Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

2024-05-20
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Багш самбар дээр “А” үсэг бичихэд ангид

Эрдмийг сураад буцлаа гэхэд

Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай.

Эргээд ангидаа суухгүй гэхээр

Алаг нүдэндээ сувдан нулимстай” .... гэсэн дуу эгшиглэв. Энэ үед танхимд нам гүм ноёрхож, энгэртээ зүүсэн мөнгөн хонхон дээр дусал нулимс бөнжигнөн унах нь сурагч насны хамгийн жаргалтай мөртлөө гунигтай үе байдаг билээ. Сүүлчийн удаа дүрэмт хувцсаа өмсөж, сүүлчийн удаа цагаан туузаа цэцэглэж, сүүлчийн удаа ачит багшийнхаа дурсамж хичээл заахыг харах хамгийн догдлом үе байдаг сан. Энэ үед самбарын урд зогсох бага ангийн багш ч яг л хүүхдүүд шигээ баясан догдолж, тэртээх 10 жилийн өмнө ямархан хүүхдүүд ирж байсныг нь нэхэн дурсаж, “А” үсэг бичиж, 10-ын дотор бодож сурах гээд хэрхэн чармайж байсныг нь сэтгэлдээ зураглан хардаг гэсэн.

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай үе ажээ. Яг л энэ мэдрэмжийг хэдэнтээ авч, анх ангидаа хөтлөн оруулсан хүүхдүүдээ 10 жилийн дараа амьдралын их далайд хөл тавихад нь ерөөлөө тавин зогсох эрхэм нэгэн багшийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцолсон юм. Б.Батсүх багш Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори XII сургуулийн бага ангийн багш. Тус сургуульд 21 дэх жилдээ багшилж буй туршлагатай, тэргүүний багш нарын нэг юм.

 

2а ангийн багш

Б.Батсүх багш өглөөний ээлжийн хичээлийн хонх жингэнэхтэй зэрэгцэн сургууль дээрээ яаравчлан ирдэг ажээ. Уг нь даасан ангийнх нь хичээл 13:00 цагаас эхлэх ч өдрийн хичээлийн бэлтгэл, гарын авлага, тараах материалаа бэлтгэх гээд бага ангийн багшийн ажлын ачаалал их. Үүнээс гадна сургууль амрах дөхчихсөн учир шавь нартаа ээлж, ээлжээр давтлага өгнө. Биднийг очиход ангийнхаа 10 гаруй хүүхдэд математикийн давтлага өгч байхтай таарсан юм. Тэрээр энэ жил хоёрдугаар ангитай. 2а анги 40 гаруй хүүхэдтэй бөгөөд бяцхан шавь нар нь хэдийнэ уншиж, бичиж, үржүүлж, хувааж сурчээ. Харин хичээл амрахаас өмнө багштайгаа сурснаа бататгаж, ийнхүү хичээллэх нь хөөрхөн. Самбар дээр хоёр оронтой тоог үржих,  хуваах тэгшитгэл бичсэн байв. Хүүхдүүд бодсоноо ээлж дараалан багшдаа үзүүлнэ. Багш нь буруу бодсон байвал алдааг нь засаж, хэрхэн бодох аргачлалыг нь дахин тайлбарлаж өгөх ажээ. Харин зөв бодсон нэгэнд нь чин сэтгэлээсээ урмын үг хэлэхэд хөөрхөн үрсийн нүдэнд гэрэл цацарч, баярлан хөөрөх нь өхөөрдөм юм. Ийнхүү 11:00 цагаас эхэлсэн давтлага дуусахад хичээлийн цаг эхлэх дөхсөн байв. Ангийнхан нь хэдийнэ ирчихсэн үүдэнд хувцсаа сольж, ар араасаа цувран ангидаа орж ирнэ. Дөнгөж өчигдөр орой нь л салсан ангийнхан олон өдөр уулзаагүй юм шиг нэг нэгнээ тэврэн санасан сэтгэлээ илэрхийлэх юм. 40 гаруй хүүхдийн шаагилдах чимээ ангийг дулаацуулж, хүүхдийн цагаахан энерги ийм л байдаг байхдаа гэсэн гэгээн бодлыг төрүүлж байсан юм. Дөнгөж саяхан л гүйлдэх нь гүйлдэж, ноцолдож, хөгжилдөж байсан долоон настнууд багшийнхаа “Ширээндээ суугаад монгол хэлний ном, дэвтрээ гарга” гэх ганцхан өгүүлбэрийг сонсоод томоотой нь аргагүй сууснаар 2а ангийн энэ өдрийн хичээл эхэллээ.

 

Батсайханаас Батсүх болсон нь

Аав Гочоогийн Бат-Өлзий, ээж Үрчгэрийн Нэргүй.

Бусдын хүүхдийн сайн сайхан, хүсэл мөрөөдлийн гүүр болж, тэдний төлөө энэ амьдралаа зориулна гэдэг зөвхөн багш хүнээс гарах сэтгэлийн их тэвчээр, хүн чанар ажээ. Дааж авсан анги нь сургуулиа амжилттай төгсөж, мөнгөн хонхны баяр хийхийг нь харсан энэ өдрүүдэд Б.Батсүх багш ихээхэн догдлолтой буйгаа ярьж байсан юм. Тэрээр “Цаг хугацаа их хурдан юм. Саяхан л миний дааж авч байсан нэг анги маань энэ жил 12 дугаар анги төгсөж байна. Багш хүний хувьд шавь нараа даль жигүүрээ дэлгэн ирээдүй өөд нисэхийг нь харах, их сургуулиа төгсөөд салбар бүрд амжилттай ажиллаж явааг нь харахаас илүү жаргал байдаггүй” гэж сэтгэл догдлолоо хуваалцаж байсан юм. Б.Батсүх багш Архангай аймгийн Ихтамир сумын уугуул ажээ. Төрөлх сумандаа ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд Цэцэрлэг хотод Улсын багшийн их сургуулийн харьяа Багшийн коллежид дөрвөн жил суралцаж, 1998 онд төгсөж, 1999 онд Улаанбаатар хотод хөл тавьжээ. Ингээд залуухан боловсон хүчин Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд анх багшилснаар түүний эрдмийн их аян эхэлсэн түүхтэй. Тус сургуульд дөрвөн жил ажиллаад, ууган охиноо өлгийдөж, гурван жил ээжийн үүргээ гүйцэтгэсэн байна. Ингээд 2007 оноос өнөөдрийг хүртэл Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори XII сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Тус сургуульд орсноосоо хойш өнгөрсөн хичээлийн жилд дөрөв дэх нэгдүгээр ангиа хүлээж авсан нь одоогийн 2а анги юм. С.Батсүх багш зургаан хүүхэдтэй айлын дунд охин ажээ. Аав н.Бат-Өлзий нь насаараа багийн дарга хийжээ. Харин ижий нь Бугат бригадын саальчин хийж байгаад бага хүүхдээ сургуульд орох үеэс багийнхаа цэцэрлэгийн багш хийсээр гавьяаны амралтдаа гарсан байна. Охин хүүхэд бүхэн л багадаа багш болохыг мөрөөддөг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хүсэл мөрөөдөл нь өөрчлөгдөх нь бий. Харин бяцхан охины тэр гэгээхэн хүсэлдээ үнэнч явсаар биелүүлж чадсан хүний нэг нь Б.Батсүх юм. Түүний амьдралын сонирхолтой үйл явдлын нэг нь тэрээр гуравдугаар анги төгстлөө Б.Батсайхан гэдэг нэртэй явжээ. Гэтэл охиныг дөнгөж төрсөн үед өвөө нь бүртгүүлэхдээ нэрийг нь андуураад Батсүх гээд  гэрчилгээ дээр нь бичүүлчихсэн байсныг гуравдугаар анги төгсөхдөө л мэдсэн гэдэг. Тухайн үед тэдний ангид гурван Батсайхан байсан нь бас л сонин хувь тохиол. Ингээд охин дөрөвдүгээр ангиасаа гэрчилгээ дээр бичээстэй байсан Б.Батсүх нэрээрээ амьдрах болжээ. Хамгийн сонин нь түүний бага ангийн багшийг мөн н.Батсүх гэдэг эмэгтэй хүн байсан гэнэ. Н.Батсүх багш нь Б.Батсүх шавьдаа онцгой сайн хандана. Учир нь нэр нэгтэй бяцхан шавь хичээлдээ шамдангуй, нийгмийн идэвхтэй, онцгой охин байсан учир ийнхүү хайрлаж итгэл хүлээлгэдэг байсан гэдэг. Тиймээс Б.Батсүх бага ангид байхаасаа л н.Батсүх багш шигээ сайн багш болохыг мөрөөдөж эхэлсэн байна.

 

Ангидаа заасан анхны хичээл нь монгол хэл

Б.Батсүх багшийн хувьд багшийн замналынх нь нэгэн сонирхолтой тохиол нь авсан анги бүрд нь ихэр хүүхдүүд байдаг ажээ. Анхны дааж авсан ангид нь н.Золхүү, н.Золжаргал гэсэн ихрүүд байсан бол энэ жил төгсөж,  мөнгөн хонхны баяраа тэмдэглэж буй 12 дугаар ангид нь ч ихэр шавь нар нь бий. Хамгийн хөөрхөн нь  өдгөө дааж буй 2а анги нь ч ихэр охидтой юм байна. 

1980-аад оны үед наймдугаар анги төгсөх хүүхдүүдийг сурлага, дүнгээр нь жагсааж, улаан шугам татдаг байжээ. Б.Батсүх ч сурлага сайтай байсан тул есдүгээр ангидаа дэвшин суралцаж, монгол хэлний гүнзгийрүүлсэн ангид оржээ. Тэдний ангийн хэл, уран зохиолын багшийг н.Цээсүрэн гэх. Тэр багш хичээлээ хачин сайхан, ойлгомжтой заана. Б.Батсүхийн хувьд багшийгаа харах бүртээ энэ мэргэжлийн сайханд улам ихээр татагдах болсон аж. Тухайн үеийн Архангайн Багшийн коллежи орон нутаг дундаа хамгийн чанга, чанартайд нь ордог байжээ. Б.Батсүх багшийн анги анх 36 хүүхэдтэй байсан бол төгсөхдөө 18 хүүхэд үлдсэн байна. Багш нар нь заах арга зүйн хичээлийг түлхүү орно. Байнга шалгалт авна. Гэхдээ хэзээ ч тест бөглүүлэхгүй. Үргэлж бичгээр болон амаар шалгана. Шалгалтдаа сайн үнэлгээ авахын тулд байнга уншина, судална, тэмдэглэл хөтөлнө. Тухайн үед Б.Батсүхийн үеийн залуусын дунд багш мэргэжил үнэ цэнтэй, энэ мэргэжлээр сурах хүсэлтэй залуус ч олон байсан гэдэг. Ийнхүү мэргэжил эзэмшсэн шавилхан бүсгүйн хувьд орон нутагтаа, сумандаа ажиллах боломж байсан боловч, хот орж өөрийгөө хөгжүүлье гэсэн зорилго тээж, Улаанбаатарыг зорьсон гэнэ. С.Батсүх анх хичээл орсон өдрөө өдгөө ч тодхон санадаг ажээ. Энэ тухайгаа “Би 62 дугаар сургуульд анх уртын амралт авсан багшийн орон тоонд орж байсан юм. Тэр багшийн анги нь хоёрдугаар анги байсан санагдана. Өглөө нээлтдээ оролцчихоод хүүхдүүдээ дагуулаад ангидаа орж ирээд суусан. Гэтэл гадаа Есдүгээр сарын 1-н дууны ая яваад байхаар нь ангийнхантайгаа хамтраад дуулж билээ. Ингээд эхний цаг монгол хэл.  Шохойгоо аваад самбар дээр бичихэд миний гар чичирч байсныг одоо ч тодхон санадаг. Би өөрөө ч залуу, жаахан байж. Гэхдээ ямар ч байсан хүүхдүүдтэйгээ бол яаж ийж байгаад ойлголцчихно. Хамгийн хэцүү нь эцэг эхчүүдээс их эмээдэг байлаа. Надаас юу асуух бол, би юу гэж хариулах билээ гээд л. Гэхдээ 20-иод жилийн өмнөх эцэг эхчүүд бол одоогийнхтой харьцуулалтгүй өөр, хүлээцтэй, учир ойлгодог байсан юм шиг санагддаг” гэв. Б.Батсүх багшийн хувьд багшийн замналынх нь нэгэн сонирхолтой тохиол нь авсан анги бүрд нь ихэр хүүхдүүд байдаг ажээ. Анхны дааж авсан ангид нь н.Золхүү, н.Золжаргал гэсэн ихрүүд байсан бол энэ жил төгсөж,  мөнгөн хонхны баяраа тэмдэглэж буй 12 дугаар ангид нь ч ихэр шавь нар нь бий. Хамгийн хөөрхөн нь  өдгөө дааж буй 2а анги нь ч ихэр охидтой ажээ. Ихэр хүүхдүүд хэдийгээр харагдах байдал нь адилхан ч зан чанар, үзэл бодлын хувьд тэс өөр байдаг гэнэ. Б.Батсүх багш даасан анги бүрд нь ижил заяанд төрсөн бяцхан ихэр хүүхдүүд байдагт үргэлж бэлгэшээж, баярлаж явдаг тухайгаа ярьж байсан юм.  

 

Анхны зургаан настнуудын багш

Өнөөдөр манай улс боловсролын тогтолцоогоороо зургаан настай хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлж байна. Энэ асуудлын тухайд нийгэм хоёр хуваагдан талцдаг. Б.Батсүх багшийн хувьд анхны зургаан настнуудыг хүлээж авч байсан багш нарын нэг. Энэ тухай “Зургаан настай нэгдүгээр ангид орох нь арай л балчир санагддаг. Хэдийгээр тухайн хүүхэд сэргэлэн цовоо, өдөрт дөрвөн цаг л хичээллэж байгаа боловч насныхаа онцлогоос болоод ядарна. Харин энэ он жилүүдийн туршлагаас харахад долоон нас л нэгдүгээр ангид элсэхэд хамгийн тохиромжтой юм шиг ажиглагдсан. Мөн бага ангийн хичээлийн агуулга их хүнд болсон. Уг нь 1-5 анги төгсөхдөө дөрвөн үйлдлээр бодоод сурчихсан, алдаагүй зөв бичиж, уншаад сурчихвал л болох санагддаг юм. Гэтэл цаанаасаа боловсруулагдаж буй агуулга нь хүүхдүүдээс илүү ихийг хүсээд байдаг. Багш нарын хувьд ажлаа дүгнүүлэхийн тулд тухайн агуулгыг шахуу заахаас өөр аргагүй болдог” гэв. Үүнээс гадна сургуульд орохоосоо өмнө уншаад, бичээд сурчихсан хүүхэд нэг талаараа буруу арга барилд сурчихсан байх нь бий гэж онцолсон юм. Нэгэнт л сурсан арга барилыг багш дахиад өөрчлөхөд тун хэцүү байдаг гэж байв. Мөн эдгээр хүүхэд би уншиж, бичиж чаддаг юм чинь гээд хичээл хийхгүй байх тохиолдол ч элбэг байдаг тухай учирлаж байсан юм. Бага ангийн хүүхдүүдийн хувьд нэг насны зөрүү ч мэдрэгддэг ажээ. Бүр 4-5 сарын зөрүүтэй хүүхдүүдийн сэтгэн бодох, сурах чадвар өөр, өөр байдаг тухай Б.Батсүх багш ярьж байсан. Мэдээж хүүхэд өсөж, том болоод хүссэн мэргэжлээ эзэмшихэд суурь боловсрол хагийн чухал. Харин үүнийг 1-2 дугаар ангид нь гүйцэд суулгаж өгөх ёстой гэнэ. Нэгэнт л бичээд, бодоод сурчихсан хүүхдүүд гуравдугаар ангиасаа биеэ дааж, төлөвшиж эхэлдэг байна. Үүний тулд багш, хүүхэд, эцэг эхийн гурвалсан холбоо хамгийн чухал гэж туршлагатай багш маань захиж байна. Учир нь багшийн заасан хичээлийг эцэг эх нь гэрт нь давтуулж, хүүхдийнхээ төлөө хамтдаа хичээж, хөдөлмөрлөснөөр үр шимийг нь хүртэнэ. Мөн бага ангидаа эзэмших хамгийн том чадвар, дадал нь гэрийн даалгаврыг тогтмол хийх. Гэхдээ тухайн даалгаврыг зөвхөн багшдаа шалгуулахын тулд биш өөрийнхөө ирээдүйн төлөө хийж байна гэсэн ухамсрыг суулгаж чадсан хүүхэд ирээдүйд амьдралд гараад ч аливаад хариуцлагатай, эхлүүлсэн зүйлээ дуусгаж чаддаг зөв төлөвшилтэй болдог гэж Б.Батсүх багш онцгойлон сануулж байна.  

 

40 хүүхэд 40 өөр араншинтай

Бага ангийн багшид тогтсон ажлын тарах цаг гэж бараг байдаггүй гэлтэй. Б.Батсүх багшийн хувьд 17 цагт хичээл нь тардаг ч гэртээ харьсан ч компьютерийн ард суугаад хичээлийн төлөвлөгөө гаргахаас гадна хүүхдүүдийнхээ тухай бодно. Энэ талаараа “Нэг ангийн хүүхдүүдийг сурлагын түвшнээр нь гурав ангилдаг. Тиймээс хүүхэд бүрийнхээ онцлог, түвшинд тааруулж ажиллахыг хичээдэг. 40 хүүхэд 40 өөр араншинтай. Хэрэв нэг хүүхэд маань жаахан хоцроод байвал түүнд арай илүү анхаарал хандуулж, тулж ажиллах жишээтэй. Бүр болохгүй бол ганцаарчилж ажиллана, эцэг эхтэй нь хамтарна гээд багшийн  ажил чинь ухаан, арга барил гэхээс илүү сэтгэл, хүн чанар шаардсан ажил” гэсэн юм. Б.Батсүх багшийн хувьд XII сургуульд анх багшаар ороход нь өөрийнх нь том охин дөрвөн настай байжээ. Хүүхдээ цэцэрлэгт зөөхөөс эхлээд ээж, гэрийн эзэгтэйн ажил мундахгүй. Гэвч нэг ч удаа хичээлээ цалгардуулж, шалтаг тоочиж байгаагүй гэнэ. Ийнхүү охин нь нэгдүгээр ангид орсон ч ихэнхдээ ээж охин хоёрын хичээлийн цаг зөрнө. Тиймээс охиноо хичээлээс нь аваад ангийнхаа ард унтуулахаас эхлээд хөгжилтэй дурсамж олон байдаг аж. Багш хүн ер нь өөрийнхөө хүүхдийг хаячихдаг юм билээ гэж Б.Батсүх багш ярьж байсан юм. Тэрээр бусдын хүүхдийн төлөө амьдрал, цаг зав, сэтгэл зүрхээ зориулсаар энэ цаг хугацааг туулжээ. Толгойт бүс дундаа XII бол лаборатори сургууль. Бусад сургуулиас ялгарах давуу тал нь бага ангийн суурь сайтай ажээ. Мөн математик, англи хэлний гүнзгийрүүлсэн, Улсын тэргүүний сургууль билээ.  

 

Уснаас аварсан заяаны хань 

Б.Батсүх багш хань Г.Содбилэгтэйгээ нэг нутгийн, нэг төгсөлтийн хоёр ажээ. 

Б.Батсүх багш нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг ажээ. Том охин нь дунд сургуулиа төгсөөд өдгөө БНСУ-д суралцаж байгаа аж. Хүү нь XII сургуулийн долоодугаар ангийн сурагч гэнэ. Тэрээр хань Г.Содбилэгтэйгээ нэг нутгийн, нэг төгсөлтийн хоёр. Үнэхээр учрах ёстой хувь тавилан гэж байдаг бол Б.Батсүх багш ханьтайгаа яг л тэр замаар учирчээ. Тэр жил Ихтамир сумын арван жилийн сургуулийн хүүхдүүд төгсөлтийн баяраа Тайхар чулууныхаа бэлд тэмдэглэв. Хөөрсөн хүүхдүүд Тамирын голын усанд нэгнээ шидэж эхлэхэд Б.Батсүх уснаас айдаг учир холуурхан зугтаасаар. Гэвч адтай хөвгүүд түүнийг барьж, ус руу шидэж орхитол охин гарч чадалгүй, урсаж явсаар яг эргүүлэг рүү дөхөж очиход  хэн ч ус руу орж, түүнийг аврахаар зориглосонгүй. Гэтэл нөгөө ангийнх нь нэгэн хөвгүүн зориг гарган түүнийг аварчээ. Тухайн үед балмагдаж, айсан охин ямар хөвгүүн байсныг анзаараагүй гэдэг. Ингээд төгсөлтийн баяр ч дуусав. Тухайн хөвгүүнийх хот руу нүүж, Б.Батсүх нутагтаа Багшийн коллежид сурахаар үлджээ. Тэр үед өнөөгийнх шиг гар утас элбэг байсангүй, холбоо барьж ч чадсангүй. Ингээд дөрвөн жилийн дараа Улаанбаатарт ирээд арван жилийн ангийнхныхаа уулзалтад очихдоо өнөөх хөвгүүнтэйгээ таарсан нь амийг нь аварсан нөгөө ангийнх нь залуу Г.Содбилэг байсан гэдэг. Б.Батсүх багш ийм л санаанд оромгүй, сайхан учралаар ханьтайгаа учирч, өдгөө тэд 20 гаруй жилийн амьдралаа холбож явна. Итгэл сэтгэлээр нийлсэн тэдний амьдрал өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж байгаа нь бяцхан хүүхдүүдийн цагаахан инээд, дулаахан энергийн буян, хүч гэж бодож, бэлгэшээж явдгаа Б.Батсүх багш ярилцлагынхаа төгсгөлд онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 100 (7344)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 10 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 10 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 10 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 10 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 10 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 10 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

14 цаг 25 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

14 цаг 44 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

14 цаг 49 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

14 цаг 52 мин