Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

2024-05-02
Нийтэлсэн: Админ
 43 мин унших

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд Үндэсний телевизийн анхны Үндэсний зөвлөл байгуулагдаж, ерөнхий захирлаа сонгон шалгаруулж байв.  Ингэж  өөрийн гэсэн хуультай болсноор ЗГХЭГ-т агентлагийн статустай байсан телевиз олон нийтийн статуст шилжиж, нийгмийн дуу хоолой болж, ардчилсан нийгмийн үзэл санааг хэвшүүлэх шинэ хөгжлийн замдаа орсон түүхтэй. МҮОНРТ янз бүрийн зам туулж, орчин цагийн хэвлэл мэдээллийн салбарт хөгжил өөд түүчээлсээр байна. “Зууны мэдээ” сонин тавдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа олон нийтийн төлөөлөл болох МҮОНРТ-ийн  33 үзэгчийг онцолж байр суурийг нь хүргэж байна.

 

1. Та МҮОНРТ-ийн тухай ямар ойлголттой байна вэ. Ямар нийтлэл, нэвтрүүлгийг нь үзэх дуртай вэ?

 

2. Та хамгийн сүүлд МҮОНРТ-ийн ямар нэвтрүүлэг үзэж, сонссон бэ?

 

3. МҮОНРТ үндэсний язгуур эрх ашиг, өв уламжлалыг сурталчлан таниулж чадаж байна уу.  Үзэгчийн хувьд анхаарвал зохих асуудал юу вэ?

 

Дэлгэцийн соёл чухал байна

Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Г.Мэнд-Ооёо

♦  Би залуудаа тэнд ажиллаж байсан.  Эндээс амьдрал уран бүтээл маань өсөж өндийсөн. Тухайн цаг үеийн алдартай  сэтгүүлч зохиолчид, урлаг соёлын  зүтгэлтнүүд, улс төрийн нэрт хүмүүсийн дунд байж их юм сурч авсан. Хүнийг хүн болгодог газар. Үндэсний дуу дүрс бичлэгийн алтан сан хөмрөг энд байдаг. Энэ алтан сан хөмрөгөөс их юм суралцсан. Дэлхий дахины болон улс үндэстний  цаг үе бүхний түүхэн  мэдээлэл, урлаг, шинжлэх ухаан, бүтээн байгуулалт, соёлын нүүр царай энд баримт болон хадгалагдаж  үлддэг. Үндэсний радио телевиз бол Монгол түүх соёлын өв мөн.  Энэ өвийг өдөр бүхэн бичиглэж дэлгэж үзүүлж, арвижуулж, хамгаалан хадгалж байх үүрэгтэй. Цаг үеийн мэдээллийн голч үнэн нь энд байх ёстой  л гэж бодож үздэг. Хэл соёл, өв уламжлал, үлгэр болсон хүмүүсийн хөрөг,  нүүдэлч малчдын хөгжил хувьсал, монгол  ахуй амьдрал, байгаль экологи, шинжлэх ухааны шинэ мэдлэг мэдээлэл хайж сонгож үзэх дуртай.   МҮОНРТ үндэсний язгуур эрх ашиг, өв уламжлалыг сурталчлан таниулж чаддаг байх ёстой.

Хүчирхэг баг ажиллах ёстой. Тeхникийн хамгийн  орчин үеийн хэрэгслээр хангах хэрэгтэй.  Хараат бус байх ёстой. Арилжааны бус байх ёстой. Цаашид бид ч арилжааны телевиз радиогоос ялгаж салгаж ойлгоё.  Тэгээд бүх нийтийн чанга шалгуураа тавиад явж байх боломжтой.  Залуу үеийг үндэснийхээ  түүх, өв соёл, язгуур уламжлал, зан заншил , нутаг усаа хайрлах хамгаалах эх оронч үзэл санаагаа төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгийг түлхүү болгомоор санагддаг даа.  Дэлгэцийн соёл чухал байна. Сэтгүүлчид үндэснийхээ  хэлний  хэм хэмжээг зөв хадгалж илэрхийлж байх үүрэгтэй. Дэлгэцэнд алдаатай үг өгүүлбэр байх ёсгүй.  Нэвтрүүлгийн ур хийц, уран чадвар, цаашлаад  теле- урлаг, радио- урлагийг хөгжүүлэх  хэрэгтэй.  Бидний үед ийм суурь тавигдсан. Одоо бараг алга болж. Радио телевизийн алтан сан хөмрөгөө  хамгаалахад анхаараарай. Төлбөрөө төлөөд, дэмжээд, нийтлэл нэвтрүүлгийн чанарт нь шаардлага тавиад явж байхад бололгүй  яах вэ. 

 

Шинжлэх ухааны сэдэвтэй контент хийх хэрэгтэй

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ХСХА-ны дарга, АУ-н докторант, ахлах зэргийн эмч Б.Намуун

♦ МҮОНРТ гэдэг бол ард түмнийг үндэсний хэмжээнд үнэн бодит мэдээллээр хангадаг, мэдээ мэдээллийг түгээн дэлгэрүүлдэг телевиз гэж боддог. Ер нь одоо цагт үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй иргэдэд хүргэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх томоохон үүрэг гэж бодож байна. МҮОНРТ-ийн “Өглөө” хөтөлбөрийг амралтын өдрүүдэд үздэг. Харин ажлын өдрөөр оройн хөтөлбөрийг нь үздэг.

♦ Хамгийн сүүлд Учрал гишүүний оролцсон “Цаг үе, үзэл бодол” хөтөлбөрт “Цахим харилцаа, хөгжил” сэдэвт ярилцлагыг үзсэн. Одоо техник, технологи хөгжиж байгаа энэ эрин зуунд цахим руу шилжинэ гэдэг бол хөгжлийн бодлого нэг алхмаар урагшилж байна даа хэмээн бодож үзэж суулаа.

♦ Миний хувьд МҮОНРТ гэдэг утгаар бусад мэдээллийн хэрэгслийг бодоход энэ чиглэлээр сурталчлан таниулах, ухуулан сурталчлах ажлаа сайн хийж чаддаг гэж боддог.  Нэг санал хэлэхэд орчин үед дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд шинжлэх ухааны сэдэвт хөтөлбөр контент илүү их хийгээсэй гэж хүсэж байна.

 

Үндэсний телевизийг багаасаа үзэж өссөн

Хөвсгөл аймгийн Ханх сумын III багийн иргэн Г.Мөнх-Алдар

♦  Монгол орныхоо хойд хязгаар нутгийн хил дээр оршдог манай сумын иргэд МҮОНРТ-ийг цаг алгасалгүй үздэг. Улс орон, дэлхий нийтэд  болж буй мэдээ, мэдээллээс хоцрохгүй байхыг хичээдэг. Миний тухайд багаасаа л үзэж өссөн. Монголын өнцөг булан бүрд айл бүрийн хойморт залардаг Үндэсний өргөн хэлбэрийн суваг гэж боддог. Үнэн бодит мэдээллийг ямар ч нэмэр, хачиргүйгээр хүргэдэг болохоор бусад арилжааны телевизүүдээс ялгардаг. Хөдөөгийн малчид ихэвчлэн DSH компаний хувийн  агаарын кабелийн сувгаар хүлээн авч үздэг. Харин манайх Монголын 13 телевизийн сувгийг нэг дор нэгтгэсэн агаарын антенаар хүлээн авч үздэг. “Цагийн хүрд”, “Өглөө хөтөлбөр”, “Спортын хөтөлбөр” үзэх дуртай. Бөхийн барилдааны шууд дамжуулалт  дуу, дүрсний хувьд чанар муу байдаг. Тиймээс техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болов уу гэж боддог. Манай гэрийнхэн сүүлийн үед эмч, эмнэлгийн ажилтан өвчтөн нарын тухай өгүүлсэн “Эмнэлгийн яаралтай тусламж” гэсэн бодит амьдралд болдог үйл явдлын талаарх кино, контент үзэж байгаа. Эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар  хөдөөгийн бидэнд маш хэрэгтэй санаа авах зүйл олон, их өгөөжтэй цаг үеэ олсон контент юм билээ. Хөдөөд элэг, цөс, бөөр, нойр булчирхайн өвчлөл их байдаг. Сүүлийн үед ходоодны хорт хавдрын өвчлөл их болсон. Энэ контент гарч байгаа үед манай суманд “Эрт илрүүлэг аян” явагдаж байгаа нь бүр ч цагаа олсон мэт. Сумынхан бүгд л эрт илрүүлэгт сайн хамрагдаж байгаа нь анзаарагдсан. Иймэрхүү цаг үеэ олсон нэвтрүүлэг үр дүнтэй санагдсан. Монгол хүүхдийн эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх нэвтрүүлэг хийх хэрэгтэй байна. Манай суманд урианхай, цаатан, буриад, халх гээд олон ястнууд аж төрдөг. Тэдний нүүдэлчин ахуй амьдралыг харуулсан нэвтрүүлэг хийх хэрэгтэй санагддаг. Манайд гадаадын ялангуяа ОХУ-ын  жуулчид олноор  ирдэг. Тэд загасчлах, аялах сонирхол их байгаа нь анзаарагддаг. Гэвч далай тойрсон аялал ямар стандарт мөрдөх ёстой. Иргэд нуураа хамгаалах тухайд анхан шатны мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Тиймээс ийм төрлийн мэдлэг, мэдээлэл өгөх  нэвтрүүлэг хийгээсэй гэж хүсэж байна.  Мөн манай сум ОХУ-ын хил дээр оршдог гэдгээр хилийн боомтын тухай болон, хил хамгаалал, зорчих хөдөлгөөний талаарх мэдээлэл чухал санагддаг. Мөн хүүхдэд зориулсан англи хэлний нэвтрүүлэг өмнө их явдаг байсан. Үүнийгээ сэргээгээсэй гэж хүсэж байна.

