Л.Оюун-Эрдэнэ “том тойрог”-ийг хийж барах уу?

2023-12-18
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Эрх баригчид ирэх сонгуулийг бүсчилж томсгосон тойрогт явуулахаар яриад эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгджээ. Бүлгийн дарга, бусад гишүүд, сайд нарын байр сууриас тэгж харагдаж байна. Мөн УИХ-д суудалтай, суудалгүй намууд ч үүнд анхаарлаа хандуулаад эхэлсэн. Зарим нь нэгдэж амжаагүй байгаа бололтой. Гэхдээ энэ асуудал ойрын өдрүүдэд нэг тийш болохоор байна.

Ер нь бол том тойргийн асуудал анх удаа яригдаж байгаа зүйл биш. Өмнө нь дөрвөн ч удаа “зангаж” байв. Өөрөөр хэлбэл жижиг тойрог зовлон ихтэй гэдгийг хаана хаанаа мэддэг. Жалга довны улс төр гэдэг зүйл бүгдийг гацаадаг. Томоохон жишээ нь том төслүүд байна. Гацаастайгаа л хэдэн арван жилийн ойгоо тэмдэглэх шахдаг. Жилийн жилд төсөв хэлэлцэх болгонд л жижиг тойргийн зовлон гэх үү, жалга довны улс төр гэх үү, тэр зүйл бас л илэрдэг. Цаашлаад улс орны хэмжээний олон асуудал дээр жижиг тойргоос болж гацаа үүсдэг. Ингээд л явж ирсэн. Тойрог томсгох нь ингэж ажил хэрэг болж байгаагүй юм. Харин энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л яриад байдаг реформ руугаа хандуулж байх шиг байна. Тэрбээр “30 жилийн цэгцэлнэ”, “Суурь реформд фокус өгч байна” гэж ярьдаг. Үйлдэл ч бас хийдэг. Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог оруулсан. УИХ-аар 2023 оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуулийн тэрхүү нэмэлт өөрчлөлтийг баталсны дараа Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг санаачлагчийн хувьд талархал илэрхийлье. Үндсэн хуульд орж байгаа сонгуулийн тогтолцооны асуудал нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна. Энэ бол шинэ 30 жилийг эхлүүлэх тоглоомын дүрэм гэж ойлгож болно. Улс төрийн намууд эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулан тоглоомын дүрэм зохиодог алдаа энд хүрээд цэг тавигдлаа. Цаашид энэ тоглоомын дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцоно. Нэг гишүүнд оногдсон эрх мэдлийн төвлөрөл өнөөдрийн санал хураалтаар цэг тавигдаж байна. Хууль тогтооход нэг гишүүн хоёр гурван Байнгын хороонд давхар ордог, хууль хяналтгүй батлагддаг асуудал түүх болж байна. Цаашид нэг гишүүн нэг л Байнгын хороонд ордог байх реформ хийгдлээ. УИХ-ын гишүүн байх нь өөртөө давуу байдал олгох асуудал эцэс боллоо. УИХ, Засгийн газар өнгөрсөн 30 жилийнхээ алдааг дүгнэж шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Олон алдаа завхрал, ололт амжилт бий. Сайныг сайнаар, мууг муугаар ил тод болгоод явж байна. УИХ-ын гишүүдээс эр зориг, алсын хараа шаардсан хүнд хэцүү өдрүүд байлаа. Энэ асуудал олон удаа яригдсан ч шийдэгдэж чадаагүй 20-иод жил болсон. Цар тахалтай, дайн тулаантай нөхцөл байдлын дундуур энэ парламентын хийсэн түүхэн реформ  түүхэнд үлдэнэ гэдэгт гишүүд та бүхэн итгэлтэй байж болно. Засгийн газраас өргөн барьсан төслөөр гишүүдийн тоог 152 болгож төлөөлөх эрхийг хоёр дахин нэмэгдүүлэх байсан. АН-даа хүндэтгэлтэй хандаж, ҮБХ-ны шийдвэрийн дагуу 126 гишүүнтэй болох зөвшилцөл хийгдсэн. АН энэ асуудлуудыг санаачилж дэвшүүлсээр ирсэнд талархал илэрхийлье. Энэ бол та бүхний манлайлал, дэвшилттэй үзэл баримтлал парламент дээр хэлбэржиж байна. ХҮН-д талархал илэрхийлье. Бидний хувьд нийгмийнхээ захиалга, ирээдүйг мэдэрч, аливаа асуудалд хүлээцтэй, цөөнхтэй хүндэтгэлтэй хандах зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байна. Монгол Улс жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу орж байна. Нийгмийн сегментүүд рүү хандсан өөрчлөлт гарна. Хилийн чанадад байгаа монголчуудын төлөөлөл парламентад орж ирэх, саналаа өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Энэ бол гагцхүү намуудын бодлогоос хамаарна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх үүд хаалга нээгдэж байна. МАН социал-демократ үзэл баримтлалтайн хувьд багш, эмч нар болон шинжлэх ухаан, соёлын салбарыг илүү чухалчилна. АН  либерал үзэл баримтлалтай намын хувьд хувийн хэвшил, хүний суурь эрхтэй холбоотой олон төлөөллийг оруулж ирэх үүд хаалга нээгдэж байна. ХҮН сэхээтний давхаргыг төлөөлж байгаа шинэ улстөрийн хүчний хувьд маш том хэмжээний үүд хаалга нээгдэж байна. Парламентад суудалгүй байгаа намуудад бодитой шударга өрсөлдөөний үүд хаалгыг нээж өгч байгаагаараа онцлоготой юм. Парламентад малчдын, гэр хороололд амьдарч байгаа иргэндийн төлөөлөл орж ирэх нөхцөл бүрдэж байна” гэсэн. Ер нь тэрбээр энэхүү том тойргийн талаар 2019 онд ч “Улс орон яавал хөгжих вэ гэдэг чухал. Хувь гишүүдийн тоглолт байхгүй болно. Жижиг тойрог дээр мөнгөөр сонгогддог, хуралдаандаа ирдэггүй гишүүд сонгогдох боломжгүй болно. Сонгуулийг томсгосон тойргоор явуулснаар улсын хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаан гацаж байсан томоохон бодлого хэрэгжиж, бодлогын гажуудал засагдана. Хувь гишүүний хувьд энэ бодлогыг дэмжиж байгаа” гэж байв.

Тэр утгаараа одоогийн энэ бүсчилж томсгохоор ярьж буй хувилбарыг Ерөнхий сайд өнгөрсөн намар бүх аймгаар яваад гаргаж ирж байна. 2024 оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэр энэ талаар нэлээд зүйлийг ярьж байсан юм. Яригдаж буйгаар, бүсчилсэн 12 том тойрог тус бүрт 3-10 мандаттай байх төслийг тэд ярьж байгаа аж. Баян-өлгий аймаг гурав, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгууд 10, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд ес, Хөвсгөл, Булган, Орхон аймгууд найм, Сэлэнгэ, Дархан, Төв аймгууд 10, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгууд долоо, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд долоо, Баянзүрх дүүрэг тав, Баянгол дүүрэг дөрөв, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг тав, Сонгинохайрхан дүүрэг тав, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүрэг таван мандаттай байхаар “зурсан” байна. Үүний 54 нь аймгуудад, 24 нь нийслэлд оногдох аж.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн тойргийг 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө байгуулах ёстой. Тэгэхээр улс төрийн бусад нам, хүчинтэй зөвшилцөх, эрх баригчид дотроо ч сайтар ярилцах цаг хугацаа нь одоо болж таарч байгаа юм. Тийм ч учраас томсгосон тойргийн сайн муу, хэрэгтэй хэрэггүй талуудыг ярих нь элбэгшиж байгаа хэрэг. Тойрог томсохын зовлонг голдуухан улс төрд яваа, УИХ-ыг сонирхож байгаа хүмүүс л шүүмжлэх өнгө аястай байна. Гол нь тэдгээр шалтгаан нь хувь хүн рүү голдуу чиглэх аж. Тэд нарт давуу, бид нарт сул тал олгож байна гэх зэргээр тайлбарлах аж. Тэгж яривал гурван аймгийн дундаас санал авч байж УИХ-ын гишүүн болж чадах чансаатай байж нэр дэвших нь бас л нийтийн эрх ашиг юм шүү дээ. Хэдхэн сумаас санал авдаг хүнээр улсын асуудал шийдүүлж ирсэн түүхэндээ бид ч бас дүгнэлт хийх эрхтэй юм. Гэхдээ цаг хугацааны хувьд яг одоо бол томсгосон тойргийг хэлэлцэхэд тун хүнд үе таарч байна. Засгийн газар, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь санаачилсан авлигын эсрэг тэмцлийн нэлээд ширүүн үе нь үргэлжилж байгаа юм. Тодруулбал сонгуулийн тойргийн асуудал нүүрсний сонсголтой давхцаж байна. Гурван үе шаттай явагдахаар төлөвлөсөн нүүрсний сонсголын дундах үе нь өнөөдөр эхэлнэ. Энэ шатанд эрх баригч намын маш олон албан тушаалтан гэрчээр дуудагдсан. Энэ нь улс төрийн хүрээнд, гэхдээ хөшигний ард багагүй үйл явдлыг өрнүүлж буй бололтой байна. Түүний нөлөөгөөр томсгосон тойргийн асуудлыг унагах магадлал өндөр л харагдаж байгаа юм. Зүтгүүлээд оруулахад кноп нь хүрэх үү. Эхлээд л ийм асуулттай тулна. Араас нь залгаад бүсчилж томсгосон тойргийг Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь тэргүүлдэг намд халтай, бусдад нь ашигтай гэдгийг улстөрчид, судлаачид хэлцгээж байна. Өдийг хүртэл тойргоо усалсан гишүүд нь үүнийг дэмжих үү. Ийм байхад Л.Оюун-Эрдэнэ “том тойрог”-ийг хийж чадах уу. Уг нь бүсчилж томсгосон тойргоор сонгуульддаг болох нь нэг намын, хэсэг улстөрчийн гэхээсээ улсын эрх ашигт нийцсэн шийдвэр болно. Дээр хэлсэнчлэн 30 жилийн дараа ес дэх сонгуулиараа монголчууд жалга довны улс төрөөс сална. Том төслүүд төвөггүй хөдөлнө. Яалт ч үгүй суурь реформ болж чадна. Үүнийг дагаад нутаг дэвсгэрийн нэгжийг шинээр хийх эхлэлийг ч тавина. Аж үйлдвэрийн бүсчилсэн дэд бүтэц, хотын төвлөрөл гээд бүх зүйлийн суурь шийдэл гарна. Гэх мэтээр үр дүн нь улс орны хэмжээгээр яригдах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 251 (7236)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

3 цаг 57 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

3 цаг 57 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

3 цаг 57 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

3 цаг 57 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

3 цаг 57 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

3 цаг 57 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

3 цаг 57 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

3 цаг 57 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

3 цаг 57 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

3 цаг 57 мин