
Т.Батсайхан, С.Уртнасан
Ардчилсан намын түүхт 35 жилийн ой өчигдөр тохиолоо. Тус намынхан ойн өдрөөрөө Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв.
Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд 2025 он гарсаар дүрмийн өөрчлөлтөө хийж эхэлнэ. Тэгвэл Ардчилсан нам үндсэн дүрмээ ирэх долоодугаар сард хийхээр төлөвлөж, энэ удаагийн их хурлаараа товлолоо. Мөн намын их хурлаа энэ онд гурван удаа хуралдуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн хурлаар ШИНЭ намыг намдаа нэгтгэх асуудлыг хэлэлцэж, улмаар намын генсекээ жинхэллээ.
АН-ын дарга Л.Гантөмөр: АН бүтэн болох ёстой
-35 жилийн өмнөх энэ өдөр олон саад бэрхшээлийг давж байж Ардчилсан нам төрдөө хүлээн зөвшөөрөгдөж, намынхаа гэрчилгээг авсан. Тиймдээ ч дөрөвдүгээр сарын 7-ныг Ардчилсан намын төрсөн өдөр гэж бид үздэг. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн, эрх чөлөөний төлөө зоригтой тэмцсэн хүмүүсийн үйл хэрэг хэрхэн баталгаажиж, тэдгээр хүмүүсийн зорьсон нийгмийг бид бүтээж чадаж байгаа эсэхдээ дүгнэлт хийх учиртай. АН-ын төрсөн энэ өдрийг бид мартах, мартуулах учиргүй. Нэгд, хүн хэнээс төрснөө, ямар удам судартайгаа таньж, мэдэх хэрэгтэй гэдэг шиг Ардчилсан нам Монголд эрх чөлөө, жинхэнэ тусгаар тогтнолыг авчирсан гэдгээ сануулж, сурталчлах ёстой юм. Хоёрдугаарт, жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр алдаа оноо, амжилт бүтээл, зорьсон, явсан бүхнээ дэнсэлдэг. Юунаас сургамж авч, намын цаашдын зорилго, мөрийн хөтөлбөр, мөрөөдөл хүсэл юу болох талаар гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсож, нийгэмд Ардчилсан нам Монголд ардчиллыг хамгаалахад юу хийх вэ гэдгээ хэлэлцэх ёстой өдөр. Ардчилсан намын бүдгэрч, доройтсон үе бий. Гэвч, Монголд ардчиллыг тордон ургуулахын тулд АН төлөвших ёстой. Төрсөн, өндийсөн, унаж, боссон цаг үе болгон бидний гашуун түүх, манай намын олж авсан туршлага юм. Өнөөдрийн хурлаар ШИНЭ нам АН-д нэгдэх асуудлаар гишүүд олон янзын байр суурьтай байна. Гэхдээ олуулаа байх гэдэг итгэл үнэмшил дээрээ бид хатуу байх ёстой. ШИНЭ нам АН-аас салж гарсан нам гэдгээрээ онцлог. Тийм учраас АН-д нэгтгэж, буцаад бүтэн болох ажлаа хийх хэрэгтэй. Нэгнээ уучилж чаддаг сэтгэлийн тэнхээтэй байж л урагшаа явна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 64 (7561)