 

Монгол эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллавал оюун санааны дархлаа бэхжихэд тустай

Доктор, дэд профессор Б.Энхбайгаль

♦ МҮОНРТ-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдалд шүүмжлэлтэй хандах нь зөв. Сайжруулах зүйл олон бий. Гэхдээ үндэсний эрх ашиг зөвхөн өнөөдрөөр хэмжигдэхгүй. Улс орон найдвартай оршин тогтнохын тулд үндэсний ухамсар, оюуны дархлаатай байх, цаг үеийн "сенсаци", элдэв "шоу"-нд хөтлөгдөж хөөсрүүлэхгүйгээр мэдээллийн орон зайныхаа ноён нурууг хадгалахыг эрмэлздэг. Тиймээс монголын нийгэмд Монгол Улсад олон нийтийн радио телевиз ямар үүрэгтэйг бодолцож асуудалд хандах ёстой

♦ Олон нийтийн статустай радио телевиз бол олон нийтийнхээ, бүр тодорхой хэлбэл нийт монголчуудынхаа, ард түмнийхээ нэгдмэл эрх ашгаар л баримжаалж ажиллах ёстой байгууллага. Мэдээж төрийн бодлого, шийдвэрийг хүргэж, таниулж ажиллах үүрэгтэй.  Тэгэхдээ улс төрийн нам, ирээд явдаг улстөрчдийг биш, харин үндэсний, улсынхаа, эх орныхоо эрх ашгийг баримжаа болгож ажиллавал, дотоодод болон олон улсад болж буй үйл явдлын мэдээг хүргэхэд ч, шинжлэх ухаан танин мэдэхүй, нийгмийн соён гэгээрлийг тэтгэхэд тустай.

♦ Мэдээллийн орон зайн ноён нурууг тодорхойлох гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, шинжлэх ухаанч, эрүүл сэтгэлгээ чухал. Үүнд мэдээллийн тэнцвэртэй орчин бүрдэхэд ашгийн болон ашгийн бус мэдээллийн хэрэгслийн аль аль нь хэрэгтэй. Олон нийтийн телевиз нь ашиг олох боломжгүй шинжлэх ухаан, боловсрол, түүх, эрүүл мэнд, танин мэдэхүй, цаг үеийн мэдээний чиглэлээр ажилладаг. Хоёрдугаарт,  зөвхөн ашиг, арилжааны сэдэлтэй, төлбөртэй нэвтрүүлгээр мэдээллийн орон зайг дүүргээд байж болохгүй. Арилжааны телевизүүд ашгийн төлөө мөнгө төлсөн хувь хүмүүс, компаниудын мэдээллийг түгээдэг. Харин Олон нийтийн телевиз радио тусгаар тогтнолтой холбоотой, нийт ард иргэдийн эрх ашигтай холбоотой чухал сэдвүүдийг, эх орны сэдэвтэй нэвтрүүлгийг түгээхэд гол үүргийг гүйцэтгэнэ. Гуравдугаарт, дэлхий даяар мэдээллийн орчин нээлттэй. Бид дотооддоо үндэсний оюун санааны дархлаагаа, өөрийн эрхэмлэх үнэт зүйлсээ бэхжүүлж бэхжүүлж, янз бүрийн тархи угаалтыг сөрөх чадвартай, өөрийн гэсэн байр суурь, ойлголттой байх нь л хамгийн чухал. Энэ чиглэлээр МҮОНРТ монгол эрдэмтэдтэйгээ хамтраад ажиллаж чадвал оюун санааны дархлаа бэхжихэд ихээхэн нэмэр болно.

 

Газар дээрээс нь сурвалжилсан баримтат нэвтрүүлгүүдийг нь үзэх дуртай

Улсын харцага Д.Батболд

♦ Хөдөө төрж өссөн хүүхэд учраас Үндэсний радио, телевизийн байнгын үзэгч.  Одоо ч тийм. Хөтлөгч, нэвтрүүлэгчдийн соёл, дуу хоолой илүү мэргэжлийн санагддаг.  Хэчнээн завгүй байсан ч “Монголын мэдээ” сувгийн  “Цагийн хүрд” хөтөлбөрөө байнга үзнэ.  Цахим орчин хөгжиж, аливаа мэдээ, мэдээллүүд ямар ч цензургүйгээр олон нийтэд хүрч байна.  Яг энэ цаг үед “Цагийн хүрд”-ээс мэдээлэл авах нь  илүү мэргэжлийн хараат бус, найдвартай эх сурвалж гэж харж байна. Өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх талаар их сайн нийтлэл нэвтрүүлэг бэлтгэдэг.   “Адуучин” нэвтрүүлэг гэхэд Монгол орны ямар ч суманд багаараа явж нэвтрүүлгээ бэлтгэж байна.   Тэгэхээр яалт ч үгүй судалгаатай баримттай, сонирхолтой нэвтрүүлэг болж чаддаг.  Мөн газар тариалан, мал аж ахуй гээд дандаа тухайн орчинд нь, газар дээр нь очиж бэлтгэдэг нэвтрүүлгүүдийг нь үзэх дуртай.

 

Олон нийтийн гэсэн заалттай боловч, хаалттай байна

“Монгол цэрэг энхийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбилэг

♦ МҮОНРТ нь “Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч, оюуны өмчийг дээдлэгч, Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байна” гэсэн хуультай.   Энэ хууль эрх зүйн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж би хардаг.  Миний хувьд  оройн мэдээ, мэдээллийн  сувгийг үзэх дуртай.  Хааяа завтай таарвал Монгол өв соёлын нэвтрүүлгийг үздэг.  Олон нийтийн гэсэн заалттай боловч, ер нь бол хаалттай байна.  Дарга нар нь ТУЗ болон өөрийн Үндэсний зөвлөлөөс томилдог.  Мөн засгийн эрх барьж байгаа нам талыг баримталсан мэдээ мэдээлэл гаргаад байх шиг санагддаг. Тэр талаараа контент нь захиалгат маягтай болдог.  Мундаг, ур чадвартай сэтгүүлчид байгаа ч цаанаас нь  ажлыг нь  зааж зааварладаг тул чанартай контент гарч чадахгүй байна.  Дахиад нэг зүйл нь байрны асуудал сайн боловч, тоног төхөөрөмж нь хуучирсан.  Телевизүүдийн төвлөрсөн контент HUB байж болох хэмжээний зай талбайтай.   Энэ нь бусад контент үйлдвэрлэгч телевизүүд нийлээд нэг газар төвлөрч, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, суурилуулж, тэндээсээ нэгдсэн байдлаар контент цацвал аль аль талдаа зардал хэмнэх боломжтой. Контент сайжрах мөн давхцалгүй болох мэт санагдаж байна. Одоогоор Монгол Улсад 30 гаруй телевиз байгаа боловч үзэх олигтой нэвтрүүлэг байхгүй. Харин сүүлийн үед зарим телевиз гаднын контентыг дууриалган авч, нэвтрүүлж үзэлтийг сайжруулж байгаа.  Миний хувьд мэдээний суваг үзэж, мэдээллүүдийг харьцуулж, дүгнэлт гаргадаг.  МҮОНРТ-ийн хувьд олон нийтийн гэдгээрээ орон даяар нэвтрэлттэй.  Бас түүнийг нь үздэг өөрийн гэсэн үзэгчтэй тул маш хариуцлагатай ажиллаж, үнэн зөв мэдээллийг хүргэх ёстой.   Тэр утгаараа хараат байдлаас гарах хэрэгтэй байна.

 

Үндэсний соёл, өв уламжлалыг хойч үедээ үлдээхэд МҮОНРТ чухал үүрэгтэй

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уяач Д.Даваахүү

♦ МҮОНРТ гэдэг бол монголчуудыг соён гэгээрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн газар гэж ойлгодог. Би энэ телевизээр гарсан мэдээ мэдээллийг үнэн, зөв гэдэгт итгэдэг. Үндэсний телевизээр гардаг эрийн гурван наадмын нэвтрүүлгийг үзэх дуртай. Ялангуяа Улсын баяр наадмын мэдээллийг энэ телевизээр үздэг.

♦ Үндэсний соёл, өв уламжлалыг хойч үедээ үлдээхэд МҮОНРТ маш чухал үүрэгтэй гэж боддог. Дэлхийд байхгүй өв соёл бидэнд бий. Түүнийг дэлгэрүүлэх, залуусыг уриалах, сурч мэдэх хийгээд даган дуурайх, үлгэрлэхэд үндэсний телевиз манлайлан оролцох хэрэгтэй.

♦ Өв соёлоо уламжлан үлдээх үйлсэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгааг би дээр хэлсэн. Мэдээж үнэн зөв мэдээллийн эх сурвалж байдаг байр сууриа алдахгүй байх хэрэгтэй юм. Аливаа асуудалд илүү ул суурьтай, баримттай, судалгаа шинжилгээтэй нэвтрүүлгийг олон нийтэд түгээдэг байгаасай гэж боддог. Ялангуяа хурдан морины уралдаан монголчуудын хувьд байнгын анхаарлын төвд байж ирсэн. Монгол хүн бүр хурдан морийг хайрлаж, хүндэлж үздэг. Гэхдээ монгол морины уралдаанд гаднын буруу суртал ухуулга байна уу гэж хардаг. Монгол морины хамгийн их жин 300 кг хүртэл байдаг. Тиймээс 30 кг хүртэл жинтэй хүн унах учиртай юм. Харин эрлийз адуу 600 кг хүртэл жинтэй бөгөөд 40-55 кг жинтэй хүн унаж болно. Нөгөөтээгүүр, хүүхэд морь унаснаар биеэ даах, малч ухаанд суралцахын зэрэгцээ өв соёлоо түгээн дэлгэрүүлэх өв тээгч болж хүмүүждэг. Түүнчлэн бие бялдарын хөгжилд илүү эерэг нөлөө үзүүлдэг юм шүү дээ.

Дэлхийн олон гүрэнд морин уралдаан бий. Гэхдээ Монгол хүн шиг бага наснаасаа хурдны салхи үзсэн хүн байдаггүй болов уу. Бид уламжлалт ёс заншил, өв соёлоо хойч үедээ өвлүүлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа үндэсний телевизийн уран бүтээлчдийн үүрэг, оролцоо түлхүү байх ёстой гэж боддог доо.

 

Эх хэлний боловсролд зориулсан шинэ контентуудтай болох хэрэгтэй

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэл

♦  Би “Монгол өв соёл”, “Эх өв”, “Эх хэл минь”, “Судар бичгийн алтан сан”, “Алтан дэвтэр” зэрэг өөрийн мэргэжил, ажил албатай холбоотой нэвтрүүлгүүдийг үзэх дуртай. Эдгээр нэвтрүүлгүүд нь монголчуудын эртнээс эдүгээ хүртэл уламжилж ирсэн биет ба биет бус соёлын өвүүдийг таниулах, тайлан тайлбарлах, өвлөн уламжлуулахад чиглэсэн байдаг учир маш их бүтээлч, шинжлэх ухаанч байдлаар бэлтгэдэг нь харагддаг.  Ялангуяа монголчуудын бичиг үсгийн биет дурсгалууд, хэрэглэж ирсэн 10 гаруй бичиг үсгээр буй ном судрын дурсгалуудын соёлын үнэ цэн, шинжлэх ухааны ач холбогдлыг харуулсан “Эх хэл минь” нэвтрүүлгийг хамтран бэлтгэж хүргэдэгтээ баяртай байдаг. Мөн нүүдлийн соёл иргэншлийг хадгалан тээж яваа малчдын амьдралд тохиосон бэрхшээл, байгаль цаг уурын үзэгдлийг даван туулахад нь дэм болж, хандивын аян зохион байгуулсан нь сэтгэлд үлдсэн.  Үндэсний язгуур эрх ашиг, өв уламжлалыг таниулах талаар МҮОНРТ нь телевизээрээ ч, радиогоор ч хангалттай хэмжээнд таниулж чадаж байгаа хэмээн үздэг. Томоохон хэмжээний баримтат кинонууд нь дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын түүхийн талаар сайтар авч үзсэн нь сайшаалтай санагддаг. Гэвч дэлхий даяар тархан суурьшсан монгол угсаатнуудын өнөөгийн нийгэм, соёл, хэлний байдлыг авч үзсэн томоохон контент, нэвтрүүлгүүд шаардлагатай санагддаг. Сошиал орчинд бид мэдээллийг авдаг боловч энэ нь сан хөмрөг болж үлдэх, мөн үзэгчдэд хүргэж байгаа зүйлс үнэн эсэхэд эргэлзээтэй. Харин МҮОНРТ-ийн үүднээс эдгээр монголчуудынхаа бодит асуудал, нийгэм, соёлын амьдралд нь тулгарч буй асуудлыг авч үзвэл одоо болоод ирээдүйд бие биесээ ойлгох, “монгол” гэсэн ижилслээ хадгалан үлдэхэд тустай гэж бодож байна. Мөн телевиз, радиогийн “Алтан сан хөмрөг”-т буй нэвтрүүлэг, баримтат кинонуудыг судалгааны хүрээнд судлаачдад ашиглах байдлыг илүү нээлттэй болгож, орчин үеийн форматад хөрвүүлэн цахим сан болговол монголчуудын хэл, соёл, түүхийн судалгаанд чухал эх сурвалжууд нэмэгдэх юм. 2025 онд Монгол Улс “Хос бичигтэн” улс болох гэж буйтай холбоотойгоор цаашид үндэсний хэл, бичгийн талаарх нэвтрүүлгүүдээ улам эрчимтэй бэлтгэн гаргаж, эх хэлний боловсролд зориулсан шинэ шинэ контентуудтай болоосой гэж хүсэж байна. Өв хэл, хос хэл, олон соёлт хэлний хөтөлбөриг баталж, энэ чиглэлээр нэвтрүүлгийг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан бүтээж, гэр бүлийн сувгийг хүүхэд, гэр бүлийн суваг болгон шинэчилж, хойч үедээ эх хэлээ өвлүүлэн уламжлуулахад бидэнтэй нягт хамтран ажиллахыг уриалж байна. Үндэсний язгуур эрх ашгийг хамгаалах, өв соёлоо түгээх, хадгалан авч үлдэхийн тулд дэлхийн олон оронд болон Монгол орны газар нутгаар жилд хэд хэчнээн удаа эргэн явж, нэвтрүүлэг сурвалжилга хийдэгт монголчууд маань дэмжлэг үзүүлэх ёстой.

 

Хараагүйчүүдийн хувьд ихэвчлэн “Цагийн хүрд”-ийг сонсдог

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Б.Бямбасүрэн

♦ МҮОНРТ гэдгийг иргэдийн эрх ашгийн төлөө дуугардаг, тэдэнд зориулсан нэвтрүүлэг, контент хийх үүрэгтэй, улсын төв телевиз гэж боддог. Мөн бусад телевизүүдээс ялгарах онцлогтой, өөрийн үзэл бодолтой, нэг алхам өндөр байгаасай гэж хүсдэг. Миний хувьд хүүхэд байхаасаа л МҮОНРТ-ийг үзэх дуртай байсан. Биднийг бага байхад өөр үзэх телевиз ч байсангүй. Тиймээс тухайн үеийн нэвтрүүлгүүд сэтгэлд их тод үлдсэн байна. Ялангуяа хүүхэд болоод танин мэдэхүйн нэвтрүүлгүүд сонирхолтой санагддаг байсан. Мөн “Аяллын цаг” гээд гоё нэвтрүүлэг гардаг байсныг мартдаггүй. Миний хувьд харааны бэрхшээлтэй. Хараагүй болохоосоо өмнө телевизийн нэвтрүүлгүүдийг шимтэн үздэг байсан бол хараагаа алдаад ихэвчлэн кино болоод мэдээллийн хөтөлбөрүүдийг онцолж сонсдог болсон. Ялангуяа орой бүр “Цагийн хүрд” нэвтрүүлгийг шимтэн сонсож, Монгол Улсад юу болж байгаа тухай ерөнхий мэдээллийг авдаг. Харин тэртээ тэргүй хар бараанаар дүүрэн байгаа энэ нийгэмд тус телевизийг хар бараан муу мэдээнээс татгалзаж, эерэг, сайхан мэдээг илүү түгээдэг байгаасай гэж хүсэж байна. 

 

Удирдлагын засаглалыг сайжруулж, дотоод шинэчлэл хийгээсэй

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн оюутан О.Батхишиг

♦ МҮОНРТ бол аливаа нам засаг, тодорхой эрх бүхий хүмүүсээс ангид байх зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой телевиз. Өв соёл, уламжлалаа харуулсан хойчдоо чухал өв, баримт болох нэвтрүүлгийг бэлтгэдэг. Мөн 21 аймаг, Монгол улсын өнцөг булан бүрд хүрч ажилладаг үндэсний хэмжээний телевиз.

♦ Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр, Ил хаадын нутгаар баримтат кино.

♦ Зохих хэмжээнд чадаж байна гэж үздэг. Гэвч засгийн эрх барьж буй намаас хараат байна гэх хардлага хэзээд МҮОНРТ-ийг шүүмжлэлийн бай болгосоор ирсэн. Зуун хувь ташаа ойлголт биш илэрхий байгаа бодит байдал нь. Иргэний хувьд Үндэсний телевизийг татан буулгана гэж ойворгон хандахаас илүү үндэсний зөвлөл, удирдлагын засаглалыг сайжруулж, дотоод шинэчлэл хийгээсэй гэж хүсдэг. Монгол улсын бүх цагийн үеийн аж байдал, өв соёл, түүх уламжлалыг бүхэлд нь хадгалж буй алтан сан хөмрөг бүхий телевиз шүү дээ.

 

Хамгийн сүүлд “Цаг үe, үзэл бодол” хөтөлбөрийг үзсэн

Хамба лам Д.Тайвансайхан

♦  МҮОНРТ бол монголчуудын нийтээрээ үздэг гол нэгдүгээр суваг шүү дээ. “Цагийн  хүрд”,  “Цаг үе, Үзэл бодол” , “Өглөө хөтөлбөр” болон уламжлалт өв соёлын тухай нэвтрүүлгүүдийг шимтэн үздэг.  Мөн хүмүүст сургамж ухаарал олгосон кинонуудыг гаргадагт нь талархдаг. Хамгийн сүүлд “Цаг үe, үзэл бодол” ярилцлагын хөтөлбөрийг үзсэн.  Цаашид танин мэдэхүйн нэвтрүүлгийн цагаа нэмэх шаардлагатай гэж боддог.  Мөн хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэх арга ухааныг настан буурлуудаас асууж сурвалжилсан мэдээ мэдээлэл тун чухал байна.  Хүүхэд залууст ухааралтай нэмэхэд тустай юм даа.  Түүнчлэн хүүхэд залуусыг номонд дурлуулахад чиглэсэн нийтлэл нэвтрүүлэг явуулах нь их зүгээр болов уу. Агуу түүх өвөг дээдсээрээ суралцан бахархах үйлсэд сайн үзүүлэх нь чухал байна.

 

Монголчуудын нэгдмэл эрх ашгаар баримжаалж ажиллах ёстой

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек

♦ МҮОНРТ гэдэг бол монголчуудыг соён гэгээрэхэд чухал үүрэгтэй үндэсний хэмжээний цорын ганц телевиз. Хүүхэд ахуй наснаас одоог хүртэл үзэх дуртай сувгуудын нэг байсан. Одоо бол бараг үзэхгүй шахам байна.

♦ Мэдээллийн хөтөлбөрийг нь бас хэлэлцүүлэг нэвтрүүлгийг нь үзсэн.

♦ Өв соёлоо уламжлан үлдээх үйлсэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Үндэсний хэмжээний суваг учраас олон үндэстэн ястнуудын эх хэлээр мэдээлэлээ хүргэдэг байх нь зүйтэй болов уу гэж хардаг. Мэдээж үнэн зөв мэдээллийн эх сурвалж байдаг байр сууриа алдахгүй байх хэрэгтэй юм. Асуудалд илүү ул суурьтай, баримттай, судалгаа шинжилгээтэй нэвтрүүлгийг олон нийтэд түгээдэг байгаасай гэж боддог. Нөгөөтээгүүр, монголчуудын нэгдмэл эрх ашгаар баримжаалж ажиллах ёстой байгууллага. Мэдээж төрийн бодлого, шийдвэрийг хүргэж, таниулж ажиллах үүрэгтэй. 

 

Танин мэдэхүйн болон өв соёлын нэвтрүүлгийг үзэх дуртай

Аймгийн мэргэн, спортын мастер Б.Нямдорж

♦ Үндэсний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, сэргээж, архивлаж байгаа гол телевиз гэж би хардаг.  Танин мэдэхүйн болон өв соёлын нэвтрүүлгийг үзэх дуртай. Нээлттэй өдөрлөгийн шууд нэвтрүүлгийг үзэж, бага байхдаа үздэг байсан олон ангит кино болон нэвтрүүлгийг уран бүтээлчдийг харж дурсамжаа сэргээх сайхан байсан. Би үндэсний сурын спортоор хичээллэдэг.  Үндэсний их баяр наадам болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг МҮОНРТ л ганцаараа дамжуулдаг. Үндэсний гэсэн тодотголтой бүхнээ дэлгэрүүлж,  цаг үетэйгээ нийцсэн нийтлэлийг бодлогоо баримталж илүү сайн ажиллаасай гэж хүсэж байна.

 

Үндэсний өв уламжлалаа хадгалах нэвтрүүлгийн цагаа нэмэгдүүлэх хэрэгтэй

Дорноговь Даланжаргалан сумын Монгол хэл, уран зохиолын багш Н.Энхбаяр

♦  МҮОНРТ бол монголчуудыг соён гэгээрүүлэгч юм.  Би  Үндэсний телевизийн “Цагийн хүрд”, “Редакцын зочин”, “Спортын мэдээ”-г үздэг.  Үндэсний олон нийтийн гэх тодотголтой ганц телевиз учраас нийтлэл нэвтрүүлэг нь илүү итгэж болохоор санагддаг.  Учир нь хараат бус, аль нэг нам улс төрийн хүчнээс санхүүждэггүй, бизнесийн агуулгагүй олон нийтийн эрх ашгийг хамгаалах хуультай шүү дээ.  Мөн иргэдээ соён гэгээрүүлэх, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд илүү анхаардаг юм шиг санагддаг.  Би хамгийн сүүлд ABU-Pobokon-2024 тэмцээнийг үзсэн.  Цаашид үндэсний соёл уламжлалаа хадгалах талаар нэвтрүүлгийн цаг, давтамжаа нэмэх хэрэгтэй гэж бодож байна.

 

Улсын телевиз гэдэг утгаараа маркетинг сул байгаа ажиглагддаг

Жүжигчин Т.Энхтөр

♦ Мэдээж МҮОНРТ бол манай улсад байдаг ганцхан телевиз шүү дээ. Их олон жилийн түүхтэй. Миний хувьд одоогоор үндэсний телевизийг онцолж үздэггүй. Харин бага насандаа хүүхдийг нэвтрүүлэг, контентуудыг нь үздэг байсан. Мэдээж улсын телевизийн хувьд өв соёл талын нэвтрүүлэг бүтээлүүдийг бэлтгэн гаргаж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ олон нийтэд хүртээмж сул байна. Энэ нь маркетингийн үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй юм. Бусад телевиз ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд нь үзэгчидийн анхаарлыг татан ялангуяа залуучууд руу чиглэсэн нэвтрүүлгүүд санаачлан гаргаж мөн маркетинг сайн хийж чадаж байгаа санагддаг.

♦ МҮОНР улсын гэдэг утгаараа илүү энэ талын ажиллагаа сул байна. Төлбөр хураамжын талаар мэдээлэлгүй байна. Гэхдээ тодорхой хэмжээнд хураамжийг бол төлж байх хэрэгтэй. Ямар нэг онцгой нөхцөл байдал үүсч асуудал тулгарах үед үндэсний олон нийтийн радио л манай улсын ганц мэдээлэл авах боломжтой ганц суваг.

♦ Магадгүй гаргадаг нэвтрүүлгийн төрөл олширч үзэгчдийн илүү татаж чаддаг болвол хэрэглэгчид төлбөр хураамжийн асуудал сэтгэл хангалуун байх боломжтой гэж бодож байна.

 

Өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд түүчээлэн манлайлах учиртай

Хан-Уул дүүргийн иргэн Ч.Гүнжидмаа

♦ МҮОНРТ нь үндэсний хэмжээний цорын ганц телевиз юм. Хүүхэд ахуй наснаас одоог хүртэл үзэх дуртай сувгуудын нэг байдаг. Гэрэлтэй цонх нэвтрүүлэг гардаг байхаас л орой бүр үзэх гэж нэвтрүүлгүүдийг хүлээж шимтэж үздэг байлаа. Одоо бол байнга, болж өгвөл орой бүр мэдээ, цагийн хүрд таслахгүй үзэхийг хичээдэг.

♦ Хамгийн сүүлд МҮОНРТ-ийн Хайрлаарай гэж хосын нэвтрүүлгийг үзсэн их хөөрхөн хөнгөн нэвтрүүлэг байна лээ.

♦ МҮОНРТ-ийн Үндэсний өв соёл нэвтрүүлгээр уламжлал болсон дархан урчууд, гар урлал гэх мэт олон сайхан өв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр нэвтрүүлэг бэлтгэж байгаа нь олон нийтэд хүртээмжтэй байна гэж харж байгаа. Нөгөөтээгүүр нийгмийг соён гэгээрүүлэх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд түүчээлэн манлайлах учиртай телевиз бол МҮОНРТВ гэж боддог. Үүний тулд хүмүүсийн сонирхлыг татахуйц хөнгөн, судалгаатай нэвтрүүлэг, хөтөлбөрийг олон нийтэд хүргэх хэрэгтэй болов уу.

 

Орчин үеийн телевиз байгаасай

Чөлөөт уран бүтээлч Д.Энхгэрэл

♦ Миний хувьд гэртээ өнгөрүүлэх цаг бага байдаг. Тиймээс маш бага цагыг зурагт үзэхэд зарцуулдаг. Үндэсний телевизийн нэвтрүүлгүүдээс цаг агаарын мэдээг хамгийн тогтмол үздэг. Гэхдээ өмнө гардаг байсан хөгжмийн нэвтрүүлгийг их үздэг байсан хөтлөгч эгч нь бас их мундаг санагддаг. Тэр нэвтрүүлэг одоо яг гарч байгаа талаар мэдээлэл бага байна. Нийгэм дээр олон талын мэдээлэл харагддаг ч яг зориод цаг гарж судалж байгаагүй учраас ийм тийм гэх тодорхой бодол бол одоогоор байхгүй. Харин тэдгээр асуудлуудыг илүүтэй учир шалтгааныг нь тайлбарлаад залуучуудад зөв, цэгцтэй ойлголт өгөөсэй гэж хүсдэг.

♦ Хэдийгээр үндэсний гэх тодотголтой ч энэ нь орчин үеийн шинжтэй нэвтрүүлэг контент гаргаж болохгүй гэсэн үг биш шүү дээ. Тиймээс сүүлийн үеийн хүчтэй гарч ирж байгаа телевизүүд шиг сайн контентууд гаргадаг болбол миний үеийнхэн залуучууд анхаарч үзэх байх. Мөн техник, технологийн хөгжлүүдийг ашиглаад өнгө, дүрсний чанар бас сайжрах хэрэгтэй.

♦ МҮОНРТ хураамж авдаг байсан талаар өмнө нь сонсож байгаагүй юм байна. Мэдээж хураамжууд тодорхой хэмжээнд төсөв, үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг л байх. Гэхдээ яагаад хураамж авдаг, юунд зарцуулдаг талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл залуучуудад хэрэгтэй. Залуучууд сонирхохгүй байгаа учир мэдлэг  багатай байна л гэж харж байна.

 

МҮОНРТ мэргэжлийн стандартыг хэрэгжүүлэгч байгууллага байх ёстой

МУБИС-ийн багш, Буриад түмний төлөөлөл Б.Одмандах

♦ Үндэсний Олон нийтийн телевиз гэсэн ойлголт 1926 оноос эхлээд Англид анх гарсан гэж үздэг. 1946 онд Английн “BBC “телевиз анхны олон нийтийн телевиз болсноос хойш улс орон бүрд олон нийтийн телевиз байх ёстой юм байна гэсэн үзэл, концвенц хөгжсөн. Харин Монгол Улсын хувьд 1967 онд телевиз байгуулагдаад мэдээж төрийн хэвшилд очсон. Харин 1998 онд манайд хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдаж, Монголын үндэсний телевизийг олон нийтийн статустай болгох хуулийг батлах хэлэлцүүлгүүд өрнөсөн. Ингээд 2005 оноос бид олон нийтийн телевизтэй болсон. Энэ нь төрийн мэдпийн гэхээс илүүтэйгээр төрөөс тодорхой санхүүжилт авдаг, олон нийтийн хараа хяналтын удирдлагатай, олон нийтэд үйлчлэх үүрэгтэй телевиз болсон гэсэн үг. Энэхүү телевиз нь нийгэмд буюу олон нийтийн мэдэх эрхэд бүрэн үйлчлэх ёстой. Тэдэнд зориулсан нийгмийн бүхий л сэдвийг хөндсөн контент, нэвтрүүлэг хийх үүрэгтэй гэж хардаг. Миний хувьд СМҮОНРТ-ийн нийгмийн аливаа хэлэлцүүлгийн нэвтрүүлгүүд болон үндэсний өв уламжлал, соёлын тухай нэвтрүүлгүүдийг нь тогтмол үздэг. Хамгийн сүүлд өчигдөр орой “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг үзсэн. МҮОНРТ-ийг би хамгийн тулхтай, мэргэжлийн стандартыг хэрэгжүүлэгч байгууллага гэж хардаг. Тус телевиз нь өв соёл талын нэвтрүүлгүүд бэлтгэхдээ бодлоготойгоор нэвтрүүлгүүдээ бэлтгэдэг. Энэхүү нэвтрүүлгүүд нь тун чухал. Ялангуяа монгол дархлааг бий болгож, хойч үедээ сурталчлан таниулахад хамгийн  хэрэгтэй.

 

“Найм арван нэг” нэвтрүүлгийг mnb.mn сайтаас сонсдог

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, дэд профессор Г.Мэндхүү

♦ Ардчилсан тогтолцоотой дэлхийн ихэнх улс орнууд олон нийтийн статустай радио, телевизтэй байдаг. Манай улс ч энэ жишгийг дагасан. Үндэсний олон нийтийн радио, телевиз ашгийн төлөө ажиллах ёсгүй. Олон нийтийн радио, телевизээр арилжааны зар сурталчилгаа ч нэвтрүүлэх нь зохисгүй. Олон нийтийн радио, телевизийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь айл өрх бүрээс сар бүр авч байгаа хураамж. МҮОНРТ-ийн сар бүрийн хураамж маш бага. Гэтэл IPTV гурвалсан үйлчилгээнд үүнээс хэд дахин их төлбөр айлууд төлдөг. МҮОНРТ-ийн сар бүрийн хураамжийг инфляцтай уялдуулаад нэмэгдүүлэх цаг нь болсон гэсэн байр суурьтай байна. Олон нийтийн радио телевизийн тухай бодлоо товч илэрхийлэхэд ийм байна. МҮОНРТ-ийн сувгуудаас тогтмол сонсдог, үздэг нэвтрүүлгээ нэрлэе. Үндэсний олон нийтийн радиогийн “Найм арван нэг” нэвтрүүлгийг mnb.mn сайт руу нь орж сонсдог. Үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлгээс орой бүр “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг үзнэ. Бас “Гэгээн үдэш”, “Сэтгэлд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгийг үзэх дуртай. Эфирээр дамжуулахад нь үзэж амжихгүй үедээ Youtube дэх MNB-ийн албан ёсны хуудас руу ороод дээрх нэвтрүүлэг үздэг.

♦ Өнөөдөр өглөө “Найм арван нэг” нэвтрүүлгийг сонссон. “Ил хаадын улс”-ын тухай МҮОНТ-ийн уран бүтээлчдийн хийсэн баримтат нэвтрүүлгийг үзээд танин мэдэхүй ач холбогдолтой, сайхан уран бүтээл болжээ гэж хувьдаа бодсон.

♦ Арилжааны радио, телевизүүд ашгийн төлөө ажилладаг байгууллагууд. Тэд үзэгч, сонсогчдыг татахын тулд гадаадын продакшн, телекомпанийн бодож олсон янз бүрийн цэнгээнт нэвтрүүлэг, реалити шоуг албан ёсны зөвшөөрөлтэй хийж байна. Арилжааны радио, телевизүүд рейтингийн хойноос хөөцөлдөх нь зөв. Харин дэлхийн аль ч улсын олон нийтийн радио, телевиз нь түрхэн зуурын рейтингийн хойноос биш, хувьд соёл, түүх, ёс заншил, уламжлалын тухай нэвтрүүлэг бүтээж улс үндэснийхээ дахин давтагдашгүй онцгой шинж чанарыг харуулсан чанартай бүтээл хийж, хойч үедээ өвлүүлэх зорилготой. МҮОНРТ энэ үүргээ биелүүлдэг гэж боддог. Сүүлийн үед иргэдийн мэдээлэл авдаг хэв шинж өөрчлөгдөж байна. Цагийн хуваарийн дагуу нэвтрүүлэг үзэх гээд хүлээнэ гэдэг ойлголт их хоцрогдож. МҮОНРТ үзэгч, сонсогчдодоо ойртохын тулд стриминг үйлчилгээ нэвтрүүлэх, social media-г түлхүү ашиглах, гар утасны APP-ээ сайжруулах хэрэгтэй байх.

 

Хүүхэд байхдаа МҮОНРТ эфирээ нээхийг хүлээдэг байсан

Архангай аймгийн Жаргалант сумын хүүхдийн их эмч Б.Бадамцэцэг

♦ МҮОНРТ-ийн тухайд улсын тодотголтой, нийтийн эрх ашгийг хамгаалсан нэвтрүүлэг, контент хийх үүрэгтэй, Монгол Улсын хамгийн том, ууган телевиз гэсэн бодол, төсөөлөлтэй явдаг. Биднийг бага байхад тус телевизээс өөр өргөн нэвтрүүлэг суваг, телевиз байдаггүй байлаа. Тиймээс хүүхэд байхдаа зөвхөн орой болж, МҮОНРТ эфирээ нээхийг хүлээдэг байсан. Тухайн үед гардаг байсан хүүхдийн нэвтрүүлгүүд болоод “үлгэрийн цаг”, танин мэдэхүйн контентуудыг бодоход сэтгэлд их дотно санагддаг. Харин сүүлийн жилүүдэд их олон хувийн, өөр өөрийн онцлогтой сувгууд гарсан учир МҮОНРТ-ийг үзэх нь эрс багассан. Миний хувьд хааяа “Цагийн хүрд” гарч байвал сонсох дуртай. Энэхүү мэдээний нэвтрүүлэг нэлээд олон жил гарч байгаа учир өөрийн үзэгчдийг бий болгосон байх гэж бодож байна. Бусдаар контент, нэвтрүүлгүүдийг нь үзээгүй удсан байна. Тус телевизийн программыг харахад залуучуудад зориулсан энтертаймент нэвтрүүлгүүд бага юм билээ. Энэ тал дээрээ анхаарч, залуу үеийн үзэгчдийг татах хэрэгтэй байх гэж бодсон. Мөн хүүхдэд зориулсан танин мэдэхүйн нэвтрүүлгийнхээ тоог нэмээсэй гэж хүсдэг. Харин монголын өв соёлыг сурталчлан таниулах тухайд нэлээд ажилладаг юм болов уу гэж харсан. Учир энэ талын контент, “Гэгээн үдэш” ч юм уу, хөрөг нэвтрүүлгүүд дээрээ анхаардаг юм шиг ажиглагдсан. Мөн түүхийн нэвтрүүлгүүд голлох байр суурийг эзэлдэг юм билээ. Энэ бодлогыг нь бол зөв гжэж харж байна.     

 

Бусдад үлгэрлэл болсон хүмүүсийн тухай үзэх дуртай

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн гавьяат багш, МЗЭ-ийн шагналт, Зохиолч Ч.Баатар

♦ МҮОНРТ-ийн үйл ажиллагаа нэг хэсэг доголдож байсан. Харин одоо шинэ удирдлагатай болсноор хэвийн ажиллах боломж бүрдэх болов уу. Ер нь дэлхийн аль ч улс оронд үндэсний хараат бус телевиз байдаг. Тийм ч учраас тус телевизийг аль болох бие даасан, улс орон ард иргэдийн эрх ашгийг хамгаалсан, хамгийн үнэн зөв мэдээлэл өгөх тал дээр анхаарах нь хамгаас чухал. Ард иргэд мэдээллийн хэрэгслүүд олон нийтийн телевизийн мэдээнд л тулгуурладаг.  Цаг агаарын мэдээ зэрэгт загвар өмсөгч аятай өдөр тутам хувцас солих бус, өдөр тутмын, бүр нарийвчлалтай  мэдээллээр цаг алдалгүй  хүргэхэд анхаарах нь зүйтэй.  Залуучуудын эх оронч хүмүүжил, эх орон онгон байгалиа хамгаалах, өв соёл уламжлалаа хадгалан үлдээх, түгээн дэлгэрүүлэх талаар болон бусдад үлгэр дуурайлал болсон хөдөлмөрч хүмүүсийн талаар үзэж сонирхох дуртай.

♦Саяхны явагдсан МҮОНРТ-ийн нээлттэй өдөрлөг таалагдсан шүү. Одоогоос хэдэн жилийн өмнөх ийм маягаар эхлэх гэж байгаад яагаад ч юм тасарсан.

♦Одоогийн явуулж нэвтрүүлгүүд нэг хэвийн бараг бүх телевизүүд бие биеэ хуулсан маягтай байдаг. Тиймээс МҮОНРТ шинэчлэл хийж ялангуяа хөдөө орон нутаг, малчдын амьдрал ахуй, монгол ахуй, соёл, өв уламжлал бусад улс орноос чухам юугаар ялгаатай талаар өргөн олонд таниулахад чиглэсэн нэвтрүүлэг хийх нь залуучуудын эх орноо хайрлах үзэлд тустай байх болов уу. Түүнчлэн МҮОНТВ-ийн зүгээс зохиолч, уран бүтээлч нартай гэрээ байгуулж нэвтрүүлэгтээ ашиглах нь зүйтэй байх.

 

Монголын язгуур, өв уламжлалыг Үндэсний ТВ л гаргадаг

БНСУ-ын Янжу хотын Кёнги дүүрэгт амьдардаг П.Уянга

♦  МҮОНТВ-г тэр болгон үзэж амждаггүй. Гэхдээ Үндэсний телевиз гэдэг утгаар Монголын мэдээ, мэдээлэл илүү үнэн бодитой гардаг гэж бодож байгаа. Гэхдээ одоо бараг зурагт ч үзэх завгүй болсон болохоор хэрэгтэй мэдээллээ хайгаад олчихно, кино үзвэл янз бүрийн аппликэйшнүүдээс, мөн мэдээ мэдээллийг сошиал медиагаас авчихаж байгаа болохоор зурагт бараг үзэхгүй байгаа.

♦ Сүүлд үзсэн нэвтрүүлэг нь морин хуурын тухай нэвтрүүлэг байсан. Морин хуурын домог болон морин хуурыг хэрхэн хийдэг, яаж тоглодог зэргийг танилцуулсан сонирхолтой нэвтрүүлэг байсан.

♦ Үндэсний язгуур эрх ашиг, өв уламжлалыг зөвхөн үндэсний телевиз л сурталчилдаг гэж боддог. Бусад телевизүүд энтертаймент шоу кинонд төвлөрдөг юм шиг санагддаг. Анхаарвал зохих асуудал маркетингийн шинэчлэл хийвэл зүгээр санагддаг. Жишээ нь түүх соёл, өв уламжлалтай холбоотой мэдээллээ энтертаймент контент байдлаар бэлтгэж сошиалд богино бичлэг хэлбэрээр байршуулвал зүгээр санагдсан. Тиймэрхүү жижиг видеог хүмүүс сонирхож харна, цаашлаад бүр сонирхолтой санагдаад үзэхийг хүсвэл ТВ-ээ ухраагаад ч юм уу үзэх байх.

 

Дэлхийн том телевизүүд хэзээ ч эфирээрээ шар мэдээ гаргадаггүй

Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар

♦ Би МҮОНРТ-ийн нэвтрүүлгүүдээс “Соёл-Эрдэнэ”, “Гэгээн үдэш” зэрэг соёл урлагийн нэвтрүүлгүүдийг үзэх дуртай. Мөн “Цагийн хурд” мэдээллийн хөтөлбөрийг байнга үзэж, сонсдог. МҮОНРТ нь монгол үндэстний язгуур эрх ашиг, өв уламжлалыг сурталчлан таниулж чадаж байна гэж хардаг. Магадгүй нэвтрүүлгүүдийнх нь цаг жаахан бага байж магадгүй. Хэсэгхэн хугацааны нэвтрүүлэгт их олон талын мэдээллийг багтаах гэж хичээдэг юм шиг санагддаг. Үүнээс онцолбол, монгол бичиг, үндэсний хувцас, эрийн гурван наадам гээд ЮНЕСКОД бүртгэгдсэн үнэт өвүүдийг хүүхэд залууст хүргэх тал дээр сайн ажиллаж байна. Цаашдаа ч энэ талын нэвтрүүлгүүддээ илүү анхаараасай гэж хүсдэг. Монголчуудын бахархал бол Монголын үнэт зүйл. Тиймээс өв соёлоо  сурталчлан дэлгэрүүлэх нь энэхүү телевизийн үүрэг гэж харж байна. Харин контентуудын хувьд сонирхолтой байдлаар хүмүүст хүргэх нь зөв болов уу. Бусад телевизүүдийн хувьд яг энэ монгол өв соёлоос илүү гаднын хэв маягийг сурталчлаад байгаа нь ажиглагддаг. Харин МҮОНРТ үүний эсрэг байж, мартагдаж буй өв соёлоо сэргээх тал дээр илүү олон контент хийгээсэй гэж хүсэж байна. Ялангуяа уран зохиол, яруу найраг, дүрслэх урлаг, бүжгийн холбогдолтой монгол нэвтрүүлгүүд хиймээр байна. Үүнээс гадна “Соёл-Эрдэнэ” нэвтрүүлгийн цагийн нэмж өгөөсэй. Дэлхийн том телевизүүд хэзээ ч эфирээрээ шар мэдээ гаргадаггүй. Мөн удирдлагуудынх нь хувьд бүтэн хоёр, гурван жилээр нь төлөвлөгөө гаргаж, ялангуяа монгол хаад, хатдын тухай  нэвтрүүлэгт анхаарал хандуулаасай.

 

“Дуу төрсөн түүх” нэвтрүүлэг сонирхолтой

Зураач С.Төгс-Оюун

♦ МҮОНРТ гэхээр олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг, хамгийн том статустай телевиз л гэж ойлгодог. Мөн тус телевизийн нэвтрүүлэг, контентуудаас “Цагийн хүрд” хөтөлбөрийг үзэх дуртай. Бусад сувгийн мэдээллээс илүү арай анализ талаасаа сайн юм шиг санагддаг. Үүнээс гадна “Дуу төрсөн түүх” нэвтрүүлгийг үзэх дуртай. Оролцож байгаа зочид нь дуугаа хэрхэн бүтээсэн тухай түүх, дурсамжаа ярьдаг учраас сонирхолтой санагддаг. Энэ хоёр нэвтрүүлэг, контентыг эс тооцвол сонирхолтой нэвтрүүлэг цөөхөн учир бараг үздэггүй юм байна. Өнөөдөр өргөн сувгийн, өөр өөрийн онцлогтой олон хувийн телевизүүд байна. Тэд үзэгчдийн сонирхлыг татсан сайн контент хийж, тэдгээр нь үзэлтээрээ тэргүүлж байна. Тиймээс МҮОНРТ-ийн хувьд тэдэнтэй тэнцэхүйц сайн, чанартай контент нэвтрүүлгүүдтэй болоосой гэж хүсэж байна. Хэрэв тэгж чадвал эргээд үзэгчдээ татах орон зай нээгдэх байх.   

 

Дэлхийн шилдэг кинонуудыг гаргадаг болох хэрэгтэй

Уртын дуучин, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар

♦ МҮОНРТ бол миний үзэх дуртай, мэдээлэл авдаг суваг. Тус телевиз нь олон нэвтрүүлэг, контент  бэлтгэж үзэгчдэд хүргэж байна. Үүнээс өв соёлын нэвтрүүлгийг нь үзэх дуртай.

♦ Сүүлд МҮОНРТ-ийн цаг үеийн мэдээг үзсэн. Сэтгүүлч мэргэжилтэн дутагдалтай байгаа нь анзаарагддаг.  Зарим сэтгүүлч нь эх сурвалж, зочноосоо буруу асуулт тавих нь бий.

♦ Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйлсийг сайн хийдэг. Он гараад энэ төрлийн нэвтрүүлэг дамжуулах нь багассан. Тиймээс үзэгчийн хувьд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажилд манлайлж ажиллаасай гэж хүсдэг. Хүмүүсийн оюун санааг соён гэгээрүүлэх зорилгоор дэлхийн шилдэг киног гаргавал өгөөжтэй болов уу.

 

МҮОНРТ-ийн эфир улстөрчдийн индэр биш

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр

♦ МҮОНРТ-ийг монгол үндэстний оюун санаа, тусгаар тогтнолын нэгэн баталгаа гэж ойлгодог. Тиймээс ч хараат бус, биеэ даасан, алив сурталчилгаа зонхилоогүй, мэргэжлийн уран бүтээлчидтэй, жишиг контент үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хангаж ажиллаж байгаа болов уу гэж итгэдэг. Дэлхийн улс орнуудад төлөвшсөн олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны стандарт, түүнд тэмүүлсэн ололтуудыг хадгалсаар бэхжүүлэхийн төлөө эрмэлзэж явах учиртай манай улсын онцгой нэгэн цухал байгууллага гэдгийг тодотгож хэлмээр байна. Ийнхүү хараат бус байж, үндэстний оюун санаа, тусгаар тогтнолын баталгаанд зүй ёсны бодит хувь нэмрээ даацтай оруулж байхын тулд нийтлэл, нэвтрүүлгийн бодлогыг байнга сэлбэн тэнхрүүлж, захирал болоод Үндэсний зөвлөл нь илүү сонгодог агуулгаар ажиллаасай билээ гэж боддог. Нийтлэл, нэвтрүүлгүүд чанарын хувьд янз, янз боловч, хөндөх учиртай агуулгынхаа цараар байх ёстой бүхий л сэдэв агуулгаа хамааруулж чаддаг гэж үзэж байна. Миний хувьд “Цагийн хүрд”-ийг тогтмол үздэг. Мөн үндэсний сонгомол сэхээтнүүд уран бүтээлчдийн талаар гарлаг хөрөг нэвтрүүлгүүдийг үзэх дуртай. МҮОНРТ нь монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх тал дээр энэхүү үүргээ гүйцэтгэх эрмэлзэл байгаа нь ажиглагддаг. Гэхдээ илүү сайжруулж, бусад арилжааны телевизүүдийн дэвшилтэд хэлбэрүүдээс санаа авч, хөгжөөсэй гэж хүсдэг. Мөн МҮОНРТ-ийн эфир нам, улс төр эрх баригчдын индэр байхаас зайлсхийж, иргэн бүрийн эрх ашиг, оюун санаанд нийцсэн контент бүтээлүүдээр хахаж байх учиртай.

 

Үндэсний ТВ өв уламжлалаа  сурталчлах нь зөв

АНУ-ын Виржиниа мужид амьдардаг Б.Гангиа

♦ Гадаадад байгаа хүмүүс тэр болгон монгол сувгаа үзэх боломж гардаггүй. Монголынхоо талааарх мэдээллийг сошиал сувгуудаас голдуу авч байна. Гэхдээ хааяа интернэтэд орсон нэвтрүүлгүүдийг нь үзэх үе байдаг. Заримдаа youtubeд тавигддаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг үзэж Монголынхоо талаарх мэдээллүүдийг авдаг.

♦ Өмнө хэлсэнчлэн зорьж үзэх боломж хомс байдаг ч гэсэн заримдаа нэвтрүүлгүүдийг нь фэйсбүүкээс ч юм уу үздэг. Миний хувьд хамгийн сүүлд “Мартахгүй” нэвтрүүлгийг үзсэн.

♦ Үндэсний олон нийтийн телевиз гэдэг утгаараа үндэснийхээ өв уламжлалыг сурталчилсан нэвтрүүлэг түлхүү гаргах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Гадаадад амьдарч байгаа хүмүүс цагийн зөрүүнээс болоод шууд үзэх боломж гардаггүй болохоор мэдээлэл үнэнийг хэлэхэд бага байна.

 

Арилжааны телевизээс ялгарах онцлогоо тодорхойлох ёстой

Чингэлтэй дүүргийн иргэн З.Энхзаяа

♦ МҮОНРТ-ээр үзэх дуртай контент нэг ч байхгүй. Оройн мэдээг хааяа үздэг. Олон нийтийн тодотголтой атлаа хангалтгүй ажиллаж байна гэж хардаг. Арилжааны телевизээс юугаар ялгарах вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй юм болов уу гэж бодогддог.

♦ 20:00 цагийн мэдээний гадаад мэдээг үзсэн.

♦ Үндэсний гэдэг тодотголоороо бусдаас ялгарах онцлогтой уран бүтээлийг олон нийтэд үзүүлэх хэрэгтэй. Мөн өв соёлыг тээсэн контент хийж үзэгчдэд хүргэх ёстой. Үнэн хэрэгтээ арилжааны телевизүүдээс гадна цахим орчинд студи, прогдакшнууд цэнгээнт танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн цацдаг болсон. Тиймээс олон нийтийн эрх ашгийг хангасан мэдээ мэдээллийг хүргэх гол суваг байх учиртай.

 

 

Хэт хуучинсаг байдлаасаа салах хэрэгтэй

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Ш.Өлзийбаяр

♦ Телевиз ер нь ховор үздэг.   Гэхдээ Үндэсний телевизээ хааяа харна.  Ялангуяа Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Ичинхорлоо нарын хөтлөн явуулдаг “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгийг үзэх дуртай.    Манай өмнөх үеийнхний сайхан бүтээлүүдэд бүрэн анализ хийж хүргэдэг учраас их сонирхолтой.  Мөн “Эгшиг бүхэн учиртай” гээд өгөөжтэй нэвтрүүлэг бий.  Цаашид соён гэгээрүүлэх , сонгодог урлагийн нэвтрүүлгүүдийнхээ цагийг нэмээсэй гэж хүсдэг.  Энтертаймент бүтээлийг тэртээ тэргүй арилжааны телевизүүд гаргаж байгаа учраас Үндэсний телевиз ялгаралтай байх нь чухал.  Мөн кино бүтээлийн сонголт дээрээ нэлээд анхаарч, дэлхийн суут хүмүүсийн амьдрал уран бүтээлийг харуулсан кинонуудыг дэлгэцээр гаргах нь  үр өгөөжтэй гэж бодож байна. Мөн хэт хуучинсаг байдлаасаа салах хэрэгтэй.  Цаг үе өөрчлөгдөж байгаа учраас бодлого чиглэл нь өөрчлөгдөх ёстой гэж  бодож байна.

 

Өв соёлоо таниулах хэрэгтэй

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын начин Ц.Сандагдорж

♦ МҮОНТ нь Монголын ууган хэвлэл мэдээллийн байгууллага. Тэртээгээс өдий хүртэл үзэгчээ соён гэгээрүүлэх, хэрэгтэй мэдээлэл дамжуулж байна. Миний хувьд цаг агаарын мэдээ, өдөр тутмын мэдээлэл авдаг.

♦ Цаг үеийн мэдээг нь үзсэн. Олон төрлийн сэдвээр сонирхолтой мэдээ бэлтгэвэл  зохистой.

♦ Өв соёл, үндэсний язгуураа харуулсан нэвтрүүлгүүд гардаг. Илүү сайн ажиллаж өв соёлоо таниулах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагат ажиллаж буй хүмүүс тулсан мэдлэгтэй, ур чадвараа харуулсан бүтээл гаргах шаардлага үүссэн.

 

Арилжааны телевиз шиг энтертайнмэнт нэвтрүүлэг хийх шаардлагагүй

Төв аймгийн Баянжаргал сумын малчин Ц.Мөнх-Эрдэнэ

♦ МҮОНРТ-ийн өглөө хөтөлбөрийг үзэх дуртай. “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг бас үзнэ. Малчин учраас үндэсний телевизийн цаг агаарын мэдээний байнгын үзэгч гэж хэлж болно.

♦ Цаг зав бага байдаг ч 20:00 цагийн мэдээллийн хөтөлбөрийг алгасахгүй үзэж цаг үеийн мэдээллээ авахыг хичээдэг. Тэгэхээр хамгийн сүүлд “Цагийн хүрд”-ийг л үзсэн юм байна.

♦ Сүүлийн үед их л олон телевиз гардаг болсон. Гэсэн хэдий ч малчин хүний хувьд МҮОНРТ язгуур эрх ашиг, өв уламжлалыг хадгалах, авч үлдэх, хүмүүсийг соён гэгээрүүлэхэд чухал үүрэгтэй. Гэхдээ үүргээ биелүүлэхээр уран бүтээлчид нь сайн ажилладаг гэж боддог. Олон нийтийн сүлжээнд шүүмжилж байгаа харагдсан. Үндэсний телевиз гэдэг “айл” олон нийтийн эрх ашгийг хамгаалах, үнэн, бодит мэдээлэл түгээх ёстой болов уу. Тэр утгаар нь харвал арилжааны телевизтэй адилаар энтертайнмэнт нэвтрүүлэг хийх шаардлагагүй гэж үздэг. Нэгэнт энэ орон зайг нөхөх олон телевиз байна шүү дээ. Цаг үеийн мэдээлэл, ёс заншил, өв уламжлалыг хадгалахад жин дарах хувь нэмэр оруулах ёстой юм. Өөрөөр хэлбэл, залууст эх оронч хүмүүжил олгох эх сурвалж нь байхын зэрэгцээ байгаль эх дэлхийгээ хамгаалах, өв соёл уламжлалаа хадгалан үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах нь зүйтэй болов уу.

 

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг тогтмол үздэг

Үндэсний бөхийн улсын засуул, уртын дуучин Б.Цэрэндагва

♦ МҮОНРТ бол ямар нэгэн нам эвсэл, байгууллагаас хараат бусаар үйл ажиллагаа явуулбал зохистой. Өдгөө тогтмол үздэг  үзэгчдээ олсон хэвлэл мэдээллийн байгууллага гэж хардаг. Тус телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр болон цаг агаарын мэдээг тогтмол үздэг. Үндэсний язгуур, өв уламжлалыг таниулах хүрээнд олон ажил хэрэгжүүлдгийг мэднэ. Тэр дундаа наадам, цагаан сарын үе болон уламжлалт баяраар үндэсний өв соёлоо  харуулсан нэвтрүүлэг бэлтгэдэг. Би урлагийн хүн учраас энэ нэвтрүүлэг контентод нь оролцож байлаа.

 

Ганц "Цагийн хүрд"-ээр МҮОНРТ-ийг  дүгнэх нь өрөөсгөл

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн оюутан Б.Батжаргал

♦ Үндэсний телевиз бол ардчилсан улсад заавал байх ёстой хэвлэл мэдээллийн эрх чөлөөг таниулж буй хэрэгсэл гэж ойлгодог. “Олон нийтийн” гэсэн статустай тэр дундаа ОНРТ-ийн тухай хуультай телевиз манай улсад МҮОНРТ шүү дээ. Тиймээс олон нийтийн эрх ашгийн төлөөлөл гэж би хардаг.

♦ Би хамгийн сүүлд монголын радиогоос цацсан "Цаг тооны цаанаас адуу янцгаана" гэсэн тэмдэглэл сонссон. Хүмүүс өөрсдөө үзэж сонирхохгүй бусдын үгээр дүгнээд буйд гол шалтгаан байгаа гэж хардаг. Бага байхаас л Ичинхорлоо нэвтрүүлэгчтэй “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг үзэж өссөн. Сүүлд “Урлаг” теле сэтгүүл бас үзсэн. “Монгол өв соёл “ хөтөлбөрийг даваа гаригт зарим үед үздэг. Хүмүүс ганц Цагийн хүрдээр МҮОНРТ-ийг таних цаашлаад дүгнэх нь хэт өрөөсгөл гэж би бодож байна.

♦ Хүмүүс өөрсдөө үзэж сонирхохгүй бусдын үгээр дүгнээд байгаад гол шалтгаан байгаа гэж хардаг. Бусдаар бол үндэсний телевиз хийх зүйлээ хийж чадаж байгаа. Би МҮОНРТ-ийн нэвтрүүлэг, радиог их үзэж сонсдог. Радиог нь сонсоход нэвтрүүлэгчийн үг яриа тод, дуун найруулга тохиромжтой сонсогддог. Нэвтрүүлэгүүд нь хэлбэр хийцийн хувьд хуучины байж болох ч агуулга нь хөндөж буй сэдэв нь чанартай байдаг. Цагаан сарын хөтөлбөрүүд нь олон угсаатан ястан хамруулсан, таниулсан сурталчилсан байдаг нь өв соёлоо сурталчилж байгаа хэлбэр мөн гэж харж байна. Жишээлбэл, өнгөрсөн жилийн цагаан сарын Өглөө хөтөлбөрт Ховд аймгаас сурвалжилага бэлтгэн хүргэж байсныг нь үзсэн. Ховдын ард иргэд, урлаг соёлтой нь танилцаж амжсан. Энэ мэт нэвтрүүлэг болон мэдээний албаараа дамжуулан холыг ойртуулж байдаг. Миний бодлоор үндэсний телевиз хийх зүйлээ хийж чадаж байгаа гэж харж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 88 (7332)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин