БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжил

2024-02-01
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ

 

Монгол Улсын Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач

Сэргээгдэх эрчим хүч бол байгальд ээлтэй хөгжлийг түргэтгэж, эрчим хүчний зардлыг бууруулан, улс орнуудын эко ногоон хөгжлийн зорилтууд болон НҮБ-ийн тогтвортой хөгжлийг хангах амлалтыг биелүүлэх эрчимтэй хөгжиж буй салбар юм. Тэгвэл өнөөдөр БНХАУ дэлхийд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч хамгийн том улс болоод байна.

Сэргээгдэх эрчим хүч гэдэгт фотоволтайк цахилгаан эрчим хүч, салхин цахилгаан станц, усан цахилгаан станц, цахилгаан автомашин (EV)-аас эхлээд эрчим хүч хуримтлуулах технологи (energy storage technology), ухаалаг сүлжээ (smart grid) гээд цэвэр эрчим хүчний технологиуд багтана. BloombergNEF-ийн мэдээлснээр 2022 онд Хятад улс нарны болон салхин цахилгаан станц, цахилгаан автомашин, зай хураагуур зэрэг үйлдвэрлэлийн салбарт нийт 546 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн нь АНУ-ынхаас (141 тэрбум ам доллар) дөрөв дахин их үзүүлэлт аж.

Хятад улс 2021 онд баталсан “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-дөө 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг “сэргээгдэхгүй” эрчим хүчний эх үүсвэр буюу чулуужсан түлшнээс давуулах зорилтыг тавьсан. Тэгвэл 2023 онд чулуун бус түлш (нарны, салхин, усан эрчим хүч гэх мэт) нийт цахилгаан эрчим хүчний 50 хувиас давж, зорилтдоо товлосон хугацаанаас өмнө биелүүлсэн байна.

2021 онд Хятадын цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 26 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байсан бол 2022 оны эцэс гэхэд Хятадын сэргээгдэх эрчим хүч нь эрчим хүчний хүчин чадлын 50 хувийг давав.  Тэд 2025 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийг 36 хувьд хүргэх зорилттой. Гэхдээ нүүрсний хэрэглээ өндөр хэвээр, 2023 онд  цахилгаан эрчим хүчнийхээ 56 хувийг нүүрснээс гарган авчээ.

Хятадын сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн хөгжлийн байдлаас харахад тус “2030 онд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг дээд цэгт хүргэж, 2060 онд нүүрстөрөгчийг саармагжуулах болно” гэж олон улсын өмнө амласан амлалтаа бараг хугацаанаасаа өмнө биелүүлэх өндөр магадлалтай байна. Нүүрсний хэрэглээ цаашид улам л багасах болно.

Цахилгаан автомашин. Манай өмнөд хөрш дэлхийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн зах зээлийн гол тоглогч болов. Дэлхийн нийт цахилгаан автомашины талаас илүү нь Хятадынх байна. 2022 онд Хятад улсын шинэ цахилгаан автомашины борлуулалт 82 хувиар өссөн нь дэлхийн цахилгаан автомашины экспортын 35 хувьтай тэнцэнэ. Энэ нь 100 цахилгаан автомашин зарагдаж байхад 60 нь өмнөд хөршийн гэсэн үг юм. Мөн Эрчим хүчний Агентлаг (IEA)-ийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины батерейн дөрөвний гурвыг үйлдвэрлэж байна. Сонирхуулахад 2023 онд Хятадын BYD цахилгаан автомашины борлуулалт Тесла-г хэдийн давжээ.

Салхин эрчим хүч бол сэргээгдэх эрчим хүчний гол эх үүсвэр юм. Хятад улс салхин эрчим хүчний үйлдвэрлэл, суурилагдсан хүчин чадлаар дэлхийг тэргүүлж, эдүгээ дэлхийн салхин эрчим хүчний зах зээлийн 60 хувийг эзэлж байна. Хятад өргөн уудам газар нутагтай, хойноос урагш сунан тогтсон далайн урт эрэгтэй тул салхины эрчим хүчний нөөцөөр арвин. 2021 оны байдлаар нийт цахилгаан эрчим хүчнийхээ 7.5 хувийг салхинаас гарган авчээ. Өнгөрсөн онд өмнөд хөршийн салхин цахилгаан станцийн хүчин чадал 278,353 мвт (MW) болсон байна. 2025 оноос өмнө дахин 371 гегаватт (GW) -аар нэмэгдүүлж, дэлхийн одоо байгаа салхин эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 50 хувиар өсгөх төлөвлөгөө тавьжээ.

Эдүгээ олон улсад түгээмэл хэрэглэгдэж байгаа найман мвт хүчин чадалтай салхин турбинтай харьцуулахад далайд эзлэх талбайг 35 хувиар бууруулах давуу талтай юм байна. Ийм хүчин чадалтай ганцхан  салхин турбин гэхэд жилд 66 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, 36000 өрхийн жилийн цахилгааны хэрэглээг хангана гэжээ.

Хятад улс 2022 онд Италид, 2023 онд  Японд тус тус далайн салхин турбин суурилуулсан [7] бол өнгөрсөн оны “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн чуулга уулзалтаар Узбекстаны Самарканд хотод 500 мгв /0.5 GW/ хүчин чадалтай салхин цахилгаан станц барихаар тохиролцсоноос гадна тус улсад нарны болон салхины 11 станц барих хэлэлцээрт гарын үсэг зурсан нь нийт 4,8 гегаватт хүчин чадалтай, 4,4 тэрбум ам долларын өртөгтэй байх юм.

Нарны эрчим хүч. Нарны энерги нь дэлхий дээрх хамгийн элбэг эрчим хүчний нөөц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн чухал хэсэг юм. 2020 гэхэд Хятадын фотоволтайк цахилгаан эрчим хүчний хүчин чадал 253 гегаватт болж, дэлхийн энэ төрлийн эрчим хүч (760.4 гегаватт)-ний гуравны нэг хувьтай тэнцжээ. Өмнөд хөрш улсын нарны эрчим хүчний хүчин чадал 228 гегаватт хүрсэн нь дэлхийн бусад улс орнуудын нарны эрчим хүчийг нийлүүлснээс ч их байна. Суурилалтууд ихэвчлан Хятадын Шаньси, Шинжаан, Хөбэй зэрэг хойд, баруун хойд мужуудад төвлөрдөг. Өнөөдөр дэлхий дээрх 10 нарны зайн хавтангийн наймыг нь Хятадад үйлдвэрлэж, экспортын талаас илүүг Европ руу гаргаж байна.  Тэд 2026 он гэхэд нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 1000 гегаватт болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

БНХАУ  “14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөндөө “ногоон хөгжлийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн эд эс бүхэнд шингээж, үйлдвэрлэлийн салбараас гадна иргэн бүрийн амьдралын хэв маягийг ногоон хөгжилд шилжүүлэх, эрчим хүч, нөөцийг зохистой хуваарилах, үр ашигтай ашиглах, хот суурин газруудад эко тээврийн хэрэгслийг өргөн ашиглах, шинэ тутам хөгжиж буй нийгмийн салбарын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх” зэрэг зорилтуудыг тавьсан байдаг. Тэгвэл дээр дурдсан сэргээгдэх эрчим хүчний салбарт хуримтлуулаад буй амжилт, туршлага нь тэдний өмнөө тавьсан зорилтоо богино хугацаанд амжилттай биелүүлэхэд нь ихээхэн тустай болох нь тодорхой.

Хятад улс сэргээгдэх эрчим хүчний дотоодын эрэлт хэрэгцээг ийнхүү тун сайн хангаж, энэ  давуу талаа ашиглан, ирэх жилүүдэд “Бүс ба зам”-д нэгдсэн, зам дагуух улс орнуудтай ногоон дэд бүтэц, ногоон эрчим хүч, ногоон зам тээвэр, ногоон санхүү зэрэг салбаруудаа улам дэмжиж,  ногоон, хүлэмжийн хий бага ялгаруулдаг салбарт илүү төвлөрч, шинэ эрчим хүчний үйлдвэрлэл болон эко автомашины үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтын хэмжээг улам нэмэгдүүлэх хандлагатай байна. Төрийнх нь зүгээс ч  “ногоон бүс ба зам” санаачилгын хүрээнд дотоодын хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагуудыг гадаад улс орнуудад энэ чиглэлийн төсөлд хөрөнгө оруулалт хийхийг ихэд хөхиулан дэмжиж байна. Ялангуяа энэ салбарт Дундад Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх төлөвтэй. Үүнийг 2023 оны тавдугаар сарын 18-19-нд Хятадын Ши Ань хотод зохион байгуулагдсан “Хятад болон Дундад Азийн улс орнуудын анхдугаар дээд хэмжээний чуулга” баталсан юм.

Монгол улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Манай орны зөвхөн нар болон салхинаас авч чадах цахилгаан эрчим хүчний хэмжээ жил бүр 15000 тераватт цаг (TWh), энэ нь 18 сая тонн нүүрс шатаахтай тэнцэх, мөн салхи болон нарны эрчим хүчний цахилгааны хүчин чадлыг нийлүүлбэл 2,600 гегаватт буюу манай улсын эрчим хүчний нийт хэрэглээг (2018 онд багцаагаар 1.2 гегаватт байсан ) хангах чадвартай гэх судалгаа ч гарсан. Гэвч бид өнөөдөр цахилгаан эрчим хүчнийхээ 93 хувийг нүүрснээс,  долоон хувийг л салхин эрчим хүч голлосон сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байна. Энэ нь тун хангалтгүй тоон үзүүлэлт юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны 3 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улс бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, тиймээс ногоон хөгжлийн бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй, түүнчлэн эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгаль, экологийн хамгаалалтай нягт уялдуулж, байгальд ээлтэй сайн туршлагыг нэвтрүүлж, цэвэр, шинэ эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар “Ногоон торгоны зам”-д идэвхтэй оролцохыг хүсч байгаагаа Хятадын засгийн газарт дамжуулсан.

Дэргэдэх хөрш улс маань сэргээгдэх эрчим хүчний салбарт тодорхой амжилтуудыг хэдийн гаргаад, дотоод хэрэгцээгээ хангаж дийлээд одоо гадагшаа хөрөнгө оруулалтыг хийгээд эхлэв. Тэгвэл бид хөрштэйгээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийг хангахад туслах сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрхэн хамтарч ажиллах вэ?

Юуны өмнө Хятад улстай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа бусад улс орнуудын жишгээс суралцах нь зүйтэй. Бид НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн далайд гарцгүй буюу далайн боомт хүрэх шууд чөлөөт гарцгүй 30 орчим хөгжиж байгаа орны нэг. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийт хүн ам 509 сая буюу дэлхийн хүн амын долоон хувь нь, дэлхийн газар нутгийн 22 хувь, дэлхийн худалдааны 1,2 хувийг эзэлдэг. Мөн нийт экспортын 60 хувийг цөөн ДГХБО гаргадаг бөгөөд газарзүйн онцлог байдлаас хамаарч далайд гарцтай орнуудаас хөгжлийн түвшнээрээ 20 хувиар буурай байдаг гэсэн баримт бий. Тэгвэл миний бие Дундад Азийн улс орнуудын “бүс ба зам” санаачилга дахь оролцоо, Хятад улстай хэрхэн хамтран ажиллаж байгаа жишээг судлах нь  сонирхолтой бас тустай гэж үзэж байна. Яагаад гэвэл бидний улс далайгаар хүрээлэгдээгүй, түгжигдмэл гэсэн газарзүйн ижил онцлог байршилтай,  Казакстан болон Туркменстанаас бусад гурван улсын эдийн засаг Монгол улстай адилхан тааруу гээд ижил зүйл их. Түүнээс гадна Хятад улс Дундад Азийн таван улс руу сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг маш ихээр хийгээд эхэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 22 (7266)

 

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

1 цаг 0 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

1 цаг 5 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

1 цаг 13 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

1 цаг 18 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

1 цаг 30 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

1 цаг 32 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

1 цаг 54 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

1 цаг 56 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

10 цаг 9 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

10 цаг 9 мин