П.Амгалан
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцсон юм. Манай улс одоогийн байдлаар 387,034 жуулчин хүлээн аваад байна. Тиймээс жуулчлалын тоо баримтаас харахад аравдугаар сар гэхэд 500 мянга орчим жуулчин ирсэн байх төлөвтэй байгааг хуралдааны үеэр мөн онцолсон юм.
Тус хуралдааныг нээж Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын зарим үр дүн, цаашид өмнөх шийдвэрүүддээ дүгнэлт хийж, ололт амжилтаа бататган ажиллах хэрэгтэйг онцоллоо.
Манай улс өнгөрсөн хугацаанд “Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулсан билээ. Ийнхүү Эдийн засгийн форумыг зохион байгуулан, нийт 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 гаруй зочин, төлөөлөгчид Монголд ирсэн байна. Мөн “Welcome to Mongolia” арга хэмжээний хүрээнд CNN, Financial Times, Washington Post зэрэг 40 гаруй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл гарчээ. Мөн агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд энэ онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг хийх боломж бүрдсэн төдийгүй долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээж эхэлснээс хойш нийт 32 мянган хүн тээвэрлэсний ихэнх нь гадаадын жуулчид байна.
Мөн “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг шуурхайлж, аялал жуулчлалын үйл ажиллагааны менежментийг мэргэжлийн холбоонд шилжүүлж, төр гагцхүү бодлого, хууль, журмаа улам боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.
Жуулчдын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн ариун цэврийн байгууламжийн асуудал хөндөгдөж буй. Аялагч, жуулчдын санал, шүүмжийг ажил хэрэгтээ тусгаж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орчин үеийн ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын гол маршрутын дагуу барьж байгуулсан, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай байх ёстой мөн хэллээ. Түүнчлэн Гадаадын аялал жуулчлалын зах зээлд танигдаж эхэлсэн “Welcome to Mongolia” уриа, арга хэмжээндээ түшиглэн өвлийн аялал жуулчлалын концепц, стратегийг яаралтай гаргаж, хэрэгжүүлэх ажлыг одооноос эхлүүлэх шаардлагатай гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn