Рагчаагийн ОЮУН
Түрүүч нь № 88 (7332)
Бидний хамтарсан аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумын Шүүт гацааны малчин Омогшилынхоор зочилж, Баянхошуу сумын Сайханнуур гацааны үйл ажиллагаа, Өвөрмонголын Фэнжин Маньюань мал аж ахуйн бүтээгдэхүүний компани, Баруун үзэмчин хошууны орчин үеийн тэжээл бордооны паркийн үйл ажиллагаатай танилцахаар үргэлжилсэн юм. Гэрийн эзэн Омогшил 2016 онд Өвөрмонголын их сургуулиа дүүргээд эхнэр Алтанзурагийн хамт ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг зорьж 2018 онд нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшин төгсжээ. Тэд гадаадад мэргэжил эзэмшсэн ч нутагтаа очиж малчин болохоор шийдсэн байна. Ингээд нутагтаа эргэж ирэхдээ сургууль дээрээ аль хэдийнэ хийсэн хөгжлийн төлөвлөгөөгөө эргэн харж, өргөдөл гарган “Отор эко” гэр бүлийн фермийг үүсгэн байгуулсан аж. 2019 оноос махны чиглэлээр симментар үүлдрийн үхэр маллаж байна. Эднийх симментар үүлдрийн 50-аад толгой үхэр, 100 гаруй үзэмчин хонь, 20-оод адуутай. Арваннэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэл хашаалан тэжээдэг. Харин зургадугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл бэлчээрт гаргадаг. Наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ныг хүртэл хадландаа гардаг гэж байв. Тухайн жилийнхээ байдлаас шалтгаалан хадлангийн гарц харилцан адилгүй байдаг. Хэрэв гарц сайн байвал тухайн үеийн ханшаар худалддаг гэж байв.
Шинэ үеийн залуу малчин Омогшил “Хуучин мал аж ахуйгаа уламжилж авах үүрэг ирсэн гэж бодож байна. Залуус уламжлалт мал аж ахуйгаа мөрөн дээрээ үүрч, энэ үүргийг одоо ч гэсэн хөгжүүлэх ёстой гэж ойлгосон. Тиймээс ямар ч мэргэжилтэй байсан хамаагүй бага наснаасаа малжих амьдралаар явж ирсэн учраас цус, маханд шингэсэн байдаг. Манай төл намар тосон таргатай үед нь тугалаа тосно. Зургадугаар сараас долдугаар сард тугал 7-9 сартай болж амьдын жин нь 350 кг болдог. Ангусын тугал зах, дэлгүүрийн амьдын үнээр энэ жилийн ханшаар нэг кг нь 24 юань болно. Үүлдэр сайн нь бухаар, үрийн малаар явбал 5000-20 мянган юань орчим болдог. Амьдын жин нь 425-450 кг-ын хооронд үрийн малаар. Засгийн газраас нэг тугалыг 3000 юаниар тооцож нөхөн олговор өгдөг. Манайх “Малчин заяа” гэсэн хоршоололтой.
Малчид олуулаа нийлээд 200, 300 толгой болохоор үнэ өндөр байна. Мөн өвс, бордоо худалдаж авахад нэг өрх хөх өвсийг 1500 юаниар авдаг бол 50 өрх нийлэхээр үнэ нь хямдардаг. Бид хоёр арваннэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэл суурь бүтээн байгуулалтаа хашаан дотроо ажиллана. Өндөр хүчдэлийн цахилгаантай. Өвс, бордоогоо машинаар бэлдчихнэ. Малчдын хөдөлмөрт хэмнэлттэй бүх юм машинаар явна. Суурь бүтээн байгуулалт сайн. Долоон сарын хугацаанд 50 үхэр, 100 гаруй хонь, 20-оод адуугаа маллахад хоёр хүний хөдөлмөр хангалттай хүрнэ. Үйлдвэрлэлийн өртөг бага, хөдөлмөр хүч бага шиг, орлого өндөр байна” гэж бидэнд тайлбарлаж байсан юм.
Эхнэр Алтанзураг “Их сургуулиа утга зохиолын мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Санкт-Петербург руу 2016 онд очоод 2018 онд төгсөж ирсэн. Хүний нутагт очиход төрсөн нутаг бодогддог. Миний гэр бүл, аав ээжийнхээ дэргэд байвал тэдэнд ч гэсэн сайхан юм уу. Учир нь манай залуучууд дандаа гадагшаа явна гэдэг. Их сургуулиа төгсөөд бид хоёр ч гэсэн гадагшаа явж, өөр газар ажиллаж, амьдарч үзье гэж боддог байсан. Хүний газар очиход өөрийн юм сайхан санагдаад хоорондоо ярилцаад гэртээ ирсэн. Бид хоёр 2019 онд хуримласан. Тэр үед төрийн бодлого гаднаас үүлдрийн мал авахад 2500 юанийн нөхөн олговортой. Мөн пин саравч барьвал нөхөн олговор өгдөг байсан. Гадаадаас ирээд бид хоёр туршлагатай, ахмад малчдынхаар очиж туршлага судалж, суралцсан.
Бид хоёрын хувьд хүлээстэй ажиллаж, амьдрах дургүй. Эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө амьдрах дуртай. Чөлөөт цагаараа өөр юм хийх сонирхолтой. Манай энд хагас машинчилсан. Биеийн хүчээр хийх ажил байхгүй. Тиймээс ядрахгүй, өөрсдөө цагаа тохируулчихна. Арваннэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд үнээ тугаллахаас эхлээд тугалласан үнээндээ хээлтүүлэг хийнэ. Тугал эхээсээ салчихна. Энэ бүгдийг долоон сарын хугацаанд тохируулсан байдаг учраас үлдсэн таван сард нь бид хоёр эрх чөлөөтэй. Учир нь мал бэлчээрт гарсан үед аялаж зугаалах цагаа тохируулчихна. Бид хоёрын цаашдын зорилго гэвэл үйлдвэрлэл, ажил амьдралаа энэ хэмжээнээс дээшлүүлнэ” гэж байлаа.
Сүүлийн хоёр жил хосууд дэд бүтцийн бүтээн байгуулалтад сайн ажиллахын зэрэгцээ уламжлалт бэлчээрийн арга барилыг өөрчлөн, гамшгийн эсрэг тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, малчдын чадварыг дээшлүүлэхэд анхаарч, тэдэнд харьяалагдах мал аж ахуйн хөгжлийн шинэ замыг эхлүүлжээ. 2020 онд симментар үхрийн тугалыг 20 мянган юаниар зарж, жилийн орлого нь нэг сая юаньд хүргэсэн. Энэ жил мөн ангус үхэр төллөж эхэлсэн бөгөөд өнгөрсөн сард төлөө авч дууссан байна. Омогшил өөрийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх шинэ замыг боловсруулахын зэрэгцээ залуу малчдыг удирдан, бүс нутгийн онцлогт тохирсон мал аж ахуйн хөгжлийн шинэ арга замыг бий болгож, шинжлэх ухаан, технологийг нэгтгэн, машин механизмыг нэгтгэж, өндөр ашиг шимийн хөгжлийн замыг бий болгожээ. Мөн сар бүр 120-оос доошгүй малчдыг хүлээн авч туршлагаасаа хуваалцдаг аж.
Омогшил 2020 онд Монголд ирж байсан ч цаг бага байсан учраас малчин айлд очиж амжаагүй. Хархорин, Улаан цутгалан, Сүхбаатарын талбайгаар явж Монголын нүүдлийн амьдрал, байгаль сайхан байсан талаар дурссан юм.
Баруун үзэмчин хошууны орчин үеийн өвс тэжээлийн аж үйлдвэрийн парк
Баруун үзэмчин хошууны орчин үеийн өвс тэжээлийн аж үйлдвэрийн парк нь Баруун үзэмчин хошууны Балгаргол сууринаас өмнө зүгт дөрвөн км-т байрладаг. Нийт хөрөнгө оруулалт нь 40.5 сая юань, 200 акр га талбайг хамарсан. Одоо 7000 м.кв өвс хадгалах саравч, 854 м.кв тэжээл боловсруулах цех, 3352 м3 даршуулсан ногоон бордооны агуулах зоорьтой. Өвсний аж ахуй, мал аж ахуйн нөхөн сэргээх стратегийг нутагшуулах, арилжаалах, үйлдвэржүүлэх чиглэлээр хөгжүүлж өвөл, хаврын улиралд өвс бордоо дутагдахад асуудлыг шийдвэрлэж, “Малжих+нэмэлт тэжээл” малжих аргыг ашиглана. Энэ нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулахаас эхлээд сум, суурин, гацааны өвс хадгалах баазыг цогцоор нь хөгжүүлж, өвсний аж ахуй, мал аж ахуйн уялдааг бий болгожээ.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 89 (7333)