Хэвлэн нийтлэх эрх чөлөө ба Монгол Улс

2023-12-22
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ, Б.НЯМСҮРЭН

 

ТВ9 телевизийн 20 жилийн ойн хүрээнд Хэвлэн нийтлэх эрх чөлөө сэдэвт хэлэлцүүлгийг ХЭҮК, МСНЭ, Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож хэвлэн нийтлэх эрх чөлөөний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сэтгүүлчдийн ёс зүйг хөндлөө.

Хэвлэн нийтлэх эрх чөлөө фрактикт, Хэвлэлийн эрх чөлөөнд тулгарч буй хууль, эрх зүйн нөхцөл байдал-гарц шийдэл, Сэтгүүлчийн ёс зүй- сургамж гэсэн үндсэн гурван сэдвээр тал бүрийн төлөөлөл байр сууриа илэрхийлж гарц шийдлийг тодорхойллоо.

Хэлэлцүүлэгт уригдан үг хэлсэн, илтгэл тавьсан зарим зочны байр суурийг хүргэж байна.

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА БОЛ “АРД ТҮМЭН”

 

-Улстөрч хүний хувьд хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүндэтгэсээр ирсэн. Ерөнхийлөгчөөр ажиллах  хугацаандаа хэвлэл мэдээллийн салбарт  нөлөөлж буй  хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байлаа. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай  хуулийг бий болгох шаардлагатай хэмээн үзэж Э.Бат-Үүл, Ганди нарын хүмүүстэй хамтран ажиллаж товчхон, эрх чөлөөг баталгаажуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн баталж байсан. Энэхүү хуулийг эргэн харахад дутуу гаргачихав уу, илүү дэлгэрэнгүй болгох байж дээ гэж бодож байсан ч харьцангуй гол зарчмуудыг тусгажээ хэмээн бодож байна. 2004 оны сонгуулийн дараа МАХН, АН хамтран МҮОНРТ-ийг өөрчлөн олон нийтийн телевиз болгох санаачилга  гаргасан. Үүнээс хойш олон нийтийн статустай үйл ажиллагаа явуулж байна.

Үүнийг хэрэгжүүлэхэд мөн л дутуу зүйлс байгаа. Тэр үед телевизийн тоног төхөөрөмжөөс хураамж авдаг, реклам авдаггүй, реклам авах эрхийг арилжааны телевизэд олгох тэнцвэртэй байдлыг бий болгохыг зорьсон.  Харамсалтай нь  одоог хүртэл хэрэгжихгүй байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр Монгол хүн, төр засагт хэлж буй үг, хийж буй үйлдэл их зөрдөг дутагдалтай тал байна. Ялангуяа төр засаг, улс төрийн намуудад их ажиглагдаж байна. Хэлэх нэг хэрэг, хийх нэг хэрэг гэдгийг салгаж ойлгоод хэлсэн бол боллоо гэж ойлгоод буй нь харамсалтай санагдаж байна. Үүнийг салгаж ойлгох хэрэгтэй. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө давхар явж буй.

Шашнаар яривал Библи сударт “Бүхний эхэнд үг байсан. Үг өөрөө бурхан байсан” гэдэг. Үг гэдэг нь ийм уламжлалтай, оюун ухаан, шашны том үзэгдэл юм. Үүнийг хааж боох ямар ч бололцоогүй. Тодорхой хугацаанд ямар нэгэн хууль гаргаад хааж боодог ч, дараа нь хүссэн хүсээгүй үг ялах болно. Үг үйл хэрэг болж байж ялна. Үг үг байснаараа буй үйл хэрэг болох ёстой. Хэлсэн үгээрээ өөрөө байх, улстөрчид аль нэг үгийг баримталж, үйл хэрэг болж байна уу гэдгийг хянах үүрэг иргэдэд бий.

Та бүхний ярьж буйгаар УИХ хуульд зөрчилтэй зүйлс  гаргаад байна гэж буй нь үнэн. Үүнийг засах хэрэгтэй, ийм хууль байж болохгүй. Гэхдээ энэ нь өнөөдрийн УИХ-тай холбоотой зүйл биш юм.  Тогтолцоо гажуудаад байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн салбар үнэхээр өөрсдийн эрх ашиг хөндөгдөж буйг ойлгож ажиллах хэрэгтэй. Яагаад энэхүү гаж тогтолцоо үүсэх болов гэвэл  өнөөдөр үйлчилж буй Үндсэн хуульд төрийн эрх мэдэл, төр засгийн бүрэн эрхийн талаар олон улсад тогтсон онол практикийг зөрчиж буйгаас шалтгаалж байна.

Төр засаг та бидний эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллага. Эргээд дарамтлах эрхтэй байгууллага биш гэдгийг олон зуун жилийн өмнөөс сэтгэгчид онол бий болгосон. Гэвч энэ хооронд хүн төрөлхтөн нийгмийн гэрээг хэрэгжүүлэх тал дээр төр засгийн мөн чанарын тал дээр будилсан. Эрдэмтэд энэхүү будилаад байгаа учир шалтгааныг олж гурван эрх мэдэлд хуваагддаг юм байна гэдгийг тогтоосон. Үүнд хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эдгээр нь нэг нь нэгнийхээ дээр гарч болохгүй юм байна. Мөн эдгээр нь нэг байгууллага, нэг хүний гарт төвлөрч болохгүй гэдгийг тогтоосон. Тиймээс эдгээр нь хараат бус  үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Энэхүү онолыг хүндэтгэн, хүлээн авч, хүнд саад бэрхшээлийг даван туулж байгаа, төр засгийн тогтолцоог зөв болгож буй улс орон хөгжиж байна. АНУ-ын үндсэн хууль юу гэж эхэлдэг вэ гэвэл “Ард түмэн  бид хоорондоо ижил тэгш эрхтэй төрсөн, өөрийн эрхэм чанартай төрсөн, аз жаргалын хойноос хөөцөлдөх, тэмүүлэх эрхтэй гэдгийг зарласан” байдаг. Энэ үг болгоны цаана зүгээр нэг урам зориг төдий гоё үг биш. Энэ үг болгоны цаана үйлдэл байх ёстой гэж үздэг. Үүний дагуу хөгжлийн түвшин өндөр байна. Монгол Улс дээр дурдсан зүйлсийг зөрчиж, Үндсэн хуульдаа УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэдэг. УИХ хууль тогтоох үүрэгтэй, төрийн эрх барих дээд байгууллага гэж байх ёсгүй. Эрх барих дээд байгууллага бол “Ард түмэн”. Гэтэл ард түмнээсээ эрхийг булааж, төрийн дээд байгууллага нь парламент гээд тогтоочихсон. Тиймээс парламент өнөөдөр хяналтаас гадна байна. 1992 оноос хойш байгуулагдсан бүх парламентууд Үндсэн хуулийн дагуу байгуулагдан хяналтаас гадна байсан. Өнөөдрийн парламентыг сайн, муу хэмээн хэлж байгаа бус. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллага өөрийгөө л хамгаалах, хянуулахгүй байх хүсэл эрмэлзлийг илэрхийлнэ.  Шинэ Үндсэн хууль баталж өөрчлөх хэрэгтэй. Одоогийн Үндсэн хууль байгаа цагт сэтгүүлчдийн эрх хумигдсан хэвээр, иргэний эрх эдлэгдэхгүй хэвээр байна. Өнгөрсөн 30 жилийн  үйл явдлыг харвал хэн нэг хүнийг буруутгахгүйгээр тогтолцоо буруу тогтсон хэмээн ойлгох үүргийг засах гэдэгт анхаарах хэрэгтэй. Ингэснээр хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжтой.

 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: СЭТГҮҮЛЧИД БУСДЫН ТӨЛӨӨ ДУУГАРДАГ ШИГЭЭ ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ДУУГАРАХ ЦАГ БОЛСОН

-Цагаан дээр хараар бичээд хууль тогтоох дээд байгууллага нь баталчихдаг. Эрүүгийн хууль нь сэтгүүлчдийг ажлаа хийсний төлөө хэрэгт яллагдагчаар татдаг байдал хэрээс хэтэрлээ. Хэдхэн хоногийн дотор гэрчээс сэжигтэн, яллагдагч болон торны цаана суудаг боллоо. Сэтгүүлч эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажлаа хийснийхээ төлөө  ялтан болгох гэсэн Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл заалт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тухайлбал, Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яаралтай горимоор хэлэлцэхээр УИХ-д өргөн барьсан. Энэ сарын 7-ны өдөр тус нэмэлт өөрчлөлтийг баталсан. Энэ өөрчлөлтийн 21.9-д мөрдөн байцаалтын нууц задруулсан гэх зүйл заалтыг өөрчлөх нь буруу юм гэсэн анхааруулгыг МСНЭ, мэргэжлийн байгууллагууд холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн.

Арванхоёрдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Zarig.mn сайтын хаасан. Үүний дагуу холбогдох хүмүүстэй холбогдож, уулзсан. Ийнхүү Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн тохирсон. Үүний дараа  олон нийтийн хэлэлцүүлэг 30 хоногийн хугацаанд эхлүүлэх ёстой. Засгийн газар УИХ-д өргөн барина гэсэн боловч бидний ярьснаас нэг, хоёр үг нэмэгдээд ороод ирсэн гэх мэт асуудлууд бидэнд тулгараад байна. Тиймээс бид Хэвлэлийн эрх чөлөөнийхөө төлөө олон талаас нь ярилцаж санал дүгнэлтээ гаргах гэж байна. Сэтгүүлчид бусдын төлөө дуугардаг шигээ өөрсдийнхөө төлөө дуугарах цаг болсон.

 

TВ9 телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөр: БИД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЯЗГААРГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ГЭЖ АНДУУРЧ ЯВНА

 

-TВ9 телевиз 20 жилийн өмнө анхны эфирээ цацсан. Ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн хэлэлцүүлэг. Жаргал зовлон туулж яваа байгууллагын хувьд энэ салбарын нөхцөл байдлыг ярилцана. Үүгээрээ дамжуулж нийгэмд дуу хоолойгоо хүргэж олны үзэл бодлыг зөв болгох хүслээр хэлэлцүүлгээ зохион  байгуулж байна.

Үндсэн хуулиар итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэхийг 1992 он баталгаажуулсан. Энэ хуулийн хүрээнд 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг баталж гаргасан. Үүнээс хойш ямар ч нэмэлт өөрчлөлт ороогүй. Тус хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагад цензур тогтоохыг хориглоно гэсэн зүйл заалтыг хангалттай гэж үзээд өдий хүртэл дагаж ирсэн. Нэг талдаа эрх чөлөөтэй, давуу байгаа гэж ойлгож болох ч нөгөө талдаа ойлгомжгүй  байдал үүсгэдэг. Тодорхойгүй байгаа энэ харилцааг төр засгийнхан давуу байдал болгон ашиглаж байна. Харин хэвлэл мэдээллийн салбар энэ хуулийн тусламжтайгаар үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж чадаж байна гэж ойлгож явсан нь төөрөгдөл. Хуулийн тусламжтайгаар хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлч, сурвалжлагч хэвлэн нийтлэх эрхээ хангалттай эдэлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тиймээс олон улсын байгууллагаас гаргаж байгаа хэвлэл мэдээллийн салбарын хэвлэн нийтлэх эрх чөлөөний индекс 2021 онд 60 дугаар байрт байсан. Харин өнгөрсөн онд 90 дүгээр байр, одоо 88 дугаар байрт яваа. Бид асуудалтай ангилалд яваа хэрнээ өөрсдийгөө хэвлэл мэдээллийн хязгааргүй эрх чөлөөтэй гэж андуурч явна. Нэг талаараа хэвлэл мэдээллийн байгууллага чөлөөтэй байх нь зөв. Нөгөө талдаа энэ харилцаа тодорхой бус байгаа учраас салбарт ажиллаж, үзэл бодлоо илэрхийлж яваа сэтгүүлчид хэн нэгний дур зоргоороо авирлах үйлдлийн золиос болж байгаа юм. Учир нь өнөөдөр дуртай албан тушаалтан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарладаг. Мөн гүтгэж доромжилж, хуурамч мэдээлэл түгээсэн гэсэн нэрийн дор хэрэгт татаж байгаа нь хэвийн үзэгдэл боллоо. Тухайлбал, манай телевиз 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ШӨХТГ-аас долоо хоног эфир хаах шийдвэр гаргаж байсан. Тухайн үед хэрэгжээгүй. Гэхдээ төр засгийн дурын агентлаг хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хаах эрхийг олж авсан. Тиймээс энэ салбарын үйл ажиллагааг дахин зохицуулж, төр засгаас хараат бус дарамтгүй үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй.

Хуулийг дахин боловсруулах хэрэгтэй. Хуулиар дамжуулж бидний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд хязгаарлалт тавих гэсэн айдас байдаг. Монголд дөрөв дэх засаглал байгаа бол нийгмийн болохгүй бүтэхгүйг  зоригтойгоор ил гаргадаг байх. Өөрсдийн эрхээ хамгаалсан хуулиа боловсронгуй болгох алхамыг хийх хэрэгтэй. Мөн хүний эрхийг хамгаалсан хуулийг батлах. Зөвхөн Үндсэн хуульд заасан хүний эрх хангалтгүй. Хүний эрхийг баталгаатай хамгаалсан хууль одоог хүртэл алга.

Албан тушаалтнууд хүсэх юм бол мэдээлэл өгнө. Ямар нэгэн асуудал, хулгайтай холбоотой мэдээллийг өгдөггүй.  Төрийн бүх байгууллага хажуудаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалт байдаг. Гэтэл манайд төрийн бүх байгууллага хажуудаа хэвлэл мэдээллийн албатай байна.

 

Хууль зүйн ухааны доктор Б.Батзориг: ХЭВЛЭН НИЙТЛЭХ, МЭДЭХ ЭРХ БОЛ ИРГЭД, ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨМЧ

-Олон жил энэ сэдвээр ярьсаар ирлээ. Тогтсон асуудал энэ чигтээ байх юм бол хэдэн ч жил өнгөрсөн өөрчлөгдөхгүй. Үг хүчтэй гэдэг. Гэхдээ ажил болгохгүй бол нэмэргүй. Хүн бүр хуулинд захирагдах ёстой. Төрийн байгууллага иргэн хүнийг үл тоовол хуулиа зөрчиж байна гэсэн үг. Үл тоох нь Үндсэн хуульд зааснаар ялгаварлан гадуурхалт болно. Төрийн албан хаагч ийм үйлдэл гаргавал 1-5 жилийн хорих ял авах заалттай. Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллагыг Их хурлын гишүүн, төрийн албан хаагч ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхвал гэмт хэрэг болно. Сэтгүүлчдийг шийтгэж байна. Харин гишүүд, төрийг албан хаагчийг шийтгэх нь цөөн. Үндсэн хуулийн 17.16-т зөвхөн хуулиар тусгаарлан хамгаалвал зохих зүйлийг нууц гэсэн нь бий. Ямар зүйлийг мөрдөн шалгахдаа нууцийн ангилалд багтаадаг гэдгийг мэдэх боломжгүй. Бид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг яриад байна. Бид хэний өмч юм бол, эрх чөлөө  зөвхөн сэтгүүлчдэд хамаардаг гэсэн асуулт гарч байгаа юм. Эрх чөлөө бол тухайн хүн байхгүй болоход алга болдог. Харин эрх гэдэг нь боломж. Хэвлэл мэдээлэл юунд ч хоригдохгүй, хаагдахгүй эрх чөлөө. Тиймээс хэвлэн нийтлэх, мэдэх эрх нь иргэд, иргэний нийгмийн байгууллагын өмч юм. Тухайлбал, судлаач би эрдэм шинжилгээний илтгэл бэлдэхээр төрийн байгууллагаас мэдээлэл аваад түүнийгээ сэтгүүл зүйн нийтлэл болговол шийтгүүлнэ. Ийм хууль бий. Тус хуулийг батлах гэж байгааг судлаачид ярьж байсан. Хэзээ нэгэн цагт энэ хууль мөрдөгдвөл сэтгүүлчдийг шийтгэнэ. Нийтлэл болгоно гэж авсан зүйлээ цахим орчинд контент болгож тавибал шийтгүүлэх эрсдэлтэй ийм л орчин байна. Сэтгүүлчдийн хамгийн их мэдээлэл авдаг нь нийтийн эрх ашиг буюу стратегийн өмгөөлөл хийдэг хүмүүс юм. Эрүүгийн хуульд оруулснаар стратегийн өмгөөллөөр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтрах юм бол хэвлэлд хэргийн нууц задруулсан гэж шийтгүүлэх эрсдэлтэй. Үүнд хэвлэлийхнийг хамруулж ач холбогдол өгөх нь бий. Тэгэхээр хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэвлэлд хамруулаад байгаа. Гэтэл энэ нь мөрдөгчийн мэдээллийн өмч байдаг.  Тиймээс дуу хоолой болж байгаа гүүрээ хамгаалах хэрэгтэй.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль бол Монголын хамгийн том эрх чөлөөг хамгаалдаг их жижиг хууль. Энэ хуулийн хэрэгжилтийг хянасан зүйл одоог хүртэл байхгүй. Дөрвөн заалттай. Гэхдээ хууль хэрхэн хэрэгжиж байгааг бүгдээрээ нийлээд үнэлж үзье. Болох, болохгүйг нь мэдэхэд авах арга бий.

Гурван зүйлд л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үндсэн хууль зөрчөөд иргэний мэдэх эрхийг хааж байна. Мэдээллийн ил тод байдлыг сайжруулж боловсруулахдаа эрхэнд халдсан олон заалт байгаа. Мөн хэрэгжээгүй олон заалт ч бий. Өөрөөр хэлбэл, хэзээ, хаана, хэнд хэрэгжихээ хүлээж байгаа заалтууд бий. Зөвхөн зөрчлийн хууль дээр яриад байдаг ч өөр хуулиудад бий.

Редакц сэтгүүлчийн халдашгүй байдал чухал. Редакц руу хуулийнхан орж эд зүйлийг хурааж авч байна. Энэ нь цаанаа ямар зорилго, агуулгатай байгаа нь тодорхойгүй. Олон улсын жишгээр хэвлэл мэдээллийн байгууллага дотор чухал мэдээлэл бий. Сэтгүүлч нууц эх сурвалжаа хэлэхгүй боловч редакц руу нь ороод авна. Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч алдаа гаргаж болно. Мөрдөгч дангаараа порокурорын зөвшөөрлөөр бус шүүхийн түвшинд дүгнэх хэрэгтэй. Мөн хурааж авсан мэдээллээ хэрхэн боловсруулж байгаа талаарх мэдээллийг буцааж авахдаа тодруулдаг байх нь зөв. Мэдээллийн аль хэсгийг нь ашигласан, хассан нь тодорхой байх хэрэгтэй. Ийм байвал хуулийн байгууллага сахилгатай болно. Сэтгүүлчдийг 21:59 минутад дуудаж, ар гэрт нь очиж асуудаг. Тиймээс редакцын халдашгүй байдлыг хуульчлах хэрэгтэй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үнэт зүйл нь эх сурвалжаа нууцлах.  Үүнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлын хууль чухал. Дөрвөн зүйл заалттай хуулиа дэлгэрүүлэх хэрэгтэй. Мэдэх эрхтэй холбоотой заалтыг эхний ээлжинд оруулах шаардлагатай.

 

МУИС-ийн багш, доктор Ж.Идэржаргал: СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАР ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУТАЙ

 

-Сэтгүүл зүйн салбар нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэргэжлийн ёс зүй, олон нийт гэсэн тулгын гурван чулуутай. Эдгээр нь бүгд бат бөх байсан тохиолдолд сэтгүүл зүйн бүтээлийн үр нөлөө, олон нийтийн итгэх итгэл илүү сайн байна гэж үздэг. Манай сэтгүүл зүйн салбарт  тулгын гурван чулуунаас олон нийт гэдэг нь  орхигдож буй.  Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтийн итгэлийг олж авахын тулд ёс зүйтэй, мэргэжлийн үйл ажиллагаа ингэж явагддаг юм гэдгээ илүүтэй сурталчлах хэрэгтэй. Олон нийтийн итгэлийг олж авах өрсөлдөөнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд хийхгүй байна гэдэг нь анзаарагдаж буй. Хэвлэлийн эрх чөлөө, мэргэжлийн ёс зүй, олон нийт гурав нь бие биеэсээ харилцан хамааралтай. Сэтгүүл зүйн ёс зүй нь системийн асуудал байдаг. Зөвхөн ганц хүн, редакцаас хамаарахгүй. Редакц бүр хэвлэл мэдээллийн байгууллагын түвшинд зохицуулалтаар шийдэгдэнэ. Сайн ёс зүйн кодтой юу, үүнийгээ хэрхэн ашигладаг, сэтгүүлчдээ хэр чадавхжуулдаг вэ, тогтвортой хөгжилд анхаардаг зэрэг системийн асуудалтай холбоотой.

Сэтгүүлчийн хувийн сошиал медиа дахь дүр байдал нь бүтээлдээ нотолгоогүй хэр нь доромжлох үзэгдэл их байна. Бүтээлтэй холбоотой болон холбоогүй аль нэг хүнийг сүрдүүлдэг тодорхой жишээ бий. Хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж буй ажилтнууд шууд дамжуулалтын үеэр зодолдох, мэдээлэл өгөхгүй гэсэн байгууллага руу дайр ч орон ажлынхаа багаж, хэрэгслийг эвдэх тохиолдол гаргадаг. Үүнд сэтгүүлчдийн биед халдан, эрх чөлөөнд халдаж буй гэхээс илүүтэй сэтгүүлчид өөрсдөө ийм нөхцөл байдлыг бий болгож ёс зүйгүй үйлдэл гаргах тохиолдол хэмээн харж байна. Нэр хүндтэй, нөлөөтэй сэтгүүлчид хоорондоо хэрэлдэж, бие биеэ худалдагдсан, шантаачлагч гэх мэтээр бичих нь олон нийтэд сэтгүүлчид ийм гэх буруу ойлголт маш их  бий болгодог.

Сэтгүүлчид цахим орчинд редакцаасаа түрүүлж мэдээлэл цацдаг. Энэ нь ёс зүйн ноцтой алдаанд ордог. Байгууллагын байр суурь нэн тэргүүнд байх ёстой байтал, өөрийн байр сууриа цахим орчинд илэрхийлэх явдал. Мөн амиа хорлолт, гэмт хэргийн эмзэг сэдвийг сенсацлах зорилгоор мэдээлдэг байдал их байна. мэдээллээ баталгаажуулахгүй, цахим орчноос мэдээлэл олж алдаатай мэдээлэл тараадаг. Гэвч алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй.

Сэтгүүлчдийг байнгын ёс зүйтэй, мэргэжлийн ажиллахыг хүлээж байдаг.  Тиймээс олон нийтийн зүгээс сэтгүүл зүйд итгэх итгэлийг олж авахын төлөө ажиллах нь манай салбарт дутагдалтай байна. Энэхүү итгэлийг олохын тулд олон нийтэд ёс зүйтэй ажиллаж буйгаа зарлах, мэргэжлийн үйл ажиллагааг сурталчилах шаардлагатай.

 

Фото: Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хэлэлцлээ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 255 (7240)

 

Dd
Medeh ni ard irgediin umch.Gehdee Orosiin taltai hiih heleltseeriin chuhal too barimtiig ur dun garaagui baihad niited medeelsen hyazgaaegui erh chulee taaruu ur dagavar buu chireesei Nugee tal olood uzvhihsen l baigaa gej uchir medeh hun yarij baih yum Odoo heleltseer ur dun taaruu bolvol mani gurviigch balbaj ugne dee Yos zuitei ajillah gej yuug ehleed baigaa yum bol doo
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

2 цаг 19 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

2 цаг 19 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

2 цаг 19 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

2 цаг 19 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

2 цаг 19 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

2 цаг 19 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

2 цаг 19 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

2 цаг 19 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

2 цаг 19 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

2 цаг 19 мин