барилдаан олон удаа зохион байгуулагдаж байна. Дээр үед  амралтын өдөр л барилдаан болдог байсныг хуучлав.

 

Үндэсний бөхөөр барилдсан нь

 

Д.Алтайбаатар улсын наадамд таван удаа зодогложээ. Хоёр удаа гурав давж, гурван удаа хоёр даваа авсан байна. Нэг удаа хоёр даваад байж байхад нь улсын заан Д.Мягмар амлажээ. Дараа нь С.Дэлгэрбат түүнийг гурвын даваанд амласан гэдэг. Олон хүчтэнтэй таарч барилдсан түүх түүнд бий. Тэрээр үндэсний бөхөөр барилдсан түүх бий. Зүлэг ногоон дэвжээнд барилдахдаа улсын цолонд хүрээгүй ч тэндээс бусдыг хүндлэх ухаан, ёс жудагт суралцсан гэлтэй. Аав нь төрийн наадмын бөхийн барилдааны засуулаар ажиллахдаа хүүгээ харж, дээлийн захыг нь мушгидаг байсан нь тодорхой. Д.Алтайбаатар 1987 онд Бүх цэргийн баяр наадмаар дөрөв давсан байна. “Дөрөв давчхаад байж байтал Алдар нийгэмлэгээс 72 цагийн чөлөө өглөө. Би гэртээ харихаар Энхсайханд намайг авчих гэж хэлээд тахим буулгаад явсан. Эргээд бодоход сайхан барилдаад цол авсан бол гэж боддог” гэв.

 

Сонирхлыг нь дэмждэг сайн эхнэрийн үүрэг

 

Спортынхон гэр бүлийн хүнтэйгээ танилцахдаа ойр тойрноосоо “олдог” гэлтэй. Д.Алтайбаатар чөлөөтийн тамирчин байхдаа нэгэн насны ханьтайгаа танилцжээ. Түүний хүсэл сонирхлыг эхнэр их дэмждэг. Бөхтэй өдөр ар гэрийнхээ чөлөөлж бүх ажлаа өөрөө зохицуулдаг дайчин эмэгтэй гэнэ. Мөн засуулаар ажиллахыг нь  дэмжихээс гадна дээл, хувцас, малгайг нь дээдлэн шүтдэг. Эмэгтэй хүнд байх сайхан чанарыг бүрдүүлсэн бүсгүй ажээ. Түүний эхнэр нь Увс аймгийн Хяргас сумын гаралтай Б.Наранцэцэг гэж бүсгүй бий. Тэд 1992 онд аав ээж болсон бөгөөд нартын амьдралд өнгө нэмсэн хүү, охинтой. Хүү нь спортод дуртай бөгөөд хөл бөмбөгийн спортын мастер цолтой. Түүнийг  А.Амартүвшин гэдэг. Нэг хэсэг бөхөөр хичээллэж, шагнал хүртсэн гэнэ. Мөн аавыгаа дуурайгаад бөх засах хоббитой. Нэгэн үе хүүхдийн барилдааны засуулаар ажилласан гэдэг. Охин нь А.Амарсайхан өдгөө айлын халамжит гэргий, хүүхдүүдийн сайн ээж. Өдгөө Д.Алтайбаатар, Б.Наранцэцэг нар үртэй байхын жаргалыг мэдэрч, өвөө эмээ болжээ. Хоёр зээ, нэг ачтай. Тэднийгээ ирээдүйд барилдана хэмээн итгэж байгаагаа ярьсан юм.

Улсын ахлах засуул Д.Алтайбаатарт одоо бөхийн засуу­лаар ажиллах найман жил үлджээ. Тэр хүртэл шинэ цолтон олныг төрүүлж, хариуцлагатай ажиллахаа хэлж байв. "Бөхийн буян их шүү" хэмээн ярих засуулыг танихгүй хүн үгүй. Тэр дундаа бөх сонирхогчид сайн мэднэ. Хаана ч таарсан мэндэлж, нутагтаа очиход нь хүмүүс их хүндэтгэлтэй хүлээж авдаг байна.

Бөх хүн жудагтай, сайхан сэтгэлтэй, зөв үйлдэлтэй, хөдөлмөрч байвал амжилтад хүрдэг гэдгийг үлгэрлэсэн хүчтэн олон бий. Үүнтэй манай нийтлэлийн баатар санал нийлэв. Ховдын бөхчүүдэд ирээдүй байгаа, сайн нягт барилдаж буйг ярьсан юм. Мөн Архангайн бөхчүүд амжилтад ойрхон байна. Эдгээр нутгийн хүчтэнүүд энэ наадмаар юм дуулгана даа хэмээн бидний яриа өндөрлөсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 124 (7368)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин