Хүний эрх ба сэтгүүл зүй

2023-12-19
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

П.АМГАЛАНБАЯР, Б.АЛТАНГЭРЭЛ

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал 75 жилийн ойтой золгож байна.  Үүнтэй  холбогдуулан  Хууль зүйн байнгын хороо, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, ТВ9 телевиз,  ХЭҮК,  “Зууны мэдээ” сонин хамтран “Хүний эрхийн түгээмэл тунхаглал-75 жил” Хүний эрх ба сэтгүүл зүй”  хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

 

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар:

-Маш чухал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын  75 жилийн ойтой  холбогдуулан УИХ-ын хүний эрхийн хүндэтгэлийн тусгай  чуулган зохион байгуулсан. Энэ санаачлагыг мөн Б.Энхбаяр дарга гаргасан.

Хүний эрхийг хамгийн гол хэрэгжүүлж өгч байгаа тоглогч нь сэтгүүлч. Сэтгүүлчид иргэдийн итгэлийг олж авах маш чухал. Өнөөдрийн  нийгэм дэх сэтгүүлзүй цэвэр тунгалаг байна уу гэхээр бас үгүй. Сэтгүүлчид  ямар том хариуцлага үүрч яваа вэ гэдгээ ухамсарлаж,  аливаа асуудалд маш нухацтай, хянуур хандаж мэдээллийг түгээх хэрэгтэй. Үндсэн хуульд  сэтгүүлч ямар ч тохиолдолд  үгээ хэлэх эрхтэй гэж заасан. Харин төрд  алдах эрх байхгүй. Төрд байдаг мэдээлэл хэвлэлд тэр бүр байдаггүй учраас хэвлэл мэдээлэл зарим үед алдахыг ч зөвшөөрдөг. Энэ нь нэгдүгээрт хэвлэлийн эрх чөлөөг хангаж байгаа хэлбэр. Гэхдээ  санаатайгаар хэн нэгний эрхийг илтээр зөрчсөн байхыг бол зөвшөөрөөгүй.  Тэгэхээр  сэтгүүлчдэд ирж байгаа  хариуцлага маш их. Харин захиалгатайгаар улс төрийнхөн  хоорондоо эрх мэдлийн төлөө явж байхад нэгэнд нь зэвсэг болж  ажиллаж байгаа бол энэ  сэтгүүл зүйн эрх чөлөө биш.  Тиймээс төр, сэтгүүлзүй маш их хариуцлагыг үүрч ажиллаж байгаагаа ухамсарлаж аль аль талдаа анхаарч ажиллах хэрэгтэй. Мэдээж төр, засаг барина гэдэг амар ажил биш. Гэхдээ энэ ачааг үүрэх  л гэж төрд гарсан. Тиймээс тэр ачааг нэгэнт үүрсэн бол, чадна гэж очсон бол иргэдийн эрх чөлөө, дуугарах эрхийн төлөө эхлээд дуугардаг байх ёстой. Үүний дараа хариуцлага тооцохоор ноцтой зүйл байвал энэ үед  сэтгүүлчтэй холбогдсон асуудал гардаг байх  ёстой.

 

 НҮБ-ын Монгол Улс дахь  суурин зохицуулагч Тапан Мишра:

-Уг хэлэлцүүлгээр бид хариуцлагатай ёс зүйтэй хэвлэл мэдээллээр дамжуулан хүний эрх, эрх чөлөөг хөхүүлэн дэмжих, хамгаалах боломж бололцоо, тулгамдаж буй асуудлыг нээлттэй ярилцах боломж олдож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь  ялгаатай байдлаас үл хамааран хүн бүрийн  салшгүй эрх чөлөөг баталгаажуулсан суурь баримт бичиг билээ. Уг баримт бичигт аливаа нэгэн хил хязгааргүйгээр хэвлэл мэдээллийн бүх л арга хэрэгслээр дамжуулан мэдээллийг эрж хайх хүлээн авах, дамжуулах болон өөрийн үзэл бодолтой байх, итгэл үнэмшлийг илэрхийлэх зэрэг хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан.  Эдгээр дурдсан эрх, эрх чөлөө нь  нийгмийн  эв нэгдэл харилцан яриаг дэмжиж, олон нийтийг мэдээллээр хангаж үүрэг хариуцлагыг баталгаажуулж байдаг сэтгүүлчдийн хувьд амин чухал  асуудал байдаг.

 Чөлөөт болон хараат бус хэвлэл мэдээлэл бол  ардчилсан нийгмийн тулгын чулуу юм.  Тиймээс бид ардчиллыг сахин хамгаалж бэхжүүлэхийн тулд   чөлөөт хэвлэл мэдээллээр нийгмийн  хоточ нохойны чиг үүргийг гүйцэтгүүлж, ард түмнийхээ өмнө  төр засгийн хүлээсэн үүрэг хариуцлагыг илүү бэхжүүлэх чухал хэрэгсэл. Тиймээс өнөөдөр бидний хэлэлцэж буй асуудал цаг үеэ олсон  нэн чухал асуудал бөгөөд зөвхөн хэвлэл мэдээлэл болон сэтгүүлчдийн асуудал биш, олон нийтийн эрх чөлөөний асуудал юм.  Уг хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбар төдийгүй бусад салбарын мэргэжилтнүүд оролцож чөлөөт, хариуцлагатай,  ёс зүйтэй хэвлэл мэдээлэл болон  нийгмийн сүлжээгээр  дамжуулан хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хамгаалах талаар ярилцаж байгаа нь сайшаалтай. Монгол дахь НҮБ нь  Монгол Улсын ардчилсан засаглалыг бэхжүүлж, хууль эрхзүйт ёсыг сахин хамгаалах талаарх хүчин чармайлтыг дэмжиж  байгаагаа илэрхийлж байна. Үүний цаана Монголын ард түмний хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үзэл  бодлоо илэрхийлэх эрх чөлөө агуулагдаж байгааг дурдах нь зүйтэй. Хүний эрх, эрх чөлөө нь ардчилсан болоод тэгш хамруулсан  шударга зохистой нийгмийн үндэс суурь бөгөөд  цаашдын чухал суурь зарчим юм. Тиймээс цаашдаа Монгол Улс "Хөгжлийн алсын хараа 2050" бодлогоо хэрэгжүүлэхийн  тулд хүний эрх чөлөөг сахин хамгаалахад анхаарах шаардлагатай” гэв.

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-“Энэхүү уулзалтыг  зохион байгуулахад  дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра,  ХЗБХ-ны дарга УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, TВ9 телевиз, “Зууны мэдээ” сонин, Хэвлэлийн хүрээлэн, ХЭҮК  болон бүх хүмүүст талархал илэрхийлье.  Энэ жил   TВ9 телевизийн  20 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд  сэтгүүлчтэйгээ уулзаж,  хүний эрхийн асуудлыг ярьж, сэтгүүлч ямар чухал үүрэг гүйцэтгэдэг мэргэжил вэ гэдгийг ярилцах  байдлаар хамтран уулзалт зохион байгуулах санал төрсөн. Энэ уулзалт хэрэгжиж байгаад баяртай байна. Энэ сарын 21-нд  МСНЭ-тэй хамтраад сэтгүүлчдэд зориулсан томоохон уулзалт  зохион байгуулахаар төлөвлөж байгаа. 

Миний хувьд хүний эрх гэдэг асуудлын араас их явдаг хүн. Үүнийг та бүхэн мэдэж байгаа байх. Хүний эрх бол аливаа улс орны  оршин тогтнохын үндэс суурь гэж боддог. Үндсэн хууль бол төр засгийн өндөр албан тушаалтнууд  ямар байдлаар Засгийн газрын ажлыг хийх үү, ерөнхийлөгчийг яаж сонгох уу, УИХ  яаж ажиллах гэхээс илүүтэй хүний эрхийг яаж хамгаалах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулсан бичиг баримт гэж үздэг. Харамсалтай нь өнөөдөр манай улсад Үндсэн хуулийг  сонгууль яаж явуулах вэ,  албан тушаал яаж хуваарилах вэ,  намууд яаж ажиллах гэдэг дээр  сэтгүүлчид ч гэсэн илүү сонирхож ард түмэн ч гэсэн татагдан орж, үүний цаана хүний эрх гэдэг хамгийн чухал асуудал заримдаа мартагдсан байдаг. Эсвэл энэ талаар сулхан дуугарч байгааг засах хэрэгтэй. Үүнд сэтгүүлчид  идэвхтэй оролцох ёстой гэж боддог. Энэ тал дээр УИХ-ын гишүүдээс  Д.Цогтбаатар хүний  эрхийн асуудалд  их  идэвхтэй анхаарал хандуулж ажилладаг.  Эдгээр хүмүүсээ сэтгүүлчид маань таньж мэдэж байхгүй бол  дунд нь УИХ-ын 76  гишүүнээ ерөнхий дүр төрхтэй болгочихоод ярихгүйгээр хэн юуны төлөө явж байна гэсэн ойлголтгүй явдаг. Үүнийг засах ёстой  гэж боддог.  Д.Цогтбаатар гишүүн хүний эрхийн асуудалд их мэдрэмжтэй ханддаг. Тиймээс цаашдаа ч гэсэн  хүний эрхийн асуудалд  зоригтой, зарчимтай байгаарай гэж хүсэж байна.

Хүний эрхийн асуудал юунаас эхтэй гэдэг дээр та бүхэнтэй  санал бодлоо хуваалцъя гэж бодож байна. Та бүхэн мэдэж байгаа байх. Гэхдээ дахин хэлэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Хүний эрх бол аливаа орны Үндсэн хуулийн эхэнд  бичигддэг хамгийн гол өгүүлбэр. Төр засгийн бүрэн эрхийн цорын  ганц эх  сурвалж бол ард түмэн мөн бөгөөд энэхүү бүрэн эрхээ өөртөө байнга хадгалдаг. Маш энгийн өгүүлбэр байгаа биз. Та бүхэн энэ өгүүлбэрийг олон удаа сонссон байж магадгүй.  Гэтэл Үндсэн хууль, ард түмний хувь заяа, төр засгийн ажиллах дүрэм журам,  энэ өгүүлбэрээс урган гарч байгаа юм. Хэзээ  нэгэн цагт  монголчууд гэдэг ард түмэн бий болохоос өмнө замбараагүй зохион байгуулалтгүй байсан байна. Нэг мэдсэн чинь нэг хэлээр ярьдаг, өвөг дээдэс үүх түүх нэгтэй, ирээдүй ч нэгтэй байх ёстой гэсэн ойлголт төрж,  өөрийгөө хамгаалж, хөгжиж, аюулгүй орчинд амьдрахын тулд сармагчингаас хүн  болтлоо аюултай орчинд амьдарч байсан. Ард түмэн болж байж аюулгүй орчинд амьдарна гэж үзсэн. Ингээд зохион байгуулалтад орж ард түмэн болохдоо хоёр гэрээ байгуулсан байна. Нэг нь хоорондоо ард түмэн болж амьдарья гэж шийдсэн. Мөн  дундаасаа биднийг төлөөлсөн хүмүүсийг тодорхой хугацаагаар томилж ажиллуулъя.  Төлөөлж ажиллах удирдагчтайгаа бидний эрхийг хамгаалах гэрээ байгуулсан. Тиймээс бүрэн эрхийн эх сурвалж ард түмэн юм шүү. Монголын ард түмэн байгаа учраас  өнөөдөр төр засаг байгаа.  Харамсалтай нь өнөөдөр  төр засаг байгаа учраас ард түмэн байгаа гэж ойлгоод байдаг. Үгүй юм аа. Ард түмэн байгаа учраас Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд байгаа юм. Үүнийг зохих ёсоор нь ойлгож эхлэхгүй бол манай сэтгүүлчид ч гэсэн харамсалтай нь төр, засгийн хүний тухай яриад байдаг. Төр засгийн бүрэн эрх ард түмэнд байнга  хадгалагдаж байдаг. Нэг ч хором,  нэг ч мөчид энэ эрхийг ард түмнээс хэн ч авч чадахгүй. Хэрэв авах гэж оролдох юм бол дарангуйлал болно. Энэ эрх нь задрахаараа заяагдмал эрх болдог. Хүн болж төрснийх амьд явах, үг хэлэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй  зэргээр заяагдмал эрхүүд бий болсон.  Заяагдмал эрхийн ойлголт сүүлийн үед бүр  өргөжиж байгаа. Хүн болж төрснийх боловсролтой байх, эрүүл байх, хоргүй орчинд амьдрах эрхтэй гэж  илүү улам өргөжиж, гүнзгийрж байна. Тэгэхээр хэвлэн нийтлэх, үг хэлэх бол заяагдмал эрх юм.  Гэхдээ хэлэхдээ хэн нэгэн хүн рүү дайрахын төлөө биш, байнга  заяагдмал эрхийг сануулж, энэ эрх зөрчиж байгаа үгүй юу гэдгийг  хянахын тулд хэвлэл мэдээллийн байгууллага байх ёстой. Харамсалтай нь манай өнөөдрийн төр, засагт  бий  болсон тогтолцоо, мэдлэг боловсрол,  ахуй амьдрал зэрэг олон зүйлийн нөлөөллөөр  сэтгүүлчид төр засгийг хянах биш, тэдэнд үйлчилдэг,  хоёр талын  маргааны аль нэг талд ордог, түүнийгээ тодорхой хэмжээгээр мөнгөөр үнэлдэг харилцаа түгэж, энэ нь ард түмэнд бухимдал төрүүлж байна. Үүнээс болж сэтгүүлчдийг бүхэлд нь худалдагдсан хүмүүс гэж нэрлэх явдал хүртэл гарч байна. Тийм учраас  үүнийг засах цаг болсон байна.

Өмнө хэлсэнчлэн төр засгийн бүрэн эрхийн цорын ганц эх сурвалж нь ард түмэн мөн. Энэ эрхийг  өөртөө бүрэн  байнга хадгална гэдэг өгүүлбэр манай улсын Үндсэн хуульд байгаа юу.  Харамсалтай нь яг энэ утгаараа байхгүй. Харин Засгийн эрх ард түмний  мэдэлд байна гэж байгаа.  Бүрэн утгаараа  эх сурвалжид  ард түмэн ороогүй.  Ард түмэн бидний төр засгийн бүрэн эрхийн  цорын ганц эх сурвалж гэдгийг Үндсэн хуулиндаа бичээгүй. Тиймээс үүнийг яаралтай бичих хэрэгтэй. Тэгвэл та, бидний эрх хангагдана. Мөн энэ эрх байнга ард түмэнд хадгалагддаг гэдгийг бичих хэрэгтэй.

УИХ-ын сонгуулийн дараа сэтгүүлчид  шинэ их хуралтай хамтраад  хүний эрх, үндсэн хуулийн талаар сургалт явуулах санаачлага гаргаж ажиллах санал дэвшүүлж байна. Энийг зохицуулсан заалт манай Үндсэн хуульд байхгүй.  Гэхдээ ерөнхий ойлголт бий. Төр засаг, зөвхөн  зөвшөөрсөнг хийх үүрэгтэй. Зөвшөөрөөгүй бол төр засаг хийх үүрэггүй. Хувь хүн, иргэн  хориогүйг хийх хэрэгтэй. Ингэж байж иргэнийг төр засагтай тэнцүүлж байна гэсэн үг. Бид энийгээ мэдэхгүй  төр засаг зөвшөөрсөнг биш хориогүйг хийж болно. Иргэн бол зөвхөн зөвшөөрсөнг хийх ёстой гээд  тэр зохицуулалтын эсрэгээр  хэрэгжүүлээд байдаг. Яагаад зөвшөөрөөгүй байхад дэлгүүр нээж байгаа юм бэ гээд  зөвшөөрөөгүй бол болохгүй гээд иргэнийг янз бүрээр хавчдаг. Ийм зарчим  манайд алдагдчхаад байна. Монголчуудын гадны улс орнуудаас олон зүйлээр ялгардаг байх. Үүний нэг нь  бид хэлэх бол хийхийн нэр биш гэж боддог.  Хэлбэл боллоо гээд хаячихдаг. Харин гадныхан хэлсэн бол хий. Хэлснээр нь ажлыг дүгнэ гэдэг. Манай улсад энэ соёл хөгжөөгүй. Үүнийг яаралтай сэтгүүлчид хийх хэрэгтэй. Та ингэж хэлсэн яг юу хийсэн гэдгийг сэтгүүлчид хянахгүй бол, улстөрчид бол хэлснээ  марчихдаг, хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр үг, хэл хоёр нийлнэ гэдэг  бол маш чухал. Ардчиллын үед үйл, хэрэг хоёр нийлэх бол хамгийн гол шалгуур.  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хуурамч мэдээллийн талаар ярьсан. Өнөөдөр бид хуурамч мэдээллийн үед амьдарч байна. Тиймээс ямар нэгэн байдлаар   бид ямар нь хуурамч, үнэн бодит мэдээлэл вэ гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Үүнд сэтгүүлчдийн  үүрэг чухал.  Иргэд хуурамч мэдээллийг ялгаж чаддаггүй. Харин сэтгүүлчид ялгадаг  баймаар байна. Тэгэхгүйгээр сэтгүүлчид, сошиал дээр юм бичиж байгаа хүн адилхан байхаар сэтгүүлч биш болчихоод байгаа юм. Тиймээс сэтгүүлч сошиал дээр юм бичиж байгаа  хүнээс  хэд дахин мэдлэг, боловсролтой байж нийгэм  хуурамч мэдээллийн  золиос болохгүй. Сэтгүүлч зөвхөн мэргэжил биш сэтгэлийн дуудлага байх ёстой.

