Б.Дамдин-Очир
Сошиал сүлжээ бол нийтийн харилцааны “шугам” юм. Солиотой нь, сүүлийн үед Монголын төрийн албан харилцаа, тамга тэмдэгтэй бичиг сэлт үүгээр дамждаг болчихсон. Нэг талаас, төр, тухайн албан тушаалтан нээлттэй байгаагаа харуулах гэдэг шиг байгаа юм. Нөгөө талаасаа сурталчилгаа хэмээн үздэг бололтой. Гэвч аль аль нь буруу юм. Алдаа л гэсэн үг. Алба нь тэрүүгээрээ, амь энүүгээрээ байх учиртай. Гэснээс, төрд буюу одоогийн нэршлээр нийтийн алба хашиж байгаа хүмүүс ийм сүлжээнд биеэ авч явах ёс зүй заавал байх ёстой. Нийтийн өмнөөс ажиллаж, тэдний татвараар цалинжиж байгаа хүмүүсээс бид үүнийг шаардах үүрэгтэй. Гэтэл хааяа хачин сонин нөхдүүд төрийн, нийтийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэхээр томилогдчихсон байх нь харагдах аж.
Ийм жишээ, саяхан Төв цэнгэлдэхийн захирал болсон Ж.Энхжаргалан гэж залуу өчигдөр /2024.4.28/ сошиал сүлжээнд “агсам” тавьж байна. “…Хааяа бас бодохын ядуу хүний нөхөр болчихоод хүүхдээ гэртээ өсгөөд л байж бдаг байжуу. Зарим глгнүүд цэнгэлдэхийн захирал боллоо гэд шээс нь хүрээд тэрийгээ барьж дийлэхгүй хуцалдаад бга бололтой. Хэдэн үг өөдөөс нь хэлэхээр нөгөө л баян айлын хүргэн болчоод томорлоо гэх юм. Яасан хэцүү хорвоо вэ. Сандал ширээтэй зууралддаг хүн би биш шүү. Тэгтлээ тэр байр саваа зүүдлээд унтаж чадахгүй бга бол очиод аваарай. Буцаагаад өгчихөж чадна шүү” /Бичсэнийг нь засваргүй хүргэв/ гэж байх юм. Хотынхон Төв цэнгэлдэхийг хэдэн жил хувь хүнд ашиглуулж, хамаг газрыг нь тараалгачихсан байснаа саяхан мэдсэн. Тэгээд дээрэмдэх шахам буцааж авснаа түмэнд зарласан даа. Хотын мэдэлд авчихаад захирлаар нь энэ залууг тавьснаа бас зарласан. Тэгтэл нөгөөх нь Төв цэнгэлдэхийн захирлаар уригдаж, эсвэл энэ албан тушаалыг өр төлбөрт авсан шиг л аашилжээ. Бас баян, ядуу айлын хүргэн гээд явж өгчээ. “…Хааяа бас бодох юм, ядуу хүний нөхөр болчихоод хүүхдээ гэртээ өсгөөд л байж байдаг байж уу” гэж, юу ч гэсэн үг юм бүү мэд. Хүний эрх энэ тэр гээд яривал энэ хүнд хүнддэхээр ойлголт шиг байна. Энэ нөхөр яагаад ийм байгааг хальт сонирхвол Драгоны эзэн С.Баяртын хүргэн юм байна л даа. Хэдэн сарын өмнө “…Драгон дээр байсан Тээврийн товчоог хотоос гаргана” гэсэн АТҮТ-ийн шийдвэрээс болж Зам тээврийн яам, сайдтайгаа хамт салам нүдүүлсэн. Тэр эсэргүүцлийг энэ нөхөр хийгээд явж байжээ.
Энд бас л нэг хачин юм харагдаж байна. Хадмынхаа эрх ашгийг хамгаалж төрийн шийдвэртэй тэрсэлдэж явсан хүн одоо төрийн, нийтийн эрх ашгийн төлөө Төв цэнгэлдэхийг “захирч” барах уу. Өөрөө ч тэгж ажиллах шинж алга. “…Хэдэн үг өөдөөс нь хэлэхээр нөгөө л баян айлын хүргэн болчироод томорлоо гэх юм. Яасан хэцүү хорвоо вэ. Сандал ширээтэй зууралддаг хүн би биш шүү. Тэгтлээ тэр байр саваа зүүдлээд унтаж чадахгүй байгаа бол очоод аваарай. Буцаагаад өгчихөж чадна шүү” гэсэн байна. Ер нь бол “…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү. Бөөн асуудал босгож авсан Төв цэнгэлдэхээ бэлгэнд, эсвэл өрөнд өгчихөөгүй бол наад хүнээ үтэр түргэн явуулсан нь дээр биш үү, Хотын дарга Х.Нямбаатар аа?!
Эх сурвалж: polit.mn