Баатарын НЯМСҮРЭН
Хөдөлмөрч зан, эерэг сэтгэлгээ, юунд ч үл бууж өгөх эрч хүчээр уран бүтээлдээ шамддаг хүмүүс бол яахын аргагүй урлагийнхан. “Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа чөлөөт уран бүтээлч, артист DerBi буюу Д.Бямбасүрэнг онцолж байна.
-Өнгөрсөн хугацаанд олон уран бүтээлийг дуулж сонсогч олонд хүргэсэн. Залуу хүний хувьд туурвиж буй уран бүтээлдээ ямар зарчим баримталж ажилладаг вэ?
-Би өнгөрсөн онд “Цагийн гарз” хэмээх анхны ганцаарчилсан уран бүтээлээ сонсогч олондоо хүргэсэн. Үүнээс гадна олон дуучинтай хамтарч туурвисан уран бүтээлүүдтэй. Анхны хамтарсан дуу гэвэл хүмүүсийн сайн мэдэх “Ар цармын цэцэг” дууг шинэчилж дуулсан.
Үүний дараа гурван бүдүүн хамтлагийн дуучин Учка ахтай хамтарч “Зураг” хэмээх дуугаа гаргалаа. Соёлын тэргүүний ажилтан О.Баднаанямбуу эгчтэй “Дүүжин хуар” ардын дууг шинэчилж дуулсан. Мөн уртын дуучин Э.Дашнямтай хамтарч “Эр бор харцага” дууг дуулж амьдруулсан. “Мөнхийн реп” хамтлагийн Мийгаа ахтай хамтарч шинэ уран бүтээл гаргасан. Үүнээс гадна “Люмино” хамтлагийн ээлжит уран бүтээлийн дахилт хэсгийг нь дууллаа. Би хөрвөх чадвартай уран бүтээлч байхыг хичээдэг учраас бүх л чиглэлийн дуу дуулдаг.
-Реппер дуучид нийтийн болон ардын дууг дуулах нь ховор. Харин таны хувьд эсрэгээрээ байна. Энэ нь ирээдүйн зорилго мөрөөдөлтэй нь холбоотой юу?
-Соёлын тэргүүний ажилтан О.Баднаанямбуу эгч “Дүүжин хуар” дуугаа шинэчилж дуулахаар надтай холбогдохоосоо өмнө хоёр артистид санал тавьсан юм билээ. Тэд ардын дуу дуулахгүй гэсэн шалтгаанаар хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Яагаад хамгийн түрүүнд надтай холбогдоогүй юм бэ гэж асуумаар санагдсан. Би ямар ч хөгжмийн аяар сэдэв гололгүй дуулна. Өөрөөр хэлбэл, ямар ч дууны санал ирсэн хүлээн зөвшөөрөхөд бэлэн. Миний эрхэм зорилго дэлхийн хэмжээний дуучин болох. Би тэр цэгт хүрэхдээ монгол хүн гэдгээрээ бусдаас ялгарна. Өв соёлоо тээсэн, өвөг дээдсээ хүндэлдэг байх нь чухал. Мөн хөгжмөө тоглоод, дууны үгээ бичдэг байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд бага багаар урагшилж явна даа. Надад бодож төлөвлөсөн зорилтууд бий. Миний ирээдүйг хөдөлмөр бүтээнэ. Магадгүй дунд нь саад бэрхшээл тохиолдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ дайчин зангаар даваад гарна. Урлагийн замнал их тэвчээр шаарддаг. Алхам алхмаар зорилго руугаа ойртох тусам олон зүйлийг сурах шаардлага гардаг юм билээ. Үргэлж хийж бүтээхийн хүсэлд хөтлөгдсөн эрч хүчтэй байна гэж үгүй, шантрах үе гарна. Тухайн үеийн сэтгэгдэл, мэдрэмжээ дуу болгох боломжтой. Би өдөр бүр амьдралд тохиолдсон содон зүйлээ утсан дээрээ бичиж тэмдэглэдэг. Энэ нь дуу болсон тохиолдол бий.
-Анхны уран бүтээл болох “Цагийн гарз” дуугаа өөрийнхөө амьдралаас сэдэвлэж шүлгийг нь бичсэн билүү?
-Анхны бүхэн үнэ цэнтэй мартагдашгүй дурсамжийг үлдээдэг. Мөн алдаа, онооноосоо суралцаж дараагийн уран бүтээлдээ анхаарна. “Цагийн гарз” уран бүтээл миний амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс их нандин, хайр татсан уран бүтээл гэж онцолмоор байна. Хүний амьдралын үнэ цэнтэй зүйлийн нэг бол яахын аргагүй цаг. Би нэг залуутай хэсэг хугацаанд үерхээд тус тусын замаа хөөсөн. Эргээд бодоход тухайн үед сэтгэлээр унасан ч босож чадсан нь бахархалтай санагддаг. Намайг тэр хүний хэлсэн үг өөрчилж, хурцалсан. Одоо би түүнд талархдаг.
-Дууны шүлгээ бичжээ. Уран бүтээлийнхээ хөгжмийг нь бичиж байсан уу?
-Би их сургуульд сурахдаа дөрвөн жил оюутны байранд амьдарсан. Мартагдашгүй дурсамжийг бүтээдэг “Оюутны өргөө” байранд амьдарч байхдаа нэг уран бүтээл гаргасан. Би “Оюутны өргөө” дууныхаа үг, аяыг нь бичиж дуулсан. Ингээд оюутнуудын дуулах дуртай, байрны минь сүлд дуу болсон шүү. Байрны хаалгаар ороход дууны үгийг жаазанд хийж, байрлуулсан байдаг. Тухайн үед байрны зүгээс дуу зохиож өгсөн гэж урамшуулахдаа төлбөрөөс чөлөөлсөн нь их урам болсон. Ер нь оюутны байрны тухай дуу цөөхөн байдаг.
-Таныг хүмүүст таниулсан, авьяасыг нь хөглөсөн цаг хугацаа гэвэл ‘Voice of Mongolia’ шоунд оролцсон үе байх. Тэндээс ихийг бүтээх сэдэл, урам зориг авсан байх даа?
-2022 онд “Voice of Mongolia” шоунд өөрийгөө сорихдоо дөрвөн шүүгчид үнэлэгдэж, санал авсан нь мартагдашгүй үе байлаа. Энэ үед хип хоп урсгалаар дуулбал болох юм байна гэсэн сэдэл авсан. Ирээдүйн зорилгоо эндээс олж авсандаа талархдаг. Тухайн үедээ би ‘Voice of Mongolia’ шоуг миний мөрөөдлийн гүүр гэж тодорхойлж байлаа.
-Шоуг зорих нь их зориг байсан болов уу. “Voice of Mongolia” шоунд оролцох сэдэл хэзээнээс эхлэлтэй вэ?
-Би нэгэн үе “Voice of Mongolia” шоуны үнэнч үзэгч нь байсан. Тухайн үед шоунд оролцож байсан уран бүтээлчдээс зөвлөгөө авахаар холбогдоход хариулт өгдөггүй байлаа. Би хойч үеэ дэмжиж, туслахыг хичээдэг. Урлагийг түгээн дэлгэрүүлэх чухал шүү дээ. Намайг шоунд оролцсоны дараа дүү нар холбогдож, зөвлөгөө хүссэн. Би тэр бүрд нь чин сэтгэлээсээ хариулж, мэддэг зүйлээсээ хуваалцсан.
-Хүний өсөж торнисон орчин, хүмүүжлээс ирээдүй нь хамаардаг. Та багаасаа урлагийн авьяасаа хөгжүүлж, ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөсөн үү?
-Би урлагийн гэр бүлд төрж, өссөн. Хүмүүжсэн орчин минь урлагтай салшгүй холбоотой учраас өнөөдрийн замналыг бүтээсэн. Аав маань дуу хөгжмийн багш мэргэжилтэй, ээж зурагчин. Аав гэртээ хөгжим тоглож, баяр ёслолууд дурсамж дүүрэн өнгөрдөг байсан. Би багадаа хөгжимчин, дуу хөгжмийн багш болох мөрөөдөлтэй, морин хуур тоглодог байсан. Аав ээж минь намайг бүх талаар дэмжиж, хамгийн үнэнч хайраар хайрладаг. Урлагийн ажил цаг наргүй, ажлаа амжуулаад очиход тав тухтай дулаан гэрт хоол ундтай угтдаг. Энэ дашрамд үргэлж миний төлөө сэтгэл гаргадаг, амьдралд жаргал нэмсэн аав ээждээ хайртай гэдгээ хэлмээр байна.
-Таны хүүхэд насны мөрөөдөл биелжээ. Нэгэн үе цагдаагийн “Сүлд” чуулгад хөгжимчнөөр ажилласан. Нэг байгууллагад харьяалагдаад ажиллах, чөлөөт уран бүтээлч байх хоорондоо их ялгаатай биз?
-Би 2018 онд СУИС-ийг цохиур хөгжимчин мэргэжлээр суралцаж төгссөн. Ингээд Нийслэлийн 11 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар нэг жил ажилласан. Мөн цагдаагийн “Сүлд” чуулгад мэргэжлээрээ дөрвөн жил ажиллаа. Нэг байгууллагад харьяалагдаад ажиллах, чөлөөт уран бүтээлч байх нь хоорондоо их ялгаатай. Улсын ажил нийгмийн баталгаа боловч цаг хугацаанд захирагддаг. Уран бүтээлдээ цаг заваа зориулж байж амжилттай явна. Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд “Сүлд” чуулгаасаа гарсан.
-Хүмүүс таны гадаад үзэмжийг өвөрмөц гэж хардаг байх. Хувцаслалтдаа хэрхэн анхаарч, ямар байдлыг бүрдүүлэхийг зорьдог вэ?
-Миний дотоод сэтгэл магадгүй бусдаас өөр байх. Хүнтэй зөрж өнгөрөхөд намайг эргэж харсан өвөрмөц, дахин давтагдашгүй гадаад үзэмжийг бүрдүүлэхийг хүсдэг. Магадгүй хүмүүс намайг ямар сонин содон юм бэ гэж бодож мэднэ. Учир нь би содон гэдэг үгэнд дуртай. Ийм байдлыг бүрдүүлэхийг хүсдэг учраас тэр. Хувцаслалтын олон сонголт бий. Тиймээс хүн бүртэй ижил биш, шинэлэг байхыг хичээдэг. Миний имижийн салшгүй нэг хэсэг нь нүдний шил. Би нүдний шилний цуглуулгатай. Өдөр бүрийн хувцаслалтдаа тохируулж зүүнэ. Харин үсний өнгөө саяхан ногоон, ягаанаар хослууллаа. Би тод өнгө буюу солонгын долоон өнгөнд дуртай. Гэхдээ хамгийн их таалагддаг нь ногоон. Энэ нь айлчлан ирсэн луу жилийн ээлтэй өнгө юм билээ. Хүмүүс мөнгө, эрч хүчний өнгө ч гэж онцолдог.
-Өдөр бүрийн хувцаслалт нь өөр байх. Тухайн өдрийн хувцаслалт, имижээ хэрхэн бүрдүүлж байна?
-Заавал ийм хувцас өмсөх ёстой, үүнийг өмсөж болохгүй гэсэн цензур байхгүй. Загварын ертөнц их чөлөөтэй, хязгааргүй. Би шүүгээ дүүрэн олон сонголтын хувцастай. Тухайн өдрийн хийх ажил, цаг агаартайгаа уялдуулж хувцсаа сонгоно. Өөрийн хүссэнээрээ өнгөлөг байхыг хичээдэг. Надад энгийн хувцас ховор, өвөрмөц стильтэй содон загварууд голчилж байна. Сүүлийн үед трико трэнд болж байна. Үүнээс өмнө худалдаж авсан тод өнгийн триконууд миний хувцасны нэг хэсэг нь.
-Хүмүүс урлагийнхнаас үлгэр дууриал авах нь бий. Бусдад хэрхэн үлгэрлэхийг хичээдэг вэ?
-Урлагийн хүн бүх зүйлээрээ үлгэр дууриал болохуйц байх ёстой. Гадаад үзэмж, яриа, бодол сэтгэлээрээ гэгээлэг байх нь чухал. Олны танил хүмүүс болж бүтэхгүй зүйлээ цахим орчинд дэлгэх нь буруу гэж хардаг. Мэдээж энэ хандлага тухайн хүний суурь хүмүүжлээс хамаарна. Би тааралдсан хүмүүстээ баярлалаа, уучлаарай гэдэг үгийг хэлэх дуртай. Зөрж өнгөрөхдөө сайхан харагдаж байгаа хүнд үнэнийг нь хэлж урам өгөх ёстой. Би цахим орчинд их идэвхтэй байдаг. Өөрийн хувийн хаягаараа дамжуулж хүмүүст урам, энерги өгөхийг хичээдэг. Цөөн тооны хүмүүс "чамаас урам зориг, шинийг хийх сэдэл авдаг" гэсэн сэтгэгдэл ирүүлэх нь бий. Энэ нь надад таатай мэдрэмж төрүүлдэг.
-Хөгжих нь урагшлахын үндэс. Чөлөөт цагаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна?
-Цаг ямагт хөгжих чухал. Ер нь зүгээр суухгүй, үргэлж хөгжихийг хичээдэг. Ном уншиж, өөрийгөө хөгжүүлэх зүйлд цаг гаргана. Хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж байна. Үүний хажуугаар уран бүтээлдээ шамдаж, ихийг хийх сэдэлд хөтлөгдөж явна. Би өглөө бүрийг эрч хүчтэй угтдаг. Гадаа тэнгэр бүрхэг байсан ч бүхнийг гэгээнээр хардаг. Миний амьдрал, бодол сэтгэл 98 хувийн аз жаргалтай. Үлдсэн хоёр хувь нь хааяа шантардаг гэсэн үг. Гэхдээ юун дээр алдсанаа олж, суралцахыг хичээдэг. Мэргэжлийн онцлогоор өдөр бүр шинэ хүмүүстэй танилцаж байгаа нь дэндүү сайхан.
-Ундарсан их эрч хүчээс цаашдын ирээдүй нь мэдрэгдэж байна. Уран бүтээлдээ ямар сэтгэлээр ханддаг вэ?
-Би уран бүтээлдээ чин сэтгэлээ зориулдаг. Миний уран бүтээлийн ард тусалж дэмждэг хүмүүс бий. Дан ганц миний хичээл зүтгэлээс бүх зүйл гараагүй. Олон хүний итгэл, сэтгэл, хөдөлмөр орсон. Би зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөхийг хичээдэг. Холыг харсан мөрөөдөлдөө хүрэхийн төлөө алхам алхмаар урагшилж явна. Хөгжмийн хэмнэл шиг шат шатаар ахиад явахад үр дүн гарна. Ингэж урагшлах амттай. Тодорхой хугацааны дараа эргээд дүгнэхэд туршлага болно гэдэгт итгэдэг. Уран бүтээлийнхээ хажуугаар Монголын биет бус өв болох хөөмийн урлагийг сурч явна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 118 (7362)