Энэхүү нийтлэлийг “Нээлттэй нийгэм форум” ТББ, олон улсын "Open extractives" төслийн дэмжлэгтэйгээр Монголын дата клубын хэрэгжүүлсэн “ТӨК-ийн өгөгдөлд нэвтрэхүй” өгөгдлийн шинжилгээ, дата сэтгүүл зүйн таван сарын хөтөлбөрийн хүрээнд нээлттэй мэдээллийг ашиглан бэлтгэв.
“Эрдэнэс тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг УИХ өнгөрсөн долоо хоногт дахин хагас жилээр сунгалаа. УИХ-ын гишүүд “БЭТ Ж.Ганбат сайн ажиллаж байгаа” хэмээн магтацгаав. Зарим нь “наад хүнээ Сангийн яам руу нь явуулж, үндсэн ажлыг нь хийлгэ. Төрийн ажил хэцүүдлээ” гэж халаглав. Энэ цаг үед төрд хэрэгтэй зайран нь БЭТ (бүрэн эрхт төлөөлөгч) л байна.
Онцгой дэглэмийн хугацаанд компанийн сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан гэнэ. Он гарснаас хойш эхний улиралд 7.5 сая тонн нүүрс экспортолжээ. “Экспорт энэ эрчээрээ явбал оны төгсгөлд 30 сая тоннд хүрнэ” гэж төрд хэрэгтэй зайран маань итгэл төгс айлтгав. ҮСХ-ны мэдээллээр Монгол Улс 2022 онд 31.8 сая тонн нүүрс экспортолсон.
Тэгэхээр “Эрдэнэс тавантолгой” дангаараа улсын нэг жилийн нүүрсний экспортыг гаргах боломжтой гэсэн үг. Харин БЭТ тавхан сарын дотор компанийг сэвхийтэл босгоод ирлээ. БЭТ томилоод төрийн өмчит компанийн үйл ажиллагаа сайжирчихдаг бол Төлөөлөн удирдах зөвлөл ажиллах хэрэг байна уу? Уг нь нэг хүнээс хамааралгүй тогтолцоо ажиллуулах гэж ТУЗ-ийг компанийн оройд нь залдаг.
Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, хянах үүргийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлдэг дүрэмтэй. Гэтэл хуулиар тогтоосон энэ дүрэм хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй, төрийн өмчит, нүүрсний, аварга компанийн ТУЗ-д үйлчилдэггүйг өнгөрсөн түүх нь хүүрнэнэ.
Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Ж.Үнэнбат “ТУЗ-ийн гол ажил бол гүйцэтгэх удирдлагыг томилох, ажиллуулах, хяналт тавих, чиглүүлэх. ТУЗ-ийн гол зорилго нь компанийн эцсийн үнэлэмжийг нэмэхэд чиглэх ёстой. Компанийнхаа эрх ашигт үйлчлэх үү, томилсон яам, байгууллагынхаа эрх ашигт үйлчлэх үү гэдэг нь гол асуудал болдог” гэсэн юм.
“Эрдэнэс тавантолгой” ХК-г байгуулснаас хойш гүйцэтгэх эрх мэдлийн тамгыг атгасан хүмүүс хууль хяналтынхны үүдэнд байсгээд уягддаг. Долоон гүйцэтгэх захирлын дөрөв нь торны цаадах амьдрал туулсан, бас туулж яваа. Үлдсэн гурав нь компанийн гүйцэтгэх захирлаар жил хүрэхгүй хугацаанд ажиллаж, өөрсдөө халагдах өргөдлөө өгөөд таг чиг болжээ.
Гэтэл эсрэгээрээ тэдний ард гол шийдвэр гаргадаг ТУЗ цэвэрхэн үлддэг. Өнөөг хүртэл тус компанийн түүхэнд ТУЗ-ийг есөн хүн даргалсан. Тэднээс ял эдэлсэн ганц л хүн бий. Яагаа вэ, нөгөө “хүргэн” Г.Дэнзэн.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд ихэвчлэн улс төрийн томилгоотойг Үндэсний аудитын газрын 2019 онд хийсэн тайланд маш тодорхой анхааруулж бичжээ. “ТУЗ-ийн гишүүд …ямар шалгуураар хэрхэн томилогдсон нь тодорхойгүй, тогтвор суурьшилгүй байгаа нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс”-т заасан ТУЗ-ийн гишүүд нь боловсрол, мэдлэг, дадлага туршлагын тухайд компанийг зохистой удирдах шаардлагыг хангасан, өндөр мэргэшсэн байх гэсэн компанийн засаглалын зарчимтай нийцээгүй. Мөн улс төрийн нөлөөнөөс ангид байж чадахгүй байна” гэжээ. Энэ дүгнэлт, компанийн түүхийг харахад ч тэр аль нам сонгуульд ялж, засгийн эрхийг авна тэр намын эрх дарх ЭТТ-д шууд ноёлдог аж.
Бид энэхүү нийтлэлийг бэлтгэхийн тулд “Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-н амьдралыг зах зухаас нь мэдэх эх сурвалжуудтай уулзсан. Тэдний нэг “Угаасаа Ерөнхий сайдын хүмүүс л ТУЗ-ийн дарга болдог. Тэрийг мэдэхгүй хүн байдаггүй шүү дээ” гэв. ТУЗ-ийн гишүүд улс төрийн даалгавартай тул шийдвэр нь бизнесийн зарчимтай нийцдэггүйг гайхах юун.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хамгийн анхны ТУЗ-ийн дарга нь тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар байсан бол гүйцэтгэх удирдлагыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Энэбиш хариуцаж байв.
Д.Сугар, Б.Энэбиш нарын хийсэн хамгийн том ажил нь 2012 оны сонгуулийн популизмд зориулан “Чалко” компаниас нүүрсний урьдчилгаа нэрээр авсан 350 сая ам.доллар. Сонгуулийн дараа Д.Сугар Үндсэн хуулийн Цэцийн сэнтийд заларсан бол Б.Энэбиш дараагийн засагт суудлаа тавьж өгөв. “Тэр зүгээр чөлөөлөгдсөнгүй. Хятадын “Чалко” компанитай маш хямдаар нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Том даацын арван машины дугуй, таван тэрбум төгрөгийн дугуй "шахсан” зэрэг хэрэгт буруутгагдсан. Улмаар эх орноосоо дайжиж, харьд амьдрах болсон юм. Тэр Монголд ирсэн эсэх, түүнд холбогдох хэрэг хэрхсэн нь өнөө хэр нь тодорхойгүй” хэмээн “Зууны мэдээ” сонины 2016.10.18-ны дугаарт “Захирлууд нь золигт гардаг ЭТТ” нийтлэлд бичжээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийг анх байгуулсан үед буюу 2009 онд манай ДНБ 6.5 их наяд төгрөг байсан бол 2012 онд 2.5 дахин нэмэгдэж, 16.7 их наяд төгрөгт хүрэв. Төсвийн орлого мөн хоёр их наядаас 4.5 их наяд төгрөг болж тэллээ. Гадаад зах зээлд нүүрс, зэсийн ханш таатай байж, дотоодод “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг зэс, нүүрсний томоохон ордууд эргэлтэд орох зэргээр дэлхийн санхүүгийн хямралын дараах эдийн засгийн идэвх тулганд ноцож буй гал шиг дүрэлзэж байлаа.
ОЛЗЛОЛДОН БУЛААЛДСАН ОН ЖИЛҮҮД
Нэг үе хэвлэлийн “баатар” болсон “Хүргэн Г.Дэнзэн”-гийн гэх мэдээллүүдийг гарчиглах бүрд “Ардын элч”-ийн урвагч Дүлзэнгийн дүр нүдэнд харагдаж, хуншгүй зан нь санаанд буудаг байв. Түүнээс биш түүний хууль хяналтын байгууллагад шалгуулж, улс төрийн халуун сэдвийн гол дүр, хоёр намын улс төрийн онооны “бай” болж байсан шалтгааныг ойшоодоггүй байж.
Г.Дэнзэн 2008 оноос Н.Алтанхуягийн шадар туслах (мөн худ ургийн харилцаатай болсон), хожим Ерөнхий сайд болоход нь ЗГХЭГ-ын дэд дарга болж дэвшсэн. Улмаар эл албан тушаалаараа автоматаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон юм. Анхны ТУЗ-ийн дарга Д.Сугараас ялгаатай нь 30 ч хүрээгүй тэр залуу УИХ-ын тогтоолоор томилогдоогүй. Оюутан байхад нь Н.Алтанхуяг “Тавантолгой”, “Оюутолгой”-н эдийн засгийн хэтийн тооцооллыг хийлгэхээр дэргэдээ шилж авсан. Энэ түүхээ Г.Дэнзэн ярилцлагадаа, Н.Алтанхуяг ч “Шударга бусын хонгил” номдоо дурдсан байдаг. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас яагаад Г.Дэнзэнг “Эрдэнэс таваантолгой”-н ТУЗ-ийн дарга болгосныг асуухад нэг их том харснаа, ямар ч хариулт хэлэлгүй ордны хоёр давхрын коридороор алхаж одсон юм.
Г.Дэнзэн ТУЗ-ийн даргаар жил хүрэхтэй үгүйтэй ажилласан. Бизнесийн зарчмаар төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргын шалгуурыг хангагүй учир Н.Алтанхуягийн Засгийн газарт АН доторх фракцаас, сөрөг хүчин МАН-ын аль алинаас нь үзүүлсэн шахалтаар тэр буусан. Буухдаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг хөлдөө чирэв. Эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Говь повер” гэх компанид давуу эрх олгож, улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр Я.Батсуурьд 3.5 жилийн хорих ял оноосон юм.
Н.Алтанхуяг, Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын засаглалын үед “Эрдэнэс тавантолгой” хүнд нөхцөлд байв. Нүүрсний үнэ уруудаж, “Чалко”-той байгуулсан хатуу нөхцөлтэй гэрээний балгаар уурхай руу өөр олборлогч оруулах боломжгүй, нүүрс олборлолтын зардал өртгөө ч нөхөж чадахгүй байгааг Я.Батсуурь нэг биш удаа хэвлэлд ярьсан.
Тиймээс “Тавантолгой” ордыг хамтран ашиглах гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой болох хүртэл Хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.долларын зээлээр үйл ажиллагаагаа явуулж байв. АНУ-ын “Пибоди”, БНХАУ-ын “Шенхуа”, “Эрдэнэс тавантолгой” хамтран төслийг урагшлуулахаар тохиролцоонд хүрсэн ч 2014 оны арваннэгдүгэээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар огцров.
Н.Алтанхуягийн орыг залгасан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хөрөнгө оруулагчдын дүр солигдов. Монголын талын бүрэн эрхийг “Энержи ресурс” ХХК, 49 хувийг БНХАУ-ын “Шенхуа” эзэмшиж, Японы “Сумитомо” корпорац гуравдагч орны зах зээлд гаргах ажлыг гардахаар орж ирлээ.
“Эрдэнэс тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар ЗГХЭГ-т байсан, “Алтан гадас” фракцын Ч.Сайнбилэг томилогдон, энэ хугацаанд гурван ч гүйцэтгэх захирлын нүүр үзэв. 2016 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар “Эрдэнэс тавантолгой” дахь Ардчилсан намын ноёрхол унаж, фракц хоорондын тэмцэл намжив.
Түүхий эдийн ханшаас үүдсэн хямрал 2016 онд улсын төсвийн алдагдлыг нэг их наяд төгрөгт хүргэсэн юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр болж, ажлын хэсгийн ахлагчаар УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж ажиллав.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үеэс эхэлсэн яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж, 2017 онтой уралдан талууд гэрээ үзэглэх нь бараг тодорхой болов. Гэхдээ 2016 оны сүүлчийн даваа гарагт УИХдахь МАН-ын бүлэг энэ асуудлыг хаалттай хэлэлцсэн талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа.
Популизмын төлөөс болсон “Чалко” компанийн 350 сая ам.долларын өрийг гурван сонгууль, дөрвөн засгийн нүүр үзэж байж 2017 оны гуравдугаар сард төлж дуусгав. ЭТТ анх удаа ашигтай ажиллалаа. 2017 онд гялайж гялтайсан ганц мэдээ нь энэ. Бусдаар тэр жил эдийн засгийн хувьд ч, улс төрийн хувьд ч халуухан өрнөсөн билээ.
Төсвийн болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал нүүрлэсэн тул Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, долоон төрлийн татвар хураамжийг үе шаттай нэмж эхэлсэн. “Шударга 5”-ын жагсаал өрнөж, улс төрийн эрх мэдэл У.Хүрэлсүхэд ирэв. Энэ үеэс “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн тоглоомын дүрэм өөрчлөгдөв.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” УУХҮ-ИЙН САЙДЫН МЭДЭЛД ИРЭВ
УИХ-ын 2018 оны “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолоор тус компанийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанаас гарган бие даасан компани болгов.
Засгийн газрын тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийн
- 70 хувийг УУХҮЯ,
- 30 хувийг ТӨБЗГ хэрэгжүүлэхээр тогтож, ТУЗ-ийн гишүүдийн тоо ес байсныг 11 болгов.
ТУЗ-ийг УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баяраа тэргүүлж, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг ТУЗ-д оруулж ирэв. Компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид арилжихад гүйцэтгэх удирдлага ТУЗ-д байх нь зохимжгүй гэж байсан ч Б.Ганхуягийг УИХ-д Т.Аюурсайхан зүтгүүлснийг хэвлэлийнхэн мэр сэр хөндөж байсан юм. Мань хүн ТУЗ-ийн хурал дээрээ “Байнгын хороо намайг дэмжсэн” хэмээн томорч байсан гэдэг, эх сурвалжийн хэлснээр.
Харин ТУЗ-ийн дарга М.Баяраа нь Д.Сумъяабазар 2012 онд СХД-ээс УИХ-д сонгогдсоноос хойш байнга хамт яваа. Д.Сумъяабазар гишүүн болоход М.Баяраа СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга болж, 2016 онд дахин парламентад сонгогдоход дүүргийн Тамгын газрын даргаар очив.
Улмаар 2017 онд Д.Сумъяабазар УУХҮ-ийн Сайдаар томилогдоход М.Баяраа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга болсноор “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргын сэнтийд заларсан.
Харин 2020 оны аравдугаар сард Д.Сумъяабазар гэнэт шийдээд хотын дарга болоход М.Баяраа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, дараа нь хотын ерөнхий менежер болж, тэд хоёул Хангарьд ордонд ажиллаж эхэлсэн. Энэ хэлхээ Д.Сумъябазар, М.Баяраа нарыг хаа ч явсан хамтдаа гэдгийг харуулав. Энэ талаар М.Баяраагаас тодруулахад “Надад санал тавьсны дагуу би дээрх ажлуудыг хийсэн. Хотын дарга бид хоёрт эдийн засгийн, эрх ашгийн сонирхол байхгүй, бид нэг нутаг усныхан биш” гэсэн юм.
М.Баяраа жил орчмын дараа ТУЗ-ийн даргын эрхээ Үндэсний хөгжлийн газрын захирал Б.Баярсайханд шилжүүлэв. Б.Баярсайхан мөн л Д.Сумъяабазартай холбогддог. Санхүүгийн зохицуулах хорооны нээлттэй мэдээллээр Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 15.99 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг бизнесийн хамтрагчид юм.
Б.Баярсайханыг 2016 оны наймдугаар сарын 10-нд Засгийн газрын хуралдаанаар Үндэсний хөгжлийн газрын захирлаар томилсон. Хувийн хэвшилд, тэр дундаа япончуудтай ойр ажилладаг компаниудаас гэнэт л төрийн өндөр албан тушаалд тухалсан Б.Баярсайхан төрийн шатлан дэвших зарчмыг огоорон ТУЗ-ийн дарга болжээ.
2017 оноос хойш “Эрдэнэс тавантолгой”-д уул уурхайн сайд Д.Сумъяабазарын баруун гар, бизнесийн хамтрагч нар засаглаж байхад өмнөх гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг мөргөцөг алга болсон хэргээр баривчлав. Хууль хяналтынхан түүнийг хэсэг хорьж, хэдэн сар байцааж, үүдэндээ уяж байгаад удалгүй сулласан юм. Мөргөцгийн хэрэг одоо ч нүүрсний хулгайн хавсарга сэдэв хэвээр байгаа билээ.
“Эрдэнэс тавантолгой” дахь уул уурхайн сайдын засаглал ТУЗ-ийн хоёр даргаар дамжин хоёр жил үргэлжлэв. Энэ хугацаанд компани олон ч “охин”-той боллоо. Компанийн 30 хувийг гадаад зах зээлд гаргахаар “Эрдэнэс тавантолгой майнинг”, төмөр замын төслүүдээ урагшлуулахаар “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулав.
Гашуунсухайт-Тавантолгой, Зүүнбаян–Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт руу хөрөнгө урслаа. Үүнд зориулж компани бонд хүртэл гаргалаа. Мөн оффтейк гэрээнүүдийг олноор нь, нууцаар байгуулж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нэрээр “Тавантолгой түлш” ХХК гэх “охин” төрүүлэв.
Хоёр жилд их зүйл амжуулсан ч төмөр зам гүйцэд ашиглалтад ороогүй, “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК татан буугдсан. Бондын эргэн төлөлт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн балансад өр болон үлдэж, “Тавантолгой түлш” 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан” гэх пиарын үүргийг тун сайн гүйцэтгэв.
ХЭНТИЙНХНИЙ МЭДЭЛД ОЧИВ
Идэр гурван есийн хүйтнээр нялх биетэй, нярайгаа тэврэн таавчигтай зогсох ээжийн зураг нийгмийн сүлжээг доргиож, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах “шидтэй” байв. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2020 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд болсноор “Эрдэнэс тавантолгой” ХК дахь засаглал ч бас дараагийн хүнд халаагаа шилжүүлэв.
ТУЗ-ийн даргаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ томилогдлоо.
Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэс тавантолгой”-д эзэн суух гэсэн эрх баригчдын тэмцэл ид өрнөж байх үед МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад тохой нийлүүлсэн андууд.
Л.Оюун-Эрдэнэс НАМЗХ-ны тэргүүн, Б.Бат-Эрдэнэ нарийн бичгийн дарга байв. НАМЗХ-оос улс төрд ороход нь У.Хүрэлсүх намынхаа залуу үеийг хэрхэн дэмжсэн талаар Б.Бат-Эрдэнэ блогтоо бичсэн байдаг. Тэр ТУЗ-ын даргаар жил зургаан сар ажиллаад, 2022 оны хавар БОАЖ-ын Сайдаар дэвшсэн.
Улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд ямар нэг байдлаар “Эрдэнэс тавантолгой”-той холбогддог жишээ олныг тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан эх сурвалж хөндсөн. Тэрбээр “УИХ-ын 76 гишүүн бүгд л ЭТТ-н нүүрс тээвэрт ядаж нэг нэг машинтай” гэв. Гэхдээ ТУЗ-ийн хурал дээр иймэрхүү асуудлыг хөндөх, ядаж худалдан авалтын төлөвлөгөө, үр дүнгээ ч олигтой ярих боломжгүй байдаг. Зарим ТУЗ-ийн дарга “Наад асуудлаа хурдан хэлэлц, гарын үсэг зураад явуул” гэх зэргээр тухайн хурлыг удирдсан хүнээс их зүйл шалтгаалдгийг ч онцолсон юм.
Хоёр жил үргэлжилсэн цар тахлын улмаас царцсан эдийн засгаа сэргээхэд нүүрсний экспорт амь тариа шиг хэрэгтэй байв. Засгийн газар боомтууд дээрээ ажиллаж, эрх баригчид өмнөд хөрштэй ойр ойрхон уулзаж, нүүрсний татан авалтыг нэмэв.
Ковидын өмнөхөөс бараг 20-30 хувь чангарсан ам.долларын ханш сулрахгүй л байлаа. Гадаад валютын албан нөөцийг зузаатгахын тулд “Эрдэнэс тавантолгой” ХК-д 2022 онд багтааж 500 сая ам.доллар олж ирэх үүрэгтэй болов. Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг үсрээд 350 саяыг нь л бүрдүүлж дөнгөнө гэжээ. Нүүрсний экспортыг нэмсэн ч валют орж ирээгүй шалтгаан нь Б.Ганхуягийн үед байгуулсан, өнөөх есөн оффтейк гэрээ шүү дээ.
2018 онд ойр ойрхон гаргасан УИХ, Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх гэж нүүрсээ урьдчилан борлуулах замаар төмөр зам, нүүрс угаах үйлдвэр гээд дэд бүтцийн төслүүдэд орлогоо оруулчихсан. Өдгөө нүүрсний хулгайн гол агуулга эдгээр оффтейк гэрээн дээр яригдаж буй.
2022 аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-д таван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов. Үүнээс сар хагасын дараа Б.Ганхуягийг өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй хэмээн баривчилж, түүнтэй холбогдуулан шалгаж буй авлигын хэргүүдийн талаар АТГ мэдээлсэн билээ.
Ж.Ганбат 2020-2022 оны ТУЗ-д Сангийн яамыг төлөөлөн ажилласан. Гарал үүслийг нь хөөвөл Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, ах Ж.Ганбаатар нь Хэнтий аймгийн ЗДТГ-ын Тамгын газраар ажилладаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай нутаг нэг. Намын даалгавраар тэр тавхан сарын дотор нүүрсээ биржээр арилжиж, үнэлгээг нь нэмж, С зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг шинэчилж, ам.долларын ханшийг хазаарлав.
Энэ бүхэнд ЭТТ-н ТУЗ ямар оролцоотой байсан нь тодорхойгүй. Уг нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллах нь маш өндөр хариуцлага. Компани урт хугацаанд, тогтвортой орших эсэх нь ТУЗ-ийн шийдвэр, менежментийн бодлогоос шууд хамаардаг. Гэтэл “ЭТТ”-н үе үеийн ТУЗ орчин үеийн компанийн засаглалын дүрэм, зарчмаас ихээхэн холуур байсаар ирлээ.
ХАРААТ БУС ГИШҮҮД НЬ Ч ХАРААТ БАЙДАГ
Хараат бус гишүүд нь ч гэсэн улс төрд нөлөөтэй, хэн нэгний хараат байдгийг аудитын дүгнэлтэд бичсэн байв. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн хараат бус гишүүдээр Р.Батболд, Г.Даваажаргал, Б.Очбадрах нарыг томилжээ. Гэвч 14 хоногийн дараа ээлжит бус хурлаар тэдгээр гишүүдийг өөрчлөн Э.Ганбаатар, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарыг томилсон.
Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн, одоогийн ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулууны дүү, П.Өлзийнаран нь эрх баригч намын “Цэгцрэх хөдөлгөөн”-ий гишүүн, БГД-ийн МАН-ын үүрийн даргаар ажилладаг нэгэн байв.
Компанийн тухай хуулийн дагуу хараат бус гишүүдийг нэр дэвшүүлэх хорооноос сонгон шалгаруулалтаар сонгох ёстой ч 2018 оны есдүгээр сарыг хүртэл ТУЗ-ийн хараат бус гишүүдийг хэрхэн томилсон нь тодорхойгүй, хувьцаа эзэмшигч буюу толгой компани “Эрдэнэс монгол” ХХК-аас шууд томилж ирсэн нь аудитын дүгнэлтэд байна.
Төрийг төлөөлж, ТУЗ-ийн гишүүн болох этгээдийг төрийн байгууллага хэрхэн дэвшүүлж гишүүн болгох ажиллагаа ч эрх зүйн хувьд ч тодорхой биш байдгийг аудит анхааруулжээ. Томилгоо ийм байхад сахилга хариуцлагын талаар ярих нь алсын мөрөөдөл гэлтэй.
Компанийн засаглал нь зөвхөн ТУЗ-аар зогсохгүй, өргөн хүрээтэй ойлголт. Манай улсын засаглалын соёлд улс төрийн томилгоо ноёрхдог тул ТУЗ-аас гадна хяналтын зөвлөл, хараат бус гишүүд, олон нийтийн зөвлөл, комплеанс гээд хөндөх асуудал их.
Саяхан “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийг татан буулгаж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд гурван ТУЗ-тай байхаар төлөвлөж буйгаа хэлэв. Нүүрс, эрчим хүчний группт, Зэс металлын групп, толгой компанид тус бүр 9-11 гишүүнтэй байх аж. Гүйцэтгэх удирдлага ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орохгүй.
Өмнө нь төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн гуравны нэгийг хараат бус гишүүн бүрдүүлдэг байсан бол одоо 49 хувьд нь хараат бус, мэргэжлийн гишүүдийг сонгон шалгаруулахаар Засгийн газар шийджээ.
Харин толгой компанийн төрийг төлөөлөх 51 хувьд яамдаас нэр авч, сайдаар ахлуулсан комисс сонгон шалгаруулалт хийнэ. Групп компанийн ТУЗ-ийн сонгон шалгаруулалтыг толгой компани хийнэ. С.Наранцогт “Үнэхээр чадвартай, бизнесийн туршлагатай хүмүүс манай компанид ороод ирээсэй. 49 хувь гэдэг боломжийн тоо.Чадвартай мэргэжилтнүүд ирвэл сайн шийдвэр гаргаж чадна” гэв.
Энэ шийдэл улс төрөөс хараат бус шийдвэр гаргаж, компани үр ашигтай ажиллаж, гүйцэтгэх захирлууд нь дангаараа ял үүрдэг одоогийн тогтолцоог өөрчлөх үү? Төрийн өмчит компаниудыг баялаг дагасан хараалаас ангид байлгахад бүх түвшиндээ ил тод байх ёстойг олон улсын жишээ харуулдаг. Ил тод байх нөхцөл олон нийтэд нээлттэй компани болсноор л үүсдэг.
Онцгой дэглэмийг сунгах, эсэх талаарх чуулганы хуралдаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-н хувьцааг хөрөнгийн биржээр арилжих, олон нийтэд нээлттэй компани болгох талаар хуруу дарам гишүүн асууна лээ. Ажлын хэсгийнхний амнаас олон нийтэд нээлттэй компани болгох талаар лав үг унаагүй.
Сэтгүүлчид – С.Уянга (Зууны мэдээ сонин), Б.Эрдэнэчимэг (gogo.mn)
Дата дүрслэл –Монголын дата клуб, М.Доржханд (Нанжины аудитын их сургуулийн магистрын оюутан, дата шинжээч)
Дата сэтгүүлч, редактор – З.Цэлмэг (Монголын дата клуб)
Ерөнхий редактор – Д.Мөнхчимэг (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх)