Төмөрбаатарын БАТСАЙХАН
УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Сонгуулийн өмнөх чуулган учраас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд хуралдах товтой байна. Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиудыг батлахаар төлөвлөснийг хүргэе.
Олборлох байдлын ил тод байдлын тухай хууль
Эдийн засаг, уул уурхайн онцлогийг дагаад энэ салбарт авлигын эрсдэл өндөр байдаг. Тиймээс ХЗДХЯ-наас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганд өргөн барихаар бэлдэж байна. Засгийн газраас 2006 онд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг дэмжих тухай” тогтоолыг баталж байжээ. Улмаар энэхүү ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгөөр байгуулан ажиллах болсноор манай улс албан ёсоор “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай олон улсын санаачилга”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Цаашлаад энэ салбарт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байна гэж үзжээ. Олборлох үйлдвэрлэлд зөвхөн Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалаар хязгаарлах бус бусад хуулиар зохицуулдаг ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалыг хамруулахаас гадна байгалийн бусад баялаг болох амьтан, ургамал, ойн баялгийн ашиглалтын үйл ажиллагаанд мөн ил тод байдлыг хангах нийтлэг зохицуулалт бүхий бие даасан хуультай болох нь оновчтой гэж үзжээ.
Шүүгчийн цалинг УИХ-аас тогтоодог биш, өөрсдөө тогтооно
Энэхүү хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн. Тэгэхээр хуулийг батлах эсэх нь парламентын бүрэн эрхийн асуудал юм. Засгийн газрын зүгээс “Алсын хараа-2050” бодлогодоо “Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох, хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн баталгааг хангах талаас тодорхой алхмууд хийлээ. Тухайлбал, шүүгчийн цалинг УИХ-аас тогтоодог биш, шүүхийн захиргааны дээд байгууллага нь өөрсдөө тодорхой итгэлцүүрийн дагуу тогтоодог байх өөрчлөлтийг Шүүхийн тухай хуулийн төсөлд тусгажээ. Мөн Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн тооцооллыг Засгийн газраас санхүүжүүлэх эрх олгох тогтоолын төслийг хуулийн төслийг дагалдуулан оруулсан байна.
“5Ш” -ийг нэгтгэнэ
“5Ш” ажиллагаа өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд хэрэгжиж, тайлангаа холбогдох газруудад танилцуулжээ. Цаашид “5Ш” ажиллагааг нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулж ажиллахаар бэлтгэл хангажээ. Өнгөрсөн хугацаанд “Шүгэл” ажиллагаанд гэхэд 1000 гаруй санал, гомдол ирсэн бөгөөд 65 хувийг шийдвэрлэжээ. Үлдсэн 35 хувь нь холбогдох байгууллагууд дээр судлагдаж байна. Иргэдээс ирсэн гомдлуудыг эрэмбэвэл, нэгдүгээрт, газрын эрхтэй холбоотой маргаан, гомдол нэлээд чирэгдэл үүсгэж байна. Дараагийн дугаарт, хуулийн хэрэглээний тэгш бус байдалтай холбоотой гомдол их ирсэн. Иргэд эрхээ хамгаалуулах зорилгоор холбогдох төрийн захиргааны болон шүүхийн байгууллагуудад ханддаг. Гэвч асуудал нь шийдвэрлэгдэхгүй уддаг, ойлгомжгүй байдал үүсдэг тухай асуудал нэлээд хувийг эзэлж байна. Дараагийн дугаарт, иргэд амьдрах орчноо сайжруулах, Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдлэхтэй холбоотой гомдлуудыг ирүүлжээ.
Авлига албан тушаалын хэргээр шүгэл үлээсэн төрийн албан хаагчдыг хамгаална
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байна. Ялангуяа авлига, албан тушаалын хэргээр шүгэл үлээж байгаа төрийн албан хаагчдаа хуулиар хамгаалах зайлшгүй шаардлагатай байна гэж хууль санаачлагчид үзжээ. Тэдний шүгэл үлээлээ гээд эрх зүйн байдал, хөдөлмөрлөх нөхцөл дордох учиргүй. Энэ хууль батлагдсанаар шүгэл үлээгчид илүү зоригтой, хамгаалалттайгаар авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэх, шүгэл үлээх боломж бүрдэнэ. Мөн энэ хуулийг батлахаас гадна Төрийн албаны тухай хуульд тодорхой хамгаалсан заалтыг тусгахаар болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 41 (7285)