 

Үл ялгаварлан гадуурхах зарчим ба  сэтгүүл зүйн практик

 

Эхний хэлэлцүүлэг “Үл ялгаварлан гадуурхах зарчим ба  сэтгүүл зүйн практик” сэдвийн хүрээнд боллоо.  Хэлэлцүүлгийн  модератороор  “ТB9” телевизийн  мэдээний албаны дарга  Б. Ариунтуяа ажиллалаа. Харин панелистуудаар Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлзүйн багш  Ц.Оюунтунгалаг, “Транспэрэнси интернэшнл” төвийн тэргүүн, хуульч Л.Төр-Од, “Зууны мэдээ” сонины албаны дарга  С.Уянга нар оролцлоо. 

 

Транспэрэнси интернэшнл төвийн тэргүүн, хуульч Л.Төр-Од: Сэтгүүлчид хүний эрхийг хамгаалагчид байж чадна

 

-Үл ялгаварлан, гадуурхах бол Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хоёрдугаар зүйлд зааснаар Олон улсын иргэний болон улс төрийн эрхийн фактын 19-р зүйлтэй хамт уншиж, ойлгох,  хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон улсын сэтгүүл зүйн практикт ялгаварлан гадуурхахгүй, алагчлахгүй байх зарчмын практик хэрэгжилтийг ХЭТТ-ийн дөрвөн эрх чөлөө бий гэж үздэг. Хүний амьд явах эрх, эрүүдэн шүүлт тулгахгүй байх, дур мэдэн баривчлах, саатуулах ёсгүй, хүн бүр нээлттэй шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэдэг. Эдгээр эрхмүүд сэтгүүлчдийн хувьд зөрчигдөж байна. Өнгөрсөн гурван жилийн статистикаас харахад Олон улсын түвшинд захиалгат аллагад 120 сэтгүүлчид өртсөн. Сэтгүүлчдэд тулгардаг эдгээр асуудлууд нь үнэн бодит мэдээлэл дамжуулсны төлөө хэлмэгдэх юм уу, хууль бусаар баривчлагдаж байна. Мөн сүүлийн 20 жилд зөвхөн 14 хэрэг шийдэгдсэн байна. 2014 онд албан ёсоор 193 сэтгүүлч шоронд суусан. Гэтэл энэ жил хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Олон улсын хэвлэл мэдээллийн хүрээлэнгийн судалгаагаар 635 эмэгтэй сэтгүүлчдээс судалгаа авахад 73 хувь нь цахим орчинд ямар нэгэн шахалт, дарамт аюул заналхийлэлд өртсөн байна. Үүнээс 20 хувь нь бодит амьдрал дээр  хүчирхийлэлд өртсөн харамсалтай статистик гарсан. Тиймээс Олон улсын гэрээ конвенц сэтгүүлчдийг хамгаалах зарчим, тунхаг бичиг гаргасан. 2016 онд Олон улсын хэвлэл мэдээллийн хүрээлэнгээс “Сэтгүүлчдийг хамгаалах олон улсын тунхаг бичиг” санаачлан мөрдөн ажиллаж байна. Эдгээрийг манай улс сайн дураараа мөрддөг ч хуульчлан, хэвшүүлж хэрэгжүүлснээр сэтгүүлчид хүний эрхийг хамгаалагчид байж чадна.

УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан. УИХ-ын дарга Г.Занданшатар гурван амлалт өгч дэвшүүлсэн. Үүнд, нэгдүгээрт, хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх. Хоёрдугаарт НҮБ-ын 80 жилийн ойг угтан 2025 оныг НҮБ-ын дүрмийн жил болгох. Гуравдугаарт, НҮБ-ын дэргэд хүний эрхийн мэдлэг олгох, сургах, чадваржуулах Ази, Номхон далайн  бүсийн төвийг Монгол Улсад байгуулах санаачилга дэвшүүлсэн. Энэхүү санаачилгын хүрээнд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ажлын алба ЗГХЭГ-ын дэргэд байгуулагдаад байна гэв. 

Харин хоёр дахь хэлэлцүүлэг  Хариуцлага-Хүний эрх  ба сэтгүүл зүйн зарчим  сэдвийн хүрээнд боллоо. Тус хэлэлцүүлгийн  модератораар  “Зууны мэдээ” сонины  тоймч  Б.Нямсүрэн ажиллалаа. ХЭҮК-ын  хэвлэл, мэдээлэл  хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг-Эрдэнэ, МСНЭ-ийн нарийн бичгийн дарга  Б.Ууганбаяр, “Эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал  Б.Алтантуяа  нар  панелистаар ажиллалаа.

 

МСНЭ-ийн Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр:10 гаруй хуульд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт байна

 

 -Баривчилгаа гэхээсээ илүүтэй хэвлэлийнхэнд хамгийн их тулгардаг асуудал нь мөрдөн байцаалт хэрэг үүсгэх, үйл явц хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан явдал болоод байна. Өнөөдрийн байдлаар эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг цагдаад дуудагдаагүй сэтгүүлч маш цөөн. Тогтмол 20-25 сэтгүүлч цагдаа дээр ямар нэгэн байдлаар гэрчийн мэдүүлэг өгөх, хэрэгт татагдах хэлбэрээр дуудагдаж байна гэсэн тойм судалгаа гарсан. Ажлаа хийснийхээ төлөө байнга цагдаад дуудагдаж буй байдал бий боллоо. 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд худал мэдээлэл тараах гэсэн зүйл анги оруулж ирсэн. Үүнээс өмнө 2017-2020 онд Зөрчлийн тухай хуульд байсан. Энэ үед хорооны цагдаа хүртэл хэвлэлийн ажлыг дүгнэдэг, торгууль оноодог байсан бол Эрүүгийн хуульд шилжсэн. Иргэний хуульд байгаа боловч заавал Эрүүгийн хуульд оруулан хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж байна. Сэтгүүлчдийг баривчлах асуудал гарсаар байна. Энэ нь цөөн боловч нэлээдгүй анхаарал татахуйц байгаа ч зөвхөн сэтгүүлчидтэй холбоотой бус үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж буй хүн бүхэнтэй хамааралтай болоод байна. Зарим хүмүүсийг долоо хоногт маш олон хэргээр хэрэг үүсгэх тохиолдол гардаг. Энэ нь ихэвчлэн эрх мэдэл бүхий албан тушаалтнуудтай холбоотой байна. Тоон мэдээллээс харахад 13-14 хуульд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт байна гэдгийг хуульчид хэлдэг. Эдгээрээс хамгийн их хүндрэл учруулж буй нь Эрүүгийн хууль. 

Олон улсын сэтгүүлчдийн холбооноос 140 гаруй оронд хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байна гэдгийг мэдэгдсэн. МСНЭ үүргийнхээ дагуу тухайн байгууллагад мэдээллээ хүргүүлсэн. Монгол Улс сүүлийн таван жилд хэвлэлийн индексээр 36 байр ухарч 90 дүгээр байрт жагслаа. Жил бүр энэ байр ухарч буй нь хүний эрх буюу үг хэлэх, үг үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлаж байгаатай холбоотой гэв. 

Үргэлжлэл дараагийн дугаарт.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 252 (7237)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

4 цаг 12 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

4 цаг 12 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

4 цаг 12 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

4 цаг 12 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

4 цаг 12 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

4 цаг 12 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

4 цаг 12 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

4 цаг 12 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

4 цаг 12 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

4 цаг 12 мин