П.АМГАЛАН
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарынх нь тэгш, сондгой орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа. Уг дугаарын хязгаарлалтын хугацаа өнөөдөр дуусах юм. Үүнтэй холбогдуулан энэ сарын 29-ноос эхлэн иргэдээс уг арга хэмжээг цаашид сунгах тал дээр санал авсан. Уг санал асуулга гурван өдрийн турш үргэлжилж, өнөөдрийн 17:00 цагт хаагдлаа. Энэ хугацаанд 7863 иргэн санал асуулгад оролцсоноос 55 хувь нь тэгш, сондгойгоор автомашин замын хөдөлгөөнд оролцох хязгаарлалтыг дэмжихгүй гэж хариулсан байна. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг Улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөр дуусгавар болж байгааг мэдээллээ. Ингэснээр маргаашаас хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, 1, 6-гаар төгссөн дугаартай машинууд Даваа гарагт, 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гарагт, 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй.
Эх сурвалж:www.polit.mn