Б.Булган: Би de facto л ярина, Ц.Элбэгдорж өндөр албан тушаалд очих болгонд би шоронд ордог, нэг юм хэлээд байгаа биз?!

2024-04-22
Нийтэлсэн: Админ
 34 мин унших

Төр нийгмийн зүтгэлтэн, С.Зориг агсны гэргий Б.Булганы хэвлэлд өгсөн анхны томоохон хэмжээний ярилцлагыг өөрийнх нь болон хөтлөгч Ч.Содбилэгийн зөвшөөрөлтэйгөөр нийтэлж байна.

 

-Та 26 жилийн дараа анх удаа ярилцлагад орж байна.  Ер нь ярилцлага өгөх цаг болсон гэж бодож байна уу. Яагаад?

-Болсон гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгч байна гэж манай найз надад утасдаж хэлсэн.  Би Оюун гишүүний ярилцлагаас хойшоо үзсэн.  Надад таалагдсан.  Монголын төрийн өндөрлөгүүд хэзээ ч тайлангаа тавьдаггүй байхгүй юу. Тайлангаа тавьж байгаа нь, аливаад хандаж байгаа хандлага нь надад таалагдсан. Урьд өмнө байгаагүй юм байсан байхгүй юу.  Түүний дараа facebook рүү  орсон.  Ц.Элбэгдоржийн юм гараад ирэхгүй юу.

-Америкаас ирсэн үү?

-Америкт байгаа юм уу, мэдэхгүй.  Бичлэг гараад ирсэн.  Тэрэн дээр “Л.Оюун-Эрдэнэ ээ чи яасан их сандарч байх юм.  Чи С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг сулласан шүү” гэжээ.  Юу болоод байгаа юм бэ.  Энэ бол нэгдүгээр шалтгаан.  Би амьд гэрч, "Биш" гэдгийг хэлээд байхад өөр зүйл болгож байгаа байхгүй юу.  Би тэрийг эсэргүүцсэн.

-Таны нүдэн дээр гуйвуулсан уу?

-Үгүй ээ. Би "Биш" гэж хэлээд байхад Ц.Элбэгдорж юу ч болоогүй юм шиг тийм юм хэлсэн нь надад ёстой таалагдаагүй.  Худалчийг нь мэднэ.  Гэхдээ тэр бол гүтгэлэг байсан.  Ц.Элбэгдорж гэдэг хүн бол Монголын эмгэнэл шүү.  Энэ хүн Монголын ард түмний шаар байхгүй юу. Монгол Улсыг 30 жил энэ хүн самарсан шүү.   Би амьд байна. Гэтэл улаан цагаан дахиад л энэ хэргийг чөтгөрийн тойрог шиг зүйл рүү оруулах гээд байна шүү дээ.  Хоёрдугаарт,  С.Зориг гишүүний хөшөөг зайлуулна гэж ярьж байна.  Юу яриад байгаа юм бэ.  Даваадоржийн Ганболдод ямар хамаа байна аа. Тэр хөшөөг Монголын ядарсан ард түмэн хуруу хумсаа цуглуулаад өгч барьсан. Гэтэл тэр хүн хэдийдээ өөрийн болгож аваад зарчихав аа.  Тэгээд Голомтын Баясгалаан, юун 53 давхар байшин бэ.  Хэн, ямар дарга тэр гарын үсгийг зурдаг юм бэ.  Энэ хоёр шалтгааны улмаас би энэ ярилцлагад орж байна.  Өөрөөр хэлбэл, түүхийг өөрчлөөд байна. С.Зориг гэдэг хүний нэрээр хүмүүсийг хэлмэгдүүлж хэргийг хаагаад хөшөөг нь зөөгөөд алга болгох гэж байна.

-Энэ хүнийг хүмүүсийн ой санамж, түүхээс арчиж хаях оролдлого хийж байна шүү дээ?

-Тийм ээ. Би үүний эсрэг байна.  Би өөрийнхөө тухай хэзээ ч дуугараагүй,  26 жил болсон, дуугарахгүй.  Харин С.Зориг гишүүний төлөө бол арслан бар шиг явна, за юу. 

-26 жилийн турш таны нэрийг сонсоогүй хүн Монголд байхгүй.  Гэхдээ таныг мэддэг хүн  маш ховор.  Банзрагчийн Булган гэж хэн бэ.  Та товчхон хариулахгүй юу?

-Манай аав Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн,  эдийн засагч мэргэжилтэй. Ээж минь эмч хүн, хотынх. Ээжийн талын эмээ Долгорсүрэн минь насаараа НАХЯ-нд ажилласан.  Дорноговь аймгийн Алтанширээ сумынх. Харин өвөө минь 1937 онд хэлмэгдэж явсан. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хүн.  Би ганц охинтой.

-Та арван жилийн аль сургуулийг төгссөн бэ?

-Би Орос 23 дугаар сургуулийн анхны төгсөгч.  40 мянгатад төрсөн, тэнд өссөн.  Тэнд миний бүх амьдрал өнгөрсөн.  Хотын төвөөс би гардаггүй.

-Танай ангийнхаас улс төрийн том зүтгэлтнүүд төрсөн үү?

-Тэгэлгүй яахав.  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай ангийн хүүхэд. Н.Энхбаяр мундаг шүү дээ.

-Арван жилийн сургуулиа төгсөөд та ямар мэргэжил эзэмшсэн юм бэ?

-Би эмч мэргэжилтэй.  Хүүхдийн больницад ажиллаж байсан.  Гэхдээ тэр бол миний хүссэн мэргэжил бол биш.  1990 онд ажил хийж болохгүй нөхцөл байдал үүсэхэд би ажлаасаа гарсан.  Ийм л нэг түүхтэй хүн.

-Хэн нэгнийг хайрласан хүн тэр хүний тухай  хамгийн сайн мэднэ гэдэг үг бий. Тэгэхээр та С.Зориг гишүүнийг хамгийн сайн мэдэх хүний нэг.  Та хоёр хэдэн онд яаж танилцаж байсан юм бэ.  Нэг сургууль юм байна. Тийм үү?

-Надаас дөрөв дүү. Би ийм сэргэлэн байхгүй юу.  Миний гоё дурсамжууд хүмүүст сонирхолтой гэж бодохгүй байна.  Энэ бол миний хувийн орон зай.  Хүн болгонд байдаг л зүйл.  Би ганцхан зүйл хэлж чадна.  Тэр дурсамж өнөөдрийг хүртэл 26 жил намайг тэтгэж, тэжээж ирсэн байхгүй юу.  Тийм учраас би ийм чанга байдаг юм.  Аливааг давна шүү Булгаан, С.Зориг гишүүний нэрийг бодоод гарна шүү гэдэг.  Надад нэг тийм зүйл үлдээсэн шүү.  Тэгэхээр сайхан дурсамжийн тухай яримааргүй байна.  Дараагийн нэг зүйл нь би 26 жил цагдаа, сэргийлэхээр явж байгаа хүн.  Байнга нууцын гэрээнд гарын үсэг зурдаг.  Өнөөдөр би бараг юу ярьж болох, юу ярьж болохгүй вэ гэдгээ мэдэхгүй болтлоо гэрээнд гарын үсэг зурсан хүн.  Байсгээд л сэжигтэн энэ тэр гээд л нэг зүйл болдог.  Одоо ч тийм байгаа.  Тэгэхээр хэргийн талаар ярьмааргүй л байх юм.

-С.Зориг гишүүн 1995 онд ярилцлага өгөхдөө сонгодог урлагийн тухай ярьжээ.  Хүн төрөлхтний сэтгэмж, үзэл санааны хамгийн дээд нь сонгодог урлагт байдаг учраас түүгээр хүмүүжсэн хүн муу юм хийх, муу юм бодох боломжгүй гэж ярьсан байна лээ?

-Сонгодог урлаг бол сонгодог л урлаг.

-Та ямар зохиол унших дуртай вэ?

-Би дургүй зохиолоо хэлчихье.  Би бүгдийг нь уншина. Гэхдээ Достоевскийг дийлдэггүй юм.  Аягүй хүнд.  Яагаад би унших дуртай гэхээр үзүүлж харуулж болохгүй зүйл бичээстэй байдаг байхгүй юу. 

Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа өлгий минь гэж санадаг

Үлээж байгаа салхи нь үнсээд ч байгаа юм шиг гэдгийг яах уу.  Дүрсээр харуулахад хэцүү байхгүй юу.  Балетаар харуулахад хэцүү байхгүй юу.  Тэгэхээр үг гэдэг, зохиол гэдэг ийм гоё зүйл.  Театр хамт явна.  Хагас сайн өдөр балет, бүтэн сайн өдөр дуурь.  Эсвэл эсрэгээрээ, дандаа үзнэ. Тэр үед Оюун гуай бүжиглэдэг байлаа. Уртнасан гуай дуулдаг байлаа.  Ямар гоё байсан гэж санана. Урлагийн алтан үе.  Филотова гуай тэр театрыг босгосон байхгүй. Хүссэн үү, эс хүссэн үү.  Үнэнийг үнэнээр нь хэлэх хэрэгтэй.

-Та Монголын анхны урлагийн дуудлага худалдааг зохион байгуулж байсан гэдэг?

-Тэгсэн шүү. 1998 оны хавар юм.  С.Зориг гишүүн аягүй зальтай байхгүй юу. Хүнд нь их тааруулна.  “Булгаан” л гэж байна, намайг урлагт дуртай гэдгийг мэднэ. “Монголын урлагийг дэмжих хэрэгтэй, тийм ээ” л гэж байна. “Тийм л” гэлээ. Тэгсэн “Энхжин уулзлаа. Урчуудын эвлэлийн хороог дэмжихгүй бол болохгүй нь ээ.  Чи нэг дуудлага худалдаа зохион байгуулаад өгөөрэй, туслаарай” л гэлээ.  Дуудлага худалдааг ч мэдэхгүй. Яах гэж байгааг нь ч мэдэхгүй, гэхдээ за л гэсэн.  “Утасны дугаар нь энэ шүү” гээд шууд Герман руу яваад өгсөн.  Энэ ажил аягүй хурдан бүтсэн.  С.Зоригийг ирэхэд дуудлага худалдаагаа маш амжилттай зохион байгуулж дууссан байлаа. Тэр мөнгөөрөө урчуудын эвлэлийн хороо одоо АН-ын байрны өмнөөс харсан байшингаа барьсан.  Тэгээд намайг зураач нар сайн таньдаг байхгүй юу.

-1990 онд Ардчилал ялсны дараагаар та Польш руу эмч нартай хамт явсан байдаг.  Дахиад явсан уу та?

- Үгүй ээ. Тэгэхэд би С.Зориг гишүүнээс зугтаж явсан байхгүй юу.  Яасан гэхээр надаас дөрөв дүү.  Тэгээд Монголын ард түмний хайртай хүү байсан. Энэ балай авгай толгойг нь эргүүллээ гэх байх гээд Польш явчихсан. Тэгээд маш их ядраад эргээд гэртээ ирлээ.  Гэтэл С.Зориг орой нь хаалга тогшоод л ороод ирсэн. “Одоо хаашаа ч явахгүй шүү” гэхээр нь “за” л гэсэн.  Тэгээд л болоо, ойлгомжтой.  Надаас шалтгаалаагүй. Ер нь миний амьдрал их бардам байсан.  1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш маш их өөрчлөгдсөн.  Гэхдээ би С.Зориг гишүүний нэрийг, Банзрагч гуайн нэрийг унагаахгүй явах юм сан гэж боддог юм.  Бусад нь бол хамаагүй.

-Танаас хүссэн хүсээгүй улс төр асуухаас өөр аргагүй.  Та Монголын домог мэт улстөрчийн ар гэрийн хүн.  ХХ зуунд болсон гурван хувьсгалын сүүлийн хувьсгалынх нь бэлгэдэл ийм хүний эхнэр шүү дээ. 1998 онд Монгол Улс засаглалын хямралтай байсан.  С.Зоригийг Ерөнхий сайд болох гэж байсан гэх яриа олон бий.  Энэ тухай танд дуулгаж байв уу?

-Дуулгаж байсан.

-Та яаж хүлээж авч байв?

-Булгаан л гэж байна.  Би яг одоо харж байгаа юм шиг хэлж байна. Надад сууж бай гэж байгаад юм аа ярихгүй ш дээ.  Гэхдээ намайг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байна гэж байна.  Би цочсон, надад таалагдаагүй. Яагаад гэвэл цаг үе их эвгүй байсан.  Ганболдыг долоон удаа буцаасан. Засгийн газрууд нь байн байн солигддог.  Тэгээд би “Нэг тийшээ Элчин сайдаар явчихаж болдоггүй юм уу” гэж шууд хэлж байсан. Би эмэгтэй хүн, тайван амьдралыг хүсэж байсан.  Гэтэл С.Зориг гишүүн “Тэр бол цөллөг ш дээ, Булгаан. Би буцаад улс төрдөө орж чадахгүй” гэж байсан.  Би өөрийнх нь хэлсэн тэр цөөхөн үгнээс эхэлсэн юм чинь хаяж болохгүй гэсэн санааг олж харсан.  Хариуцлагатай хүн байхгүй юу. 1990 онд эхэлсэн. Хаяад хувийн жаргал хөөж болохгүй гэсэн утгатай зүйл хэлсэн.  Тэгээд ч нэг авгайн үгэнд орох хүн биш шүү дээ.

-1999 оны гуравдугаар сарын 8-нд таныг цагдан хорьдог шүү дээ. Энэ үйл явдал танд ямар цохилт өгч байсан бэ?

-Аравдугаар сарын 2-ноос эхлээд л шоконд орсон.  Тэр шок их удаан үргэлжилсэн.  Ер нь цагдаа сэргийлэхийн асуудал аравдугаар сарын 2-ноос эхэлсэн.  Тэгэх ч ёстой байх.  Би түүнийг хүлээн зөвшөөрч байсан. Процесс нь тийм. Тэгээд л  гуравдугаар сарын 8-нд нь бариад л шоронд хийчихнэ лээ. Гэхдээ хүн стрессээ гаргах ёстой юм билээ.  Би мэдүүлэг өгөөд байж байхдаа нэг удаа их муухай орилсон. Би ер нь их муухай орилно л доо, ходоодныхоо мухарт байгаа юмыг гаргадаг байхгүй юу.   Манай найз нар ч  намайг муухай орилдгийг мэддэг.  Тэгэхэд би нэг удаа аймаар орилоод гэнэт зогссон байдаг юм.  Намайг нэг хүн “боль” гэх шиг болсон.  Нүдээ нээгээд харсан С.Зориг гишүүн байсан. Би шашинд итгэнэ л дээ.  Ялангуяа ийм үйл явдлын дараа.  Тэгээд шашны ном, янз бүрийн юм үзсэн.  Ер нь хүн аливааг туулж байж мэддэг юм байна.

- Олон хүн зовлонгоосоо зугатдаг.  Гэхдээ зовлонтойгоо нүүр тулгарах цаг заавал ирдэг гэж бурхны номонд сургасан байдаг шүү дээ?

-Тэр зовлонтойгоо тулаад, туулаад гарах хэрэгтэй. Өөр арга байхгүй, нөхөд өө.  Би үүнийг хэлэх гэж энд орж ирсэн байхгүй юу.  Зовлонгүй хүн байхгүй.

-1998 оноос хойшх үйл явдлыг та хэрхэн дүгнэж байна.  Монголын ард түмэн төдийгүй, танай гэр бүлд маш том дарамт боллоо.  Энэ том цохилтыг та яаж давав?

-Тэр шок их удаан үргэлжилсэн.  Гэхдээ чи байх ёстой, чи үлдсэн юм чинь ийм үүрэгтэй гэдэг нэг тийм зан хүнд байдаг.  Тэр зан надад байсан.  Би хамаагүй уйлж болохгүй, би сэтгэлээрээ шалчийж болохгүй.  Хүн хоёр хуваагдсан юм шиг байдаг даа.  Инээгээд яриад байгаа атлаа толгойд дандаа өөр зүйл бодоостой.  Олон жил тэгж явсан.  Тэгээд Зориг сангийн байшингийн засвар энэ тэр гээд хүн ажил хийгээд эхлэхээр зовлон тодорхой хэмжээгээр мартагддаг юм байна. Одоо эргээд харахад манай гэр бүл аймшигтай цаг үеийг туулсан, хамгийн гоё нь надад мэдэгдээгүй.  Надад хайртай учир тэд минь намайг хайрласан, хамгаалсан, нэг ч үг хэлээгүй.  Тэрнээс хойш би нэг ч газраас цалин аваагүй, намайг нэг ч хүн тэжээгээгүй.   Амьдрал хэцүү ш дээ.  Тэтгэврийн хоёр хөгшнийхөө ачаар л явсан.  Дүү минь эрэгтэй хүн учир, дотогшоогоо байсан. Харин миний охин хамгийн хүнд ачааг үүрсэн.  Ээжийг нь сонин, сэтгүүл, бүх сувгаар муулахад шилжилтийн насны хүүхдэд ямар тусахыг төсөөлөх аргагүй.  Бас тэр үед 23 дугаар сургууль миний хүүхдийг шууд сургуулиас хөөсөн. Энэ бол маш хэцүү даваа байсан. Дараагийн сургуульд орууллаа, дахиад хөөсөн. Хүүхэд минь багш нарт таалагдах хэмжээнд байгаагүй байх.  Тэр хүүхдийг хаясан учраас өөрийгөө яаж аврах вэ гээд өөр байсан байх магадлалтай.  Тэрийг асуух ч хүн байгаагүй. Тэгээд би сургууль дээр нь очсон. Багш нь “Өглөө хоцордог гэсэн” ганцаараа хоцордог юм уу гэсэн үгүй гэж байна.  Би багшид “13 настай хүүхэд минь том хүний даваагүйг надтай хамт даваад гарч байгаа юм шүү.  Би охиноороо бахархдаг. Ардын багш та түшээд авна уу, түлхээд хаяна уу өөрөө мэдээрэй”  гэсэн. Чука багшдаа одоо хүртэл баярладаг.  Маргаашаас нь миний охин сургуульдаа явсан. Дараа нь миний охин өөрөө их сургуульд орсон.  Хятадад мастер хамгаалсан.  Тэгэхээр би багшид баярлалаа гэж хэлж байгаа юм. Энэ үйл явдал хүүхэд дээр их хүнд туссан.  Бид өөрсдөө ч мэдэхгүй хаячихдаг юм билээ.  Яг охиныхоо асуудлыг шийдэх гээд явж байх тэр үе надад их хүнд байсан.  Гэхдээ охин минь чанга юм билээ, нугараагүй.  Нурахгүй юм байна гэдгийг мэдээд охиноороо их бахархаж байгаа.

-Хэр баргийн хүн давж гарч чадахгүй л дээ.  Танай гэр бүлийнхэн аав, ээж, дүү, охин тань таныг хатуужуулах, зоригжуулах хөшүүрэг болж байсан байх?

-Хамгийн гоё зүйл нь надад ерөөсөө дараа болж байгаагүй юм.  Надад үгээр, нүдээр, үйлдлээр дарамт үзүүлээгүй. Би ч гэсэн тэдэндээ хайртай учраас яаж тэдэндээ гай болохгүй байх вэ, яаж муу байгаагаа, хэцүү байгаагаа харуулахгүй байх вэ л гэж бодож байсан. Аав минь  их ухаалаг хүн шүү дээ, харин ээж минь эсрэгээрээ их хөгжилтэй.  Анх 1999 онд над руу нийгэм тэр чигээрээ дайрч байхад бүх сонин дээр миний баривчлагдаж байгаа зураг гарсан байсан.  Би тэднийг хардаггүй, ер нь харах хэрэггүй. Гэтэл ээж аав хоёр өглөө бүр салхинд гарна.  МОНЦАМЭ-гийн үүдэнд сонингийн самбар байдаг.  Тэнд миний нөгөө зурагтай сонин байгаа юм.  Нэг өдөр нөгөө сонин нь мурийсан байж л дээ.  Тэгээд ээж “Банзрагчаа хоёулаа ийшээ орох уу, тэр сониныг тэгшил гэж хэлье” гэж байсан байгаа юм.  

-Дотроо бол их нурж байгаа шүү дээ?

-Дотроо их нурсан. Манай аав бурхан болохдоо “Би тайван үхэж болно. Миний охиныг амьдрал ямар их нухчив. Босоод ирдэг юм байна. Надад  санаа зовох юм байхгүй" гэж байсан. Тийм  магтаал байх  уу.  Тэгж л баярлуулсан даа.  Би хэвтээд мөлхөөд алга болчихоогүй.

-Та нийгмийн том дарамтаас гадна дотоод сэтгэлдээ дарамттай байгаа. Нураачихгүй юм сан гэж хичээж байгаа эцэг эхийн хатуужлыг үгээр дүрслэхэд хэцүү байх?

-Үүнийг зүгээр л хайр гэнэ. Тэр хоёр хайрладаг учраас надад  гай болоогүй. Гэхдээ тэр хоёр надад хэрэгтэй бүх зүйлийг мэддэг байсан. Тэр үед би стресстэй байсан учраас амиа бодсон. Гэтэл байшингийн мөнгө, хоол мөнгө бүх зүйлийг тэр хоёр өгсөн. Би тийм л хайран дунд өссөн. Жаргал бүр адилхан гэдэг үг бий.  Харин зовлон бүр өөр. Хүн бүрийн зовлон өөрийн аястай. Түүнийг давж чадах нь л чухал болохоос биш тэр зовлон нь чухал биш. Бүх шашин амиа хорлосон хүмүүсийн эсрэг ханддаг, зөвтгөдөггүй. Учир нь бурхнаас хүнд амийг заяахдаа үүрэг өгсөн. Итгэл үнэмшилтэй, шашинтай хүмүүс бүгдээрээ давсан. Чиний хараагүй мэдрээгүй бүхэн хараагүй гэж хэлж болохгүй.  Байгаа байхгүй юу.

-Та бидний ярилцлага гарсны дараа олон хүний төсөөлөл өөрчлөгдөх байх л даа. Та энэ дарамт, зовлонгуудыг яаж давж гарав. Зовлонтой нүүр тулгарч, түүнийгээ даван туулна гэдэг бас өөр хэрэг шүү?

-Миний гэр бүл тусалж байна.  Маягтай сайн найз нар минь байна.  Намайг таньдаг хүмүүс надаас урваагүй шүү дээ. Хамгийн гоё нь бүгдээрээ байсан. Ямар хэрэгтэй байсан гэж санана миний найз нар.  Би дандаа тэр хүмүүст талархаж явдаг.  Уулын мухарт байгаа эмээ өвөө хоёроос минь эхлээд надад ирсэн генийн түвшин, монгол хүний чанар аливааг уужуу тайван хүлээж авдаг. Бороо орвол орохоос яах вэ. Шуурга болвол даваад гарахаас биш дээ.  Тэр мөн чанар надад байсан учраас би даваад гарав уу гэж боддог.  Нэг үгээр хэлэхэд амьд үлдсэн хүн хэцүү байхгүй юу. Ингээд хүн авралаа хайгаад ном уншихаараа эхлээд шашны ном руу ордог юм байна. Ер нь зовохоороо тэгдэг юм билээ шүү. “Зовлонг жаргалд урвуулах уу” гээд нэг ном бий.  Өгүүлбэр болгон нь утга агуулгатай. Яагаад вэ. Чи нэг зорилготой үлдсэн шүү гэдэг зүйлийг хүн сүүлдээ боддог юм байна. Тэр цагийг л хүлээсэн дээ би.

-Бурхан танд хамгийн том сорилтыг, хайрыг, ухаарлыг зэрэг өгч дээ.  Ийм хувь тавилан тэр болгон хүнд заяахгүй шүү дээ?

- Зовлон гэж яриад л байвал тэр нь зовлон болно. Тийм учраас би “Бурхаан баярлалаа. Та надад ямар их хайртай юм бэ.  Би таны өгсөн бүх зүйлийг биелүүлэх гэж, сорилтыг чинь давах гэж хичээсэн” гэдэг. Энэ утгаараа би бурханд талархаж явдаг юм. Би зүгээр амьдраад байсан бол амьдраад л байна. Би ухааралд хүрэхгүй байх байсан. Ер нь хүн өөрчлөгддөггүй шүү дээ.  Яагаад гэвэл сорилт даваагүй учраас өөрчлөгддөггүй, яг ухаарсны дараа нь хүн өөрчлөгддөг юм билээ.  Тэгэхээр хүн болгонд зовлон бий.   Тэрийг зовлон гэж хараад, яриад л байвал тэр нь улам том болоод л чиний дээрээс дараад байна. Дэлхий дээр олон хүн гэр оронгүй байна, гэтэл чи байртай байна. Өчнөөн хүн өлсөж үхэж байна. Гэтэл чи хоолтой байна шүү дээ. Ээж аав чинь амьд, үр хүүхэд чинь байна.  Тийм байхад чи өөрийгөө өрөвдөж болохгүй новшоо гэж би өөрийгөө новшоор нь дууддаг байхгүй юу.  Тэгээд би намайг хайрласан хүмүүст гай болж болохгүй гэж байнга боддог.  Тэр нь эргээд надад их эрч хүч өгдөг.  Тэгээд л өөрийн зовлон байхгүй болж байгаа юм.  Ер нь аливааг хөнгөн хүлээж авах их зүгээр байна. Үүнийг хүмүүст хэлье гэж бодсон.

-Энэ 26 жилийн хугацаанд танд нийгэмд гомдох сэтгэл төрж байсан уу?

-Нийгмээс тусгаарлагдаагүй, хүнтэй харьцахгүй байна гэж байхгүй л дээ.  Цохиод унагачихмаар, алчихмаар эмэгтэй шүү гэдэг зүйл сонсож л байсан. Тэр их хэцүү, хүмүүс муухай харна. Тэрийг нь харахгүй байя, сонсохгүй байя гэж их хичээнэ. Би бүх найз нартаа их баярладаг.  Дайснууддаа бүр их баярладаг.  Яагаад гэхээр дайснууд нь хүний их ухаалаг, хурц болгодог юм гэсэн. Үнэн байна.  Тэрийг л би яг туулаад гарсан. Туулахгүй гээд яах вэ дээ. Хөдөө очиж амьдарч чадахгүй, дандаа л Монголоос гарч болохгүй гэсэн хилийн хоригтой. Ийм л замыг туулсан. Энэ яриа хүмүүст хэрэг болоосой. Гэхдээ Монголын ард түмэн мундаг даа.  Ойлгож байгаа.  Мэдрэмж бол агуу ш дээ.

-Та үнэнийг мэдээд байдаг.  Гэтэл тэр үнэнийг гуйвуулж, хэлмэгдүүлдэг системийг бас та харж, даван тууллаа.  Гэтэл яг ийм схемээр дахин олон иргэний амьдрал хувь заяа золиослогдох юм бол С.Зориг гишүүний хүсэж байсан Монголын ардчилал, эрх зүйт төрийн системд хамгийн том аюул биз дээ?

-Аймаар. 1937 онд хэлмэгдсэн хүмүүсийн үр сад өнөөдөр амьд байна. Тэр хэлмэгдүүлэлтийг Монголын ард түмэн мартаагүй.  Яг тийм хэлмэгдүүлэлт 2015 онд явсан шүү дээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ярьж байгаа юм би. Тэр бол хэлмэгдүүлэлтээр дуусахгүй.  Т.Чимгээ бол уг нь бүжигчин мэргэжилтэй. Гэхдээ тогооч хүн. Б.Содномдаржаа бол малчин. Үүний цаана Монголын ямар ч иргэнд ийм хэлмэгдүүлэлт ирэх вий гэсэн болгоомжлол,  баталгаа байхгүй болж байна. Тэднийг нотолгоогүйгээр, гэрчийг нь оруулахгүйгээр шүүх хурал хийсэн. Ингээд Ц.Элбэгдорж хаанаас ч юм “Л.Оюун-Эрдэнэ ээ чи С.Зоригийн алуурчдыг суллалаа шүү” гэж хэлээд сууж байна. Энэ намайг аймаар эмзэглүүлсэн. Улаан цагаан худлаа хэлж байна. Үүнийг энэ чигээр нь явуулчихвал юунд ч хүрч магадгүй.  Үүнийг өнөөдөр бид зөвшөөрчих юм бол хэний ч амьдрал баталгаагүй болно. 2015 онд үүнийг хийсэн хүмүүс нь тодорхой байгаа шүү дээ.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гүйцэтгэгч нь Б.Хурц.

-Нэг муу жишиг тогтлоо л бол цаашаа жишиг болоод явчихна шүү дээ?

-Ёстой будаа болно. Тэгээд л тэр чигээрээ явна. Энэ утгаараа би өнөөдөр энэ хэрэг рүү дахиад орж, ярьж байгаа юм. Олон удаа давтаад байхаар үнэн болчихдог гэдэг шиг Т.Чимгээ, Б.Содномдаржаа алуурчин гээд л байхаар үнэн болчих гээд.  Тэгээд дээр нь ҮАБЗ рүү оруулсан гээд л. Уучлаарай ҮАБЗ-д нь хэн хэн багтаад хэн орж тайлангаа тавьдаг юм. Тагнуулын дарга нь ордог юм уу. Ерөнхий шүүгч үү, Ерөнхий прокурор нь юм уу. Энэ хүмүүс бүгдээрээ энэ хэргийг хийсэн байхгүй юу. Яг үнэндээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр хэргийн тэр нарийн асуудлуудыг мэдэхгүй шүү дээ.

-Сонсож өнгөрөөд л зөвлөмж гаргана?

-Тийм, зөвлөмж л гаргана.  Өөрсдөө хэргийг уншаад суухгүй, мэдээж. Тэгэхээр тагнуулын дарга, Ерөнхий шүүгч, ерөнхий прокурорын нэг нь орж тайлан тавьж байгаа.  Гэтэл бүгдээрээ нийлээд энэ хэргийг зохион байгуулчихсан байдаг.

- Хэргийг илрүүлэх процесс тасралтгүй 26 жил үргэлжиллээ. 2015 оноос энэ хэргийг гүйцэтгэсэн  гэх хүмүүсийг гурван шатны шүүхээс ял оноосон.  Таныг бас 10 сар цагдан хорьсон.  Энэ процесс яаж эхэлсэн юм бэ?

-2015 оны аравдугаар сард намайг тагнуул дээр дуудсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэмт хэрэгтэн мөн үү гэдэг асуудал руу л орж байгаа юм.  Сэтгэл санааны дайралт хийгээд л бүх зүйлээр шахаж байгаа юм. Гэр оронд нэгжлэг хийсэн.  Тэгээд нэг ч хүнтэй уулзуулахгүйгээр Ганц худагт гурван өдөр хорьж байгаа юм. Тэгээд би бодсон. Ойлгомжгүй.  Нэг бол хүн гүтгэх ёстой.  Нэг бол үгүй. Тэгээд би шийдвэрээ шууд гаргасан. Биш гээд байхаар яах юм хүнийг.  Би өөрөө амьд гэрч шүү дээ.  Энэ хоёр хүн бишээ гээд хэлээд байхаар би хэрэггүй болчихгүй юу. Арван сарын дараа хайртайдаа намайг гаргаагүй, би хэрэггүй болсон учраас юм. Нэг хэрэг хэрэгсэхгүй болгоод дахиад нэг хэрэг нээсэн. Энэ хэрэгт одоо би сэжигтэн ч юм уу юу юм учир нь ойлгогдохгүй шүү дээ.  Уг нь бол  Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын шүүх хуралд орох гол хүн нь би юм.  Гэтэл намайг оруулаагүй.  Би оръё гэдгээ хэлсэн.

-С.Зориг гишүүний ах дүү нар ч оролцоогүй шүү дээ?

-Тийм ээ.  Тийм юманд оролцож болохгүй шүү дээ. Би өөрөө хэлмэгдсэн хүний хүүхэд. Тэгээд шашинтай хүн.

-Та алуурчин биш гэдэгт бүрэн итгэлтэй байсан уу?

-Үгүй ээ, бүр 100, 1000 хувь итгэлтэй байна. Тэр үеийн сонингуудыг үзвэл миний зуруулсан ам зургууд хүртэл байгаа. Эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан. Гэтэл  эрэгтэйг нь өндөр болгоод эмэгтэйг нь намхан болгочихдог, тийм юм байдаг юм уу. Би ганцхан жишээ л хэлж байгаа шүү.

-2015 онд хүн хэлмэгдүүлсэн тэр схемийг зохион байгуулсан хүмүүст төр хариуцлага оногдуулах ёстой биз дээ?

-Юун  оногдуулах вэ.  Оногдуулах байтугай шагнаад явчихлаа. Энэ нийгэм нэг л буруу тийшээ явчихлаа.  Харин бид үүнийг зогсоож чадах уу, эс зогсоох уу гэдэг эгзэгтэй үед ирчихлээ гэдэг зүйл  надад харагдаж байна. Хэзээ миний үгээ хэлэх цаг ирэх бол гэж би дотроо боддог л байсан. Намайг олон хүн шахсан.  Одоогийн АН бол анх С.Зориг гишүүний байгуулсан нам биш байхгүй юу. Тэр намыг өөр хүмүүс өмчлөөд авчихсан. Ц.Элбэгдорж тэргүүтэй дандаа хулгайч нар байна.  Эд нар жам ёсоороо нас нь болоод хөгшрөөд нийгэм таниад ирэнгүүт өөрсдийнхөө хүмүүжүүлсэн, үгэнд нь ордог, өөрийнх нь барьцаанд байдаг ийм хүмүүсийг тавьчихаж байгаа байхгүй юу.  Л.Гантөмөр гэхэд хэдэн настай юм бэ.

-50 гаруй настай байх аа?

-Миний мэдэхийн Да.Ганболдын л хүн шүү дээ. Хөл, гар нь шүү дээ.  Өөрөөр хэлбэл, төлөөллийнхөө хүнийг тавьчихаж байгаа юм. АН байхгүй, одоо. Энэ хүмүүс байгаа цагт энэ нам байхгүй.

-Эзэн нь солигдсон ч систем нь хэвээрээ гэсэн үг үү?

-Яг тийм. Өшөө ч дордоно за юу. АН-ын жагсаалтад Б.Хурцын нэр байна гэнэ. Англид шоронд суусан, Монголд бас шоронд байсан, хэлмэгдүүлэлтийн процессыг явуулсан хүн АН-аас Их хуралд сууна гэдэг юу гэж байгаа юм бэ.

-Хууль тогтоох байгууллагад гэсэн үг?

-Энэ бол Монголын эмгэнэл байхгүй юу. Тийм учраас миний ярих цаг нь болжээ гэж ярилцлагад орж байгаа юм. Би хэлмэгдсэн гэж бодъё.  Би Монголын эгэл жирийн эмэгтэй. Би байхгүй болох тухай асуудал биш, Монгол байхгүй болох тухай асуудал өнөөдөр яригдаад байна. Хамгийн том аюул нь энэ. Б.Хурц гэдэг хүн Их хурлын гишүүн болжээ. Ял сонссон хүн их хуралд сууж болох вэ. Болохгүй гэж бодож байна.  Их хуралд ороод тэр хүн яах уу.  Бүх хүмүүсийг дарамтална. Дарамт янз бүр байдаг. Төв аймгийн шүүх хурал дээр бид гурван жил явсан.  Би Б.Хурцын дор ямар хүмүүс байдгийг мэднэ. Арми бий. Гэхдээ тэрнээс айна гэж юу байх вэ.  Яршиг л байна.  Гэхдээ айдаг хүмүүс байдаг байхгүй юу. Хүн гэдэг хүн л байдаг. Ямар ч хүнээс хайвал шантаажлах зүйл гардаг л байхгүй юу. Хэрэв Монгол Улсад хууль байдаг л юм бол шоронд байсан хүн өнөөдөр хууль тогтоох байгууллагад орж бүр болохгүй.

-Ардчилал гэдэг нэг намын өмч биш гэж хүн бүр ярьдаг.  Угаасаа ч тийм байх. Ардчиллын үнэт зүйл мөнгөний өмнө хүчин мөхөстөж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

- Ц.Элбэгдорж гэдэг хүн аль хэзээний өмчлөөд авчихсан. Тэр мөнгөөрөө бүх зүйлээ зохицуулдаг. Энэ намд ухаантай хүмүүс бий юу, байгаа.  Тэр ухаантай, шударга хүмүүсийг гаргахгүй хэмжээнд авааччихсан. Тийм болгочихлоо.  Одоогийн АН бол С.Зоригийн үед байгуулсан нам биш ээ.

-Тэр үзэл санаа, туг нь байж чадахгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Нам гэдэг чинь өөрийн үзэл баримтлалтай. Дарга нь харизмтай. Мэдлэгтэй, ийм байх ёстой.  Л.Гантөмөр гэдэг хүн хаана юу хийж, юу ярьж явсныг мэднэ. Гэхдээ сайн хүн байх. Би муу хүн гэж хэлээгүй шүү.  Би улстөрчийнх нь хувьд ярьж байгаа шүү.

-Хүнийх нь хувьд биш?

-Хүнийхээ хувьд надад хамаа байхгүй.  Хүнийх нь хувьд тааралдвал би сайн байна уу гэнэ. Улстөрчийнх нь хувьд тааралдвал, уучлаарай та байрандаа биш байна гэж хэлнэ. Да.Ганболд гэж хэн бэ. Бид мэднэ шүү дээ. 1990 онд хүмүүсийн хуримтлал гэдэг хулгайн мөнгө биш байсан байхгүй юу. Цэвэр ариун хөдөлмөрөөрөө цуглуулсан бидний ээж аавын мөнгө.  20 дугаар тогтоол гэдгийг гаргаад бүгдийг нь энэ муу Да.Ганболд авсан шүү дээ. Гэтэл өөрийнх нь хамсаатнууд бүх мөнгөө татаад юм болгочихсон байсан гэдэг юм.  Дараа нь тэр хүн юу гэж хэлсэн билээ.  “Монголчуудаа бүсээ чангал” гэсэн байхгүй юу. Ийм хүнийг би юу гэх юм бэ. Ц.Элбэгдоржийг би өлөн өссөн юм, албан тушаалд очоод шунахай юм гэж бодъё.   Да.Ганболд бид нар шиг л өссөн шүү дээ. Монголын хулгай, луйвар болгонд Да.Ганболдын нэр явдаг шүү.  Хамгийн сүүлчийнх нь Эрдэнэтийн 49 хувь байхгүй юу. Эдийн засагч хүн тийм ажил хийдэг юм уу. Улсын өмчийг авч хүнд зарж хувиа авдаг. Үүнийг эдийн засаг гэдэггүй биз дээ. Тийм учраас би Да.Ганболдыг новш гэж байгаа юм.  Хулгайчийг би хулгайч, худалчийг худалч, новшийг новш л гэнэ. Эрдэнэт бол маш том үйлдвэр.  Шороонд дээр нь ажиллаж байгаа П.Цагаан гэдэг нөхөр баяжиж байна. Тэр АН-ыг санхүүжүүлж байна. Ийм л юм явж байна.  Би эд нарыг бүгдийг нь танина. Надад гомдвол гомдог, хамаагүй. Монгол Улсын баатрын тухай хэлчих үү.

-Эрдэнийн Бат-Үүл үү?

-Би их жаахнаас нь, залуухнаас нь мэднэ.  Энэ хүн 1990 оноос хойш 30 жил хоёрхон юм ярьсан. Оросыг муулдаг, хөшөөтэй байлддаг. Тэгээд баатар болсон.  Идсэн уусан юмтайгаа тайван амьдар л даа. Тэрийг чинь хураая гээгүй ш дээ. Өг гээгүй ш дээ.  Араа бодсон дээр гэж хэлмээр байна би энэ хүмүүст. Үр хүүхдээ бодоцгоо гэмээр байна. 30 жил авлаа ш дээ.  Одоо болоо ш дээ.  Насаараа идэх юмаа идлээ. Үр хүүхэд нь тэрийг нь авч хадгалж арвижуулж чадах хэмжээнд байгаа юу. Хорвоо өөрчлөгддөг юм.  Б.Хурц сэргэлэн, сайн хүүхэд байсан юм. Юу болоод энэ аймаар зүйл рүү гүйгээд орчихов оо.

-Та хоёр нэг байрных юм билээ?

-Байраар барахав дээ. Б.Хурцын ээж манай ээж хоёр, нэмээд нөгөө Дээд шүүхийн шүүгч Д.Зоригийн ээж нар хүүхдийн больницад  хамт ажилладаг байлаа.  Хувийн муу харилцаа бидэнд байхгүй. Хүнийг шунал л алдаг байхгүй юу. Шуналаа хүн дарах ёстой. Дарахгүй бол түүний боол болоод юу ч хийж магадгүй болно шүү дээ.

-Шуналтай, урвадаг хүн бол юунд ч орж болох нь?

-Тэгээд л өнгөрөө.  Шуналаа дарж чадаагүй хүн будаа.  Ард түмнийг ч ална.

-Эрх зүйт, ардчилсан Монгол Улс гэж хэлэхэд хэцүү юм?

-Эрх зүйт биш. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад, Б.Хурцыг Тагнуулын дарга байхад би яг энэ ажиллагааг хараад өөрөө дундуур нь яваад шүүх хурлуудыг харахад ерөөсөө л 1937 оны хэлмэгдүүлэлт яг л явагдсан.  Ялгаа нь цаазаар авдаггүй юм байна.  Ердөө л энэ.

-Хэрэг хүлээлгэх процесс мөн л 1937 оны хэлмэгдүүлэлтийг ашигласан байна лээ?

-Тийм ээ.  Би 26 жил цагдаагаар явсан учир хад чулуу шиг болсон байна. Тэртээ тэргүй би 1998 онд амьд хүүр болчихсон байхгүй юу. Алдах юм байхгүй болсон. Би алдах юмаа 1998 онд алдчихсан хүн. Одоо би яах ёстой вэ. Би С.Зориг гэдэг хүний нэрийг бодно. Банзрагч гэдэг хүний нэрийг бодно гэж л бодож явсан.  Шашинтай учраас карма хуулийг би байдаг гэж мэднэ. Миний амьд үлдсэн зорилго яг өнөөдөр ингэж яриад С.Зориг  гишүүний нэр хүндийг хамгаалах. 2015 онд би 10 сар шоронд суухдаа яг л тийм зүйлийг бодоод энэ шоронд чинь хатаад үхсэн ч хамаагүй. Гэхдээ би худлаа ярихгүй л гэсэн.  Цаана нь бүхэл бүтэн монгол хүний амьдрал байгаа байхгүй юу. Нэг биш нэг хэсэг хүний амьдрал байгаа шүү дээ. Т.Чимгээгийн амьдрал тэр чигээрээ дууссан. Юм ярьж чадахгүй уйлдаг болсон.  Б.Содномдаржааг зодож жанчсан. Тахир дутуу болгосон.  Гэхдээ Монголын ард түмэн тэрэнд үнэмшээгүй. Энэ хүмүүс “Түй” л гэсэн. Хүний амьдрал энэ хүмүүст юу ч биш байхгүй юу. Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булганы амьдрал юу ч биш, энэ хүмүүст.

- Та их зоригтой хэллээ. Танд ямар нэгэн айдас бий юу?

-Надад айдас байхгүй. Би 1998 онд амьд хүүр болчихсон шүү дээ.  Монголын ард түмэн С.Зориг гишүүнд хамгийн хайртай байсан.  Тэр бүх бухимдлыг хэвлэл мэдээллээр дамжуулж, над руу чиглүүлж чадсан юм.  Би тэр бүгдийг давсан.  Айдгаа ардаа хийсэн.  Хэрэв надаас, миний хүүхдээс, миний хайртай хүмүүсээс нэг үс унах юм бол тэрний захиалагч нь Ц.Элбэгдорж,  гүйцэтгэгч нь Б.Хурц бөгөөд Б.Хурцын гар хөлүүд юм. Би шууд л хэлчихнэ. Тэгээд юу гэж бодно уу, бодог. Миний болгоомжилж байгаа зүйл юу гэхээр дахиад Монгол Улс 30 жил энэ дотроо явах вий гэдгээс л айж байна.

- Магадгүй, энэ хүмүүсийн бодлого схем үргэлжилбэл Монгол Улс юутай тулах вэ.  Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Бид 30 жил энэ дотроо амьдарлаа.  Дахиад 30 жил энэ дотроо байна.  Наад зах нь. Манай өвгөчүүд надтай хамт үхнэ.  Залуучууд л хариуцлагыг нь хүлээнэ.

-26 жилийн турш та ярилцлага өгөөгүй.  Олон нийт танаас олон ч зүйл асуухыг хүссэн байх?

- 26 жил өнгөрлөө. Хоёр ч удаа шоронд орчихлоо. Итгэл найдвар үнэндээ алга.

-С.Зориг гишүүнтэй анх танилцахад төрсөн сэтгэгдэл ямар байсан бэ. Та хоёрын үүсэл гарал, туулсан зам ер нь адилхан байна шүү дээ?

-Тийм шүү. С.Зориг гишүүний ээж манай ээж хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд. Аав нь бас манай аавтай Москвад аспирантурт хамт гурван жил сурсан.  Бид бүгдээрээ 40 мянгатынх.  Орос хүмүүжилтэй, орос багш нартай.  Тэр талаараа их адилхан.  Надад үнэлдэг ганц зүйл байдаг.  Тэр бол ухаан.  Эхний сэтгэгдэл яг л тийм байсан.  Бусад нь бол яах вэ.  Хүнийг татах харизм, ухаан гэж бий.

-1990 оноос өмнө танилцсан уу?

-Хойш танилцсан. 1991 он хавьцаа.

-Тэгэхэд С.Зориг гишүүн намаасаа гараад бие даасан нам байгуулж байсан үе үү?

-Би 26 жил нойрны эмтэй, тайвшруулах эмтэй амьдарч байгаа. Аягүй их зүйл мартсан. Яг нарийн зүйлүүдийг би ярьж чаддаггүй юм.  Хүн ер нь өөрийгөө авч үлдэхийн хувьд хамгийн чухал том зүйлээ л авч үлддэг юм байна. Яг жижиг сажиг зүйлийг би мэдэхгүй. Шулуухан нь дээр шүү дээ.  Худлаа ярьж болохгүй.

-Тухайн үед С.Зориг гишүүн үзэл бодлын хувьд их ганцаардаж байсан гэдэг юм билээ. Танд тийм зүйл мэдрэгдсэн үү?

-Ер нь чи их нарийн зүйл асууж байна.  Гэхдээ асуусан юм чинь би хариулъя.  Хүний сэтгэлгээ хоёр янз байдаг гэж боддог.  Нэг нь алсын цар хүрээ. Нөгөө нь ойрын.  Алсыг харж чаддаг хүн бол өөр юм билээ.  С.Зориг гишүүн тийм алсын хараатай хүн байсан.  Улстөрч хүн алсын хараатай байна гэдэг ихэвчлэн эх оронч хүмүүс байдаг.  Эх орноо, Монгол Улсаа, Монголын ард түмнээ гэсэн хүмүүс тийм сэтгэлгээтэй байдаг гэж би ойлгосон.  Энэ гэхдээ миний ойлголт шүү.

-С.Зориг гишүүнийг улс төрийн зүтгэлтнийх нь хувьд яаж үнэлэх вэ?

-Алсын хараатай. Монголын төлөө, эх оронч. Тактик гэдгийг хамт олонтойгоо байж байгаад хийдэг.  Тэр жаахан дутагдсан байх. Гэхдээ би үнэлэмж өгөх хүн биш. Дотроо л тэгж боддог юм.  Хүчин мөхөстсөн.  Заль, худлыг дийлээгүй. Тэр худалд бүх монголчууд 30 жил хууртсан байхад яаж боловсон,  соёлтой төрлийн хүн ганцаараа дийлэхэв дээ. Монголчууд 30 жил хулхидууллаа. Хоёр ч удаа сонгож, дахиад ялалт байгуулсан биз дээ.  Би бас гэнэн байхгүй юу. Одоо тэр үе өнгөрсөн.  Юу ч ярьсан 70 худалчаа дуугай бай гэдэг болсон байна.   Одоо дүгнэлтээ хийгээд алдаагаа засаад цаашаагаа явах ёстой гэж Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хэлсэн.  Тэр яг зөв байгаа байхгүй юу.  Одоо нам гэж байхгүй.  Урваж, шарваж, худалдагдаж л байдаг мөнгөтэй хүмүүсийн л тоглоом харагдаад байгаа юм даа надад.

-Одоо С.Зориг гишүүн шиг холыг харсан улстөрч байна уу.  Таны бодлоор?

-Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр.  Энэ хоёр хүн нэг хэсэг Монгол Улсын төлөө хоршил болж ажилласан. Тэгэхэд гэрэл гэгээ харагдсан шүү. Монгол хүний ухаан саруул гэж С.Зориг гишүүн хэлсэн.  Манай монголчууд ухаантай.  Би У.Хүрэлсүхэд их итгэдэг.  Ер нь би аливаа зүйлийн цаг хугацааг их хардаг.  Өнөөдөр ярьж байгаа минь ч цаг хугацаа нь болсонтой холбоотой.

-Богд хааны “Аливаа юманд цаггүй нь үгүй” гэсэн сургааль байдаг?

-Яг тийм.  Би өнөөдөр яг л цагтаа ярьж байна.

-Энэ хэргийг ер нь хэн захиалж, үйлдсэн гэж та хувьдаа таамагладаг вэ?

- Би анх 1998 оноос хойш цагдаа, сэргийлэх, энэ ажлын хэсэг бүгдэд нь итгэж явсан. За илрүүлчих байх. Хийчих байх гэж дандаа бодож явдаг байсан. Одоо бол би итгэл алдарсан. Тэр 2015 оноос хойш. Энэ хэргийг хаая гэдэг хүн байгаад байна. Хэнд ч хамаагүй тохоод. Би бол таамаг дэвшүүлмээргүй байна. Би de facto юм хэлнэ.  Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог юм. Нэг юм хэлээд байна уу. Би хэлж байна гэж бодож байгаа. Би ийм л хариулт хэлнэ.

-Олон нууцын баталгаанд гарын үсэг зурсан. 1998 оны аравдугаар сарын 2-ны үйл явдал ер нь одоо танд зүүдлэгддэг үү?

-Зүүдлэгддэггүй. Тэр өдрийн үр дагавар одоо хүртэл надтай хамт байна.  Надтай хамт явна гэж боддог.  Цаг хугацаа эмчилдэг гэсэн, үгүй юм билээ. 1998 оноос хойш хойш өглөө болгон босоод кофегоо уугаад тамхиа татаад бясалгалаа хийгээд суухад зураач Хүрэлбаатарын С.Зориг байхдаа авсан нэг зураг байдаг. Тэр зургийг хараад аягүй их тайвширдаг байсан. Зураг хүнийг эмчилдэг гэдгийг би тэгэхэд ойлгосон байхгүй юу.

-Миний зүгээс асуугаагүй, таны зүгээс хариулчих сан гэж бодсон зүйл байна уу?

-Байна аа.  Би олон танилтай. Маш сайн сэтгүүлч найз нар бий.  Би тэдэнд ярилцлага өгөөгүй. Би сэтгүүлч биш хүнд ярилцлага өгье гэж бодсон юм. Сэтгүүлч нар хөтөлж явах гээд байдаг юм.  Өөрийнхөө бодож байсан зүйлийг асуугаад байдаг юм. Тийм учраас би хөндлөнгийн сэтгүүлч биш хүнд ярилцлагаа өгсөн.  Тиймээс би сэтгүүлч найз нараасаа уучлал хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 79 (7323)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин