Дархан хилийг 14 жил хамгаалсан Улсын баатар

2024-06-13
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Рагчаагийн ОЮУН

 

БНМАУ-ын баатар Ж.Нэхийтийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Эх оронч эрэлхэг хилчин” эрдэм шинжилгээний хурлыг Хил хамгаалах ерөнхий газарт зохион байгууллаа. Ойн хуралд ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, Бригадын генерал Д.Мөнгөнжин, Хил судлалын хүрээлэн, Ж.Нэхийтийн охин бэлтгэл ахмад Н.Алтанцэцэг болон төрөл төрөгсдийн төлөөлөл, Монгол Улсын баатруудын холбоо, Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-Очир, Ж.Нэхийт баатрын алба хааж байсан Хилийн цэргийн 0218, 0101 дүгээр ангийн төлөөлөл, ДХИС-ийн судлаач эрдэмтэд оролцсон юм.

Д.Мөнгөнжин

Хурлыг нээж ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, Бригадын генерал Д.Мөнгөнжин үг хэллээ. Тэрээр “БНМАУ-ын баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ж.Нэхийтийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан ХХЕГ, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, баатрын үр хүүхдүүд хамтран “Эх оронч эрэлхэг хилчин” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй нь түүхэн учир холбогдолтой билээ. Монгол Улсын баруун хил Оспан, Гоминданы зэвсэгт түрэмгийлэл, хилийн мөргөлдөөн тасралтгүй болж байсан 1940-1952 оны хүндхэн жилүүдийн тулгаралт, байлдаануудад эр зориг, тэсвэр хатуужлаа харуулж, улсын хилийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж олон удаагийн ялалт байгуулсан Булган аймгийн Сайхан сумын харьяат Ж.Нэхийтийн гавьяаг төр, засаг өндрөөр үнэлж, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1962 оны долоодугаар сарын 3-ны 138 дугаар зарлигаар Монгол Улсын баатар цол хүртээсэн билээ. Ж.Нэхийт нь 1936-1939 онд Эрдэнэцагааны отрядад цэрэг, бага дарга, жагсаалын дарга, 1939-1953 онд заставын дарга, сумангийн туслах, сумангийн дарга, 1953-1957 онд Улаанбаатарт нисэх онгоцны байцаан өнгөрүүлэхэд шалгагч, тасгийн дарга, Сэлэнгийн байцаан өнгөрүүлэхэд тасгийн даргаар үр бүтээлтэй ажилласан” гэв. 

 

Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн дурсамжаас

Монгол Улсын баатар Ж.Нэхийт дурсамж номондоо “Ар Монголын автономит төрийн үед ядуу малчны гэр бүлд төрж Ардчилсан хувьсгалын үед өсөн бойжсон би 1934 онд 20 настай Сэлэнгэ аймгийн цагдан сэргийлэхэд сэргийлэгчээр орсноос эхлэн ирээдүйн амьдралын эх үүсвэр эхэлсэн билээ. Би сэргийлэгчээс 1936 онд ардын хувьсгалт цэргийн албанд татагдан Дотоод явдлын яамны харьяа Хязгаарын цэргийн жагсаалд багтаж хилчин цэргээс эхлэн хилийн застав, сумангийн дарга, отрядын штабын хилийн тасгийн туслах, байцаан өнгөрүүлэхүүдэд шалгагчийн ажлыг 24 жил хийх хугацаандаа соёл, боловсрол, тэсвэр хатуужил, ажил практикийн талаар хязгаарын цэргээр хүмүүжсэн. Дайчин хилчдийн хамт БНМАУ-ын хил дээр болсон хилийн будлиант тулгаралт, байлдаанд 30 гаруй, цэргийн тагнуулын үүрэг 20 гаруй удаа гүйцэтгэж дайсны дотроос хоёр удаа амьд хэл баривчлан ирж зохих үүргүүдийг гүйцэтгэж байсан учраас БНМАУ-ын хязгаарын цэргийн тэмцэл, ялалтын түүхийн зарим хэсэгтэй миний үйл ажиллагааны ихэнх нь холбогдож бичигдэхээс өөр аргагүй болсныг хүндэд олон уншигчид та бүхэн уучилна уу” гэжээ.

Мөн цааш нь “Миний бие Булган аймгийн Сайхан сумын нутаг Өрмийн Цагаан нуур гэдэг газар 1914 онд ард Жадамбын гуравдугаар хүү болон төрж 1-8 нас хүртэл эцэг эхийн асрамжид бойжин хүмүүжсэн бөгөөд 8-16 нас хүртэл хурга ишиг, хонь хариулах зэргээр гэрийнхээ ажилд туслалцаж байлаа. Миний эцэг эх хоёр ядуу амьдралын эрхээр баян Сүрэн гавжийнд мал хариулан зарцлагдаж явсаар эцэг Жадамба нь өвчний улмаас 1926 онд нас барсан юм. Ээж, эгч, дүү нарын хамт Сүрэн гавжийн мал хариулж, түүний ашиг шимээр амьдрахын зэрэгцээ хувийнхаа 20-30 толгой малаа маллан аж төрөн явсаар 16 наснаас эхлэн айл өрх толгойлон жин тээх, баячуудын адууг оторлон хариулж хөлс авах мөн тэдний эмнэг догшин морийг сургаж уналга хийх, цахиур буугаар ан агнах, модон тэрэг хийх зэргээр аж төрөн амьдарч явсаар 1934 оны зургадугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн цагдан сэргийлэхэд сайн дураар сэргийлэгчээр орсон.

Сүхбаатар хотын дэргэдэх Орхон мөрний усаар ЗХУ-аас Цагаан эрэгийн дамжлага баазад ирж бууж байсан бараа таваар сул задгай зүйлүүдийг харж хамгаалах үүрэг гүйцэтгэж байсны гадна тэр үеийн Сэлэнгэ аймгийн төв Алтанбулагт сууж байсан хятад иргэдээс тэмдэгтгүй хувийн худалдаа, дэлгүүр, гуанз гаргаж ард түмнийг мөлжин тонох, хар тамхи татах, Монгол, Зөвлөлтийн хилийг сэм нэвтрэн эдийн кантробанд хийх, улс олон нийтийн өмч хөрөнгийг идэж ашиглах явдал гарч байсан тул түүнийг таслан зогсоож улс, олон нийтийн өмч хөрөнгийг хамгаалах хувьсгалт хууль ёсыг бэхжүүлэн сахиулахын төлөө зохих ёсны тэмцлүүд хийн ажиллаж байлаа.

Сэргийлэгчээс 1936 оны гуравдугаар сард ардын хувьсгалт цэргийн албанд татагдаж, Дотоод явдлын яамны харьяа хязгаарын газрын Сүхбаатар аймгийн Чоно гол…р отрядын Баян хайлаастайн заставт цэргээр очиж хилчин нөхдийнхөө хамт хилийн харуу манаа, постуудын үүрэг гүйцэтгэх, заставын программист сургуулиар дөрвөн аргын тоо, уйгаржин монгол бичгийн цагаан толгой, улс төр, байлдааны бэлтгэлийн хичээл заалгаж түүндээ идэвх чармайлт, сахилга баттай суралцаж байсны үр дүнд 8-9 сарын дараа дөрвөн аргын тоо бодож, ном унших, уйгаржин бичгээр бичдэг болсноос гадна биеийн тамир турник, савлуурт ноймор хийх, модон моринд сайн харайх, улс төр байлдааны бэлтгэл сургуульд онцоос сайн дүнтэй суралцаж байсан учраас 1937 оны хавар отрядын төвд татагдаж Маам даргатай хүнд пулемётын салаанд орж хүнд пулемётын жинхэнэ наводчик болж түүнийгээ сайн эзэмшин онц бууддаг боллоо.

Тэр үед манай улсад удирдах боловсон хүчнүүд дутагдалтай байсан учир сурлага, сахилга батын байдлаар үнэлэгдэж, 1938 оны эхээр мөн отрядын нэгдүгээр заставт туслахаар дэвшиж тэр заставтаа 1939 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллах хугацаандаа цэрэг, түрүүч нарт программт улс төр, байлдааны бэлтгэлийн хичээл заах, заставын хоногийн төлөвлөгөөг зохиож хилийн харуулын постонд тушаал өгч явуулах, заставын аж ахуйн бусад ажлыг удирдан зохион байгуулах зэргээр ажиллаж ирлээ” хэмээн бичжээ.  

Эрдэм шинжилгээний хурлын үеэр түүхийн охин Н.Алтанцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

 

"Миний аав түүхэн хүн"

-Өнөөдөр аавын минь 110 жилийн ойд зориулж ХХЕГ-ын удирдлага болон түүний хамт олон “Эх оронч эрэлхэг хилчин” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна. Би аавынхаа үйл хэргийг залгамжилж хилийн цэрэгт ажиллаж байсан. Одоо үүнийг үргэлжлүүлээд гуч хүү н.Даваадаш Хилийн цэргийн 0101 дүгээр ангид алба хааж байна. Аав минь Монгол Улсын баруун хилд 14 жил улсынхаа дархан хилийг хамгаалахдаа эх орон, яам, командлалаас өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй, гарамгай биелүүлж байсан түүхэн хүн гэдгээр нь бахархаж явдаг.

-Та хилийн цэргийн аль ангид ямар мэргэжлээр ажиллаж байв?

-Би 1982-2013 онд хүртэл хил хамгаалах байгууллагад цэргийн болон энгийнээр 31 жил ажилласан. Одоо чөлөөндөө гарсан бэлтгэл ахмад байна. Тухайн үед Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албанд бактерлоги лабораторийн эмчээр ажиллаж байлаа. Тэр үед улсын хилээр халдварт өвчин их гардаг байсан. Хилчид, дайчдын эрүүл мэндийн төлөө эмч нартай хамтарч хяналт, шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэж байсан.

-Аав тань үр хүүхдүүддээ юу гэж сургадаг байсан бэ?

-Аав маань чөлөөнд байх хугацаандаа ах дүү хамаатан садан болон хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй шатар их тоглохоос гадна хүмүүсийг хөгжөөж хошин үг хэлдэг байсан. Үр хүүхэд, ач зээдээ их халамжтай, анхаарал тавьж зөвлөгөө өгнө. Аав цэргийн албанд ирсэн хойноо бичиж сурсан байдаг. Залуучууд, хүүхдүүдэд “Энхтайван цагт энэ сайхан амьдралд та нарын бүх юм бэлэн байна. Хэрхэн сурах нь та нараас л шалтгаална. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж бай, хичээл сургуулиас хойш суух хэрэггүй” гэж хэлж, захина. Ер нь нэг, хоёрдугаар ангиас эхлээд цагийн хуваарь гаргаад чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрүүлэх талаар их зааж зөвлөдөг байсан.

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Ахтайгаа хоёулаа. Ах маань бурхан болсон ч үр хүүхэд, ач гуч нь бий. Би хүү, охин хоёртой. Хүү минь гадаадад гэр бүлтэйгээ амьдардаг. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд гэр бүлийн хүн н.Энэбиш, охин хоёр маань хамт ирсэн. Мөн хоёр гучийнх нь нэг нь Хилийн цэргийн 0243 дугаар ангид ажиллаж байгаад 2022 онд Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ахлах офицероор ажиллаж байна. Харин хоёр дахь гуч нь аавын нэрэмжит ангид алба хааж байгаа хилчин цэрэг бий.

-Та яагаад хилийн албыг сонгох болов. Мэдээж аавын нөлөө байсан байх?

-Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлье гэж бодсон. Би ингэж ажиллана гэдэг чинь үр удам нь хилчин, эх оронч үзлээр хүмүүжинэ. Энхтайван цагт би хилээр өөрийнхөө мэргэжлийн ажлаар явж байхад тухайн хилийн цэрэг байлдагчтай уулзаж, тэдний эрүүл мэнд алба хааж байгаа нөхцөл байдал, амьдарч буй орон байр, идэж байгаа хүнс гээд бүх юманд шинжилгээ хийж эрүүл мэндэд нь анхаардаг байсан. Өнөөдөр нийгмийнхээ хөгжлийг дагаад үүрэг гүйцэтгэхэд бүх юм бэлэн. Би лабораторид ажиллахдаа хилийн отряд, заставт нийлүүлж буй бүх хүнсний бүтээгдэхүүнээс шинжилгээ авна. Тухайн үед ундны усанд шинжилгээ их хийдэг байлаа. 

 

Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-Очир: Нэг сумаас гурван баатар төрсөн нь ховор тохиол юм

-Манай сумаас Ж.Нэхийт, С.Лхагвадорж, залуу жанжин хэмээн олноо хүндлэгдсэн Ж.Лхагвасүрэн гэсэн гурван баатар төрсөн. Нэг сумаас Монгол Улсын гурван баатар төрсөн нь ховор тохиол юм. Мөн Булган хангай нутаг үндэсний бөхийн таван аваргатайгаас Даншигийн аварга Цэрэнпил, алдарт даншигийн ах дүү аварга Намхай, Лувсанжамбаа, даян аварга С.Цэрэн гэсэн дөрвөн аварга төрж, улсын цолтой бөхчүүдийн тоогоор улсдаа тэргүүлж байна. Мөн Хөдөлмөрийн баатар дөрөв, партизан гурав, 30 гаруй гавьяат төржээ гэсэн юм.

Хилийн цэргийн анги, салбарыг татан буулгаж, цэргийн алба хаагчдыг энхийн хөдөлмөрийн талбарт шилжүүлэхэд Ж.Нэхийт цэрэг хувцсаа тайлж, 1953-1963 онд Улаанбаатар хотын Төв түүхий эдийн баазад нярав, комендатаар ажилласан байна. Гэвч 1960-аад оны эхнээс Монгол, Хятадын харилцаа муудснаас улсын хил хамгаалалтыг бэхжүүлэх, Хязгаарын цэргийн анги, салбарыг шинээр байгуулах болсон. Тухайн үед Ж.Нэхийт баатрыг Төв түүхий эдийн баазаас НАХЯ-ны харьяа Хилийн хэлтэст зэвсгийн мастераар татан авч улмаар 1963-1974 онд Улаанбаатар, Сэлэнгийн байцаан өнгөрүүлэхэд шалгагч, тасгийн даргаар ажиллан хилчидтэйгээ мөр зэрэгцэн алхсан хэмээн ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын дарга, хурандаа, доктор, дэд профессор Н.Даваадорж хэлж байсан юм. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 117 (7361)

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин