Допингод дөрлүүлсэн үндэсний бөх

2024-05-21
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

Үндэсний бөхийн тухай дахиад л бичмээр санагдлаа. Өөрөө барилдаггүй ч жирийн сонирхогч олон байдаг. Тэдний нэг нь би юм уу даа.

Бас спорт болон бөхийн тухай олон жил бичлээ. Нэгэн үе “Бөхийн мэдээ” гэдэг сонин эрхлэн гаргаж байв. Үүнийхээ хүчинд 1900-гаад оны сүүлч, 2000-аад оны эхний үеийн бөхчүүдийн талаар хэрэндээ мэддэг болсон юм.

Одоо ч барилдаан болоход бас харахыг л хичээдэг. Гэтэл өнөөдөр Монголчуудын үндэсний өв соёлын нэг гэгдэх бөхийн төрөл дэндүү ядуураад байх шиг.

Олны саналыг сонсоход "За яахав нэг хэдэн юм ноцолдож л харагдах юм" гэх төдий тоомжиргүй хандлага ажиглагдах боллоо. Аргагүй л юм. Монгол үндэсний бөхөд толгой зовоож, сэтгэл санаа эмзэглүүлсэн юм дэндүү их болж.

Тиймээс энэ удаагийн бичиглэлээ шүүмжлэл талд нь хандуулахаар шийдэв. Болж байгаа юмыг хольбирууллаа, харлууллаа гэх хүн байж ч мэднэ. Тэгвэл уучлаарай. Чадваас тас хийтэл шүүмжлэхээс арга алга шүү дээ.

Баяр наадам хаяанд ирчихлээ. Энэ үед уг нь энэ жил хэний хүү түрүүлдэг бол гээд үг уралдуулан ярьж бөхчүүдээ хүндэлсэн таавар дунд хөвж явах л цаг.

Гэтэл наадмын түрүү бөхөөс лав “айдаг” болчихож. Энэ юутай холбоотой вэ гэвэл сүүлийн хоёр ч удаагийн наадмын түрүү бөх “допингийн шалгалтад унаж шинэ цол ч үгүй, нэр хүнд ч үгүй болсон явдал наадам цэнгэлийг сааралтуулж байгаагийнх. Үндэсний бөх гэдэг өв уламжлалаа уландаа гишгэхэд хүргэж байна гэж ч болно.

Хамгийн гол нь нэгэнт алдаа гаргасан бол хариуцлагаа ухамсарлан хүлээж авдаггүй нь бөхчүүдийн алдаа тэр нь монгол бөхөө муухай харагдуулж байна. Арслан Э.Оюунболд гэдэг нөхөр допингийн шалгалтад хоёр ч удаа унахдаа өөрийгөө зөвтгөх гэж мөн их юм болсон доо. Эцэст нь аварга цол ч үгүй, барилдах эрх ч үгүй болж дууссан.

Гэтэл ноднингийн наадмын түрүү бөх М.Бадарч мөн л зарга зээлхий хийсээр бараг бүтэн жилийн нүүр үзсэн. Бас л булхайгаа булах гэсэн биш булайгаа дэлгэх шиг юм болов доо.

Басхүү арслан Бадарч гэхийн оронд “800 саяын Бадарч”, “Панангин Бадарч” гэсэн цол зүүгээд барилдах эрхээ дөрвөн жилээр хасууллаа. Ид барилдах насан дээрээ дөрвөн жилийн зогсолт гэдэг хайран хэрэг. Даана ч өөрт нь хариуцлагаа хүлээх чадвар алга юм.

Гарьд Бадарч дөрвөн жилийн дараа улсын баяр наадамд зодоглоод арслан болно гэдэг юу л бол. Элдэв арга сүвэгчилж түмний доог болохын оронд шууд буруугаа хүлээчих байсан юм тэр.

Р.Пүрэвдагва арслан яалаа. Нэг удаа допингийн шинжилгээнд унаад шударгаар буруугаа хүлээн дэвжээн дээрээ үзэгчдээс уучлал эрж түүнийхээ хүчинд нэг жил хэрээтэй хугацаагаар барилдах эрхээ хасуулсан байдаг. Даян аварга Н.Батсуурь бас хэвлэлийн хурал зарлаж буруугаа хүлээсэн бий. Тэгэхээр яагаад энэ тухай эргэн дурсав гэвэл “Үнэнээр явбал туулай гүйцнэ” гэдгийг сануулсан хэрэг.

М.Бадарчийн асуудлыг “Спортын арбитрын шүүхээр хэлэлцэх явцад нэг нөхөр-Би Бадарчид санамсаргүйгээр эм андуурч өгсөн гээд гарч ирсэн нь асуудлыг зөөлрүүлэх биш бүр “жүжиг” болгочихсон. Эцэст М.Бадарч зүрхний эм гээд хүнээс хориотой эм авч уусан болж л таарсан. Ингээд наадмын өмнөх нэг эмгэнэлт үзэгдэл өндөрлөсөн дөө.

Ер нь допингийн асуудал хэн нэгний нэр төрийн асуудал төдий биш бөхөд хагарал бий болгож байгаа уршигтай юм. Үзэгчид тодорхой юм харсан даа.

Допингтой бөхтэй барилдахгүй гэж бусад нь дургүйцсэнээс болж  нэг удаагийн барилдаан цуцлагдаж байсан шүү дээ. Саяхан бас нэг барилдаан цагаасаа 40 гаруй минут хоцорч эхэлсэн. Учрыг лавлахад бас л допингтой бөх барилдах гэснээс болсон гэж сонссон.

Аймгийн арслан Б.Өсөхбаярыг шийтгэлийнхээ хугацааг дуусгаагүй барилдсан гэх яриа бий. Яагаад барилдуулав гэдгээ ч бөхийн холбооныхон тодорхой тайлбарлаагүй юм билээ.

Бас нэг хэлэх юм Монголд хууль тогтворгүй байдгийн нэг жишээг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хууль харуулдаг. Уг хуулийг 2003 онд анх батлах гаргасан бол түүнээс хойш зургаан удаа 50 гаруй зүйл, заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулсан бий. Иймээс хууль хүний ой тойнд хоногшихгүй байгаа юм.

Бас хуулийн биелэлт ч хангалттай биш. Тэр хуулийн 18,8-ийн 14,2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх харваачийн дасгалжуулагчийнх нь эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэсэн байтал допингтонгууд гараад л байхад хэн нэг дасгалжуулагчид шийтгэл оноосон нь үгүй юм билээ.

Иймээс допингийн хэрэглээг өөгшүүлэгчид байсаар байх хаалга нээлттэй гэсэн үг. Мөн хуульд нэг бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон нөхцөлд цолны даваанд түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгоно гэсэн бий. Олгоод ч ирсэн л дээ. Уг нь бол улс төрд хэн нэгний дэмжлэгээр шат ахиж албан тушаалд очдог шиг даваагүйг давсан болгож бөхөд цол хүртээдэг нь дэмий л юм. Тэгтэл хуулийн заалт нь тийм болохоор яалтай билээ.

Одоо М.Бадарчид унасан хэд хэдэн бөхөд цол хүртээх санал Ерөнхийлөгч рүү дөхөж яваа гэсэн. Наадмын наана шийдэх л биз.

Энд сонин юм бас бий. Гарьд М.Бадарчийн хэлснээр тавын даваанд түүнд 800 саяын авлига амласан гэсэн бий. Тэгвэл Бадарчийн хэл халтираагүй бол 800 сая биш юмаа гэхэд ямар нэг хэмжээний авлига өгье гэсэн болж таарах байх. Тэгэхээр авлига амлалцсан аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин болох нээ дээ.

Энэ нь допингийн асуудалтай холбоотой ээдрээний нэг нь. Нөгөө талаар бөхийн барилдааныг үзэгчтэй бөхчүүд ч жигд барилддаг болгох гэдэг жинхэнэ асуудал болоод байна.

Өнгөрсөн хавраас эхлээд энэ сумын 100 жил л гэнэ. Тэр бөхийн нэрэмжит гээд долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Бөхийн өргөөнд барилдаан тасрахгүй байгаа. Эдгээр барилдаанаас юу харагдаж байнав гэвэл бөхийг, үзэгчдийг мөнгөөр даллахгүй л бол хоосон өргөөнд хэдэн бөх ноцолдоод өнгөрдөг болж. Олон удаагийн бөхийн барилдаан тийм л өнгө төрхтэй байна.Сүүлийн үеийн барилдааны үзэгчдийг бараг хураа дараад тоолчихоор. Бас улсын цолтон тавхан оролцсон барилдаан байх юм. Тэгэхлээр сэтгэлээ хуурахад хэдэн бузгай барилддаг аймгийн арсланг л харах юм.

Бөхчүүд ч олигтойхон байтай гэж зарлахгүй бол барилдахгүй, үзэгчид ч азтан шалгаруулна гэвэл гүйгээд очдог тийм болж.

“Номин” холдингийн ивээн тэтгэсэн нэг барилдааны бай шагнал өндөр, үзэгчдээс есөн азтан тодруулж сая сая төгрөг өгнө гэсэн. Яалаа. Бөхийн өргөөг дэлбэлэх шахсан үзэгчидтэй байсан. Дараа нь нэг барилдаан бас яг тийм болсон.

Түүнээс хойш эзгүй шахам өргөөнд барилдаанууд болсоор л байна.

Уг нь монголчууд бөхөө дээдэлдэг хэвээрсэн бол бөх болоод үзэгчдийг тэгж “мөнгөөр” даллахгүй шаардлагагүй юм. Зарим нь барилдаан зохион байгуулсан биш чирэгдэж гүйцэх нь бололтойдог.

Заавал хэдэн азтан тодруулдаг дагавар байх болсон. Сүүлдээ бүр азтан бүрт сая төгрөг амлахгүй бол үзэгчид бөхийн өргөө рүү очихгүй харагдаад байна.

Нэгэнт л тасалбар худалдаж аваад бөхөө харж таашаал авч байгаа тэдэнд урамшуулал өгөөд байх нь зөв юм биш л дээ.

Үүний оронд жаахан харгисдуу арга хэмжээ аваад үзвэл яанав.

Тэр чинь юу вэ гэвэл барилдаан бүрийг зурагтаар нэвтрүүлэхийг болиод үзье. Тэгвэл үндэсний өв соёлоо дээдэлдэг, эх оронч хүмүүс,  бөхийн хорхойтнууд “Бөхийн өргөө” рүү очиж л таарна байх. Тасалбарын үнэ хямддуу байх учиртай бас. Энэ нь техник, технологийн шийдлээс ухарсан хэрэг биш ердөө монголын үндэсний бөхийн холбооны мэдлийн асуудал.

Харин улсын баяр, наадам, сар шинийн гээд онцлох барилдааныг зурагтаар үзүүлэх нь чухал юм шүү. Тэгтэл бас тохиолдлын барилдаан бүрийг зурагтаар гаргасангүй, хаслаа энэ ээ тэр ээ гэх хүн байж мэднэ.

Тэр нь даана ч цөөн байлгүй дээ. Бөхчүүд ч гэсэн бай шагналын их, багыг харалгүйгээр зодоглодог байм юм.

Эцэст нь хэлэхэд бөхчүүд нь хариуцлагатай үүргээ ухамсарладаг, үзэгчид нь монгол өв соёлдоо эзэн шиг ханддаг байгаасай билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 101 (7345)

 

толгойгоо цэнэглэхгүй бол бүтэхгүй э
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин