Л.Сумати: Намууд рейтингээ өсгөе гэвэл шинэ хүмүүс оруулж ирэх хэрэгтэй

2023-04-26
Нийтэлсэн: Админ
 18 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ.  Энэ удаа “Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Суматиг урьж, ярилцлаа.

 

-“Сант Марал” санг олон нийтийн судалгаа хийдэг байгууллага гэдгээр  нь мэднэ.  Үйл ажиллагааныхаа талаар ярихгүй юу.  Зөвхөн судалгаан дээр тулгуурласан байгууллага юм уу?

-1990 оны дундуур Германы “Конрад-Адэнауэр”-ын сан  Монгол Улсад  төлөөлөгчийн газраа нээсэн. “Сант Марал” сан тус сангийн тусламжтайгаар 1995 онд байгуулагдаж, тэр цаг үеэс хойш тасралтгүй олон нийтийн дунд судалгаа хийж байна. Тэр үед ардчиллыг хөгжүүлэгчдэд ямар асуудал тулгарсан гэхээр  ерөнхийдөө Монголын хүн амд ардчилал гэдэг зүйл хэрэгтэй юм уу, үгүй юм уу.  Хэрэгтэй гэхэд олон нийт юу бодож, юунд тэмүүлж байгааг судалж, үнэлэлт дүгнэлт хийх хэрэг гарсан.   Нийгмийн шилжилт болж тогтолцоо  нураад судалгаа явуулдаг төрийн байгууллагууд бүгд хаалга, үүдээ барьсан ийм  цаг үе л дээ.   1990 оны дунд хүрэхэд үнэндээ судалгаа хийх нэг ч газар байгаагүй. Ер нь аливаа улс орны өөрчлөлт шинэчлэлтэд олон нийтийн уур амьсгал, тэдний санаа бодол ямар байгааг судлан шинжилж, түүнээс санаа авч бодлого шийдвэр гаргах нь чухал байдаг. Энэ орон зайг Германы “Конрад- Адэнауэр”-ын сан маш соргогоор харж, “Сант Марал”-ыг дэмжсэн.  Тухайн үед надтай хамт гурван хүн  Герман руу явж 20 хоногийн турш Германы томоохон судалгааны төвүүдэд туршлага судлаад ирсэн.   Ингээд эргэж ирээд  1995 оны есдүгээр сард анхны судалгаагаа Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулж байлаа. 2007 он хүртэл ерөнхийдөө судалгаа маань ардчилалыг бэхжүүлэхэд чиглэж, нэгэн хэвийн үргэлжилсэн байдаг.  Мөн бид улс төрөөс гадна өөр олон сэдвээр судалгаа ч хийж байсан туршлагатай. Сан маань зөвлөгөө маягаар судалгаа хийдэг онцлогтой. Энэ судалгаа зөвлөгөө нь тодорхой нэг бодлогын суурь болдог талтай. Тухайлбал, Монголын хувьчлалыг хийж байсан байгууллага манайхаар судалгаа хийлгэсэн. Манай судалгаагаар тэдний ой тойнд орж ирээгүй зүйл харагдсан. Монголчууд хувьчлал явууллаа гэхэд хувьдаа баяжих биш улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ёстой гэсэн хандлагатай байсныг тэр судалгаа илрүүлж өгсөн. Монголын ард түмэн хувьчлалд эерэг хандлагатай байгаа гэдгийг ойлгоод тэрэнд тохирсон бодлого хэрэгжүүлж эхэлсэн.

-2007 оноос судалгааныхаа арга барилыг өөрчилсөн гэлээ. Ямар өөрчлөлт хийсэн юм бэ. Цаг үеийн шаардлага байв уу?

-Тийм ээ. Энэ цаг үеэс Монголд шилжилтийн үе ерөнхийдөө дуусч, ардчилсан тогтолцоо тогтворжсон гэх үү дээ.  Тийм учраас бид ч судалгааны арга барилаа өөрчилж, зарим нэг асуултаа тэр үед шинэчилсэн. 2008 онд шинэчилсэн асуултууд одоог хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тохиолдол ч байна. Ер нь судалгааны асуултуудаа өөрчлөх сонирхол байдаг ч манай судалгаа онцлогтой. Асуултаа жаахан өөрчлөхөөр судалгааны аргачлалын хувьд харьцуулалт хийхэд төвөгтэй болдог. Нөгөө талаасаа нийгэмд тулгамдаж байгаа дийлэнх асуудлууд маань төдийлөн төгс шийдэгдээгүй байгаа учраас тэртээ 1995 онд байсан асуултууд хэвээр байна.  Нэг адилхан асуултад хүмүүс хэдэн жилийн дараа юу гэж хариулж байна гэдгийг харж, харьцуулж үзэх нь бас чухал. Ер нь Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, олон улсын харилцааны тухай олон жилийн давтамжтайгаар ингэж судалгаа хийж байгаа өөр газар байгаа эсэхийг би мэдэхгүй байна. 

-Тухайлбал, ямар асуултыг иргэдээс хамгийн олон давтамжтай асууж, хариулт нь яаж өөрчлөгдөж байна вэ.  Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Эдийн засаг, хүн амын амжиргаатай холбоотой асуултууд 1995 оноос хойш нэгэн хэвийн явж ирлээ. Нэг харамсалтай дүр зураг харагддаг. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд баян, ядуугийн ялгаа нэлээд нэмэгдсэн. Тиймээс бид энэ тухай судалгааныхаа асуултын  агуулгыг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Баян ядуугийн ялгаа гэдэг өөрөө их радикал асуудал. Улстөрчид энэ асуудалд анхаарч, тогтолцоондоо өөрчлөлт хийхгүй бол асуудал үүсч мэдэхээр байна шүү гэдэг анхааруулгыг манай судалгаа харуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд олон хүний хувьд ажилгүйдэл тулгамдсан асуудал болж байсан. Зарим хүн энэ бол түр зуурын үзэгдэл болон  эдийн засгийн хөгжил энэ асуудлыг өөрөө шийднэ гэж үздэг. Зарим нь ажилгүйдлийг багасгахын тулд төрийн оролцоо болон тодорхой арга хэмжээнүүд зайлшгүй байх ёстой гэж үзэж байв.  Тэгвэл энэ удаагийн судалгаагаар ардчиллыг хамгийн тулгамдсан асуудал гэж үзсэн. Харамсалтай нь улстөрчид судалгааны дүр зургийг маань тоодоггүй л  дээ.  Хамгийн сүүлд буюу энэ дөрөвдүгээр сарын судалгаагаар “Баян, ядуу хүмүүсийн орлогын ялгааг багасгах талаар Засгийн газар  арга хэмжээ авах ёстой гэж зарим хүн үзэж байхад, нөгөө хэсэг нь Засгийн газар иймэрхүү ажиллагаанд огт оролцох ёсгүй гэсэн бодолтой байдаг. Таны бодлоор Засгийн газар яах ёстой вэ” гэж асуухад “Ялгааг заавал арилгах ёстой” гэж иргэдийн 39 хувь нь хариулсан байна. “Ялгааг ямар нэг хэмжээгээр багасгах ёстой” гэж иргэдийн 44.6 хувь үзжээ.  Яг үүний өмнөх судалгаагаар 29.2 хувь нь яг ингэж хариулж байсан. Баян, ядуугийн ялгааг багасгах ёстой гэсэн иргэдийн тоо даруй 10 хувиар нэмэгдэнэ гэдэг томоохон асуудал юм шүү.  Өөрөөр хэлбэл, иргэдийн дунд орлогын ялгаа байхгүй болвол  цэвэр Хойд солонгосын л тогтолцоо болно биз дээ. Ийм тогтолцоог иргэдийн 40 хувь дэмжиж байна гэдэг тун хэцүүхэн үзүүлэлт.  Шуудхан хэлэхэд,  монголд нэг коммунист нам байгуулъя гэвэл иргэдийн 40 хувь нь дэмжих нь л дээ.

- Ерөнхийлөгчийн засаглалыг иргэд нэлээд дэмждэг нь судалгаанаас харагдаж байна.  Намуудын нэр хүнд уналтад орсоор байна.   Тэгэхээр олон нийт яг юу хүсээд байна вэ?

- Нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь давамгайлж байна уу” гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 93 хувь нь шударга бус нь давамгайлж байна гэжээ. Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал гэдэгт ч олонх авлигын асуудлыг нэрлэсэн байна. Мөн авлига арилахгүй бол ирээдүйдээ итгэх итгэлгүй байна гэж иргэдийн олонх үзжээ. Энэ судалгаанаас харахад олон нийт Ерөнхийлөгчийн засаглалыг яагаад яриад байна гэхээр одоогийн байгаа тогтолцоо нь олон нийтийн асуудлыг шийдэж чадахгүй, санаанд нь хүрэхгүй байна. Олон нийт ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурласан шударга нийгмийг хүсч байна.  Хуулийн өмнө хүн болгон тэгш эрхтэй байхыг хүсч байна. Монголд тэр тогтолцоо байгаа боловч бэлгэ тэмдгийн чанартай байгаад бухимдаж байна.  Тиймээс өөр зүйл хүсээд байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гээд дээрх асуудал бүгд шийдэгдэнэ гэдэг юу л бол, эргэлзээтэй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглалтай холбоотой судалгаан дээр олон нийтийн хүсэл эрмэлзлэл биш зүгээр сонирхол л байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй.  Энэ нь болохгүй байгаа юм чинь ингээд үзвэл яах бол гэсэн хандлага ажиглагддаг. Манайх улс төрийн намууд дээр суурилсан хандлагатай болохоор тогтолцооны хямралд хүрсэн гэж болно. Тэгэхээр энэ тогтолцоо нь биш байна гэхээр хүмүүс өөр тогтолцоо хайж эхэлж байгаагийн тусгал. Иргэдээс аливаа сонгууль, парламентаас хамаардаггүй хүчтэй удирдагч байвал яах уу, эсвэл Судан, Мьянмар шиг хүчний байгууллагуудад  эрх мэдлийг өгөөд үзвэл зүгээр юм уу. Ардчиллын зарчмаар сонгоод нийгэмд төлөөлсөн парламенттай байх уу. Дөрөв дэх нь мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн элит Засгийн газартай байх уу гэсэн сонголттой асуулт явуулахад хүчтэй удирдагч гэдэг сонголт нь ерөнхийдөө уналттай байна. Энэ нь манай хөрш  Казахстанд болсон үйл явдалтай холбоотой байж магадгүй.  Казахстаны удирдагч Назарбаевын уналт энэ тогтолцоог дэмждэг хүмүүсийг шоконд оруулсан юм шиг байна лээ.  Нөгөө талаар  Назарбаев нэр хүндтэй байлаа ч шударга бус нийгмийн тогтолцоо  нь түүнийг унагалаа. Одоо манайд ч яг тийм шударга бус байдал газар аваад байна. Иргэдээс шударга байдлын тухай асуухаар  70-80 хувь нь нийгэм шударга бус байна гэж хариулдаг.  Энэ үзүүлэлт ерөөсөө буурахгүй, үргэлж өсөлттэй, энэ сарын судалгаагаар 90 гаруй хувьд хүрсэн нь бас нэгэн дохио анхааруулга юм даа. Үүн дээр нэмээд дээр ярьсан баян, ядуугийн ялгааг арилгахтай холбоотой санал асуулгын дүнг авч үзвэл ерөнхийдөө манайд Казахстан шиг үйл явдал болж магадгүй гэсэн дүр зураг харагдаж байна.

-Та дээр дөрвөн сонголтын тухай ярилаа. Хүчтэй удирдагчтай байх сонголт нь буурсан үзүүлэлттэй байгаа юм байна.  Тэгвэл аль сонголтыг олон нийт хүсч байна вэ?

-Мэргэжлийн элит Засгийн газартай болох нь зүйтэй гэсэн сонголт нийгэмд бага багаар хүчээ авч байна. Одоо энэ сонголтыг 30 орчим хувь нь дэмжиж байгаа бол 2-3 жилийн дараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж гарч ирэх нь гарцаагүй байна.  Үүнийг дагаад нэг томоохон асуудал орж ирж байгаа нь мэргэжлийн хүмүүсийн хомсдол юм уу даа. 

-Танай судалгаанууд ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн байна.  Ер нь монголын нийгэмд өгсөн үр өгөөж, ач  холбогдлыг та юу гэж дүгнэдэг вэ?

-Олон нийтийн ардчиллын тухай ойлголт ямар байгаа, төрийн энэ тогтолцоо нь хүмүүсийн хувийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа гээд нийгмийн амьдралыг олон талаас нь судалж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллажээ. Нөгөө талаар улс төрийн тогтолцоо гэдэг зүйлийг олон нийт зүгээр сонирхдог,  абстракт байдлаар хүлээж авдаг хэвээр байна.  Тогтолцоо гэдэг зүйл бидний амьдралд яаж нөлөөлдөг гэдгийг  тооцож чаддаггүй.  Хамгийн нэгдүгээрт эдийн засаг гэж ойлгодог.  Энэ ойлголт нь цаашлаад сонгуультай холбогддог.  Ингээд  ажиллах дөрвөн жилийн хугацаандаа эдийн засгаа босгож чадаагүй улс төрийн нам бол сонгуулиар хэцүүднэ. Хамгийн ойрхон жишээ бол  2016 он юм.  АН-ынхан тухайн үеийнхээ эдийн засгийн үзүүлэлтээс л болж ялагдсан даа.

-1995 оноос хойш Монголын нийгэм, эдийн засаг улс төрийн байдалд судалгаа хийж, олон нийтэд танилцуулсаар байна.  Төр засгийн зүгээс манай судалгааг тоодоггүй гэж та ярилаа.  Ер нь арай нааштай хүлээн авч байсан үе гэвэл хэзээ байсан юм бэ?

 -Засгийн газар сенсацитай асуудлыг шүүрч аваад шийдвэр гаргаад байдаг. Харин  нийгмийн асуудалд судалгаа шинжилгээн дээр тулгуурласан шийдвэр гаргахдаа тун хойрго. Судалгаа хийж эхэлсэн цагаас хойш үүнийг мэдэх учраас тоосон тоогоогүй судалгааны ажлаа хийгээд явж байна. Намууд, төр засгийнхан манай судалгааг нэг  анзаардаг үе байдаг нь сонгуулийн жил юм даа.  2024 онд парламентын сонгууль болох учраас энэ жилийн судалгаанууд олон зүйлийг хэлж өгөх байх. Дөрөвдүгээр сарын судалгаанаас харахад ерөнхийдөө эрх баригч намын нэр хүнд унасан, байдал хэцүүдсэн харагдаж байна лээ. Тогтолцооны хямралын асуудал бий л байх. Гэхдээ эрх баригчид ганцхан жилийн дотор энэ олон гажуудсан асуудлыг засч чадахгүй л болов уу даа.  Манай судалгаанаас улстөрчдийн тоож хардаг дараагийн нэг зүйл нь топ арван улстөрчийн жагсаалт юм даа. “Би топ-10”-т орсон уу л гэж асуудаг. /инээв/

-Олон нийт ч гэсэн топ улстөрчдийн жагсаалтыг их сонирхож, хэлэлцүүлэг маргаан өрнүүлж байгаа харагддаг.  Дөрөвдүгээр сарын жагсаалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлсэн харагдсан?

-Ер нь тухайн цаг үеийн Төрийн гурван өндөрлөг жагсаалтад орж ирэх нь түгээмэл байдаг. Олон нийт албан тушаалаар нь хүлээн авч байна. Энэ удаад топ 10 улстөрчийн жагсаалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удаалсан байна. Тэдний араас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Х.Баттулга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Учрал нар эхний 10-т орж ирсэн байна.  Нэг зүйл сонирхуулахад, манай энэ төрлийн судалгаанд рекорд тогтоосон нэг л улстөрч байдаг. Тэр нь Н.Энхбаяр дарга юм. 1995 онд анх судалгаа явуулахад л түүний нэр багтсан байсан одоо 28 жилийн дараа ч топ арван улстөрчийн нэг хэвээр байна. Түүний рекордыг давах нэг ч улстөрч гараагүй. Энэ нь улстөрчийн рейтинг, мэргэжлийн түвшинг бас харуулж байгаа юм.  

-Хүмүүсийн мэдээлэл авах урсгал нэмэгдэж байна.  Энэ нь та бүхний судалгаанд нөлөөлж байна уу?

-Иргэдийн мэдээлэл авах урсгал нэмэгдлээ гээд бидний судалгаанд нэг их нөлөөлөхгүй.  Яагаад гэхээр их мэдээлэлтэй байх,  мэдээллийн хомсдолтой байх мөн чанарын хувьд ерөнхийдөө адилхан. Иргэд мэдээлэл их авлаа гээд шүүж анализ хийж, зөв бурууг нь харьцуулж гаргах амар биш шүү дээ.

- Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж байна. Саяхан 2019 онд өөрчлөлт оруулж байв. Та судлаачийнхаа хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу.  Мөн танай судалгаагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэр дэмждэг юм бэ?

-Манай дөрөвдүгээр сарын судалгаанд орсон иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзсэн байна.  Харин би тодорхой өөрчлөлт биш шинэчилсэн найруулга хийх шаардлагатай гэж үздэг. Яагаад гэхээр манайд тогтолцооны хямрал нүүрлэсэн байна. Энэ хямрал дээр зүгээр косметик өөрчлөлт хийгээд эмчлэх арга байхгүй. Нэлээд ноцтой асуудал дээр  үндэслээд томоохон өөрчлөлт хийхгүй л бол  энэ байдлаар цаашаа явахгүй  нь ээ. Тэр өөрчлөлтийг яаж, хэн, хэрхэн хийх вэ гэдгийг бодоход Казахстанд явуулсан тэр хувилбар нь бараг зөв байх гэж бодож байна.  Нөгөө талаас мэргэжлийн хүмүүс шийдэх ёстой.  2-3 мэргэжлийн баг гаргаад 2-3 төсөл боловсруулаад хэлэлцэх хэрэгтэй.  Тэгээд парламент шийдэх хэрэгтэй.  Түүнээс биш зөвлөлдөх зөвлөл гэсэн санал асуулга бол илүүдэл юм даа.  Судалгааны ажил олон жил хийсэн би ч нарийн ширийнийг ойлгохгүй байхад  жирийн иргэд энэ асуудлаар шийдвэр гаргана гэдэг хэтэрхий абстракт ойлголт юм.

-Улс төрийн намын тухай хуулийг парламент хэлэлцэж эхлээд байна. Танай судалгааг харахад намуудын нэр хүнд нэлээд унажээ.  Энэ юутай холбоотой вэ?

- Ерөнхийдөө манай судалгааны хамгийн муу үзүүлэлт бол наадах чинь. 1995 оноос хойш л бид энэ асуултыг тавьж байгаа. Хэзээ ч ийм өндөр гарч байгаагүй. Хамгийн өндөртөө 50 хувиас  илүү гарч байгаагүй, тэгээд 30 хувь орчим л хүрч байсан. Уруудсаар уруудсаар ийм байдалд хүрчихлээ. Мөн дээр нь энэ авлигын судалгаагаар хамгийн авлигад өртсөн газарт улс төрийн намууд байна. Тэгэхээр бол ард түмний санаа бодлыг илэрхийлэхгүй, рейтинг нь унах нь аргагүй шүү дээ. Нэг нам биш, намууд тэр чигээрээ л дэмжлэг авч чадахгүй байгаа. Ер нь энэ бол цэвэр тогтолцооны хямралтай холбоотой.  Гэхдээ намууд рейтингээ өсгөе гэж бодож байгаа бол шинэ хүмүүс оруулж ирэх ёстой. Улс төрийн намуудын нэр хүнд ч нэр нь бохирдсон хүмүүсээсээ салахгүй бол улам унаж байгаа нь судалгаанаас харагдаж байна.   Хамгийн сүүлийн судалгаагаар “Намуудын хэрэг огт байхгүй” гэж иргэдийн 46 хувь нь хариулжээ.  “Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна  уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу” гэж асуухад иргэдийн 87 хувь чадахгүй байна гэжээ. Аль нэг намыг онцлооч гэхэд 78 хувь нь онцолдог нам байхгүй гэжээ. Тэгэхээр би энэ асуудалд дахиад л Казахстаныг жишээ болгож яримаар байна. Казахстан бол нэг  хүчтэй удирдагчийн далбаан доор олон жил явж ирсэн.  Намын амьдралыг мэдэхгүй. Сонгуулиар Ерөнхийлөгчийн нам нь 80 хувьтай санал авдаг байсан. Гэтэл одоо тогтолцоо нь задраад, хүчтэй удирдагч нь зугтаад, эрх баригч нам нь дуртай дургүй шинэчлэл хийж байна. Сая Казахстанд болсон парламентын сонгууль бол ерөнхийдөө улсынхаа түүхэнд үлгэр жишээ сонгууль болсон л юм байна. Казахстандаа ч биш үүнээс бид суралцах хэрэгтэй. Казахстаны хийсэн алхам бол улс төрийн хувьд, улсынхаа хувьд ч урагш алхсан  нэлээд том алхам байлаа. 

-Засгийн газрын хамгийн том амжилт авлигын асуудал гэжээ.  Та санал нийлэх үү?

-Одоогийн “Засгийн газрын үйл ажиллагаанаас хамгийн  том амжилт нь юу вэ” гэхэд иргэдийн олонх нь авлигын эсрэг тэмцэл гэж хариулсан.  Дараагийн дугаарт, уул уурхай, эрүүл мэнд, боловсролын асуудлыг хөндсөн байна. Үүнийг хоёр талаас нь харах хэрэгтэй. Засгийн газрын хамгийн том асуудал нь юу гэхэд бас л авлигын асуудлыг хөндсөн байна. Тэгэхээр Засгийн газар энэ асуудалд анхаараагүй биш анхаарсан. Гэхдээ авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ нь дутуу, бүр жүжиг шиг санагдсан ч байж болох дүр зураг харагдаж байна. Манай сангаас 2019 онд Азийн сантай хамтран авлигын талаарх олон нийтийн судалгааг хийсэн байдаг.  Судалгаагаар монголчууд авлигад илүү их бухимдаж, хор хөнөөлтэй үйлдлүүдийн талаар улам мэддэг болсон нь эерэг зүйл ажиглагдсан.  Гэсэн ч судалгаанд авлигатай тэмцэх тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл, улстөрчдөөс хүлээх хүлээлт түүхэн доод хэмжээнд хүрч авлигын түвшин дахин шинэ дээд түвшинд хүрсэн дүн гарсан. Мөн цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байсан. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тал дээр илүү сайн оролцож олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтийг танилцуулж байлаа.  Мөн 2019 онд судалгаанд оролцогчдын 93.6 хувь "авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт болсон. Гэсэн хэдий ч жижиг авлигын тохиолдлын буурах хандлага үргэлжилсээр 2019 онд 3.3 хувьтай гарсан. Олон нийт тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаа нь харагдсан. Мөн 2019 он улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшингийн талаарх сөрөг хандлага нэмэгдэж байгааг харуулсан. Улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогуур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд 88 хувь нь улстөрчид асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчид илэрхийлсэн байдаг.  Түүнээс өмнө 2006 онд авлигын асуудлыг мөн л судалсан.  Тэр үед топ авлигын жагсаалтад газрын алба, гаалийнхан, мэргэжлийн хяналтын газар багтсан байсан бол сүүлийн жилүүдэд энэ жагсаалтад улс төрийн намууд, хууль шүүхийн байгууллагынхан  хүчтэй орж ирсэн дээ. Тэгэхээр л олон нийтийн итгэл нь багасах нь ойлгомжтой. Ерөнхийдөө манай төрийн тогтолцооны том том баганууд бүгд л авлигад идэгдсэн байсан ийм дүр зургийг 2019 онд танилцуулж байсан. Өнөөдөр байдал дээрдсэн гэж бодохгүй байна.

-Та “Транспэрэнси Интернэшнл”-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Ер нь монголд авлигын асуудлыг яаж шийдэх боломж бололцоо байна гэж харж байна вэ?

-Би “Транспэрэнси Интернэшнл”-ийн захирлаар ажиллаж байхдаа  Берлин дэх төв дээр нь очиж  байлаа. Тэгэхэд Гүржийн жишээ манайхтай их ойр, Монголд хэрэгжүүлж болмоор санагдаж байсан. Тус улсын Ерөнхийлөгч гол хөдөлгүүр нь болж, авлигын эсрэг тэмцлийг өрнүүлж, амжилтад хүрсэн.  Замын цагдаа нь хүртэл авлига нэхдэг их л хэцүүхэн газар байсан даа. Үүнийг яаж өөрчилсөн гэвэл замын цагдаагаасаа эхлээд авлигад идэгдсэн бүх байгууллагаа тэр чигээр нь буулгаад шинээр эмхлэн байгуулж, бүх дүрэм журмыг тодорхой болгосон.  Ер нь тэгээд хүсэл сэтгэл нь байвал нурахгүй тогтолцоо байхгүй гэдгийг дэлхийн удирдагчид харуулсаар байна. 

-Орос Украины дайны тухай асуулт танай судалгаанд багтсан нь сонирхолтой санагдлаа.  Ер нь яагаад үүнийг иргэдээс онцолж асуух болов?

-Энэ дайн дэлхийг өөрчилж байна.  Иргэдэд үнийн өсөлт гэдэг зүйлээр нөлөөлж байна. Тиймээс асуух нь зүйтэй гэж бодсон. Бид бас Монголд яаж нөлөөлж байна вэ гэдгийг давхар асууж байгаа.  Гэхдээ хүмүүс тэр нөлөөллийг сайн мэдрэхгүй байх шиг байна.  Монгол хоёр том хөршид хашигдсан орон. Энэ дайнаас болж Оросын логистик хэцүүдэж байна. Тэгээд ер нь Оросын газар нутгаар нэг вагон явж чадахгүй болох асуудал үүсч мэдэх нь.  Яагаад гэвэл тэд вагоныхоо сэлбэгийг гаднаас авдаг орон. Арабын орнууд  ч энэ дайнаас болж баларч байна.  Тэгэхээр хажууд нь байгаа Монголд нөлөөлөх нь гарцаагүй. Дайнд хэн буруутай вэ гэсэн асуултад оросыг ер нь бага дэмжсэн ажиглагдлаа.  Харин олон улсын асуудалд монголчуудын хувьд дэмжигчид нь  өссөн орон бол Солонгос байна. 

https://mn.santmaral.org/_files/ugd/915e91_72dd0bc9d75f41238be58358485ca9d9.pdf?fbclid=IwAR37ypNbMjJZ1sRJEeccT-WKB4yx_Hb3V3w3OopjZc2hNvxQQNFbSazbU-o

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 83 (7068)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

1 цаг 29 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

1 цаг 29 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

1 цаг 29 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

1 цаг 29 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

1 цаг 29 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

1 цаг 29 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

1 цаг 29 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

11 цаг 39 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

11 цаг 41 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

11 цаг 42 мин