Хилээс ходоод хүртэл хяналтгүй “зорчдог” бэлэн гоймон

2024-02-14
Нийтэлсэн: Админ
 22 мин унших

Гудамжинд байрлах жижигхэн мухлаг сая л үүдээ нээхэд 8-9 настай л боловуу гэмээр дэлчгэр бор хүү яаран ороод “Талх, бэлэн гоймон авъя” гээд задгай мөнгө сарвайхад худалдагч хэлснийг нь ёсоор болгов. Хурдхан гэртээ ороод гоймонгоо задалж, дэвтээгээд хүлээх зуураа сургуулийн хувцсаа өмсөнө. Таван минутын дараа болсон үгүй нь мэдэгдэхгүй өнөөх гоймонгоо шалавхан идчихээд яаравчлан гэрээсээ гарлаа. Энэ бол Монголын гэр хорооллын "жирийн" айлуудын өглөөний нийтлэг төрх. Магадгүй зарим нь өнөөдөр бэлэн гоймон талхтай байгаадаа баярлаж, нэг өдрийг өлсөхгүй давахын тулд ходоод руугаа хоол бус хор хийж буйг буруутгах аргагүй. Харин эсрэг талд нь цахим орчин, сурталчилгааны сувгуудаар шинэхэн гарсан бэлэн гоймонгийн сурталчилгаа үзээд үүнийг л идэж үзье гээд “CU”, “GS-25” -рүү гүйх өсвөр насныхан. Өнөөдөр бид Монгол Улсад цэцэглэн хөгжиж буй хамгийн эрэлттэй бизнесийн чимээгүй хохирогчид. 1990-ээд он бол монголчуудын хувьд зах зээлийн нийгэмд шилжиж, хэн мөнгөтэй нь ганзагын наймаагаар хөлжиж, бид элдэв бусын бараатай анх танилцсан үе билээ. Энэ цаг үед буюу 1990-ээд оны дундуур Монголын зах, хүнсний дэлгүүрүүдийн лангуун дээр “ноёрхох” болсон нэг хүнс бол яахын аргагүй хятад бэлэн гоймон. Тухайн үед хүмүүсийн хамгийн ихээр иддэг байсан “Дахун ван”, “Дотно сэтгэл” гээд нэрлэвэл магадгүй уншигч таны санаанд шууд буух биз ээ. Учир нь Монголд эдгээр бэлэн гоймонг идэж үзээгүй хүн цөөхөн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ цагаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Анх дэлгүүрийн лангуун дээр 2, 3-хан төрөл харагддаг байсан өнөөх бэлэн гоймон өдгөө 30-40 дахин олон төрлөөрөө ороод ирчихсэн, бидний өдөр тутмын хэрэглээ, үнэнч найз болсныг та бид харж байна.

 

МОНГОЛ УЛС ХОДООДНЫ ХОРТ ХАВДРААС ШАЛТГААЛАХ НАС БАРАЛТААР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ

 

Судлаачид бэлэн гоймонг МЭӨ 5000-аад оны үед Хятадад үүссэн хэмээн үздэг. Харин бидний мэддэг тус тусад нь савлаж хатаасан бэлэн гоймонг 1950-иад оны үед Момофуку Андо хэмээх япон хүн анх үйлдвэрлэжээ. Энэ хугацаанд Азийн орнуудад нутагшсан бэлэн гоймонг өдгөө дэлхийн 80 гаруй улсад хэрэглэдэг байна. Дэлхий даяар жил бүр 93.6 тэрбум бэлэн гоймон зах зээлд нийлүүлэгддэг байна. Харин эдгээр бэлэн гоймон ямар найрлагаар “бүтэж”, хэрхэн Монголын хилээр орж  ирж, дэлгүүрүүдээр тараагдаж, бидний ходоодонд “зочилдог” тухай та сонирхож үзсэн үү. Магадгүй сонирхдоггүй байх. Гэвч энэ бол эрүүл монгол хүн бүхний заавал анхаарч, хянах ёстой асуудал болоод байна. Учир нь Монгол Улс хавдрын тархалтаараа дэлхийд тэргүүлж буй.

Тэгвэл дэлхийн Монголд болон гадаадад ч эрүүл мэндийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүд хорт хавдрын нэг шалтгаан нь бэлэн гоймон гэсэн асуудлыг цаг ямагт тавьдаг ч нотлогддоггүй нь харамсалтай.

Манай улсад жилд 6000 гаруй хүн хавдраар оношлогдсоноос 4600 гаруй нь хожуу шатандаа орчихсон үедээ мэддэг гэж ХСҮТ-ийн эмч нар онцолж байв. Эдгээр хавдрын дийлэнх нь элэгнийх. Харин энэхүү хавдрын араас ходоодны хорт хавдар зуузай холбож байна. Манай улс ходоодны хорт хавдраас шалтгаалах нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Монголд жилд ходоодны хорт хавдраар 1000-1200 шинэ тохиолдол бүртгэгддэг гэдгийг “Интермед” эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Энх-Амгалан онцолжээ. Харин эдгээр шинээр оношлогдсон хүмүүсийн 600-700 нь үргэлж хожуу үе буюу 3,4 дүгээр шатанд орсон үедээ оношлогдож, нэг жилийн дотор нас барах тохиолдол түгээмэл байгаа ажээ. Ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг юм. Ялангуяа хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, халуун ногоог байнга хэрэглэснээр ходоод шархлах, цоорох цаашлаад ходоодны хорт хавдар үүсэх үндсэн шалтгаан болж буйг Хүний их эмч Б.Амаржаргал хэлсэн. Тэгвэл өнөөдөр бидний өргөн хэрэглээний нэг болсон бэлэн гоймонд халуун ногоо, давсны хэмжээ хамгийн ихээр агуулагддаг. Манай улсад энэхүү бэлэн гоймонгуудад тавих хараа хяналт байна уу. Монгол Улс бэлэн гоймонгийн ямар стандарт мөрддөг тухай “ЗМ-ний эрэн сурвалжилга” энэ удаад мөшгөлөө. Үүний тулд монголчуудын өргөн хэрэглэдэг таван төрлийн бэлэн гоймонгийн аюулгүйн үзүүлэлтүүдийг Хүнсний аюулгүй байдлын ХАБҮЛЛ лабораторид шинжлүүлсэн юм.

 

ГЛУТАМАТ НАТРИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ДОНТУУЛАХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

 

Шинжилгээгээр гэдэсний бүлгийн бактери, хөгц мөөгөнцөр, афлатоксин B1, B2 кадми болон хар тугалга, Глутамат натри, нэг уут амтлагчинд агуулагдах давсны хэмжээг нягталжээ. Ингэхэд Глутамат натригийн хэмжээ харилцан адилгүй байгааг та бүхэн дээрх шинжилгээний хариунаас харж байгаа байх. Тэгвэл энэ нь аливаа хүнсний бүтээгдэхүүнд амт оруулах зорилгоор хийдэг нэг ёсны химийн бүтээгдэхүүн юм байна. Аливаа бүтээгдэхүүн ямар нэгэн шалтгаанаар амтаа алддаг бөгөөд үүнийг нөхөхийн тулд хиймэл амт оруулагч ашигладаг. Мөн найрлагад нь огт ороогүй зүйлийн амтыг ч хиймлээр оруулж өгдөг ажээ. Глутамат натриг Монголд “үүсүү” гэж нэрлэдэг, Е621 гэсэн олон улсын кодтой, техникийн шаардлагагүй гэж үздэг, үйлдвэрлэгчийн зохистой дадал гэсэн нэршлээр хэрэглээнд нэвтэрсэн ажээ. Энэ нь үүсүүг тухайн бэлэн гоймонг үйлдвэрлэгч компани өөрсдийн хүссэн үр дүнд хүрэх хамгийн бага хэмжээгээр нь хийдэг гэсэн үг юм байна. ДЭМБ-ын зөвлөснөөр үүсүүг хэт их хэрэглэх нь донтуулах сөрөг нөлөөтэй гэж анхааруулжээ. ДЭМБ-аас Е621 кодтой глутамат натриг  хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхийг хориглосон байдаг аж. Учир нь энэхүү давс нь харшилттай хүмүүсийн астма, ногооны харшлыг хөдөлгөж, толгой өвтгөж болзошгүй. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд зүрх бэлбэгнэх, дотор муухайрах, цээжээр өвдөх шинж тэмдэг илэрдэг гэж онцолсон байна. Түүнчлэн БНХАУ-ын эрүүл мэндийн сайт дээр бичсэнээр үүсүү нь ходоодны өвчлөлийн гол буруутан гэжээ. Учир нь Хятадад сүүлийн жилүүдэд тайлагдашгүй өвчнүүд байнга гарах болжээ. Үүнийг судлаад үзтэл  амтлагчийг хэмжээ хязгааргүй хэрэглэдэг хятад хоолны газруудад очсон хүмүүст энэ өвчний шинж тэмдэг илэрч байсан гэсэн мэдээлэл байна. Манай улсын хувьд хэдийгээр техникийн үзүүлэлт байхгүй гэж байгаа ч олон улсад ямар стандарт мөрддөг, энэхүү давс буюу үүсүүг ямар бүтээгдэхүүнтэй жишиж, харьцуулж зохистой хэмжээг гаргадаг тухай нь тодорхой мэдээлэл өгөх хүн ЭМЯ, ХХААХҮЯ-нд байхгүй байгаа нь өөрөө асуудал болж байна. Албаны хүний хэлж буйгаар уг нь ХХААХҮЯ-нд технологийн байцаагч гэсэн орон тоо заавал байх ёстой бөгөөд тухайн байцаагч нь энэхүү глутамат натрийн зохистой хэмжээг тогтоож, хяналт тавих үүрэгтэй гэв. Гэвч бид тухайн яаманд удаа дараа хүсэлт тавьж, хандсан боловч энэхүү мэргэжилтэн байдаг эсэх болоод глутамат натрийн зохистой хэмжээг хэрхэн тодорхойлсон, ямар хяналт тавьдаг тухай мэдээлэл өгсөнгүй. Үүнээс харахад Монголд хүнсний аюулгүй байдалд хэрхэн итгэх вэ. Бидний өдөр тутмын хэрэглэж буй хүнс, хоолонд донтуулагч бодис дураараа авирлаж байгааг мэдсээр байж, эрүүл мэндээрээ хохироод суух нь зөв үү гэсэн асуултад харьяа яам, албаны хүмүүс, хамгийн гол нь эрүүл ахуйн байцаагчаас хариулт нэхмээр байна.

 

ХҮНСНЭЭС ХҮНД МЕТАЛЛ ИЛЭРЧ БОЛОХ УУ?

 

Бид энэхүү сэдвийг сурвалжлахын тулд жижиг дэлгүүрүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн худалдагч, менежерүүдтэй уулзаж бэлэн гоймонг авахдаа ямар шаардлага тавьдаг тухай лавлахад жижиг дэлгүүрийн худалдагч "Бид бэлэн гоймонгоо зарим үед захаас бөөний үнээр худалдаж авдаг. Утсаар залгахаар хүргээд ирдэг. Жижиг дэлгүүрүүд бол тэр бүрчлэн шинжилгээний бичиг нэхдэггүй" гэсэн юм. Харин томоохон хэмжээний сүлжээ дэлгүүрүүд бэлэн гоймонг хүлээж авахдаа заавал шинжилгээний бичиг шаарддаг гэсэн хариултыг бидэнд өглөө.

Монгол Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүнд цогц шинжилгээг хийдэг цорын ганц лаборатори нь Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори буюу ХАБҮЛЛ ажээ. Хэдийгээр бид ШУА-ийн Химийн хүрээлэнгийн лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори болон хувийн олон лабораторид хүсэлт тавьж, бэлэн гоймонгуудаа зэрэг шинжлүүлж, хариуг нь таарах эсэхийг нийтэлье гэсэн зорилготой байсан боловч бусад лаборатори зөвхөн хүнсний ногоо болоод геологийн бүтээгдэхүүнүүдэд шинжилгээ хийдэг гэсэн хариултыг өгснөөр биднийг дэмжих лаборатори олдоогүй юм. ХАБҮЛЛ-д хийсэн энэхүү шинжилгээгээр 4017 дугаартай гоймонд 0.007мг/кг хар тугалга илэрсэн. Хэрэв анзаарвал бусад гоймонд энэхүү хүнд металл 0.001мг/кг гэсэн хэмжээгээр байна. Шинжилгээ хийсэн лабораторийн эрхлэгчээс тодруулахад "Энэ нь байх ёстой хэмжээнээс хэтрээгүй" гэсэн тайлбарыг өгсөн ч эргэлзээ байсан учир бид дахин ЭМЯ-нд хандсан. Гэвч мөн л яамнаас энэхүү шинжилгээний хариуг ХХААХҮЯ-ны мэргэжилтэн уншина. Энэхүү хар тугалганы хэмжээг харьцуулах стандарт байхгүй учир 0.007мг/кг гэдэг нь хэр хэмжээний хортой гэдгийг ХХААХҮЯ-наас л асуугаарай гэж ЭМЯ-ны  эрүүл ахуйч учирласан юм.

Тэгвэл НЭМҮТ-ийн хоол зүйч “Хүнсний бүтээгдэхүүнээс хар тугалга илэрч болохгүй” гэсэн товчхон хариултыг  өгч байв. Тэгвэл олон улсад бэлэн гоймонгоос хорт хавдар үүсгэгч бодисууд илэрч байсан тохиолдол  хэд хэд байдаг ажээ. Тухайлбал, Энэтхэг улсад худалдаалагдаж байсан АНУ-ын Nestle үйлдвэрийн Maggi брэндийн бэлэн гоймонгоос хэвийн хэмжээнээс долоо дахин их хар тугалга илэрч байсан байна. Энэтхэг улсаас тус брэндийн есөн нэр төрлийн гоймонг худалдаалахыг хориглож, “Хүнсэнд хэрэглэхэд аюултай” жагсаалтад оруулжээ.

Мөн БНСУ-ын Хүнс, Эмийн Хороо (KFDA) 2012 онд “Nong Shim” компанийн зургаан төрлийн бэлэн гоймонгоос “Benzopyrene” хэмээх хорт хавдрын үүсгэгч бодис илэрч байсан түүхтэй. Үүнээс гадна 2023 оны хоёрдугаар сард “Nong Shim” нэрээр танигдсан БНСУ-ын бэлэн гоймонгийн Дүфү Кимчитэй гоймонгийн амтлагч дахь этилен исэл нь нэг кг тутамд 0.075 мгм буюу аюултай түвшинд хүрсэн учир Тайванийн Хоол хүнсний асуудал эрхэлсэн яамны шийдвэрээр уг бэлэн гоймонг зах зээлээс эргүүлэн татав. Тус оны дөрөвдүгээр сард Тайванийн эрүүл мэндийн сайдын тушаалаар Индонезид үйлвэрлэсэн "Indomie: Special Chicken Flavour", Малайзад үйлдвэрлэсэн "Ah Lai White Curry Noodles" гэсэн хоёр төрлийн бэлэн гоймонг хорт хавдар үүсгэх эрсдэлтэй хэмээн үзэж зах зээлд худалдаалахыг хоригложээ. Харин 2019 онд Малайзын судлаачид зах зээл дээр борлуулагдаж буй долоон төрлийн бэлэн гоймонг сонгон авч, лабораторид шинжилжээ. Зах зээлд хамгийн их борлуулагдаж байгаа долоон төрлийн гоймонг санамсаргүй сонголтоор туршиж үзэхэд бүгдэд хүнд метал илэрсэн бөгөөд хоёрт нь хар тугалга, кадми зэрэг хүнд металууд байх ёстой хэмжээнээс хоёр дахин илүү хэмжээгээр илэрсэн байна. Тэгэхээр өнөөдөр бидний, хүүхдүүдийн минь хэрэглэж буй бэлэн гоймон үнэхээр хар тугалганы орцтой байвал яах вэ. Хар тугалга гэдэг нь хүнд төрлийн металл бөгөөд үүнийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн хүн тархины цочмог хүндрэлтэй болох эрсдэлтэй гэж мэргэжлийн эмч нар анхааруулж байна.   

 

БЭЛЭН ГОЙМОНД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШААРДДАГГҮЙ

 

Өнгөрөгч онд манай улсын гаалиар хэр хэмжээний бэлэн гоймон нэвтэрсэн тухай Улаанбаатар хотын Гаалийн газраас тодруулав. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар 2023 онд тус гүний хяналтын бүсүүдээр вагон, чингэлэг, авто машинаар 24 аж ахуйн нэгж 3508 удаагийн гаалийн мэдүүлгээр 6942319.6 тн бэлэн гоймонг  /БНХАУ, БНСУ, Сингапур, ОХУ, Казакстан, Япон, Индонез, Вьетнам, Бразил/ гэсэн есөн улсаас импортолсон байна. Харин 2024 оны нэгдүгээр сард 307 мэдүүлгээр /БНХАУ, БНСУ, ОХУ, Индонез, Тайланд, Малайз, АНУ/ гэсэн зургаан улсаас 11 аж ахуйн нэгж 820431.3тн бэлэн гоймон импортолсон байна. Улаанбаатар хотын Гаалийн газрын Хорио цээрийн алба нь Гүний гаалийн хяналтын бүсүүдээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын хяналтыг  хийж ажилладаг. Нийт 42 байцаагч зургаан хяналтын чиглэлээр 14 гүний гаалийн хяналтын бүсэд хяналт тавьж байна гэсэн мэдээллийг өглөө. Эх сурвалжийн хэлж буйгаар “Импортоор орж ирж буй барааг  тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэж хоёр ангилдаг. Харин бэлэн гоймон нь тусгай зөвшөөрөлгүй, хүнсний бүтээгдэхүүн гэж орж ирдэг. Бэлэн гоймон импортлохын тулд заавал аж ахуйн нэгж буюу компани байх ёстой гэсэн шаардлага л тавьдаг. Харин цаад гоймонгоо манай аж ахуйн нэгжид зарах гэж буй компанид чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Манай улсад импортоор орж ирж буй бүтээгдэхүүнийг гүний, хилийн хяналтын аргаар шалгадаг. Хилийн хяналт гэдэг нь Монгол улсын зах хязгаар бүс, боомтууд дээр байгаа хяналтыг хэлдэг. Харин Улаанбаатар хотын Гаалийн газар нь гүний хяналтыг 14 терминал дээр хийж байна. Өмнө нь бол импортоор орж ирж буй бүтээгдэхүүнүүдэд Гаалийн ерөнхий газар дээр шинжилгээнд өгөөд, гүний хяналт хийж оруулдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд их олон нэр төрлийн бараа орж ирдэг болсон учир ачааллаа дийлэхээ больсон. Тиймээс тодорхой бичиг баримтыг нь шалгаад оруулж байна. Улаанбаатар хотын гааль дээр ирэхээр хугацаа нь дууссан байна уу, үгүй юу гэдгийг шалгаж, шаардлагатай бол устгалыг хийдэг. Тэгэхээр ихэнх зөрчилтэй зүйлүүд нь Хотын гааль дээр ирэхгүй, боомтууд дээрээ задардаг болчихсон. Энэ нь анх хийдэг байсан гүний хяналт алдагдсантай холбоотойгоор импортын хүнсий бүтээгдэхүүний хяналтын түвшин суларч, одоогийн байдлаар хүнсний аюулгүй байдал дээсэн дөрөөн дээр байна гэсэн үг. Одоогоор Улаанбаатар хотын гаалиар 8-10 компани тогтмол бэлэн гоймон импортолж байна. Бид орж ирсэн гоймонг амтлагчийнх нь төрлөөс хамаараад их болон дунд эрсдэлтэй бүтээгдэхүүн гэсэн ангилалд оруулдаг. Их эрсдэлтэй бол гурван сар тутамдаа шинжилгээнд хамруулдаг. Дунд эрсдэлтэй бол хагас жилд нэг удаа заавал шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Шадар сайдын харьяанд байхад сайдын баталсан тушаалаар эрсдэлийг их, бага, дунд гэж ангилдаг байсан. Эрсдэлийг тогтоохдоо хүнс, эрүүл ахуйн чиглэлийн бүх байцаагчид жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэж, энэ түвшинг гаргана. Эрсдэлийн үнэлгээг тогтоохын тулд олон шалгуур үзүүлэлт дотор байгаа асуумжуудыг үндэслэн гаргадаг журамтай. Гэвч сүүлийн хоёр жил энэ зарчим байхгүй болсон” гэсэн юм.  Тэгвэл Улаанбаатар хотын Гаалийн газар 2021 онд тээвэрлэлтийн горим алдаж, чанар аюулгүй байдлаа алдсан 23.9тн бэлэн гоймон, 2022 онд хэрэглэх хугацаа хэтэрсэн 3.9 тн бэлэн гоймонг гаалийн горимоор устгал хийж ажилласан байна.

 

ИМПОРТЫН ХҮНС МОНГОЛ РУУ ЯМАР Ч ШИНЖИЛГЭЭ, БАТАЛГААГҮЙГЭЭР НЭВТЭРЧ БАЙНА

Монгол Улсын хүнсний аюулгүй байдал буюу монголчуудын идэж байгаа “хоол”  эрүүл, баталгаатай юу гэдэг нь нэг номерын асуудал. Гэтэл Монголын төр хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарах бодлого туйлын хангалтгүй, хэрэгжилт “тэг” зааж байгаа нь Үндэсний аудитын газрын  шалгалтаар удаа дараа тогтоогджээ. Аудитын шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг хангасан олон улсын чанарын стандартад нийцсэн шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд хүртээмжтэй хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн аудитын шалгалтаар хүнсний салбарын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ чухал салбарын бодлого төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын үйл ажиллагаа, судалгаа хийх, сургалт, өдөрлөг зохион байгуулах хэмжээнд хэрэгжиж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Ганцхан жишээ дурдахадад, ХХААХҮЯ-ны “Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын Хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2015 оноос хойш  мэргэжлийн бус хүн хүн буюу 2021 оны арваннэгдүгээр  сарын байдлаар Физикч мэргэжилтэй хүн ажиллаж байсныг аудитын газрын тайланд дурдсан байв. Олон улсын практикт хүнсний хангамжийн баталгаат байдлыг “хүнсний бие даасан байдал”-ын итгэлцүүрээр, өөрөөр хэлбэл, хэрэглэсэн нийт гол нэрийн бүтээгдэхүүний хэмжээнд импортын эзлэх хувийн жингээр гурван түвшинд үнэлдэг байна. Тухайлбал, импорт 10-20 хувь “хүнсний бие даасан байдал” хангагдсан, импорт 25-30 хувь бол “хүнсний бие даасан байдал” эрсдэлтэй, импорт 40 хувиас илүү бол “хүнсний бие даасан байдал” алдагдсан гэж үздэг. Гэтэл манай  улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний импортын хамаарлын түвшин 42.1 хувь буюу “хүнсний бие даасан байдал” алдагдсан ангилалд байгаа. Мөн хүн амын хоол, тэжээлийн үндэсний  тавдугаар судалгаагаар тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувьд нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан байна гэж дүгнэжээ. Гэтэл хамгийн ноцтой нь манай улсад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах итгэмжлэгдсэн эрх бүхий 106 лаборатори үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 онд нэгдсэн сүлжээний хэмжээгээр хими, нян судлал, хор судлал, ургамал хорио цээр, цацрагийн бохирдлын чиглэлээр 310.5 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 6.7 мянган сорьц стандартын шаардлага хангаагүй, бохирдлын түвшин 2.1 хувь байна. Тухайлбал, стандарт, хэмжил зүйн газраас тохирлын хүрээнд хамруулж баталгаажуулалт хийсэн  278 төрлийн бүтээгдэхүүн байгаагаас 1.8 хувьд нь импортын бүтэгдэхүүний баталгаажуулалт, 81.3 хувьд нь дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт, 16.9 хувьд нь “Аюулгүйн тэмдэг”-ийн баталгаажуулалт хийжээ. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн бүрэлдэхүүнд аймаг,  нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газрын 25, хилийн мэргэжлийн хяналтын хоёр, нийт 27 лаборатори багтдаг. Тэдгээрт 352 хүн ажиллаж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хими, хор судлал, нян судлал, ургамлын үр, хорио цээр, цацраг гэсэн төрлүүдээр хяналт тавьдаг байна. Гэтэл лабораториуд итгэмжлэлийн хүрээ дэх үзүүлэлтийн дагуу шинжилгээг хийх ёстой боловч зориулалтын байргүй, тоног төхөөрөмж хуучирсан гэх шалтгаанаар ихэнх аймаг, дүүрэгт  шинжилгээ хийдэггүй, үйл ажиллагаа нь доголджээ. Замын Үүд, Алтанбулаг боомтын лабораторийн үйл ажиллагаа сорилт болон  шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий стандарт шаардлагыг хангаагүй. Зөвхөн гаалийн татварын бүрдүүлэлттэй холбоотой барааг  тодорхойлох, кодлох уялдуулсан системийг магадлан шинжилдэг байна. Өөрөөр хэлбэл, магадлан итгэмжлэлгүйгээс шинжилгээний сорилтын дүн буруу гарах, маргаан үүссэн тохиолдолд хууль, эрх зүйн хариуцлага хүлээх, төрийн хяналтын байгууллагын нэр хүнд унах, импортлогчдын худалдааны гэрээ цуцлагдах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй байгаа гэж аудитын байгууллага дүгнэсэн нь хэр ноцтойг харуулж буй. Товчхондоо, өндөр эрсдэлтэй импортын хүнсний бүтээгдэхүүнийг хилийн хяналтын лабораториор шинжилж чанар, аюулгүй байдлыг тогтоох шинжилгээний хариу буруу гарах, улсын хилээр баталгаагүй хүнс орж ирэх эрсдэлтэй байна гэж дүгнэжээ.

 

БЭЛЭН ГОЙМОН ТУСГАЙЛСАН СТАНДАРТГҮЙ

 

Монгол Улсын  зах зээлд 30 гаруй жил ноёрхож, буй бэлэн гоймон хилээр орж ирээд шинэжилгээний бичиг нь бүрэн л бол ямар ч дахин давтан шинжилгээгүйгээр дэлгүүрүүдийн лангуун дээр очдог ажээ. Мөн Монгол Улсын хэмжээнд бэлэн гоймонд тавих тусгай стандарт гэж байхгүй. Зүгээр л хүнсний бүтээгдэхүүн гээд хэдэн зуун вагоноор орж ирсээр байна. Стандартчилал хэмжилзүйн газраас 2014 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 42 дугаар тогтоолоор түргэн болдог бэлэн гоймон “MNS CAC 249” стандартыг баталсан. Уг стандартад бэлэн гоймонгийн орц, найрлага, хадгалах хугацааны талаарх тайлбар, мэдээллийг монгол хэлээр орчуулахыг заасан байдаг ажээ. Гэвч энэ нь хөрсөн дээр бууж, хэрэгжихгүй байсаар 10 жилийн нүүрийг үзжээ. Уг стандарт нь бэлэн гоймондоо тохироогүй, харьцуулах олон улсын стандартгүй байгаа нь анхаарал татаж байна.

Хэрэв та бэлэн гоймон идэх гэж байгаа бол уутных нь ард байрлах найрлага орц нь монгол хэлээр байна уу гэдгийг заавал хараарай, байхгүй. Зөвхөн энэ жишээ л өнөөдөр бэлэн гоймон гээч ямар ч стандарт, хараа хяналтгүйгээр, хаяг шошгоны зөрчилтэй, дураараа авирлаж байгааг харж болно. Бид бэлэн гоймонгийн хараа хяналт, ямар аж ахуй нэгж оруулж ирж байгаа тухай Гаалийн ерөнхий газраас мэдээлэл авахаар хандсан боловч манай сонины редакци руу  “Хуульд зааснаар энэхүү мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно” гэсэн албан бичиг явуулж, мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Бид хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээ ямар компани оруулж ирдэг болоод хэрхэн хараа хяналт тавьж байгааг мэдэх эрхгүй амьдарч байна. Үүнээс харахад  энэ олон хүнсний бүтээгдэхүүн дотор хэн ч анзаардаггүй, тоодоггүй, орхигдчихсон бэлэн гоймонг хэзээ тусгай стандарттай болгох вэ. Бид ямар нэгэн аж ахуй нэгжийн бизнесийг харлуулахыг хүссэнгүй. Хүсвэл бэлэн гоймон авсан НӨАТ-ын баримтаа уншуулахад л ямар компани оруулж ирдэг нь тодорхой харагдаж байна. Гагцхүү МХЕГ татан буугдсанаас хойш энэхүү хүнсний бүтээгдэхүүнүүдэд тавих хараа хяналт суларчээ. Бэлэн гоймон гэгч чимээгүй тахлын хараа хяналтыг чангаруулж, орц найрлагыг нь бүрэн шинжилж, тусгай зөвшөөрлөөр оруулж, тусгай стандартай болгоосой гэсэн нийтийн эрх ашиг, эрүүл мэндийн төлөө бид энэхүү сэдвийг хөндлөө. Бид цаашдаа бэлэн гоймон хилээс ходоод руу орох хүртэлх тээвэрлэлт, хяналт, шинжилгээ, төрийн тусгай зөвшөөрөлтэй болгох хүртэл энэхүү сэдвийг орхилгүй үргэлжлүүлэн сурвалжлах болно.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Ц.Зуунаст: ДАВС ИХ ХЭРЭГЛЭСНЭЭР БӨӨРӨНД АЧААЛАЛ ӨГНӨ

/ШУТИС-ийн  ҮТС-ийн ахлах багш, хоол зүйч/

-Бид бэлэн гоймонг худалдаж авахдаа эхлээд найрлагаас нь ямар аргаар яаж боловсруулсан бэ гэдгийг харах хэрэгтэй. Бэлэн гоймонгийн гурилыг их тосон шарсан  байдаг.  Худалдаалагдаж буй бэлэн гоймоны найрлагыг нь харвал 100 гр бэлэн гоймон дахь өөх тосны хэмжээ 10-16 гр байна.  Энэ нь  зохистой хэмжээнд хэрэглэхгүй бол хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг тосны хэмжээний 50 хувь хүртэл байна гэсэн үг. Ер нь бэлэн гоймонг идэхэд хязгаартай хүнсэнд оруулдаг.  Түүнээс биш бүр идэж болохгүй гэсэн үг биш. Мөн бэлэн гоймоны найрлагад өөх тосноос гадна натри буюу давс ихээр агуулагддаг. Монгол хүний нэг хоногт хэрэглэх давсны хэмжээ таван гр байдаг.   Нэг бэлэн гоймон идэхэд 1000 мг натри буюу хоногт хэрэглэх натрийн 50 хувийг авч байна гэсэн үг.  Гэтэл   тухайн өдөрт  хэрэглэж буй бусад  хүнснээс мөн  натрийг авдаг. Давс нь шингэний зохицуулалт оролцдог гол элемент. Давсны  хэмжээ  ихдэхээр хүний хоногт хэрэглэх усны хэмжээ ихдэж, үүнийгээ дагаад бөөрөнд ачаалал өгдөг. Тиймээс яах аргагүй зохистой хэрэглээ чухал. Мөн цусны даралт  өндөртэй хүмүүс  өөх тос, натриг хязгаартай хэрэглэх ёстой байдаг. Тэгэхээр эдгээр хүмүүс бэлэн гоймонг идэхгүй хориглох хэрэгтэй.    Дэлхийн улс орны хүнсний хэрэглээ байгаль цаг ууртай дасан зохицсон байдаг. Монголчууд уламжлалаараа их халуун ногоотой хоол иддэггүй. Байгаль цаг уурын онцлогт тааруулан  хооллох хэрэгтэй. Монголчуудын уламжлалт хүнсний хэрэглээ бол  гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа, мах махан бүтээгдэхүүн.  Мах махан  бүтээгдэхүүн нь  их уураглаг байдаг. Тиймээс зохистой хэрэглээ л чухал. Өглөө бага хэмжээний хоол идчихээд  халуун ногоотой хоол идвэл хамгийн наад зах нь  ходоодны хана цочирддог. Энэ нь цаашлаад ходоодны шархтай болох, ходоод үрэвсэх нөхцөл болдог. Хэт  их халуун ногоотой хоол идэхээр цөс огцом хэт  ихээр ялгардаг. Мөн халуун ногоо тэр тусмаа чинжүүний харшилтай хүмүүс халуун ногоотой бэлэн хоол идэж  болохгүй.  Энэ нь тууралт гарах, амьсгал боогдож амь насаа алдах ч эрсдэлд хүргэх аюултай. Монголчууд архи уусныхаа маргааш нь бэлэн гоймонг ихээр хэрэглэдэг.  Хэт өндөр спиртийн хэрэглээ ходоодны хана, хоол боловсруулах эрхтнийг цочроодог.  Түүн дээр халуун ногоо идэхээр улам цочроох эрсдэлтэй гэсэн үг.  

 

Т.Ганзориг: БЭЛЭН ГОЙМОНГ ӨДӨР БҮР ХЭРЭГЛЭВЭЛ  ХОДООДНЫ  ХҮЧИЛ ИХЭСНЭ

/НЭМҮТ-ийн Насанд хүрэгчид болон гамшиг онцгой байдлын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан/

-Бэлэн гоймонг хэрэглэхийн тулд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, тухайн бүтээгдэхүүний  гарал үүсэл тодорхой эсэх, найрлага, хаяг нь орчуулагдсан байгааг хараарай. Бэлэн гоймонг их тосонд шардаг. Их тосонд шарсан бүтээгдэхүүн нь хязгаартай хэрэглэх хүнсэнд багтдаг. Тиймээс бэлэн гоймонг насанд хүрсэн хүмүүс хязгаартай хэрэглэх, хүүхдүүдэд хориглох нь зүйтэй.  Манайх хүнсний тосны чанарын судалгаа хийсэн.  Судалгаанаас харахад  наранцэцэгийн тос арван шаралтаас хойш бүтэц нь өөрчлөгдөөд транс, ханасан тосны  хэлбэрт хувирдаг.  Бусад тосны хувьд 1-2 удаагийн  шаралт юм уу, зарим  нэг удаагийн шаралтаар бүтэц өөрчлөгдсөн байдаг. Тиймээс  экспортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнд ямар  хэмд, хэр удаан шаралт хийсэн, өдөрт хэдэн шаралт хийснийг мэдэхгүй.  Бэлэн гоймонгийн хувьд жигнэж, шардаг.  Гэхдээ ихэвчлэн шардаг учраас ямар нэр төрлийн тосоор ямар температурт  хэдэн удаа шаралт хийсэн,  хэд  хоносон нь тодорхойгүй. Хоёрдугаарт, тээвэрлэлтийн нөхцөл чухал. Тухайн бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн улмаас гэмтвэл дагаад бохирдол үүсдэг. Гуравдугаарт, орц найрлагаас хамаараад хүний биед хэр нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.  Хоол боловсруулах   эрхтэн тогтолцооны өвчтэй хүмүүс  шарсан, хуурсан, халуун ногоотой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл, гурил нүүрс ус ихтэй, халуун ногоотой хэрэглэвэл ходоодны  хүчиллэг байдлыг ихэсгэнэ. Хүний өдөрт хэрэглэх зохистой тосны хэмжээ 10  грамм  байдаг. Худалдаалагдаж буй  бэлэн гоймонгийн найрлагад  ямар хэмжээтэй тос агуулагдсаныг заавал бичих ёстой. Гэвч шошго стандартын шаардлага хангаагүй байдал нь хүмүүс хүндрэлтэй байдлыг үүсгэж байна.

Эрэн сурвалжлах баг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7273)

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

5 цаг 21 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

5 цаг 21 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

5 цаг 21 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

5 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

19 цаг 39 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

19 цаг 44 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

19 цаг 46 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

19 цаг 51 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

22 цаг 25 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин