С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш онц хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэрэг илрэлгүй 26 жил болж байна. Харин С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүний эргэн тойрны асуудлууд, тухайлбал, Эрдэнэт, системийн авлигатай холбоотой зүйлүүд сүүлийн 23 хоногт яригдлаа. Энэ ярианд “Улаанбаатар”-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сан Францискогоос Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын “дайралцаан”-д гурав дахь, дөрөв дэх, тав дахь эрхмүүд ч гарч ирж оролцов. Тухайлбал, “сошиал”-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар “оролцсон”-ыг энд онцоллоо. Хураангуйлан тоймлов.

 

С.Зориг ба Эрдэнэт

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

2024.3.28: 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар долоодугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон.  Энэ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм.  Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу Сэргээн босголтын банкийг Голомт банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон. 

Тухайн үед  Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан.  Ялж яваад ялагдсан.  Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм. Тухайн үед Оюу толгой, Тавантолгой гэж байсангүй, Эрдэнэтийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм.  Хэн нь Эрдэнэтийг хянаж байна тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар долоодугаар сард огцорсон.  Наймдугаар сард нь  “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон.  Үүнээс хойш том асуудлууд үүссэн.  Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн.  Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан.

Түүний дараа аравдугаар сарын 1-ний Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон.  Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд хооллож,  С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ.  Гэвч тэр орой нь  С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг.

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

2024.4.10: Яг 1998 оны долдугаар сард манай Засгийн газрыг огцруулсан. Гарч ирээд л миний ярьсан зүйл бол “Эрдэнэт үйлдвэр”. Тэр үед татвараа ч төлөхөө байчихсан байсан. Тэр үед 150 сая төгрөгөө төлдөггүй. Үйлдвэрийн удирдлагын асуудал яригдахаар тэр нь Засгийн газар дээр ч яригддаггүй. Хууль, шүүх, цагдаа ч өөрсдөө тийм байдалтай ихэнхийг нь өөрийнхөө эрх ашигт байгаа гэж үздэг тийм л байдалтай байсан. “Эрдэнэт үйлдвэр”-т тэр үед бараг “картел” үүсчихсэн байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэмт хэргийн аргаар оросуудтай нийлээд Орост тал хувь нь байгаа юм чинь гэдэг утгаар тэдэнтэй нийлж бүгдийг дээрэлхээд сурчихсан. Хэнд ч ажлаа тайлагнадаггүй байдалтай л байсан. Тэр өөрчлөлтийг л манай Засгийн газар хийсэн.

2024.4.10: Тэр үед МҮАН-ын Ерөнхий зөвлөл гэж байсан. Ерөнхий зөвлөлөөр С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох тухай огт яригдаагүй. Ерөнхий зөвлөлийн хурал дээр яригдах зүйлийг намын дарга оруулж ирдэг, ийм л зүйл. Тэр үеийн юмнуудыг бид нар бүгд нэгнээсээ асуудаг. Одоо энэ Э.Бат-Үүл зэрэг нөхдөөс бүгдээс нь асуудаг л байсан. Тэгэхэд С.Зориг “Би Ерөнхий сайдаар ажиллахгүй” гэж хариулдаг тийм үе байсан юм.

2024.4.15: Коммунистууд увайгүй. С.Зориг Ерөнхий сайд болох гэж байсан гээд л хуучин, шинэгүй чичрэх юм. С.Зориг алагдах хүртэл энэ үг тэдний амнаас гараагүй. Харин алахаас бусдаар түүнийг гутааж доромжилдог байсан юм. Ерөнхий сайдад нэр дэвшигчээс "Ш.Отгонбилэгийг буцааж Эрдэнэтийн захирлаар тавина" гэх баталгааг МАХН, Н.Багабанди шаарддаг байв. С.Зориг тэр үед Монгол-Оросын Засгийн газрын коммисын дарга. Тийм шахалтад "Поёзд ушёл" буюу "Боломжгүй" гэж хариулаад нүүр өгдөггүй байв. Тэд С.Зоригийг Ш.Отгонбилэгийг халсан гол буруутны нэгээр тодруулчихсан байсан цаг.

 

Ерөнхий сайд асан С.Баяр

2024.4.11: Ерөнхий сайдын ярилцлагыг би үзсэн. Таалагдаагүй. Гэхдээ "Чи С.Зоригийн алуурчин-захиалагч" гэж “Е4”-т хандан хэлснийг нь би үзээгүй. Тэгж хэлсэн нь үнэн бол маш буруу. Ийм үгийг шүүх л хэлвэл хэлнэ. Үгүй бол үгүй. "Алуурчин" гэж хэлүүлэх хэцүү. Бараг 16 жил ингэж хэлүүлж яваа би үүнийг сайн мэднэ. “07.01” шөнө болсон ҮАБЗ-ийн хурал дээр "Галт зэвсэг хэрэглэж болохгүй" гэж Ерөнхий сайдын хувьд үүрэг өгснийг тэнд байсан албаны 37 хүн мэднэ. Гэсэн хэдий ч дөрвөн хүн буудуулж амь алдсан учраас тэр цаг үед Ерөнхий сайд байсны хувьд "Буруугүй" гэж өөрийгөө би зөвтгөж яваагүй. Явах ч үгүй. Гэтэл тэр хар өдрийн үймээн самууныг анхлаж дэгдээсэн зарим хүн тэгж бодсон шинжгүй байдагт нь харамсдаг. Харин ч өрөөлийг муулж, өөрийгөө дөвийлгөөд унахад нь зэвүү хүрдэг, тэрийгээ заримдаа барьж дийлдэггүй.

2024.4.12: 25 жил “Е4” улайм цайм ингэж ярив. Би гайхдаг. Яах юм? Яагаад? Тэр үед би “Е2”-ын Тамгын газрын дарга байв. С.Зориг надтай дөрөв уулзаж "Ерөнхий сайдад би нэр дэвшвэл “Е2” намайг дэмжих үү, би түүнтэй уулзаж болох уу" гэж асуулгаж байв. Би, "Ийм асуудал Тамгын газарт албан ёсоор ирээгүй тул албан ёсны хариу байхгүй. “Е” чамайг хүлээж авах шалтгаан алга" гэнэ. Тэгэхэд С.Зориг "Би фракцуудтай уулзаж буй тул “Е2”-ын албан бус хариу ч хамаагүй хэрэгтэй байна" гэж байв. 1998 оны аравдугаар сарын 2-ны 15 цагт С.Зориг миний өрөөнд ирж, хүсэлтээ дахин хэлэв. “Е”-тэй уулзаж гарч ирээд би түүнд "Асуудал албан ёсоор ирээгүй хэвээр тул албан ёсны хариу байхгүй хэвээр. Гэхдээ ийм асуудал орж ирвэл татгалзах үндэслэл яг одоо алга гэж үзэж байна" гэсэн хариултыг нь дамжуулсан. Бидний уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, А.Ганбаатар нар оролцож байв. Өөр бусад гишүүд ч энэ асуудлыг мэдэж байсан юм билээ. Бид бүгдийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Би, бид амьд байна. Би, бид гүтгээд байна уу?

2024.4.14. С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх албан ёсны шийдвэр, албан бичиг ЕТГ-т ирж байгаагүйг би хэлсээр ирсэн. Надтай энэ сэдвээр С.Зориг уулзсаныг ЦЕГ-т мэдүүлснээ дурдсан. АН дотор юу болж байсныг би мэдэхгүй. Харин С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх яриа, уулзалт болж байсныг АН-ын олон гишүүн ярьдаг. Энэ тухай ТВ, сонины нийтлэл зөндөө бий. Гэтэл Эби үүнийг ор тас үгүйсгэдэг. Гэтэл бүр цаашлаад мань мэтийг гүтгэлээ гэдэг болж. Би хэнийг ч гүтгээгүй, хэнийг ч, юунд ч буруутгаагүй. Сонссон, үзсэнээ л аргагүйн эрхэнд хэлсэн. Эмзэг энэ сэдвээр би дахин юм хэлэхгүй.

 

Хотын дарга асан Э.Бат-Үүл

2024.3.30: Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд зөвлөхүй: Миний бие дайснаа ч “буудах” бол хууль ёсонд нийцүүлэн “буудах” ёстой гэсэн зарчмыг хатуу барьсаар ирсэн. Эрх мэдэлтэн ч бус,хөөрсөн олон түмэн ч бус,зөвхөн хууль засаглах ёстой гэдэг бол Ардчиллын нэг суурь юм! Тэр жил УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн, мөрдөн шалгах тухай саналыг эрх бүхий байгууллага нь оруулж ирэхэд би эсэргүүцэж байсан.Учир нь хуулийн наад захын шаардлага хангаагүй үндэслэл оруулж ирсэн байсан юм. Ардчиллын үнэт зүйлийн дээр улстөржилтийг тавихыг эсэргүүцсэн юм! Шүүхээс гадуур, улстөрчид бүү хэл, ард түмэн ч шүүх явуулж болохгүй гэдэг бол Ардчиллын суурь учраас тэгсэн юм! С.Зоригийг хөнөөсөн өдрийн маргааш өглөөнөөс нь л нийгэм даяар “МАН алсан”, “Ерөнхийлөгч Н.Багабанди алсан” гэсэн цуурхал хүчтэй тарж, намынх нь цагаан байр руу дайрахыг шаардсан олон түмэн бухимдан буцалж байсан юм. (Үргэлжлэл бий)

2024.4.9: Уухай даа,Элбэгээ үзэлцээд эхэлж.Үзэлцээд байгаарай! Тэр үзэлцэхээр Монголын улс төр амь орж дуутай шуутай болдог доо, хө! Нөхөд нь сэрж, ноход нь хуцалдаж эхэлдэг, ёсоороо л болж байна! Хуйхтай монгол эр шүү.

 

С.Зоригийг хэн хөнөөсөн бэ?

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

2024.3.28: Та арай ахуйн аллага гэж боддог юм биш биз дээ, өнөөдрийг хүртэл? Яагаад заавал аравдугаар сарын 2-нд ахуйгаар алагдчихав гэдэг нөхцөл байдал үүснэ. Нэг том асуулт гарч ирдэг. Хэрвээ энэ хоёр хүн С.Зоригийг алаагүй юм бол яагаад гурван шатны шүүхээр алсан гэж үзэв гэдэг чинь маш том логикийн бөгөөд хүний эрхийн асуудал. Хэний захиалгаар, хэнд ашигтай учраас энэ хоёр хүнийг алсан гэж хуулийн байгууллага бүхэлдээ үзээд гурван шатны шүүхийн шийдвэр гарав? Сүүлд С.Зоригийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэж хоёр хүн алсан болж, нөгөөх нь хилсээр хэрэг хүлээлгэсэн болоод хэрэг задарчихсан байж байна. Захиалагч нь бараг тодорхой С.Зоригийг хөнөөсөн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. Энэ хэрэг дээр хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх “Алсан” гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй”  гэж хэлсэн байдаг.

2024.4.10: “...Монгол Улсад Ц.Элбэгдоржийн эрх, Т.Чимгээгийн эрх гэж тусдаа байх ёсгүй. Адилхан л хамгаалагдах ёстой. Ц.Элбэгдорж хүн эрүүдэн шүүвэл “...Шударга ёс”, тэр нь илэрвэл “...Ц.Элбэгдорж хэлмэгдлээ” гээд байж болохгүй. Хүний эрхийн байгууллагууд ч Ц.Элбэгдорж, Т.Чимгээ хоёрт тэгш л хандах ёстой.

Маш ноцтой хэрэг 20 гаруй жил дарагдсан тухай л яриад байна. Тэр хүн хэргээ цайруулах гэж энгийн иргэдийг хилсээр ардчилсан Монгол Улсад гурван шатны шүүхээр улс төрийн захиалгаар хэлмэгдүүлсэн тухай ярьж байна. Урьдын адил асуудлыг маазруулж өнгөрөөхийг Ц.Элбэгдорж хүсч байж болно. Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай. Ц.Элбэгдоржийн хувьд тэр хүмүүсийн амьдрал тоглоом шиг байж магад. Миний хувьд үгүй. Миний хувьд үнэнийг  олох нь ирээдүйд илүү тустай гэж бодож байна. Өөрийн чинь шуналаас болж өчнөөн зовлон үзсэн, өөрт чинь итгэсэн журмын нөхдөөсөө уучлалт гуй. Цаг хугацаа үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ. Энэ цагийг хүлээсэн олон гэрч үнэнийг удахгүй ярина. Цаг хугацаа дотоодод ч, гадаадад ч үнэн төрхийг чинь өдөр өдрөөр илчилнэ” гэжээ.

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

2024.4.9: Зоригийн алуурчдыг мөрдөгчид илрүүлсэн. Хууль шүүх тогтоосон. Тэр алуурчид одоо ч сэжигтэн хэвээр. Чи Ерөнхий сайд болоод эхний хийсэн үйл, уулзсан хүнээсээ эмээж байгаа. Чи шалгагдана нэг өдөр. Зоригийг алсан хэргийг санаатай будилуулдаг, алуурчидтай хамсаатан болсон этгээдүүд үргэлж сандралтай байгаа. 26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилал юу туулсныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж ирснийг би мэднэ. Юун түүнд Ерөнхий сайд оролцох! Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай тийм санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар тус дэм болохыг хичээж ирсэн.

Би нэг ганц тайлбар хэлчихье. Тухайн үед С.Зориг алагдлаа гээд л би С.Зоригийн гэрээс гараад шууд Төрийн ордонд ирж байсан юм. Шөнийн 23:00 цагийн үед. Тэгээд Засгийн газрын гишүүдийг цуглуулж, энэ асуудлыг яръя гэж шийдээд, тэгээд энэ мэдээллийг яаж хүргэх үү гээд явсан. Тэр үед бүгд эмгэнэсэн. Энэ чинь ямар аймшигтай зүйл болчхов гээд маргааш өглөө радио нээхэд л эмгэнэл явуулъя.

Тухайн үед радио, телевизийн хороо гэж Засгийн газрын мэдэлд байсан юм. Даргыг нь Засгийн газраас томилдог. Шууд үүрэг өгөөд л маргааш өглөө телевиз нээгдэхэд С.Зоригийн зурагтай эмгэнэл. Радио нээхэд С.Зоригийн эмгэнэл явуулсан. Бид тэгж эмгэнэж байсан юм. Тэр саналыг би гаргаж байсан. Тэгээд хүмүүс зурагт, радиогоо нээгээд л ямар аюултай зүйл болов гээд л... Тэгээд тэр алхмаас эхлээд биднийг буруутгах үйл ажиллагаа явж ирсэн. Бид тэр үед залуухан, гэнэн цагаахан байсан.

2024.4.16: Монголд алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд хэрэггүй. Тийм зорилготой бүтэц ч хэрэггүй. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, шүүх засаглалыг орлосон, Үндсэн хуулийг зөрчсөн ажлын хэсэг ч гэж хаана байх вэ. Дөрвийн дөрвөн халуун амийг шатааж алсан, дээр нь Монголын ардчиллын зүрхэнд дүрсэн цуст хутганд улс төр биш хууль үйлчлэх учиртай. "Хамжигчаа битгий нэрлэ, би чамайг шоронгоос суллана. Захиалагчаа бүү зарла, чамд бид мөнгө өгнө. Ардах хүнээ хэлэх хэрэггүй, та нарыг алуурчин биш болгоно". Ингэж гуйгаад байхад ямар ч гэмт хэрэгтэн тийм эрхэмд зөвшөөрөлгүй яах вэ. Хүн биш хөшөө, амьдад нь биш алагдсан хойно нь хайрладаг хайр хэнд ч хэрэггүй. Монголд хүн алдаг төр хэрэггүй. Цааз хэрэггүй. Хүн алах эрхийг төрөөсөө түүхээсээ халсан бид, хүн алсан хүнийг хайрлаж халамжилдаг засагтай боллоо.

 

Системийн авлига ба “мааф”

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

2024.3.28: С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн.  Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан.  Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна.   Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан.

Ер нь системийн авлига нь 1998 он буюу тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан.  Гэвч тэр огцорсон, чадаагүй.  Яг энэ систем 2009 онд  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор дахин угсрагдсан. Тэр 1998 онд хийж чадаагүй байсан зүйлээ, Ерөнхийлөгч болоод яг хийсэн.

2012 онд шүүх дээр нэрийг нь өгөөд л МАН-ыг яг дундуур нь хуваасан.  Тэр шүүгчдийн нэр нь Эрдэнэтийн 49, С.Зоригийн хэрэг гээд байгаа шүүгчийн нэр яг адилхан байсан.

Ерөнхий прокурор нь “Эрдэнэт”-ийн захирал байсан Д.Дорлигжав, шүүгч нар нь Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар нэмээд гаднаас Б.Хурцыг авчирсан. Энэ системийг бий болгож, хоёр намыг бүхэлд нь мөнхөд  хяналтдаа авахыг хүссэн бүлэглэл бий болсон. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг хүртэл парламентаар оруулахгүйгээр шийдсэн байдаг.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр яагаад гацаад байна вэ гэхээр Ч.Сайханбилэг гадагшаа гараад явчихсан гэдэг тайлбарыг шүүх хэлээд сууж байна.  Долоон жил боллоо. Ч.Сайханбилэг яг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шийдвэрийг гаргасан уу, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй.  Тухайн үед  Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч,  Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход л хийгдсэн тохироо.  Ц.Элбэгдоржийн зүгээс тавьсан үндсэн тохироо нь энэ байсан. Тухайн үед АН ялагдах магадлалтай гэдгийг  Ц.Элбэгдорж мэдэхийн дээдээр мэдэж байсан. Ч.Сайханбилэг ч түүнд сонин биш байсан.  Гагцхүү “Эрдэнэтийн 49 хувь”-тай холбоотой энэ хэлцлийг сонгуулиас өмнө  Ч.Сайханбилэгээр дамжуулан дуусгах ийм л зорилготой байсан. Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж наадмын үеэр дэвдэг ш дээ.  Тэр бол С.Зоригийн хэргийг шийдчихсэн, Эрдэнэтийн 49-тэй холбоотой бүх тохироо нь хийгдсэн.  Улс төрийн хувьд бүхнээ олж авсан улс төрийн аархал нь дотроос нь гарч байгаа биений хэлэмж шүү дээ.

Манай намаас энэ тоглоомонд оролцсон хүн бол манай М.Энхболд дарга. Дунд нь зуучилсан хүн бол Т.Бадамжунай.

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

2024.4.9: 1998 онд амь насаа алдсан Зориг, 2016 онд Монголын мэдэлд ирсэн Эрдэнэтийн 49 хувь холбоотой ч гэх шиг. Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм. Эрдэнэтийн 49 хувь зөв цагтаа, зөв үедээ Монголд ирсэн. Би тэр 49 хувьд бүтэн шалгагдаж хавтаст хэрэгтэй нь бүрэн танилцсан. Тэр хэргийн материал нь ялынх биш шагналын тодорхойлолт шиг. Би тэр залуусаар үнэхээр бахархсан. Тэр үед Засгийн газар, Их хурлаар ярьсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь одоо ч ирэхгүй байсан. Их хуралд орсон олигархи бүлэг хоорондоо зодолдоод оросууд нь “Эрдэнэт” үйлдвэр сүрхий ашигтай юм байна, эргүүлж тийм мөнгөөр зарахаа больё гэж зогсох байсан. Одоо дайныг санхүүжүүлсэн гэх утгаар Монгол Улс хоригт орох байсан. Юун их наядаар нь ард түмэндээ тогных нь мөнгийг төлж өгөх.

М.Энхболдыг чирээд буулгасан, гоё. Тэр хутга ханцуйлж өрөөнд нь ордогоос бусад нь. Намынхаа бүх хулгайчидтай тэгж тэмцэх байх гэж харсан. Энд Ардын намын жирийн гишүүд буруугүй. Оюун-Эрдэнэ ээ, чи намайг буруу уншсан. Чи намайг мааф гэж уншсан. М.Энхболд бид хоёрыг манан мааф гэж ирээд л холбох гэж олон жил оролдлоо. Бид хоёрт хамтраад үйлдсэн юм байхгүй. Хамгийн холбоогүй, өөр өөрийн замаар яваа хоёр хүн. Улс төрийн, үзэл санааны, сонирхлын ямар ч холбоо байхгүй.

Д.Дорлигжав Манай тамгын газрын дарга байж байгаад сүүлд Улсын ерөнхий прокурор болсон шүү дээ. Яг Ерөнхий прокуророор ажиллаж байх үед нь бол төрийн албаны асуудлаар янз бүрийн зүйлс их сонсогддог байсан. Д.Дорлигжавтай би тэр үед нэлээн асуудлуудыг ярьж “Янз бүрийн юм сонсогдоод байна. Энэ юу вэ” гэж. Юун бид нийлж энэ тэнд хүн амьтан айлгаж, өмч хөрөнгөд нь эзэн суух ч гэдэг юм уу, тэндээс хувь хувьсгал авах ч гэдэг юм уу тийм ойлголт байхгүй. Д.Дорлигжавыг тэнд ажиллуулж байсан. Сүүл рүүгээ янз бүрийн юм сонсогдоод байхаар нь би асуугаад “Чи ажлаа өг” гэж хүртэл шаардаж байсан. Тэр үед прокурор зургаан жилээр томилогддог. Хугацаа болоогүй тохиолдолд өөрөө хүсэлт гаргахгүй бол болдоггүй байсан. Одоо ч тийм л байгаа байх. Түүний дараа Хууль зүйн сайд болж явж тэндээс холдож байсан түүхтэй. Түүнээс хойш бид хоёр холбогдсон, ганц удаа утсаар ярьсан ч юм уу, тийм зүйл юу ч байхгүй. Нийлээд угсарчихсан ч юм уу. Нийлээд Д.Дорлигжав гэдэг хүнтэй бизнес хийгээд хүн дарамталсан зүйл огт байдаггүй. Д.Дорлигжав гэдэг хүн бид хоёр сүүлдээ муудалцаад салсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 78 (7322)

 

Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

12 цаг 26 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

12 цаг 26 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

12 цаг 26 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

Өчигдөр 06 цаг 00 мин