Нүүрсний хулгай ерөөсөө байгаагүй юм биш үү?!

2023-05-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ер нь бол “...Нүүрсний хулгай байна” гэж яригдаад хэдэн ч жил болж байгаа юм, бүү мэд. Лав 10 гаруй жил өнгөрсөн. Ингэтлээ үндэс сууриа бат суулгаад байсан нүүрсний хулгайг өнгөрсөн жилийн сүүлчээс илүү хүчтэй ганхуулж эхэлсэн байдаг.

Юу болсныг хураан жагсаавал, 2022 оны хавар дөрөвдүгээр сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг сонин мэдэгдэл хийв. Тэрбээр “...Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ. Тэнд маш их хэмжээний автомашин бий. Үүнд манай парламентын гишүүд холбогдсон. Цаана нь маш олон нөлөө бүхий лидер гарч ирнэ. Хятадын Баяннуурын зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй. Хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг байна. Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэсэн юм. Зун нь зургадугаар сард УИХ-аас Нүүрсний түр хороог байгуулав. Ингээд хэсэг намжсан. Аравдугаар сараас нь дахин сэдэрч жинхэнэ утгаар нь онгичсон. Засгийн газар нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгосон. Үүнтэй зэрэгцээд мөрдөх байгууллагууд, прокурорууд тун идэвхийлэн ажиллаж эхэлсэнбайдаг. Нүүрстэй холбоотой төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьсон. Зарим нь гадаад руу зугтсан. 2022 оны сүүлчээр идэр ес тачигнаж байхад нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаал хийв. Тэр үеэр хууль хяналтынхан нүүрсний хулгайд холбоотой гэх 17 хүний нэрийг зарлав. 2023 он гараад удалгүй УБТЗ-ын удирдах албан тушаалтны гэрээс 7.3 тэрбумыг илрүүлж, тухайн албан тушаалтныг баривчилсан. Цагаан сарын дараа Улсын ерөнхий прокурор нүүрсний хулгайд холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулав. УИХ хоёрыг нь түдгэлзүүлж, нэгийг нь авч үлдсэн. Гуравдугаар сарын дундуур нүүрсний хулгайн үнэн мөнийг ил болгох нээлттэй сонсголыг Нүүрсний түр хороо товлосон. Гэвч удалгүй “...АТГ болохгүй гэлээ. Болилоо” гээд цуцалсан. Ингээд таг чиг болов.

Ер нь тэр цагаас хойш нүүрсний хулгайн хэргүүд намдах тал руугаа орсон байдаг. Явсаар нүүрсний хулгайг ярихаа ч больж эхэллээ.

Ганцхан, гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон УБТЗ-ын удирдах албан тушаал хашиж байсан залуугийн хэрэг л шүүхийн “үүд”-нд очоод байна. Бас уржигдар АТГ-аас хэвлэлийн хурал хийж, “...Х.Баттулгаас мэдүүлэг авсан” хэмээн мэдээлсэн. Өөрөөр нам жим.

Уг нь нүүрсний хулгайн дуулиан шуугиан эхэлж, олон нийт эсэргүүцэн жигшиж эхлэхэд УИХ-д Нүүрсний түр хороо байгуулж, түүний гишүүд нь “...Пүү паа” гээд сүйд болж байв. Түр хорооны анхны буюу 2022 оны зургадугаар сарын 30-ны хурал дээр Ш.Адьшаа “...Хил дээр авлига, албан тушаалын ноцтой асуудлууд үүссэн. Хамгийн сүүлд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газар, боомтын захиргаа гэдэг энэ байгууллага хилийн байгууллага, гаалийн байгууллага, тагнуулын байгууллага харсаар байгаад олон арван мянган тонн нүүрсийг ямар ч гаалийн бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн.Тэр өнөөдөр цагдаагийн байгууллагад шалгагдаад, зарим хүмүүс нь мөрдөнд орсон”, 2022 оны арваннэгдүгээр сарын 9-нд С.Ганбаатар “...Энэ бол сүүлийн 20, 30 жилд хүний өөрийнгүй, маш олон намын, улстөрчдийн хутгалдсан зүйл. Харин энэ Засгийн газар сөхөж байна. Сайн юмыг нь хэлнэ ээ, хэлнэ. Тавантолгойн нүүрсний хулгайг зогсоох гэж байгаа явдал бол том эр зориг. Том асуудал.Монгол бол ерөөсөө л Оюу толгой, ГОК, Тавантолгой гэдэг гурван том хулгайн объекттой. Эндээсээ л улстөрчид нь идэж уудаг. Энэг ойлголт мань мэтээс нь аваад бүгдэд нь байдаг”, Ц.Анандбазар “...Оросууд томхон хулгайгаа “...Баавгай бал зөөгөөд савраа долоодог” гэж ярьдаг. Манайх бол “...Савраа долоогоод, балаа идээд, бас дээр нь ваараа идчихдэг” юм байна. Тэгээд энэ үнэхээр аймшигтай юм байдаг юм байна шүү дээ”, Н.Ганибал  “...Ер нь тэгээд 2013 онд тэр том асуудал үүссэн л юм байна. Тэрийг нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хэрэгсэхгүй болсон. Хууль хүчний байгууллагууд нь худлаа янз бүрийн шийдвэр гаргадаг болчихсон юм уу. Үнэхээр тэр хулгай байгаа бол бүгдийг нь л ил гарга. Нэн ялангуяа Тавантолгой Монголын ард түмний өмч шүү дээ. Зөвхөн төрийн, дарга нарын өмч биш байхгүй юу. 1072 хувьцаа эзэмшсэн Монголын бүх ард түмний өмч”, Б.Баттөмөр “Монголын далд эдийн засаг нүүрс дээр, алт дээр, ашигт малтмалын лиценз дээр байгаа юм. Одоо энэ хар л даа. Нүүрс. Монгол жижигхэн. Эдийн засаг нь жижигхэн. Хаана хулгай байгаа нь харагдаж байгаа шүү дээ. Одоо энэ хүн амын 0.1 хувь нь нүүрс, баялаг тээж байна. Тэд баяжаад, 99.99 хувь нь ядуу хэвээрээ байна. Монголын хүн амын 42.3 хувь нь ядуурчихсан. Ядуурал руу орж байна шүү дээ. Маш их тансаг хэрэглээтэй. Орлого байдаггүй. Мэдүүлдэггүй. Том том өндөр байшин барьсан. Нүдэн дээр ил байгаа шүү дээ. Манай авлигынхан та нар харж л байгаа. Прокурор, цагдаагийнхан харж л байгаа” гэсэн. Энэ мэтээр “...Нүүрсний хулгай байна” гэдгийг хаана хаанаа л хүлээн зөвшөөрсөн. Бүгд л үзэн ядаж, “...Үтэр түргэн таслан зогсооё” гэцгээсэн.

Ингэж сүр дуулиан болсноос хойш хагас жил өнгөрөв. Ерөнхий сайдын мэдэгдээд байсан “...Нүүрсний машинуудын араас гарч ирэх нөлөө бүхий лидерүүд” хаачсан ч юм, сураг байхгүй. АТГ-ын зарласан “...Нүүрсний 17”-гийн хэн нь хулгайч, хэн нь хэлмэгдэгч болж үлдсэн юм, хариу алга. УИХ-ын “суллаад” явуулсан гишүүдийг мэдүүлэг сэлтээ өгч байна уу, тэдний хаана юу хийж яваа нь анир алга. Малайзад сураг нь гараад удсан, тэндээ суурьших шахаж буй “Тавантолгой төмөр зам”-ын захирал асныг авчирч чадах эсэх нь тодорхойгүй. Нүүрсний түр хорооны нээлттэй сонсгол нам, таг. Эцэстээ хууль хяналтынхан маань урьдчилан хорих төвд саатуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага, УБТЗ-ын С.Батдөл, хэрэг хийсэн эсэхээ ч мэдэхгүй, системийн золиос болсон байж болзошгүй 20 орчим гаалийн байцаагчтай л үлдэж байх шиг байна. Бусад нь яасан, бүү мэд. Тэгэхээр тун удахгүй “...Нүүрсний хулгай байгаагүй юм байна” гэж ч мэдэх юм. Нээрэн, нүүрсний хулгай гэж ерөөсөө байгаагүй юм биш үү?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 103 (7088)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

8 цаг 8 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 10 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

8 цаг 11 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 6 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

11 цаг 28 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

12 цаг 27 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

12 цаг 59 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

13 цаг 20 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

16 цаг 54 мин