2024 оны тухай 33 Мөнх-Эрдэнийн үг

2024-01-03
Нийтэлсэн: Админ
 35 мин унших

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргадаг хамгийн түгээмэл нэрсийн жагсаалтад Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, Тэмүүлэн, Билгүүн, Хулан, Номин-Эрдэнэ зэрэг нэр багтаж байна. Эдгээрээс бид Мөнх-Эрдэнэ нэрийг сонгон авч 2024 оны анхны дугаартаа Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, хилийн чанадад суугаа нийт 33 Мөнх-Эрдэнийг урилаа. Мөнх-Эрдэнэ гэдэг нэрийг сонгосон шалтгаан нь нэгдүгээрт, хамгийн түгээмэл нэрсийн нэг, хоёрдугаарт, жендэрийн хувьд адил тэнцүү байх боломжтой нэр гэж үзсэн юм.

33 Мөнх-Эрдэнэ "Зууны мэдээ" сонины "Үзэл бодлын чөлөөт талбар" буланд 2024 онтой холбоотой асуултад хэрхэн хариулсныг уншаарай.

 

1. 2024 он айлчлан ирлээ. Энэ оныг та хэрхэн төсөөлж байна? 
2.Нэн тэргүүнд хэрэгжүүлэх зүйл, зорилго тань юу вэ.  Зорилго мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөөнөөсөө “Зууны мэдээ” сонины уншигчидтай хуваалцахгүй юу?
3.Олон Мөнх-Эрдэнэтэй хамт манай сонины шинэ оны анхны дугаарыг чимж байгаад баярлалаа. Нэр нэгтнүүддээ болон ард түмэндээ таны хэлэх үгийг уламжлахдаа бид баяртай байх болно?

 

“Алдаа, дутагдлаасаа салж, сэргэн мандах он цагийн эхлэл байгаасай”

Хан-Уул дүүрэг, дөрөвдүгээр  хорооны иргэн Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ

-Ер нь эцэг, эхчүүд үр хүүхэддээ сайн сайхныг хүсэж, ирээдүй хойчийг нь бэлэгдэж нэр өгдөг. Аав минь ч гэсэн миний хүү урт удаан наслаарай, эрдэнэ мэт эрхэм чухаг, үнэ цэнтэй амьдраарай гэж ийм нэр хайрласан болов уу. Харин ааваасаа яагаад ийм нэр өгсөн талаар тухайлан асууж байгаагүй юм байна.

-Гарч буй 2024 он манай улсын хувьд өнгөрсөн алдаа, дутагдлаасаа салж, сэргэн мандах он цагийн эхлэл байгаасай гэж хүсэж байна. Тэртээ 100 жилийн өмнө 1924 онд манай өвөг дээдэс анхдугаар Үндсэн хуулиа баталж байсан. Сайн, муугаар олон янзаар хэлж, дүгнэдэг ч анхдугаар Үндсэн хуулиар бүгд найрамдах засаг, төрийн байгууламжийн нэгдмэл хэлбэр тогтож, хамжлагат ёсыг халсан нь түүхэн чухал ач холбогдолтой байсан юм. Үндсэн хуультай болох санал, санаачилга гаргасан төрийн зүтгэлтэн, эрдэмтэн, мэргэд маань ч АНУ, Япон, Бельги зэрэг олон улсын Үндсэн хуулийг орчуулж, харьцуулан судалж ирсэн нь түүхэнд үлджээ. Тийм учраас шинэ он улс орон, ард иргэдийн ирэх 100 жилийн амьдрал, ахуйн өнгийг тодорхойлох, хуучин муу, муухайг халах улс төр, хууль, эрх зүй, эдийн засгийн эрс шинэчлэл, өөрчлөлтийн эхлэлийг тавьсан он цаг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний хувьд энэ үйлсийг бүтээхэд хувь нэмрээ өөрийн чадлаар оруулна гэж бодож байна.

-2024 он амжилт бүтээл ундарсан, аз хийморь ивээсэн жил байх болтугай. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

“Хүүхдийн хөгжилд зориулсан ажил эхлүүлэхээр төлөвлөлөө”

Сүхбаатар дүүргийн иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ

-Мөнх-Эрдэнэ гэдэг нэрийг аав ээж хоёр маань өгсөн. Хүн нэрээ тогос өдөө гэдэг шиг аав ээжийн өгсөн нэрийг хайрлаж хамгаалж зөв явахыг хичээдэг. Намайг хүмүүс олон тодотголоор нэрийг минь тодотгож дууддаг.  Би багадаа их памбагар хүүхэд байсан учраас Жаргал өвөө минь намайг миний памбагар хүү гээд өхөөрдөж,  памбага гэж дууддаг байсаар ойр дотны хамаатан садангууд, найз нөхдүүд маань памбага гэж дууддаг.  Энэ нэр надад илүү дотно санагддаг, би энэ нэрэндээ хайртай. Дараа нь бизнес хийгээд ЖИЙП СЕРВИС компаниа 2000 оны эхээр байгуулахад “Жийп сервис”-ийн Мөнх-Эрдэнэ гэж дууддаг байсан.  Баянхонгор аймгийнхаа уяачдын холбооны тэргүүн болсноос хойш нутгийнхан маань намайг морин уяачдын холбооны Мөнх-Эрдэнэ гэх болсон. Улс төрийн хүрээнийхэн намайг Ардчилсан намын Мөнх-Эрдэнэ гэж дууддаг. Монгол Улсаа төлөөлөн Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж ирснээс хойш намайг Ерөнхий консул, консул Мөнх-Эрдэнэ гэж дууддаг болсон.  Сүүлд үзэл бодлоо цахимаар илэрхийлсэнээс хойш монголчууд маань лайвчин Мөнх-Эрдэнэ гэдэг болсон байна.  Хүн эцэг эхийн өгсөн нэрээс гадна өөрийн сонирхол, хобби, хийж буй ажил төрөлтэйгээ холбогдуулан олон янзын тодотгол нэртэй болдог юм байна.  Цаашдаа ямар тодотголоор дуудуулахыг таашгүй юм аа.  Аав ээжээс тухайн хүний ирээдүйг сайхнаар бэлэгдэж нэр өгдөг учраас хүн өөрийн нэртэй цуг эцэг эх, удам судар, нутаг орон, улсынхаа нэрийг авч явдаг гэж боддог.

-Хүн бүр л ирэх оны ажлаа төлөвлөн ажилладаг. Би нилээн их ажил хийхээр төлөвлөгөөгөө гаргасан. Хамгийн түрүүнд улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн хөгжилд зориулсан ажил хийхээр төлөвлөж байна даа.

 

“Дээд лигт түрүүлэх зорилготой байна”

Налайх дүүргийн иргэн, “Налайх бизон” багийн ахлагч Ш.Мөнх-Эрдэнэ

-Миний нэрийг анх хүргэн ах маань буюу Монголын морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагч Пунцагбалжир агсан өгч байсан. Хүний нэр юуг илэрхийлдэг вэ гэвэл амьдралын утга учрыг тодорхойлж нэг насаараа дуудуулж амьдрах тул өөрийн овог нэрээ хичээж амьдрах ёстой гэж боддог.

-2024 оны зорилго гэвэл эрүүл энх хайртай ойр дотны хүмүүс минь цугтаа жаргалтай байгаасаа гэж хүсч байна даа. Миний бие монголын сагсан бөмбөгийн дээд лигт “Налайх бизон” багаас тоглож байгаа.  Энэ лигтээ түрүүлэх зорилго хүсэлтэй байна.  Нэр нэгтнүүддээ мөнхийн эрдэнэ мэт байцгаая л гэж хэлье.

 

“Нэр шигээ мөнхөд нандигнах эрдэнэ нь байгаарай”

Баянзүрх дүүргийн иргэн, “Сорогдог финанс аудит” ХХК-ийн аудитын менежер Олонбаярын Мөнх-Эрдэнэ

-Ирж буй 2024 онд Монгол Улсын маань эдийн засаг тэлэлттэй ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого өсөлттэй сайхан жил болоосой. 

-Би нягтлан бодогч мэргэжилтэй.  Шинэ он гарахын өмнөхөн өнгөрсөн жилийнхээ хийсэн ажлаа нэгтгэж тайлагнах, баримт материалаа үдэж цэгцлэх гээд ид ажил ундардаг үе байдаг.  Мөн бусад нягтлангуудынхаа ажлыг нягталж шалгадаг аудиторын ажлаа төлөвлөгөөг гаргаж хамт олонтойгоо төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана.  2024 онд ажлын хувьд өмнөх жилийнхээ гүйцэтгэлээс 10 хувиар илүү гүйцэтгэлтэй ажиллах, мэргэжлийнхээ хувьд хөгжиж дэвшихээр сургалтууд төлөвлөлөө.  Мөн гэр бүлийн хувьд дунд хүү маань нэг ангид орох тул цаг зав сайн гаргаж сууриа зөв тавихад анхаарал хандуулна. Зорилгоо биелүүлэх гол төлөвлөгөө минь ажлынхаа цагтаа ажлаа гүйцэтгэл сайтай хийх, амралтынхаа цагийг гэр бүлдээ үр бүтээлтэй зарцуулахад л анхаарна даа.

-Нэр нэгтнүүд маань нэр шигээ гэр бүл, найз нөхөд, ажил хөдөлмөртөө мөнхөд нандигнан хүндлэгдэх эрдэнэ нь байгаарай гэж хүсье.

 

“Ирэх жилдээ дэлгэцийн бүтээлээр уулзацгаая”

Хан-Уул дүүргийн иргэн жүжигчин, найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ

-2024 оныг хамгийн эхэнд аз жаргал бялхсан, сайхан жил байгаасай гэж хүсэж байна. Хүн бүхэн эрүүл саруул байж, инээд хөөртэй байхаас гадна энэ онд төлөвлөсөн бүх ажил нь бүтэмжтэй байхыг чин сэтгэлээсээ хүсье.

-Өнгөрсөн 2023 он уран бүтээлийн амжилт бүтээлээр дүүрэн болж өнгөрлөө. Энэхүү амжилт энэ 2024 онд ч үргэлжилнэ гэсэн итгэлтэй байна. Уран бүтээлчийн хувьд төлөвлөсөн олон ажил бий. Түүнээс онцолбол хэд хэдэн кино зохиол дээр ажиллана гэж төлөвлөсөн. Уран бүтээлч бид чинь киногоо хийж, түүнээсээ урам зориг авдаг хүмүүс. Тиймээс 2024 ондоо үзэгчидтэйгээ дэлгэцийн бүтээлээр уулзах хүсэл, зорилготой байна.

-Мөнх-Эрдэнэ гэсэн нэр их утга учиртай санагддаг. Тиймээс нэр нэгтнүүд болон нийт монголчууддаа мөнхөд эрдэнэ мэт гялалзаж явах ерөөл дэвшүүлье.          

 

"Мэргэжлийн хөгжимчин болоод 30 жил өнгөрчээ"

Сүхбаатар дүүргийн иргэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ

-2024 он бол монголчуудын хувьд их чухал жил. Ирэх дөрвөн жилд төр барих эрхмүүдийг сонгох сонгууль болно. Энэхүү сонгуулийн үр дүнд ард түмний хүсэж буй эрх тэгш, амар амгалан амьдрал ирээсэй гэж хүсэж байна.

-Энэ онд миний мэргэжлийн хөгжимчин болсны 30 жилийн ой тохиож байна. Хүний амьдрал үргэлж дардан байдаггүй шүү дээ. Энэ хугацаанд уран бүтээлээ түр завсарлах үе байсан ч "Хос эрвээхэй" гэсэн уран бүтээл намайг дахин хөглөж, эрч хүч өгч байлаа. Энэ уран бүтээлийн минь мөн 30 жилийн ой давхар тохиж байгаа юм. Тиймээс энэ онд их олон зүйл, уран бүтээл хийхээр төлөвлөж байна.

-Мөнх-Эрдэнэ гэсэн нэр өөрөө бэлгэдлийн ерөөлтэй юм шүү дээ. Мөнхөд эрдэнэ мэт гялалзаж, сайн сайхан явахыг бэлгэшээдэг. Тиймээс бүх нэр нэгтнүүд минь энэ ондоо өөрийн нэр шигээ гэрэлтэхээс гадна эрүүл энх байгаарай гэж хүсье.

 

“Шинэ алхам хийж өөрийгөө хөгжүүлэх жил”

Багануур дүүргийн иргэн "Багануур" ХК-ийн засварын инженер П.Мөнх-Эрдэнэ

-2024 оныг өөрийнхөө хувьд олон төрлийн шинэ шинэ алхам хийх жил гэж харж байгаа монгол орон маань ч бас шинэ шинэ алхам хийх жил болох байх аа.

-Нэн түрүүнд өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч байгаа. Багануурын уурхайдаа хийж хэрэгжүүлэхээр бодсон, төлөвлөсөн олон ажил бий. Түүнийгээ хэрэгжүүлэхийг энэ жилийн зорилгоо болгож байна.

Үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулахын тулд өөрийн хийж чадах бүхий л зүйлийг хичээнгүйлэн хийж яваа минь миний мөрөөдөл.

-Нэр нэгт амьдаа нартаа болон “Зууны мэдээ” сонины уншигч нартаа шинэ оны мэндийг дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

 

“Үр хүүхэд, хойч үеэ ухамсартай иргэн болгон хүмүүжүүлэх нь бидний зорилго”

Багахангай дүүргийн иргэн ХААИС-ийн Биеийн тамирын багш Цэгмэдийн Мөнх-Эрдэнэ

-2024 он Монгол Улсын хувьд чухал түүхэн жил байх болно. Сонгуулийн жил тул иргэд сонгогчид маань ухаалаг сонголт хийж, зөв хүмүүсийг их хуралдаа сонгож ард түмнийхээ алдагдсан боломж, хулгай луйврыг таслан зогсоож эх орноо хөгжил цэцэглэлтэнд хөтлөх түүхэн жил байгаасай гэж хүсэж байна. Эх орноо зөв удирдан чиглүүлэх нь өрх гэр бүл үр хүүхдүүдийн минь ирээдүйд чухал зүйл гэдгийг сүүлийн жилүүдэд ихээр ухамсарлан ойлгох боллоо.

-Энэ онд гэр бүлийнхээ болон өөрийн мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулалт ихээхэн хийхээр төлөвлөсөн байгаа. Шинэ салбарт ажиллахаар болсон. 2024 он амжилт дагуулсан жил болно гэдэгт итгэлтэй байна. Спортын амжилт гаргана. ХААИС-ийн Биеийн тамирын багшаар 15 дахь жилдээ ажиллаж оюутан залуусыг аэробик гимнастик, Чирлидингийн спортоор бэлтгэж хот улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцуулж байна. Бэлтгэсэн тамирчин оюутнууд маань тэмцээн уралдаандаа амжилттай оролцож медалиа зүүгээд зогсож байхыг харах хамгийн сайхан байдаг. Миний хувьд Аэробик гимнастикийн спортын дэд мастер, Чирлидингийн олон улсын шүүгч цолтой.

-Нэр нэгтнүүддээ амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Бид үр хүүхэд ирээдүй хойч үеэ эх орондоо хэрэгтэй, ухамсартай иргэн болгон хүмүүжүүлэх нь бидний зорилго гэдгийг хэлэхийг хүсч байна.

 

“Төрийн түшээд зөв шийдвэр гаргаасай”

Сонгинохайрхан дүүргийн иргэн Намжимын Мөнх-Эрдэнэ

-2024 онд төрийн түшээдүүд минь оновчтой шийдвэр гаргаж ард түмнийгээ бодсон зөв шийдвэрүүд гаргаасай гэж бодож байна.

-2024 он маань урин дулаан их сайхан гарлаа. Энэ жилийн зорилго гэвэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 100 жилийн ой болно. Тиймээс үр хүүхэд, гэр бүлтэйгээ ойдоо хамт явна. Сайхан нутагтаа очно гэхээр сэтгэл догдлоод сайхан байна.

-Мөнх-Эрдэнэ их сайхан билэгдэлтэй гоё нэр. Оны өмнө лайвчин Мөнх-Эрдэнэ суллагдлаа. Мөн Мөнх-Эрдэнэ гэсэн нэртэй бөхчүүд байна. Ийм нэртэй эмэгтэй, эрэгтэй хүн олон байдаг.

 

“Зөв сонголт хийхийг уриалж байна”

Баянгол дүүргийн иргэн, Монгол Улсын Филармонийн төгөлдөр хуурч Б.Мөнх-Эрдэнэ

-Оны эхэнд нэн тэргүүнд 2024 оны сонголтоо зөв хүмүүст өгөхийг иргэддээ уриалж байна. Мөн гэр хорооллын дэд бүтцийг улсаас шийдэж, нүүрс түлэхгүй байх боломжтой болгох нь ажил хэрэг болоосой гэж боддог. Мөн энэ жил өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч, СУИС- даа эргээд мэргэжлээрээ сурна. Мөн уртын дуугаа сурч, судлах мөрөөдлөө бодит бодлоор үйлдэл болгохыг зорьж байна. Миний туйлын хүсэл хөгжмөөрөө хүмүүст тус дэм болж өтлөх юмсан гэж мөрөөддөг.

 

“Лайвчин амьдаагаа эрх чөлөөтэй болсонд баяртай байгаа шүү”

Чингэлтэй дүүргийн иргэн Данаажавын Мөнх-Эрдэнэ

-Шинэ оныг хүн бүр сайн сайхнаар билэгдэн угтдаг. Энэ торгон агшинд танай сонины шинэ дугаарт өөрийн нэр нэгтнүүдтэйгээ зочилж буйдаа баяртай байна. 2024 он УИХ-ын сонгуулийн жил тохиож байна. Хүний эрх чөлөөг дээдэлсэн, ард түмэндээ ээлтэй шинэ их хурал бүрэлдэн тогтоосой. Ард түмний маань сонголт зөв байж  төр засгаа ард түмэн нь дээдэлдэг, төр засаг нь ард иргэдээ алагчлалгүй ивээдэг байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. 2024 оны зуны олимпод Монгол Улсын маань тамирчид амжилттай оролцож “Төрийнхөө дуулал”-ыг олонтой эгшиглүүлж төрийн далбаагаа олонтой намируулаасай хэмээн хүсч байна. 

-Гэр бүлийнхэн маань эе эвийг эрмэлзэж, эрүүл мэндээ дээдэлж, эрдэм боловсролдоо шамдан, эрхэлсэн ажилдаа эзэн байгаасай хэмээн хүсье.  Би өөрийгөө таньж мэдэхэд  анхаарсан дотор хүн рүүгээ хандсан жил байх болно. “Нароба” институтын буддын гүн ухаан, сэтгэл судлалын болон бясалгалын хоёр жилийн сургалтад явахаар төлөвлөж байгаа. 2024 он хүсэл маань биелсэн жил байгаасай.                                      

-Манай нэр нэгтнүүд дунд гайхалтай хүмүүс их бий дээ. Улсын арслан, олны анхаарал татсан лайвчин гээд л.  Ингэхэд лайвчин амьдаагаа эрх чөлөөтэй болсонд баяртай байгаа шүү. Одоо үзэл бодлоо зөөлөн илэрхийлдэг даруухан Мөнх-Эрдэнэ болсон байх аа гэж бодож байна.      

 

“Улсын наадамдаа арав дахь удаагаа хүч үзнэ”

Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн арслан

Б.Мөнх-Эрдэнэ-Хүн жилийн 365 хоногт олон дурсамж бүтээдэг.  Ирж буй 2024 он сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна. Хүн бүрийн сэтгэл санаа өөдрөг, ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ.

-Шинэ оны эхний бэлтгэлдээ орсон байна. Би үндэсний бөхийн бэлтгэлээ “Бөхбилэгт” дэвжээндээ базаадаг. Харин хүчний бэлтгэлээ хийхдээ Gold's gym, “Алдар” спорт хороонд бэлтгэлд хамрагдаж байна даа. Миний хувьд аймгийн арслан цол хүртээд арван жил болжээ. Өнгөрсөн хугацаанд тасралтгүй улсын наадамдаа зодоглолоо. Бөх хүний хамгийн том хүслийн нэг улсын цолтон болох билээ. Энэ зун улсын наадамдаа арав дахь удаагаа хүч үзнэ. Мөн олон сумын түүхт ой тохиож байгаа. Арын сайхан хангай нутгийн сумуудын ойд очиж наадна.  

-Бөхөд хайртай түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Бүгдэд аз хийморь ерөөе. Мөн “Бөхбилэгт” дэвжээний хүчтэнүүд минь  цолоо ахиулаасай гэж бодож байна.

 

“Мал аж ахуйдаа төвлөрч ажиллах зорилготой байна”

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын  “Хөвийн ам” дөрөвдүгээр багийн иргэн Б.Мөнх-Эрдэнэ

-Айлчлан ирсэн  2024 он сонгуулийн жил билээ. Тиймээс төрд ард түмнийг төлөөлөх хүмүүс нь улс орон, түмнээ боддог сэтгэлтэй байхыг хүсч байна. Сонгогдох  хүмүүс нь зөвийн төлөө шийдвэр гаргаж, улсаа хөгжүүлэхийн төлөө ажиллах чухал.

-Манайх таван хүүхэдтэй өнөр айл. Хамгийн том зорилго минь хүүхдүүдээ эрүүл өсгөж, сайн боловсрол эзэмшүүлэх юм. Тэднийгээ ухамсартай, сайн хүнийг болгохыг хичээдэг. Би жил бүрийн оны сүүлээр өнгөрсөн жилээ дүгнэж, ирэх ондоо  хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг. Энэ жил мал аж ахуйдаа төвлөрч ажиллах зорилготой байна. Өвлийг өнтэй давж урин хавартай золгоно доо.

-Ижил нэртэй олон хүнтэй оны эхний дугаарт нийтлэгдэж байгаадаа баяртай байна. Бүгдэд амьдралын сайн сайхныг хүсье.

 

"Энхийн дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийг зорьж байна"

Баян-Өлгий аймгийн иргэн Л.Мөнх-Эрдэнэ

Жұмыста табысты болу, жоғарылау және біліктілігімді арттыру үшін тілдерді үйрену және шетелде бейбітшілікті қолдау операцияларына қатысу

-2024 он маш онцлог жил байх болов уу гэж бодож байна. Миний хувьд зэвсэгт хүчинд ажилладаг учир ажилдаа амжилт гаргаж албан тушаал ахихыг зорьж байна. Мөн мэргэжлээ дээшлүүлэх, гадаад хэл сурч эх орноо төлөөлөн энхийн дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийг зорилгоо болгож байна. Монголын бүх  нэр нэгтнүүдийнхээ гэр бүл ажил амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

-2024 жыл ерекше жыл болады деп ойлаймын. Мен қарулы күштерде жұмыс істеймін, сондықтан менің мақсатым - жұмыста табысты болу, жоғарылау және біліктілігімді арттыру үшін тілдерді үйрену және шетелде бейбітшілікті қолдау операцияларына қатысу. Барлық Монғолдық қаруластарымызға отбасыларына бақыт пен денсаулық тілеймің.

 

 

“Аялал жуулчлалын чиглэлэээр бизнес эхлүүлсэн”

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Уньт” гуравдугаар багийн иргэн С.Мөнх-Эрдэнэ

-Энэ ондоо ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байгаасай гэж бодож байна. Мөн төр засаг төвшин амгалан сайхан жил байгаасай. Иргэдийн амжиргаа дээшилсэн сайхан жил болоосой.

-Би багш мэргэжилтэй. Өнгөрсөн оноос хувиараа бизнес эрхэлж байгаа.  Аялал жуулчлалын чиглэлэээр бизнес эхлүүлсэн. Тиймээс эрхэлж буй ажлаа өргөжүүлэх төлөвлөгөө бий. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хөдөлмөрлөх хамгаас чухал.

-Нэр нэгт хүмүүстээ болон Монгол түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Айлчлан ирсэн энэ жилдээ хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, санасан бүхэн нь биелээсэй. Ажлын амжилт, эрч хүч хүсье.

 

"Бүх зүйл засарсан, өөрчлөгдсөн, нийгэм эрүүлжсэн жил байгаасай"

Говь-Алтай аймгийн иргэн Ч.Мөнх-Эрдэнэ

-Улиран одсон 2023 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдлээ. Мэдээж 2024 оноо илүү сайхнаар, гэгээлгээр төсөөлж байна. Улс эх орон маань авлига, хулгай, хууль бус бүхнээс салж бүх зүйл засарсан, өөрчлөгдсөн, Монголын нийгэм эрүүлжсэн жил байгаасай гэж хүсэж байна.

-Би хувиараа бизнес эрхэлдэг. Манай Хунт Тайгам компани худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Миний төрж өссөн Дэлгэр суманд Тайгам нуур гэж бий. Энэ нууранд хун чуулах нь их үзэсгэлэнтэй. Тиймээс нутгийнхаа нуурыг бэлгэдэж Хунт Тайгам гэж компаниа нэрлэсэн. Айлчлан ирж буй шинэ ондоо эрхэлж буй ажлаа улам бататгах, өргөжүүлэхийг зорьж байна. Мөн гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарсан жил байх болно. Өөртэйгээ ижилхэн нэртэй олон Мөнх-Эрдэнэтэй хамт танай  сонины шинэ оны анхны дугаарыг чимж байгаадаа таатай байна. Хүн бүхэн эрүүл энх, тэгш дүүрэн байх болтугай. 

 

“Түмэн олны  минь  санаа бодол сайн сайханд тэмүүлсэн сайхан жил  болоосой”

“Говьсүмбэр” аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын  газрын дарга Д.Мөнх-эрдэнэ

-За та бүхэнд болон танай  сонины  уншигчдад шинэ оны баярын  мэнд  хүргэе ээ. Байгаль орчны  салбарт ажилладаг  хүний  хувьд  мэдээж эрхэлж байгаа ажил, хариуцсан ажлынхаа  хүрээнд  ярьмаар байна. Нутаг орныхоо байгаль орчинг хайрлан хамгаалж,  бидний  ирээдүй  болсон үр  хүүхдийнхээ сайн сайхны төлөө одоогийн байгаагаас дордуулахгүйгээр  хүлээлгэж  өгөх юмсан гэж бодож явдаг. Цаг уур байгаль дэлхийн өөрчлөлт  гээд бид сүүлийн жилүүдэд  их ярих болсон.  Бодлогогүй  хийсэн зүйлийнхээ үр  дагавар гамшигийг бид үзэж байгаа.  Тиймээс түмэн олноороо байгаль  дэлхийгээ  хайрлан хамгаалж  хүрээлэн буй  орчиндоо хандах хандлага а өөрчилөх юмсан. Мод тарихаас өгсүүлээд байгаль  дэлхийдээ хандах хандлага, хүрээлэн буй орчиноо хайрлан арчилж  тордох ажлыг өргөн хэмжээнд зохион байгуулж,   хүмүүст ойлгуулахын  тулд  ажиллаж байна. Эдгээр ажлууд маань үр дүнд  хүрсэн сайхан  жил  болоосой  гэж хүсч байна.

-Монголчууд нэр нэгтийн чих нэг гэж хэлдэг.  Эцэг эхийн  хайрласан энэ  сайхан алдар нэрээ  үргэлж  өндөрт  өргөж сайнаар дуурсгаж явахыг хүсье. Мөн Монгол түмэн олондоо 2024 ондоо элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин  амгалан юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэгчилэн бүтэж байхын  ерөөлийг дэвшүүлье.  “Монгол хүний буян заяа  их” -ээ  гэж  өвөг дээдэс минь хэлсэн байдаг.  Нийгмийн  ёс  суртахууны доройтол уналтгүй  байж, ард түмний  санаа бодол сайн сайханд  тэмүүлсэн, буян заяа нь  дээд  түвшинд гарсан  ахиц  дэвшилд хүрсэн сайхан  жил гараасай  гэж  хүсч байна.

 

“2024 ондоо өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээгээрэй”

Дархан-Уул аймгийн иргэн Мөнхдоржийн Мөнх-Эрдэнэ

-Би  Дархан-Уул аймгийн Дархан суманд төрж өссөн.  Монгол Улсын Консерваторид суралцаж дуурийн дуулаачаар Б.Банзаржав багшийн удирдлага дор төгссөн.

-2024 оныг шинэ эхлэл, шинэ боломжуудаар дүүрэн байна гэж төсөөлж байна. Энэ жил хувь хүний хөгжил тал дээр анхаарч, шинэ ур чадварт суралцах мөн хувь уран бүтээлийн сангаа баяжуулах зорилго зорилтуудыг биелүүлж ажиллана.

-Нэр нэгтийн заяа нэг гэж та бүхэндээ өөртөө хүсдэг аз жаргал жаргалыг хүсье. Монголынхоо нийт ард түмэндээ шинэ оноо хайртай хүмүүстэйгээ, халуун ам бүлээрээ аз жаргалтай угтан, ирэх ондоо  өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээцгээе.

 

“Бид ирээдүйгээ гэрэлтүүлэх сүүлийн боломж ч байж болох юм”

Дорнод аймгийн иргэн А.Мөнх-Эрдэнэ

-Би Чойбалсан сумын “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК инженерээр ажилладаг.  2024 он бүхний хувьд маш чухал жил болно.  Бид ирээдүйгээ гэрэлтүүлэх сүүлийн боломж ч байж болох юм. Өнөөдрөө биш маргаашаа бодсон шийдвэр гаргах сонголт энэ жил бидний гарт байх болов уу.

-Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд илүү их хөдөлмөрлөж илүү хичээх болно.

-Нэр нэгтүүд маань энэ ондоо илүү аз жаргалтай, амжилтаар дүүрэн байхыг хүсье.

 

“Хүн бүр өөрчлөлтийг авчрах оролцоотой байгаасай”

Дорноговь аймгийн иргэн,  "Манлайллын эхлэл хөгжлийн төв"-ийн захирал Дэлгэрсайханы Мөнх-Эрдэнэ

-Би Дорноговь аймгийн Сайншанд хотод амьдардаг. 2024 оныг хоосон мөрөөдөж биш бодит байдалтай нүүр тулж, даван гарч чадсан хариуцлагатай жил байхаар төлөвлөж байна. Харин хувь хүн талаас өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, илүү хөгжүүлэх дээр анхаарна. Ингэхийн тулд энгийн зүйлээс эхлэхээр шийдсэн. Тухайлбал, өглөөний цай, өдрийн хоолыг бэлэн бүтээгдэхүүн биш өөрөө бэлдэж хэрэглэх, үүнийгээ дадал болгох дээр анхаарна. Мөн санхүүгийн хувьд сахилга баттай байх, өөрийн амьдрах орон байраа өр зээлгүй болгох зорилго тавьсан. Өнгөрсөн хугацаанд аливаа зүйлийг өөрчилж сайжруулмаар байвал өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг ойлгосон. Мөн хүн бүр эх орноо гэсэн сэтгэлтэй, өөрчлөлтийг авчрах оролцоотой байгаасай гэж хүсэж байна. Учир нь 30 гаруй жил хүн бүр хар амиа бодож явсаар улс орон маань хүнд байдалд ороод байна. Нийгэмд хүн бүр оролцоотой байж хөгжих ёстой.

-2024 онд би хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байна. Бидний ирээдүй болсон хүүхдүүд, эцэг, эхчүүдтэйгээ ойлголцож чадахгүй, үүнээс болж хүүхдүүд сэтгэл гутралд ихээр өртөж байна. Тухайлбал, эцэг эхчүүд орой 22:00 цагаас хойш өөрсдөө утас оролддог хэрнээ хүүхэддээ болохоор битгий утас ухаад бай гэсэн шаардлага тавьдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө ном уншдаггүй хэрнээ хүүхдээ ном сайн унш, онц сур гэдэг. Энэ мэтчилэн олон үл ойлголцол хүүхдэд дарамт болдог. Энэ нь даамжирвал сэтгэл гутралд өртөж, хүүхдийн хичээл сурлага муудах, харилцаа хандлага өөрчлөгдөх сөрөг үр дагавартай. Харамсалтай нь олон хүүхэд ийм байдалд байна. Тиймээс үүнийг өөрчлөхийг хүсэж, зорилгоо болгосон. Энэ зорилгоо биелүүлж 5000 эцэг эх, 8000 хүүхдүүдтэй ажиллахаар төлөвлөж байна.

 

“Бөх болохыг билгэдэж энэ нэрийг хайрласан”

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн А.Мөнх-Эрдэнэ

-Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье. Миний нэр их түгээмэл байдаг. Анх Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ гэж цагийг эзэлсэн бөхчүүдийг шимтэн үздэг байсан өвөө маань бөх болохыг билэгдэж ийм нэр хайрласан гэдэг.

-Миний хувьд 2024 он их зүйлийг бүтээхээр урдаа маш олон зорилго тавьсан жил болж байна. Хамгийн түрүүнд хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх, Боловсрол дээшлүүлэх мөн амьдралынхаа хамгийн үнэт зүйл болох гэр бүл төлөвлөлтийн талаар онцгой анхаарч төлөвлөгөөндөө тулгаад байна.

-Нэр нэгтнүүддээ хандаж та бүхний гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 

“Шударга төртэй болмоор байна”

Завхан аймаг Түдэвтэй сумын өндөр настан Я.Мөнх-Эрдэнэ

-2024 оноо маш өөдрөг, сайхан бүхнээр харж төсөөлж байна даа. Ардчилсан төр арчаагүй нөхдөөс салсан ард түмэн сайн бүгдээр дэлгэрч яваг.

-Нэн түрүүн шударга төр гарч хуулийн байгууллага зөв шийдвэр гаргадаг тийм л болох чухал. Тийм болох сонголтыг ард иргэдээсээ хүсч байна.

-Амьдаа нартаа болон Монголын ард түмэндээ дээрээ тэнгэрийн нартай дэргэдээ ханийн жаргалтай өвөр дээрээ үрийн заяатай байх болтугай гэж хүсэн ерөөе.

 

Хүнлэг нийгмийг бүтээсэн сайхан жил болох болтугай

Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Доржсүрэнгийн Мөнх-Эрдэнэ

-Улс эх орны хувьд 2024 он сонгуулийн жил, иргэдийн сонголт оновчтой байгаасай гэж хүсэж байна. Сонгогчид хариуцлагатай хандаж сонгуульдаа оролцож, сонголтоо зөв хийж, сонгогдсон төрийн түшээд нь ирээдүйн төлөө ул суурьтай, төлөвлөгөөтэй ажиллаж эх орон, үр хойчдоо илүү их өгөөжтэй шийдвэр гаргаж, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Нийгмийн анхдагч нэгж гэр бүлийн гишүүн бүр хүсэл мөрөөдөлтэй, хувь хүн нэг бүр төлөвлөгөөтэй санасан сэдсэн бүхэн нь сэтгэлчлэн бүтсэн сайхан өгөөжтэй жил байх болно.

-Миний зорилго хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023.12.28 өдрийн 219 тоот тушаалаар олгосон. Энэ ажилдаа эзэн болж ажиллах мөн Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг төрийн албаны шалгалтын хуулийн жагсаалтад оруулах мөрөөдөлтэй байна.

-Мөнхөд гялалзаж буй эрдэнэсүүддээ болон ард түмэндээ өөрийн байгаа газраа зөв зүйлд гэрэл гэгээ болж, үр хүүхэд, хойч үедээ бахархал нь болж яваарай. Ирж буй 2024 ондоо гэр бүлээрээ хүсэл мөрөөдлөө биелүүлсэн, хүн чанар нь гэрэлтсэн, хүнлэг нийгмийг бүтээсэн сайхан жил болох болтугай гэж ерөөе.

 

"Сайн хань, сайн аав, шилдэг ажилтан байхыг зорилго болгоно"

Өвөрхангай аймгийн иргэн  Очирпүрэвийн Мөнх-Эрдэнэ

-2024 оны босгон дээр шинэ цолоо авч мөн шинэ гэр бүлийн гишүүнээ өлгийдөн авсан маш сайхан он гарч байна. 2024 онд их ажил, амжилт хүлээж байгаа байх. Би нэн тэргүүнд сайн хань, сайн аав, шилдэг ажилтан байхыг зорилго болгоно. Зорилгодоо хүрэхийн тулд үнэнч, тууштай хичээнгүй байхыг эрмэлзэх болно.


"Тэжээлийн ургамал тариалах мөрөөдлөө биелүүлнэ"

Өмнөговь аймгийн  Баян-Овоо сумын II багийн малчин Жигмэдсамбын Мөнх-Эрдэнэ

-2024 он сайхан жил байгаасай. Ард түмэн улстөрийн сонголтоо зөв хийгээсэй. Манай сум энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Тиймээс их бүтээн байгуулалтын жил байгаасай. Манай сумын  удирдлагууд маш ажил хэрэгч залуучууд байдаг. Сум бие даан сайн хөгжиж байна. Аймгийн тэрүүний сумаар дөрвөн удаа шалгарсан.  2023 онд гурван км зам  хатуу хучилттай авто зам барьж ашиглалтад орууллаа. Дотроосоо хөгжиж буй маш цэвэрхэн сум. Энэ онд улам илүү хөгжинө гэдэгт миний хувьд  сэтгэл хангалуун байна.

-Би одоо 70 нас руу дөхөж явна. Хөгшинтэйгээ хоёиулаа цөөн тооны хэдэн үхэр маллан амьдарч байна. Мөн сүүлийн хэдэн жилд өөрийн нэг га орчим талбайд 20 гаруй нэр төрлийн ногоо тарьж сумынхаа хэрэгцээг хангах гээд зүтгэж байна. Бас 300 орчим мод тарьж цөлжилтийн эсрэг тэмцэлд нэгдсэн. 2024 онд ногоо тарьдаг талбайгаа өргөжүүлж таван га газартаа тэжээлийн ургамал тарьж ургуулах төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл тээж байна. Сүүлийн жилүүдэд манай сум төдийгүй говь нутаг маань  цөлжиж мал идэх өвс, ногоо муутай болсон. Тииймээс олон наст ургамлын согооворын үр, царгас зэрэг тэжээлийн ургамал тариалах мөрөөдөлтэй. Тэтгэврийн  бид хоёр мэдээж санхүүгийн боломж муу. Гэхдээ ямар ч байсан энэ жил эхлүүлнэ. Нэг худагтай. Худгаа тордож сэргээнэ. Хамгийн гол юм талбайгаа хашаалах шаардлагатай. Хашаалах аргыг яаж хийж байгаад олно оо.

-Амидаа нартаа эрүүл энх, урт удаан насалж ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаарай гэж хүсэн ерөөхийн ялдамд эх дэлхийнхээ уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж мод, бут тариарай гэж хүсье дээ. 

 

“2024 оныг маш их өөдрөгөөр төсөөлж байна”

Сүхбаатар аймгийн иргэн  Б.Мөнх-Эрдэнэ

-Би Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр ажилладаг. Залуу, ээж, гэргий хүн мөн төрийн албан хаагч хүний хувьд 2024 оныг маш их өөдрөгөөр төсөөлж байгаа.

-Шинэ ондоо зорилго, мөрөөдлийнхөө төлөө хамгийн түрүүнд хэрэгжүүлэх алхам бол гэр бүлдээ илүү цаг зарцуулна. Үүн дотор эрүүл мэндийн асуудлыг нэн түрүүнд тавина. Учир нь төрийн албан хаагч бид ар гэр, амьдрал ахуй, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсролыг анзаарах сөхөөгүй орхигдуулах үе их байдаг. Хийж гүйцэтгэж буй ажлынхаа хүрээнд болон бие хүн болоход түлхэц өгөх урамшуулах үүднээс оюун ухаандаа мэдлэг нэмэх хөрөнгө оруулалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Нэр нэгтнүүддээ хандаж хэлэхэд 2024 ондоо эрүүл энх байж, зогсолтгүй урагшлах, амжилт бүтээлээр арвин жил байх болтугай.

 

"Уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх том зорилго тавьсан"

Сэлэнгэ аймгийн иргэн Д.Мөнх-Эрдэнэ

-Шинэ он, шинэ сар гарч байна. Ирж буй 2024 ондоо улс орон маань хийсэн бүтээсэн зүйл ихтэй, ард түмэн “юм” бодож хандлага харилцаа нь өөрчлөгдөж шинэчлэгдсэн бүтээлч жил байгаасай гэж хүсч байна. Тэр дундаа шинэ үе салбар бүрт манлайлж, залуу хүмүүсээр удирдуулсан шинэчлэлийн жил байгаасай.

-Хувь хүний хувьд 2023 он уран бүтээлийн олз, эрэлхийллээр дүүрэн байлаа. Харин шинэ ондоо амжилт бүтээлээ бататгаж уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх том зорилго тавьсан. Тиймээс энэ зорилгынхоо төлөө зогсолтгүй урагшилж, хичээх болно. Өөртэйгээ ижил олон Мөнх-Эрдэнүүддээ болон “Зууны мэдээ” сонины уншигчдад сайн сайхныг хүсье.

 

“Иргэдийн эрүүл энхийг төлөө хичээн ажиллах болно”

Төв аймгийн иргэн  А.Мөнх-Эрдэнэ

-Би 37 настай. Төв аймгийн Лүн суманд төрж, өссөн.  Одоо сумандаа ирэн очин амьдардаг. Би сувилагч мэргэжилтэй. Сувилагчаар 15 дахь жилдээ ажиллаж байна.   2024 онд бусад хүмүүсийн нэгэн адил хийж бүтээх ажлаа хувьдаа төлөвлөсөн байна. Бодож төлөвлөсөн ажлууд биелэлээ олсон сайхан жил байгаасай гэж шинэ оноо өөдрөгөөр төсөөлж байна.  

-Нэн түрүүнд хэрэгжүүлэх зорилго гэвэл, хийж буй ажилдаа илүү үүрэг хариуцлагатай хандах. Би хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах хариуцлагатай ажил хийдэг учраас иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, түргэн шуурхай чанартай хүртээмжтэй үйлчлэхэд анхаарна.

-Мөрөөдөл гэвэл, хүн өөртөө амьдрах тухтай орчин бүрдүүлэх ёстой гэж боддог. Миний одоогийн хамгийн ойрын мөрөөдөл гоё зуслангийн байшинтай болох. Үүнийхээ төлөө хичээж ажиллах болно. 2024 он хүн бүхний мөрөөдөл хүсэл биелэсэн жил байгаасай гэж бодож байна.

 

100 сая мод тарьж экологийн тэнцвэрт байдлаа хадгалахыг зорьж байна

Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газрын  ойн инженер, аймгийн начин Т.Мөнх-Эрдэнэ

-Шинэ  оны  эхний  өдөр  уул хангайдаа гараад явж байхад  та бүхэн  залгаж байгаа  нь сайхан санагдаж байна.  Миний хувьд  Увс аймгийнхаа  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ерөнхий  газарт  ойн инженерээр ажилладаг. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум  мод  хөдөлгөөнд манай  байгууллага идэвхитэй  оролцож 100 сая мод тарих амлалт  авсан. 2024 онд тарьж  ургуулж байгаа мод маань сайхан ургаж, арчилгаа  усалгаа нь жигдэрч сайхан суулгац  болоосой, хийж байгаа ажлын  маань  үр  дүн  гараасай гэж хүсч байна. Байгаль дэлхий  маань өнгөө  засаад ногоон   байгаасай. Экологийн  тэнцвэрт  байдал  хадгалагдаасай.

-Хувь хүнийхээ хувьд Үндэсний бөхийн спортоор хичээллэж, аймгийн  нэмэх начин  цолтой. Увс аймагтаа  гурван удаа  тав давсан. Нэгэнт бөхөөрөө  явж  байгаа  хүний хувьд  аймгийн  арслан  цол  авах зорилготой  байна. Улсын наадамд ч барилдах  зорилго  бас бий.

-Манай  Монгол Улсад Мөнх-Эрдэнэ  нэртэй  хүмүүс  их байдаг юм билээ.  Нэр  нэгтэй  амьдаа нартайгаа их таарч байсан. Мөнх-Эрдэнэ  гээд дуудахаар  чих сортос гээд л сайхан л байдаг.  Ижил нэртэй  хүмүүс  улс  орондоо  ихийг  хийж  бүтээсэн өөр  өөрсдийнхөө салбартаа амжилт гаргаасай  гэж  хүсч байна.

 

Улс  эх орныхоо өмнө  хүлээсэн үүргээ л сайн  биелүүлэхийг  хүсч байна

“Ховд” аймгийн Цагдаагийн газрын мянгат  сумын, сум дундын тасгийн дарга дэд хурандаа Б.Мөнх-Эрдэнэ

-Манай хамт олны хувьд 2024 онд  хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж,  Улс  эх орныхоо  өмнө  хүлээсэн үүргээ  биелүүлж ямар нэг сахилга батын  зөрчилгүй тэргүүний  хамт олон болохыг зорьсон байгаа. Хувь  хүний хувьд  энэ жил цагдаагийн байгууллагад ажилласан жил дуусч насандаа суух  байх.  

-Нэр  нэгт Мөнх -Эрдэнүүддээ  гэр бүлд  нь аз  жаргал сайн сайхныг хүсье. Мөн “Зууны мэдээ” сонины уншигчдадаа энэ жил санасан бүхнээ бүтээж олз  омогтой хамгийн гол  нь  эрүүл энх байхыг хүсч өөрт  хүсдэг сайхан  бүхнийг  хүсье.

 

“Улс даяараа  алдагдсан боломжоо эргүүлэн авсан жил болоосой”

Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Лувсандоржийн Мөнх-Эрдэнэ

1. “Зууны мэдээ” сонины уншигч та бүхэндээ шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе. 2024 он миний бодлоор арай илүү сайхан жил болох байх гэж харж байна. Монгол Улс ойрын хэдэн жилийг  хүнд байдалтай өнгөрүүлж байгааг хүн бүр биеэрээ мэдэрсэн байх. Бүгд л  санхүү болон эрүүл мэндийн хувьд  их хохирлыг амссан. 2023 онд энэ байдал арай дээрдсэн шинэ амьдралын эхлэл юм шиг санагдсан. Харин 2024 онд энэ бүгд  жигдэрсэн сайхан жил байгаасай. Иргэн, өрх бүр, улс даяараа  алдагдсан боломжоо ахиулсан жил болоосой гэж хүсэж байна.

2. Би одоо 33 настай. Эхнэр, дөрвөн хүүхэдтэй. Энэ жилийн манай гэр бүлийн зорилго  ямар ч байсан өр, зээлээ дуусгах  гэсэн том зорилго тавьж байна. 2016  оноос хойш  Хөвсгөл аймагтаа  ажиллаж амьдарч  сум орон нутгаа хөгжүүлхэд хувь нэмрээ оруулах гээд зүтгэсээр ирсэн. 2023 онд  ажилд ороод  зургаан сар болоод  хашаа байшин, цалингийн зээл авсан. Мөн эхнэр маань машин авсан. Залуу хүмүүст амьдралыг тэгээс эхлүүлэх хэцүү байдаг. Бид өмнө нь  өр зээлтэй амьдраад 8,9 жил болсон байсан. Энэ жил дуусгах боломжтой болж байх шиг байна. Хадгаламж хуримтлалтай болох төлөвлөгөө гаргасан. Мэдээж нэг ажил хийж зээлээ дарахад  хүнд учраас давхар ажил хийж үзэхээр шийдэж  “ Хөвсгөл ЭВ УХАТ” ХХК”-нд гэрээгээр ажиллаж байна.

3. Нэр нэгтнүүддээ 2024 ондоо зорьсон зорилгодоо хүрч аз хийморь дүүрэн байгаарай. Хамгийн гол нь  эрүүл байх хэрэгтэй. Спортоор хичээллээрэй гэж хэлье дээ.

 

“Алдар нэрээ өндөрт өргөж эрхэмлэж яваарай”

Хэнтий аймгийн иргэн, Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч

Чинзоригийн Мөнх-Эрдэнэ -Би Хэнтий аймаг Нэгдсэн эмнэлэгт ес дэх жилээ ажиллаж байна. 2024 оныг хүн болгон өөрчлөлт, шинэчлэл хувьсалыг шаардсан, ажил хөдөлмөр ундарсан өрнүүн сайхан жил болох байх гэж бодож байна. Би хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгож, оношилж, эмчлэх хүсдэг. Ялангуяа Хэнтий нутгийнхаа иргэдэд зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулах, зүрхний эхо болон 24 цагийн зүрхний бичлэгийг өдөр тутмын ажилдаа олон хүнийг хамруулж ажиллах зэрэг ажил хэрэг болгохоор бодсон зүйл их байгаа. Түүнчлэн өөрийн төрсөн сум болох Баянхутаг сумын малчдад эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах тал дээр ажиллана. Нэг ч гэсэн хүнд эрүүл мэндийн хувьд мэдлэг ойлголт өгч, туслахыг хүсэж байна. Миний нэр намайг үргэлж ивээж, хамгаалж байдаг гэж боддог. Аав, ээж маань 1990, 1991 онд дараалж хоёр хүүтэй болоод харамсалтай нь нэгиийг нь алдсан гэдэг. Ахыг маань Бат-Эрдэнэ гэдэг аав маань нөгөө ахад Мөнх-Эрдэнэ гэж нэр өгөх бсан байх .Удалгүй би төрсөн болохоор аав минь нандигнасан нэрээ өгсөн байх гэж хожим ойлгосон. Би бага байхдаа надад эрэгтэй нэр өгчихсөн гээд гомдолдог байлаа. Намайг хүмүүс эрэгтэй гэж бас боддог. Энэ нь хааяа бас тус болдог. Нэр нэгтэй ах эгч, дүү нартаа болон ард түмэндээ сайхан бүхнийг хүсэе.Ээж аавынхаа хайрласан алдар нэрийг өндөрт өргөж нандигдаж эрхэмлэж яваарай.

 

“Дуудах нэрийг минь өгөхдөө дуурсах алдрыг нь мөн бэлэгшээсэн биз ээ”

Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ

-Би Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Аав, ээжийн минь өгсөн нэр. Яагаад өгсөн, яг хэн өгсөн бэ гэж асууж байсангүй. Хүний нэрний сонголтод тухайн ард түмний нэр өгөх уламжлал, тухайн үеийн нийгмийн үзэл суртал, нэр өгөгчийн хандлага зэрэг зүйлс нөлөөтэй байдаг. Монголын нэрлэх уламжлал их өвөрмөц. Эдүгээ хүртэл овгийн нэр (surname) гэгчийг амьдрал дээр хэрэглэдэггүй.  Хүн бүрийг өөрийнх нэрээр дууддаг. Тиймээс хүн бүрийн өвөрмөц байх ёстой болдог. Харин ямар үгээр нэрлэх нь тухайн үеийн нийгмийн үзэл суртлаас ихээхэн хамаардаг. Бурханы шашин их дэлгэрсэн үед Төвд үгс их хэрэглэсэн бол иргэний боловсрол сэргэснээс хойш Монгол үгс, түүн дотроо хувьсгалч, түүхэн, мөн утга уянга, урлаг, ерөөлийнх ч байдаг байх.  Анзаарч байхад Мөнх-Эрдэнэ гэдэг нэр 1970-аад оноос дэлгэрсэн үлгэрлэн зохиосон нэр мэт санагддаг. Мөнхбат аваргын л нөлөө болов уу. Миний бага ахын нэр Мөнхбат, дунд ахын нэр Эрдэнэбилэг. Тиймээс л Мөнх-Эрдэнэ болсон болов уу.

-Би Кэмбрижийн олон улсын хуулийн түүх (The Cambridge History of International Law) гэдэг номонд Монголын эзэнт гүрний гэсэн, гэхдээ он цагийн хувьд 1200–1783 оныг хамарсан, нэг бүлэг бичиж байгаа. Энэ сарын дундуур гэхэд өгөх ёстой. Түүнийг амжиж дуусгах санаатай. Мөн хоёрдугаар сарын дундуур Беркелэй дэх Калифорнийн Их Сургууль дээр эрдэм шинжилгээний хуралтай.

-Дуудах нэрийг аав, ээж минь өгөхдөө дуурсах алдрыг нь мөн бэлэгшээсэн буй заа. Тиймээс шинэ оны мэнд хүргэхийн хамт амжилт, бүтээл арвин байхын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье!   

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 1 (7245)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

30 мин