Гажуудсан ардчиллаа аврах шийдэл нь жендэрийн мэдрэмж

2023-09-14
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Монголчууд хэтийдсэн ардчиллыг эдэлж, хязгааргүй эрх чөлөөтэй амьдарч байна гэдэг. Сүүлдээ ийм шүүмжлэл ойр ойрхон өрнөх болов. Хууль дүрмээ ягштал мөрддөг бусад оронтой жишвэл монголчууд хэт дэврүүн гэмээр байдлаараа ардчиллыг тодорхойлж байж мэднэ. Гэтэл бидний эрх чөлөө гэж нэрлээд байгаа ардчиллын жинхэнэ мөн чанар нь юу билээ.Онолын олон тодорхойлолт байдгаас эшлэвэл ардчилал гэдэг эрх мэдлийг ард түмэн шууд буюу сонгогдсон төлөөлөгчдөөрөө дамжуулан эзэмшдэг төрийн тогтолцоо юм. Гол шинжүүдийг нь авч үзвэл чөлөөт, шударга сонгууль, хууль дээдлэх ёс, иргэний эрх чөлөө, улс төрийн оролцоо. Энэ бүхнийг бид эдэлж чадаж байгаа юу гэдэг асуултад хариулахын тулд дэлхийн ардчиллын газрын зургаас Монгол улсаа тольдож харъя.

Economist Intelligence Unit жил бүр ардчиллын индексийг гаргахдаа дэлхийн 167 орныг 10 хүртэлх оноогоор үнэлж, бүрэн ардчилал, гажуудсан ардчилал, хосолмол дэглэм, авторитар дэглэм гэсэн ангилалд хуваагдах урт жагсаалтаар эрэмбэлдэг.

Хамгийн сүүлийн буюу 2022 оны тайлангаас нь үзэхэд 24 улсыг л бүрэн ардчилсан хэмээн өндөр түвшинд ангилжээ. Энэ жагсаалтыг 9.81 оноогоор Норвеги тэргүүлж байгаа бол Шинэ Зеланд, Исланд, Швед, Финланд айргийн тавд багтаж байна. Харин Монгол Улс 6.35 оноогоор дэлхийн 167 орноос 66-дугаарт жагсаж байгаа юм. Энэ нь өмнөх жилийнхээсээ дөрвөн байраар ухарсан үзүүлэлт бөгөөд бүрэн биш, харин гажуудсан ардчилал гэх ангилалд оржээ. Үүнийг дүр эсгэсэн ардчилал, бузартсан ардчилал гэж нэрлэх нь ч бий. Энэ муу нэрнээс салж, бүрэн ардчилал руу дөхөж очихын тулд бид юу хийх хэрэгтэй вэ. 

Дээр тодорхойлсончлон ардчиллын амин чухал хэмжүүр нь ард түмэн сонгосон төлөөллөөрөө дамжуулан эрх мэдлээ хэрэгжүүлэх юм. Гэтэл манай улсын нийт хүн амыг төлөөлөн шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишүүдийн 80 гаруй хувийг 40-өөс дээш насны эрэгтэйчүүд бүрдүүлж байна. Эмэгтэйчүүд, залуусын төлөөлөл төрийн эрх барих дээд байгууллагад хангалттгүй байгаагийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөх ганц ч хүнийг УИХ-ын танхим багтаасангүй. Үүгээрээ бид оролцоо, төлөөлөл гэсэн чухал үнэлэмж дээр бүдэрч буй. Нэн ялангуяа дэлхийн хүн амын тэн хагасыг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог ардчиллын оноог гаргахад чухалчлан үздэг болоод удаж байна. Тухайлбал, олон улсын парламентын холбооноос гаргадаг эмэгтэйчүүдийн оролцоог илэрхийлэх үзүүлэлтээр Монгол Улс үндэсний парламентын хувьд 189 орноос 133, Засгийн газрын түвшинд 141 дүгээр байрт ороод байна. Тиймээс ч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь ардчиллыг бүрэн утгаар хэрэгжүүлэхэд хамгийн чухал гэдгийг судлаачид онцолдог.

Монгол Улсыг гажуудсан ардчилал ангилалд багтаахад нөлөөлсөн хоёр дахь том асуудал нь авлига. Берлинд төвтэй “Транспэрэнси Интернэшнл” байгууллага хөндлөнгийн 16 эх сурвалж дээр суурилж, судалсны үндсэн дээр Монгол Улсын авлигын төсөөллийн индексийг гаргаж дэлхий даяар зарладаг. Энэ судалгаа тухайн улсын төрийн чадамж, нийгмийн тусгал болдог гэх үү дээ. Индексийг хэмждэг таван гол үзүүлэлтэд хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, төрийн албан дахь авлига, улс төр бизнесийн бүлэглэл төрийн эрх мэдлийг хувийн эрх ашигтаа завшиж байгааг харуулдаг. Үндсэндээ орлогын тэгш бус байдал, ядуурлын түвшин, баялгийн хуваарилалт шударга бус улс орнуудад авлига гаарч байгаа дүр зураг харагдаж байгаагийн нэг нь Монгол Улс. “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын тэргүүн Л.Төр-Од “Ядуурал авлигатай шууд холбоотой. Авлига их байх тусам иргэд орлого багатай байна. Ардчиллын үнэт зүйл, хүний эрхийг дээдэлдэггүй улс орнуудад авлига хамгийн өндөр байна. Өөрөөр хэлбэл, ардчиллын тогтолцоо хэр сайн төлөвшсөн эсэхээс авлигын хэмжээ хамаарч байгаа нь харагдаж байна” гэж ярьсан. Мөн ардчиллын үндсэн зарчим болох төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох, хяналт тавих эрх зөрчигдсөн, хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг орхигдуулсан нь сөргөөр нөлөөлжээ. Гэтэл ядуурал, тэгш бус байдлыг бий болгоод байгаа авлигатай хэн хамгийн үр дүнтэй тэмцэж чадах вэ гэсэн асуултад олон улсын эксперт тодорхой хариулсан нь бий. Латви улсын парламентын гишүүн асан, улс төрийн зөвлөх Лолита Чигане манай улсад ирэхдээ “Хүмүүс эмэгтэйчүүдийн хэлж байгаа үгийг эрэгтэйгээс илүү анхааралтай сонсдог. Эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл авлигатай үр дүнтэй тэмцэж чадна. Учир нь шийдвэр гаргах түвшинд олон талт төлөөлөл байх тусам ил тод нээлттэй байдлыг бий болгодог. Авлигын үйлдэл аль болох далд, нууцаар явагддаг учраас шийдвэр гаргах түвшинд их олон бүлгийн төлөөлөл байх тусам нээлттэй, мэтгэлцээний зарчим хэрэгжинэ. Авлига, төсвийн мөнгийг буруу зүйлд зарцуулахын эсрэг тэмцлийг эмэгтэйчүүд илүү үр дүнтэй, тууштай, шударгаар манлайлж чадна. Харин эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд хангахад намуудын ардчилал их чухал” гэж ярьсан. Тэрбээр Латви улсын "Транспэрэнси интернэшнл"  байгууллагыг удирдаж байсан туршлагатай нэгэн юм.

Ер нь авлигыг бууруулахад эмэгтэйчүүдийн нөлөө их байдгийг олон судалгаа харуулж байна. Энэ зууны эхээр хоёр нэр хүндтэй судалгааны багийнхан “Эмэгтэйчүүд илүү шударга хүйс мөн үү?” “Жендэр ба авлига” гэх тайлангаараа парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл ихтэй улс орнуудад авлига ч доогуур байдгийг нотолсны дараа Дэлхийн банкнаас эхлээд олон байгууллага, судлаачид үүнийг гүнзгийрүүлэн судалсаар байна.   

Тэгвэл Монголын улс төрд авлига тулгамдсан асуудал болсныг Сант Марал сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати “Зууны мэдээ” сонинд ярихдаа онцолсныг эргэн сануулъя.  “Олон нийт ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурласан шударга нийгмийг хүсч байна. Иргэдээс шударга байдлын тухай асуухаар  70-80 хувь нь нийгэм шударга бус байна гэж хариулдаг.  Энэ үзүүлэлт ерөөсөө буурахгүй, үргэлж өсөлттэй, сүүлийн судалгаагаар 90 гаруй хувьд хүрсэн нь бас нэгэн дохио анхааруулга юм” хэмээн тэрбээр хэлсэн. Мөн хамгийн авлигад өртсөн нь улс төрийн намууд байгааг Л.Сумати тэмдэглээд, “Тэд рейтингээ өсгөе гэж бодож байгаа бол шинэ хүмүүс оруулж ирэх ёстой. Нэр нь бохирдсон хүмүүсээсээ салахгүй бол улам унаж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Засгийн газрын хамгийн том асуудал нь юу гэхэд бас л авлигын асуудлыг хөндсөн. Авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ нь дутуу, бүр жүжиг шиг санагдсан ч байж болох дүр зураг харагдлаа. Гэсэн ч авлигатай тэмцэх тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл, улстөрчдөөс хүлээх хүлээлт түүхэн доод хэмжээнд хүрч авлигын түвшин дахин шинэ дээд түвшинд хүрсэн дүн гарсан. Ер нь хүсэл сэтгэл нь байвал нурахгүй тогтолцоо байхгүй гэдгийг дэлхийн удирдагчид харуулсаар байна” гэсэн. Энэ бүхнээс харахад улс орны хөгжлийн тушаа, хүний эрхийг боомилогч нь авлига, ардчиллын хэмжүүр үзүүлэлт аж. Харин авлигатай хийх тэмцэл, ардчиллын индексээ ахиулах амин сүнс нь жендэрийн мэдрэмж буюу шийдвэр гаргах түвшинд олон “өнгө”-ийн дуу хоолойг оруулах юм. Надтай, тантай ижил олон эрх ашгийн төлөөлөл парламентад бүрдэж байж ардчилал бэхжиж, хүний эрх хангагдах нь. Мөн олон улсад Монголын нэр хүнд өсөж, эмэгтэйчүүдийн оролцоогоороо муу жишээ болдог байдал өөрчлөгдөнө. Үүний тулд улс төрийн намууд жендэрийн мэдрэмжтэй болж дотоод соёл, дүрэм, журмаа өөрчлөх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих гээд жаахан хүчин чармайлт гаргахад л дороо эерэг үр дүн гаргах боломж байна. Энэ манлайллыг намууд ч сонгогчид ч ирэх онд харуулцгааж яагаад болохгүй гэж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 183 (7168)

 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 58 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин