Д.ОЮУНЧИМЭГ
Ухаалаг системтэй автобусны буудал ашиглалтад оржээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 хорооны нутаг дэвсгэрийг дамнуулан 5.1 км урт зам дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал, чанарыг дээшлүүлэхээр хэрэгжүүлсэн төслийн хаалт өчигдөр боллоо. Автобусны ирэх хугацааг тооцоолох систем нь утасны апп ашигладаггүй хүмүүст тун чиг хэрэгтэй гэдгийг Чингэлтэй дүүргийн иргэн Г.Лхагваа хэлэв.
Үндсэндээ гэр хороололд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжихэд Чингэлтэй дүүрэг манлайлан оролцсон. Жишиг тохижилт, автобусны буудлын цогц шийдлийг харуулсан бүтээн байгуулалтыг хийжээ.
Энэ жишиг төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд хоёр сая ам.долларын өртгөөр боссон байна.
Төслийн хүрээнд зам дагуух орчны тохижилт, автобусны буудлуудыг саравчтай болгох ажил хийгдэж байсан юм. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хурд сааруулагч, явган хүний гарц барих ажлыг хийж байлаа. Үндсэндээ төсөл өмнөө тавьсан зорилтоо биелүүлж хоёр битүү, 17 задгай шинэ автобусны зогсоол, 0.8 км асфальтан замыг барьж ашиглалтад оруулж байна. Шинээр барьсан 19 автобусны зогсоол иргэдэд ая тухтай байдлыг бүрдүүлснээрээ онцлог байсан юм. Камерын хяналтын системд бүрэн холбогдсон нь иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж буй аж. Мөн зорчигч ухаалаг самбарын тусламжтайгаар нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой.
Түүнчлэн энэ ажлын хүрээнд автобусны эцсийн зогсоол дээр жолооч нарын амрах байр, хамгаалалтын хяналтын камерын нэгдсэн систем зэрэг зорчигч, тээвэрлэгчдэд ая тухтай орчныг бүрдүүлэхээр ажиллаж буй. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Азийн хөгжлийн банкны тээврийн мэргэжилтэн Ребекка Стейплтон, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч О.Мөнхнасан, Чингэлтэй дүүргийн иргэн Г.Лхагваа нарын байр суурийг сонирхлоо.
Н.Батсүмбэрэл: Тав тухтай, тохилог автобусны буудалтай болж байна
-Зүрх уул автобусны буудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Японы олон улсын байгууллагын төслийн санхүүжилтэээр хийж дууслаа. Мөн энэ төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 23 дугаар хорооны уулын аманд байгаа 5.1 км урт замыг шинэчлэн засварлах ажил хийж байгаа. Энэ шинэ автобусны буудал нь автобус хэзээ ирэх, хаана явж байгаа тухай мэдээллийг ухаалаг самбараар дамжуулан танилцуулдгаараа онцлог. Нийслэлийн удирдлагаас нийтийн тээврийн шинэчлэлийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байгаа. Автобусны жолооч нарын цалин 3.5 сая төгрөгт хүрсэн. Тэгэхээр нийтийн тээврийн гол маршрутуудыг сайжруулах. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ автобусны зогсоолуудыг шинэчлэн сайжруулах ажлыг бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олон улсын байгууллагатай ажлын нэг нь Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүрх уул автобусны эцсийн буудал юм. Төсөл амжилттай хэрэгжиж тав тухтай, тохилог автобусны буудлаар үйлчлүүлэх боломжийг иргэдэд олгож байгаа юм.
Ребекка Стейплтон: Зорчигчдын санал бодлыг сонсдог системийг бүрдүүлсэн
-Манай төслийн нэг онцлог нь Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны иргэдээс нийтийн тээврийн үйлчилгээ ямар байгаа, юу хийх шаардлагатай вэ гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Тэгэхэд автобусны ирж, очих мэдээлэл болон аюулгүй байдалд анхаарал хандуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Нөхцөл байдлыг сайжруулах хамгийн чухал зүйл нь нийтийн тээврийн хэрэглэгч, зорчигчдоос санал бодлыг нь сонсдог систем байх ёстой гэж үзсэн. Тиймээс энэ системийг бүрдүүлсэн. Нөгөө талаас үйлчилгээний түвшнийг баримтлах шаардлагыг үйлчилгээ үзүүлдэг компаниудын гэрээнд нарийн тусгаж өгөх ажлыг хийсэн. Хамгийн гол нь жишиг байдлаар хэрэгжсэн энэ төслийг нийслэлийн бусад газарт хэрэгжүүлээсэй гэж бодож байна.
О.Мөнхнасан: Автобусны арчлалт хамгаалалтыг хороод хариуцна
-Төсөл маань амжилттай хэрэгжлээ. Азийн хөгжлийн банкны “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Зүрх уул автобусны эцсийн буудлын бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгалаа. Тэгэхээр энэ бол зөвхөн автобусны буудал гэж харж болохгүй юм. Учир нь төслийн хүрээнд баригдсан автобусны буудлуудыг камержуулан “Ногоон бүс” төслийн камерын системтэй холбосон байгаа. Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажил. Мөн Нийслэлийн Засаг дарга аж ахуйн ажлуудыг харьяалах дүүрэгт нь шилжүүлсэн. Тэгэхээр дүүргийн хороод болон иргэдтэй хамтран энэ автобусны буудлын арчлалт, хамгаалалтыг хийгээд явах юм. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд ашиглахын тулд хороод анхаарал тавина гэсэн үг.
Г.Лхагваа: Автобусны буудлыг тохижуулж, тав тухтай болгожээ
-Автобусны буудлыг сайхан тохижуулж, тав тухтай болгож нээлтээ хийж байгаад нь баяртай байна. Манай хорооны хувьд хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах, дэг журмыг сахиулахын тулд нийтийн эргүүл гаргадаг. “Ногоон бүс” төслийн хүрээнд ихэнх газрыг камержуулсан. Сая ирээд үзэхэд автобусны буудлууд бас камертай, тэр нь төв камерын системд холбогдсон юм байна. Тэгэхээр нэгэнт оршин суугчид, зорчигчдод ая тухтай байдлыг нь хангасан автобусны буудалтай болгосон юм чинь бид өөрсдөө хамгаалах, арчилж тордох ажилд идэвхтэй оролцох нь зүйтэй гэж бодож байна. Ер нь манай хорооны нутаг дэвсгэр харьцангуй тайван, ямар нэг хэрэг зөрчил гарах нь бага гэж болно. Нэгдүгээрт, камержуулсны үр дүн. Хоёрдугаарт, нийтийн эргүүл ажиллуулж байгаа нь архи хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс гудамж талбайд дэмий сэлгүүцэх асуудлыг таслан зогсоож чадсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. Пүрэв ГАРАГ. № 93 (7337)