С.САРУУЛ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатарыг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.6 хувь нь дэмжив. Хуралдааны үеэр хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар "Эрхэм хүндэт Улаанбаатар хотын иргэд ээ. Нийслэлийн ИТХ-аас надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж байгаа явдлыг өндөр хариуцлага гэж хүлээж авч байна.
Монгол Улсын хүн амын тал хувь нь буюу 1.7 сая хүн амьдарч буй нийслэл хотод хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн шийдэл хүлээсэн олон тулгамдсан асуудал хуримтлагджээ. Уг асуудал өнөөдөр гэнэт үүсээгүй.
1992 оноос хойш нийгмийн шилжилтийн үр дүнд хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа эрс нэмэгдэж, өмч хувьчлалын алдаатай шийдвэрээс орон нутагт ажлын байргүй болсон. Эмнэлэг, сургуулийн чанар хүртээмжээс шалтгаалж хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн, газрын наймаа, авлига, нийслэлийн удирдлага менежментийн алдаа завхралын үр дагаварт эдгээр асуудал хуримтлагдаж үүссэн.Миний бие ойрын сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан, суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргахыг эрмэлзэж байна.
Зарим шийдвэр, шийдэл нь өнөөдөртөө давс мэт шорвог байх төдийгүй улс төрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй. Харин алсдаа нийслэлийн тогтвортой хөгжлийн шинэ эхлэл байж гэдгийг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна.
Энэ амаргүй цаг үед хүндхэн зоримог шийдвэр гаргаснаар нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна. Миний бие дараах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байна.Нийслэлийн засаглалыг сайжруулах хууль, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд үрэлгэн данхар бүтцийг багасгах, үйл ажиллагааны ил тод байдлыг баримтална.
Өнөөдрийн байдлаар нийслэлд шат шатны 214 Засаг дарга ажиллаж байна. Мөн хүн амын тоо дүүргүүдэд нэмэгдэж буй. Эдийн засаг, хүн амын зохист харьцаа, төвлөрлийг харгалзаж нийслэлийг 40-50 дүүрэгтэй болгохоор зохион байгуулах төлөвлөлтийг хэлэхийг хүсэж байна" гэв.
Ташрамд дурдахад хурал түр завсарлах үеэр түүнээс сэтгүүлчид "Та ирэх оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдчихэв үү?" хэмээн асуухад "Тийм" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn