Монголчуудын оюун санааны өвийг сахих Үндэсний номын сан шинэ салбараа нээлээ

2024-05-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбар номын сан нээлтээ хийж бид бүхэн олон улсын стандартад нийцсэн тохилог номын сантай боллоо. Үндэсний номын сан нь 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан үндэсний хэмжээний номын сан болон байгуулагдсан. Тэр цагаас хойш ийнхүү 73 жилийн дараа шинэ номын сангаа нээж байна. Тус номын сангийн барилга 2008 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Үндэсний номын сангийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг барих зарлиг гаргаснаар анхны шав тавигдсан юм. Улмаар 2014 онд барилгын ажлыг эхлүүлж 11 давхар чөлөөт сонголт бүхий төрөлжсөн 16 танхимтайгаар уншигч олон түмэндээ үүдээ нээж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Үндэсний номын сан нь шинээр нээж буй салбар номын сандаа сүүлийн үеийн 534 мянган ном хэвлэлийг шилжүүлэв. Харин төв байрандаа үлдсэн гурван сая орчим ном хэвлэл, судар бичигт үндэслэн эрдэм шинжилгээний номын сан болгох юм байна.

Нээлтийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлж Их Эзэн Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоог дурсгал болгон гардуулав. Тэрээр “Монгол Улсын Үндэсний номын сан өргөжин тэлж шинэ номын сангийнхаа өндөр үүдийг өргөн түмэндээ ёслол төгөлдөр нээж байна. Манай ард түмэн олон зууны тэртээгээс бичиг үсэг зохиож, үүх түүхээ тэмдэглэн үлдээж, судар номоо дээдлэн эрдэм ухааныг шүтэж ирсэн эртний төрт ёсны уламжлалтай билээ. Их Эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид төв дэлхийд Монголын их амар амгалан тогтоохдоо газар бүрийн эрдэмтэн мэргэд тэдний ном бүтээл, үзэл санаа, соён гэгээрлийн үйл хэрэгт түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн нь дэлхийн түүхнээ бичигдэн үлдсэн байдаг. Мөн Их Монгол Улсын үед Хархорум хотноо хаадын номын сан хөмрөг, Монголын Эзэнт гүрний үед бичгийн утгачийн хүрээлэн буюу ном сурвалжийн сан хөмрөг зэргийг байгуулан төрөөс бодлогоор онцгойлон анхаарч ирсэн түүхтэй. Эрдэм номоо эрхэмлэн дээдэлж, хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж ирсэн Монгол төрийн бодлого үеийн үед үргэлжлэх учиртай.

Энэхүү шинэ номын сан нь эрдэм мэдлэгийг дээдлэн хүндэлж, ном дор мөргөж ирсэн хорвоод хосгүй Монголын ёс уламжлалын билэг тэмдэг болон сүндэрлэж байна. Монгол Улсын анхны номын сан Үндэсний номын сан нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл бидний өвөг дээдсийн бүтээсэн ном судрын хосгүй үнэт баялаг сан хөмрөгийг хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжилж, хүүхэд багачууд, оюутан сурагчид хүн ардыг соён гэгээрүүлэх гэгээн сайхан үйл хэргээ хэрэгжүүлж ирсэн гэдгийг энд онцлон тэмдэглэж байна. Сүүлийн жилүүдэд үндэсний номын сангийн барилга байгууламж, үйл ажиллагааны ачаалал хэтэрч сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын горим алдагдаж ажилтан албан хаагчид, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал алдагдах болсон. Тийм учраас энэхүү нөхцөл байдлыг төр засгаас онцгойлон анхаарсан билээ. Орчин үеийн технологийн хөгжилтэй холбоотойгоор залуу үеийнхний ном унших дадал зуршил буурч, уншсанаа ойлгох, задлан шинжлэх чадвар суларч байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Иймд эрдэм номыг дээдэлдэг ардын сайн уламжлалаа даган цаашид хүүхэд залуусын ном унших, ойлгох чадварыг сайжруулж номын сайн нөхөр болон хүмүүжүүлэх, оюунлаг ирээдүйг бүтээхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, номын санч төдийгүй Монголын хүн бүр анхааран ажиллахыг улсын тэргүүний зүгээс ард түмэндээ уриалж байна. Шинэ номын сандаа Монгол түмний өсөн дэвжиж, өргөжин арвижихын бэлгэдэл болсон есийн тоог бэлгэдэж, есөн есөн бэлгэдэл тайлбартай Монголын нууц товчоо номыг бэлэг болгон гардуулж байна” гэв.

Нээлтийн үеэр Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Монголчууд Үндэсний шинэ номын сантай болсон нь бидний оюун санааны ертөнцөд тохиож буй хамгийн сайхан баярт үйл явдал хэмээн миний хувьд харж байна. Учир нь монголчууд бид номыг оройдоо залж хүндэлж явдаг ард түмэн. Тэр ч утгаараа бидний оюун санаа хүчирхэг байх, улам өөдөө бадарч байгаагийн илрэл болж буй түүхэн үйл явдал. Энэ баярыг бид 73 жил хүлээсэн. Тиймээс шинэ номын сан бүтээж өгсөн нийт татвар төлөгчид, үе үеийн төр засгийн тэргүүнүүд Монголынхоо ард түмэнд талархаж байгааг илэрхийлье. Бидний шинэ номын сан тусгай хэрэгцээт иргэдийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн өнгөрсөн 73 жилийн турш хүлээж байсан бүх хүлээлтийг нөхөж баригдсан барилга юм” гэлээ.

Шинэ номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүрэлцэн ирсэн юм. Тэрээр 2008 онд үндэсний номын сангийн шинэ барилгыг барих зарлигийг гаргаж анхны шавыг тавьсан билээ. Энэ тухай тэрээр “Шинэ номын сангийн нээлтийн үйл ажиллагаа болж буйд ихэд баяртай байна. Миний хувьд шинэ номын сан барих тухай зарлиг гаргаж анхны шавыг тавьж байсан. Түүнээс хойш үндэсний номын сангийн шинэ барилгын ажил хэсэг хугацаанд завсардсан ч ийнхүү нээлтээ хийж байна. Одоогийн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар өмнөх үеийнхээ хэрэгжүүлэхээр зорьж байсан ажлуудыг үргэлжлүүлж түүнээс зарим нэг нь амжилт үр дүн гаргаж байгаад таатай байна. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн төслийг санаачилж, анхны хөрөнгө оруулалтыг татан авч байсан бол энэ төсөл өнөөг хүртэл амжилттай хэрэгжсээр байна. Энэ бол монгол төрийн залгамж чанар мөн юм.

Аливаа улсын үндэсний номын сан нь ямар вэ, түүндээ хэрхэн хандаж байна вэ гэдгээр тухайн орны хөгжлийг шалгаж болдог. Тэр утгаараа бид нар өвөг дээдсийнхээ номд хүндэтгэлтэй хандаж байсан уламжлалыг өвлөн авч ийнхүү ажиллаж байгаад ихэд баяртай байна. Мөн орчин үед номын сан маань уншигчдынхаа араас явдаг болсон байна. Өөрөөр хэлбэл, уншигчдын анхаарлыг татах, сонирхолд нь нийцүүлж үйл ажиллагаагаа өөрчлөх шаардлага тулгараад байна. Тиймээс номын сангийн үйл ажиллагаа өөр лүгээ бус гадагшаа, уншигч руугаа илүү чиглүүлсэн олон шинэ арга хэлбэрүүдийг авч ажиллах байх хэмээн найдаж байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 105 (7349)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин