С.УЯНГА
Монголын төр өнөөг хүртэл хохирсон иргэнээсээ шаналлаа нотлохыг шаардаж ирсэн. Үр дүнд нь гэмт хэрэгт өртөж, хилсээр буруутан болсон иргэд ажил амьдрал, сэтгэл санаагаараа хохироод үлддэг байв. Тэгвэл практикт анх удаа хүний сэтгэл санааны хохирол, амь насыг үнэлэх хууль эрх зүйн орчин бүрдлээ. Мөн Улсын дээд шүүхээс сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх жишиг загварыг баталжээ.
Өнөөгийн манай улсын шүүхийн практикаар хүний амь насыг 50 сая төгрөгөөр үнэлдэг нийтлэг жишиг бий. Тэгвэл Шүүхийн шинжилгээний хууль батлагдсанаар сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг тусгай загварчлалаар гаргаж, зэрэглэлийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар хамтран тогтоохоор болсон. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 82.5 сая төгрөг байхаар хууль тусгаад байгаа. Энэ бол хамгийн бага жишиг загвар гэж буй. Мөн монгол хүний дундаж наслалтаас хохирогчийн амь насыг хасаж хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг тав дахин үржүүлэх хувилбар бас бий. Тухайлбал, хохирогч 21 настай байлаа гэхэд дундаж наслалт 71 гэж үзэхэд зөрүү 50 гарч байна. Энэ хугацаанд хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх байжээ гэж үзэхэд 137.5 сая төгрөг байх юм. Ингэж байж эд материалаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг үнэлнэ гэж хууль санаачлагч, шинжээчид үзэж байгаа.
Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталлаа. Ингэхдээ сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу нэгдүгээр зэрэглэл 0-3 хувь, хоёрдугаар зэрэглэл 4-8 хувь, гуравдугаар зэрэглэл 9-15 хувь, дөрөвдүгээр зэрэглэл 15-30 хувь, тавдугаар зэрэглэл 31-99 хувь гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хувьчлан тооцох аж. Ингэж гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийн таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримтлах юм байна. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэцэд хохирол учруулсан бол 2.7 сая төгрөг ба түүнээс дээш 80 хүртэлх төгрөгөөр үнэлүүлэх боломжтой болж байна. Харин нэгдүгээр зэрэглэлээс доогуур тогтоохгүй гэсэн үг. Түүнчлэн иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд бүтэн өнчин үлдсэн бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 160 сая төгрөгөөр тогтооно.Ингэснээр иргэн хамгийн багадаа хоёр, 80 сая бага насны бүтэн өнчин үлдсэн хүүхэд 160 хүртэлх сая төгрөгийн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх зүйн орчин үүсэж байна.
Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо жишиг загвараар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүнийхээс илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт байдаг эсвэл дотно байсан зэргээр хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх юм байна.
Сэтгэл санааны хохирлыг төлдөг бусад улс орны жишгийг авч үзье.
ОХУ
-Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг шүүхийн журмаар олгохдоо буруутай этгээдээс нэхэмжилдэг. Эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхэд Иргэний, Хөдөлмөрийн тухай хууль болон Эрделевскийн хүснэгтийг ашиглаж байна. Буруутай этгээдэд нөхөн төлбөр олгох хангалттай хөрөнгө байхгүй бол улсын төсвөөс олгодог. Нөхөн төлбөр олгох улсын сангийн хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Жил бүр энэхүү сангийн санхүүжилтийг ОХУ-ын Засгийн газраас баталж өгдөг бөгөөд Улсын төсвийн тухай хуулиар зохицуулдаг.
Украин
-Украин улсад Эрделевскийн хүснэгтийг Украин улсын шүүх үйл ажиллагаанд удирлага болгох талаар Дээд шүүхээс захирамж гаргаж шүүхийн практикт ашигладаг байна. Хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.
Литва
-Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нөхөн төлбөр олгох хангалттай хөрөнгө байхгүй бол улсын төсвөөс хариуцна. Хүчирхийллийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах сан нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагдаж тусгай хөтөлбөрөөр санхүүждэг.
- гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол 15600 лита буюу 4518 евро
-ноцтой гэмтэл учруулсан эсвэл бэлгийн сэдэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хохирол 13000 лита буюу 3765 евро
Бельги
-Эрүүгийн болон иргэний журмаар хохирол нөхөн төлүүлэх боломж нээлттэй бөгөөд хохирогч нэхэмжлэхийг өөрөө сонгох эрхтэй. Нийтийн сангаас эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж болно.
-Хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсаны нэг өдрийн 25 евро
-Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны нэг өдрийн 13 евро
-Нэмэлт өвдөлт, шаналал зовиурт мөн нөхөн төлбөр өгнө.
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хохирогчийг насны байдлаар нь ангилдаг.
-10 ба түүнээс доош настай хүнд 3300 евро
-35 ба түүнээс доош настай хүнд 2425 евро
-64 ба түүнээс доош настай хүнд 1410 евро.
Гоо сайхны хохирлыг 1-7 хүртэлх түвшингээр үнэлнэ.
-1-р түвшин 250-750 евро
-4-р түвшин 2250-8700 евро
-5-р түвшин 8700 евро ба түүнээс дээш
-7-р түвшин 24800 евро ба түүнээс дээш
ХБНГУ болон Голланд
-Германд өвчин шаналал, гэмтэл учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь хоёр зорилготой. Нэгдүгээрт, нийгмийн амьдралд оролцох, аз жаргалтай байх боломжоо өвчин шаналлаас болж алдсан хүмүүст чиглэдэг бол хоёрдугаарт, гэмтэл нь аль хэсэгт байгаагаас хамаарч нөхөн төлбөрийн хэмжээ ялгаатай.
Голландад
-гадаад гэмтэл /хөдөлмөрийн чадвараа алдсан 1 долоо хоногт/ 100-500 евро
-тархи хөдлөх / хөдөлмөрийн чадвараа алдсан 1 долоо хоногт / 300-1000 евро
-хүндрэлгүй эмчлэгдэх боломжтойгоор нэг гар хугарсан бол 600-2000 евро
-нуруу сээрний гэмтлээс болж саажилт үүссэн бол 50000-аас дээш евро
Германд
-гар хугарсан бол 1000-12500 евро
-хөл хугарсан бол 2500-12500 евро
Дани
Гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах үедээ цагдаа тухайн хохирогчийн эрхийг хамгаалах төлөөлөгч томлиуулахаар шүүхэд хүсэлт гаргах үүрэгтэй. Төлөөлөгч хохирогчид учирсан хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэхэд туслалцаа үзүүлж ажилладаг.
Австри
- Бие махбодид учруулсан гэмтлийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан. Хохирол нөхөн төлүүлэх нь хууль ёсны эрх юм.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс
Санхүүгийн үйлчилгээний нөхөн төлбөрийн загварыг ашиглах ба Тусгай шүүхээр асуудлыг шийдвэрлэхээр заасан. Нөхөн төлбөрт зориулсан Нэгдсэн санд хуримтлал үүсгэх хувь хэмжээг тусгайлан заасан.
АНУ
-11 муж нөхөн төлбөрийн дээд хэмжээний тухай хууль гаргасан (энгийн хохирлын хэмжээг 1-5 дахин ихэсгэх), зарим муж 300,000-5 сая ам.доллар гэж тогтоосон. Дээд шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг ес дахин ихэсгэснээс хэтэрч болохгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7141)