Г.Баярсайхан: Тавантолгойн ордыг Монголын компаниуд өөрсдөө 100 хувь бүрэн эзэмших боломж байна

2023-09-25
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

 

Түрүүч нь 

 

Сү.Батболд: Хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойг шийдэхгүй бол томоохон бүтээн байгуулалтууд олон жилээр ухарна

Х.Баттулга: Урагшаа нарийн царигтай юм уу, хил сэтлээд төмөр зам тавьчих юм бол өнөөдрийн яриад байгаа юм Монголд шингэхгүй

Ерөнхий сайд Сү.Батболд: Энд төрийн мэдлийн Тавантолгойн тухай ярьж байна, тэнд байгаа компаниудын асуудал тусдаа

Х.Баттулга: Солонгосуудтай, германуудтай “Коксын үйлдвэр барьчих, 30  жил түүхий эд нийлүүлэх Засгийн газрын баталгаа гаргая” гэж ярьж байна

Даш.Зоригт: Тавантолгой 30 жилийн хугацаанд 19 тэрбум долларын татвар, төлж, 16 орчим тэрбум долларын ашиг хуваарилна

Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж, иргэдэд эрхийг нь нээж өгөөд л хувьцаа эзэмшүүлнэ

 

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл:

-Тавантолгойн энэ асуудал үнэхээрийн  том асуудал. Энэ бол түүхэн үйл явдал болж байгаа юм. Энэ Тавантолгой чинь намайг 2002 онд Төрийн нарийн бичгийн дарга байхад жижигхэн англи хэл дээр брошюр байсан. Гадаад, дотоодод явуулаад  аваачиж өгөөд байдаг, хэн ч тоодоггүй байсан. Урьд нь Австралийн гэлүү, Канадын нэг компани эзэмшиж байгаад төлбөрөө төлөөгүй цуцлагдсан юм гэнэ билээ. Тэгээд харин Энержи ресурс компани найман жил ард түмэндээ өнөөдөр бид нарыг ийм ярих боломжийг  олгоод Таван толгой гэсэн 100 хувь Монголын өмчийг ярьж байна. Үүнийг өдийг хүртэл авч явж, Монголдоо үлдээсэн Ерөнхий сайд танд баярламаар байна.

Хоёрдугаарт, бид нар тамын тогооны үлгэр шиг бие биенээ жаахан юм хийгээд аваад үлдсэн юмыг баярлахын оронд ямар нэгэн сөрөг  асуудал тавьдгаа болимоор байна.  Энержи ресурсын авч үлдсэн гавьяа өнөөдөр бид нар энэ ярих боломж олгож байгаа юм. Хэрэв үүнийг тухайн үед  эднийх аваагүй, өөр компани аваад үлдсэн бол яахав. Бас л Оюу толгой шиг юм яриад бид нар нөгөө тал нь хөрөнгөө оруулсан гэсэн янз бүрийн юм яриад сууж байгаа шүү дээ. Үүнийг зөв талаас нь манай гишүүд ойлгох байх гэж бодож байна. Энэ төслийг ерөнхийдөө рам нь босоод ирлээ, дэд бүтцийн асуудлыг тэгээд хэлэлцээд явахаараа ажлын хэсэг Байнгын хороодоор яригдана байх гэж бодож байна.

Хоёр хуваагаад байгаа юм. Яг хоёр хуваахаар чинь гадаадын олон улс орнууд сонирхож байдаг. Энэ улс орнууд сонирхоод, нэг худаг дээр нийлээд цөмөөрөө эвтэйхэн орж ирж чадах болов уу, үгүй болов уу, Орос, Европын холбоо бол нэг бодолтой байгаа байх. Тэгээд Хятад, Америк нь юу гэж бодох юм бэ. Япон нь юу гэж бодох юм бол. Миний бодлоор бол З-5 хуваасан бол Монгол Улсын хөгжлийн төлөө энэ  гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай шүү дээ. Энэ төрийн өмчид  100 хувь нь байгаа. Ийм учраас энэ хуваалт нь арай цөөн байна уу гэж би бодож байна.

 

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:

-Ер нь төрийн өмчид  100 хувь авч үлдээд оператор, борлуулалтын эрхээр нь бид нар үйл ажиллагаа явуулах зарчмыг нь Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барих гэж байна. Энэ талаар та нар яг ямар байр суурьтай байгаа вэ.  Ийм хэлбэрээр та нар үйл ажиллагаа явуулах бололцоотой юу гэдэг судалгааг бид нар санал өгсөн компанийн дунд явуулсан.  Зарчмын хувьд татгалзсан компани байхгүй, яг одоогийн байдлаар. Тийм учраас энэ хэлбэрээр яриа хэлцээ цаашид явахад зарим нэг нь дургүйцэж таараа. Зарим нэг компаниуд заавал хувьцаа авна гээд манай дотоодын компаниуд ч гэсэн яриад байгаа л даа. Төрийн өмчийн мэдэлд байгаа энэ компаниас заавал бид нар хувьцаа эзэмших ёстой гээд. Тэгэхдээ энэ хувьцааг эзэмшүүлэлгүйгээр эхний ээлжинд оператор борлуулалтын эрхээр яваад, Монголынхоо компанид иргэддээ хувьцааг арилжих энэ бололцоо байна гэж үзэж байна.

Хоёрт, хуваах асуудлын хувьд харин энэ компаниуд борлуулалт, марктенгийнхаа эрхийг авчихсан байхад хуваах асуудал дээр эмзэг хандаад байгаа юм. Олон хуваамааргүй байна. Болж өгвөл бараг бүтнээр нь ашигламаар байна. Болохгүй бол аль болох бага хуваамаар байна гэсэн ийм асуултыг маш олон тавьж байгаа.  Их Хурлын гишүүдэд мэдээлэхэд бүтнээр нь борлуулалт, маркетинг нь  хариуцаад ашиглах юм бол нэг тэрбум ам.долларын урсгал төлбөр төлье гэсэн ч компани саналаа өгчихсөн байна, албан ёсоор бичгээр.  Тэгэхээр хуваах юм бол энэ урьдчилгаа төлбөр маань хэд болохыг бас мэдэхгүй, нэлээн багасах байх. Тэгэхдээ яриа хэлцээний явцад тодорхой болно. Энэ урьдчилгаа төлбөртэй, яг энэ уурхайн эдийн засгийн үр ашигтай шууд холбоотой асуудал юм. Тийм учраас аль болохоор бага бус хуваахыг үзэл баримтлал болгож оруулж ирсэн юм.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан: 

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын  төслийг Монгол Улсын Засгийн газраас 2010 оны тавдугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдээлсэн билээ.

 Уг хуулийн төсөл болон тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2010 оны зургадугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд тогтвортой явуулах нөхцөлийг хангах, хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатайг үндэслэн дээрх хуулийн төсөл болон тогтоолын төслийг боловсруулжээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын  төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

- Таван толгойн орд яах аргагүй Монголын эдийн засгийн логумитив болно гэж би хувьдаа харж байгаа. Энэ олон жилийн хугацаанд, энэ бартаатай замыг туулаад Монголчууддаа өнөөдөр Тавантолгойг  хадаг яндар, сүүтэй эргүүлээд өгч байгаа Ерөнхий сайд танд нэгдүгээрт баярлалаа гэж би хэлмээр байна.

Гишүүд бүгд олон янзын санал хэллээ. Би энэ дээр нэг популист, үндсэрхэг байр суурь илэрхийлмээргүй байна. Гэхдээ өнөөдөр Тавантолгойн  голд нь Ухаа худаг дээр манай Монголын үндэсний компани үйлдвэрлэл явуулаад боломжийн хэмжээний хөрөнгө оруулалт татаад, үйлдвэрлэл явуулж байгаа. Ойрын үед энэ үр дүнгээ өгөх болов уу гэж би хувьдаа харж байна. Тэгэхээр  Тавантолгойн ордыг бид Монголчууд, Монголын компаниуд өөрсдөө 100 хувь бүрэн эзэмшээд явах бололцоо боломж байна гэж би харж байгаа.  Мэдээж Ерөнхий сайд, манай сайдуудын хэлж байгаа геополитик, нөгөө транзит тээврийн асуудал байгаа. Түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ дэлхийн хүн ам асар их хурдацтайгаар өсч байна. байгалийн баялаг асар их хурдацтайгаар хумигдаж шавхагдаж байна. Бидэнд үнэхээр  шаардлагатай агаар нь буюу, коксжих нүүрс нь байж байна. Тэгэхээр энэ оруулж ирсэн хөрөнгө оруулалтын гэрээний 5.1 дээр асуулт байна.  Гэрээт талбайд олборлолт явуулж байгаа нүүрс борлуулах, экспортод гаргах, олсон орлогоо гадаад улсад шилжүүлэх болон захиран зарцуулах эрхтэй гэж байна. Хөрөнгө оруулагч талын үүрэг юм байна л даа.

Тэгэхээр 100 хувь эзэмшинэ гэж байгаа боловч бид яг бодит байдал дээр  50 хувийг нь эзэмшиж байгаа гэсэн ойлголт миний хувьд төрөөд байна. Би буруу ойлгож байж болох юм. Иргэддээ, компаниуддаа 10 хувийг өгье гэж байна.  Тэгэхээр чинь  10 биш, ерөөсөө 5, 5 хувь л яваад байгаа ойлголт миний хувьд төрөөд байгаа юм л даа. Ер нь бол энэ том Тавантолгойг бид 34 хувийг нь төр эзэмшээд, 33 хувийг нь ард түмэндээ өгөөд, цаашлаад үлдсэнийг нь компаниуддаа өгөөд явах бололцоо боломж бас байгаа юм шиг харагдаад байгаа юм.

Энэ  Таван толгойн ордоос гарах бүтээгдэхүүнийг мэдээж бид гадны компаниудад тодорхой хэмжээгээр квотыг нь хувааж өгөөд, хөрөнгө оруулагч компаниуд өөрсдөө тэр боловсруулах үйлдвэрүүдийг нь баривал яасан юм бэ, би ерөнхий нэг зүйл яримаар байна. Олон жишээ байнга л ярьж байдаг. Африкийн орнууд өөрсдөөр нь хөрөнгө гаргуулаад, тэгээд баахан үнэтэй бүтээн байгуулалт босгоод, төмөр зам босгоод, үйлдвэр босгоод, хамаг мөнгийг нь түүнд нь сорж дуусгачихаад, эцэс сүүлд нь худалдаж авч байсан тал нь хожоод,  хөрөнгө гаргаж байсан тал нь хожигддог тал байдаг шүү дээ.  Энэ үйл явдал давтагдахгүй юу.

Мөн энэ дотоодын компаниудын оролцоог их товч тодорхой болгох хэрэгтэй байна. Энэ дүрэм, журмыг нь энэ гэрээнд зайлшгүй тодорхой зааж өгөх ёстой. Их ерөнхий явж байна гэж би  хувьдаа харж байгаа юм.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга  Ц.Баярсайхан: 

-Ерөнхий сайдаас асуугаад л баяр хүргэчих шиг боллоо шүү дээ.

 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:

-Түрүүн хууль санаачлагчаас асуух байсныг нь  би хойшлуулчихсан юм. Хууль санаачлагчид хариулъя.

 

ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:

-Товчхон хариулахад, бас түрүүн Цэнгэл гишүүний асуусан, би мэдээллийн чанартай хэдэн зүйл хэлэхэд,  за хэрэггүй бол яахав.

 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:

-Түрүүн хууль санаачлагчаас асуух байсан нь хойшлогдчихоод  байгаа юм. Хариулчих. Баярцогт

 

Сангийн сайд С.Баярцогт:

-"Эрдэнэс Монгол"-ын лицензийг нь эзэмшиж байгаа энэ талбайн орд газар 100 хувь Монголын төр эзэмшиж байгаа. Одоо ингээд оператор компани байгуулж ажиллахын хувьд бид ойролцоогоор нийт талбайн болон нөөцийн  60-66 хувь нь монгол компани, 33-40 хувь нь гадны компани, оператор хийх. Энэ дээр лицензийн ямар ч эрх байхгүй. Дээрээс нь хувьцааны ямар ч эрх байхгүй. Ийм маягаар хийж болно. Тэгэхдээ тэр оролцож байгаа компани, гадны компани нэр хүндтэй оператор компани байсан ч заавал Монголын компанитай цуг орж ирэх ёстой. Энэ өөрөө маш олон хүчин зүйлийг шийдвэрлэж байгаа юм. Өмнө хэлсэн транзит тээврийн асуудал, дэд бүтцийн асуудал, дээрээс нь урьдчилгаа төлбөрийн асуудал шийдвэрлэхээс гадна нийт энэ компанийн үнэ цэнийг. Үнэхээр цаашаа бид 1.6 -2 жилийн дараа гаргана гэвэл объёмын асуудал чухал, нөөцийн асуудал, дээрээс нь зах зээл, операторуудын нэр хүндийн асуудал чухал учраас компанийн үнэ цэнийг их хэмжээгээр өсгөнө.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 190 (7175)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

Өчигдөр 06 цаг 00 мин