Л.Оюун-Эрдэнийн ярьсан нь “ордны хов” уу, онц ноцтой мэдээлэл үү?!

2024-04-05
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Б.ГАРЬД

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн томоохон ярилцлага өгсөн нь өмнөх долоо хоногт телевизүүдээр цацагдлаа. Анх зар нь түгээд л олны анхаарлыг татжээ. Ярилцлага нь нэвтэрч, дуулиан шуугиан ч ихээхэн дагуулав. Үнэхээр ч анхаармаар, чагнамаар олон асуудал тэр ярилцлагад багтжээ. Гэсэн ч, зарим нь уг ярилцлагыг “…Ордны хов” гэж дүгнэв. Түүнийгээ нэлээд нягт байдлаар цахим сүлжээгээр “тайлбарлаж” харагдсан. Тэгэхдээ “…Улсын Ерөнхий сайд хов ярьж болохгүй” гэсэн шүүмжлэл байдлаар гаргаж тавина лээ. Угаасаа ч улсын Ерөнхий сайд хов жив ярьж, тарьж болохгүй л дээ.

Тэгээд ч Л.Оюун-Эрдэнийн ярилцлагаар гарч ирсэн асуудлуудыг “…Хов живийн сэдэв” гэж дүгнэхэд арай л томдохоор юм байна лээ.  Сэдэв нь улсын эдийн засаг, улс төрийн байдал, системийн авлигын түүх, С.Зоригийг хөнөөсөн хэргийн учир шалтгаан зэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, С.Зориг яагаад амиа алдсан бэ. Системийн авлига яаж үүссэн бэ. Үүнээс болоод өнөөдөр улсын эдийн засаг, улс төр ямархуу болсон бэ. Л.Оюун-Эрдэнэ эдгээрийг ярихдаа нэг бус улстөрчийг нэр цохож, нэлээд нарийн ширийнийг дэлгэжээ. Ямартай ч Ерөнхий сайдын ярилцлагын дараа

“…Ордны хов уу, онц ноцтой мэдээлэл үү” гэдэг асуулт тавигдаад байна.

 

Нэг. Л.Оюун-Эрдэнийн ярьсан “системийн авлига” бодол нь уу, бодитой юу?!

 

Л.Оюун-Эрдэнэ ярихдаа “…1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхий сайд М.Энхсайхан огцорсон. Ингээд Ц.Элбэгдоржийн Засгийн газар 23-нд байгуулагдаж, долдугаар сарын 24-нд огцорсон. Гурван сарын настай Засгийн газар юунд анхаарав гэхээр 10 гаруй удаа "Эрдэнэт"-ийн талаар ярьсан байдаг. "Эрдэнэт"-ийн захирал Ш.Отгонбилэгийг солих тухай, хоёрдугаарт Сэргээн босголт банкийг Голомт банктай нэгтгэсэн 80 дугаар тогтоол.

Системийн авлигын асуудал энд үүсэж байгаа юм. Тухайн үед Оюутолгой, Тавантолгой гэж байгаагүй. Ганц "Эрдэнэт" л байсан. "Эрдэнэт"-ийг тойрч, ерөнхийдөө системийн авлига үүсэж эхэлж байгаа юм” гэсэн байна.

Тэгэхээр эндээс “…Системийн авлига гэж юу вэ” гэдгийг эхлээд харах ёстой болно.

Үүнийг тоймчилж ойлгоход их амархан. Системийн авлигын хор хохирол нь асар их байдаг. Голдуу нийтийн эрх ашгийг хөнддөг. Ихэнх тохиолдолд хохирлыг мөнгөн дүнгээр тооцох аргагүй бөгөөд манайхан үүнийг “…Боломж хулгайлах” гэж томъёолдог. Учир нь системийн авлигын бүтцийн цөм нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд байдаг. Тэд УИХ, Засгийн газар, хууль шүүхийн байгууллагууд, бизнесийнхэн, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудыг “халаасалж” авдаг.

Ийм учраас авлигын ийм систем асар нарийн зохион байгуулалттай, бас хуулийн хамгаалалт дор оршдог. Энэ бүтэц дэх “нэгж”-үүдийг илрүүлэх, шалгах, хариуцлага тооцоход хүндрэлтэй гэсэн үг.

“Онол”-ын хувьд ийм систем Монголд бодитой бий юу. Аль эсвэл “…Монгол системийн авлигад идэгдээд байна” гэсэн агуулга нь ердөө л Л.Оюун-Эрдэнийн л бодол уу.

Тэгвэл яг энэ системийн авлигын талаар манайд арваад жилийн өмнөөс мэр сэр дуугарч эхэлжээ. Сүүлийн 2-3 жилд улам их ярих болсон байна.

Тухайлбал:

2015.12.30. МУИС-ийн дэд захирал О.Мөнхбат “…Өмнө нь үзэгдэл байсан авлига гэдэг зүйл 25 жилийн дотор систем болтлоо бэхжээд байна”.

2017.12.8. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “…Монгол улс төрийн системийн авлига буюу авлигын хамгийн хүнд үе шат руу алгуурхан гулсан орж байна”.

2018.5.14. НҮБ-ын REDD хөтөлбөрийн тайланд “…Монголын улс төр болон төрийн байгууллагуудад авлига системтэйгээр тогтсон”

2019.4.2. Эдийн засагч Д.Жаргалсайхан “…Монгол улсад авлига бүхэл нийгмийн тогтолцоог гажуудуулж, завхруулахын хэрээр улам бүр нарийсч засаглалтай хутгалдан, зохион байгуулалттай, систем болон хувирч, өндөр түвшний авлига болжээ”.

2023.1.11. Үндсэн хууль судлаач, иргэн Д.Ламжав "…Манай улс системийн авлига руу гулсан орсон нь ойлгомжтой болсон. Ялангуяа сүүлийн үед хийсэн хурал, цуглаан үүнийг нотолж байна. Гол буруутан нь засгийн эрхийн төлөө тэмцэж гарч ирсэн сүүлийн үеийн зоригтой залуус. Ийм байдалд хүрэхэд Үндсэн хууль нөлөөлсөн үү гэвэл би тийм гэж хэлнэ”.

2021.12.8. Х.Тэмүүжин “…Нэг хүний авлигын асуудлыг шийдэхэд зориулсан Эрүүгийн хуулийн арга замаар системийн авлигатай тэмцэж чадахгүй. Монголд авлига ужгирсан, системийн шинжтэй төдийгүй авлига дагасан соёл намд, төрд нэвт шингэсэн байгааг улс төрийн санхүүжилтаас харж болно”.

2023.10.3. “Датаком” компанийг үүсгэн байгуулагч Д.Энхбат “…Авлига бол хүн биш систем, процесс. Авлигачин бол тэр системийн ердөө нэг эрэг, шураг нь. Тиймд авлигачинтай хариуцлага заавал тооцож байх ёстой ч түүнийг төрүүлсэн, түүнийг тэжээж ирсэн цаад систем, процессийг нураахгүйгээр авлига арилахгүй”.

2023.11.21. УИХ-ын гишүүн Ц.Туваан “…Монгол Улс хамуундаа баригдсан борлон шиг л болчихоод байна. Энэ бол авлига.   Эрх барих дээд байгууллага, Засгийн газар хуулийнхан, дунд шат гээд системийн авлига гэдэг зүйлд өртсөн”.

2023.12.18. АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “…Системийн авлига хомсдолын социализмаар илэрч гарч байна”.

2024.4.2. Эдийн засагч, улс төр судлаач П.Батхишиг “…Авлигатай тэмцэх нь чухлыг иргэдийн боловсрол мэдлэгээс үл хамааран ойлгуулахгүй бол удахгүй танай хүүхэд, найз нөхөд авлигаар баяжиж хөлжигсдийг шүтэж, тэдэн шиг болохыг хүсч энэ хэрээр авлигыг хүлээн зөвшөөрөх түүнд татагдан орох болно. Латин Америк, Африкийн олон орнуудын жишээ авлигын ийм цаламд орж, системийн авлигаар улс орноо хэдхэн хүн цөлмөж, дийлэнх нь ядуугийн туйл болж буйг харуулдаг” гэж ярьсан байх юм.

Засгийн газар долдугаар сарын 24-нд огцорч, наймдугаар сарын 10-нд онцгой дэглэм тогтоон Ш.Отгонбилэгийг солиод Д.Дорлигжавыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилсон.

 

Хоёр. Л.Оюун-Эрдэнэ яагаад С.Зоригийн үхлийг системийн авлигатай холбосон бэ?!

 

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярианы нэлээд хэсгийг С.Зоригийг хөнөөсөн хэрэг эзэлжээ. Тухайлбал, тэрээр “…Аравдугаар сарын 1-нд Ардчилсан холбоо эвслийн хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ерөнхий тов гарсан ч учир битүүлгээр хойшилсон. Аравдугаар сарын 2-нд “Улаанбаатар” зочид буудалд эвслийн удирдлагын түвшний гол нөхөд цуглаад С.Зоригийг дараагийн Ерөнхий сайд гэж албан бусаар тохирсон. Харин тэр оройдоо Ерөнхий сайдаар томилогдох нь маш тодорхой болчихсон С.Зориг гэж улстөрч бусдын гарт хорлогдсон. …С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн. Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна. Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан” гэжээ.

Цаашлаад Л.Оюун-Эрдэнэ уг хэргийг шалгах ажлын хэсгүүдийн тухай, хамгийн ноцтой нь С.Зоригийн үхлийг “…Улс төрийн аллага” хэмээн мэдэгдсэн байна.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ яагаад ч юм энэ хэрэгт нэлээд анхаарч ирсэн байдаг. Ялангуяа Ерөнхий сайд болсноосоо хойш бүр ч ихээр “анхаарал тавьсан” гэхэд болно.

Тэрбээр Ерөнхий сайд болоод сар гаруйн дараа 2021 оны гуравдугаар сарын 8-нд Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж  Т.Чимгээтэй холбоотой материалыг улсын нууцаас гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 31-ны Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв. Улмаар 2024 оны хоёрдугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас “…Засгийн газрын 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргах” шийдвэрийг гаргасан. Ийм хүсэлтийг ЦЕГ-аас тавьсан байдаг. Үүнийг “…2023 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын одоогийн дарга, тухайн үед ЭЦА-ны дарга байсан Т.Сүхболдоор ахлуулсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж байсан. Энэ ажлын хэсгийн мөрдөн шалгалтын явцад шинээр нөхцөл байдал илэрсэн учраас ЦЕГ-аас дээрх хүсэлтийг тавьсан байх магадлалтай” гэж яригдсан юм.

 

Гурав. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын асуудлыг Л.Оюун-Эрдэнэ “НҮБ-ын кэйс” болгох уу

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлага өгөхдөө “…Сүүлд нь С.Зоригийг Чимгээ, Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа. …Энэ хэрэг дээр хэрэв Чимгээ, Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх “Алсан” гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал” гэсэн байна.

Л.Оюун-Эрдэнэ 2021 оны гуравдугаар сарын 8-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Т.Чимгээтэй холбоотой материалыг нууцаас гаргах шийдвэр гаргачихаад мөн л ноцтой мэдэгдэл хийсэн байдаг. Тэгэхэд тэрбээр “…Өнөөдөр би шүүхийн шийдвэр зөв, буруугийн тухай асуудлыг ярихгүй. Тийм эрх ч гүйцэтгэх засаглалд байхгүй. Хамгийн гол нь шүүн таслах үйл ажиллагаанууд нь хүний эрх, хууль зөрчсөн асуудал байгаа юм. Энэ нь Засгийн газрын шууд харьяанд байдаг зарим байгууллагад хамаарна. Ийм учраас Т.Чимгээтэй уулзаж, зарим асуудлыг тодруулсан. Зарим нь нууцтай холбоотой, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалттай холбоотой асуудал байгаа учраас бүх зүйлийг ярих боломжгүй байна. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд ил болсон зарим асуудлыг тодруулах, хэвлэлийнхэнд дахин цэгцтэй ойлголт өгөхөөр болсон. Зарим шаардлагатай баримтуудыг нууцаас гаргахаар боллоо. Гэхдээ Т.Чимгээгийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр гаргана. Сая уулзахад “…Зарим нууцтай холбоотой асуудлыг ил гаргахад татгалзах зүйлгүй” гэдгээ бичгээр илэрхийллээ.

2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Т.Чимгээ хоригдож эхэлсэн. Ингээд 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр ял авсан. Өнөөдрийн байдлаар таван жил, зургаан сар, долоо хоног хоригдож байгаа юм байна. “…Хэрвээ хилсээр онц ноцтой хүн амины хэрэгт эрүүдэн шүүж байгаад энгийн иргэндээ хүчээр ял тулгасан бол яах вэ” гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. Шүүн таслах процесс дунд Т.Чимгээтэй холбоотой маш олон зүйл болсныг тэрээр сая ярилаа. Зарим нь олон нийтэд ил болсон. Жишээ нь, хорих ангид ял эдэлж байгаа хүн Т.Чимгээ рүү мессеж бичиж, удаа дараа дарамталсан. Хүний цогцос Т.Чимгээгийн гэрийн хашаанд аваачиж, гэр бүл ээжийг нь айлган сүрдүүлсэн. Хууль хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс хувийн харилцаа тогтоож, мансууруулах бодисыг Т.Чимгээгийн уух зүйлд нь олон удаагийн давтамжтайгаар хийж, нүцгэн байсан зургийг нь авч гэр бүлийн хүн рүү нь явуулсан. Энэ бичлэгийг Т.Чимгээ өөрөө “…Ил болгох нь зүйтэй” гэж үзэж байгаагаа хэллээ. Засгийн хурлаар нууцаас гаргах асуудлыг ярилцана. Мансууруулах бодисоор дамжуулж биеэ хянах чадваргүй байхад нь гарынх нь хээг хүртэл авч ашигласан нөхцөл байдал мөрдөн шалгах явцад илэрсэн байж магадгүй гэдэг зүйл яригдсан. 1.3 жил буюу 455 хоног Төв аймагт байрлах хорихт хоригдсон. Тус байр нь стандартын байр биш, албаар тохижуулж, камержуулсан. Яллагдагчаар татсан хүн дээр яллагдагчийг оруулахгүй байхыг олон улсын конвенц маш тодоор бичсэн байдаг. Гэтэл яллагдагчаар татагдан, ял эдэлж байгаа хүмүүсийг Т.Чимгээ рүү оруулж, зориуд дарамтлуулсан нөхцөл байдал тухайн үед яригдаж, бичлэг нь цацагдсан. Т.Чимгээг хэрэгт шалгагдаж байхад түүний төрсөн охин Ө нь 2016 онд автомашины ослоор нас барсан байдаг. Энэ хэргийг сэргээж шалгахыг Т.Чимгээ хүслээ. Учир нь хэрэг хэлэлцэгдэж байх явцад гарсан бөгөөд сүрдүүлэг байсан байж болзошгүй гэж таамаглаж байна. ЦЕГ-т чиглэл өгч, зайлшгүй шалгах нөхцөл үүсэж байна. Мөн хэрэгт холбоогүй олон хүн эргэлтээр уулзсан асуудал байна. Үүнээс цааш нотлох баримтуудыг үзүүлэх, ярих боломж байхгүй.

Шинээр илэрсэн нөхцөл байдлаас хамаарч шүүхийн шийдвэрийг эргэн харах хуулийн заалт байгаа. Шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гэдэг үндэслэл бий. Үүнтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн хэрэг Төв аймгийн шүүх, давж заалдах, Дээд шүүхээс буцаад нэн амаргүй нөхцөлд явж байгаа. Тиймээс яагаад энэ асуудал ийм төвшинд яваад байна. 2019 оны долдугаар сарын 29-нд Төв аймгийн шүүхэд шилжүүлснээс хойш өнөөдөр энэ хэрэг маш тодорхойгүй  байна. Шүүх ялгаатай шударга ёсыг хэрэглэж болохгүй. “…Шүүх яагаад зарим хэргийг хурдан, зарим хэргийг удаан саатуулаад байна вэ” гэдгийг гаргаж тавих цаг болсон. “…Энэ асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулж, ярилцах нь зүйтэй” гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна” гэж байв.

 Т.Чимгээ нар Женев дахь Хүний эрхийн байгууллагад хандсан талаар сар 20-иод хоногийн өмнө хэвлэлүүд мэдээлсэн. Тэд С.Зоригийн хэрэгт гүтгүүлэн, эрүүдэн шүүлгэж, уг хэргийг хүлээснээ олон улсын хэрэг нээж өгөхийг хүссэн. Энэ дагуу саяхан олон улсын өмгөөлөгчдийн баг ирж уулзаад явжээ. Тиймээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын асуудал удахгүй “НҮБ-ын кэйс” болж мэдэхээр юм. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүнзгий оролцож, дэмжлэг үзүүлж байж магадгүй байна.

 

Дөрөв. Л.Оюун-Эрдэнэ тэднийг юу яриулахаар “тайз” руу урьсан бэ?

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагад олон улстөрч, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн нэр дурдагджээ. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Д.Дорлигжав, Б.Хурц, Х.Баттулга, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбилэг, Сү.Батболд, Н.Удвал, М.Энхболд, Т.Бадамжунай, Х.Нямбаатар, Э.Бат-Үүл нарыг ярьсан байгаа юм. Хамгийн гол нь тэдгээр хүмүүс Л.Оюун-Эрдэнийн сөхөөд орхисон мэдээллийг батлах, эсвэл няцаах хэрэгтэй болоод байгаа юм. Үүнийг ч олон нийт хүлээж байна.

Учир нь Л.Оюун-Эрдэнэ ярилцлагадаа “…Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг. Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй” гэсэн.

Энэ дээр тухайн үеийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын ерөнхий прокуорын орлогч Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга Б.Хурц нар “тайлбар” хэлэхээр болчихож байгаа юм.

Мөн “…Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “…Ганцхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг” гэсэн. Ерөнхий сайдын ярилцлагын “цөм” болоод байгаа энэ үгтэй холбоотой хариултыг экс хоёр Ерөнхийлөгч хэлэх л хэрэгтэй болсон.

Бас “…“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр яагаад гацаад байна вэ” гэхээр “…Ч.Сайханбилэг гадагшаа гараад явчихсан” гэдэг тайлбарыг шүүх хэлээд сууж байна. Долоон жил боллоо. Ч.Сайханбилэг яг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой шийдвэрийг гаргасан уу, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход л хийгдсэн тохироо.“…Д.Эрдэнэбилэг нарын ийм хүмүүс бидний зүгээс хийнэ. Чи үүнийг хийж чадах уу” гэдэг асуудал. Өөрөө үгүйсгэх байх, гэхдээ бараг уйлж байсан гэдэг. Ерөнхий сайдаа нөгөө бүлэглэл тэгж дарамталж чадаж байсан байна” гэсэн. Үүнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, нэмээд шүүх, Д.Эрдэнэбилэг нар үгээ хэлбэл зохино.

Түүнчлэн “…2011 оны зургадугаар сарын 24-ний өдөр, Сү.Батболд даргын төрсөн өдөр. МАН ба МАХН гэж хуваах шийдвэрийг шүүх гаргасан. МАХН гэрчилгээ авч байсан. Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, ЕТГ-ын дарга, АН-ын дарга болон бусад хүн Их тэнгэрт уулзсан байдаг юм. “…Та нарт би шүүхээр ялалтыг чинь баталгаажуулж өглөө шүү” гэж. Ц.Элбэгдоржийн үг байхгүй юу даа. Би тэнд байсан хүмүүс үнэнээ яриасай гэж бодож байгаа юм” гэжээ.

Тэгэхээр 2011 оны зургадугаар сарын 24-нд МАН-ын дарга Сү.Батболдын 48 насны төрсөн өдрийн орой 2012 оны сонгуулийн ялалтаа тэмдэглэж Их тэнгэрт уулзсан хүмүүс нь Тэр орой нь Ерөнхий шүүгч Ц.Зориг, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, ТЕГ-ын дарга Б.Хурц, ЕТГ-ын дарга П.Цагаан, АН-ын дарга Н.Алтанхуяг болон бусад хүмүүс болж таарч байна. Тэд энэ талаар хэзээ нэг цагт ярихаас өөр аргагүй юм.

Цаашлаад Л.Оюун-Эрдэнэ “…Манай нам дотор байгаа дамд тоглосон хүн нь Миеэ дарга л байхгүй юу. Дунд нь байсан зуучлагч нь Т.Бадамжунай” гэсэн. Энэ хоёр хүнээс мөн л тайлбар хүлээгдээд эхэлсэн. Зөвхөн энэ гэлтгүй, маш олон асуудлаар Л.Оюун-Эрдэнэ тэднийг “дурсдаг” юм.

Үүнээс гадна “…Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүний нэг. Тэр үнэ цэнэд нь илүү хайртай. Хамгийн хүнд хэцүү цаг үед МАН татан буулгах хэмжээний нийгмийн уур амьсгалтай үед Э.Бат-Үүл л “…Болохгүй” гэж хэлж байгаа юм. Тэр өдрөө бол нам дотроо дуусаж байгаа шүү дээ. “…Төр сонгуулиар л өөрчлөгдөх ёстой болохоос биш жагсаал юм уу, өнгөт хувьсгалаар өөрчилж болохгүй” гэж байсан.

Манай намд "Долдугаар сарын 1"-ний ард татан буулгах хэмжээний асуудал үүсээд, эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед зарлиг уншуулчираад “…Татан буулгах уу, үгүй юу” гээд байж байх цаг үед хамгаалж зогсож байгаа ардчилсан хувьсгалын удирдагч Э.Бат-Үүл. Ялгаатай байгаа биз. Надад идеалоги нь чухал. Х.Нямбаатар, Э.Бат-Үүл хоёр хоорондоо яаж мэтгэлцэх нь хотынхны асуудал.

Хоёр нам харилцан бие биетэйгээ тэнцвэртэй байх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах гэдэг дээр Э.Бат-Үүл гэдэг улстөрчийг би маш өөр өнцгөөс харж явдаг. Хэрвээ Э.Бат-Үүл дарга тухайн үед тийм шийдвэр гаргаагүй байсан бол улс төрийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ыг хоёр хуваагаад, тэртэй тэргүй хуваагдчихсан байсан, сонгуульд надад үгүй мөн ашигтайяа. Яг л 2012 оны сценарийг буцаагаад өөрсдөд нь тавиад би "…За ийм л байдаг юм даа. Та нар манай намыг хагалж байсан учраас одоо та нар хагарч байгаа юм даа" гэж хэлж болно” гэж ярьжээ. Үүгээр Э.Бат-Үүлээс шууд хариулт шаардлагагүй ч байж болохоор байна. Гэхдээ тэр “…Тийм ээ, тэгсэн юм”, эсвэл “…Үгүй ээ, ийм учиртай” гээд яривал бас сонин байх бололтой.

 

Тав. Л.Оюун-Эрдэнийн “асуулт”-д хэн, хэзээ хариулах вэ?

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагад бас нэг анхаарал татсан “асуулт” бий. Тэрбээр “…Та арай ахуйн аллага гэж боддог юм биш биз дээ, өнөөдрийг хүртэл” гэсэн. Цааш нь “…Яагаад заавал аравдугаар сарын 2-нд ахуйгаар алагдчихав гэдэг нөхцөл байдал үүснэ. Нэг том асуулт гарч ирдэг. Хэрвээ энэ хоёр хүн С.Зоригийг алаагүй юм бол яагаад гурван шатны шүүхээр “…Алсан” гэж үзэв гэдэг чинь маш том логикийн бөгөөд хүний эрхийн асуудал. Хэний захиалгаар, хэнд ашигтай учраас энэ хоёр хүнийг алсан гэж хуулийн байгууллага бүхэлдээ үзээд гурван шатны шүүхийн шийдвэр гарав аа” гэж асуусан.

Яг одоо бол энэ асуултдаа Л.Оюун-Эрдэнэ л өөрөө хариулчихаад байна. Харин хууль хяналтын байгууллага хэзээ албан ёсоор зарлан мэдээлэх вэ. Ямартай ч Ерөнхий сайдын ярьсан энэ зүйлүүд маш ноцтой мэдээлэл гэдэг нь машид тодорхой байна. Гэхдээ “…Үнэн”, эсвэл “…Худал” гэж хэн, хэзээ хариулах вэ?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 67 (7311)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин