Д.ОЮУНЧИМЭГ
Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны гүйцэтгэлээр долоон хувийн өсөлттэй гарсан. Энэ нь мөчлөгийнхөө сэргэлтийн үе дээрээ явж байна хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлжээ. Өрхийн хэрэглээ, төрийн байгууллагын хэрэглээ, экспортын өсөлт эдийн засагт голлон нөлөөлсөн аж.
Энэ онд эдийн засгийн сэргэлт, идэвхжил үргэлжлэх хүлээлттэй байгаа хэдий ч зудын нөхцөл байдлын улмаас мал аж ахуйн салбарт илүү хүндээр тусаж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагдаж байгааг эдийн засагчид хэлж байна.
Нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшнээс давж, 2023 онд 67 сая тоннд хүрсэн. Үүнийг дагаад нийт экспортын орлого 21 хувиар өссөн бол, импортын өсөлт хэвийн хэмжээнд байсан гэдэг. Түүнчлэн гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдсэн. Энэ нь 2008 оноос хойш алдагдалтай байсан урсгал тэнцэл өнгөрсөн онд ашигтай гарахад нөлөөлснийг судлаачид хэлж байна. Өнгөрсөн онд төлбөрийн тэнцэл 1.46 тэрбум ам.долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц оны эцэст таван тэрбум ам.долларт дөхсөн. Гадаад валютын орох урсгал эерэг байсан нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш оны туршид тогтвортой, бага зэрэг чангарахад ч нөлөөлсөн хэмээн Төвбанкныхан тайлбарлаж байна. Энэ оны эхний улиралд ч эерэг хандлага үргэлжилж, гадаад валютын нөөц 5.25 тэрбум ам.доллар болжээ.
Харин дотоод тэнцвэртэй байдлыг хангаж буй гол үзүүлэлт бол инфляц. Сүүлийн есөн сард нэг оронтой тоонд байсан хэрэглээний үнийн индекс 2, 3 дугаар сард долоон хувь руу орсон нь Монголбанкны зорилтот интервалд хадгалагдаж буй аж. Инфляц буурахад өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогоос гадна импортын барааны гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн нөлөө арилсантай холбоотой. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байгаа нь голлон нөлөөлсөн хэмээн Төвбанкныхан үзэж байна. Мэдээж инфляц буурсан нь мөнгөний бодлогыг сулруулах орон зайг бий болгосон хэрэг. Тиймээс 2022 оны нэгдүгээр сараас өсөж эхэлсэн бодлогын хүү буурчээ.
Эдийн засаг сэргэх нь бизнесийн орчин тогтвортой байх, банк, санхүүгийн салбар тэлэх суурь болдог. Мөнгөний бодлогын хүү буурч санхүүгийн зах зээлийн идэвхижсэнээр үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн хөгжих орон зай үүсэх юм. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэхийн сацуу, тогтвортой ажлын байрыг бий болгох орон зай ч үүснэ. Эцсийн дүндээ энэ бүхэн өрхийн орлого, амжиргааны түвшинд эерэг нөлөө үзүүлэх учиртай.
Банкны салбарын сэргэлт үргэлжилж, тогтвортой байдал бүрэн хадгалагдаж буйг статистик мэдээллээс харж болно. Зээлийн өсөлт эдийн засгийн өсөлтийг дэмжих, инфляцыг тогтвортой байлгах зорилттой нийцэх ёстой. Үүний тулд бизнесийн зээлийн эрэлт, хэрэгцээ өндөр байх нь чухал үүрэг нөлөөтэй хэмээн эдийн засагч Б.Лакшми хэллээ. Хамгийн гол нь банкны салбарын эрүүл мэндийг илтгэх үзүүлэлт нь системийн хэмжээгээр чанаргүй зээл. Харин нийт зээлд чанаргүй зээлийн эзлэх хувь долоон хувьд хүрч буурсан байна.
Манай улсын эдийн засгийн сэргэлт, уналт нь эрдэс бүтээгдэхүүний экспортоос хамааралтай. Нийт экспортын орлогын 91 хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээс олдог. Тиймээс л эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал гэлцдэг. Тэгэхдээ уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тулгуурлах нь хэт өрөөсгөл. Харин нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн болгох боломжийг эрэлхийлж, үйлдвэрлэлийг салбар бүрт хөгжүүлэх нь цаг үеийн шаардлагаар үүсч буй асуудал. Тэр дундаа үйлчилгээний салбарыг хөгжүүлэх суурь Монгол Улсад бий бөгөөд ялангуяа аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх нь чухал гэдгийг судлаачид тодотгож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 89 (7333)