П.АМГАЛАН
Улс орны хөгжлийн нэг гарц бол зам, тээврийн салбар. Энэ чухал салбарын хөгжлийг дагаад олон үүд хаалга нээгддэг. Тиймээс манай улсын хувьд томоохон бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байна. Жишээлбэл, Өнгөрсөн сард богино хугацаанд эдийн засагт чухал хувь нэмэр оруулах “Шивээхүрэн-Сэхэ” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлсэн. Харин энэ удаа Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд, банк бус санхүүгийн байгууллагууд оролцсон юм. Энэ үеэр гурван хэлэлцээрт гарын үсэг зурав. Тодруулбал, “Моngolian Trans Line” компани 3000 вагон оруулж ирэхээр Хятадын төмөр замын вагон удирдах компанитай гарын үсэг зурлаа. Мөн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр замын хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны төмөр замын ТЭЗҮ боловсруулах санамж бичигт холбогдох байгууллагууд гарын үсэг зурсан юм. Чуулганы үеэр "Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт", "Хөгжлийн түүчээ-Төмөр зам", "Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр", "Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр" зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хатуу хучилттай авто замаар 11 боомтыг холбоно
Хөрөнгө оруулалтын чуулганаар Зам, тээврийн салбарт ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж байгаа томоохон бүтээн байгуулалт, түүнээс өгөх эдийн засгийн үр өгөөж хийгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шинээр 2966 км хатуу хучилттай авто зам, 3358 км төмөр зам барих, шинээр 11 боомтыг хатуу хучилттай авто замаар, дөрвөн боомтыг төмөр замаар холбоно. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын голлох боомтуудад чингэлэгт тээврийн болон шилжүүлэн ачих терминалуудыг барихаар ажиллаж байна.
Мөн баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Шивээхүрэн-Сэхэ, зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тал дээр ажиллаж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барьж, Орос, Монголын хилийн Эрээнцав боомтоос Чойбалсан чиглэлийн 238 км төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсан-Хөөт-Бичигтийн зүүн босоо чиглэлийн 426 км төмөр замыг шинээр барих томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Ингэснээр Орос-Хятадыг холбосон зүүн босоо чиглэлийн төмөр замын коридор болж өргөжих юм.
Түүнчлэн Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 394 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд зарлана. Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр дахь төмөр замыг барих, түүний нэг чухал хэсэг болох Улаанбаатар хотыг тойрон гарах “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар-Хархорум чиглэлийн 384 км хурдны төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.Эдгээр төслийг хэрэгжүүлж, ашиглалтад оруулснаар төмөр замын төв коридорын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, транзит тээвэр, Европ-Хятадыг холбосон төмөр замын коридорыг хөгжүүлэхэд түлхэц болж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тэлж, боомтын сэргэлтийг хангах чухал ач холбогдолтой юм.
2024 онд АНУ-руу шууд нислэг үйлдэнэ
Мөн агаарын тээврийн салбарын либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж, олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаа төвийг бий болгохыг зорьж буй.
2021 онд 30 гаруй улс руу нислэгтэй байсан бол энэ онд шинээр 10 улстай "Агаарын харилцааны хэлэлцээр" байгуулж 105 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдсэн. Мөн Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шинээр Кувейт, АНУ, Унгар, Грек, Их Британи, Испани, Латви зэрэг арван улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. АНУ-тай “Open sky” агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, 2024 оноос Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох бүрэн боломж нээгдсэн. Эдгээр хэлэлцээрийг байгуулснаар дэлхийн агаарын тээврийн гол зангилаа цэгүүд рүү ямар нэгэн хязгаарлалтгүй шууд болон аяллын дугаар хуваан эзэмших журмаар зорчигч үйлчлүүлэгчид хямд бөгөөд ая тухтай нислэг үйлдэх боломж нээгдэж байгаа юм.
Мөн орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулах хүрээнд, Өндөрхаан нисэх буудлыг 3 С болгох ажлыг хийж хэрэгжүүлнэ. Хөвсгөл аймгийн Мөрөн, Өмнөговь аймгийн Гурвансайхан, Ховд аймгийн Ховд, Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж олон улсын нисэх буудал болгон ашиглах зорилт тавьж байна.
Ингэснээр 3-5 дахь нисэх буудлыг Монгол Улсын хойд, өмнөд, зүүн, баруун хэсэгт барина. Энэ ажилд агаарын тээвэрлэгч компаниудыг нээлттэй оролцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт уриалав.
Дашрамд дурдахад агаарын тээврээр 2023 оны эхний таван сард 564 мянган зорчигч тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 148, орон нутгийн зорчигч 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Зам, тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 10 орчим тэрбум ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай
Эдгээр зорилт Монгол Улс төдийгүй бүс нутгийн томоохон бүтээн байгуулалт гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Зам, тээврийн салбарын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 10 тэрбум орчим ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тодруулбал, Төмөр замын салбарт долоон тэрбум, авто замын салбарт хоёр тэрбум, олон улсын нисэх буудал барихад нэг тэрбум ам долларын хөрөнгө оруулалт орох аж. Үүнийг Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас шийдэх боломжгүй байна. Мөн гаднаас зээл тусламж авах нь хязгаарлагдмал аж. Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Дээрх боломж, зорилтыг хэрэгжүүлэхэд төрөл бүрийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай ажиллах нь Монгол Улсын тэр дундаа зам тээврийн салбарын гол бодлого төдийгүй бидний үндсэн зарчим байх болно. Тиймээс дэд бүтэц, тэр дундаа зам, тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд хамгийн ирээдүйтэй, хамгийн их үр өгөөжтэй, эрсдэлгүй орчин байж чадна гэдэгт та бүхэн итгэж болно. Чуулганы "Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт" хэлэлцүүлгийн үеэр бусад орны төлөөллүүд хөрөнгө оруулалтын таатай орчин, эрхзүйн орчин тодорхой тогтвортой байх тал дээр анхаарахыг хүслээ. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам хөрөнгө оруулалтын орчинг таатай, тогтвортой болгох, эрх ашгийг хамгаалах тал дээр идэвх, санаачлагатай ажиллаж байгаа. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж, батлуулах хэрэгтэй байна. Мөн хөрөнгө оруулалтын тухай хуультайгаа уялдуулжан төсөв, татвар, бусад хуулиудаа уялдуулах шаардлагатай. Учир нь хууль хоорондын зөрчил хийдлээс болж нэг талдаа хөрөнгө оруулалтын хуульд таатай боломж олгосон ч татварын хуулиараа буцаагаад үгүйсгэдэг асуудал байна” гэв. Ийнхүү манай улс зам, тээврийн салбарын томоохон хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засагт чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж:www.polit.mn