С.САРУУЛ
Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгчээ. Тэрбээр албан ёсны цахим хуудастаа “Монгол Улсын иргэнийхээ хувьд Отгоншарын Батнайрамдал миний бие Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтээ хууль, журмын дагуу намынхаа Удирдах зөвлөлд албан ёсоор өглөө. Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа урагшаа” гэж бичжээ.
О.Батнайрамдал нь Боловсролын зээлийн сангийн асуудлаар анхлан шүгэл үлээсэн бөгөөд нийтдээ 100 сая ам.доллар буюу 363 тэрбум төгрөг эргэн төлөгдөх ёстойгоос хагас жилийн хугацаанд 1.2 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум төгрөг төлөгдөөд байгааг саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдахдаа “Боловсролын зээлийн сан бол ард түмэнд хэрэгтэй, үр хүүхэд ирээдүй хойчийн боловсролд төрөөс оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Тиймээс цаашид боловсролын хөрөнгө оруулалтыг байгалийн баялгийн шударга хуваарилалттай уялдуулах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд байгалийн баялгаас маш их мөнгө орж ирснийг энэ их хулгайны дараа ойлголоо. Нийтийн сонсголоос зарцуулалт ямар шударга бус байсныг бүгд харлаа. Гэтэл байгалийн баялаг хэмээх ард түмний өмчийг ноогдол ашгаас гадна боловсрол, эрүүл мэндийн салбарт тодорхой хувийг нь хөрөнгө оруулж байж баялгийн өгөөж ард түмэнд шударга, хүртээмжтэй очиж чадна. Өөрөөр хэлбэл, боловсролын зээлийн сангийн ирээдүй бол байгалийн баялгаас боловсролоор дамжиж хийх хөрөнгө оруулалтын механизмыг бүрдүүлэхэд чиглэх ёстой. Энэ боломжийг ашиглаж боловсролын томоохон шинэчлэлийг хийх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
О.Батнайрамдал жилийн 250 мянган ам.долларын цалингаа орхиод ямар нэг ажлын саналгүй Монголд ирж байлаа гэж ярьсан нь олны анхаарлыг татаж байв. Мөн тэрбээр Ховдоос Харвард руу ном бичсэн нь хэвлэгдсэн цагаасаа хойш номын дэлгүүрийн бестселлерийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn